Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхаж, хоёр улсын тээвэр, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа болон түлш, шатахууны нийлүүлэлтийн талаар ярилцлаа.

Ерөнхий сайд хэлсэн үгэндээ, хоёр тал цаашид хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг ярилцаж, дүгнэж явах нь чухал гэдгийг тэмдэглэв. Тухайлбал, энэ оны долоодугаар сард хүчин төгөлдөр болсон Монгол Улс, Евроазийн эдийн засгийн холбоо хоорондын Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгаж, хэрэгжилтийг хангахад хүчин чармайлт гаргахыг хүслээ.

ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук Минск хотноо уулзах үеэрээ Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах замын зураглал гаргах тухай ярилцаж байсан. Таны дэвшүүлж буй саналыг бүрэн дүүрэн дэмжиж байна. Бид Монгол Улсад ажиллаж, ажлын үр дүнгээ Ерөнхий сайдад мэдэгдэх болно гэлээ.

ОХУ автобензин, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтэд анхаарч, хоёр талын өндөр дээд түвшний уулзалтаар хүрсэн тохиролцоог үр дүнтэй ажил хэрэг болгох нь чухал гэдэгт талууд санал нэгдэв.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулганд оролцох үеэрээ Алс Дорнодын үзэсгэлэнгийн талбай, Буриадын павильоноор зочилж Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Алексей  Самбуевич Цыденовтой хоёр улсын худалдаа эдийн засаг, боловсрол, шинжлэх ухааны салбарын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов.

Ерөнхий сайд, Монгол Улс Бүгд Найрамдах Буриад улстай хөгжүүлж ирсэн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч ирснийг тэмдэглэв. Монгол Улс Евразийн Эдийн засгийн холбоо хоорондын Худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхэлж, 367  нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг гаалийн татвараас хөнгөлж, чөлөөлж байгаа. Түр хэлэлцээрийг үр дүнд хүргэхэд Сүхбаатар-Наушки, Алтанбулаг-Хиагт зэрэг боомт чухал үүрэгтэй. Боомтын чиглэлд Бүгд Найрамдах Буриад улстай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн Монгол Улс нүүрсний нөөцөөр баялаг. Багануур, Шарын голын уурхайгаас Буриад улсад нүүрс экспортлох боломжтойг тэмдэглэв.

Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Алексей  Самбуевич Цыденов хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийнхөө талаар Ерөнхий сайд Н.Учралд танилцуулж, хамтран ажиллах боломжийг ярилцлаа.

Бүгд Найрамдах Буриад Улс Монгол Улсын Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Булган, Дорнод, Төв, Хэнтий аймагтай идэвхтэй хамтран ажилладаг байна. Энэ онд Улаан-Үд хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулж эхэлсний 35 жилийн ой тохиож байна.

Томуугийн эсрэг дархлаажуулалтыг “ТОМУУГИЙН ЭСРЭГ ХАМТДАА” уриан дор өмнөх жилүүдээс эрт буюу өнөөдрөөс эхлүүлж байна. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Баянбигэр” өрхийн эрүүл мэндийн төвд дархлаажуулалтын нээлтийн ажиллагаа /2026.09.03/ боллоо.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар “Манай улсад томуугийн дэгдэлт аравдугаар сараас эхэлж, нэг, хоёрдугаар сард оргил үедээ хүрдэг. Тиймээс энэ жил вакцинжуулалтыг эрт эхлүүлж, томуугийн дэгдэлтээс өмнө зорилтот бүлгийн хүн амаа дархлаажуулахад анхаарч байна. Хамгийн гол нь томуугийн улирал эхлэхээс өмнө дархлаа тогтоох юм” гэлээ.

ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДЭЭ БҮРЭН ХАМРУУЛНА
Монгол Улсын Засгийн газар 2025 онд 300 мянган хүн тун вакцин худалдан авч, зорилтот бүлгийн хүн амын 99 хувийг дархлаажуулсан бол энэ жил вакцины тоог 500 мянган хүн тун болгон нэмэгдүүлсэн. Ингэснээр зорилтот бүлгийн хүн амыг дархлаажуулалтад бүрэн хамруулах боломжтой боллоо.

Энэ жил ДЭМБ-аас зөвлөмж болгосон, БНСУ-д үйлдвэрлэсэн 4 цэнт вакциныг сонгож, Засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан худалдан авчээ. Вакциныг зургаан сартайгаас зургаан насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, 65 болон түүнээс дээш насны ахмад настан, архаг хууч өвчтэй иргэдэд үнэ төлбөргүй хийнэ.

ВАКЦИНЖУУЛАЛТЫГ 600 ГАРУЙ НЭГЖИД ЗОХИОН БАЙГУУЛНА
Томуугийн улирал эхлэхээс өмнө дархлаажуулалтыг хийж байгаа нь эрсдэлт бүлгийн иргэдийг халдварын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Манай улсад 2024/2025 оны томуугийн улиралд хийсэн судалгаагаар 1–5 насны хүүхдийг томуугийн вакцинд хамруулснаар томуугийн халдварын улмаас эмнэлгийн тусламж авах эрсдэлийг 75.2 хувиар бууруулсан үр дүн гарсан.

