Хүний эрхийг хангах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Болорсайхан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлийн иргэний нийгмийг төлөөлсөн төрийн бус байгууллагын төлөөлөлтэй 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр уулзаж, санал солилцлоо.

Оролцогчдын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хүндэтгэх, хамгаалахад тулгамдсан асуудал, саад бэрхшээлийг шийдвэрлэх, цаашид авах арга хэмжээг хуваалцаж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах арга хэмжээний төлөвлөгөөний үр өгөөж, түүнийг хэрэгжүүлэхийн ач холбогдол чухал байгааг онцлов.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах талаар тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бодлогын үр өгөөжтэй байдлыг бүрдүүлэх үүднээс таван жилийн хугацаатай арга хэмжээг төлөвлөх, төлөвлөгөөг тал бүрийн оролцоотой биелүүлэх замаар НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооноос өгсөн дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэхэд ч хувь нэмэртэй хэмээн тус уулзалтад оролцогчид онцолж байлаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ СУРГАЛТЫН ТЭТГЭЛГИЙН 2023 ОНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

НЭГ. ТЭТГЭЛГИЙН ЗОРИЛГО, ТӨРӨЛ, ХЭМЖЭЭ

Тэтгэлгийн зорилго: Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх, олон улсад өрсөлдөх мэдлэг чадвартай, нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, эх оронч иргэнийг хөгжүүлэх, шилдэг мэргэжилтэн-манлайлагчийг бэлтгэх, дэмжих, урамшуулахад оршино.

Тэтгэлгийн сонгон шалгаруулалт хоёр үе шатаас бүрдэнэ:

I шат: Бичиг баримтын бүрдүүлэлт, эссэний үнэлгээ хийгдэнэ.

Үүний тулд тэтгэлэг горилогчид www.shineMyangan.mn цахим хуудас руу нэвтэрч, өөрийн бүртгэлийг үүсгэн, тэтгэлгийн өргөдлийн маягтыг бөглөж холбогдох нотлох баримт болон “Эссэ”-г хавсаргана. Холбогдох мэдээлэл дээрх цахим хуудаст байршсан байгаа:

II шат: Эхний шатанд тэнцсэн тэтгэлэг горилогчид нэгдүгээр шатанд ирүүлсэн “Эссэ”-ний агуулгын хүрээнд илтгэл /PPT/ бэлтгэж танилцуулж үнэлгээ авна.

Тэтгэлгийн хэлбэр:

1. Шилдэг суралцагчийн тэтгэлэг

2. Соёл, урлаг, спортын чиглэлээр суралцагчид олгох тэтгэлэг

3. Гадаадын их, дээд сургуульд магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах тэтгэлэг

Тэтгэлгийн хэмжээ:

• Дотоодын сургалтын байгууллагын 50 хүртэлх шилдэг суралцагч тус бүрд 10,000,000.0 (арван сая) хүртэл төгрөгийн тэтгэлэг олгоно.

• Гадаадын их, дээд сургуулийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах суралцах 50 хүртэлх суралцагчид сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.

ХОЁР. ТӨРӨЛ ТУС БҮРТ ТАВИГДАХ ҮНДСЭН ШААРДЛАГА

1. Шилдэг суралцагчийн тэтгэлэг горилогчид тавигдах шаардлага:

• Дотоодын сургалтын байгууллагын 2 ба 3 дугаар дамжааны өдрийн ангид суралцдаг байх;

• Бакалаврын хөтөлбөрөөр суралцагч сүүлийн 3 улирал дараалан 3.4 болон түүнээс дээш голч оноотой үнэлэгдсэн байх;

• Суралцагч нь зохих журмын дагуу сургалтын байгууллагад элссэн, боловсролын удирдлагын системд бүртгэгдсэн байх.

2. Соёл, урлаг, спортын чиглэлээр суралцагчид олгох тэтгэлгийн горилогчид тавигдах шаардлага:

• Олон улсын болон улсын хэмжээний оюутны соёл, урлагийн наадам, үзэсгэлэн, уралдаан тэмцээнд оролцож эхний гурван байрт шалгарсан байх;

• Спортын төрлөөр суралцагч нь олон улсын олимпын хорооны ивээл дор зохион байгуулагддаг дэлхийн болон тивийн аварга шалгаруулах тэмцээн, дэлхийн оюутны спортын наадамд оролцож медальт байрт шалгарсан, эсхүл шатар, даамын төрлөөр “Олон улсын хэмжээний мастер” цол хүртсэн байх.

3. Гадаадын их, дээд сургуульд магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах сургалтын тэтгэлгийн горилогчид тавигдах шаардлага:

• Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог “Times Higher Education World University Rankings” болон “Academic Ranking of World Universities” байгууллагын тогтоосон эрэмбээр тухайн жилийн эхний 100-д багтсан их, дээд сургуулийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах шаардлагыг хангаж, урилга авсан байх;

• IELTS-ийн 6, IBT TOEFL-ийн 90 оноо эсхүл бусад гадаад хэлний эдгээртэй дүйцэхүйц олон улсын шалгалтын онооны шаардлага хангасан байх.

ГУРАВ. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛ, БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

Тэтгэлэг горилогчид Засгийн газрын 2022 оны 346 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам”-тай сайтар танилцан, 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 15:00 цагаас 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 17:30 минут хүртэлх хугацаанд бүртгүүлнэ.

Өргөдөл гаргахдаа:

Тэтгэлэг горилогч нь онлайн өргөдлийн маягтыг үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөх шаардлагатай. Өргөдөлд доорх зүйлсийг хавсаргасан байна.

