Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын нэгдсэн чуулганд Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Эх дэлхийнхээ насыг уртасгах асуудал хүн төрөлхтний тулгамдсан асуудал болж, олон улс өнөөдрийг хүртэл нэгдмэл байр сууринд очиж, нэгдсэн үр дүнтэй шийдэлд хүрч чадахгүй байна.

Монгол Улсын хувьд уул уурхай түшиглэсэн эдийн засгийн төрөлжилт, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах нь нийгмийн тулгамдсан асуудлын нэг байсаар байна.

Дэлхийн цаг уурын өөрчлөлт нь алс хол сонсогддог байсан боловч сүүлийн жилүүдэд болж буй өвлийн улирлын хүйтний уламжлалт ойлголт эвдэгдэж, нүүдлийн ахуйд тулгуурласан малчдын амьдралд томоохон нөлөөлөл үзүүлж байна.

Үерийн асуудал ч дулааны улиралд нэмэгдэж, хот, барилгын стандартыг шинэчлэх шаардлага дагуулж байна.

Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан дэлхий даяар сорилт бэрхшээл болж буй томоохон гурван асуудлыг Нэгдүгээрт, цаг уурын эрс тэс байдал ба байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж, далайн шуурга, хар салхи, хүчтэй аадар бороо, хэт халалт, ган гачгийн хор хөнөөл олон бүс нутагт хүмүүсийн амьдрах орчин, амьжиргаанд нөлөөлж, ундны усны хомсдол үүсгэж байна.

Мөнх цас, мөсөн голын хайлалтаас шалтгаалж, дэлхийн цэнгэг усны нөөцийн 70 хувь эрсдэлд ороод байгааг олон улсын байгууллагууд сануулж байна.

Хоёрдугаарт, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас зарим бүс нутагт хүн амыг нүүлгэн шилжүүлэх нөхцөл байдал үүсэж байна.

Далайн усны түвшин нэмэгдэн, арлууд, далайн эргийн хотууд усанд автах аюулд орж, ган гачгаас шалтгаалан хөрсний үржил шим буурснаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэл доголдож, хүнсний хомсдол үүсэж байгаа тул хүмүүс аюулгүй, тайван газар амьдрахын төлөө дүрвэж байна.

Гуравдугаарт, биологийн төрөл зүйлийн хомсдол бий болж, экосистемийн тэнцвэр алдагдаж байна. Ойн түймэр, ган гачиг, уур амьсгалын өөрчлөлтөөс болж зэрлэг ан амьтад устах аюулд орж, ургамал, амьтны амьдрах орчин өөрчлөгдөж, олон зүйлийн тархац хязгаарлагдмал болж байна.

Эдгээр асуудал нь зөвхөн байгаль орчинд төдийгүй дэлхийн эдийн засаг, нийгэм, улс төрд хүчтэй нөлөөлж, тогтвортой хөгжлийг сааруулж, олон улсын хамтын ажиллагаа, шинжлэх ухаан, технологийн шийдлүүдийг нэн тэргүүнд хөгжүүлэх шаардлагыг бий болгож байна.

Уул уурхай түшиглэсэн эдийн засагтай манай улсын хувьд эдийн засгийг төрөлжүүлж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах нь нийгмийн тулгамдсан асуудлын нэг хэвээр байна.

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй үер ус, ган, зудын давтамж нэмэгдэж, цаг агаарын талаар уламжлалт ойлголт эвдэгдэж, нүүдлийн мал аж ахуйд түшиглэсэн малчдын амьдралд томоохон сорилт бий болгож байна. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр манай орны агаарын жилийн дундаж температур сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд 2.4 хэмээр дулаарч, нийт нутаг дэвсгэрийн 76.8 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөж байна.

Хүлэмжийн хийн нийт ялгарал 1990 оноос хойш 82.1 хувиар нэмэгдсэн нь хүн амын төвлөрөл, үйлдвэрлэлийн хэрэглээ, малын тоо толгойн өсөлттэй холбоотой байна.