Улсын хэмжээнд эрүүл мэндийн 600 гаруй нэгжид вакцинжуулалт хийнэ. Иргэдийг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж, өөрийгөө болон гэр бүл, үр хүүхэд, ахмад настнуудаа томуугийн өвчлөл, хүндрэлээс урьдчилан сэргийлэхийг Эрүүл мэндийн яам уриалж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.03/ Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцож үг хэллээ. Ерөнхий сайд Н.Учралын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Эрхэм хүндэт ОХУ-ын Ерөнхийлөгч, ноён Владимир Владимирович Путин,

Эрхэм хүндэт төр, засгийн тэргүүн, эрхэмсэг зочид, хүндэт төлөөлөгчид, хатагтай, ноёд оо,

Та бүхэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, амар амгалан, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Дэлхийн эдийн засгийн өсөлтийн шинэ төвүүдийн нэг болон эрчимтэй хөгжиж буй Ази, Номхон далайн бүс нутагт онцгой байр суурь эзэлдэг Алс Дорнодод жил бүр зохион байгуулагддаг Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байгаадаа баяртай байна.

Энэхүү нэр хүндтэй чуулга уулзалтад Монгол Улсыг оролцохыг урьсан эрхэм хүндэт Владимир Владимирович Путин Танд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Энэ удаагийн чуулга уулзалтыг “Алс Дорнод: хүний сайн сайхны төлөөх хөгжил” хэмээх утга төгөлдөр сэдвийн дор зохион байгуулж буй нь хөгжлийн эцсийн зорилго нь хүн, түүний сайн сайхан амьдрал, ирээдүйн боломж байх учиртайг тод томруун илэрхийлж байна.

Бидний хувьд хөгжил гэдэг нь зөвхөн эдийн засгийн үзүүлэлтийн өсөлтөөр хэмжигдэх бус, иргэн бүрийн амьдралын чанар дээшилж, залуу үеийн ирээдүйд итгэх итгэл нэмэгдэж, улс орнууд хоорондын харилцан ойлголцол, итгэлцэл бэхжих үйл явц юм.

Иймээс худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр логистик, эрчим хүч, технологи, хүний хөгжлийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоог улам бататгах нь бидний нийтлэг эрх ашиг хэмээн үзэж байна.

Хатагтай, ноёд оо,

Өнөөдөр олон улсын харилцаа, дэлхийн эдийн засгийн орчин урьд өмнөхөөсөө илүү ээдрээтэй, сорилт ихтэй цаг үед байна.

Үнийн хэлбэлзэл, нийлүүлэлтийн сүлжээний тасалдал, тээвэр логистикийн хүндрэл, төлбөр тооцооны тогтолцоонд гарч буй өөрчлөлт, геополитикийн зөрчилдөөн зэрэг нь улс орнуудын тогтвортой хөгжилд шинэ сорилт болж байна.

Ийм цаг үед бид ялгаатай байдлаа улам тодотгохоос илүүтэй нийтлэг эрх ашгаа эрэлхийлж, харилцан итгэлцэл, тэгш эрх, харилцан хүндэтгэл, зөвшилцөлд тулгуурласан хамтын ажиллагааг бэхжүүлэх учиртай.

Монголчууд бид “Эвтэй бол хүчтэй” хэмээн эртнээс эрхэмлэн хэлж ирсэн. Өнөөдөр энэ мэргэн санаа улс үндэстнүүдийн харилцаанд урьд өмнөхөөсөө илүү үнэ цэнтэй болж байна. Ялгаатай байдлаа хүндэтгэн, нийтлэг эрх ашгаа эрхэмлэж чадвал бидний хамтын хүч бүс нутгийн энх тайван, тогтвортой хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна.

Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай баримталж ирсэн бөгөөд улс орнуудын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүндэтгэсэн хамтын ажиллагааг бүс нутгийн энх тайван, тогтвортой хөгжилд хүрэх чухал нөхцөл гэж үздэг.

Монгол Улс газар зүйн онцгой байршил, байгалийн баялаг, залуу бөгөөд чадварлаг хүний нөөцийн давуу талдаа түшиглэн бүс нутгийн эдийн засгийн интеграцид идэвхтэй оролцож, тээвэр, логистик, эрчим хүч, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Манай улсын тогтвортой эдийн засгийн өсөлт нь стратегийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг урагшлуулахын зэрэгцээ үйлдвэрлэл, экспорт, үйлчилгээний бүтээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг ажлын байр, өрхийн орлого, бизнесийн боломж, иргэдийн амьдралын чанарт бодитоор хүргэх үндэс суурь болно.

Хүний хөгжлийг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын гол зорилтуудын нэг болгон тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөр дамжуулан иргэдээ эрүүл, урт удаан амьдрах, чанартай боловсрол эзэмших, зохистой хөдөлмөр эрхлэх, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж байна.

Хатагтай, ноёд оо,

Хүний сайн сайхан, бизнесийн хөгжил, бүтээлч санаачилгын бат бөх үндэс нь эдийн засгийн эрх чөлөө юм.

Хүнд суртал, давхардсан зохицуулалт, шаардлагагүй зөвшөөрөл, бизнес эрхлэхэд учирч буй саад тотгорыг арилгахгүйгээр эдийн засгийн бодит өсөлт, өрсөлдөх чадварыг хангах боломжгүй.

Иймээс Монгол Улсын Засгийн газар “Чөлөөлье” үндэсний санаачилга, “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт” бодлогыг хэрэгжүүлж, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгчдэд тулгарч буй саад бэрхшээлийг үе шаттай арилгаж, төрийн оролцоог оновчтой болгон, хувийн хэвшлийн бүтээлч хүч, хөрөнгө оруулалт, бүтээмж, ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч байна.

Эдийн засгийн эрх чөлөөний багц хуулийг батлан хэрэгжүүлснээр хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, маргааныг олон улсын арбитраар шийдвэрлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт татах боломжийг өргөжүүлэх, зарим салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын хязгаарлалтыг үе шаттай бууруулах зэрэг бизнесийн орчны шинэ боломжууд нээгдэж байна.

