Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Саудын Арабын Хаант Улсын “Аква повер” компанийн төлөөлөн Удирдах зөвлөлийн тэргүүн Мохаммад Абунаяан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Мохаммад Абунаяан Саудын Арабын Хаант Улсын Угсаа залгамжлах Ханхүү бөгөөд Ерөнхий сайд Мохамед Бин Салман-аас Ерөнхий сайд Г.Занданшатарт мэндчилгээ дэвшүүлснийг дамжууллаа.

Тэрбээр сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. “Аква повер” компани нь Ойрх дорнод, Африк, Төв Ази, Зүүн өмнөд Азийн 10 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг, эрчим хүчний үйлдвэрлэлээрээ дэлхийд эхний тавд багтдаг ажээ. 2030 онд БНХАУ-д 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, эрчим хүчний зах зээлд байр сууриа тэлэхээр зорьж байгаа ажээ.

Монгол Улсын Засгийн газрын эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэх бодлогын хүрээнд эрчим хүчний нөөцийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлээд сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй учраас манай компанийн сонирхлыг татаж байна. Монгол Улс дотоодын эрчим хүчээ хангаад зогсохгүй экспортлогч улс орон болох зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжиж ажиллах сонирхолтой байна. Орчин цагт AI буюу дата өгөгдлийн хэрэгцээ эрс нэмэгдэж байгаа нь эрчим хүчний хэрэглээг улам тэлж байна. Монгол Улсад хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулагчид эрчим хүчний нөөц боломжийг судалж байна. Шадар сайд Т.Доржханд болон түүний багтай хамтран сэргээгдэх эрчим хүчний үйлдвэр байгуулахаар судалгаа хийгээд байгаа талаараа Мохаммад Абунаяан танилцууллаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэнд талархан дэмжиж байна. Манай улс сэргээгдэх эрчим хүч, нар, салхины эрчим хүчний арвин нөөцтэй. Тиймээс эрчим хүч дамжуулах дэд бүтцийг байгуулах, эрчим хүч экспортлох төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулагч талуудтай хамтран ажиллах боломжтой гэлээ. Улмаар Саудын Арабын Хаант Улс болон Монгол Улсын Засгийн газрын хооронд сэргээгдэх болон ногоон эрчим хүчний чиглэлд хамтран ажиллах асуудлыг харилцан зөвшилцөж, хамтын ажиллагааг дараагийн түвшинд гаргах чиглэлээр санаачилга гаргаж Санамж бичиг байгуулах ажлыг Шадар сайд Т.Доржханд хариуцан ажиллаж байгааг онцоллоо.

Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа. Энэхүү хариуцлагын гэрээ нь 4 зүйл, 22 заалттай бөгөөд Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж, гэрээний биелэлтийг жил бүр 12 дугаар сарын 31-ний дотор багтаан дүгнэж байх юм.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Монгол Улсын Үндсэн хуульд “ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан. Үндсэн хуулийн энэхүү зарчмыг Монгол Улсын иргэн хэн бүхэн чанд мөрдөх ёстой бөгөөд миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд хүн төвтэй хөгжил, ёс зүйт төр, “Нэг бодлого-нийтийн зүтгэл” уриаг төр, түмний төлөөх их үйл хэрэгт үндсэн чиг шугамаа болгож, эв нэгдэл, итгэлцэл дээр суурилан ажиллахын тулд Засгийн газрын гишүүдтэйгээ хариуцлагын гэрээ байгуулж байна. Ерөнхий сайдын хувьд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгуулж ажиллах зарчим олон улсад төдийгүй, манай улсад ч жишиг болсон бөгөөд энэ нь хууль хүн бүхэнд тэгш үйлчлэх, шударга ёсыг тогтоох, иргэддээ тэгш боломж олгох, хууль дээдлэх, ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэн сахих үлгэрлэл болно” гэв.

