Монгол-Солонгосын стратегийн IV форум Төрийн ордонд боллоо. Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал нээж үг хэлэв. Тэрбээр Монгол-Солонгосын стратегийн IV форумд оролцогчдод илгээсэн Ерөнхий сайд Г.Занданшатарын мэндчилгээг сонордуулсан юм.

Ерөнхий сайд мэндчилгээндээ “Энэхүү форум нь хоёр орны стратегийн түншлэлийн чиг хандлагыг тодорхойлох, хамтын ажиллагааны шинэ боломж, нөөцийг нээн тодорхойлох, хэлэлцэх онцгой ач холбогдолтой. Эдийн засгийн уялдаа холбоо, ногоон эрчим хүч, дижитал шилжилт, боловсролын солилцоо бол бидний ирээдүйн хамтын ажиллагааны гол тулгуур байх учиртай. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцөө бүс нутагт түгээх, Солонгосын дэвшилтэт технологи, хөрөнгө оруулалттай уялдуулан хэрэгжүүлэх бодлого баримталж байна. Энэ нь зөвхөн хоёр орны төдийгүй, Зүүн хойд Азийн эрчим хүчний аюулгүй байдалд чухал хувь нэмэр оруулна” хэмээн онцолжээ.

Монгол-Солонгосын стратегийн IV форумаар “Сэргээгдэх эрчим хүч, төвлөрсөн дулаан хангамж”, “Экологийн нөхцөл байдал болон уур амьсгалын өөрчлөлт” гэсэн хоёр үндсэн сэдвийн хүрээнд Монголын макро эдийн засгийн бодлого, хөрөнгө оруулалтын орчны тухай, Сэргээгдэх эрчим хүчний өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, “Тэрбум мод” Үндэсний хөтөлбөрийн төлөвлөлт, хэрэгжилт, Шороон болон элсэн шуурганаас үүдэлтэй хөрсний доройтлын эсрэг экологийн нөхөн сэргээлт хийхэд тулгарч буй бэрхшээл, сургамж, Хөвсгөл аймгийн эрчим хүчний эх үүсвэрийн өнөөгийн нөхцөл болон цахилгаан хангамжийн тухай, Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хэмжээ нь буурч буй Солонгосын мөнх ногоон шилмүүст ой мод болон дасан зохицох арга хэмжээ зэрэг сэдвээр хоёр улсын төрийн захиргааны төв байгууллага болон их сургуулийн судлаачид, эрдэмтэд илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Хэлэлцүүлгийн үеэр Монголын эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага, сэргээгдэх эрчим хүчний нөөц, эрчим хүч экспортлох боломж, сэргээгдэх эрчим хүчний салбар дахь БНСУ-ын туршлага, өндөр технологийг нэвтрүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, экологийн доройтлын эсрэг хоёр улсын төрийн болон төрийн бус байгууллагуудын түвшинд хамтарч ажиллаж буй туршлага, цаашдын боломжуудын талаар ярилцав.

Форумд оролцсон БНСУ-ын төлөөлөгчид экологийн доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийн тулд дундын платформ буюу Төрийн бус байгууллагуудын сүлжээ байгуулах санал гаргасныг оролцогчид дэмжлээ. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын XVII бага хурал 2026 оны наймдугаар сард Монгол Улсад болно. Энэ хурлын бэлтгэл ажлын хүрээнд Монгол-Солонгосын стратегийн форумыг зохион байгуулагч хоёр тал хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Төрийн өмчийн компани, үйлдвэрийн газруудын засаглалыг сайжруулах зорилгоор бүтэц, бүрэлдэхүүнийг оновчтой тогтоох, үр ашиггүй зардлыг танах, хэмнэх талаар Ерөнхий сайдын албан даалгавраар хугацаатай үүрэг өгсөн. Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр “Эрдэнэс Монгол” нэгдэл, харьяа компаниудын удирдлагуудтай уулзаж албан даалгаврын биелэлттэй танилцлаа.

“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт тус нэгдлийн өөрчлөлт, шинэчлэл, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөг танилцуулав. Орлогоо нэмэгдүүлж, зардал бууруулах гурван үе шаттай төлөвлөгөө боловсруулсан байна.

“Эрдэнэт үйлдвэр” 208 тэрбум, бусад компани нийт 95 тэрбум төгрөгөөр борлуулалтын орлогоо давуулан биелүүлэхээр ажиллаж байна. “Шивээ-Овоо”, “Багануур” зэрэг компанийн борлуулалт 32 тэрбум төгрөгөөр буурсан. “Эрдэнэс Тавантолгой” 199 тэрбум, “Эрдэнэт үйлдвэр” 320 тэрбум, бусад компани 36 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тус тус хойшлуулжээ. Мөн “Эрдэнэс Тавантолгой” үйл ажиллагааны зардлаа 1.3 их наяд, бусад компани 45 тэрбум төгрөг хэмнэх тооцоо гаргажээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх нь Засгийн газрын тэргүүлэх зорилт. Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компаниуд данхар бүтэцтэй, бүтээмж муутай байгааг олон нийт шүүмжилж байна. Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд 188 мянган иргэн санал ирүүлснээс 38 мянга нь төрийн өмчийн компаниудыг татан буулгах, үргүй зардал, нүсэр бүтцийг цомхотгох санал өгсөн байна. Засгийн газар иргэдийн шүүмжлэлийг хүлээн авч, ажил хэрэгч саналыг сонсож, дэмжиж ажиллана. “Эрдэнэс Монгол” нэгдэл газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг ард түмэнд шударга хуваарилах Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Та бүхэнд дөрвөн их наяд төгрөгийн үр ашиг гаргах боломж байна. 2025 онд орлого нэмэгдүүлэх төлөвлөгөөг дөрвөн их наядаас бууруулахгүй байхыг үүрэг болгож байна” гэлээ. Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн болон төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстойг Ерөнхий сайд сануулав.