Энэ бол Монгол Улс эдийн засгаа илүү нээлттэй, өрсөлдөх чадвартай, хөрөнгө оруулалтад ээлтэй болгохыг зорьж буйн тод илэрхийлэл юм.

Үүний зэрэгцээ хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологи, инновац, инженерчлэлийн ур чадварыг шинэ үеийнхэнд эзэмшүүлэх нь хүний хөгжлийн бодлогын салшгүй хэсэг гэж бид үздэг.

Алс Дорнод болон Ази, Номхон далайн бүс нутгийн залуу мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачдын солилцоог өргөжүүлж, ногоон технологи, аж үйлдвэр, тээвэр логистик, хөдөө аж ахуй зэрэг ирээдүйн хөгжлийн салбарт шаардлагатай хүний нөөцийг хамтран бэлтгэх асар их боломж бидний өмнө байна.

Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо,

Монгол Улс мөнхийн хөрш Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай тогтоосон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг эрхэмлэн хөгжүүлж, гурван талын харилцан ашигтай хамтын ажиллагааг тогтвортой өргөжүүлэхийг гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг хэмээн үздэг.

Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорын төслүүдийг урагшлуулах, хил дамнасан худалдаа, тээвэр логистикийн нөхцөлийг сайжруулах, дэд бүтцийн харилцан уялдааг нэмэгдүүлэх нь бүс нутгийн эдийн засгийн харилцан хамаарлыг бэхжүүлэх чухал алхам юм.

Төмөр замын төв коридорын шинэчлэл, гурван улсыг холбосон авто замын сүлжээ, хил дамнасан тээврийн дэд бүтэц, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, гаалийн үйл ажиллагааг цахимжуулах зэрэг нь худалдааны эргэлтийг өсгөж, тээврийн хугацаа, зардлыг бууруулан, нийлүүлэлтийн сүлжээний найдвартай байдлыг дээшлүүлэх бодит боломжийг бий болгоно.

Монголчууд “Холын замд нөхөр хэрэгтэй” хэмээн хэлдэг. Өнөөдөр улс орнуудын хөгжлийн зам ч мөн адил хамтын ажиллагаа, харилцан итгэлцэл, сайн хөршийн харилцааг улам бүр шаардаж байна.

Биднийг холбож буй төмөр зам, авто зам, эрчим хүч, худалдааны коридор бүр нь зөвхөн бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэх суваг бус, харилцан итгэлцэл, хамтын хөгжил, ард түмнүүдийн найрамдлыг холбох гүүр байх учиртай.

Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Оросын байгалийн хийг БНХАУ-д нийлүүлэх төсөл нь гурван улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд стратегийн шинэ боломж нээж, эрчим хүч, тээвэр, дэд бүтэц, хөрөнгө оруулалт, мэргэжлийн хүний нөөцийн чиглэлээр урт хугацааны харилцан үр өгөөж бий болгох бүрэн боломжтой.

Бид энэ болон бусад томоохон төслийг харилцан ашигтай, эдийн засгийн үр өгөөжтэй, урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааны зарчимд тулгуурлан урагшлуулахыг зорьж байна.

Үүний зэрэгцээ Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнуудын хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь Монголын үйлдвэрлэгч, экспортлогчдод шинэ зах зээлд гарах, экспортын нэр төрлийг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Цаашид гурван улсын хамтын ажиллагааны механизм, эдийн засгийн коридорын төслүүдийн хэрэгжилтийг улам боловсронгуй болгож, хил дамнасан худалдаа, тээвэр логистик, эрчим хүч, ногоон хөгжил, инновац, цахим шилжилтийн чиглэлээр хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах нь Евразийн бүс нутгийн тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо,

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, хүнс, усны аюулгүй байдал зэрэг нийтлэг сорилт нь улс орны хил хязгаараар хязгаарлагдахгүй.

Иймээс байгаль орчинд ээлтэй технологи, сэргээгдэх эрчим хүч, байгалийн баялгийг хариуцлагатай, үр ашигтай ашиглах туршлага, мэдлэгээ харилцан хуваалцаж, бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллах нь бидний нийтлэг үүрэг юм.

Монгол Улс “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” зэрэг үндэсний хэмжээний хөдөлгөөнийг хэрэгжүүлж, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, хүнсний тогтвортой тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлж байна.

Хэдхэн хоногийн өмнө Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо амжилттай зохион байгуулсан нь эдийн засгийн өсөлтийг байгаль орчны тэнцвэр, хүнсний аюулгүй байдал, иргэдийн амьдралын чанартай уялдуулах асуудлыг олон улсын түвшинд нээлттэй хэлэлцэх чухал боломж боллоо.

Энэ бол бидний дэвшүүлж буй “хүний сайн сайхны төлөөх хөгжил” хэмээх үзэл санаатай бүрэн нийцэж байгаа юм.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин,

Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо,

Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалт нь Алс Дорнод төдийгүй Ази, Номхон далайн бүс нутаг, Евразийн өргөн уудам орон зайд хүний сайн сайхан, тогтвортой хөгжил, эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ боломжийг нээсэн чухал индэр болж байна.

Энд хэлэлцэж буй санаачилга, төсөл, шийдэл бүхэн ард иргэдийн амьдралд бодит үр өгөөж авчрахуйц, улс орнуудын харилцан итгэлцлийг бэхжүүлсэн, урт хугацаанд тогтвортой хамтын ажиллагаанд чиглээсэй хэмээн хүсэж байна.

Монгол Улс ийм хамтын ажиллагаанд өөрийн хувь нэмрээ оруулахад ямагт бэлэн байна.

