Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны дөрөвдүгээр сарын 26-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн тайланд олон улсын байгууллага аудит хийж, зөрчилгүй гэж дүгнэжээ
Монгол Улсын Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт, 2022 оны үйл ажиллагааны тайлан болон тус банкны 2023 онд төлөх гадаад бондуудын эргэн төлөлтийн нарийвчилсан төлөвлөгөөний талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт, 2022 оны үйл ажиллагааны тайланг зохих журмын дагуу УИХ-д хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хөгжлийн банкны 2023 онд төлөх гадаад бондуудын эргэн төлөлтийг нарийвчилсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул нарт даалгав. Мөн гадаад бондуудын эргэн төлөлтийг оновчтой зохион байгуулах хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны чанаргүй зээлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний санал боловсруулж, ирэх сард багтаан Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэг болголоо.
Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн тайланд олон улсын нэр хүнд бүхий аудитын байгууллага аудит хийж, зөрчилгүй гэсэн дүгнэлт гаргажээ.
Тус банк нь 2022 онд нийт 1,075.3 тэрбум төгрөгийн зээлийг зээлдэгчээр эргэн төлүүлсэн бөгөөд төлөгдсөн зээлийн 60,1 хувь нь чанаргүй, 12 хувь нь анхаарал хандуулах, 27.9 хувь нь хэвийн зээл байна. 2021 онд хийгдсэн Монголбанкны хяналт шалгалтаар 2021 онд 679.4 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан Хөгжлийн банк тайлант жилд 88.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ.
Хөгжлийн банк нь 2023 оны аравдугаар сарын 23-нд төлөх 500.0 сая ам.долларын бонд болон арванхоёрдугаар сарын 25-нд төлөх 30.0 тэрбум иенийн Самурай бонд, нийт 723.0 сая ам.долларын бондын эргэн төлөлт хийх үүрэгтэй юм.
 
Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, хүн, хуулийн этгээдийн төрийн байгууллагаас авах үйлчилгээг цахимжуулах, цахим баримт бичгийн хүчинтэй байдлыг хүлээн зөвшөөрөх, нотлох баримтын хэмжээнд үнэлдэг байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нийцүүлэх үүднээс нэр бүхий 120 хуульд дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
Хуулийн төсөлд дараах өөрчлөлтүүдийг тусгалаа.
· Цахим баримт бичгийн албан ёсны хүчинтэй байдлыг цаасан баримт бичгийн нэгэн адилхүлээн зөвшөөрч хуульд заасны дагуу стандартаар тогтоосон баримт бичгийн бүрдлээр баталгаажсан тохиолдолд баримт бичгийн эх хувь гэж үзэх;
· Хуульд зөвхөн бичмэл гарын үсгээр баталгаажуулж төрийн байгууллагаас үйлчилгээ авахаар заасан харилцаанд цахим гарын үсэг хэрэглэх тухай;
· Төрд байгаа мэдээллийг хүн, хуулийн этгээдээс дахиж шаардахгүй, төрийн мэдээлэл солилцооны системээр дамжуулан мэдээлэл хариуцагч өөрөө бүрдүүлнэ.
Эдгээр хуулийн төсөл нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 5.3 дахь заалтын нэгдүгээр үе шат (2021-2030)-ын 4-т “Төрийн байгууллага хоорондын болон төр, иргэний нийгэм, бизнесийн байгууллагуудын мэдээллийн солилцоо сайжирч, захиргааны зардал бууран, үйлчилгээний үр дүн сайжирна” гэж, 5-д “Төрийн байгууллагын шийдвэр гаргах үйл явцад иргэд, олон нийтийн саналыг цахимаар авах нөхцөл бүрдэж, мэдээллийн ил тод байдал нэмэгдэнэ” гэж, 9.4 дэх заалтын нэгдүгээр үе шат (2021-2030)-ын 3-т “Мэдээллийг цахимжуулж, иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүргэх тогтолцоог бий болгоно” зэрэг зорилтыг хангаж, “Цахим үндэстэн” санаачилгыг хэрэгжүүлэхэд чухал алхам болно гэж үзэж байна.