Мөн “Эрдэнэс Монгол” нэгдэл ирэх жилд экспортын хэмжээ, улсын төсөвт оруулах татвар, хураамжаа нэмэгдүүлж Үндэсний баялгийн санг арвижуулах учиртайг Ерөнхий сайд анхааруулаад нэгдлийн хэмжээнд боловсруулах үйлдвэр болон худалдан авах ажиллагааны нэгдсэн төлөвлөлт, удирдлагатай байх нь зүйтэй гэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025-2026 оны намар, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа. Хуралд Засгийн газрын гишүүд, албан тушаалтнууд болон аймаг, нийслэлийн удирдлагууд цахимаар оролцлоо.

Өнгөрөгч долоодугаар сарын 02-нд болсон Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарч, төрийн бүх шатанд ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг өндөржүүлж, төсвийн хэмнэлтийг салбар, нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, Засгийн газрын танхимын зарчмыг хатуу мөрдөн, нэгдмэл байр суурьтай ажиллах шаардлагатай байгааг онцолсон. Мөн өвөлжилтийн бэлтгэлийг хангах, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар үүрэг даалгавар өгөөд байсан юм. Албан даалгаврын хэрэгжилттэй өнөөдөр танилцлаа.

Бэлчээрийн өвс, байгалийн хадлан бэлтгэж экспортлохыг хориглов

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан:

  • Гангийн зураглалаас үзэхэд Увс, Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул аймгийн ихэнх, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Сэлэнгэ аймгийн зарим суманд гантай болон гандуу байна. Бэлчээрийн ургамлын гарц, гангийн зураглалын мэдээллээс харахад 2025-2026 оны өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгааг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлээд Улсын онцгой комиссын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг эртнээс хангах, нарийвчилсан төлөвлөгөө гаргах шаардлагатайг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон гэлээ.
  • Өвс, малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, бэлчээрийн өвс, байгалийн хадлан бэлтгэж экспортлохыг хориглох, импортыг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй хамтран авч хэрэгжүүлж байна.

Төмсний 72, хүнсний ногооны 62 хувийг дотоодоос хангана

ХХААХҮ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн:

  • Улсын хэмжээнд 2024 оны эцсийн мал тооллогоор 57.6 сая толгой мал тоологдож, 2025 онд 20.08 сая толгой төл бойжуулснаар өнөөдрийн байдлаар 77.68 сая, хонин толгойд шилжүүлснээр 130 сая мал бэлчээрлэж байна. Үүнээс 2025 онд дотоодын хэрэгцээнд 7.0 сая, зах зээлд 13.0 сая толгой малыг худалдан борлуулж нийт 100 орчим сая (хонин толгойд шилжүүлснээр) малыг өвөлжүүлж хаваржуулахаар тооцож бэлтгэл ханган ажиллаж байна.
  • Олон малтай аймгууд буюу Хөвсгөл, Төв аймагт бэлчээрийн ургамлын 2025 оны ургац тааруу, дийлэнх сумдад нь гандуу, гантай байгаа нь өвөлжилтийн хүндрэл үүсэж болзошгүй, эрсдэлт бүс нутагт тооцогдож байна. Харин Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгууд хэдийгээр малын тоо ихтэй  ч бэлчээрийн ургамлын ургац, даац харьцангуй сайн байна.
  • Улсын хэмжээнд 2025 онд улсын хэмжээгээр 312.8 мянган га-д үр тариа, үүнээс 272.8  мянган га-д улаанбуудай, 12.9 мянган га-д төмс, 15.9 мянган га-д хүнсний ногоо, 87.2 мянган га-д малын тэжээл, 148.5 мянган га-д тосны ургамал нийтдээ 577.5 мянган га-д тариалалт хийж өнгөрсөн оны гүйцэтгэлтэй харьцуулахад 60.7 мянган га-аар буюу 10.5 хувиар тариалалт буурсан.
  • Ургацын урьдчилсан балансаар 276.4 мянган тонн үр тариа, үүнээс 255.5 мянган тонн улаанбуудай, 88.3 мянган тонн төмс, 164.1 мянган тонн хүнсний ногоо, 40.7 мянган тонн тосны ургамал, 100.5 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах төлөв гарч нийт хүн амын хэрэгцээт улаанбуудайн 64 хувь, төмсний 72.8 хувь, хүнсний ногооны 62.5 хувийг дотоодын ургацаас хангахаар байна.