Монголчууд “Саахалт айлын санаа нэг” хэмээн эрхэмлэн хэлдэг. Олон зууны турш зэрэгцэн оршиж, сайн хөршийн ёс, харилцан хүндэтгэлийг эрхэмлэн ирсэн Монгол, Оросын ард түмний харилцааны үнэ цэнэ ч үүнд оршдог.

Энэхүү итгэлцэл, найрамдал, харилцан хүндэтгэлийн үнэт өвийг бидний үе улам бататгаж, ирээдүй хойч үедээ улам бэхжүүлэн өвлүүлэх учиртай.

Эрхэм хүндэт Владимир Владимирович Путин Танд Монгол Улсыг Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохыг урьж, халуун дотноор хүлээн авч буйд дахин чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Танд болон Оросын ард түмэнд эрүүл энх, аз жаргал, хөгжил дэвшил, сайн сайхан бүхнийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.

Монгол, Оросын ард түмний уламжлалт найрсаг харилцаа, сайн хөршийн итгэлцэл үеийн үед батжин бэхжиж, хоёр орны хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, ард иргэдийн сайн сайхан амьдралд үр шимээ өгөх болтугай.

Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд үг хэлсний дараа “РБК” телевизийн Ерөнхий редактор, сэтгүүлч Кирилл Викторович Токаревийн асуултад хариуллаа. Сэтгүүлч Монгол Улс түлш, эрчим хүчний хамтын ажиллагаанд цаашид хэрхэн анхаарч буйг тодруулсан юм.

Ерөнхий сайд Н.Учрал “Бид олон жил тусгай хөнгөлөлттэй нөхцөлөөр, Засгийн газар хоорондын гэрээгээр бензин, шатахуунаа ОХУ-аас импортолж ирсэн. Бид жилд гурван сая тонн бензин, шатахуун хэрэглэдэг, 97 хувийг нь ОХУ-аас импортолдог. ОХУ-д үүсээд буй нефтийн үйлдвэрийг чиглэсэн дайралтууд манай улсад хүндээр тусаж буй. Дотоод нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч ОХУ, Оросын ард түмэн тогтвортой нөхцөлөөр бензин, шатахуун нийлүүлж, энэ хүнд үед тусалж буйд талархлаа илэрхийлье.

Бид Газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгаа, 2029 оноос өмнө ашиглалтад оруулахаар бүх боломжоо дайчлан ажиллаж байна. Манай улсын нүүрсний экспорт жил тутам өсөж байна. Мөн уул уурхайн салбарт боловсруулах үйлдвэрүүд барьж байна. Жишээ нь, Ган боловсруулах үйлдвэр, Зэс хайлуулах цогцолбор, Хөнгөн цагааны үйлдвэр гээд олон үйлдвэр баригдаж эхэлсэн. Хөдөө аж ахуйн салбар дахь боловсруулах үйлдвэрүүдийн ажил ч урагшилж байгаа учраас шатах тослох материал улам эрэлттэй болно. Жилд гурван сая тонн бензин шатахуун хэрэглэдэг байсан бол энэ тоо 2028 онд дөрвөн сая давна. Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсон ч нийт хэрэгцээнийхээ 30 хувийг хангана. Олон үйлдвэр ашиглалтад ороод эхлэхээр эрэлт нэмэгдэнэ. Иймд ОХУ-тай түлш, эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа тогтвортой өргөжүүлнэ.

Монгол Улс өргөн уудам газар нутагтай, жилийн 280 өдөр нь нар, салхитай байдаг улс. Манай улсад саяхан болсон “COP17” хурлын үеэр хиймэл оюуныг хөгжүүлэх чиглэлээр ногоон санхүүжилт, дата төвүүд барьж байгуулах зэрэг хөрөнгө оруулалтын санал, сонирхлууд ихээхэн нэмэгдлээ. Ийм цаг үед шатах тослох материал, эрчим хүчний эрэлт нэмэгдэнэ. ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ” гэлээ.

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” жишиг сургууль болж, өнөөдөр сурагчдаа угтан авлаа. Засгийн газар “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран тус сургуулийг жишиг сургууль болгож буй юм.  57 дугаар сургуулийн 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд Ерөнхий сайд Н.Учрал оролцов.

Сургуулийн бодит өөрчлөлт, үр дүнгээс дурдвал,

Ногоон сургууль: 57 дугаар сургууль зөвхөн халаалт, цахилгаандаа жилд 307 сая төгрөг зарцуулж иржээ. Одоо 50 кВт-ын нарны цахилгаан үүсгүүр, 46.8 кВт-ын батарей хуримтлуурын системтэй болсон. Ингэснээр зөвхөн эрчим хүч хэрэглэдэг бус, тодорхой хэмжээнд цахилгаан үйлдвэрлэж, хуримтлуулдаг болж байна.

Цахилгаан, дулаанаас хэмнэсэн зардлаа анги танхимын дотоод агаарын чанар сайжруулах, эко орчин бүрдүүлэх, гадна талбайн аюулгүй байдлыг хангахад зарцуулах боломж бүрджээ. Мөн хүнсний 40 кг органик хог хаягдлаас ойролцоогоор 20 кг бордоо гаргах боломжтой компостын шийдэл нэвтрүүлсэнээ сурагчид Ерөнхий сайдад танилцуулав. Сургуулийн нийт талбай 3,200 м². Шинээр 1,253 м² талбайг зүлэгжүүлжээ.

Ухаалаг сургууль:  Сургууль нийт 402 “Chromebook”-тэй болж, биологи, математик, физик гээд хүссэн хичээлээ 3D хэлбэрээр үзэх боломж бүрдэв.