Бүрдүүлэх баримт бичиг:

Шилдэг суралцагчийн тэтгэлэг горилогчид:

• 2022-2023 оны хичээлийн жилд бакалаврын үндсэн хөтөлбөрийн 2 ба 3 дугаар дамжааны суралцагч болохыг баталгаажуулсан их, дээд сургууль, коллежийн захирлын эсвэл сургуулийн албан ёсны сургалтын цахим системээс авсан тодорхойлолт;

• Сургалтын байгууллагын албан ёсны сургалтын цахим системээс авсан суралцагчийн сүүлийн 3 улирал дараалан 3.4 болон түүнээс дээш голч оноотой үнэлэгдсэн дүнгийн тодорхойлолт буюу сургууль, коллежийн захирлын гарын үсэгтэй дүнгийн тодорхойлолт;

• Иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia-с татаж авсан байх/

• “Алсын хараа-2050 болон Шинэ сэргэлтийн бодлогод миний оролцоо” сэдэвт эссэ

Эссэ бичихэд тавигдах шаардлага:

o Бүтээлийн хуудасны хэмжээ: А4

o Үсгийн фонд: Arial, Times New Roman

o Бичвэрийн хэмжээ: 11

o Мөр хоорондын зай: 1.15

o Дээд тал-1.5 см, Доод тал-1.5 см, Зүүн тал-2 см, Баруун тал-1.5 см

o Файлын хэлбэр: PDF

o 1,000 хүртэл үгтэй байх

Соёл, урлаг, спортын чиглэлээр суралцагчид олгох тэтгэлгийн горилогчид

• Олон улсын болон улсын хэмжээний оюутны соёл, урлагийн наадам, үзэсгэлэн, уралдаан тэмцээнд оролцож эхний гурван байрт шалгарсныг нотлох гэрчилгээ, батламжийн хуулбар, баталгаат орчуулга;

• Спортын төрлөөр суралцагч нь олон улсын олимпын хорооны ивээл дор зохион байгуулагддаг дэлхийн болон тивийн аварга шалгаруулах тэмцээн, дэлхийн оюутны спортын наадамд оролцож медальт байрт шалгарсан, эсхүл шатар, даамын төрлөөр “Олон улсын хэмжээний мастер” цол хүртсэн болохыг нотлох гэрчилгээ, батламжийн хуулбар, баталгаат орчуулга;

• Иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia-с татаж авсан байх/

• “Алсын хараа-2050” болон “Шинэ сэргэлтийн бодлого”-д миний оролцоо” сэдэвт эссэ

Эссэ бичихэд тавигдах шаардлага:

o Бүтээлийн хуудасны хэмжээ: А4

o Үсгийн фонд: Arial, Times New Roman

o Бичвэрийн хэмжээ: 11pt

o Мөр хоорондын зай: 1.15

o Дээд тал-1.5 см, Доод тал-1.5 см, Зүүн тал-2 см, Баруун тал-1.5 см

o Файлын хэлбэр: PDF

o 1,000 хүртэл үгтэй байх

Гадаадын их, дээд сургуульд магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах сургалтын тэтгэлгийн горилогчид:

• Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог “Times Higher Education World University Rankings” болон “Academic Ranking of World Universities” байгууллагын тогтоосон эрэмбээр 2023 онд эхний 100-д багтсан их, дээд сургуулийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсныг нотлох урилга, баталгаат орчуулга;

• Хүчинтэй хугацаа нь дуусгавар болоогүй, хамгийн багадаа IELTS-ийн 6, IBT TOEFL-ийн 90 оноо эсхүл бусад гадаад хэлний эдгээртэй дүйцэхүйц олон улсын шалгалтын онооны шаардлага хангасныг нотлох албан ёсны гэрчилгээний хуулбар;

• Бакалавр, магистрын түвшний Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт /E-Mongolia-с татаж авсан байх/. Хэрвээ гадаадад төгссөн бол дипломын хуулбар, баталгаат орчуулга;

• Иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia-с татаж авсан байх/

• “Алсын хараа-2050” болон “Шинэ сэргэлтийн бодлого”-д миний оролцоо” сэдэвт эссэ

Эссэ бичихэд тавигдах шаардлага:

o Бүтээлийн хуудасны хэмжээ: А4

o Үсгийн фонд: Arial, Times New Roman

o Бичвэрийн хэмжээ: 11pt

o Мөр хоорондын зай: 1.15

o Дээд тал-1.5 см, Доод тал-1.5 см, Зүүн тал-2 см, Баруун тал-1.5 см

o Файлын хэлбэр: PDF

o 1,000-2,000 үгтэй, монгол, англи хэлний аль нэгийг сонгон бичнэ.

• Тодорхойлох захидал (багш-1, байгууллага-1)

o Таны суралцах арга барил, судалгаа, шинжилгээний ажлын туршлага, зан төлөвийн онцлогийг тодорхойлсон удирдагч багш, эрдэмтэн, байгууллагын тодорхойлолт);

• Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (докторын хөтөлбөрт хамрагдах тохиолдолд)

ДӨРӨВ. СУДЛАХ ЧИГЛЭЛ, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЦАГАЛБАР,АНХААРАХ ЗҮЙЛС

Судлах чиглэлүүд:

Дараах мэргэжлийн чиглэлээр суралцаж буй болон суралцах иргэдийг түлхүү дэмжинэ.

• “Алсын хараа-2050’, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд шаардагдах барилга, хот байгуулалт, зам тээвэр, уул уурхай, олборлолт, эрчим хүч, цахим хөгжил, мэдээлэл технологи, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт шаардлагатай инженер, технологийн чиглэл,

• Засгийн газрын 2020 оны 70 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр, эсхүл онцгой байдал, хил, цагдаагийн албаны чиглэл,

Сонгон шалгаруулалтын зохион байгуулалтын хугацаа:

03.23-04.23 ны өдрүүдэд: Тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг зарлаж, өргөдөл хүлээн авна;

04.24-04.28-ны өдрүүдэд: Техникийн шалгуурыг хийж, өргөдөл, бичиг баримтийн бүрдлийг шалгана;

05.01-12-ны өдрүүдэд: Эссэний үнэлгээ хийгдэнэ.