Нийт хүлэмжийн хийн 51.1 хувийг хөдөө аж ахуйн салбар, 44.7 хувийг эрчим хүчний салбар, үлдсэн хувийг аж үйлдвэрийн болон барилга, тээвэр, хог хаягдлын салбар ялгаруулж байна.

Монгол Улс хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, эрчим хүч, усан хангамжийг сайжруулах чиглэлээр хөгжлийн түнш байгууллагуудтай хамтран ажиллах, тэр дотроо хамгийн их цөлжилттэй говийн бүс дэх эрчим хүч, усны асуудлыг шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж итгэж байна.

Тиймээс 2024 оны Улсын Их Хурлын сонгуулийн дараа байгуулагдсан хамтарсан Засгийн газар НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудад багтсан уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах, дасан зохицох асуудлыг тэргүүлэх чиглэл болгож, ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэн сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх чиглэлд олон улсын байгууллага, дэлхийн улс орнуудтай үйл ажиллагаагаа уялдуулан түншлэн ажиллах зорилгоор Уур амьсгалын өөрчлөлтийг бодлогын яамны түвшинд гарган тавьсан билээ.

Өчигдөрхөн Улсын Их Хурлын чуулганаар соёрхон баталсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээр нь манай улсад сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэх боломжийг нээж өгч байна.

Хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын хөтөлбөрүүд ч уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжилд чухал үүрэгтэй бөгөөд энэ хүрээнд Засгийн газраас “Атрын дөрөвдүгээр аян”-ыг хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Засгийн газар Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх “Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт”-ыг 2019 онд баталж, хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар буюу 16.8 сая тонн нүүрстөрөгчтэй дүйцэхүйц хэмжээгээр бууруулах зорилт тавьсан.

Энэ зорилтын хүрээнд Засгийн газар 200 орчим га талбайд улсын төсөв болон олон улсын төсөл, хөтөлбөрийн хүрээнд цөлжилт, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь цөлжилт, газрын доройтлыг бууруулах бодит алхам болж, доройтсон газрыг нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход тодорхой үр дүнд хүрч, 2024 оны байдлаар 84 сая мод тарьж, бэлтгэл үе шатны гүйцэтгэл нь 42.4 хувьтай байна.

Монгол Улсын баруун бүс нутагт уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн мөнх цас, мөсөн гол, мөнх цэвдгийн хайлалт явагдаж буй нөлөөллийг бууруулахын тулд Засгийн газраас “Нэг сум-Нэг нуур” буюу“333 нуур” хөтөлбөрийг Азийн хөгжлийн банктай хамтран эхлүүлж байна.

Мөн ойн сан, хүлэрт намаг бүхий газар, гол мөрний урсац бүрэлдэх эхийг хамруулсан 35.1 сая га талбайг улсын тусгай хамгаалалтад авч, цаг агаарын гэнэтийн аюулаас хамгаалах, эрт сэрэмжлүүлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын нутаг дэвсгэрийг бүрэн хамарсан цаг уурын радарын станцын сүлжээ байгуулахаар төлөвлөж байна.

Түүнчлэн манай улс “Бэлчээр, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил-2026″санаачилгыг НҮБ-ын түвшинд батлуулж, талуудын 17 дугаар бага хурлын үйл ажиллагааг уялдуулж, “Ирээдүйн төлөөх бэлчээрийн олон улсын эвсэл”-ийг байгуулах санаачилгыг эхлүүлээд байна.

2024 онд Саудын Арабын хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдсан Цөлжилтийн эсрэг конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөл оролцож, “Тогтвортой хөгжлийн төлөө тэмүүлье: Нүүдэлчдийн өв, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бэлчээр” арга хэмжээг зохион байгуулж, улс орныхоо соёл уламжлал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, олон талт санаачилгыг дэлхий нийтэд танилцуулж ажилласан.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн асуудал улс орон бүрд, хүн төрөлхтний өдөр тутмын амьдралын хэв маягт бодитоор нөлөөлж байна.