Эрүүл сургууль: Ургамал 18–21 хоногт ургах боломжтой гидропоник системтэй. Нэг ангид хоёр төхөөрөмжтэй. Энэ нь 25–30 хүүхдийн 7–10 хоногийн шим тэжээлийн хэрэгцээг хангах бүтээгдэхүүн ургуулах боломжтой юм. Одоогоор таван ангид 10 төхөөрөмж суурилуулжээ. Гадна агаарын чанарыг хэмжих 1 IQAir, дотор агаарын чанарыг хэмжих 6 IQAir төхөөрөмжтэй.

Ангиудад 43 м² талбай цэвэршүүлэх хүчин чадалтай агаар цэвэршүүлэгч суурилуулсан. Нэг ангийн дундаж хэмжээ 33 м² орчим тул хүчин чадлын хувьд нэг төхөөрөмж ангийн агаарын чанарыг бүрэн хамарна. Ус цэвэршүүлэгч, аяга сав ариутгалын шийдлүүдийг нэвтрүүлж, будаг засвараас эхлээд хүүхдийн өдөр бүр хэрэглэдэг орчныг эрүүл болгоход анхаарсан байна.

Аюулгүй сургууль: “Гэрт ойрхон сургууль”. “Буух түр цэг- нийтийн зогсоол”-ын тохижилттой. Сургууль ухаалаг хаалгатай. Гадаа 14, дотор 6 камер суурилуулсан. Гадаах камерыг дүүргийн теле камерын дэд төвтэй холбосон. Сургуульд дээрэлхэлтийн эсрэг хөтөлбөр хэрэгжинэ. Сургуулийн бүсэд архи, тамхины худалдаа хязгаарлаж, хүүхдийг зам тээврийн осол, гэмт хэргээс хамгаалах цогц орчин бүрдэж байна.

Ерөнхий сайд Н.Учрал, “Улсын сургууль орхигдсон, хувийн сургууль л чанартай байдаг гэсэн ялгааг арилгах ёстой. 57 дугаар сургууль бол хүүхэд хаана амьдарч, улсын эсвэл хувийн сургуульд сурч байгаагаас үл хамааран эрүүл, аюулгүй, орчин үеийн нөхцөлд сурах ёстой гэсэн шинэ стандартыг бодитоор харуулж байгаа жишиг сургууль.

Энэ  бол  улсын сургуулийн шинэ стандартын эхлэл болж байна. Аймгийн төв дээр бид энэ зарчмаар уурын зуухыг хална. “Ногоон” гэдэг нь зөвхөн барилга биш  хүүхдийн боловсролын нэг хэсэг байна. Сургалтын орчныг дижитал болгож, “Google Chromebook” зэрэг төхөөрөмж, дижитал сургалтын хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. Ирэх оны төсөвт 100 сургуулийг “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль” болгох санхүүжилтийг тусгасан” хэмээлээ.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Биате Дастел: “Ерөнхий сайд улсын хэмжээнд 100 сургуулийг Ногоон сургууль болгохоор зарласанд маш их баяртай байна. Ногоон сургууль бол эрүүл аюулгүй, цогц сургууль юм. Ийм сургуулийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд бид техникийн арга зүйн чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна” хэмээн хэлэв. Нийслэлийн 57 дугаар сургууль 1976 онд ашиглалтад оржээ. Энэ хичээлийн жилд 1,340 орчим хүүхэд суралцаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Биате Дастелийг хүлээн авч уулзав. Хоёр тал “Ногоон” сургууль санаачилгын хүрээнд хамтран ажиллах санал солилцов.

Ерөнхий сайд уулзалтын эхэнд, монгол хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэнд, боловсрол, Монголын ирээдүйн сайн сайхны төлөөх таны ажил үйлс бүхэнд тань гүн талархал илэрхийлье хэмээв.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн “Ногоон сургууль” санаачилга нийслэл, хөдөө орон нутагт хэрэгжиж байна. Тухайлбал, Эрдэнэт хотын 28 дугаар цэцэрлэг  газрын гүний дулаан, нарны эрчим хүч хослуулан жилд 168 тонн нүүрс түлэхгүй, 417.5 тонн нүүрсхүчлийн хий ялгаруулахгүй эрүүл ногоон цэцэрлэг болжээ. Үр дүнд нь жилдээ 120 сая төгрөг хэмнэж байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 74 дүгээр сургууль нарны цахилгаан үүсгүүртэй, ус, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ, гидропоник тариалалт, агаарын чанарын хяналттай, эко клуб, ногоон байгууламжтай, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангажээ. Тус сургууль хүүхдэд ээлтэй эрүүл ногоон сургуулийн цогц загвар, жишиг болсон байна.

Ерөнхий сайд, НҮБ-ын Хүүхдийн Сан Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургуульд “Ногоон сургууль”-ийн цогц загвар хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаад нэн талархалтай байна. 50 кВт нарны цахилгаан үүсгүүр, сайжруулсан WASH үйлчилгээтэй, ус, агаарын чанарын хяналттай, дотор орчны гидропоник тариалалт, эко клуб, ногоон байгууламж, сургуулийн орчин, замын хөдөлгөөний аюулгүй байдлын шийдлүүдийг нэгдсэн байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь Засгийн газрын хүүхдийн эрх, хамгаалал, хүүхдийн төлөө за гэж хэлэхээс илүү, заавал хийх бодлоготой шууд уялдаж байна. Засгийн газар улсын хэмжээнд 200 сургуулийг “Ухаалаг, ногоон” сургууль болгохоор ажиллаж байна. Энэ хүрээнд НҮБ-ын Хүүхдийн Сантай Ногоон сургуулийн стандарт нэвтрүүлэх, олон улсын санхүүжилт босгох чиглэлд хамтран ажиллах хүсэлт илэрхийлэв. Ногоон сургууль бол хүүхдэд аюулгүй, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зорилтыг өөртөө шингээсэн иж бүрэн цогц шийдэл юм гэдгийг мөн тэмдэглэв.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Биате Дастел Засгийн газрын “Ухаалаг, ногоон” сургуулийн санаачилга нь НҮБ-ын бүхий л хөтөлбөртэй уялдаж байна. Энэ чиглэлд бүх талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ нотлов. Талууд илүү үр дүнтэй ажиллахын тулд хамтарсан удирдлагын тогтолцоо бүрдүүлэх, санхүүгийн механизм, техникийн зөвлөгөөний чиглэлд онцгой анхаарч ажиллах нь чухал болохыг илэрхийлэв.

