Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гарагийн өглөөний уламжлалт уулзалтаа үйлдвэрчний эвлэл, ажил олгогчдын төлөөлөлтэй хийлээ.

Ерөнхий сайд “Шинэ сэргэлт” cэдвээр илтгэл тавьж, дэлхийн дахин, эдийн засгийн нөхцөл байдал, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүд хэрхэн хэрэгжиж байгааг онцлон ярилаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Нийгмийн түншлэлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, бодлогын чиглэл” сэдвээр танилцуулга хийв.  Засгийн газар суурь цалингийн ялгаатай байдлыг арилгаж, цалингийн шатлалыг багасган, гүйцэтгэлд суурилсан цалингийн бодлогыг хэрэгжүүлж байгааг онцлон дурдлаа. Тухайлбал, 2023 онд  суурь цалингийн 222 ялгааг 53 болгосон, төрд ажилласан жил болгоныг тооцон нэмэгдэл олгож байна. Эрүүл мэнд, боловсрол, соёлын салбарт гүйцэтгэлд суурилсан цалингийн тогтолцоог нэвтрүүлсэн. Цаашид төрийн албан хаагчийн цалингийн олон төрлийн нэмэгдлийг үндсэн цалинд нэгтгэн, бүтээмжид суурилсан тогтолцоог нэвтрүүлнэ гэлээ.

Энэ жил ажил олгогчийг дэмжих арга хэмжээнд 15 тэрбум төгрөг зарцуулна. Тухайлбал, ажил олоход хүндрэлтэй иргэнийг эдийн засгийн тэргүүлэх салбарт, мөн орон нутаг, алслагдсан дүүрэгт байнгын ажилд авсан аж ахуй нэгжид цалингийн дэмжлэг 800 мянган төгрөгийг дөрвөн сарын хугацаанд сар бүр олгоно.

Уулзалтад оролцогчид саналаа хэлэв.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин: Төрийн албан хаагчдыг эрс цомхотгох хэрэгтэй байна. Төр зохицуулалтын ажлаа хийгээд аж ахуйн ажлаа хувийн хэвшилд шилжүүлмээр байна. Хувийн хэвшилд ажиллах хүчин олдохгүй байна.
Мөн МСҮТ-ийг төгсөгчид ажлын байрны шаардлага хангахгүй байна.

Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар: Энэ жил хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийг хийхдээ бодлогын асуудлыг шийдмээр байна. Хөдөлмөрийн үнэмлэмж, хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг шийдье. Зөвхөн төрийн цалингийн асуудлыг ярих биш хувийн хэвшлийн цалингийн асуудлыг шийдэх хэрэгтэй байна.

МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал: Засгийн газрын үйл ажиллагаанд талархаж байгаа зүйл байна. Сэтгэл гонсойлгох асуудал ч байна. Монголд ажлын байрны дарамт их байна. Ялангуяа, төрийн албан хаагчид эвлэлдэн нэгдэх эрхээ хасуулж байна.

Дорноговь аймгийн ҮЭ-ийн холбооны дарга С.Азжаргал: Халамжаас хөдөлмөрт шилжих бодлого хэрэгжихгүй байна. Хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж зэрэгт хамрагдан сая орчим төгрөгийн халамжаар амьдардаг өрхүүд ч байна. Ажил хийхгүй халамж аваад амьдрах байдал давамгайлж байна.
Мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг анхаарах хэрэгтэй байна.

Хас банкны гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав: Залуусын ирээдүйд итгэх итгэлийг сэргээмээр байна. Ингэхийн тулд асуудлыг цогцоор нь шийдмээр байна. Халамжийг бууруулж, иргэдийн ажил хийх сэдлийг бий болгомоор байна.
Өнөөдрийн уулзалтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрт сайтар бэлтгэхийг даалгалаа. Ингэхдээ цалин, тэтгэврийг инфляцтай уялдуулах, цалингийн шатлалыг цэгцлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүч, хүний нөөц бэлтгэж буй байдалд судалгаа хийх шаардлагатайг онцлов.


Өнгөрсөн 3 жилийн хугацаанд төрийн байгууллагуудаас “судалгаа” гэсэн ангилал дор 200 гаруй тэрбум төгрөгийн төсөв бүхий ажлыг гүйцэтгүүлжээ. Харин тэдгээр судалгаануудыг нэг цэгт төвлөрүүлж, иргэд олон нийтэд ил тод, хүртээмжтэй болгох, төрийн бодлого төлөвлөлтөд ашиглах орчин нөхцөл бүрдээгүйн улмаас судалгааны давхардлаас үүдсэн үр ашиггүй төсвийн зардал үүсч, хийгдсэн судалгаануудын бодитой үр ашгийг хязгаарлаж байна.

Тиймээс Төрийн бүтээмжийн Үндэсний хорооны дарга, МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн санаачлагаар Үндэсний судалгааны нэгдсэн цахим платформыг дөрвөн модультайгаар төлөвлөн, эхний модулийг тун удахгүй хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Платформын хөгжүүлэлт, нэвтрүүлэлт нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд үндэсний хэмжээний судалгааны санг бүрдүүлээд зогсохгүй, давхцал шалгах, агуулгын нарийвчилсан хайлт хийх, иргэд олон нийт, эрдэмтэн судлаачдын хооронд мэдээлэл солилцох талбарыг бүрдүүлэх, судалгааны санал авах гэсэн төлөвлөгөөт зорилтуудын хүрээнд үргэлжилсээр байх юм.

ТБҮХ, ЗГХЭГ, ЦХХХЯ-наас нийт яам, агентлаг, аймгуудын ЗДТГ-т өгсөн үүргийн дагуу төрийн байгууллагууд энэ оны эхэн хагаст цахим хэлбэрээр байгаа судалгаанууд, 2024 онд багтааж төрийн өмчид буй нийт судалгаануудыг тус платформд нэгтгэж оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Одоогоор тус судалгааны санд 1,000 орчим судалгаа нийтлэгдээд байна.

Уг платформтой холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ТБҮХ-ны Ажлын албатай холбогдоно уу.