05.15-16-ны өдрүүдэд: Эхний шатны сонгон шалгаруулалтын хариу болон дараагийн шатны сонгон шалгаруулалтад оролцох хуваарийг тэтгэлэг горилогч бүрт и-мэйлээр мэдэгдэнэ.

05.17-30-ны өдрүүдэд: Хоёрдугаар шатны сонгон шалгаруулалт зохион байгуулагдана.

06.01-ний 23:00 цагаас өмнө: Хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтын хариуг тэтгэлэг горилогч бүрт и-мэйлээр мэдэгдэнэ.

Тэтгэлэг горилогчийн анхаарах зүйлс:

• Тэтгэлгийн сонгон шалгаруулатын зар, тавигдах шаардлагыг бүрэн гүйцэд уншиж танилцах;

• Өргөдлийн маягтыг үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөсөн байх;

• Эссэг тэтгэлэг горилогч бүр бичсэн байхаас гадна эссэний агуулгын хүрээнд илтгэл /PPT/ бэлтгэсэн байх шаардлагатай;

• Эссэ бичихдээ өөрийн санаа, үзэл бодолд тулгуурлан бичсэн байх бөгөөд бусдын бүтээл, санааг ашигласан бол эх сурвалжийг дурьдаж, эшлэл татсан байх;

• Тэтгэлгийн баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, өөрийн мэдээллийг санаатайгаар буруу ирүүлсэн нь илэрсэн тохиолдолд сонгон шалгаруулалтаас нэн даруй хасах үндэслэл болохыг анхаарах;

• Хөтөлбөрийн зарлалд дурьдаагүй нэмэлт материал болон цаасан хэлбэрээр ирүүлсэн мэдээлэл, материал хүлээн авахгүй болохыг анхаарах;

• Өргөдлийн маягт болон эссэ нь техникийн хувьд шаардлага хангаагүй бол дараагийн шатны шалгаруулалтад оруулахгүй болохыг анхаарна уу.

Холбоо барих: Тэтгэлгийн дэлгэрэнгүй мэдээллийг www.shineMyangan.mn сайт болон Боловсрол, шинжлэх ухааны яамны (51) 263449; 70120939; 75772727 утаснуудаас авах боломжтой.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 63 их, дээд сургуулийн төлөөлөл 350 гаруй оюутныг хамруулсан “Student day” өдөрлөгийг өнөөдөр МУИС-д зохион байгуулав. Тус өдөрлөгт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүдийн хамт оролцож “Шинэ Сэргэлт-Шинэ Мянган” сэдвээр илтгэл тавилаа.

Монгол Улсын Их сургуулийн ашиглалтад ороод удаагүй байгаа “Багш, оюутны хөгжлийн төв”-ийн үйл ажиллагааг МУИС-ийн захирал Д.Бадарч Ерөнхий сайдад танилцуулсан юм. Мөн төрийн өмчит зургаан их сургуулийн захирал, удирдлагуудтай уулзаж, санал солилцсон.

Оюутнуудтай уулзахдаа Ерөнхий сайд оюутны хөгжлийн талаарх төр засгийн бодлого, ялангуяа,  Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа-2050” хөгжлийн хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын ач холбогдол, ковидын өмнөх болон дараах гадаад, дотоод хүчин зүйлс, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулаад тэдний өмнө тулгамдаж буй асуудал бүрд чиглэсэн шийдлүүдийн хүрээнд сонирхсон асуултад нь хариулж, илэн далангүй ярилцав.

“Дэлхий даяар 1995 оноос хойш төрсөн Gen Z үеийнхэн буюу шинэ мянганы залуучуудын хандлага, сэтгэхүй, үзэл бодол хувьсан өөрчлөгдсөн энэ цаг үед Монгол Улсын хөгжлийг түүчээлэх, ирээдүйн боловсон хүчин болох залуу үеийнхний хүсэл, сонирхлыг байнга сонсож, тэдний дуу хоолойг төрийн бодлого, үйл ажиллагаандаа тусгахыг зорьдог хэмээн Ерөнхий сайд онцолсон. Тэрбээр, “1980 онд төрсөн залуу Ерөнхий сайдын хувьд шинэ үе, шинэ мянганы залуучууддаа гүүр нь байх болно” гэсэн юм.

Интернэт, техник, технологийн дэвшлүүдтэй хамт өсөж, торнисон учраас өнөөгийн оюутнууд буюу Gen Z, шинэ үеийн залуучуудын гол онцлог нь хүлээлтэд нийцэхгүй тохиолдолд  дүгнэлт, шийдвэрийг маш хурдан гаргахаас гадна бизнес, брэндүүд, аливаа зүйлд өөрөө үнэнч байхаас илүү өөрт нь үнэнч байгаасай гэж хүсдэг тэмүүлэл өндөртэй болохыг олон судалгаа нотолсон байдаг. Тиймээс манай улсын тухайд ч ОЮУТНЫ ХӨГЖИЛ гэдэг ойлголт төрийн бодлого, сургалтын агуулга, сургуулийн орчин гээд бүх талд цогцоороо хөгжих шаардлагатай. Тэр дундаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд ойрын жилүүдэд 39 мянган инженер шаардлагатай байгааг Ерөнхий сайд илтгэлдээ дурдсан.