Товч мэдээ
· Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
· Сэсээрийн Золжаргалыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Банзрагчийн Баярсайханыг Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Батнямын Энхбатыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Эрдэнэцогтын Сарантогосыг Монгол Улсаас Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо.
·  Шархүүгийн Оргилыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хөххотод суух Ерөнхий консулаар томиллоо.
·  Катар Улсын Доха хотноо 2023 оны гуравдугаар сарын 7-нд гарын үсэг зурсан “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Катар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа.
·  Музейн сан хөмрөгийг гамшиг болон аюулын үед нүүлгэн шилжүүлэх журам баталлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Улаанбаатар- Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум 2023”-т оролцлоо. Улаанбаатар хотын эдийн засгийг эрчимжүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах, томоохон төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтуудаа танилцуулах зорилготой уг форумыг НЗДТГ-аас зохион байгуулж байна. УИХ, ЗГ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, нийслэлийн үе үеийн удирдлагууд, дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд, дотоод, гадаадын аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 380 гаруй төлөөлөл уригджээ. Ерөнхий сайд “Шинэ сэргэлт-Улаанбаатар” илтгэл тавьсан. Тэрбээр улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, нийслэлийг хөгжүүлэх боломжит шийдлүүд, Засгийн газраас дэмжлэг үзүүлж буй Улаанбаатар хот руу чиглэсэн бодлогын ажлуудаа танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн барих гэж буй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгагдсан нэг заалт нь нийслэлтэй холбоотой юм. “Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ” гэсэн Үндсэн хуулийн заалтыг “Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал байнга оршдог хотыг улсын нийслэл гэнэ” гэж өөрчлөх саналыг Засгийн газраас тусгаад байгаа юм.
Өнөөдрийн байдлаар Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг. Нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг Улаанбаатар хотод нийт хүн амын 47.6 хувь амьдардаг. Монгол Улсын ДНБ-ий 63 хувийг үйлдвэрлэж, их, дээд сургуулийн 90, худалдаа үйлчилгээний 84.2, нийт хуримтлалын 76.5, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 76, нийт автомашины 84 хувь нь нийслэлд төвлөрдөг. Түгжрэлийн алдагдсан боломжийн нийт өртөг 2024 онд ДНБ-ий 10 хувьд хүрнэ. Улаанбаатарын иргэд өдөрт 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд зарцуулж байгаа зэргийг Ерөнхий сайд онцлоод энэ бүхнийг шийдэхийн тулд Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлуудыг дурдав.


Улаанбаатар хотын хүндрэлтэй асуудал бүрийг зөвхөн нийслэлийн асуудал гэж үзэхгүй, харин олон талт цогц асуудал гэж үзэж буйгаа тайлбарласан. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Хот, хөдөөгийн сэргэлт”-д тусгагдсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар хөдөө, орон нутгийг хөгжүүлэх нь ч нийслэлийн төвлөрлийг сааруулах давхар ач холбогдолтойг Ерөнхий сайд онцолсон.
Засгийн газраас нийслэлийн удирдлагуудтай хамтарч “Тойрог замын төсөл буюу Холбоосгүй замын холболтууд”, “Сэлбэ сэргэлт” төсөл, “нийтийн тээврийн шинэчлэл”-ийг хийж эхлээд буй. Ялангуяа, нийслэлийн хэмжээнд ашиглагдаж байгаа 1213 км авто замыг хооронд нь холбоход шаардлагатай 225 км авто замын бүтээн байгуулалтыг ойрын хугацаанд хийх шаардлагатайг мэргэжлийн байгууллагууд гаргажээ. Өнгөрсөн хугацаанд хоорондоо холбоогүй асар их замыг төлөвлөлтгүй барьсан нь түгжрэлийн бас нэг шалтгаан болж байна. Тиймээс нийслэлийн холбоосгүй авто замуудыг холбох нь түгжрэлийг бууруулах гол хүчин зүйл. Энэ бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэл зэрэг санхүүжилтийн бүхий л хэлбэрийг ашиглана. Хамгийн гол нь нийслэлчүүдийн идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаа, хандлагын өөрчлөлт туйлын чухал  гэдгийг ч тэрбээр хэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Улс төрийн асуудал эрхэлсэн орлогч Элчин сайд Виктория Нуландыг 2023 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газар чухал гуравдагч хөрш АНУ-тай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгдгийг онцлоод, цаашид ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд суурилсан Стратегийн түншлэлээ улам бататган бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэл, цахим шилжилтийн чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Улс төрийн асуудал эрхэлсэн орлогч В.Нуланд АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш гэдгээрээ бахархдаг бөгөөд хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд суурилсан түншлэлийн харилцааг бэхжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт болон авлигатай тэмцэх чиглэлээрх хамтын ажиллагааг улам өргөжүүлэн бэхжүүлэхийг чухалчилж байгаагаа илэрхийллээ.

“Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 54 дүгээр тогтоолоор хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт-тэнцлийг хангах хүрээнд төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнийг төлөөлөх Улсын Их Хурлын гишүүний тоог шинэчлэн тодорхойлох, Улсын Их Хурлын сонгуулийн дэвшилтэт тогтолцооны зарчмыг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулах асуудлыг судлан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан.