Утас: 26-11-21
И-мэйл: NCSP@cabinet.gov.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын  Хууль зүйн сайд асан Херта Дойблер-Гмелин болон Транспэрэнси Интернэйшнлийн үүсгэн байгуулагч Петер Айген нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар УИХ-аар хэлэлцэж буй Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлт болон Монгол Улсын Засгийн газрын авлигын эсрэг тэмцлийн талаар ярилцаж, санал солилцов.
Ерөнхий сайд УИХ-аар Үндсэн хуулийн өөрчлөлтийг ид хэлэлцэж байна. Сонгогчийн санал гээгддэг, тойрогт барьцаалагдсан үр ашиггүй хуваарилалт, популист улс төр давамгайлдаг одоогийн тогтолцоог өөрчлөхөөр Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан төсөлд тусгасныг тэмдэглэлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Авлигын индексийг сайжруулах ажлын хэсгийг 2021 онд Хууль зүйн сайдаар ахлуулан байгуулсан. Авлигын төсөөллийн индексийг хоёр оронтой тоонд оруулах, авлига үүсгэгч хүчин зүйлүүдийг шийдвэрлэх зорилттой ажиллаж байгааг дурдлаа.


Эрх зүйн зохицуулалтын хүрээнд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Эрүүгийн хууль, Улс төрийн намын тухай хуулийн төсөл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Мөн төрийн үйлчилгээний цахимжуулалтыг эрчимжүүлж нийтийн албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг татварын болон бусад системтэй холбох ажил хийгдэж байна.
Засгийн газар 2023 оныг “Авлигын эсрэг жил” болгон зарлаж 5Ш ажиллагааг хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд онцлоод Монгол Улсын экспортын 93 хувь нь уул уурхайн салбар бөгөөд энэ салбарыг ил тод болгох нь авлигын эсрэг тэмцлийн гол зорилт гэдгийг онцоллоо. Транспэрэнси Интернэшл байгууллагатай хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, сайн засаглалын хамтын ажиллагааг идэвхжүүлэхээ тэрбээр илэрхийллээ.
Транспэрэнси Интернэйшнлийн үүсгэн байгуулагч Петер Айген Монгол Улсын Засгийн газар авлигын эсрэг таван чиглэлээр идэвхтэй ажиллаж байгааг онцлоод цаашид хамтарч ажиллахааа илэрхийллээ. Авлигатай, ялангуяа уул уурхайн салбарын авлигатай тэмцэхэд олон улсын түвшний хамтын ажиллагаа чухал гэдгийг хэлж байлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчидтай уулзлаа. Уулзалтад БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр, Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн Боловсролын газар, Боловсролын зээлийн сангийн удирдлага, холбогдох албан тушаалтан болон нийслэлийн 293 сургуулийн 12-р ангийн 650 сурагч оролцов.

Ерөнхий сайд “Шинэ сэргэлт-Шинэ мянган” илтгэл танилцуулж, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, түүний эхний 10 жилийн зорилт буюу “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилт, үр дүн, боловсрол, эрүүл мэндийн салбарын шинэчлэл, хөдөлмөрийн зах зээлийн цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл өглөө.

“Манай улсын хүн амын 42 хувийг 22 хүртэл насныхан эзэлдэг. Та бүхэн цар тахлын дараахан, дэлхийн геополитик хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед мэргэжил сонголтоо хийж байна. Монгол Улсын шинэ зуун, шинэ мянган ямар байх нь та бүхнээс хамаарна” гэж Ерөнхий сайд хэллээ.  “Шинэ сэргэлтийн бодлого”-ын төмөр зам, авто тээвэр, аж үйлдвэр, сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд 39 мянган инженер, техникийн мэргэжилтэн нэн хэрэгцээтэй байна. Сувилагч болон нарийн мэргэжлийн эмч, орон нутагт ажиллах чадварлаг боловсон хүчин нэн чухал байна. Манай улсад ажил эрхлээгүй дөрвөн хүн тутмын нэг нь бакалавр болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн байна. Мэргэжил сонголт хөдөлмөрийн зах зээлтэй зөв уялдах нь та бүхний төдийгүй улс орны хөгжил, эдийн засагт ихээхэн хамаатай гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Сурагчид “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод байгаль орчин, ногоон хөгжил, аж үйлдвэржилт, боловсрол, эрүүл мэнд, хүний хөгжлийн асуудал хэрхэн туссан болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн талаар тодрууллаа. “Манай улс авлигатай тэмцэх нь чухал гэхдээ урт хугацаандаа цөлжилтөд санаа зовж байна”, “Соёл урлагийн салбар уналтад орж, мэргэжлийн уран бүтээлчид ажлаасаа гарч байна”, “Дэлхийн геополитик хурдацтай өөрчлөгдөж буй энэ цаг үед манай улс батлан хамгаалах, зэвсэгт хүчний хувьд ямар  бодлого баримталж байгаа вэ”, “ЭЕШ-ын оноог ямар аргачлалаар тооцдог вэ”, “Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт хүн бүрд хүндээр тусаж байна” зэрэг асуултдаа тэд Ерөнхий сайдаас хариулт авлаа.
Мөн байгалийн ухааны хичээлийн лаборатори дутмаг учраас дадлага, туршилт хийж чаддаггүй, хүүхдүүд сургуулиас амьдрах ухааны мэдлэг авч чадахгүй байна гэв. Багш зэрэг чухал мэргэжлийн  босго оноог бууруулснаар  тухайн мэргэжил үнэгүйдэж байна. Эмч, багш нарын цалинг нэмж, ажлын байрны нөхцөлийг сайжруулах хэрэгтэй гэдэг саналыг ч тэд тавьсан. Багш болмоор байгаа ч ажилд орох үед нь цалин, хөлс нь энэ хэвээр байх вий гэж санаа зовж байгаагаа хэлж байлаа.  Дөнгөж төгссөн залуучуудаас ажилласан жилийн туршлага нэхдэг байдлыг өөрчилмөөр байна гэлээ. Нийгэмд төрийн сургуулийн сурагч, хувийн сургуулийн сурагч гэдэг ялгаатай ойлголт, тэгш бус байдал үүсчихлээ гэхчлэн байр сууриа илэрхийллээ.
Зарим сурагч хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан инженер техникийн мэргэжил сонгон, ЭЕШ-д бэлдэж байгаагаа хэллээ.