Оюутнууд эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамрагдах, “Оюутан цэрэг”-т хамрагдах оюутны тоог нэмэгдүүлэх, автобусны хөнгөлөлтийн картын үнийг бууруулах, дотуур байрны хүртээмжийг нэмэгдүүлэх, боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг нээлттэй болгох, оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг тулгамдаж буй 10 асуудлаа эрэмбэлж, Засгийн газраар шийдүүлэхийг хүссэн юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдгээр асуудал бүртэй холбоотой Засгийн газрын гишүүд, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг чиглэл өгч,  заримыг нь газар дээр нь шийдвэрлэв. Тухайлбал, өдгөө төрийн 67 байгууллагын 747 үйлчилгээг нэг дор нэгтгээд байгаа “Е Mongolia” цонхонд “E student” цэсийг нэмж холбох байдлаар оюутнууд боловсрол, эрүүл мэнд, иргэний бүртгэл зэрэг төрийн бүх цахим үйлчилгээг гар утсаараа авах боломж тун удахгүй бүрдэнэ гэсэн юм. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Засгийн газраас УИХ-д өргөн барьсан, хаврын чуулганаар хэлэлцэх гэж байгаа Боловсролын багц хуулийн шинэчлэлээр олон асуудал шийдэгдэнэ гэдгийг хэлээд улсын шалгалтын үеэр их, дээд сургуулийн номын санг 24 цагаар ажиллуулахыг төрийн өмчит зургаан сургуулийн захирлуудад үүрэг болгосон юм. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эрүүл мэндийн даатгалгүй оюутнуудыг нэг удаа эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамруулах боломжтой гэж мэдэгдэв. Мөн оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих эрх зүйн орчныг боловсронгуй болгох саналаа ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит 2023-2024 оны хичээлийн жилийн оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  өнөөдрийн уулзалтын үеэр албан ёсоор зарласан. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд оролцох шилдэг мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор Ерөнхий сайдын тэтгэлгийн хамрах хүрээ, хэмжээг өнөө жил нэмэгдүүлж, дотоодын их, дээд сургуулийн 2-3-р дамжааны 50 оюутанд тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэг олгоно. Гадаадад суралцах магистр, докторын 50 хүртэл оюутанд төлбөрийг нь бүрэн хариуцна. Мөн Боловсролын зээлийн сангийн шугамаар тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутнуудад зээл олгодог байсан бол Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг энэ удаа буцалтгүй тусламж хэлбэрээр олгогдоно.

Орон даяар эхлүүлсэн уг тэтгэлэгт хөтөлбөрийг ирэх зургаадугаар сарын 02-ны өдрийг хүртэл зарласан бөгөөд нийт их, дээд сургуулийн оюутнуудыг идэвхтэй хамрагдахыг Ерөнхий сайд уриалав.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 22-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Х.Нямбаатар: Мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийн дансыг царцаана

Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, авлигатай тэмцэх таван Ш буюу Шүгэл, Шүүр, Шувуу, Шилжүүлэн авах болон Шил ажиллагаа”-г хэрэгжүүлж буй. Авлигатай тэмцэх ажиллагааг эрчимжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болгосон байна. “Шувуу ажиллагаа”-ны хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гадаад улс руу оргон зайлсан этгээдийг Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжийн хүрээнд эргүүлэн авчирч, хариуцлага хүлээлгэнэ. Мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 92 хүний нэрийг зарласан. Оргон зайлсан хүмүүсийн тоо 18-аар нэмэгдсэн гэдгийг Х.Нямбаатар сайд мэдээлж байна. Эдгээр хүнийг авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх үүргийг хуралдаанаас өгчээ. Оргон зайлсан хүмүүсийн дансыг царцаах чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэлээ.
Мөн хувийн хэвшлийг үйл ажиллагаа явуулахад нь төрийн байгууллага, албан тушаалтан саад учруулсан, ажлаа хийхэд нь эс үйлдэл үзүүлбэл Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг тогтолцоог тодорхой болгох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болгожээ.

2023 оны хоёрдугаар сарын байдлаар инфляц 12.2 хувь байна


Бараа, үйлчилгээний үнийн өсөлтийн талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр улсын жилийн инфляц 2023 оны хоёрдугаар сарын байдлаар 12.2 хувь байна. Инфляц 2022 оны зургадугаар сард хамгийн оргил үедээ буюу 16.1 хувьд хүрсэн бол түүнээс хойш аажмаар буурч байна. Инфляц буурахад гадаад валютын албан нөөц нэмэгдэж, валютын зах зээл тогтворжсоноор төгрөгийн ханш сулрах дарамт буурсан болон гадаад зах зээлд бараа, бүтээгдэхүүний үнэ буурсан зэрэг нь нөлөөлсөн.
Инфляц буурч байгаа хэдий ч төв банкны зорилтот түвшнээс хоёр дахин өндөр хэвээр байна. Инфляц өндөр байхад сайжруулсан түлшний үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин өссөн нь голлон нөлөөлсөн. Мөн дизель түлшний үнэ сүүлийн үед тогтвортой байгаа хэдий ч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 28 хувиар өссөн нь инфляцад сөрөг нөлөө үзүүлжээ. Хүнсний бүтээгдэхүүнүүдээс гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс 50 гаруй хувиар, сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ 30 гаруй хувиар, сонгино, төмс зэрэг зарим хүнсний ногооны үнэ 30 орчим хувиар өссөн. Гурил, сүүний үнэ жилийн дүнгээр өссөн хэдий ч сүүлийн саруудад тогтворжиж байна.
Монголбанк мөнгөний бодлогын хүүг 2022 онд таван удаа нийт долоон нэгж хувиар нэмэгдүүлсэн. Мөнгөний бодлогын хороо 2023 оны гуравдугаар сарын ээлжит хурлаар бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан. Цаашид инфляцыг бууруулах хүрээнд төрөөс зах зээлийн өрсөлдөөнийг хязгаарласан аливаа арга хэмжээ хэрэгжүүлэхгүй байх болон гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь зүйтэй гэлээ.