Мөн Улсын Их Хурал 2022 оны 34 дүгээр тогтоолоороо Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах зорилгоор олон нийтийн саналыг судлах сэдвийн хүрээг тогтоож үүндээ хүний эрхийн талаарх Үндсэн хуулийн хамгаалалтыг бэхжүүлэх, ард түмнийг төлөөлөх парламентын чадавх, хариуцлагыг нэмэгдүүлэх, хот, хөдөөгийн хөгжлийг дэмжих зэрэг асуудлыг багтаасан байдаг.

Улсын Их Хурлаас 2023 оны 1, 2 дугаар сард зохион байгуулсан “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын дүнг үндэслэн гаргасан Зөвлөмжид иргэдийг төлөөлөх парламентын чадавхыг нэмэгдүүлж төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх талаар, Монгол Улсын Их Хурлын сонгуулийг явуулахдаа мажоритар болон пропорциональ аргыг хослуулах нь зүйтэй талаар тус тус дэмжсэн дүн гарчээ.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай болон Хууль тогтоомжийн тухай хуулийн шаардлагад нийцүүлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг боловсрууллаа. Энэ төсөлд Улсын Их Хурлын 2022 оны 34, 54 дүгээр тогтоол, “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын зөвлөмжийг баримтлан хүний эрхийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх, иргэний эвлэлдэн нэгдэх эрхийг баталгаатай хангах, сонгуулийн холимог тогтолцоог тусгах, иргэдийг төлөөлөх парламентын чадавхыг нэмэгдүүлэх, хөдөөгийн сэргэлтийг дэмжих, хэт төвлөрлийг сааруулж, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн өөрчлөлтийг тусгалаа. Та бүхэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй танилцан санал, зөвлөмжөө Монгол Улсын Засгийн газарт ирүүлэхийг хүсье.

Саналаа info@cabinet.gov.mn хаягаар болон бичгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хандан ирүүлнэ үү.

Холбоо барих утас: 260529

ТӨСӨЛ:

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл (энгийн хувилбар) –ҮХНӨ,

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл –Өөрчлөлтийн төсөл

 

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны дөрөвдүгээр сарын 12-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
“Эрдэнэс Тавантолгой”-д тогтоосон онцгой дэглэмийг зургаан сараар сунгах УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ

“Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, тус компанид Засгийн газрын  Онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулж байгаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосон хугацаанд санхүүгийн нөхцөл байдал сайжирч, гадаад валютын орох урсгал нэмэгдсэн хэдий ч одоо хүрээд буй үр дүнг тогтвортой хадгалах, цаашид улам сайжруулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг олон улсын жишигт нийцсэн компани болгох зорилго тавиад буй юм. Нүүрсийг биржээр дамжуулан хил нөхцөлөөр борлуулах үйл ажиллагааг тогтворжуулах, гадаад валютын орох урсгал, нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор тус компанид тогтоосон онцгой дэглэмийг зургаан сараар сунгах нь зүйтэй гэж үзлээ.
·      Онцгой дэглэмийн хугацаанд 10.2 сая тн нүүрс олборлож, 13.0 сая тн нүүрс борлуулан, 4.3 их наяд төгрөгийн орлого олж, төсөвт 1.5 их наяд төгрөгийн татвар төлсөн.
·      Онцгой дэглэм тогтоосон хугацаанд 1,260.6 сая ам.долларын үнэлгээтэй 13.0 сая тонн нүүрс борлуулсан.
·      Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нүүрсний нээлттэй цахим арилжааг анх удаа зохион байгуулж, нийт долоон удаагийн арилжаагаар 416.0 мян.тн нүүрсийг 53.9 сая ам.доллароор борлуулж, орлогыг 20.9 сая ам.доллароор нэмэгдүүлсэн.
·      Нүүрсийг биржээр, хил нөхцөлөөр борлуулж, нүүрсний үнэ, борлуулалтыг нэмэгдүүлсэн.
·      Нүүрс тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, тээврийн компаниудын үйл ажиллагааг дэмжсэнээр тэдний төсөвт төлөх татварын хэмжээ нэмэгдсэн
·      “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайгаас нүүрс дутсан асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн.
·      Төлбөрийг нүүрсээр төлдөг гэрээний тоог бууруулсан
·      Уулын ажлын гүйцэтгэх зардлыг бууруулсан
·      Компанийн өрийн дарамтыг бууруулж, ашигт ажиллагааг нэмэгдүүлсэн
·      Ил тод байдлыг хангах үүднээс нууцад хамруулсан төслийн гэрээнүүдийг Засгийн газрын тогтоолоор ил болгосон
·      Уурхайн хүчин чадлыг өсгөх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох, өртөг, зардлыг бууруулах төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх бодлого баримталж байна