Цэцэрлэгт мянга гаруй, ерөнхий боловсролын сургуульд 3200 орчим багшийн сул орон тоо байна

Боловсролын сайд П.Наранбаяр:

  • 2025-2026 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар сургуулийн өмнөх боловсролд 300 орчим мянган хүүхэд суралцана. Харин ерөнхий боловсролд 830 орчим мянган хүүхэд суралцах бөгөөд өмнөх жилээс 30 орчим мянгаар нэмэгдэнэ.
  • Ерөнхий боловсролын тухайд хүүхдийн тоо 30 гаруй мянгаар өсөж байгаатай холбогдуулан сургуулийн анги танхим түрээслэхэд санхүүгийн эх үүсвэр шаардлагатай.
  • Өнөөдрийн байдлаар 3430 суудлын хүчин чадалтай ерөнхий боловсролын долоон сургууль, 400 орны хүчин чадалтай хүүхдийн таван цэцэрлэг, 280 орны хүчин чадалтай нэг цогцолбор, 270 орны хүчин чадалтай хоёр дотуур байр, ерөнхий боловсролын сургуулийн спорт заал, их, дээд сургуулийн спорт заалны барилга тус тус ашиглалтад ороод байна. Шинээр ашиглалтад орох цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудын тоног төхөөрөмж ялангуяа ширээ, сандлыг Азийн хөгжлийн банкны төслийн санхүүжилтээр худалдан авч, сургуулиудад нийлүүлнэ. Гэхдээ Сангийн яамнаас энэ санхүүжилтийн зөвшөөрлийн бичиг хүлээгдэж байна.
  • Цэцэрлэгт мянга гаруй, ерөнхий боловсролын сургуульд 3200 орчим багшийн сул орон тоо байна. Энэ сул орон тоог дадлагажигч багш ажиллуулах, тэтгэвэрт гарсан ахмад багш нарыг цөөн цагаар ажиллуулах гэх мэт арга замаар хангалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Гэхдээ цаашид багшийн хангалтыг тогтвортой нэмэгдүүлэхийн тулд багшийн цалин хөлс, тэр дундаа үндсэн цалинг нэмэгдүүлэх хэрэгтэй байна.

Улирлын томуугийн вакцины 300,000 хүн тунг худалдан аваад байна

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат:

  • ДЭМБ-аас 2025-2026 онд зөвлөмж болгосон улирлын томуугийн вакцины нийт 300,000 хүн тунг НҮБ-ын Хүүхдийн сан болон дотоод ханган нийлүүлэгчээр дамжуулан худалдан авсан. Эхний ээлжийн 135,000 хүн тун томуугийн вакциныг ирэх долоо хоногт, дараагийн ээлжийн 165,000 хүн тун вакциныг есдүгээр эхний хагаст хүлээн авахаар төлөвлөсөн.
  • Улаанбурханы эсрэг нөхөн дархлаажуулах ажлыг эрчимжүүлж, нөхөн дархлаажуулалтад 10 сараас 15 насны хүүхдийн 55 хувийг хамруулсан байна.
  • Отор нүүдлээр бусад аймгийн нутагт амьдарч буй иргэдэд харьяалал харгалзахгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх чиглэлийг аймгуудын Эрүүл мэндийн газарт хүргүүлэн мэргэжлийн арга зүйгээр ханган ажиллаж байна.

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 2-р блок ашиглалтад орсноор эрчим хүчний хязгаарлалт хийхгүй

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:

  • Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл энэ сарын 15-ны байдлаар дунджаар 64 хувьтай байна.
  • Дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол болох 69 зуух, 49 турбогенератроос 27 зуух, 24 турбогенератор, бэлтгэлд 18 зуух, 9 турбогенератор, засварт 24 зуух, 16 турбогенератор байгаа ба системийн горим ажиллагаа хэвийн байна.
  • Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хоёрдугаар блокыг оны 12 дугаар сард ажиллагаанд залгахаар төлөвлөж байна, тус станц ашиглалтад орсноор хязгаарлалт хийхгүй зэрэг мэдээллийг албан тушаалтнууд өглөө.