Олон талт асуудлаар санал, шүүмж хэлсэн сурагчдад Ерөнхий сайд талархал илэрхийлээд “Нийгэмд үүсээд буй асуудлыг засаж залруулахын төлөө Засгийн газар ажиллаж байна. Далд эдийн засгийг ил болгож, эмч, багш нарын цалинг нэмье. Нийслэлд хууль бусаар өмчилсөн газруудыг буцаан авч, ногоон байгууламж болгоё. Авлигын эсрэг хяналт, системийг хамтдаа бүрдүүлье. Бид дүү нартаа, үр хүүхдүүдэдээ илүү сайхан нийгэм үлдээх ёстой” гэлээ. Тэдний зарим санал хүсэлтийг хүлээн авч, бодит ажил хэрэг болгоход анхааран Засгийн газрын гишүүдийг оролцуулсан уулзалт зохион байгуулахаар боллоо.  Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх үнэт цагаасаа хуваалцан, нээлттэй ярилцсан сурагчдад талархал илэрхийлж, мэргэжил сонголт, ЭЕШ-д нь амжилт хүслээ.
Энэ хичээлийн жилд их, дээд сургуульд элсэн орох ЭЕШ-д орон даяар 34 мянга гаруй хүүхэд, залуучууд бүртгүүлснээс 84.3 хувь нь ЕБС-ийн төгсөгч байна.  Нийслэлийн ерөнхий боловсролын 293 сургуулийгн 12 дугаар ангийг энэ жил 15,484 сурагч төгсөнө.


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа аж ахуйн нэгжүүдийн хүний нөөцийн менежерүүдтэй хийлээ. Уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, ХНХ-ын сайд Х.Булгантуяа болон тус яамны газрын дарга нар банк санхүү, уул уурхай, барилга, хүнс, эрүүл мэнд, үйлчилгээний салбарын хүний нөөцийн мэргэжилтнүүд, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцлоо.
Ерөнхий сайд дэлхий дахин, улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн төлөвийн талаар танилцуулж ажиллах хүчин, цалин хөлс, боловсон хүчний бодлогын талаар ярилцлаа.
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд нэг сая 125 мянган хүн ажиллаж байгаагийн 22 хувь нь төрийн албанд, 74 хувь нь хувийн хэвшилд ажиллаж байна. Энэ үзүүлэлтээр Монгол Улсад дөрвөн хүн тутмын нэг нь төрөөс хамааралтай байгаа бөгөөд цаашид зохистой харьцааг бий болгохын тулд хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой ажлыг төрөөс гаргах, төрийн албаны цалингийн нэгдсэн сүлжээг үр дүн, гүйцэтгэлд суурилан шинэчлэх, үндсэн цалин, бүтээмжийн урамшууллыг оновчтой болгох зэрэг бодлого баримталж буйг Ерөнхий сайд ярив.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа цалин хөлсний бүтцийн шинэчлэлийн хүрээнд 2022 онд төрийн албаны 222 ялгаатай цалинг 53 болгож бууруулсан, төрд ажилласан жил бүрийг нэг хувиар тооцож нэмэгдэл олгон, орон нутгийн нэмэгдлийг 20-100 хувь олгодог болоод байна. Цаашид төрийн албан хаагчдын цалингийн ялгааг арилгах, цалин хөлсөнд эзлэх нэмэгдлийн хэмжээг хязгаарлах, төрийн үйлчилгээний албыг гүйцэтгэлд суурилсан санхүүжилтэд шилжүүлэх, цалин хөлсний асуудлыг зохицуулсан салбарын хуулиудад зохицуулалт хийх зэрэг арга хэмжээг авах шаардлагатай байгаа гэлээ. Засгийн газар 2022 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих долоон хөтөлбөр хэрэгжүүлж 26,2 мянган иргэнийг ажлын байранд зуучилсан бол 2023 онд ажил олгогчийг дэмжих арга хэмжээнд 15 тэрбум төгрөг зарцуулахаар тусгажээ.
Хүний нөөцийн салбарынхан Монгол төдийгүй дэлхий дахинд ажиллах хүчний хомсдол үүсээд буй тул алсыг харсан тогтвортой, цогц бодлого барьж төр, хувийн хэвшил хамтран ажиллах шаардлагатай байна гэв. Цалин хөлс нэмэх зүй ёсны шаардлага байгаа ч бүтээмжид суурилсан байх, зах зээлд эрэлттэй мэргэжилтэн бэлтгэх, бэлтгэж буй мэргэжилтний чадвар, хандлага төлөвшилд анхаарах бодлого хэрэгтэй байгааг онцоллоо.


“Онч аудит” ХХК-ийн захирал Д.Ончинсүрэн: Цалин нэмэхгүй бол боловсон хүчнээ гадагшаа алдаж дууслаа. Гэхдээ өндөр цалин олгоход НДШ зэрэг татварын хэмжээ дарамт болж байгааг анхаарах хэрэгтэй байна. Мөн гадаадаас ажиллах хүчин оруулж ирэхэд ажлын байрны төлбөр өндөр байгаад анхаармаар байна.
“HR club” холбооны тэргүүн Ш.Баярмагнай: Байгууллагуудад  ажиллах хүчний асуудал тулгамдаж байна. Мөн чадварлаг боловсон хүчнээс түрүүнд зөв төлөвшил, хандлагатай хүн хэрэгтэй байна. Үүнийг боловсролын суурь хөтөлбөрт оруулж өгмөөр байна.
“Макс” группийн Хүний нөөцийн захирал Д.Нямлхаажав: Ажлын байранд чадвартай, дадлага, туршлагатай туслах ажилтан дутагдаж байна. МСҮТ-ийн төгсөгчдийн ур чадварыг сайжруулмаар байна. Ажлын байр олноор бий болгосон баялаг бүтээгчдээ бодлогоор дэмжмээр байна.