“Тусгай замын их багтаамжийн автобус төсөл”, “Сэлбэ сэргэлт төсөл”-ийн ажлыг 2023 онд багтаан эхлүүлнэ
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө болон гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явц, тэдгээрийн уялдаа холбоо, үр дүнгийн талаар Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын баримт бичигт тусгагдсан нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд Азийн хөгжлийн банкны 655,0 сая ам.долларын багц зээлийн санхүүжилтээс нийслэл Улаанбаатар хотын авто замын сүлжээний хөндлөн чиглэлд “Тусгай замын их багтаамжийн автобус төсөл”-ийг (BRT) хэлэлцээд дэмжсэн тул төслийг 2023 онд багтаан хариуцан эхлүүлэх ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт даалгалаа.


Мөн нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэл ерөнхий төлөвлөгөөний төсөлд тусгагдсан олон тулгуурт нийтийн тээврийг бий болгох ажлын хүрээнд “Сэлбэ сэргэлт төсөл”-ийн үзэл баримтлалыг хэлэлцээд дэмжсэн тул төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 2023 онд багтаан эхлүүлэх, бэлтгэл ажлыг хангах, төслийн суурь дэд бүтцийн хөрөнгө оруулалтад шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийн боломжийг судлан, авах арга хэмжээний санал боловсруулж, ирэх сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.
2022 оноос хэрэгжүүлж эхэлсэн нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах төсөл, арга хэмжээнд 2023 онд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг яаралтай судалж, санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт даалгав.

Тусгай замын их багтаамжийн автобусны зураг төслийг бэлэн болгосноор Энхтайвны өргөн чөлөө болон Ард Аюушийн өргөн чөлөө – Их Тойруу – Да хүрээ гудамж – Цайз – Офицеруудын ордон тусгай замын их багтаамжийн автобус, шинэ төрлийн багтаамж ихтэй нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх бүтээн байгуулалтын төсөл хэрэгжиж, цаашид Улаанбаатар хотын нийтийн тээвэр, авто замын салбарт хэрэгжих томоохон төслүүдийг цаг алдалгүй эхлүүлэх боломж бүрдэнэ. Тусгай замын их багтаамжийн автобус төсөл нь нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн бодлогын дунд хугацаанд хэрэгжүүлэх төсөл бөгөөд цаашид хэрэгжих томоохон төсөл хөтөлбөртэй трассын хувьд уялдах цогц арга хэмжээний нэг хэсэг юм. Төслийг хэрэгжүүлснээр нийтийн тээврийн үйлчилгээний автобусны хүлээгдлийн хугацааг дунджаар 4-12 минут, дундаж хурдыг 18-25 км/цаг байхаар цагийн хуваарийг төлөвлөдөг болно.

“Сэлбэ сэргэлт төсөл” Сэлбэ дунд гол дагуу газрын налуу, өндөржилтийг нарийвчлан тооцож инженерийн бэлтгэл арга хэмжээг сайжруулж, үерийн даланг 21.6 км байгуулж үерийн эрсдэлийг бууруулах, усан цөөрөм байгуулж голын урсацыг нэмэгдүүлэх, хотын эко системийг тэнцвэржүүлэх, далан дагуу авто машин, нийтийн тээврийн үйлчилгээнд зориулсан тусгай замыг байгуулж авто замын түгжрэлийг бууруулах, гол дагуух инженерийн шугам сүлжээг хонгилын системд шилжүүлснээр гэр хорооллын хэсгийн барилгажилтыг эрчимжүүлж агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гол дагуу явган хүний зам, унадаг дугуйн зам, орчны тохижилтыг нэгдсэн байдлаар шийдвэрлэж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлнэ.

Товч мэдээ
·      Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төслийг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулж, төлөвлөгөөний төсөлд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган, “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаа МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, эрдэмтэн багш нартай хийлээ. Тэрбээр дэлхийн эдийн засаг, геополитик хурдацтай өөрчлөгдөж буй энэ цаг үед манай улс судалгаанд суурилсан урт хугацааны стратегитай байх нь чухал. Төрийн бодлогод эрдэмтэн судлаачдын үүрэг, оролцоо хэрэгтэй байгааг тэмдэглээд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, авлигатай тэмцэх “5Ш” ажиллагаа зэрэг Засгийн газрын хэрэгжүүлж буй хөтөлбөр, арга хэмжээний талаар танилцуулж, хуульч, эрдэмтэд, багш нарын байр суурийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Тус сургуулийн профессор, багш нар Монгол Улсын Ерөнхий сайд сургууль дээр нь ирж, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг танилцуулан, төрийн бодлогод хуульч, судлаачдын саналыг сонсож байгаад талархаж байлаа.
Уулзалтад оролцогчид их сургуулийн судалгааны ажилд зориулсан төсвийг олон улсын жишигт нийцүүлэн нэмэгдүүлэх, сургуулийн төсөв, төлбөрийн менежментийг шинэчлэх, Хууль зүйн сургуулийн байрны асуудал, эрүүгийн эрх зүйн салбарын хөгжил, суурь судалгаанд анхаарах, ШӨХТГ-ын ажлыг эрчимжүүлэх замаар өргөн хэрэглээний барааны үнийг тогтворжуулах, Сүм, хийдийн харилцааны тухай хуулийг шинэчлэх шаардлагатай зэрэг санал дэвшүүлэв.