Салбарын сайд, орон нутгийн удирдлагуудын мэдээллийг сонсож, асуулт хариулт боллоо. Хурлын төгсгөлд Ерөнхий сайд Г.Занданшатар дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын өвөлжилтийн бэлтгэл хангах их засвар, техник, зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлуудыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд бүрэн хийж дуусгах, ажлын явцад хяналт тавих, шаардлагатай тохиолдолд гарсан хүндрэлийг шуурхай зохицуулж, үр дүнг тухай бүр танилцуулж ажиллах,
  • Өвлийн оргил ачааллын үед нүүрсний 15 хоногийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжиж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 2-р блок болон БНХАУ-аас шаардлагатай тохиолдолд чадал импортлох боломжийг бүрдүүлэх, 220 кВ-ын хуваарилах байгууламжийн барилга угсралтын ажлыг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулах,
  • Нийслэл Улаанбаатар хот, аймгийн төв болон хүн ам төвлөрсөн томоохон сум, суурин газрын цэвэр, бохир ус, дулааны шугам сүлжээ, халаалтын зуух, технологийн тоног төхөөрөмжийн угаалга цэвэрлэгээ, туршилт тохируулгын болон эрчим хүч, зам, тээвэр, харилцаа холбоо, сургууль, цэцэрлэг, орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагын урсгал болон их засварын болон түгжрэлийг бууруулах ажлыг төлөвлөсөн хугацаанд чанартай хийлгэж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллах,
  • Ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэх ажлыг технологийн хугацаанд, төлөвлөсөн хэмжээнд зохион байгуулахад шаардагдах шатах, тослох материалын нөөцийг бүрдүүлж, цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангаж ажиллах,
  • Орон нутагт 2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж,  өвс, тэжээлийн улсын аюулгүйн нөөцийг бүрдүүлэх талаар холбогдох арга хэмжээ авч, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг зохицуулж, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж ажиллах,
  • Ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэх ажлыг технологийн хугацаанд төлөвлөсөн хэмжээнд зохион байгуулахад шаардагдах шатах, тослох материалын нөөцийг бүрдүүлж, цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангаж ажиллах,
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл, сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангах, сургууль, цэцэрлэг, дотуур байрны их болон урсгал засварыг 09 дүгээр сарын 01-нээс өмнө бүрэн хийж дуусгах, багшлах боловсон хүчний хангалтыг хэвийн болгоход анхаарч ажиллах,
  • Төрийн өмчийн цэцэрлэг, сургууль, дотуур байрын нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих төслийг 17 аймгийн 294 суманд хэрэгжүүлж байгаатай холбогдуулан Комисс шуурхай ажиллуулах,
  • Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлийн автозамын түгжрэл, хүүхдийн осол гэмтлээс сэргийлэх,
  • Улсын хэмжээнд зарим аймаг, сумд гантай, гандуу зусаж, улмаар өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа тул нутаг дэвсгэрийнхээ зуншлага, намаржилтын байдалтай уялдуулан мал өвөлжүүлэх, отор нүүдэл хийх зураглал гарган, цагийн байдал хүндэрсэн үед хэрэгжүүлэх арга хэмжээний урьдчилсан бэлтгэлийг бүрэн хангах, бусад аймаг, сумын нутагт отроор өвөлжүүлэх, хаваржуулах ажлыг гэрээний үндсэн дээр зохион байгуулж ажиллах,
  • Улсын хэмжээнд өвөл, хаврын улирлын бэлчээрийн даацыг бодитой тогтоох, шаардлагатай тохиолдолд байгалийн давагдашгүй хүчин зүйлийн эрсдэлийн үнэлгээ хийж, зохицуулах арга хэмжээ авч ажиллах,
  • Отроор өвөлжиж буй айл өрхөл нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн багц бэлтгэж, нөөц бүрдүүлэх, сумын эрүүл мэндийн төвд оношилгоо, шинжилгээ, лабораторийн зөөврийн тоног төхөөрөмжөөр хангах,
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, бусад аймаг, сумаас ирэх отор нүүдлийг Засгийн газраас тогтоосон маршрутын дагуу мэргэжлийн байгууллагын хорио цээр, хяналт шалгалтын доор хэрэгжүүлэх бэлтгэлийг бүрэн хангахыг аймгийн Засаг дарга нарт;
  • Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх тарилга, туулгалт, угаалгын ажлыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгүүлж, хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нутаг дэвсгэрийн хэмжээнд авч хэрэгжүүлэх, халдварт өвчин гарсан тохиолдолд өвчнийг цаг алдалгүй хяналтад авч, голомтыг устгах арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх,
  • Өвөл, хаврын улирлын бэлчээрийн даац, зудын эрсдэлийг бодитой тогтоох ажлыг хийж, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх мэдээг малчид, иргэдэд түргэн шуурхай, цаг алдалгүй хүргэх арга хэмжээ авч ажиллахыг Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга, аймгийн Засаг дарга нарт;
  • “Аймаг, орон нутагт төрийн албаны сахилга, дэг журам, хариуцлагыг чангатгах тухай” Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 03, 04 дүгээр албан даалгавар болон бусад холбогдох үүрэг, даалгварын хэрэгжилтийг нутаг дэвсгэрийн хэмжээнд хангах, биелэлтийг эрчимжүүлэх талаар арга хэмжээг авахыг Засгийн газрын гишүүд, аймаг, орон нутгийн удирдлагуудад үүрэг болголоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд өнөөдөр (2025.08.16) “Шивээ Овоо” ХК-ийн уурхайд ажиллалаа. Шивээ Овоогийн уурхай бол монгол геологич, инженерүүдийн ур чадвараар байгуулсан стратегийн ач холбогдол бүхий хүрэн нүүрсний орд юм. Тус уурхай Монгол Улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн 28, “ДЦС-4” ТӨХК-ийн 50, Амгалан дулааны станцын 80 хувь, орон нутгийн станцууд болон төмөр замын нүүрсний хэрэглээг хангадаг. Энэ онд 2.5 сая тонн нүүрс олборлож, нийлүүлнэ. Өнөөдрийн байдлаар төлөвлөгөөгөө 60 гаруй хувьтай биелүүлжээ.

35 жилийн түүхэнд 45 сая тонн нүүрс олборлож, борлуулаад буй тус уурхайд өр төлбөр, дизель түлш, тэсрэх бодис, вагон хангамж хүндрэл үүсгэж эхэлсэн байна. Үүнээс гадна уурхайд 7 жилийн өмнөөс хөрсний гулсалт үүссэн нь хамгийн том асуудал болоод байна. 1 км урт, 5-35 метрийн өргөнтэй ан цав үүссэнийг тогтоож, торгоож байгаагаа Ерөнхий сайдад танилцууллаа. Ан цав үүссэн хэсэг газарт олборлолтыг зогсоож, хагарал тэлэхээс сэргийлжээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар уурхайн нөхцөл байдлыг сонсож, албан тушаалтнуудад үүрэг даалгавар өглөө. Уурхай ашигтай, ажил урагштай байхад хүний оролцоо хамгийн чухал. Тиймээс уурхайн ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлж, гүйцэтгэлийн үнэлгээг 50 хүртэл хувиар үе шаттайгаар нэмэгдүүлэхийг үүрэг болгов. Мөн уулын ажлын төлөвлөгөөг судалгаа, тооцоотой гаргах, нөөцөө нэмэгдүүлэх, техникийн шинэчлэл хийх, үр ашгаа сайжруулж, өр төлбөрөө барагдуулахыг уурхайн Гүйцэтгэх захирал болон холбогдох албаныханд даалгалаа. Цаашид өр нэмж болохгүй, өндөр хүүтэй зээл авч, үр ашиггүй худалдан авалт хийхгүй, хариуцлагатай байхыг онцгойлон анхааруулав. Худалдан авах ажиллагааны хяналтыг сайжруулж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдан авах нэгдсэн стандарттай болгох, үр ашгийг сайжруулах шаардлагатайг Ерөнхий сайд онцоллоо.