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Зөвлөлийн дарга Г.Батцэнгэл: Төрийн албан хаагчдын болон цалингийн доод хэмжээг нэмэхийг нийгмийн баялгийн тэгш хуваарилалт илүү явагдана гэдэг утгаараа дэмжиж байна. Гэхдээ хувийн хэвшилд ирэх сөрөг үр дагаврыг нь бууруулъя гэвэл үүнийг бүтээмжтэй уях нь зөв. Аж ахуйн нэгжүүдийн хувьд цалин нэмэхэд гол асуудал нь нийгмийн даатгалын шимтгэл байдаг.
Монголын мэргэшсэн “Хүний нөөцийн менежер” холбооны тэргүүн Т.Цэцэгмаа: Хөдөлмөрийн зах зээл дээр залуу ажиллах хүчний хомсдол үүссэн. Цаашид ч үргэлжлэхээр байна. Төр үүнд бодлогын зохицуулалт хийх хэрэгтэй. Мөн гадагшаа чиглэсэн их нүүдэл бий болсон. Үүнд бодлоготой хандах хэрэгтэй байна гэлээ.
“Витафит” группийн хүний нөөцийн захирал А.Дэлгэрмөнх: Анх удаа Ерөнхий сайдтай өглөөний уулзалтад орж байна. 10 жилийн өмнө Засгийн газраас “Зөгийн үүр” хөтөлбөр хэрэгжүүлж, тэр үед ур чадвартай, өндөр боловсролтой, туршлагатай хүний эрэлд явж байсан бол өнөөдөр ерөөсөө л хүний эрэлд явж байна. Ялангуяа, инженер техникийн мэргэжилтэн ховор байна. Хүнсний салбарт энэ жил механик инженер, тоног төхөөрөмжийн инженерийн төгсөгч байхгүй, сүүлийн дөрвөн жилд сантехникийн инженерийн төгсөгч байхгүй байх жишээтэй. Төрийн бодлого энд хэрэгтэй байна.
Сангийн сайд Б.Жавхлан дэлхий дахинд ковид, дайнаас үүдэлтэй нийлүүлэлтийн шок бий болж улс орнууд инфляциас үүдэн цалин хөлсний сорилттой тулаад байна.  Манай улсын хувьд ч ялгаагүй. Засгийн газраас бүтээмж, гүйцэтгэлд суурилсан цалингийн шинэчлэлийг хэрэгжүүлж эхэлсэн. Эрүүл мэндийн салбарт цалингийн шинэчлэлийг өнгөрсөн жил эхлүүлсэн бол энэ жил боловсрол, соёлын салбарт хэрэгжүүлж явж байна. Хэрэгжүүлэх явцад зарим тохируулга хийх шаардлага үүсэж байгааг хэллээ.
Уулзалтын үеэр гарсан саналыг нэгтгэн судалж, хамтран ажиллахаар болов.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлод Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр бараалхав.
Хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой эрхэмсэг ноён Көвер Ласлогийн энэ удаагийн айлчлалд Монгол Улсын Засгийн газар ихээхэн ач холбогдол өгч буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд тэмдэглэлээ.
Монгол, Унгар Улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг. Тиймээс хоёр орны хооронд эдийн засаг, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь чухал гэдгийг Ерөнхий сайд хэллээ.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх худалдаа, эдийн засгийн болон хоёр орны Засгийн газар  хоорондын бүх талын хамтын ажиллагааг Унгар Улсын Үндэсний Ассамблейн зүгээс дэмжиж ажиллахаа эрхэмсэг ноён Көвер Ласло хэлсэн үгэндээ онцоллоо.

Улсын Их хурлын дарга Г.Занданшатар, Унгар Улсын Үндэсний ассамблейн дарга Көвер Ласло нарын уулзалт, яриа, хэлэлцээг үр дүнтэй, бодит ажил болгохын төлөө Монгол Улсын Засгийн газар бүх талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлэв.

Ялангуяа, боловсрол, соёлын салбарт хамтран ажиллаж буй уламжлалт харилцааг эдийн засаг, нийгэм, аялал жуулчлал болон бусад салбарт өргөжүүлэх бүрэн боломжтой гэдэгт талууд санал нэгдэв.

Унгар Улс нь манай улстай уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай, Европын Холбооны гишүүний хувьд гуравдагч хөрш орон юм. Хоёр орны боловсролын салбарт хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд 2017 оноос Монголын талаас жил бүр 200 оюутан Унгар Улсын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад суралцаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг танилцуулж УИХ-ын чуулганд үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм монголчууд аа,
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монголчууд бид ардчилсан Үндсэн хуулиа баталж, зах зээлийн эдийн засагт шилжиж хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэх эрхэм зорилтыг тунхагласнаас хойш 30 жилийн хугацаа өнгөрлөө.

Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.” хэмээн заасан байдаг.

Ард түмэн энэхүү эрхээ бодитоор эдэлж байна уу? Ард түмний төлөөлөл иргэдийг үнэхээр төлөөлж байна уу? Хүмүүнлэг, иргэн төвтэй нийгэм цогцлоох чиг хандлага зөв явж байна уу? Эдийн засгийн өсөлт иргэдэд хүртээмжтэй байна уу? гэсэн асуултуудыг 30 жилийн заагт иргэд асууж байна. Эдгээр асуултын хариулт болсон суурь өөрчлөлтүүдийг цаг алдалгүй хийж чадахгүй бол ард түмэн ардчилсан парламентын засаглалд итгэл алдрах эрсдэл байна.

Тэгш бус байдал, баян ядуугийн ялгаа, авлига хээл хахууль, мөнгөнөөс хэт хамааралтай сонгууль, тогтворгүй засаглал, аливаа асуудлыг гал унтраах байдлаар аргацааж, бодит үнэнээс зугтаж ирсэн улс төрийн соёл зэрэг нь төлөөлдөггүй төлөөлөл хэмээх ойлголтыг гүнзгийрүүлж, сонгосон төлөөллөөс өөр төлөөлөл нийгмийг удирдан чиглүүлэх шинэ үзэгдэл үүсэж болзошгүй байна.

Дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн хурцадмал хүчин зүйлс ч улс орнуудын тэрдундаа хөгжиж буй улс орнуудын засаглал, хөгжлийн чиг хандлага, аюулгүй байдалд томоохон сорилтыг учруулж байна.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үндэслэл, гадаад дотоод нөхцөл байдлын талаар гурван зүйлийг товч дурдъя.