Монгол Улсын хууль, тогтоомжийг зөрчсөн буюу төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, Ерөнхий сайдын бодлого, шийдвэрийн эсрэг үйлдэл гаргасан болон танхимын зарчим баримталж ажиллагаагүй тохиолдолд сахилгын шийтгэл хүлээлгэх, эсхүл Засгийн газрын гишүүнээс огцруулах хариуцлагын арга хэмжээг авах болно гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

“Уул уурхайн 7 хоног-2025” олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн Налайхад эхэллээ. Дөрөвдэх жилдээ уламжлал болж буй “Mining Week & MinePro 2025” арга хэмжээ энэ жил “Эрдэс баялгийн салбарын шинэ мөчлөг: Хөрөнгө оруулалт ба хариуцлагатай уул уурхай” уриан дор болж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар энэхүү арга хэмжээ нь зөвхөн уул уурхайн салбарын мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт төдийгүй Монгол Улс болон олон улсын түнш, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааны шинэ боломжийг нээх стратегийн чухал платформ, индэр юм гэдгийг тодотголоо.

Уул уурхай салбар манай улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болж байна. Цаашид зөвхөн олборлолт биш, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, технологи, инновац нэвтрүүлж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх нэн шаардлагатай байгааг Ерөнхий сайд тэмдэглээдЗасгийн газар “Ногоон хөгжил”, “Цахим шилжилт” “Тогтвортой, хариуцлагатай уул уурхай”-н бодлого хэрэгжүүлж, ил тод, хариуцлагатай, нээлттэй байдлыг эрхэмлэн, бүсчилсэн хөгжил, орон нутгийн иргэдийн эрх ашгийг тэргүүлэх зорилт болгон ажиллаж байна гэв.

Мөн Засгийн газар “Digital First” бодлогын хүрээнд уул уурхайн салбарт “Их өгөгдөл, хиймэл оюун ухаан”-ыг хослуулан ашиглах, бүтээмжийг нэмэгдүүлэх, геологи, хайгуул, олборлолтод инновац, цахим шийдлийг хурдтай нэвтрүүлэхийг зорьж байна. Монгол Улс “Mining & AI” санаачилга дэвшүүлж, уул уурхай, технологийн салбарын мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахаа тэмдэглээд энэ чиглэлийн бодит төсөл, хөтөлбөрүүдийг харилцан ашигтай хамтран хэрэгжүүлэхийг уриаллаа.

Уул уурхайн салбар бол ойрын ирээдүйн хөгжлийн нэг тулгуур мөн. Гэхдээ бид өнөөдрийн үр ашгаас илүү ирээдүй хойч үедээ тогтвортой хөгжил үлдээх үүрэгтэй. Үндэсний баялгийн сангийн тогтолцоог улам сайжруулж, уул уурхайн орлогоо эрүүл мэнд, боловсрол, орон сууц зэрэг хүний хөгжлийг дэмжих чиглэлд үр дүнтэй зарцуулж, иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулахнь манай Засгийн газрын хамгийн том мега төсөл юм гэдгийг Ерөнхий сайд онцлоод Засгийн газрын тэргүүлэх чиглэл болох “Цахим шилжилт”, “Хүний хөгжил”, “Ногоон хөгжил” болон бүтээмжийг сайжруулах чиглэлийн бодлого, зорилтуудыг уул уурхайн салбарын бодлого, үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын бодлоготой нягт уялдуулж, үр дүнтэй хамтран ажиллахыг хүслээ. Мөн Засгийн газар бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр бүх талаар харилцан ашигтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

У.Бямбасүрэн: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоох шалтгаан болсон нөхцөл байдал арилж байна

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны долоодугаар сарын 09-ний 26 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, тус компанид Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг томилон ажиллуулж буй.

2025 оны эхний хагас жилд “Эрдэнэс Тавантолгой” ХК сар бүр дунджаар 1.7 сая тонн нүүрс борлуулж байсан бол онцгой дэглэм тогтоосны дараа буюу долоо болон наймдугаар сард энэ үзүүлэлт 2.7 сая тонн болж, өмнөх дундажтай харьцуулахад 1.6 дахин өсжээ. Үүнээс наймдугаар сард биржээр 26 удаагийн дуудлага худалдаагаар 116.6 сая ам.долларын үнэлгээ бүхий 2.1 сая тонн нүүрс арилжаалж, биржийн нүүрсний экспорт 739 мянган тонн болж өмнөх сараас хоёр дахин өссөн байна. Онцгой дэглэмийн хугацаанд тээврийн үйл ажиллагааг оновчлох замаар худалдан борлуулсан нүүрсийг хүргэж өгөх хугацааг 2-3 дахин бууруулжээ. 2023, 2024 онд байгуулсан боловч хэрэгжилт нь зогссон байсан 29 гэрээнээс 11-ийг шийдвэрлэж, хэрэгжилтийг хангуулж байна.