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг олон улсын тавцанд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулах хариуцлагыг хүлээсэн явдал юм.

Энэхүү хурлыг эх орондоо зохион байгуулснаар:

Монгол Улс дэлхийн улс орнуудтай ногоон эрчим хүч, усны аюулгүй байдал, ногоон хөгжлийн зохистой менежментийн чиглэлээр илүү идэвхтэй хамтран ажиллах боломж нэмэгдэх,
Олон улсын анхаарлыг Монголын цөлжилт, усны асуудал руу татаж унаган байгалиа онгон дагшнаар нь хадгалж үлдэх,
Шийдвэр гаргагчид, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг татах боломжийг нээж, ногоон хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой.
Талуудын 17 дугаар бага хурал буюу COP 17-г зохион байгуулах нь асуудлыг цогцоор нь харах боломж бөгөөд манай улс тус бага хурлыг даргалах эрхийг хүлээн авч НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцын бодлогын чиглэлийг тодорхойлоход голлох үүрэгтэй ажиллана гэсэн үг юм.

Хүн төрөлхтний ирээдүй болсон газар нутгаа хамгаалахын тулд Монгол Улсад зохион байгуулах Талуудын 17 дугаар бага хурал дээр “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” буюу “One for All, All for One” үзэл санааны дор нэгдэн ярилцахыг ч уриалж байгаа.

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын асуудлыг шинэ түвшинд гарган ирж, нэгдсэн ойлголтод хүрэх, улмаар шийдвэртэй алхмууд хийх цаг болсон. Энэ агуулгаар улс төр, хууль тогтоох байгууллагын анхааралд уг асуудлыг оруулах зорилгоор Засгийн газраас өнөөдрийн мэдээллийг хийж байна” гэлээ.

Засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Атар-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг хэрэгжүүлэхээр баталсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Уул аймагт Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөнд оролцож, “Атар-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг эхлүүллээ.

Монгол Улсын Засгийн газар эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх зорилгоор уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарыг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх зорилт тавьж буй. “Атар-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян” нь тус зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй томоохон ажлуудын нэг бөгөөд улс орны эдийн засгийг бэхжүүлэх, хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах чухал ач холбогдолтой юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Атар- IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян” нь ухаалаг, дэвшилтэд технологи бүхий экспортын чиг баримжаанд төвлөрсөн газар тариалан, эрчимжсэн мал ахуйн хослолыг бий болгох үндсэн зорилготойг онцолж, аяныг төр, хувийн хэвшил, тариалан эрхлэгчдийн хамтын ажиллагаа, оролцоотойгоор өндөр үр дүнтэй хэрэгжүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.

“Атар- IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян” нь бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдаж хэрэгжинэ. Энэ дагуу улсын хэмжээний үр тариа, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн 70-80 хувийг дангаараа үйлдвэрлэж байгаа Төвийн бүсийг “Хөдөө аж ахуйн төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс” болгон хөгжүүлэх зорилт тавьснаас гадна хөдөөгийн сэргэлт, нийслэлийн төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд хотоос хөдөөд шилжин ирж буй залуу гэр бүлийг газар тариалан эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, орон сууцжуулалтын бодлогыг уялдуулахаар төлөвлөж байна.

“Атар-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг 2025-2029 онд хэрэгжүүлснээр 200.0 мянган га талбайг шинээр тариалангийн эргэлтэд оруулж, нийт эргэлтийн талбайг 1.2 сая га-д хүргэх, экспортыг нэмэгдүүлэх, тариалангийн техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг үргэлжлүүлж, ухаалаг газар тариаланг хөгжүүлэн, усалгааны дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Мөн тариалангийн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх,таримал ургамлын нутагшсан болон ирээдүйтэй сортын үр үйлдвэрлэх, бүс нутгийн хөрс, цаг уурын онцлогт тохирсон нутагшсан сортын үрээр дотоодын хэрэгцээг бүрэн хангах, ургах чадвар өндөр, ногоон масс ихтэй, ашигтай тэжээлийн таримлыг эргэн нутагшуулж, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх, ашигт таримлын тариалалтыг нэмэгдүүлж, газар тариалангийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн хадгалалт, нийлүүлэлт, борлуулалт, логистикийн сүлжээг боловсронгуй болгох зэрэг томоохон үр дүн хүлээж байна.

