“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтын сэдэвчилсэн хэлэлцүүлэгт Хүний эрхийг хангах Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Болорсайхан 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр зочин илтгэгчээр оролцлоо. “Эмэгтэйчүүдийн эрх мэдэл ба манлайлал” сэдвийн үндсэн илтгэгч УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Жендерийн тэгш байдал хангаагүй, эмэгтэйчүүдийн төлөөлөл, оролцоо доогуур байх нь эдийн засгийн утгаараа алдагдсан боломжийн өртгийг нэмэгдүүлж буй хэрэг. Өөрөөр хэлбэл, ашиглах ёстой нөөцөө дутуу ашиглах нь алдагдал нэмдэг. Улмаар гацаанд орсон олон асуудал шийдлээ олохгүй үлдэх, эсвэл хэт өндөр зардлаар шийдэхэд хүргэдэг үр дагавартай. Манай улсад жендерийн тэгш байдлыг хангаж, хүйсээр ялгаварлан гадуурхахгүй байх суурь зохицуулалтыг тусгасан 10 гаруй хууль, бодлогын таван баримт бичигтэй ч хэрэгжилт нь хангалтгүй байгаа” хэмээн онцоллоо. Тус сэдвийн хүрээнд Б.Болорсайхан “УИХ-д нэр дэвшигчдэд тавих хүйсийн квотыг 40-өөс доошгүй хувиар батлах нь зүйтэй гэдэгтэй санал нэг” байгааг илэрхийлэхийн хамт “Жендерийн эрх тэгш байдал бол хүний эдэлвэл зохих эрх” болохыг илтгэж, хүн бүр хандлагаа өөрчлөх ач холбогдлын талаар дахин онцлов.