Тавантолгой дулааны цахилгаан станцын төслийг хоёр үе шатад хуваан, эхний ээлжинд 300 MBт хүчин чадлаар ашиглалтад оруулна


Өмнөд бүсийн уул уурхайн болон Оюу Толгой төслийн  эрчим хүчний хэрэгцээг хангах зорилгоор Тавантолгойн нүүрсний орд газрыг түшиглэн байгуулах Тавантолгой дулааны цахилгаан станцын төслийг 300MBт+150MBт гэсэн хоёр үе шатад хуваан, эхний ээлжинд 300 MBт хүчин чадлаар ашиглалтад оруулна.
Тус төслийг санхүүжүүлэх талаар бүхий л хэлбэрийн санхүүгийн арга механизмыг хэрэглэх, банк санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах, төслийн барилга угсралт болон санхүүжилтийг хамтатгасан (EPC+F) хэлбэрээр, тендерт оролцогчийн төслийн санхүүжилтийг шийдвэрлэх хувилбарыг хязгаарлахгүй санхүүгийн саналыг нээлттэй нөхцөлтэйгөөр сонгон шалгаруулах, гүйцэтгэгч, санхүүжүүлэгч талтай гэрээ хэлцэл хийх, төслийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний сайдад даалгалаа.
Төслийн 300 MBт-ын I үе шатны EPC+F гэрээний 30 хувийг санхүүжүүлж, “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийн үйл ажиллагааны зардлыг хариуцаж, Монгол Улсын Хөгжлийн банкнаас Тавантолгой цахилгаан станц төсөлд олгосон зээл, зээлийн хүүгийн үлдэгдлийг төлөх, эдгээр зардлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК болон төрийн өмчийн хувь эзэмшилд оруулж тооцохыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-д даалгалаа.

Түгжрэлийг бууруулахад нөлөө үзүүлэх авто зам, замын байгууламжийг барьж байгуулахад нэн шаардлагатай 187 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэнэ


Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд авто зам, замын байгууламжийг барьж байгуулахад нэн шаардлагатай 187 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газрын бонд болон бусад эх үүсвэрээр шийдвэрлэх боломжийг судалж танилцуулахыг Сангийн сайд Б.Жавхланд даалгалаа.
Түгжрэлийг бууруулахад нөлөө үзүүлэх 11 байршилд 16,45 км гол болон туслах гудамж зам, 963,7 у/м гүүрийн барилгын ажлыг төлөвлөж дөрвөн байршилд нийт 4,36 км авто зам, замын байгууламжийн ажлыг барьж дуусган, бүтээн байгуулалтын ажилд шаардагдах 454 нэгж талбарын газрыг чөлөөлжээ. Он дамжин хэрэгжиж буй үлдсэн долоон байршилд барих 963,7 у/м гүүрийн барилгын ажлыг барьж дуусгах, эдгээр ажилд 187 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан Улаанбаатар хотын тээврийн эрэлтэд нийцсэн авто замын сүлжээг бий болгож, түгжрэлийг бууруулах, явган хүний болон унадаг дугуйн зам барьж байгуулах зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор “Сэлбэ сэргэлт төсөл”-ийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын нэгжийг “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын бүтцэд оруулж байгуулах арга хэмжээ авч ажиллахыг холбогдох хүмүүст даалгалаа.
“Сэлбэ сэргэлт төсөл”-ийг хэрэгжүүлснээр Сэлбэ гол дагуух тусгай замын нийтийн тээврийн трасс буюу Сонсголонгийн замаас Дамбадаржаа цэцэрлэгт хүрээлэн хүртэл голын сав газрын далан, түшиц ханыг барьж байгуулан урсацыг нэмэгдүүлэхээс гадна Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний эргэлтийг сайжруулж гол зам дээрх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг багасгах, гол дээрх гүүрэн байгууламжууд нь нэг стандартын дагуу баригдах зэрэг олон давуу талтай.
Тус төсөл нь судалгааны шатандаа байгаа бөгөөд урьдчилсан тооцооллоор Сэлбэ, Дунд гол дагуу шинээр 21.6 км авто зам, түүнийг дагасан 18 туслах гүүр, дөрвөн гүүрэн байгууламж, есөн нүхэн гарц, явган болон унадаг дугуйн 43.2 км зам, нийтийн тээврийн 64 зогсоол бүхий тусгай замын нийтийн тээврийг чиглэлийг үүсгэнэ. Үүний үр дүнд авто замын идэвхгүй бүс болох 63 уулзвар, гарцын хөдөлгөөн эрчимжиж гол замын ачааллыг хуваалцана гэж үзэж байна.