Монгол Улс 1959 онд Атрын I аяныг зарлаж атар газар эзэмшин, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлж, үндэсний боловсон хүчнийг бэлтгэж эхэлсэн бол 1976 онд эхэлсэн “Атрын II” аяны үр дүнд тариалангийн талбайг тэлж, гурил, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, хэрэгцээнээс давсан ургацаа экспортолж эхэлжээ. Харин 2008-2010 онд Атрын III аяныг хэрэгжүүлж 270 мянган га байсан тариалангийн эргэлтийн талбайг 760 мянган га-д хүргэж, улаанбуудай, төмсөөр дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангадаг болсон түүхтэй.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараа нь хөдөө аж ахуйн техник, технологийн үзэсгэлэнтэй танилцлаа.

Үзэсгэлэнд газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглаж буй хөрс боловсруулах, тариалах, ургамал хамгаалах, ургац хураах зориулалттай техник тоног төхөөрөмжүүд, ургамал хамгааллын бодис, бордоог олон нийтэд танилцуулж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Уул аймагт шилжин суурьшсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, түүний харьяа байгууллага Хөдөө аж ахуйн корпораци, Хөдөө аж ахуйн бирж, Зээлийн батлан даалтын сан, “Цагаан алт” үндэсний хөтөлбөр, Жижиг, дунд үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай танилцаж үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь Хот хөдөөгийн сэргэлт, Бүсчилсэн хөгжил, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд Засгийн газрын яамдаас орон нутагт шилжсэн анхны яам юм. Ерөнхий сайд тус аймагт шилжин ирж ажиллаж буй ажилтан, алба хаагчдын төлөөлөлтэй уулзлаа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, түүний харьяа найман байгууллагын 200 албан хаагч Дархан-Уул аймагт нүүж иржээ. Тэдэнд ипотекийн зээлийн урьдчилгаа олгох, орон сууцны дэмжлэг үзүүлэх зэргээр нийгмийн асуудалд нь анхаарч байна. Ерөнхий сайд төрийн бодлогыг түүчээлэн дэмжиж буй албан хаагчдадаа талархал илэрхийлж санал хүсэлтийг нь сонслоо. Уулзалтад оролцсон алба хаагчид Дархан-Уул аймагт амьдрах орчин таатай, орон нутгийн нэмэгдэл авахаас гадна төрөөс орон нутагт ажиллаж буй залуу гэр бүлд орон сууцны урьдчилгаа олгож буй нь том дэмжлэг болж байгааг ярилаа. Харин давхар зээлийн асуудал зарим алба хаагчдад хүндрэл учруулж байгаа бол цахимжилтыг төрийн байгууллагуудад эрчимтэй нэвтрүүлснээр цаг хугацаа, зардал хэмнэх боломжтойг ярилаа.

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга асан, Хөдөлмөрийн баатар, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, төр, нийгмийн зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ой энэ онд тохиож буй.
Монгол Улсын Их хурлын тогтоол, Засгийн газрын тогтоолын дагуу Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэх өдрийн товыг тогтоож, ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлын төлөвлөгөө, үйл ажиллагааны хөтөлбөр баталж, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахалж байна.
Өнөөдрийн (2025.03.27) хурлаар Жамсрангийн Самбуугийн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, олон улсын харилцааг бэхжүүлэх, энх тайвныг сахин хамгаалах, төрийн албыг төлөвшүүлэхэд гүйцэтгэсэн үүрэг, түүний амьдрал, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах талаар ажлын хэсгийн гишүүдээс гаргасан саналыг хэлэлцэв.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан тус улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Чой Жин Вон-ыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол, Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлээд 1990 оноос хойш хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөжин тэлж, эдүгээ “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж буйг онцлов.