Монгол Улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн барилгын 50 орчим хувь нь 1990 оноос өмнө барьсан, дулаан алдагдал, эрчим хүчний үр ашиггүй хэрэглээ ихтэй байна. Жишээлбэл нэг сургуулийн сарын халаалтын зардал зарим тохиолдолд 10-15 сая төгрөг хүрч байна. Харин “Ухаалаг, ногоон” сургуульд шилжсэнээр хэмнэсэн зардлыг анги танхимын дотоод агаарын чанар сайжруулах, эко орчин бүрдүүлэх, гадна талбайн аюулгүй байдлыг хангахад зарцуулахаар төлөвлөж буй юм.

Засгийн газар “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль” үндэсний нэгдсэн загвар боловсруулж байна. Энэ хүрээнд зөвхөн сургууль, цэцэрлэгийн барилга байшин шинэчлэх бус, сургалтын орчин, технологи, эрүүл мэнд, хүүхэд хамгаалал, оролцоог иж бүрэн, цогцоор нь шинэчлэхийг зорьж байна.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага (COP17)  хурлын үеэр  “Монголын ногоон санхүүгийн корпорац”-ийн албан ёсны нээлтийн ёслол болж, Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газрын гишүүд, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад, хувийн хэвшил, банк санхүүгийн салбарын төлөөллүүд оролцов.

Ерөнхий сайд Н.Учрал хэлсэн үгэндээ, “Ногоон хөгжлийн чөлөөлөлт, ногоон шилжилт зөвхөн улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих боломжгүй. Ногоон чөлөөлөлт, ногоон төслүүдийн ногоон “түлш” нь ногоон зээл, ногоон санхүүжилт юм. Энэ цаг мөчид Монголын дуусдаггүй олон ярианы нэгийг дуусгах эхлэлийг Та бид хамтдаа тавьж, хамтдаа угтаж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн сангийн ногоон шилжилтийг онилсон 50 сая ам.долларын ногоон хөрөнгө оруулалтыг эцэслэн батлуулж байна. Монгол Улсын Хөгжлийн банк энэ жил 500 сая ам.долларын ногоон эх үүсвэр шинээр татаж чадлаа.

Өнөөдөр Монгол Улсын ногоон санхүүжилтийн үндэсний тогтолцооны чухал институц болох “Монголын ногоон санхүүгийн корпорац” үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Цөлжилтийн эсрэг талуудын бага хурал “СОР-17” Монгол оронд болж буй энэ өдрүүдэд төр, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан байгуулсан “Ногоон санхүүжилтийн корпорац”-ийн албан ёсны нээлтийг хийж буй нь Монгол Улс уур амьсгал, байгаль орчны зорилтоо бодит ногоон хөрөнгө оруулалт, бодит ногоон төсөл болгон хэрэгжүүлэх шинэ үе шатны эхлэл юм. Аливаа санхүүгийн механизмын амжилтыг зөвхөн дайчилсан хөрөнгийн хэмжээгээр бус, бодит үр дүнгээр хэмжих ёстой” хэмээв.

“Монголын Ногоон Санхүүгийн Корпорац”-ийг Уур амьсгалын ногоон сан, Хас банк, “Си Жи Эф” ХХК , Хөгжлийн банк, Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хамтран байгуулжээ. Корпорац нь суурь санхүүжилтийн хүрээнд 50 сая ам.долларын ногоон хөрөнгө оруулалт бүрдүүлж байгаа юм. Тус корпорацийн Гүйцэтгэх захирал М.Болдоо хэлэхдээ, “Манай улс тогтвортой санхүүжилтээр Ази, Номхон далайн хэмжээнд манлайлагч байр суурь эзэлдэг болсон. Манай корпорац нь дотоод, гадаадын зах зээлээс ногоон санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилготой” гэв.

Корпорац нь иргэдэд шууд нэг удаагийн зээл олгох арилжааны банк бус, эхний шатанд банк болон банк бус санхүүгийн байгууллагуудаар дамжуулан ногоон төсөлд зориулсан урт хугацааны бөөний эх үүсвэр нийлүүлэх үндэсний санхүүгийн механизм юм.

Ингэснээр дотоодын санхүүгийн байгууллагууд:

●       Гэр хорооллын дулаалга, цэвэр халаалт, эрчим хүчний хэмнэлт

●       Хүртээмжтэй ногоон орон сууц

●       ААН-ийн эрчим хүчний үр ашиг

●       Бага нүүрстөрөгчийн технологи

●       Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, бага орлоготой болон эмзэг бүлгийн хэрэглэгчдэд зориулсан ногоон санхүүжилтийн бүтээгдэхүүнийг илүү урт хугацаатай, хүртээмжтэй нөхцөлөөр санал болгох боломж нэмэгдэж буй давуу талтай юм.

Санхүүжүүлэх төслүүдийн байгаль орчин, нийгмийн эрсдэлийг урьдчилан үнэлэх, санхүүжилтийн ашиглалтыг хянах, эрчим хүч, хүлэмжийн хийн ялгарал болон нийгмийн бодит үр нөлөөг тайлагнах тогтолцоотой аж.

