
“Төрийн албаны сахилга, дэг журам, хариуцлагыг чангатгах, бүтээмжийг сайжруулах тухай” Ерөнхий сайдын 2025 оны 01 дүгээр албан даалгаварт Төрийн болон албаны нууцын тухай хуулийн дагуу нууцад хамааруулах шаардлагагүй мэдээллийг зохих журмын дагуу ил болгох, Ерөнхий сайдын 2025 оны 64 дүгээр захирамжаар баталсан “Авлигатай тэмцэх, авлига, албан тушаалын гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд төрийн байгууллагын албаны нууцтай холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгох арга хэмжээг тус тус хэрэгжүүлэхээр тусгасан.
Дээрх арга хэмжээний хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан бөгөөд Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 10:00 цагт “Пума Империал” зочид буудлын “Империал холл” танхимд зохион байгуулах тул иргэд, олон нийт та бүхнийг тус хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна.