Мөн манай улсын чухал “гуравдагч хөрш”, бүс нутаг дахь ойр дотно түнш орон болох БНСУ-тай хэрэгжүүлж ирсэн 35 жилийн хамтын ажиллагааны ололт амжилт, хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг дүгнэж, цаашид хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гарган хөгжүүлэхийн төлөө байгааг илэрхийлж, хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг хүсэв. Тухайлбал, “Солонго-I, II” орон сууцны хороолол, “10 аймгийн төвийн дулааны станц” зэрэг төслийг эрчимжүүлэхэд хоёр тал хүчин чармайлт гаргах хэрэгтэйг онцлон дурдав. Хоёр улсын иргэдийн солилцоог дэмжих хүрээнд монгол иргэдийн БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, тус улсад оршин суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалахад онцгойлон анхаарч ажиллахыг хүсэв.

Элчин сайд Чой Жин Вон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн түүхэн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэв. Хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа гүнзгийрэн бэхжиж, хоёр тал хот байгуулалт, ашигт малтмал, эрчим хүч зэрэг салбарт томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг амжилттай үргэлжлүүлж байгаад баяртай буйгаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2023, 2024 онд БНСУ-д хийсэн айчлалын үеэр хэлэлцэн тохирсон ажлууд эхнээсээ бодит ажил хэрэг болж байгааг онцлон дурдлаа. Тухайлбал, газрын ховор металлын салбарын хамтарсан хорооны уулзалт Сөүл хотноо болсон, судалгааны ажил эрчимжиж буйг хэлэв. Түүнчлэн хоёр улсын хамтран хэрэгжүүлж буй төслүүдийг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв.