Нэгдүгээрт. Геополитикийн өөрчлөлт буюу олон туйлт дэлхий
Эх дэлхийн нөөц хомсдож, хүн төрөлхтөнд хүнсний хомсдол, байгаль цаг уурын дулаарал, цар тахал, байгалийн гамшигт үзэгдлийн олон сорилт тулгарсаар байна. Судлаачид дэлхий ертөнц цар тахлын өмнөх үедээ улс төр, нийгэм, соёл, амьдралын хэв маягийн хувьд дахин очих боломжгүйг онцолж байна.
Дэлхийн улс орнууд үнэт зүйлийн хувьд хуваагдаж, дайн үүсэх бодитой эрсдэл бий боллоо. Дэлхий дахин зэрэгцсэн өөр өөр үнэт зүйл, хүчний харьцаанд хуваагдаж, олон туйлт шинэ дэг журам үйлчлэх сорилттой нүүр тулж байна. Геополитикийн энэхүү нөхцөл байдал багадаа 10-15 жил, цаашлаад 50 болон түүнээс жил үргэлжлэх төлөвтэй байна.
Далайн шуурга дэгдэхэд далай, хад хоёр мөргөлдөж байна гэж харагддаг боловч  шуурга намдахад аль аль нь хэвээр байдаг. Харин далайн амьтад л хад мөргөж эрсэдсэн байдаг. Их гүрнүүдийн геополитикийн өрсөлдөөнд хөгжиж буй улс орнууд л хамгийн их хохирол амсдаг хэмээн хэлсэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерришийн үгийг бид сайтар тунгаах учиртай.
Дэлхийн хоёр том гүрний дунд оршдог, ардчилсан парламентын засаглалтай манай улсын хувьд тусгаар тогтнол, ардчилал, эрх чөлөө, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хэрхэн хамгаалж, хөрвөх чадвартайгаар хөгжиж чадах эсэх нь энэ цаг үеийн Та биднээс ихээхэн ур ухаан, улс төрийн манлайлал шаардаж байна.
Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэгчлэн Улсын Их Хурлын төлөөллийн чадамжийг сайжруулж, нийгэм, улс орны тулгамдсан асуудлыг илүү олуулаа хэлэлцэн шийдвэрлэх нь үндэсний аюулгүй байдалд туйлын чухал алхам болно хэмээн үзэж байна.

Хоёр. Нутаг дэвсгэрийн болон нийгмийн төлөөллийг тэгш хангах
1992 онд Ардын Их Хурлаар шинэ Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүний тоо 75-200 хүртэл олон хувилбар яригдаж, эрх мэдлийн төвлөрөл, төлөөлөх чадамжийн тухай ярилцаж байсан түүхэн баримтууд үлджээ. Нэг үгээр хэлбэл, иргэдийг төлөөлөх парламентын тооны мэтгэлцээн бол шинэ зүйл биш юм.

1992 онд шинэ Үндсэн хууль батлахдаа Улсын Их Хурлын гишүүдийн тоог тухайн үеийн нийт хүн амын тоонд үндэслэж, нэг гишүүн дунджаар 27 мянган иргэнийг төлөөлөхөөр тооцож, 76 гишүүнтэй байхаар хуульчилсан билээ. Өнөөдөр хүн амын тоо 1992 оноос нэг саяар нэмэгдэж, Улсын Их Хурлын нэг гишүүн дунджаар 45 мянга орчим иргэнийг төлөөлж байна.

Улсын Их Хурлын гишүүд нутаг дэвсгэрийн нэгжээс сонгогдож ирснээр улсын төсвийг тойргийн эрх ашигтаа нийцүүлэн батлуулах, сонгуулийн ажилд нь дэмжлэг үзүүлсэн боловсон хүчнийг төрийн албанд байршуулах, нутгархах үзэл хавтгайрах, сонгуульд мөнгөний хүчин зүйл нөлөөлөх, намын хатуу гишүүнчлэл нэмэгдэх үзэгдлүүд давамгайлсаар ирснийг өөрчлөхийн тулд энэхүү төслийн хувилбарт нутаг дэвсгэрийн болон нийгмийн төлөөллийг тэгш хангах зарчмыг тусгалаа.

Эргэх ертөнц арга билигт оршдог, эрэгтэй эмэгтэй хүйс тэгш байж нийгмийн тэнцвэр хангагддаг шиг Нутаг дэвсгэрийн төлөөлөл, Нийгмийн сонирхлын төлөөлөл тэнцвэртэй байж төрийн бодлого зөв бөгөөд бодитоор тодорхойлогдоно.

Улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын хувьд бусад улс төрийн намуудыг төрийн бодлогод оролцуулах боломжийг нээж байгаа нь олон намын тогтолцоо бүхий ардчилсан парламентын засаглалын хөгжилд оруулж буй эрхэм үүрэг хэмээн үзэж байна. Бид ганцаар хурдан явахаас илүүтэйгээр олуулаа хол явахыг, дотоод өрсөлдөөнөөс илүү дэлхийн бусад улсуудтай хөгжлөөр өрсөлдөхийг илүүд үзнэ.

Гуравдугаарт. Эдийн засгийн их үсрэлт
Өнгөрсөн хугацаанд бид эхлүүлсэн төсөл олон ч дуусгаж чадсан нь цөөн. Дэлхийн их гүрнүүд их өгөгдөлд тулгуурласан хиймэл оюун ухааны бодолтоор хөгжлийн бодлого, загвараа урт хугацаанд тодорхойлж байна.

Бид шатрын их мастеруудтай, пеонер мадын нүүдлээр өрсөлдөж чадахгүй нь ойлгомжтой.

Тойрог бүрд гишүүн бүхэн төлөвлөлт хийх гэж хичээж, Техник эдийн засгийн үндэслэл, ажлын зургийн оронд сонгуулийн амлалт, сэтгэл хөдлөлөөр асуудалд хандаж, гоёмсог танилцуулгаар бие биеээ хуурсаар 30 жилийг үдлээ.

Нийслэл хотод 2016 оноос өнөөдрийг хүртэл Улаанбаатар хотыг хоёр бүтэн тойрох хэмжээний урттай 225 км зам баригдсан боловч, дүүрэг дүүрэгт тавигдсан хоорондоо холбогдоогүй мухар зам бий болжээ. Тойрог тойргийн эрх ашиг улсын хөгжилд хэрхэн сөргөөр нөлөөлдгийн энгийн жишээ энэ юм.

Монгол Улсын иргэдийн амьдралын чанар, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн даатгал, цалин, тэтгэврийн нэгдсэн бодлого болон боомт, тээвэр логистик, аж үйлдвэржилт, эрчим хүч, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэр зэрэг эдийн засгийн томоохон төслүүдийн хэрэгжилтэд хязгаарлах хүчин зүйл болсныг хүлээн зөвшөөрөх шаардлагатай.

Хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагчид бодлого нь тодорхойгүй, залгамж чанаргүй, нэгдсэн төлөвлөлтгүй төрийн бодлогоос шалтгаалж, хэчнээн хэмжээний боломж алдсаныг, ямар хэмжээний сорилттой тулгарч ирснийг тоочоод баршгүй.

Өнөөдөр миний бие өнгөрснийг шүүхийг хүсэхгүй байна. Харин өчигдрөөс илүү маргаашийн төлөө энэхүү тогтолцооны өөрчлөлтийг хийх нь зүйтэй хэмээн үзэж байна.  “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжиж, уул уурхайн далд эдийн засаг ил болж эхэлснээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт цар тахлын оргил үед -4.6 хувь хүртэл агшсан бол 2023 оны нэгдүгээр улирлын урьдчилсан тооцооллоор 7.6 хувийн өсөлтөд хүрч, экспортын орлого 9.2 тэрбумаас 12.5 тэрбум ам.долларт хүрч, Дотоодын нийт бүтээгдэхүүн 43.5 их наядаас 52.9 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 5000 ам.долларт хүрлээ.

Улс орнуудын эрчимтэй хөгжлийн гараа нь нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 10.000 ам.долларт хүрснээр эхэлж, иргэдийн амьдралын чанар бодитоор сайжирч, ардчиллын үнэт зүйл жинхэнэ утгаар бэхждэгийг “Азийн бар” улсууд болон бусад хөгжсөн улс орнуудын түүх нотолдог.

Энэ өөрчлөлт эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн гараа байх боломжтой. Улсын төсвийг тэгшитгэн хувааж, асуудлыг гал унтраах байдлаар аргацааж, сонгуулиас сонгууль дамжсан амлалтад тамирдсан тойрогт шүтсэн тогтолцоог халж, улс орны хөгжлийг тодорхойлох стратегийн ач холбогдолтой эдийн засгийн томоохон төслүүдээ тогтвортой хэрэгжүүлэх нь ирээдүйн Монголын хувь заяаг шийдэхэд нэн чухал юм.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хурлын 76 гишүүнийг тойргоос, 76 гишүүнийг хувь тэнцүүлж сонгох Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьж байна.

Энэхүү төслийг боловсруулахдаа,

·     2000, 2011, 2015, 2017 онуудад өргөн барьсан Үндсэн хуульд өөрчлөлт хийх саналуудад тусгасан хүн амын өсөлтөд нийцүүлэн Улсын Их Хурлын гишүүний тоог тэнцүүлэх төсөл,
·     Монгол Улсын Их Хурлын 2019 оны 72 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгээс зохион байгуулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг,
·     Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт-тэнцлийг хангах тухай Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 01, 02 дугаар тогтоол,
·     “Улсын Их Хурлын гишүүдийн тоог шинэчлэн тодорхойлох, Улсын Их Хурлын сонгуулийн дэвшилтэт тогтолцооны зарчмыг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтөөр оруулах төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх”-ийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан Улсын Их Хурлын 2022 оны 54 дүгээр тогтоол,
·     “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах зорилгоор олон нийтийн саналыг судлах сэдвийн хүрээ”-г тодорхойлж, үүнд сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх, сонгогчдыг төлөөлөх мандатын тоог нэмэгдүүлэх асуудлыг тусгасан Улсын Их Хурлын 2022 оны 34 дүгээр тогтоол,
·     Улсын Их Хурлын 2022 оны 80 дугаар тогтоолоор зохион байгуулсан “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулга,
·     Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хүрээнд “сонгуулийн холимог систем бүхий олон намын оролцоотой зөвшилцлийн ардчилалд шилжих,” “сонгогчдыг төлөөлөх мандатын тоог нэмж, Улсын Их Хурлын нэг гишүүний нөлөөллийн эрх мэдлийг багасгах” тухай улс төрийн 21 намын хамтарсан уриалга, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын зөвшилцөлд тулгуурласныг онцлон тэмдэглэж байна.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл батлагдсанаар:
·     Иргэдийн төлөөлөх эрх хоёр дахин нэмэгдэж, УИХ-ын гишүүнд ногдох эрх мэдлийн төвлөрөл хоёр дахин багасна.
·     Нутгархах, тойрогжих хандлага хоёр дахин буурч, улсын төсвийн хөрөнгө оруулалт нийгмийн суурь асуудлуудыг шийдвэрлэхэд илүүтэй төвлөрөх болно.
·     Сонгодог парламентын мэтгэлцээний соёлд шилжиж, хууль хэлэлцэн батлагдах чанар хоёр дахин сайжирна.
·     Парламентын дархлаа хоёр дахин нэмэгдэж, аливаа нөлөөлөлд өртөх эрсдэл хоёр дахин буурна.
·     Улс төрийн намуудын хатуу гишүүнчлэлийн чиг хандлага өөрчлөгдөж, бодлогын нам болж төлөвших эхлэл тавигдна.
·     Нийгмийн бүлгүүдийн дуу хоолой хоёр дахин нэмэгдэж, хилийн чанадад ажиллаж амьдарч буй монголчуудын сонгуульд санал өгөх эрх нээгдэнэ.
·     Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын хяналт тэнцлийн зарчим хангагдана.
·     Жендэрийн тэгш байдлын төлөөлөл, нийгмийн сонирхлын бүлгүүд, багш, эмч, инженер, техникийн ажилтнууд, сэхээтнүүд, малчин, тариаланчид, оюутан залуучууд, ахмад, дунд үеийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, үйлдвэрчний эвлэл болон ажилчдын төлөөлөл, нийгмийн цөөнхийн төлөөлөл төрийн бодлого тодорхойлоход оролцох чадамж хоёр дахин нэмэгдэнэ.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан хувилбараар батлагдвал өмнөх 30 жилийн алдаа оноог залруулж, ирэх 30 жилийг шинээр эхлүүлэх түүхэн реформ болно гэдэгт итгэлтэй байна.
Монгол Улсын Засгийн газар улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудын зөвшилцөл, судлаач эрдэмтдийн олон жилийн зөвлөмжид нийцүүлж, түүхэн цаг хугацааны өмнө эс үйлдэл хийхийг хүсээгүй учраас Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг өргөн барьж байна.
Гэвч Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, эцэслэн батлах эрх гагцхүү Улсын Их Хуралд байгаа тул түмнээ төлөөлсөн төрийн эрхэм түшээд Та бүхний ирээдүйг харсан мэргэн ухаанд найдаж байна.
Анхаарал тавьсанд баярлалаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ээлжит “Өглөөний уулзалт” Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт боллоо. Уулзалтад Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон нийслэлийн 25, орон нутгийн таван өрхийн эмч оролцож, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал солилцлоо.
Ерөнхий сайд цар тахлыг даван туулж, орон даяар эрт илрүүлгийг амжилттай зохион байгуулж буй эрүүл мэндийн салбарынханд  талархал илэрхийлээд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, нийгэм, эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийн өнөөгийн байдал, “Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан тус салбарын шинэчлэлийн талаар танилцуулав. Засгийн газраас өнгөрсөн оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн иргэн бүрийг эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулж, нэг сая хүн хамрагдаад байна.