Өвөлжилтийн бэлтгэлийг сайтар базааж, цахилгаан, дулааны найдвартай байдлыг хангаж ажиллахыг даалгалаа. Энэ хүрээнд машин техник, тоног төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээг хүйтрэхээс өмнө бүрэн дуусгах, шаардлагатай сэлбэг хэрэгсэл худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг тус компанийн удирдлагуудад, энэ ажилд дэмжлэг үзүүлж ажиллахыг “Эрдэнэс Монгол” нэгдэлд үүрэг болгов.

“Шивээ Овоо” ХК-ийн танилцуулсан зарим асуудлыг ирэх лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаанаар шуурхай хэлэлцэхээр тогтлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулиныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн салбарын хөгжилд оруулсан Азийн хөгжлийн банкны хувь нэмрийг Ерөнхий сайд өндрөөр үнэлж хамтын ажиллагаанд талархал илэрхийллээ.

Засгийн газраас баримталж буй бодлого, тэргүүлэх чиглэл, эрхзүйн болон эдийн засгийн реформын талаар Ерөнхий сайд Г.Занданшатар товч танилцуулсан бол Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлж буй төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны зорилтуудын талаар суурин төлөөлөгч онцлон дурдлаа.

Гэр хорооллыг орон сууцжуулах, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч байгааг Ерөнхий сайд онцоллоо. Энэ чиглэлээр олон улсын туршлага нэвтрүүлэх, хөгжлийн түнш байгууллагуудтай хамтран ажиллах, Монгол Улсын онцлогт тохирсон санхүүжилтийн тогтолцоо бий болгох, орон сууцны санхүүжилтийн тусгайлсан чиг үүрэгтэй банк байгуулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулаад байгаа юм.

Азийн хөгжлийн банк Улаанбаатар хотын гэр хороололд тодорхой төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлсээр ирсэн, орон сууцны санхүүжилтээр дагнасан банк байгуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллахад бэлэн гэдгээ хатагтай Шэннон Коулин илэрхийллээ.

Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, татварын орчныг шинэчлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй болон дэд бүтцийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг сэдвээр санал солилцлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилт ба улсын төсөв” хэлэлцүүлэгт оролцож, үг хэллээ. Тэрбээр ижил стандарт, ижил шаардлага гэсэн хуучны хэвшмэл ойлголтоос салж, хөгжлийн бэрхшээлтэй иргэний давуу тал, үйлдлийн чадамжид нийцсэн шинэ стандартыг нэвтрүүлэх шаардлага бий болсон гэв. Стандарт амьдрал дээр хэрэгждэггүй, цаасан дээр л үлддэгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдсан асуудлуудаас харж болно. Бэрхшээлийг цогцоор нь шийдэхэд төсөв, хууль тогтоомж, удирдлага зохицуулалт гэсэн гурвалсан шийдлийг хэрэгжүүлнэ. Ингэхдээ амьдрах орчин, хөдөлмөр эрхлэлт, хүртээмж ба нийгмийн оролцоог хангах гэсэн тулгын гурван бодлогыг баримталж ажиллахаа Ерөнхий сайд онцоллоо. Энэ хүрээнд амьдрах орчныг стандартын түвшинд хүргэхийн зэрэгцээ ажил олгогчийн сургалт, ажлын байрны тохируулга, чиглүүлэгч үйлчилгээг багц болгон санхүүжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авах шалгуурыг төрийн худалдан авалтын бодлогод тусгана. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулдаг байгууллагуудыг бодитоор урамшуулдаг болно.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан зам, талбай, тээвэр, дэд бүтцийн байгууламж, цахим үйлчилгээний хүртээмжийг улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын төсөвтэй уялдуулна. Улсын төсвөөр санхүүжүүлэх барилга, байгууламжийн норм, дүрэм, стандартыг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхэд нийцүүлж сайжруулна. Төрийн худалдан авалтын шаардлагад ч энэ талаар тусгах юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд татварын бодлогоор дэмжих хөнгөлөлт, зохицуулалтыг татварын реформд тусгахаар төлөвлөжээ.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүний хувиар Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг хөгжлийн хоцрогдол, сонсгол, хараа хөдөлгөөний эмгэгийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх тоног төхөөрөмжөөр хангахад зарцуулахыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Хүн төвтэй, төрийн оролцоо багатай, хүнийг эрхийг дээдэлсэн зарчмыг төсвийн бодлогод тусгана” гэдгээ хэлэлцүүлэгт оролцох үеэрээ онцоллоо.