, ,

-СОР17 БАГА ХУРАЛ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ- Цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар дэлхийн 197 орны зочид төлөөлөгчид оролцож буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өнөөдөр нээлтээ хийж, Монгол Улсын төрийн далбаа, НҮБ-ын далбааг мандуулах ёслол боллоо. Нээлтийн ажиллагааг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нээж хэлсэн үгэндээ, “Бид дэлхий гэх нэгэн гэр оронтой нэгэн гэр бүл. Та бид хэл соёл, үндэс угсаа, шашин шүтлэг өөр боловч эх дэлхийдээ энх мөнх орших хүсэл зорилго нэг билээ. Монгол Улс шиг далайд гарцгүй хөгжиж буй орны хувьд ногоон шилжилт нь бидний эдийн засгийг боомилж буй суурь асуудал болох түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах гарц юм” гээд “Шинжлэх ухаан, технологи, инновацыг бодит шийдэл, бодит хөрөнгө оруулалт болгон хувиргахыг уриалж байна” хэмээлээ. Өнөөдөр дэлхийн хуурай газрын 40 хувь нь доройтолд өртсөн бөгөөд өргөн уудам нутагтай Монгол Улсын хувьд эрсдэл өндөр. Тиймээс энэхүү сорилтыг шийдвэрлэхийн тулд хоёр долоо хоног үргэлжлэх бага хурлаар дэлхийн 197 орны төлөөлөгчид хамтран газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх, цөлжилттэй тэмцэх зорилтыг бодит үйл хэрэг болгохын төлөө нэгдэх юм. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны дэд хорооноос бага хурлын харилцаа холбоо, мэдээллийн технологийн систем, кибер аюулгүй байдлыг хариуцан ажиллаж байна. Энэ хүрээнд: -Дотоодын болон олон улсын харилцаа холбооны сувгийг тасралтгүй байлгах -Хэвлэл мэдээллийн шууд дамжуулалтын техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдал -Бага хуралд ашиглах видео, аудио системүүдийг бэлтгэх, шууд дамжуулалтын ажлын бэлэн байдал -Цэнхэр болон Ногоон бүсийн өндөр хурдны интернэтийн холболт -Оролцогчдын бүртгэл, мэдээллийн систем-Веб платформ -Оролцогчдын бүртгэл, мэдээллийн систем-Гар утасны аппликейшн Кибер аюулгүй байдлыг хангах хүрээнд: -Хурлын үеийн серверийн орчин, файлын сангийн аюулгүй байдлыг хангах -Мэдээллийн систем, сүлжээний аюулгүй байдлыг хангах -Кибер халдлага, мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Бага хурлын хүрээнд ЦХИХХЯ-наас хоёр томоохон арга хэмжээг зохион байгуулна. Тодруулбал, 2026 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “Ногоон хиймэл оюун, дижитал шилжилт болон шинжлэх ухаан” сэдэвт тусгай арга хэмжээг Мэдээллийн технологийн үндэсний парк, Шинжлэх ухааны академи, И Монгол академитэй хамтран “Монгол Улсын өргөө”-нд зохион байгуулах юм. Түүнчлэн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин “Хиймэл оюунд суурилсан “Ногоон дата төв”-ийн төслийг 2026 оны 08 дугаар сарын 25-нд танилцуулна. Монгол Улс хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв”-ийг хөгжүүлснээр: -Дижитал бие даасан байдал буюу Монгол Улс өгөгдөл хадгалалт, хиймэл оюуны тооцоолол, дижитал үйлчилгээний үндсэн дэд бүтцээ дотооддоо бий болгох -Монголын давуу талыг эдийн засгийн боломж болгох, сэрүүн уур амьсгал, нар салхины арвин нөөц, өргөн газар нутаг, стратегийн байршлыг дата төвийн хөгжлийн давуу тал болгон ашиглах -Бүс нутгийн шинэ төв. Зөвхөн дотоодын хэрэгцээг хангах бус, олон улсын технологийн компани, хөрөнгө оруулагчдыг татаж, Зүүн Хойд Азийн AI сургалт, өндөр хүчин чадлын тооцоолол, өгөгдөл хадгалалтын төв болох зорилтыг тус, тус хэрэгжүүлнэ.

Засгийн газрын “Чөлөөлье” Үндэсний санаачилгын хүрээнд “Моннис” групп 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх боломжтой “Ногоон өртөө”-г Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн авто зогсоолын талбайд ашиглалтад орууллаа. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Засгийн газрын гишүүд, нийслэлийн төлөөлөл оролцов.


Ерөнхий сайд Н.Учрал хэлсэн үгэндээ, “9 дүгээр сар гарахаас өмнө ойрын хугацаанд 36 ногоон өртөө ашиглалтад оруулна. Цаашдаа 500 цэнэглэгчтэй үндэсний сүлжээ байгуулна. Төр хувийн хэвшлийг бүх талаар дэмжинэ. Саад болохгүй. Ногоон чөлөөлөлт түлш эрчим хүчний хараат байдлыг бууруулахад чиглэж байна. Мөн айл өрхүүд сэргээгдэх эрчим хүч ашиглаж, илүү гарсан эрчим хүчээ улсад нийлүүлж 400 сая гаруй төгрөгийн орлого олсон” гэв.