Эмнэлэгт иргэнийг илгээх 13A маягтыг цахимжуулав


Эмнэлэгт иргэнийг илгээх АМ-13А, АМ-13Б, АМ-13В маягтыг цахимаар шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, эрүүл мэндийн салбарын хэмжээнд сургалтыг нэгдсэн арга зүй, удирдлага зохион байгуулалтаар ханган хэрэглээнд нэвтрүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нарт даалгалаа.
Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн эрчимжүүлэх чиглэлээр Эрүүл мэндийн сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын  хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Хамтарсан ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбарын 19 үйлчилгээг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “И-Монголиа”-д нэгтгэлээ.
Эрүүл мэндийн статистикийн мэдээлэлд дурдсанаар 2022 онд улсын хэмжээнд өвчтөн илгээх хуудсаар үйлчилсэн хүний тоо 317,736 байна.
13А маягтыг цахимжуулах чиглэлээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэн хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болжээ. Эрүүл мэндийн даатгалын “health.gov.mn” системд түшиглэн эрүүл мэндийн үйлчилгээнд ашиглагдаж буй дөрвөн төрлийн мэдээллийн систем хооронд 13А маягтын мэдээллийг цахимаар бүртгэх, солилцох нэмэлт хөгжүүлэлтийг хийж, анхан шатны 530, лавлагаа шатлалын 334, нийт 864 эмнэлэг цахимаар хүлээн авах, илгээх боломжтой боллоо.
13А маягтыг иргэнд хүргэхэд шаардлагатай хөгжүүлэлтийг хийж төрийн цахим үйлчилгээний “И-Монголиа” системд нэгтгэж, “Үйлчилгээ” цэсийн “Эрүүл мэнд” ангилалд 13А цахим маягтыг байршуулсан.
13А маягтад иргэний шинжилгээний мэдээллийг давхар илгээх, насанд хүрээгүй хүүхдийн маягтыг түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь харах, татан авах нөхцөлийг тус тус бүрдүүлжээ.
Цахим маягтыг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлснээр эмч, ажилчдын ачааллыг нэмэгдүүлэхгүй байх, иргэдэд үүсэх хүлээлт, чирэгдлийг багасгах ач холбогдолтой гэж үзэж байна.

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийг хэлэлцээд Ерөнхийлөгчид уламжлахаар тогтлоо.
Улс төрийн намын бүртгэлтэй холбоотой асуудлыг илүү нарийвчлан зохицуулах, тухайлбал, намын хөрөнгийн хэмжээ, түүний өөрчлөлтийн талаар хэрхэн яаж бүртгэж баталгаажуулах, улсын бүртгэлийн гэрчилгээнд ямар мэдээллийг тусгах, бүртгүүлэх болон өөрчлөлт, хөдөлгөөнийг хийхэд бүрдүүлэх баримт бичиг болон түүнийг ямар үндэслэлээр, хэн, ямар журмаар хэрхэн хийх, улсын бүртгэлийн мэдээллийн санд хэрхэн оруулах, сангаас лавлагаа авах зэрэг бүртгэлтэй холбоотой асуудлыг тодорхой болгох саналыг төсөлд тусгалаа.
Мөн иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангах, төрөөс хараат бус байх, улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, хяналтын механизмыг боловсронгуй болгох, татан буугдсан намын эд хөрөнгийг шийдвэрлэх болон санал, дүгнэлтийн төсөлд дурдсан бусад асуудлаар хуулийн төслийг сайжруулах талаарх саналыг өглөө.
 
Товч мэдээ
·      Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжээд, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод даалгалаа.
·      Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс болон Доминиканы Бүгд Найрамдах Улс хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.

-Өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Г.Өнөрбаярыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөллөө.
-Онхооны Хуланг Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг хотод суух Ерөнхий консулаар томиллоо.