Засгийн газрын үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, цаг үеийн нөхцөл байдалд тохирсон эдийн засгийн хөгжлийн бодлого, түүнд чиглэсэн судалгаа, зөвлөмж болон төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг уялдуулан ажиллах зорилготой Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн хуралдаан /2025-08-12/ боллоо.

Тус хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан татварын шинэчлэлийн хэлэлцүүлгийн талаар танилцууллаа. Хэлэлцүүлэгт 13 мянган иргэн, аж ахуйн нэгж, МҮХАҮТ, Монголын бизнесийн зөвлөл, татварын мэргэшсэн зөвлөх, мэргэжлийн холбоодоос нийт 176 мянган санал ирүүлжээ. Эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулахгүй байх зарчмыг баримтлан нийт саналын 50 гаруй хувийг хуулийн төсөлд тусгасан байна.

Эдийн засгийн зөвлөлөөс татвар бууруулах, татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, татвараас зайлсхийхийн эсрэг дүрэмтэй холбоотой ирүүлсэн нийт 21 багц саналын төсвийн нөлөө нь 1,8 их наяд төгрөг болж байна. Эдгээр саналын 60 хувийг төсөлд тусгажээ. Төсөлд тусгасан болон тусгаагүй санал нэг бүрийн талаар Сангийн яамны Татварын бодлогын дарга Б.Тэлмүүн тайлбарлалаа.

Зөвлөлийн гишүүдийн өгсөн  саналыг татварын шинэчлэлд тусгаж буйд гишүүд талархаж, хуулийн давхардлыг арилгах, бусад хуультай уялдуулж байж татварын реформ хийгдэнэ зэрэг саналаа хэлэхийн зэрэгцээ зөвлөлийн саналыг дахин нягтлан үзэх, хуулиа шуурхай батлуулахыг Сангийн яамнаас хүслээ.

Баялаг бүтээгчид, ажлын байр бий болгож байгаа үйлдвэрлэгчдээ дэмжиж, тэдний саналыг дахин нягтлахыг Ерөнхий сайд Г.Занданшатар Сангийн яаманд үүрэг болголоо. Мөн татварын шинэчлэлд НӨАТ-ын буцаан олголтыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, татвар төлсөн нь хохирдог, төлөөгүй нь хождог тогтолцоог арилгаж байж баялаг бүтээгч, үйлдвэрлэгч, ажил олгогчдоо дэмжинэ гэдгийг онцоллоо.

Хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдэд гэнэтийн сюрприз барьдаггүй ярилцаж, хэлэлцдэг механизм бий болгох шаардлагатай. Эдийн засгийн хөгжлийн зөвлөл “төр-хувийн хэвшлийн зөвлөлдөх” суурь платформ байх болно гэдгийг Ерөнхий сайд тодотгоод  тус зөвлөлөөс дэвшүүлсэн асуудал яриа төдий үлддэг биш бодлого, шийдвэр болон гарч, асуудлыг шийдвэрлэдэг байх нь гол зорилго гэдгийг дахин тэмдэглэв.

Зөвлөлийн үйл ажиллагааг тогтвортой хангаж, хувийн хэвшлийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих, хуулиар хамгаалах ажлын хүрээнд Засгийн газраас “Аж ахуйн үйл ажиллагааны эрх чөлөөний тухай” хуулийн төслийг боловсруулах нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийллээ.

Засгийн газар 2026 оны төсөв хүний хөгжил, боловсрол төвтэй бодлогыг баримтлах ёстой хэмээн үзсэн. Төсвийн төсөлд олон нийтийн саналыг авч, салбарын яамд хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 167 мянга гаруй иргэн саналаа өгөөд байгаа юм. Ил тод, нээлттэй төсвийн бодлого авлига, хүнд суртлыг багасгаж, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлнэ гэж үзэж буй юм. Татварын шинэчлэл болон хувийн хэвшил, ажил олгогч, баялаг бүтээгч, үйлдвэр эрхлэгчдээ дэмжих багц хуулийн төсөл боловсруулж байна. Мөн экспортыг нэмэгдүүлж, худалдааг дэмжих болон гаалийн хяналтын журамд өөрчлөлт оруулахаар Засгийн газрын гишүүд ажиллаж байгааг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Төсвийн тухай хуулийн 281 дүгээр зүйл, Засгийн газрын 2024 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 93 дугаар тогтоолоор баталсан “Төсвийн төсөл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах журам”-ын дагуу салбар бүрээр энэ сарын 15-ны дотор зохион байгуулах олон нийтийн хэлэлцүүлгийн ажлын хүрээнд 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын багцын 2026 оны төсвийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх танхимын хэлэлцүүлэг боллоо.

Энэ удаагийн хэлэлцүүлэгт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд, Үндэсний Аудитын газрын холбогдох газрын дарга аудитор, Сангийн яамны төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн, тус яамны хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн, Мэргэжлийн холбоо, Иргэний нийгмийн байгууллага, Иргэдийн төлөөлөл, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын багцын харьяа байгууллагууд болох Удирдлагын академи, Төр засгийн үйлчилгээг эрхлэх газар, Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газар болон Хэрэг эрхлэх газрын холбогдох удирдлагууд, албан хаагчид оролцов. Эдгээр байгууллагууд төсвийн төсөлд тусгагдсан зардал болон хөрөнгө оруулалтын арга хэмжээний талаар ач холбогдол, хэрэгцээ шаардлагыг ярилцаж, санхүүжилтийн үр ашиг, ирэх оны зорилт, тэргүүлэх чиглэлийг авч хэлэлцлээ.