Мөн Засгийн газрын тэргүүний манлайлан хэрэгжүүлж буй авлига, албан тушаалын гэмт хэргийг таслан зогсоох, далд эдийн засгийг ил тод болгох, шударга ёсны төлөөх тэмцлийг бүх талаар дэмжинэ гэв. Ерөнхий сайд багш нарын санал, зөвлөмжийг сонсон ярилцаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй  “5Ш ажиллагаа” нь иргэдийн төрд итгэх итгэл, шударга ёсны мэдрэмжийг сэргээх зорилготой бөгөөд энэхүү үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхэд эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллах, олон нийтийн дэмжлэг хэрэгтэй гэдгийг онцлоод дэлхийн улс орнуудын авлигатай тэмцэж буй сайн туршлага, оюутан залуусын хүсэл эрмэлзлийг тусгасан санал зөвлөмж Засгийн газрын үйл ажиллагаанд ихээхэн дэм болно гэдгийг хэллээ. Мөн энэ үеэр Ерөнхий сайд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хүндэт дэвтэрт гарын үсэг зурлаа.
Уулзалтын үеэр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, профессор Б.Амарсанаа Хууль зүйн сургуулийн үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийсэн юм. 63 жилийн түүхтэй тус сургууль өдгөө хоёр тэнхим, нэг төв, гурван судалгааны нэгж, гадаадын нэр хүндтэй хамтран менежмент хийдэг Япон, Солонгосын эрх зүйн боловсрол, судалгааны төв гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Хүний нөөцийн хувьд үндсэн багш нарын 73 хувь нь гадаад улсад суралцаж,  эрдмийн зэрэг, цол хамгаалжээ.


Монгол Улсаас БНСУ-ын Сөүл хотод суугаа Элчин сайдын яамны консулын хэлтсийн байранд төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэгийн үйл ажиллагааг өнөөдөр нээлээ. Ингэснээр тус улсад оршин суугаа 53 мянган иргэн үйлчилгээний оператороос 440 төрлийн үйлчилгээ,  киоск машинаас 70 гаруй төрлийн лавлагаа, тодорхойлолт, тоон гарын үсгээ үнэ төлбөргүй, шуурхай авах боломж бүрдлээ.
“Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны хоёрдугаар сард БНСУ-д албан ёсны айлчлал хийхдээ энд оршин суугаа монгол иргэдэд нэн тулгамдсан арван асуудлыг шийдвэрлэхээхэлсэн. Эдгээр асуудлын нэг нь төрийн цахим үйлчилгээ байсан. Элчин сайдын яамны консулын хэлтсийн байранд төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэг нээгдэж, Ерөнхий сайдын амлалт хэрэгжиж байна. Монгол иргэд маань төрийн үйлчилгээгээ төвөг, чирэгдэлгүй, хурдан шуурхай авах боломж бүрдэж байгаад талархалтай байна. Бид иргэддээ мэдээ, мэдээллийг түгээхэд анхаарч ажиллана” гэж Элчин сайд Э.Сарантогос ярилаа.


ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хуралдаан дээр өгсөн үүрэг, даалгавар хэрэгжиж БНСУ-д “ХУРДАН” төрийн үйлчилгээний цэгийг нээж байна. Бид цаашид үйлчилгээний төрөл, тоог нэмэгдүүлж, 55 байгууллагын 800 орчим үйлчилгээг “ХУРДАН” цэгээр хүргэхээр ажиллаж байна гэлээ.
Тэрбээр мөн Засгийн газрын бодлого, хийж хэрэгжүүлж байгаа ажлаас иргэдэд танилцууллаа. Иргэлийн санал, хүсэлтийг хүлээн авч ажил хэрэг болгоход анхаарч ажиллана гээд “ХУРДАН” цэгийг мөн Сөүл хот дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн байр болон Бусан хотод суугаа Элчин сайдын яамны консулын хэлтэст нээнэ гэлээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Хүний эрхийг хангах Үндэсний хороо нийслэл болон 9 дүүргийн иргэдийн хурлын 30 төлөөлөгчийг “Хүний эрхийн манлайлагч – төлөөлөгч”  сургалтад хамруулаад байна. Сургалтаар хүний эрхэд суурилсан хандлага, дүн шинжилгээ, хянан магадлагаа, хот төлөвлөлт, өргөдөл гомдол шийдвэрлэлт, жендэрийн мэдрэмж, тэгш хамарсан бодлого зэрэг сэдвээр хэлэлцэж, ажиллалаа. Төлөөлөгчид цаашдын бодлого шийдвэртээ хүний эрхийг хангаж, хамгаалсан байдлаар ажиллах нь тус сургалтын үндсэн зорилго юм. Ийнхүү Хүний эрхийн манлайлагч – төлөөлөгч сургалтад оролцогчдыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хүлээн авч уулзаж, хүний эрхийг хангах чиглэлээр Засгийн газар хэрхэн ажиллаж буй талаар мэдээлэл өглөө.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Иргэдийн ажиллаж, амьдарч байгаа орчинд төрийн оролцоог аль болох багасгаж, чөлөөт эдийн засгийг дэмжсэн, либералчлалын бодлогыг эрчимжүүлэх зарчмыг Засгийн газар баримтлан ажиллаж буй”-г тодотголоо.  Мөн 2000 оноос өмнө баталсан хуулиуд нь өнөөгийн нийгмийн шинэ тутам харилцаа, амьдралыг зохицуулж байгаа нь цаг үеэ даган шинэчлэгдэж буй иргэд, олон нийтийн амьдралд зохицохгүй байгааг жишээ олон бий. Өөрөөр хэлбэл дарга төвтэй хуулийн зохицуулалтыг өөрчлөх шаардлага байгааг дурдлаа.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар байгуулснаар төрийн хүнд суртлыг арилгах, гаргасан хууль журам бодит байдал дээр бүрэн хэрэгжиж чадаж байгаа эсэх дээр анхаарлаа хандуулна. Ингэснээр төрийн хүнд суртал арилж, баталсан хууль тогтоомж бүрэн хэрэгжих боломж бүрдэнэ. Иргэдээс жилдээ 1.2 сая гаруй өргөдөл, гомдол ирдэг ч үүний шийдвэрлэлт нь хангалттай биш байгаа учраас Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар өргөдөл, гомдолд тандалт хийж, шийдвэрлэлтэд анхааран ажиллах юм.