Цаашид хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг улам баяжуулан хөгжүүлэх, хоёр улсын иргэдийн харилцан зорчих таатай нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө Элчин сайд үргэлжлүүлэн анхаарч ажиллана гэв.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал өнөөдөр (2025.03.26) Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү нарын хамт Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүллээ.
🔘Монгол Улсын нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлж байгаа бооцоот тоглоомын 1XBET сайтаар дамжуулан манай улсаас жилд 1.7 их наяд төгрөг буюу 500 сая ам.доллар агентуудаар дамжин гадагш гарч байна. Ингэснээр Монгол Улсын иргэд цахим гэмт хэрэг, залилангийн хохирогч болж, хөрөнгөө их хэмжээгээр алдах эрсдэлийг дагуулж, үндэсний валют хяналтгүйгээр гадагш урсаж, манай улсын эдийн засагт хохирол учруулж байгаа тул эдийн засгийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай байгаа юм.
🔘Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар 2023 оны байдлаар эдийн засгийн гэмт хэрэг 200 бүртгэгдэж, 2024 онд эдийн засгийн гэмт хэргийн улмаас нийт 417.2 тэрбум төгрөгийн хохирол учирч, эдийн засгийн гэмт хэргийн хохирогчийн 9.2 хувийг 18-29 насны бүлэг, 47.7 хувийг 30-39 насны бүлэг, 24.6 хувийг 40-49 насны бүлэг эзэлж байна.
🔘Гадаад улс орнуудын цахим мөрийтэй болон бооцоот тоглоомыг хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаар 2024 оны 09 дүгээр сард гаргасан жагсаалтад манай улстай нийгмийн үнэлэмж, соёл, уламжлалын хувьд ижил төсөөтэй Ази-Номхон далайн бүс нутгийн улс орнуудыг судалж үзэхэд, нийт 46 улс орны 21 улс нь цахим мөрийтэй болон бооцоот тоглоомыг хууль бус гэж тооцож, 7 улс хуулиар хүлээн зөвшөөрч, 6 улс хэсэгчилсэн байдлаар зохицуулж, 13 улс одоогоор зохицуулалтгүй байна.
🔘Хууль бус гэж тооцсон улс орны тоонд Япон, БНСУ, БНХАУ, Тайланд (морин уралдаанаас бусад), Вьетнам, Индонез, Малдив, Непал, Лаос, Бангладеш зэрэг улс орныг дурдаж болно. Мөн мөрийтэй тоглоомын газар ажиллуулахыг хууль бус гэж тооцсон 18, хүлээн зөвшөөрсөн 15, хэсэгчилсэн 8, зохицуулалтгүй 4, зөвхөн Засгийн газар нь зохицуулдаг 1 улс байна. Япон, БНСУ, Сингапур зэрэг улс орнууд уламжлалт мөрийтэй тоглоомын зарим хэлбэрийг хүлээн зөвшөөрдөг.
🔘Иймд Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглож, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт заасны дагуу хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс олгодог төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагаанаас хасахаар тусгав.
🔘Хуулийн төслийг дагаж Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхэлсэн, төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомд зуучилсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор тусгаж, хүлээлгэх хариуцлагыг Эрүүгийн хуулийн ялын интервалд нийцүүлэн 2,700,000-14,000,000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр сонголттой байхаар заасан.
🔘Мөн төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх гэмт хэргийг үйлдэж бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хоёр жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр ялгамжтай тогтоосон байна.
🔘Түүнчлэн төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхэд өөрийн нэр дээр бүртгэлтэй төлбөр тооцооны данс, цахим мөнгө, виртуал хөрөнгө, харилцаа холбооны сүлжээний дугаар, цахим хаягаа бусдад ашиглуулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн ялын интервалд нийцүүлэн 450,000-5,400,000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан.
🔘Мөн Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, төлбөрт таавар, бооцоот тоглоом, мөрийтэй тоглоомыг сурталчилж, уриалахыг хориглож, хүлээлгэх хариуцлагыг Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгалаа. Өөрөөр хэлбэл, төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом, эсхүл мөрийтэй тоглоомыг сурталчилсан, уриалсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг 5-10 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 50-100 сая төгрөгөөр торгохоор заасан байна.
🔘Мөрийтэй болон бооцоот тоглоомоос олсон хууль бус хөрөнгийг гуйвуулах, нуун далдлах, оффшор эргэлтэд оруулах, мөнгө угаах нөхцөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Банкны тухай хуульд нэмэлт оруулж, төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх, зуучлах, төлбөрт таавар, бооцоот тоглоом, мөрийтэй тоглоом сурталчлах, эсхүл цахим хэрэгслийг ашигласан залилах гэмт хэрэгтэй тэмцэхэд шаардлагатай мэдээллийг хуульд заасны дагуу мөрдөн шалгах байгууллагаас шаардсан тохиолдолд гаргаж өгч, хөрөнгийг царцаах талаар тусгажээ.
Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөлийн анхдугаар хурал өнөөдөр (2025.03.25) Төрийн ордонд боллоо. Тус зөвлөл нь төрийн бүтээмжийг нэмэгдүүлж, хэмнэлт хийх стратеги боловсруулж, салбарын төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран хэлэлцэж, шийдвэрлэх гол платформ байх юм.
Зөвлөлийн дарга, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Энэ зөвлөлийн гол ажил бол төрийн албыг цомхон чадварлаг байлгахад чиглэж, төсвийн хэмнэлт хийх ажлыг зөвлөлдөж хийх юм. Төрийн байгууллагуудад хэмнэлт хийх асар их боломж байгаа. Зөвхөн цаас хэрэглэхээ болиход 20 тэрбум төгрөг хэмнэх боломжтой. Энэ бол ганцхан жишээ. Түүнчлэн төрийн байгууллагуудын нийтлэг үйлчилгээ болох харуул, хамгаалалт, цэвэрлэгээ үйлчилгээ зэрэг хувийн хэвшил илүү сайн хийж чадах ажлуудыг хувийн хэвшилд нь шилжүүлнэ.
Мөн Зөвлөлийн хурлаар Боловсролын тогтолцооны чиг үүргийн шинжилгээг хийж, давхардсан чиг үүргийг бууруулж, орон тоо цомхотгох талаар Боловсролын сайд П.Наранбаяр танилцууллаа. Тус салбарын судалгаагаар чиг үүрэг нь давхардаж буй 72 орон тоог тодорхойлж, шаардлагатай газар, орон тоонд шилжүүлж, хуульд заагаагүй эсхүл давхардсан чиг үүрэг гүйцэтгэж буй 30 орчим орон тоог цомхотгоно. Ингэснээр нэг жилд тэрбум орчим төгрөг хэмнэх боломж бүрдэж байна. Мөн салбарын байгууллагууд болон сургууль, цэцэрлэгийн цэвэрлэгээ, хамгаалалт, сантехникийн ажлуудыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх бодлого баримтална гэсэн юм.
Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөл 30 гишүүнтэй бөгөөд, талаас илүү нь хувийн хэвшлийн гүйцэтгэх удирдлагуудаас бүрдсэнээрээ онцлог юм. Зөвлөл цаашид 14 хоногт нэг удаа хуралдаж, гарсан шийдлүүдийг Засгийн газрын хуралдаанд тухай бүр танилцуулж байхаар тогтов.
🔘ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Солонгоо БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэг өнөөдөр (2025.03.24) Төрийн ордонд хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Тэргүүн дэд дарга Б.Солонгоо Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн мэндчилгээг дэвшүүлж, цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа харилцан ашигтай олон салбарт өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй буйг илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Монгол Улсын хаягийн системийг шинэчлэх төсөл” 2026 оноос хэрэгжих болсонд баяртай байгаагаа дурдаж, цаашид үргэлжлүүлэн дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.
Дэд сайд Ким Мин Жэ БНСУ-ын хаягийн системийн давуу тал, шилдэг туршлагаас танилцуулж, Монгол Улсын хаягийн системийг шинэчлэх энэхүү төсөл хэрэгжсэнээр төрийн үйлчилгээ хүртээмжтэй, шуурхай болох зэрэг олон талын ач холбогдолтойг онцлов.
Энэхүү төсөл нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын сайд И Сан Минийг 2024 оны 9 дүгээр сард Монгол Улсад айлчлах үеэр хүлээн авч уулзан, байгуулсан Цахим Засгийн газар хөгжүүлэх чиглэлээр Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хэрэгжиж байгаа юм
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлтэй хамтран “Наурызын баяр – 2025” арга хэмжээг өнөөдөр (2025.03.22) жанжин Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал тус арга хэмжээг нээж үг хэлэхдээ, “Казах түмний “Наурызын баяр” тэмдэглэх уламжлал нь нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг нүүдэлчид, ялангуяа Казах малчдын ахуй амьдралд холбогдох ёс заншил, уламжлалыг шингээж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, ахмад настнаа хүндэтгэн дээдлэх өвөрмөц уламжлалыг бий болгож, үеэс үед өвлөгдөн ирснээрээ онцлогтой. Монгол Улсын Засгийн газар Наурызын баярыг хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлэх шийдвэр гаргасныг ЮНЕСКО 2024 оны 12 дугаар сард “Наурыз” буюу “Нарны баяр”-ыг оролцогч талуудын жагсаалтад бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авч баталсан билээ.
Тиймээс энэ жил Монгол Улс Наурызын баярыг ЮНЕСКО-д бүртгэгдсэнийг онцлон тэмдэглэх, олон улсын түвшинд нэр хүндийг нь харуулахын тулд чухал ач холбогдол өгч, уламжлалт ёс заншил, эв нэгдэл, хамтын сэтгэлээр угтаж байгаад туйлын баяртай байна. Нийт Казах түмэндээ Нарны баяр – Хаврын баяр Наурызын баярын мэнд дэвшүүлье” гэсэн юм.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны гуравдугаар сарын 19-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг даалгалаа 