          

Энэхүү арга хэмжээ нь төсвийн хэлэлцүүлгийг зөвхөн төрийн байгууллагуудын хүрээнд бус, иргэд, мэргэжлийн холбоо, Төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор явуулж, бодлого боловсруулах үйл явцад олон талын санал, санаачилгыг тусгах, хуулийн хэрэгжилтийг хангуулж, төсвийн талаарх нэгдсэн ойлголттой болоход чухал үүрэгтэй юм. Хэлэлцүүлгийн үеэр гарсан зөвлөмж,саналуудыг нэгтгэн дүгнэж, 2026 оны Улсын төсвийн төслийн эцсийн хувилбарт тусгахаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.08.12/ Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллалаа. Монгол Улсын хүн амын гуравны нэг хувийг хүүхэд эзэлдэг, энэ хэрээр ЭХЭМҮТ-ийн ачаалал нэмэгддэг. Тус төвийн Яаралтай тусламжийн тасаг сард 8-10 мянган хүүхдэд тусламж үзүүлдэг байна. Улсдаа ганц нарийн мэргэжлийн, төрөлжсөн төвийн амбулаторийн барилга 38 жилийн насжилттай болжээ. 1100 ам.метр талбайтай амбулаториор өдөрт 1200 орчим хүүхэд үйлчлүүлдэг. Хүүхэд бүрийн ард насанд хүрсэн цөөндөө хоёр хүн дагаж явдаг гэж тооцвол өдөрт 3500 орчим хүн зөвхөн амбулаториор үйлчлүүлж байна. Хүн амын өсөлтийг дагаад эмчилгээ, үйлчилгээний хүртээмж нэмэгдэх ёстой ч ЭХЭМҮТ-ийн ачаалал өндөр хэвээр байна.

Тухайлбал, үзлэг хүлээх хугацаа 10-20 хоног, мэс заслынх хамгийн дээд тал нь 90 хоног байна. Амбулаторийн ачааллыг бууруулах барилгын ажил дуусаж, Улсын комисс хүлээн авчээ. Ирэх сард ашиглалтад бүрэн оруулахаар ажиллаж байна. Амбулаторийн шинэ барилга хуучнаасаа найм дахин том. Үүнийг дагаад үзлэг хүлээх хугацаа тав, мэс заслынх 40 хүртэл хоногоор буурах боломжтойг эмч, мэргэжилтнүүд хэллээ. Өмнө нь 34 кабинеттай байсан бол 95 болж нэмэгдэхээс гадна өдрийн эмчилгээ хийдэг болно. Төрөлжсөн нарийн мэргэжлийн 33 кабинетэд үйл ажиллагаагаа явуулж, 37 төрлийн оношилгоо, шинжилгээ хийнэ. Мөн өдрийн мэс заслын таван өрөөтэй болжээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар шинэ барилгатай болох нь сайн ч үйлчлүүлэгчдэд чирэгдэл үүсгэхгүй, дотоод зохион байгуулалтаа сайжруулах хэрэгтэй. Нэг үйлчилгээ авах гэж өрөө дамжиж, дээш доош гүйдэг бус, тусламжийг нэг дороос авах боломжийг бий болгох нь чухал. Улсын эдийн засаг хүнд байгаа ч эх, хүүхдийн эрүүл мэндийг нэн тэргүүнд анхаарна гэлээ. ЭХЭМҮТ-өөс тавьсан төсвийн дутагдал, шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах зардлын саналыг Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо.

Энэ үеэр 7 настай охин өөрт тулгамдсан асуудлаа Ерөнхий сайдад хэлж, тусламж хүслээ. Хэнгэрэг нөхөх хагалгаа хийлгэхээр орон нутгаас ирсэн ч Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтэд хязгаар тогтоосон учраас охин эмчилгээгээ хийлгэж чадалгүй буцах болжээ. Хэнгэрэг нөхөх хагалгаа мэс заслын архаг ангилалд хамаардаг. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл өнгөрсөн 3 дугаар сард тогтоол гаргаж, мэс заслын архаг ангилалд хамаардаг эмчилгээний санхүүжилтэд хязгаар тогтоожээ. Энэ сард ЭХЭМҮТ-д 158.1 сая төгрөгийн санхүүжилт олгохоор болсон ч наймдугаар сар гараад 12 хоноход санхүүжилт нь дууссан байна. Ерөнхий сайд ЭХЭМҮТ-ийнхөнтэй ярилцаж, охины хагалгааг хийлгэхээр болов. Онош нь архаг ангилалд багтсан хүүхдийн өвчний эмчилгээний санхүүжилтэд хязгаарлалт тогтоосныг эргэж харах, ирэх он гэхэд санхүүжилтийг хүүхдэд ээлтэй байдлаар шийдвэрлэх асуудлыг ойрын хугацаанд хэлэлцэхээр болов.

Улсын онцгой комиссын III хуралдаан боллоо. Хуралдаанаар хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, цаг уур орчны шинжилгээний мэдээлэл болон бусад асуудлаар хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.

Гангийн зураглалаас үзэхэд Увс, Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул аймгийн ихэнх, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Сэлэнгэ аймгийн зарим сумдад гантай болон гандуу байна. Бэлчээрийн ургамлын гарц, гангийн зураглалын мэдээллээс харахад 2025-2026 оны өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байна.

