Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид гарын үсэг зурлаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар,

-Монгол Улсын Засгийн газар Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар төрийн хуулийг биелүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг. Энэ бол төрийн зүрх болсон Хууль зүй, дотоод хэргийн салбарын чин ариун үүрэг. Төрийн шударга байдал, иргэдийн итгэл хоёр салшгүй холбоотой. Хууль шударгаар үйлчилж, төр хариуцлагатай ажиллах ёстой.

Монголын хөгжлийг удаашруулж, ард түмний итгэлийг сулруулсан авлига, албан тушаалын гэмт хэрэг, баялгийн хулгай, нүүрсний хулгай, хүний эрхийн зөрчилтэй тууштай тэмцэх нь манай Засгийн газрын эн тэргүүний зорилт. Баялгийн хулгай, нүүрсний хулгайг таслан зогсоож, учирсан хохирлыг арилгах, гэм буруутанд хуулийн хариуцлага хүлээлгэх, далд эдийн засгийг ил болгох нь Монгол Улсын эдийн засаг, ард түмний нийтлэг эрх ашиг юм.

Энэ бүхнийг шийдвэрлэснээр цалин, тэтгэврийг шаардлагатай түвшинд хүргэн нэмэгдүүлэх, эрүүл мэнд, боловсрол, орон сууц, ажлын байр зэрэг амьдралын чанарыг дээшлүүлэх бодит нөхцөл боломж бүрдэнэ.

Баттөмөрийн Энхбаяр хууль, эрх зүйн салбарт 20 гаруй жил ажилласан, мэргэжлийн өндөр түвшний хуульч, бодлого боловсруулагч, шударга зарчимч, эрч хүчтэй, залуу улстөрч юм.

Тэрбээр 2016-2018 онд ХЗДХ-ийн дэд сайд, 2023-2024 онд ХЗДХ-ийн сайдаар ажиллах хугацаандаа шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, авлигын эсрэг хуулийн шинэчлэлд бодит ахиц гаргаж байсан. Иймээс түүнийг хууль, эр зориг, шударга ёсны үнэт зарчмыг хамгаалж, төрийн хуулийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх чадвартай хэмээн итгэл хүлээлгэн энэхүү нэн хариуцлагатай албан тушаалд томиллоо.

Монгол Улсын сайд гэдэг бол ард иргэдийн итгэлийг даах, хэлсэн үг, хийсэн ажилдаа эзэн байх хамгийн дээд хариуцлага юм. Сайд хүн бол албан тушаалын биш, ард түмний итгэлийн эзэн байх учиртай.

Иймд Ерөнхий сайдын хувьд Засгийн газрын бүх гишүүдэд хандан “Төрийн үйл хэрэгт хоёргүй сэтгэлээр зүтгэж, Үндсэн хуульт эрх зүйт төрийг бататгах үүргээ бүрэн ухамсарлан, кабинетын зарчмаар хамтран ажиллах” зарчмыг хатуу шаардаж ажиллах болно.

Мөн “Гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж болохгүй, гэмт этгээдийг ял завшуулж болохгүй” гэдгийг ямагт санаж ажиллахыг сануулъя.

Монгол Улсад хулгай, худал биш хууль, үнэн ялах ёстой.

Хууль дээдэлсэн төр, шударга ёсонд итгэсэн иргэн, хариуцлагатай төрийн алба – Энэ гурвын нэгдэл дээр Монгол Улс хөгжин дэвжих учиртай. Баялагтаа эзэн, шударга төртэй Монголын төлөө хамтран зүтгэе гэж хэллээ.

“Залуучуудын хөгжлийн төлөөх түншлэл: Салбар дундын уялдаа” үндэсний чуулган Төрийн ордонд боллоо. Тус чуулганд Монгол Улсын 21 аймаг, есөн дүүргээс залуучууд оролцлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар тус чуулганд үг хэлэхдээ “80 жилийн өмнө, яг энэ өдөр Монголын ард түмэн тусгаар тогтнолын төлөөх түүхэн сонголтоо хийж, бүх нийтийн санал асуулгаар 98.4 хувийн ирцтэй, 100 хувийн саналаар тусгаар тогтнолоо баталгаажуулсан. Энэ бол Монголын ард түмний эв нэгдэл, итгэл, үнэнч сэтгэл, тусгаар тогтнолын мөнхийн бэлгэдэл юм гэдгийг тэмдэглээд өнөө цагийн залуус энэ үнэ цэнийг ухамсарлан, эх оронч сэтгэл, итгэл, зорилгоо ирээдүйд өвлүүлэн залгамжилж явах учиртайг хэллээ.