Засгийн газрын 2025 оны 26 дугаар тогтоол, Ерөнхий сайд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллах үеэр өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, олборлолт, тээвэр, борлуулалт болон бусад үйл ажиллагааг сайжруулах гэсэн дөрвөн чиглэлээр төлөвлөгөө батлан хэрэгжүүлж байна. Онцгой дэглэм тогтоосон эхний хоёр сарын хугацаанд төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажилласнаар сарын дундаж борлуулалт 1.6, биржийн гэрээний тээвэрлэлт 1.5, экспорт 1.2, орлого 1.3, олборлолт 1.1 дахин тус тус нэмэгдэж онцгой дэглэм тогтоох шалтгаан болсон нөхцөл байдал үндсэндээ арилж байна гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК дахь Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн мэдээллээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн явц, хийгдсэн ажил, үр дүнгийн талаарх танилцуулгатай холбогдуулан биржээр өмнө нь өндөр үнээр худалдан авсан нүүрсний ачилтаа зогсоож, гэрээний үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа худалдан авагчидтай хийж байгаа хэлцлийг эрчимжүүлэх, биржийн арилжаа, ачилтыг нэмэгдүүлэх болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг жигдрүүлэх, компанийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг “Эрдэнэс Тавантолгой” ХК дахь Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч У.Бямбасүрэнд үүрэг болголоо.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Хам баяжуулалтын 2 ба 3 дугаар секцийн өргөтгөлийг ашиглалтад хүлээн авах үйл ажиллагаанд оролцлоо.

Эрдэнэт үйлдвэрийн баяжуулах үйлдвэрт хүдэр бэлтгэх технологийн дамжлага өөрөө нунтаглах хэсэг болон хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамаар явагддаг. Дээрх хоёр дамжлагаар тус бүр жилд 20 сая тонн хүдэр боловсруулахаар өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эхлүүлжээ. 1978 онд ашиглалтад орсон хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамыг шинэчлэх ажил ид явагдаж байна. Харин хүдэр бэлтгэлийн хоёрдугаар шугам буюу өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл, шинэчлэлийн ажлыг өнгөрсөн онд дуусгаж, ашиглалтад оруулжээ. Үргэлжлээд баяжуулалтын секцүүдийн шинэчлэлийн ажлыг амжилттай хийж, Хам баяжуулалтын 2 ба 3 дугаар секцийг бүрэн шинэчилж өнөөдөр ашиглалтад хүлээн авлаа.

Шинэчлэгдсэн 2 болон 3 дугаар секцээр жилд 12 сая тонн хүдэр баяжуулна. Ингэснээр Баяжуулах үйлдвэрийн суурилагдсан хүчин чадал жилд 40 сая тонн болж нэмэгдэж байна. Баяжуулалтын секцүүдийг шинэчлэснээр хүдэр баяжуулах зардлыг 10 хувиар бууруулж байна. Төслийн үр дүнд туршилтын хугацаанд зөвхөн эрчим хүчний зардлаас 900 орчим сая төгрөг хэмнэжээ.

Төслийн зураг төслийг боловсруулах, барилга угсралт, ашиглалтад оруулах хүртэлх бүх ажлыг Эрдэнэт үйлдвэрийн инженер, техникийн ажилтнууд, уурхайчид хийжээ.