Өнөөдрийн байдлаар 77.68 сая мал бэлчээрлэж байгаагаас 2025 онд дотоодын хэрэгцээнд 7.0, зах зээлд 13.0 сая толгой мал худалдан борлуулж, хонин толгойд шилжүүлснээр 100 орчим сая мал өвөлжүүлж, хаваржуулахаар тооцож бэлтгэл ханган ажиллаж байгааг ХХААХҮЯ мэдээллээ.

Улсын хэмжээнд 2025 онд 554.2 мянган га талбайд тариалалт хийсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.4 хувиар бага байна. Тариалангийн бүсэд тав, зургаа, долоодугаар сард хур тунадас багатай, хэт халалт олон хоногоор үргэлжилсэн учраас ургац олон жилийн дунджаас буурах төлөв ажиглагдаж, холбогдох мэргэжилтнүүд тооцоо судалгаанд үндэслэн өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг ханган ажиллаж байгааг танилцууллаа.

2025 оны наймдугаар сарын 11-ний байдлаар дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол болох 69 зуухнаас ажилд 27, бэлтгэлд 18 байгаа бөгөөд 24 зууханд засварын ажил хийгдэж байна.

2025-2026 оны өвлийн их ачааллын горим ажиллагааны үед оргил ачааллыг арванхоёрдугаар сард 1800 МВт хүрэх тооцоолол гарсан. Үүнийг дотоодын эх үүсвэрүүдээс 1197 МВт, батерей хуримтлуураас 160 МВт, салхин станцаас 30 МВт, импортоор 300 МВт тус тус хангаж, 113 МВт чадлын хөнгөлөлт хязгаарлалт хийхээр байна. Бөөрөлжүүтийн ЦС-ийн 150 МВт хүчин чадалтай 2-р блокыг арванхоёрдугаар сард ажиллагаанд залгахаар төлөвлөсөн, тус станц ашиглалтад орсноор хязгаарлалт хийгдэхгүй гэж Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээллээ.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан дараах үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өглөө.

-Нийслэл, аймаг, сум, дүүргийн Засаг дарга нар өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлаа эртнээс базаах, нарийвчилсан төлөвлөгөө гарган шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг 2025 оны есдүгээр сарын 15-ны өдрийн дотор бүх шатанд авч хэрэгжүүлэх;

-Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэх, хариуцсан салбар, орон нутгийн хэмжээнд эрсдэлийн үнэлгээ хийх, үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

-Холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргаж буй бэлчээрийн даац, ган, зудын эрсдэлийн үнэлгээ, хүйтний улирлын цаг агаарын төлөв байдал болон болзошгүй эрсдэлийн зарлан мэдээллийг ард иргэдэд тогтмол шуурхай хүргэх;

-Өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүх шатанд хангах, аймаг, сумын аюулгүйн нөөцөд өвс, тэжээл бэлтгэх ажлыг шуурхай зохион байгуулах, зуншлага тааруу хадлан бэлтгэх боломжгүй аймаг, сумдыг бусад аймаг, орон нутгаас өвс тэжээл бэлтгэх, худалдан авах боломжоор хангах холбогдох зохицуулалтыг 2025 оны есдүгээр сарын 15-ны дотор хийж гүйцэтгэх;

-2025-2026 оны өвөл, хавар отор, нүүдэл хийх малчдын судалгаа, оторлох малын тоо, толгойг аймаг, орон нутгаар нэгтгэн гаргах, холбогдох зохион байгуулалтыг нарийвчлан хийж гүйцэтгүүлэх, урьдчилсан тооцоо судалгааг 2025 оны есдүгээр сарын 01-ний дотор Улсын онцгой комисст танилцуулах;

-Мал, махны экспортыг нэмэгдүүлэх, дотоодын хэрэгцээг хангах, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

-Өвс, малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, бэлчээрийн өвс, байгалийн хадлан бэлтгэж экспортлохыг хориглох, импортыг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй хамтран авч хэрэгжүүлэх;

-Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн хадлангийн бүс нутгийг хамгаалах, нөхөн сэргээхэд анхаарах, ой хээрийн түймэрт их өртдөг талбайн судалгааг гаргаж, холбогдох зохицуулалтыг хийх;

-Эрчим хүч, дулааны эх үүсвэрүүдийн хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах түлш, нүүрсний нөөцийг шаардлагатай хэмжээнд бүрдүүлэх, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах, эрсдэлийг тооцоолж авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөлт хийж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах;

-Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой хэмжээнд хангах, хомсдол үүсгэхгүй байхад анхаарах, зохиомол үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх, худал мэдээлэл түгээж олон нийтийг төөрөгдөлд оруулахгүй байх зэрэгт анхаарч зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах;

-Эрчим хүч, дулааны эх үүсвэрүүдийн нүүрсний нийлүүлэлтийг хангаж байгаа “Багануур”, “Шарын гол”, “Шивээ Овоо” болон орон нутгийн нүүрсний уурхайн хэвийн тасралтгүй үйл ажиллагааг хангах, түлш, шатахууны нөөцийг бүрдүүлэх, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг тогтоосон хугацаанд хангуулах;

-Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэх, хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай нөөцийг бүрдүүлэх зэрэг үүрэг чиглэл өглөө.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2025 он.