Хүний эрхийг хангах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Болорсайхан “Хүний эрх, хөгжил төв” төрийн бус байгууллага, “Хүний эрх, хөгжлийн төлөөх Азийн форум (FORUM-ASIA)” олон улсын төрийн бус байгууллагын хамтран зохион байгуулж байгаа хүний эрх хамгаалагчдыг чадавхжуулах сургалтад 2023 оны 4 дүгээр сарын 11-12 -ны өдөр сургагч багшаар ажиллав.
Тус сургалтаар “Хүний эрхтэй холбоотой үйл явдлыг баримтжуулах”, “Ярилцлага хийх”, “Хүний эрхийн хяналт шинжилгээний ач холбогдол”, “Баримтын мөрөөр нөлөөлөх нь”, “Хүний эрх хамгаалагчийг хамгаалах нь”, “Хүний эрх хамгаалагчийн аюулгүй байдлыг хангах асуудал”, “Цахим орчны онцлог, хүртээмж”, “Хувийн мэдээллийн аюулгүй байдал”, “Үйл ажиллагааны төлөвлөгөө” зэрэг сэдвийн дагуу хичээл зааж, дасгал ажлаар оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхээр оролцлоо.
Сургалтын явцад оролцогчид хүний эрх хамгаалагчийг хамгаалах, иргэд, олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, бүтээлч хамтын оролцоо, нийгмийн эгэх хариуцлагыг төрийн байгууллага, албан тушаалтнаас шаардах, хүний эрхийг сахин биелүүлэх, хамгаалах, хангах, хөхиүлэх дэмжих төрийн үүргийг анхаарч ажиллах, хүний эрхэд суурилсан хандлагаар нөлөөлөхийн ач холбогдлыг тухайлан онцолжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын гавьяат тамирчин М.Анандыг хүлээн авч уулзлаа.
Японы мэргэжлийн сумогийн 71 дэх их аварга, Какурюу М.Ананд Ерөнхий сайдыг хүлээн авч уулзаж буйд талархлаа илэрхийллээ. Тэрбээр 2023 оны зургадугаар сарын 3-нд Япон Улсын Токио хотноо болох “Үс авах ёслол”-ын урилгаа Монгол Улсын Ерөнхий сайдад гардууллаа.
Их аварга Асашёорюү Д.Дагвадорж, Хакухо М.Даваажаргал, Какурюу М.Ананд нарын залгамж залуу аварга, сайхан залуучууд сумогийн дэвжээнд түрэн гарч ирж байна. Сумогийн тамирчид Монгол, Япон хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг, ард түмний харилцааны гүүр болж байдаг гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
Сумогийн аваргууд маань Монгол Улсаа дэлхийд таниулахад мөн эх орныхоо хөгжилд залуу үеэ манлайлан хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд түүнд амжилт хүслээ.


“Сумод ороод 22 жил болохдоо 20 жилд нь сайхан барилдаж, 2021 оны гуравдугаар сард зодог тайлсан. Үс авах ёслол хийдэг уламжлалтай”-г их аварга, Какурюу М.Ананд ярилаа. Мэргэжлийн сумогийн ёс уламжлал, монгол залуусын амжилтын талаар уулзалтын үеэр ярилцлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа уул уурхайн бус экспортын салбарынхантай хийлээ.
Уулзалтад ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун болон хүнсний бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, ноос ноолуур, арьс шир, гоо сайхан, эм, эмийн бүтээгдэхүүн, мэдээллийн технологи, банк бус, судалгаа, маркетингийн салбарын төлөөлөл оролцлоо.
Манай улсын нийт экспортын 93 хувийг уул уурхайн салбар эзэлдэг бол үлдсэн хувийг уул уурхайн бус бүтээгдэхүүн эзэлж 0,5 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлж байна. Уул уурхайн бус экспортын салбарт 704 аж ахуйн нэгж ажиллаж 55 улсад 62 бүлгийн 233 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн экспортолж байна. Үүнд самнаагүй болон самнасан үс, хялгас, самар, лаазалсан махан бүтээгдэхүүн, өлөн, сүлжмэл гадуур болон дотуур хувцас, адууны мах, хөнгөн цагаан бусад багтаж байна.
Уул уурхайн бус экспортын салбарын нийт экспортод эзлэх хувь өнөөдөр бага байгаа ч нөөц боломж, эдийн засагт үзүүлэх хувь нэмэр их гэдгийг Ерөнхий сайд онцоллоо. Тухайлбал, төлбөрийн тэнцлийг үүнд дурдаж болно. Экспорт нэмэгдвэл төлбөрийн тэнцэл ашигтай гарна. Ингэснээр улсын валютын нөөц нэмэгдэж, төлбөрийн чадвар сайжирна. Өнөөдрийн байдлаар манай улсын гадаад худалдааны тэнцэл нэг тэрбум ам.долларын ашигтай гарсан нь өмнөх оны мөн үеэс 7.3 дахин өссөн үзүүлэлт юм. Бид хамтран ажилласнаар үүнийг цаашид нэмэх боломжтой гэв.
Монгол Улсын Засгийн газраас гадаад худалдааг цахим, хүнд сурталгүй, оновчтой болгох, шинэ боломжуудыг нээх зорилго тавьж буйг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Тухайлбал, бараа бүтээгдэхүүнийг экспортлоход бичиг баримтын бүрдүүлэлт, хил дээрх үйл ажиллагаанд 302 цаг зарцуулж байгааг 16 дахин багасгахаар ажиллаж байна. Үүнээс гадна үйлчилгээний худалдааг хөгжүүлэх үүн дотор аялал жуулчлалыг үйлчилгээний экспортын тэргүүлэх салбар болгох, экспортыг төрөлжүүлэх, боловсруулалтыг нэг шат ахиулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, импортын хамаарлыг бууруулах зэрэг чиглэлийг гадаад худалдааны бодлогод баримтлан ажиллаж байна.