Баяжуулалтын секцүүдийг шинэчлэснээр хүдэр баяжуулах зардлыг 10 хувиар буууруулж, технологийн үзүүлэлтийг дээшлүүлж буй нь өндөр үр ашигтай юм гэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн ерөнхий инженер Т.Батмөнх ярилаа. Мөн ОХУ-ын РИВС фирмийн 96 ширхэг хөвүүлэн баяжуулах машиныг шинэчлэл хийснээр АНУ-ын FLSmidth компанийн WEMCO брэндийн 22 ширхэг өндөр хүчин чадалтай флотомашинаар шинэчилж, цахилгаан эрчим хүчний зардлыг 15-20%-иар бууруулж, жилд 2 тэрбум төгрөг хэмнэнэ. Зэсийн металл авалтыг 0.01%-иар нэмэгдүүлснээр, жилд 1.4 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олох боломж бүрдэж байна. Түүнчлэн өргөтгөл, шинэчлэлийн үр дүнд сүүлийн зургаан сарын хугацаанд зөвхөн эрчим хүчний зардлаас 900 орчим сая төгрөг хэмнэжээ. Баяжуулах үйлдвэрийн Хам баяжуулалт хүдэр боловсруулах зургаан секцтэй. Дараагийн ээлжид 4.6.1 дүгээр секцийг шинэчлэхээр төлөвлөөд байна.

Орхон аймгийн Баян Өндөр, Жаргалант сумдын нутагт хайгуулын үр дүнд Оюут нэртэй шинэ орд газрыг нээлээ. Хайгуулын урьдчилсан үр дүнгээр 357 сая тонн хүдрийн нөөцтэй гэж тогтоогоод байна. Энэ нь улсын төсвийн хамгийн том түшиг, тулгуур болсоор ирсэн Эрдэнэт шиг том шинэ орд нээгдэж, монголчуудад ахуй амьдралаа дээшлүүлэх, ашиг орлогоо нэмэх, хөгжил дэвшлийг хурдасгах шинэ боломж гарч байна гэсэн үг юм. Ерөнхий сайд Г.Занданшатар Оюут ордыг түшиглэн жилд 5-10 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэр барих ТЭЗҮ боловсруулах үүрэг даалгавар өглөө. Энэ тооцооллоор авч үзвэл Оюут ордыг 30-35 жил ашиглах юм. Эрдэнэт үйлдвэрийн геологичид хайгуулын ажлыг бие даан гүйцэтгэжээ. Ордыг ашиглах зураг төсөл болон бүтээн байгуулалтад тус үйлдвэрийн шилдэг инженерүүд ажиллана.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Оюут зэсийн шинэ ордыг нээж, ашиглалтад бэлтгэх үйл ажиллагаанд өнөөдөр /2025.09.07/ оролцлоо. Тэрбээр “Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, иргэн бүрд тэгш, шударга хүртээх талаар Үндсэн хуулиараа баталгаажуулсан. Үндсэн хуулийн 2019 оны энэхүү өөрчлөлтийн дагуу иргэн бүр өөрийн дансандаа хуримтлал үүсгэж, хэрэгцээндээ тохируулан зарцуулах боломж нээгдэж байна.Цаашид шинэ орд, хүдэржилтийн бүс илрэх магадлал бүхий талбайд аливаа төлөвлөлт, бүтээн байгуулалтыг оролцогч талуудтай нягт харилцан ярилцаж, орон нутаг, нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран ажиллаж хэрэгтэй. Монгол хүн уул уурхайн салбарт хэрхэн мэргэшиж, мэдлэг, туршлага, ур чадвартай мэргэжилтэн болдгийг Эрдэнэт үйлдвэрийн жишээн дээр харж болно” гэв.

Оюут орд нь Эрдэнэтийн Овоо ордоос 8 км, Үйлдвэрлэл технологийн паркийн дэд бүтцээс 3 км орчим зайд оршиж байгаа нь нэн таатай орчин нөхцөл юм. Оюут зэсийн ордыг нээснээр Үндэсний баялгийн сан арвижиж, үйлдвэр дагасан Эрдэнэт хот, Орхон аймаг, Хойд бүс цаашлаад Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд том түлхэц болно.

Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийн нээлтэд оролцлоо.

Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт амьдарч буй 525 мянган хүний 10 гаруй хувь нь хавдрын хяналтад байна. Мөн энэ бүс нутагт хавдраар жилд 900 гаруй хүн нас бардаг. Мөн жилд 580 орчим хүн өвдөх эрсдэлтэй гэсэн судалгааг ХСҮТ-өөс гаргажээ. Эдгээр баримт нь хойд бүс хавдрын өвчлөлөөр нэгдүгээрт, нас баралтаар хоёрдугаарт бичигдэж буйг илэрхийлнэ. Энэ бүс нутагт хавдраар өвдсөн иргэдийн 71.3 хувь нь хожуу шатандаа оношлогдож байгаа юм.