“Моннис” группийн Ерөнхийлөгч, ТУЗ-ийн дарга Б.Чулуунбаатар, цахилгаан машин  шатахуунд зарцуулах зардлыг 90 хувь бууруулна. Манай групп цаашид ч ногоон өртөө байгуулахад тэргүүн эгнээнд манлайлж, ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

“Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд тавдугаар сард Булган аймагт анхны “Ногоон өртөө” үүдээ нээсэн. Мөн хувийн хэвшил наймдугаар сарын 7–9-ний өдрүүдэд Улаанбаатар–Замын-Үүд–Улаанбаатар чиглэлийн 1,400 километр орчим авто замд хүнд даацын бүрэн цахилгаан автомашинаар ачаа тээвэрлэж туршаад байгаа аж.

Засгийн газар түлш шатахууны асуудлыг шийдвэрлэх хүрээнд дараах ажилд онцгой анхаарч байна.

Үүнд:

-Нэгдүгээрт, шатахууны нийлүүлэлт, нөөцийн савны асуудлыг шийдвэрлэж байгаа

-Хоёрдугаарт, олон жил яригдсан Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг гацаанаас гаргаж, 2028 онд ашиглалтад оруулах

-Гуравдугаарт, тээвэр, уул уурхайн салбарт ногоон шилжилт бий болгож байна.

Тухайлбал, цахилгаан автомашин худалдан авах иргэн, аж ахуйн нэгжүүдэд зориулсан ногоон зээлийн хүүг 4–6 хувиар бууруулж, хугацааг 60 сар хүртэл нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Бүрэн цахилгаан автомашинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх зохицуулалт хэрэгжүүлж эхэллээ.

 -СОР17 БАГА ХУРАЛ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ-

Цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар дэлхийн 197 орны зочид төлөөлөгчид оролцож буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өнөөдөр нээлтээ хийж, Монгол Улсын төрийн далбаа, НҮБ-ын далбааг мандуулах ёслол боллоо.

Нээлтийн ажиллагааг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нээж хэлсэн үгэндээ, “Бид дэлхий гэх нэгэн гэр оронтой нэгэн гэр бүл. Та бид хэл соёл, үндэс угсаа, шашин шүтлэг өөр боловч эх дэлхийдээ энх мөнх орших хүсэл зорилго нэг билээ. Монгол Улс шиг далайд гарцгүй хөгжиж буй орны хувьд ногоон шилжилт нь бидний эдийн засгийг боомилж буй суурь асуудал болох түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах гарц юм” гээд “Шинжлэх ухаан, технологи, инновацыг бодит шийдэл, бодит хөрөнгө оруулалт болгон хувиргахыг уриалж байна” хэмээлээ.

Өнөөдөр дэлхийн хуурай газрын 40 хувь нь доройтолд өртсөн бөгөөд өргөн уудам нутагтай Монгол Улсын хувьд эрсдэл өндөр. Тиймээс энэхүү сорилтыг шийдвэрлэхийн тулд хоёр долоо хоног үргэлжлэх бага хурлаар дэлхийн 197 орны төлөөлөгчид хамтран газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх, цөлжилттэй тэмцэх зорилтыг бодит үйл хэрэг болгохын төлөө нэгдэх юм.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны дэд хорооноос бага хурлын харилцаа холбоо, мэдээллийн технологийн систем, кибер аюулгүй байдлыг хариуцан ажиллаж байна.

Энэ хүрээнд:

-Дотоодын болон олон улсын харилцаа холбооны сувгийг тасралтгүй байлгах

 -Хэвлэл мэдээллийн шууд дамжуулалтын техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдал

-Бага хуралд ашиглах видео, аудио системүүдийг бэлтгэх, шууд дамжуулалтын ажлын бэлэн байдал

-Цэнхэр болон Ногоон бүсийн өндөр хурдны интернэтийн холболт

-Оролцогчдын бүртгэл, мэдээллийн систем-Веб платформ

-Оролцогчдын бүртгэл, мэдээллийн систем-Гар утасны аппликейшн

Кибер аюулгүй байдлыг хангах хүрээнд:

-Хурлын үеийн серверийн орчин, файлын сангийн аюулгүй байдлыг хангах

-Мэдээллийн систем, сүлжээний аюулгүй байдлыг хангах

-Кибер халдлага, мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Бага хурлын хүрээнд ЦХИХХЯ-наас хоёр томоохон арга хэмжээг зохион байгуулна. Тодруулбал, 2026 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “Ногоон хиймэл оюун, дижитал шилжилт болон шинжлэх ухаан” сэдэвт тусгай арга хэмжээг Мэдээллийн технологийн үндэсний парк, Шинжлэх ухааны академи, И Монгол академитэй хамтран “Монгол Улсын өргөө”-нд зохион байгуулах юм.

Түүнчлэн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин “Хиймэл оюунд суурилсан “Ногоон дата төв”-ийн төслийг 2026 оны 08 дугаар сарын 25-нд танилцуулна.

Монгол Улс хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв”-ийг хөгжүүлснээр:

-Дижитал бие даасан байдал буюу Монгол Улс өгөгдөл хадгалалт, хиймэл оюуны тооцоолол, дижитал үйлчилгээний үндсэн дэд бүтцээ дотооддоо бий болгох

-Монголын давуу талыг эдийн засгийн боломж болгох, сэрүүн уур амьсгал, нар салхины арвин нөөц, өргөн газар нутаг, стратегийн байршлыг дата төвийн хөгжлийн давуу тал болгон ашиглах

-Бүс нутгийн шинэ төв. Зөвхөн дотоодын хэрэгцээг хангах бус, олон улсын технологийн компани, хөрөнгө оруулагчдыг татаж, Зүүн Хойд Азийн AI сургалт, өндөр хүчин чадлын тооцоолол, өгөгдөл хадгалалтын төв болох зорилтыг тус, тус хэрэгжүүлнэ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2025 он.