Эрт илрүүлэгт хамрагдсан 0-17 насныхны 76 хувьд  шүд цоорол, 18-60 насны иргэдийн 18.7 хувь нь ходоод, 61-ээс дээш насны иргэдийн 22 хувь нь ходоодны үрэвсэлтэй гарсан. Засгийн газар зонхилон илэрсэн өвчлөлийг бууруулахад эрүүл мэндийн салбарын бодлогыг чиглүүлэн ажиллаж байна. Тухайлбал, 2024 оноос “Шүд” төслийг хэрэгжүүлэхээр болсныг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Мөн эрт илрүүлгийн зохион байгуулалтыг илүү сайжруулах, хамрагдалтыг нэмэгдүүлэхэд иргэдтэй өдөр бүр тулж ажилладаг эмч нарын санал туйлын чухал гэдгийг онцоллоо. Иргэн бүр эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, эрүүл мэндийн боловсрол мэдлэгтэй болоход өрхийн эмч, ажилтнууд зөвлөгөө мэдээллээр хангаж тусалж ажиллахыг хүслээ.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний эрх зүйн орчны шинэчлэл” сэдэвт илтгэл тавилаа. “Улсын хэмжээнд 207 өрхийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаа явуулж, 3614 эрүүл мэндийн ажилтан ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын дундаж цалин 1.5 сая төгрөг,  ӨЭМТ-ийн эмч, ажилтнуудын дундаж цалин 2.3 сая төгрөг байна. Цаашид гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог илүү ил тод болгох, шалгуур үзүүлэлтийг  бодит байдалд нийцүүлэх, нийгмийн эрүүл мэнд болон анхан шатны тусламж үйлчилгээний санжүүжилтийг нэмэгдүүлэх  зохицуулалт хийнэ” гэв.
Өрхийн эмч нар сум, өрхийн эрүүл мэндийн төвд ажиллах хүний нөөц дутагдалтай, гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцооны шаардлага, шалгуурт үзүүлэлтийг бодит байдалд нийцүүлэн зохицуулах, Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Өрхийн эрүүл мэндийн төвийн дунд байгуулдаг гурван талт гэрээг эргэн харах, эмч ажилтнуудын ашиглаж буй программыг цөөлөх, лавлагаа шатлалын эмнэлэгтэй мэдээлэл солилцох урсгалыг хялбаршуулах, эрт илрүүлэгт хамрагдаж буй 30-аас доош насны иргэдийн багц дахь үзлэгийн төрлийг нэмэгдүүлэх, ӨЭМТ-ийн байранд урсгал засвар хийх зэрэг санал хэллээ.
Тухайлбал,

Сэлэнгэ аймгийн “Хараа мандал” ӨЭМТ-ийн дарга О.Бүрэнжаргал: Сэлэнгэ аймаг өрхийн эрүүл мэндийн  таван төвтэй. Манай эмнэлэг  дөрвөн их эмч, долоон сувилагчийн орон тоотой боловч одоогоор хоёр эмч  л ажиллаж байна. Нэг нь би, нөгөө нь тэтгэврийн насны хүн. Хөдөө орон нутагт, анхан шатанд ажиллах хүний нөөцийг бодлогоор дэмжээсэй гэж хүсэж байна. Гэр бүл төлөвлөлтийн талаар сургалт зөвлөгөөг боловсролоор дамжуулж өгмөөр байна. Өрхийн эмнэлгүүд санхүүжилтийнхээ 20 хувийг программ шивсэн эсэхээс шалтгаалж авдаг. Ихэнх цагаа хүнд хүрч үйлчлэхээс илүү бичиг цаасанд зарцуулж байна.


БЗД-ийн “Мараната” ӨЭМТ-ийн их эмч Э.Алтанзул: Манай эмнэлэг 15 эмч, ажилтантай, 9035 хүнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг. Үйлчлэх хүрээний хүн ам 100 хувь гэр хорооллынх, эмзэг, зорилтот бүлэг ихтэй. Ер нь анхан шатанд олон төрлийн программ хэрэглэдэг, ачаалал ихтэй, гацдаг. Үүнийг шийдвэрлэх шаардлагатай. Манай эмнэлэг программд шивэлтээс шалтгаалан санхүүжилтийн 20 хувиа авч чадахгүй байгаа, энэ асуудалд анхаарч өгнө үү гэлээ.
Эмч нарын санал, хүсэлтийг холбогдох албан тушаалтнуудад хүргүүлж, шийдвэрлэлтэд нь анхаарч ажиллахаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газрын Хөдөөгийн сэргэлт бодлогын хүрээнд “Нээлттэй Дорноговь” чуулган Дорноговь аймагт болж байна. Чуулганы эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн илгээлтийг Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатар уншиж танилцууллаа.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд нийслэл Улаанбаатар хоттой дүйцэх дагуул хотуудыг байгуулах, бүсчилсэн хөгжлийн бодлогыг Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд их бүтээн байгуулалтын төслүүдтэй уялдуулан дахин тодорхойлох, аймгийн төвүүдийг бие даасан хот болгон хөгжүүлэх, орон нутаг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэх санхүү, эдийн засгийн боломжийг нээх зорилтууд дэвшүүлснийг онцлов.
Өнөөдрийн чуулганаар Дорноговь аймгийн хөгжлийн боломж, тус аймагт шилжин суурьших иргэн, аж ахуйн нэгжүүдэд аймгийн онцлог, давуу тал, шилжин суурьшигчдыг хүлээж авах бодлого төлөвлөлтөө танилцуулж байна.
Дорноговь аймаг нь бие даан төсвөө бүрдүүлдэг бөгөөд дөрвөн төрлийн татварын хувь  хэмжээг орон  нутагт тогтоон, шилжин ирэгсдийг  бизнес  эрхлэхэд дэмжлэг  үзүүлж байна.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татварын болон газрын төлбөрийн хувь хэмжээг хуульд заасан хамгийн бага хэмжээгээр тогтоожээ. Энэ нь Улаанбаатар хот болон бусад аймгуудийн тогтоосон хувь хэмжээнээс 20-27 хувиар бага байна.