Тиймээс Засгийн газар өнгөрсөн наймдугаар сарын 06-нд Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв байгуулах шийдвэр гаргасан. Энэ дагуу 2025.09.07-ны өдөр Эрдэнэт хотод дэд төвийн үйл ажиллагааг нээлээ. Ингэснээр хойд бүсийн иргэд нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээг орон нутагтаа хийлгэх боломжтой боллоо.

Тус дэд төв эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээ гээд цогц үйлчилгээ үзүүлнэ. Тухайлбал эмэгтэйчүүд, элэгний болон хөхний хорт хавдрын мэс засал хийхэд бэлэн болжээ. Одоогоор хоёр MRI болон томографийн аппарат суурилуулжээ. Цаашид үе шаттайгаар нарийн мэргэжлийн тоног төхөөрөмжөөр хангахаар төлөвлөсөн байна.

Хүний нөөцийн хувьд 177 орон тоотой. Хавдар судлалын үндэсний төвөөс 10 эмч ирж, ажиллана. 35 хүн хэвтүүлэн эмчлэх боломжтой төдийгүй өдрөөр 30 хүнд химийн эмчилгээ хийнэ. Түүнчлэн амбулаториор өдөрт 500 хүнд үйлчлэх хүчин чадалтай.

Хойд бүсэд хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв байгуулагдсанаар Хавдар судлалын үндэсний төвийн ачаалал 16 хүртэл хувиар буурах юм байна. Мөн хувь хүн, гэр бүлд ирэх санхүүгийн дарамт буурах, цаг хугацаа хэмнэх давуу тал бий болж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Г. Занданшатар Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Мануэла В.Феррог /2025-09-02/ хүлээн авч уулзлаа.

Дэлхийн банк 1991 оноос хойш 34 жилийн хугацаанд Монгол Улсын нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан хамтран ажиллаж, олон төсөл хөтөлбөр санхүүжүүлж ирсэнд Ерөнхий сайд талархал илэрхийллээ.

Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх зорилтуудын талаар танилцууллаа. Засгийн газар хүний хөгжлийг бодлогын цөм болгон авч үзэхийн зэрэгцээ ногоон шилжилт, цахим шилжилт, төрийн бүтээмж, татварын шинэчлэл зэрэг асуудлыг тэргүүлэх зорилт болгон ажиллаж байгааг Ерөнхий сайд онцоллоо. Мөн уул уурхайн салбараас хамааралтай байдлыг багасгаж эдийн засгийг төрөлжүүлэхийн тулд хувийн хэвшлийг бодлогоор дэмжиж, экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхээр зорьж байна гэв.

Хатагтай Мануэла В.Ферро Ковид-19 цар тахлын дараа Монгол Улс эдийн засгаа түргэн хугацаанд сэргээсэн амжилтыг онцлоод, сүүлийн жилүүдэд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд ахиц гарч буйг тэмдэглэлээ. Мөн Эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд хөдөө аж ахуй, тэр дундаа ноос, ноолуурын салбараа хөгжүүлэх хэрэгтэй бөгөөд сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлалын салбар ч чухал гэдгийг онцоллоо.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, иргэдийн амьдралын чанарыг сайжруулахын тулд орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлсэн санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд Г. Занданшатар онцоллоо. Энэ чиглэлд Дэлхийн банк Монгол Улсыг дэмжиж ажиллах саналыг Ерөнхий сайд тавьсан бөгөөд Дэлхийн банкны зүгээс хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Алтанбулаг хилийн боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын нээлтэд оролцлоо.

Тус боомтоор жилд 600-900 мянган зорчигч, 200-400 мянган тээврийн хэрэгсэл зорчиж байсан одоо 1.5-2 сая зорчигч, 600-800 мянган тээврийн хэрэгсэл хүлээн авах боломжтой боллоо. Өдөрт нэвтрэх зорчигчдын тоо гурав дахин, ачаа тээврийн урсгал дөрөв дахин нэмэгдэж байна.