Аймаг, нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид нь тухайн дүүрэг, сумдын иргэдтэй хамгийн ойр ажилладаг, тэдэнд тулгамдаж буй асуудлыг сайн мэддэг учраас цаашдын үйл ажиллагаандаа хүний эрхийн мэдрэмжтэй ажиллахыг хүсэж буйгаа ЗГХЭГ-ын дарга онцоллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Батлан хамгаалах яам, Зэвсэгт  хүчний бие бүрэлдэхүүнтэй уулзлаа.
Ерөнхий сайд Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 102 жилийн ойн баярын мэндийг нийт генерал, офицер, ахлагчид, хугацаат цэргийн алба хаагчдад дэвшүүлээд, дэлхий дахиныг хамарсан цар тахлын хүнд үед өргөсөн тангарагтаа үнэнч байж, ард түмэн, эх орноо батлан хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлсэнд талархал илэрхийллээ. Дэлхий дахин, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, Засгийн газрын үйл ажиллагаа, Шинэ сэргэлтийн бодлогын талаар танилцууллаа.


Монгол Улсын эдийн засаг цар тахлын дараа сэргэж буй ч тогтворгүй, авлигажсан систем улс орны дотоод аюулгүй байдалд заналхийлж, гадна талаас геополитикийн нөхцөл байдал хүндрэл учруулж буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дурдаад энэ бүхэн шинэ стандартаар цааш явах хэрэгтэйг сануулж байна гэв.
Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж эхлээд жил гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд боомт, аж үйлдвэрийн сэргэлт, төвлөрлийг сааруулах, төрийн бүтээмжийг дээшлүүлэх томоохон төслүүд эхлээд байна. БХЯ, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн боомтын сэргэлт болон төвлөрлийг сааруулах, хот хөдөөгийн сэргэлтийн ажилд манлайлан оролцож байгааг Ерөнхий сайд онцлоод “Шинэ сэргэлтийн бодлого”, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого нь Монгол Улсын ойрын 30 жилийн хөгжлийн бодлого бөгөөд эдгээрийн хэрэгжилтээс улс орны хөгжил хамаарна. Иймд БХЯ, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн идэвхтэй оролцож, хамтран ажиллахыг уриаллаа.
Засгийн газраас зэвсэглэл техникийн үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, 2024 оноос хугацаат цэргийн албан хаагчдын тоог нэмэх, “Оюутан цэрэг” хөтөлбөрийг өргөжүүлэх зэрэг зорилт тавьж байна.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 15-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Авлигатай тэмцэх “Таван Ш ажиллагаа”-ны хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болгов
Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “Таван Ш” ажиллагаа хэрэгжүүлж буй.
“Шувуу ажиллагаа”-ны хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гадаад улс руу оргон зайлсан этгээдийг Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжийн хүрээнд эргүүлэн авчирч, хариуцлага хүлээлгэнэ. Мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 92 хүний нэрийг зарласан. Эдгээр хүнийг авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн үргэлжлүүлнэ гэдгийг ХЗДХ-ийн сайд, “Шувуу ажиллагаа”-ны Ажлын хэсгийн дарга Х.Нямбаатар мэдэгдээд байна.
“Шүгэл ажиллагаа”-ны хүрээнд Авлига, албан тушаалын гэмт  хэргийн талаар нийтийн эрх ашгийн төлөө мэдээлж байгаа шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төслийг батлуулах, төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг багасгах, иргэд, хувийн хэвшлийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хамтран ажиллах юм. “Шүгэл ажиллагаа”-г хэрэгжүүлэх Ажлын хэсэг Ерөнхий сайдын 2023 оны 20 тоот захирамжаар байгуулагдаж,  Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо ахлан ажиллаж буй. Ажлын хэсгийнхэн баасан гариг бүр Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “11-11” төвд ажиллаж, иргэдтэй уулзаж байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Шүүр ажиллагаа”, “Шилжүүлэн авах ажиллагаа”-ны хэрэгжилтийг хариуцан зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд, “Шил ажиллагаа”-г Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралд даалгалаа.
Авлигатай тэмцэх “Таван Ш ажиллагаа”-ны хэрэгжилтийг хариуцан зохион байгуулж ажиллах Ажлын хэсгүүд ажлаа эрчимжүүлж, Засгийн газрын хуралдаанд сар бүр танилцуулж байхыг Ерөнхий сайд үүрэг болголоо.

Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон багийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнана

Бүгд Найрамдах Турк Улсад тохиолдсон газар хөдлөлтийн гамшгийн голомтод ажиллаж, монгол хүний ур чадвар, тэсвэр хатуужил, тусч энэрэнгүй сэтгэл, хүн чанарыг олон улсад нотлон харуулж, гамшигт нэрвэгдсэн улс орны ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг авран хамгаалж, хүмүүнлэгийн тусламж үзүүлэн төр засгаас даалгасан өндөр хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж ирсэн Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан “Эрэн хайх, аврах баг”, хурандаа Ж.Сүх-Очироор ахлуулсан Батлан хамгаалах яамны “Эмнэлэгийн бүлэг”-ийг Монгол Улсын Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны хоёрдугаар сарын 7-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар гамшигт нэрвэгдсэн Бүгд Найрамдах Турк Улс, Арабын Бүгд Найрамдах Сири Улсад хүмүүнлэгийнтусламж үзүүлэх, эрэн хайх, аврах баг оролцуулахаар шийдвэрлэсний дагуу онцгой байдлын байгууллагын 24, Зэвсэгт хүчний 11, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, нийт 41 хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайх, аврах баг хоёрдугаар сарын 8-ны өдөр буюу газар хөдлөлт болсноос хойш 68 цагийн дараа гамшгийн голомт болох БНТУ-ын Хатай мужийн Хатай хотод очиж ажилласан юм.
Монгол Улсын эрэн хайх, аврах баг 10 хоногийн хугацаанд Хатай хотын 20 орчим цэгт ажиллаж нийт найман хүний амь насыг авран хамгаалж, 19 цогцсыг холбогдох байгууллагад, мөн 20.000 доллар болон үнэт эдлэлийг цагдаагийн байгууллага, ар гэрт нь хүлээлгэж өгч, эрэлч нохойн тусламжтайгаар 45 цогцсыг илрүүлжээ. Аврах багийн эмнэлгийн бүлэг нийт 649 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, гамшигт нэрвэгдсэн 115 хүний гар, хөл хугарсан, шоконд орж дотор эрхтний гэмтэл авсан байсныг эмчилжээ.
Мөн Монгол Улсаас БНТУ руу илгээсэн махан нөөш, лаа, хөнжил, 20 ширхэг иж бүрэн монгол гэрийг хүлээн авч, гэрийг нь барьж, хүмүүнлэгийн тусламжийн хамтаар гардуулсан юм.