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо.

Тухайлбал,төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулах зорилгоор төрийн өмчит компаниудын 2025 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтаас мега төслүүдээс бусад төслийг эрэмбэлж, зарим зардлыг хойшлуулах зохицуулалт хийх, хил дээрх нүүрсний овоолгын асуудлыг шийдвэрлэх, “Ханги-Мандал” чиглэлийн төмөр замын холболтын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлж, алтны үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх, нүүрсний тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, БНХАУ-ын талтай экспортын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг арга хэмжээг авч ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгав.

Мөн мах, гурил, хүнсний ногоо зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой өсөлтийг хангаж, үнийн өсөлтөөс сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгаж Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо.

Уул уурхайн бүтээгдэхүүний олборлолтыг нэмэгдүүлэх замаар экспортын нэмэлт орлого бүрдүүлэх, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Сангийн сайдаар ахлуулан байгуулсан. Тус ажлын хэсэг Засгийн газрын хуралдаан бүрд танилцуулга хийж, шаардлагатай асуудлаа хэлэлцүүлэн ийн шийдвэрлүүлж байх юм байна.

Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхүүдийг цахилгаан болон бүх төрлийн хийн халаагуурт шилжүүлэхтэй холбоотой Засгийн газрын тогтоолыг баталлаа. Тогтоолын хавсралтад заасан байршилд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга С.Одонтуяа, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь, төлөвлөгөөний биелэлтийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан зохион байгуулахыг Засгийн газрын гишүүд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарт тус тус үүрэг болголоо.

Байгаль орчныг хамгаалах, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ногоон зээлийг нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хүрээнд гэр, байшин дулаалах, хийн болон цахилгаан халаагуур, бусад дэвшилтэт технологиор гэр, орон сууцаа халаах айл өрхүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох асуудлыг холбогдох банк, санхүүгийн байгууллагатай хамтран шийдвэрлэнэ.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан хөнгөлөлтийг гэр, байшин дулаалах, хийн болон цахилгаан халаагуур, бусад дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд зарцуулахыг аж ахуйн нэгж, байгууллагад уриалж, шаардлагатай бол Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж холбогдох шийдвэр гаргахаар тогтлоо.

Дулаан алдагдалгүй, эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц, барилгын дулааныг эргүүлэн ашиглах пассив стандартыг баримтлах асуудлыг 2026 оны төсвийн төсөлд тусгахаар боллоо.

“Нийслэл хотод 200 мянган өрх нүүрс түлж байна. Эхний ээлжинд 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлэхээр төлөвлөж байна. Халаалтын улирал буюу есдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15 хүртэлх хугацаанд эдгээр айл өрхөд 100 мянган төгрөгийн татаас олгоно” гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар ярилаа.

Товч мэдээ

Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөлийг 14 хоног тутам хуралдуулж, зөвлөлийн шийдвэр, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулж ажиллана.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрс худалдах, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа.

Засгийн газраас зарласан хөгжлийн 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг холбох Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж, үндсэн чиглэлийг батлуулсны үндсэн дээр 2025 оны хоёрдугаар сарын 14-нд хоёр тал гарын үсэг зурсан юм. Энэхүү хэлэлцээрийг соёрхон баталснаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын тендерийг энэ сард зарлахаар төлөвлөж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улсын Их Хурлын хаврын чуулганы эхэнд хэлэлцээрийг соёрхон баталж, бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй эхлүүлэх боломж олгоно гэдэгт итгэлтэй байна. Хэлэлцээрийг баталсны дараа компани хоорондын гэрээнүүд хийгдэж, хэлэлцээрт тусгасны дагуу ажил албан ёсоор эхэлнэ” гэж хэллээ.

Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй хоёр дахь холболтын төмөр зам болно.  Төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын боомтын  хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгаагаас 165 саяд хүрч, нүүрс борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэж, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 10,000 ам.долларт хүрэх зорилт биелнэ.  Монгол Улсын нийт хүн амын орлогын албан татварын дүнгээс хоёр дахин их хэмжээний нэмэлт орлого олно. Ингэснээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн орлого нэмэгдэж, олон жил яригдсан татварын реформыг хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэнэ. Мөн Монгол Улс, БНХАУ хооронд Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтууд төмөр замаар үе шаттай холбогдох, баруун, зүүн тэнхлэгийн төмөр замын дараагийн төслүүд хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2025 он.