1933 онд байгуулагдсан тус боомтын шинэ бүтээн байгуулалтад 14.9 тэрбум төгрөгөөр 1.7 км тусгаарлах зурвастай авто зам, 7,000 м² талбай бүхий авто зогсоол, 30,000 м² доторх талбай, иж бүрэн инженерийн шугам сүлжээ барьжээ. Мөн 7.8 сая ам.долларын санхүүжилтээр олон улсын стандартын боомтын барилга, ногоон байгууламж, ухаалаг цахим гарц, хяналтын рентген болон лабораторийн иж бүрдлийг бүрэн ашиглалтад оруулж, зорчигч тээврийн 19, ачаа тээврийн 18, дэд бүтцийн таван барилга, 6000 м2 ногоон байгууламж байгуулжээ.

Энэхүү бүтээн байгуулалт нь улсын төсөвт дарамт учруулахгүйгээр олон улсын түншлэлийг ашиглан (Азийн хөгжлийн банкны нэн хөнгөлөлттэй зээл) хөрөнгө оруулалт татаж, эдийн засгийн өсөлтөд шууд хувь нэмрээ оруулж буй бодит жишээ болж байгааг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Монгол Улс Евразийн 183 сая хүн, 2.4 их наяд долларын зах зээлд нэвтрэх, экспортын төрлийг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд Алтанбулаг боомт тэргүүлэх үүрэг гүйцэтгэж, Монгол Улс бүс нутгийн тээвэр, логистикийн гол тоглогч болоход чухал хувь нэмэр үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Засгийн газрын тэргүүн илэрхийлэв.

Ерөнхий сайд Г.Занданшатар Сэлэнгэ аймгийн тариалан эрхлэгчидтэй уулзаж, ургацын байдал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. Өнгөрсөн зун хур бороо багатай, тус аймгийн ихэнх сум гандуу байгаа учраас тариалалтын хэмжээ багасахаар байгааг тариалан эрхлэгчид хэлээд, Засгийн газраас дэмжлэг хүслээ. Газар тариалангийн бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг, үр тариа, улаанбуудай удаан хугацаагаар хадгалах агуулах сав, шатахуун түлшний бүрдүүлэлтэд дэмжлэг үзүүлэх болон энэ салбарт ажиллах хүний нөөц дутмаг болсон зэрэг асуудлыг Ерөнхий сайдад хэллээ.

Тариалалтад шаардагдах шатах тослох материалын нөөц бүрдүүлж цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангахыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, Зам, тээврийн сайд нарт үүрэг болголоо. Мөн ургац хураалтад их сургууль болон МСҮТ-ийн оюутнууд, цэргийн алба хаагчид, сонсогчдыг оролцуулж, тэдний эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайтар анхаарч ажиллахыг үүрэг болгов. Энэ жил ХАА-н салбарт 800 тэрбум төгрөгийн эргэлтийн хөнгөлөлттэй зээл олгосон. Хөнгөлөлттэй зээлийг үргэлжлүүлэн олгох бодлого баримтална гэдгээ ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр хэллээ. Атрын дөрөвдүгээр аяны хүрээнд тариалалтын талбайн хэмжээг 200 мянган га-гаар нэмэгдүүлэх  шаардлагатай.  Одоогоор 70 мянган га-аар нэмэгдүүлжээ.

Энэ оны эхний хагас жилийн дүнгээр манай улсын эдийн засаг 5.6 хувиар өссөн. Энэ өсөлтөд хөдөө аж ахуйн салбар дангаараа 3.6 хувийн  өсөлт үзүүлжээ. Энэ онд тус салбарт 58 мянган ажлын байр нэмэгдсэн байна. Оны сүүлч гэхэд ХХААХҮ-ийн салбар тэрбум долларын экспорт хийж, Эрдэнэт үйлдвэрийн борлуулалтын хэмжээнд хүрэх зорилттой ажиллаж буй ажээ.

Тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтээ аймгийн ИТХ-аар хэлэлцээд, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг орон нутгийн удирдлагуудад Ерөнхий сайд үүрэг болголоо. Энэ оны аравдугаар сарын 25 хүртэл тариалангийн талбайгаас 500 метрийн зайд мал бэлчээх, оторлох, намаржаа, өвөлжөөнд буулгахгүй байх зохицуулалт хийхийг сумдын Засаг дарга нарт чиглэл болгож, шуурхай зохион байгуулахыг даалгав.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2025 он.