Уул уурхайн бус экспортын салбарынхан ч Засгийн газрын бодлоготой олон зүйл дээр санал нийлж байв. Тухайлбал,
“Астра Рүүт” ХХК-ийн захирал Л.Энхбат: Хунчир, дэрвэгэр жиргэрүү, чихэр өвс гэсэн гурван төрлийн эмийн ургамал тарьж, экспортолдог.  Эмийн ургамлын экспорт ойрын 5-10 жилд ноолуурын экспортыг давах шинжтэй. Эмийн ургамал тарималжуулсан бүтээгдэхүүний хувьд нь тэмдэгтийн татвар төлдөг. Эмийн ургамлыг эрүүл мэнд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэгэн адил НӨАТ-аас  чөлөөлөх хэрэгтэй байна.
АПУ ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг: Экспортод бид бэлэн биш байна. Брэнд хөгжүүлэлтийг бодлогоор дэмжээд өгье. Олон улсын томоохон үзэсгэлэнд брэнд хөгжүүлэгчдийг дэмжиж оролцуулмаар байна. Мөн реэкспортыг татвараар дэмжих шаардлагатай. Шингэн хүнсний экспортын хувьд ОХУ, Япон зэрэг том зах зээл байна. Бид дэлхийтэй өрсөлдөж байгаа учир гаалийн татварын дэмжлэг мөн хэрэгтэй байна.
Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг: Монголын ноолуурын экспорт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Дэлхийн том брэндүүд өмнө нь БНХАУ-аас ноолуур авдаг байсан бол ковидтой холбоотойгоор Монголоос авч эхлээд байна. Хамгийн сүүлд гэхэд Италийн хоёр том брэнд Монголын ноолуурын салбарт хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн. Энэ эрэлт, сонирхлыг хангахад тогтвортой бодлого, зээлийн хүртээмж, хугацааг нэмэх хэрэгтэй байна.

“Говь” ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Баатарсайхан: 2019 онд Монгол Улс 577 мянган жуулчин авсан. 2023 онд дэлхийд анх удаагаа ковидын өмнөхөөс давсан жуулчин авч чадсан улс магадгүй дэлхийд ганцхан Монгол болохоор байна. Энэ бол маш том дэвшил. Япон Улс 2019 онд 32 сая жуулчин авсан. Энэ үзүүлэлтдээ 2025, 2026 онд л хүрч магадгүй гэсэн таамаг байна.
Энэ хоёр жил гаруйн хугацаанд Засгийн газар аялал жуулчлалын салбарт маш том дэвшил гаргалаа. Монголд ирсэн худалдан авагчдын худалдан авалт бол бидний хувьд маш том экспорт байдаг. Энэ жил бид маш сайн бэлтгэлтэй байх ёстой. Засгийн газар яг үүнтэй ижил ноолуурын салбарт ч дэвшил гаргана гэж найдаж байна.
“Глобал Номадик Продактс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Бат-Эрдэнэ: Манайх Архангай аймгийн гурван суманд үйлдвэрлэлээ явуулж, АНУ, Япон зэрэг улсад бүтээгдэхүүнээ гаргадаг. Хамгийн том асуудал хүний нөөц, мэргэжилтэй боловсон хүчин болоод байна. Түүнчлэн малын эрүүл мэнд, бүртгэлжүүлэлтэд анхаарах хэрэгтэй байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны улсын төсвийг батлахаас өмнө уул уурхайн бус экспортын салбарын эрх зүйн орчныг тодорхой болгох санал гаргалаа. Мөн уул уурхайн бус экпсортын тэргүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг тодорхойлж, дунд хугацааны хөтөлбөр боловсруулан ажиллах нь зүйтэй гээд салбарынхныг хамтран ажиллахыг хүслээ.