Нийтийн эзэмшлийн талбайд барилга, байшин барих зөвшөөрөл олгосон албан хаагч, албан тушаалтны жагсаалтыг гаргана
“Барилга байгууламжийн галын аюулгүй байдлын техникийн зохицуулалтыг батлах тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа.
Энэ үеэр нийтийн эзэмшлийн зориулалт бүхий талбайд барилга, байшин барих зөвшөөрөл олгосон албан хаагч, албан тушаалтны жагсаалтыг гаргаж танилцуулахыг үүрэг болгож, цаашид ийм алдаа дутагдал гаргахгүй байхад анхаарч ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.

Товч мэдээ
·      Төрийн албаны тухай хуулийн дагуу Төмөр-Очирын Ням-Очирыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Боловсролын ерөнхий газрын даргаар томиллоо.
·      Салбарын сайдаас ирсэн саналын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
·      “Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын хүн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны журам”, “Хүн, хуулийн этгээдэд үзүүлэх үйлчилгээний жагсаалт”, “Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтын загвар”-ыг баталлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр БНХАУ-аас манай улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй-г хүлээн авч уулзаж, БНХАУ 14 дэх удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Анхдугаар хуралдааныг амжилттай зохион байгуулж, Төр засгийн удирдлагуудыг шинээр томилж, улс орны хөгжилтэй холбоотой чухал шийдвэрүүдийг гаргасанд баяр хүргэлээ. Шинээр томилогдсон БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянд чин сэтгэлийн баяр хүргэж, өндөр хариуцлагатай ажилд нь амжилт дахин хүсэж байгааг уламжилж өгөхийг Ерөнхий сайд хүслээ.
БНХАУ-тай хөгжүүлж буй иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, сайн хөршийн найрсаг, харилцан ашигтай хамтын ажиллагаа нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байсаар ирсэн гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд Бээжингийн Олимпын нээлтэд оролцох үеэр төмөр замын хил холболтын цэгийг хоёр тал тохиролцсоноор дэд бүтцийн төслүүд эрчимжиж байгааг дурдав.
Хятадын шинээр байгуулагдсан Засгийн газартай Монголын тал үргэлжлүүлэн нягт хамтран ажиллаж, хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах, харилцааны идэвхтэй хандлагыг хадгалахын төлөө байгаагаа нотлов.

Өнөөдөр орой /2023-03-15/ болох “Хятадын Коммунист Нам ба дэлхийн улс төрийн намуудын ээлжит дээд түвшний уулзалтад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цахимаар оролцож, олон улс, бүс нутгийн эрх баригч намуудын хамт ажиллагаа, хоёр улсын харилцааны талаар байр сууриа илэрхийлнэ. Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд биечлэн оролцож, үг хэлэх гэж байгаад талархалтай байгаагаа Элчин сайд илэрхийлээд “Энэ арга хэмжээний үндсэн сэдэв нь “Модернизаци ба улс төрийн намуудын хариуцлага”. БНХАУ-ын дарга Ши Жиньпин нээж үг хэлнэ. Дэлхийн олон орны улс төрийн намуудын удирдлага оролцоно. Энэ хурлаар Ши Жиньпин дарга соёл иргэншлийн санаачилгыг дэвшүүлнэ. Энэ санаачилга нь дэлхийн соёл иргэншлийн олон янз байдлыг хүндэтгэх, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг дээдлэх, уламжлал шинэчлэлд ач холбогдол өгөх, олон улсын хүмүүнлэгийн солилцооны хамтын ажиллагааг бэхжүүлэх гэсэн дөрвөн зорилготой”  гэдгийг Элчин сайд онцоллоо.


Өнгөрсөн онд Монгол, Хятадын харилцаа идэвхтэй өрнөж, дээд, өндөр түвшинд дөрвөн айлчлал амжилттай хэрэгжүүлсэн. Энэ онд Монгол Улсын Ерөнхий сайд албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж буй бөгөөд БНХАУ-ын төр засгийн шинэ удирдлага томилогдсоны дараа болж буй энэ уулзалтаар талууд айлчлалын асуудлаар санал солилцлоо.
Элчин сайд Цай Вэньруй “БНХАУ Монгол Улстай Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, сайн хөршийн найрсаг, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт хугацаанд хөгжүүлж, элэгсэг дотно, чин үнэнч тууштай хамтран ажиллана. Хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд дээд, өндөр түвшний харилцан айлчлал чухал үүрэг гүйцэтгэдэг, айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх нь чухал. Монгол Улсын Ерөнхий сайдын манай улсад хийх айлчлалыг Хятадын тал чухалчилж, ач холбогдол өгсөөр ирсэн. Хоёр талын тохиромжтой цагт айлчлал хэрэгжүүлэхийг хоёр тал нотолж байгаа. Ерөнхий сайд таны хэлснийг миний бие шинэ Засгийн газарт уламжилна” гэж хэллээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.