Мөн хотоос шилжин ирсэн иргэнийг Дорноговь аймагт ажилд авсан тохиолдолд олгосон цалингийн зардлыг 20 хувиар нэмэгдүүлэн тооцож, татвар ногдох орлогоос нэг удаа хасаж  татварын дэмжлэг үзүүлж байгаа юм.
Орон  нутгийн  зүгээс гарааны бизнесээ эхлүүлж байгаа компаниудын орлогод ногдох албан татварыг таван жилийн хугацаанд бүрэн хөнгөлөх, орон нутагт дулаан, цахилгааны төслүүд хэрэгжүүлвэл борлуулалт хийж эхэлснээс хойш гурван жил 90 хувиар хөнгөлөх бөгөөд дараагийн гурван жил 50 хувиар орлогын татвараас тус тус хөнгөлнө. Нийслэлээс үйлдвэр, агуулахаа Дорноговь аймаг руу нүүлгэсэн тохиолдолд нүүлгэн шилжүүлэлтийн зардлыг 50 хувиар нэмэгдүүлэн тооцож, татвар ногдох орлогоос хасаж тооцох зохицуулалт хийнэ. Улаанбаатар хотоос 500-1000 км алслагдсан зайд бизнес эрхэлсэн тохиолдолд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татварыг 50 хувиар хөнгөлөх, алслагдсан суманд бизнесийн үйл ажиллгаа эрхэлсэн тохиолдолд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татварыг 90 хувиар хөнгөлөх бодлого хэрэгжүүлж байна.
Дорноговь аймагт ажилгүйдлийн түвшин 2016 онд 9.9 хувь, 2020 онд 4.1 хувь байсан бол 2021 онд 2.7 хувь, 2022 онд 1.5 хувьтай болж жилээс жилд буурч, ажилгүйдлийн түвшин хамгийн бага аймгийн нэг болжээ. Тус аймагт 12416 ажлын байр шинээр бий болох боломжтой гэсэн судалгаа байна.
Дорноговь аймагт Газрын тос боловсруулах үйлдвэр, “Алтанширээт аж үйлдвэрийн цогцолбор” баригдаж байгаа бөгөөд Манган боловсруулах үйлдвэр, Ган бөмбөлгийн үйлдвэр, Жонш баяжуулах үйлдвэр, “Цагаан суваргын зэс молебдений үйлдвэр”, “Мон цемент”, “МАК” цементийн үйлдвэр зэрэг 27 боловсруулах, баяжуулах үйлдвэрүүд ажиллаж байна.

Монголын авто замчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус зөвлөгөөнд оролцож Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050″, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулж, үүнд авто замчдын үүрэг, оролцоо чухлыг онцоллоо.
Монголын авто замчид өнгөрсөн хоёр жилд 689,1 км урт хатуу хучилттай зам, 330 у/м төмөр бетон гүүр барьж байгуулаад байна. 2022 оны зургадугаар сард Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто замын бүтээн байгуулалт дуусаж 21 аймгийг хатуу хучилттай автозамаар холбож дуусгасан бол 2022 оны арваннэгдүгээр сард Ховд аймгийн Булган, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор БНХАУ болон ОХУ-ыг холбосон баруун босоо тэнхлэгийн 745 километр авто замыг ашиглалтад оруулсан. Ингэснээр “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор”-ын анхны авто замын гарцыг нээж, Ази-Европыг холбосон экспортын дамжин өнгөрөх 4500 километр замыг холбосон зэрэг замын бүтээн байгуулалт багтаж байна. Эдгээрийн үр дүнд Дэлхийн банкны Логистикийн гүйцэтгэлийн индексээр 2018 онд  130 дугаар байр эзэлж байсан Монгол Улс 33 байраар урагшилсан. Цаашид авто замын бүтээн байгуулалтыг хөгжлийн бодлоготой уялдуулж, төр, хувийн хэвшил хамтран ажиллаж байж үр дүнд хүрнэ гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.


Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д боомтын хүчин чадлыг гурав дахин нэмснээр экспортыг 30 тэрбум долларт хүргэхээр тусгасан. Үүний тулд төмөр замын сүлжээг гурав дахин нэмж, боомт холбосон 3,500 км автозам, Алтанбулаг-Замын-Үүдийг холбосон 987 км хурдны зам барихаар ажиллаж байна. Түүнчлэн төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах бодлогын хүрээнд Улаанбаатар хотыг 225 км нэмэлт холбоос замаар холбох зэргээр асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд анхаарч буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.
Шинэ зам барих нэг хэрэг. Барьсан зам чанартай, тогтмол засвар арчлалттай байх ёстой талаар өнөөдөр авто замчид зөвлөлдлөө. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Зам засварын санхүүжилтийн гол эх үүсвэр замын санг хуулийн дагуу бүрдүүлэх,  норм, стандарт, технологийг тодорхой болгож мөрдөх, санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэх, боловсон хүчин, замын компаниудын чадавхийг сайжруулах шаардлагатай байгааг онцлов.  Мөн тендер шалгаруулалт, тусгай, зөвшөөрлийг ил тод, шилэн болгож, хяналтыг сайжруулахаар ажиллаж байна гэлээ.
Энэ онд улсын хэмжээнд 540 км хатуу хучилттай авто зам 500 у/м төмөр бетон гүүр барихаар төлөвлөсөн. Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн авто замын төслүүд үргэлжилнэ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.