Нутгийн өөрөө удирдах байгууллага шийдвэр гаргах, хэрэгжүүлэхэд хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйг нэвтрүүлэх, чадавхжуулах зорилготой “Хүний эрхийн манлайлагч-Төлөөлөгч”  сургалтын III хэсгийг  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хүний эрхийг хангах Үндэсний хороо, “Хүний эрх дэвшилтэт бодлогын хүрээлэн” ТББ хамтран Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институтийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд нийслэл болон 9 дүүргийн ИТХ-ын 30 төлөөлөгчийн хамтаар 2023 оны дөрөвдүгээр сарын 6-7 -ны өдөр амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

Сургалтын I хэсэгт оролцогчдод Хүний эрхийн боловсролыг 3 өдрийн турш олгож, сургалтын төгсгөлд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч хүний эрхийн боловсрол олгох замаар төсөл хэрэгжүүлж, иргэдийн санаа бодлыг нээлттэй сонсож, хүний эрхийн асуудлаарх өргөдөл, гомдлыг шийдвэрлэх багаар ажиллах даалгаврыг гүйцэтгэх ажлыг даалгажээ.

Сургалтын II хэсэгт Хүний эрхийн манлайлагч – төлөөлөгч сургалтад оролцогчдыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хүлээн авч уулзаж, хүний эрхийг хангах чиглэлээр Засгийн газар хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээлэл өгч, мөн багуудад гүйцэтгэх даалгаврын талаар сургалтын багаас чиглүүлж ажилласан нь эерэг үр дүнтэй байв.

Сургалтын III хэсэгт “Цахим орчинд хүний эрхийг хүндэтгэх нь” сэдвээр Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн гүйцэтгэх захирал Ц.Тамир, “Хувийн манлайллын төлөвлөгөө” сэдвээр “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын захирал Т.Амарзаяа, “Хүний эрхийг хамгаалах олон улсын тогтолцоо: Монгол Улсын хамтын ажиллагаа” сэдвээр Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагчийн газрын Хүний эрхийн үндэсний зөвлөх Ч.Алтангэрэл нар сургалт орлоо. Мөн тус сургалтын бодлогын зочноор Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан оролцож санал солилцлоо.

Хоёр өдөр үргэлжилсэн тус сургалтад “Хөгжих эрхийг биелүүлэх нь: Нийгэм, эдийн засгийн асуудал” сэдвээр Хүний эрх, хөгжил төвийн тэргүүн Г.Уранцоож, “Хүний эрхийн индексийн ач холбогдол”, “Хүний эрхийн мэдрэмжтэй төсөвлөх нь” зэрэг сэдвүүдээр Хүний эрхийг хангах Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Болорсайхан нар тус тус сургалт орохоос гадна оролцогчдын дунд Хүний эрхийн асуудлаар мэтгэлцээний тэмцээн зохион байгуулсан нь онцгой байлаа.

Оролцогчдын тухайн нутаг дэвсгэртээ хэрэгжүүлсэн ажлын танилцуулгыг нийтийн сонсгол хийсэн байдал, шинэ төсөл санаачилж үр дүнтэй хэрэгжүүлсэн байдал, гомдол шийдвэрлэсэн байдлаар оноо өгч дүгнэхэд Налайх дүүргийн баг тэргүүлэн, удаах байрыг Чингэлтэй дүүрэг, гутгаар байрыг Баянзүрх дүүрэг эзэлж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга талархал, дурсгалын зүйлээр шагнав. Сургалтын эцэст бүх оролцогч “Сургалтад хамрагдсан гэрчилгээ” гардан авлаа.

 

Төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотойгоор бизнес эрхлэгчдэд тулгарч буй хүндрэл, эрх зүйн орчны ойлгомжгүй байдал, оновчгүй зохицуулалт зэрэг шийдвэрлэвэл зохих асуудлын талаарх саналаа Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт ирүүлж хамтран ажиллахыг хүсэж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас “төрийн захиргааны байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, эрх мэдлийн зааг, ялгааг оновчтой тодорхойлж, оролцоог зохистой хангасан, иргэдээ сонсдог, хувийн хэвшилтэйгээ хамтарч ажилладаг тогтолцоог бүрдүүлэх, “хувийн хэвшлийн хөгжлийг дэмжсэн цомхон бөгөөд үр ашигтай, үр нөлөөтэй бүтэц, зохион байгуулалтыг төрийн байгууллагуудын бүх түвшинд нэвтрүүлэх”, “Засгийн газрын бүтэц, зохион байгуулалтад цогц шинжилгээ хийж, үнэлэлт, дүгнэлт өгч, оновчтой бүтцийг тогтоон, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх”, “төрөөс олгох зөвшөөрлийн тоог цөөлж, олон шат, дамжлагыг багасгах, бизнест ээлтэй хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх” зэрэг олон зорилт дэвшүүлэн хэрэгжилтийг ханган ажиллаж буй. Энэ хүрээнд бизнес эрхлэгчдээс санал авч буй юм.
Саналаа Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт албан тоотоор, info@ags.gov.mn цахим шуудангаар ирүүлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 51262046 тоот дугаараас лавлаж болно.

 

 

 

 

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.