Засгийн газар залуучуудын хөгжлийг бодлогын эн тэргүүний зорилт болгож, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлээ “ШИНЭ ИТГЭЛ-ЭРС ШИНЭТГЭЛ” гэж нэрлэсэн. Энэ бол Монголын залуусын оюун санаа, эрч хүч, бүтээлч чадварт итгэж буй Засгийн газрын төдийгүй, дэлхийн монголчуудын итгэлийн илэрхийлэл  гэдгийг Засгийн газрын тэргүүн тэмдэглэлээ.

Засгийн газар хамгийн том мега төсөл болох Хүний хөгжлийн шинэ хөтөлбөрөө эхлүүлээд байна. Энэ нь боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллыг шинэ шатанд гаргаж, хүн бүрийн хөдөлмөр шударгаар үнэлэгддэг, авьяас нээгддэг, хариуцлагатай нийгмийг цогцлоох зорилготой юм.

Олон улсын байгууллагууд Монгол Улсын итгэлцлийг өндрөөр үнэлж байна. Moody’s агентлаг 11 жилийн дараа манай улсын зээлжих зэрэглэлийг “B1, тогтвортой” түвшинд дэвшүүлсэн. Энэ бол Засгийн газрын авлига, нүүрсний хулгайтай тэмцсэн, эдийн засгаа сэргээсэн, сахилга батад суурилсан бодлогыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсний нотолгоо гэж үзэж байна.

Залуусын хөгжлийг илүү оновчтой шийдвэрлэхийн тулд бие даасан агентлаг эсвэл зөвлөл байгуулах асуудлыг бид нээлттэй хэлэлцэж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд, залуусынхаа дуу хоолойг сонсдог, санаачилгыг бодитой дэмждэг төр байхыг зорьж буйгаа илэрхийллээ.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас залуучуудын хөгжил, оролцоо, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран залуучуудад тулгамдаж буй асуудлуудыг өөрсдийнх нь оролцоотойгоор тодорхойлон эрэмбэлж, шийдвэрлэх үйл ажиллагаанд салбар дундын уялдаа холбоог сайжруулан хамтран ажиллах зорилгоор “Залуучуудын хөгжлийн төлөөх түншлэл: салбар дундын уялдаа холбоо үндэсний чуулган”-ыг өнөөдөрзохион байгууллаа.

Зохион байгуулагчид 2025 оны ес, аравдугаар сард урьдчилсан хэлэлцүүлгүүдийг Архангай, Дорноговь, Ховд, Баян-Өлгий аймаг болон төрийн захиргааны төв байгууллага бүрд зохион байгуулж, тухайн салбар дахь залуучуудын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, салбарын яамнаас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, үйл ажиллагааны хүрээнд хэлэлцжээ.  Хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтүүдийг өнөөдрийн чуулганд танилцуулж “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулга” болон “Залуучуудын хөгжлийг дэмжих стратеги” зэрэг бодлогын баримт бичигт тусгахын зэрэгцээ нэн чухал, яаралтай хэрэгжүүлэх боломжтой бодлогын шийдвэрүүдээ Ерөнхий сайд Г.Занданшатарт өргөн барьж, хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 15-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Тус төслийн бодлогын найман чиглэл, дөрвөн түвшний үр дүн, түүний шалгуур үзүүлэлтийг Тогтвортой хөгжлийн зорилготой уялдуулах чиглэлээр олон нийтийн хэлэлцүүлэг 14 удаа зохион байгуулж, Шинжлэх ухааны академийн Бага болон Их чуулганаар хэлэлцүүлсэн нь шинжлэх ухаанд суурилсан бодлого болсон гэж үзэж байна.

“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төслийг “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-тэй уялдуулан боловсруулжээ. “Хүний хөгжил”, “Нийгмийн хөгжил ба үндэсний нэгдмэл үнэт зүйл”, “Эдийн засаг ба дэд бүтцийн хөгжил”, “Байгаль орчин, ногоон эдийн засаг”, “Засаглал, дижитал шилжилт”, “Бүсийн хөгжил”, “Үндэсний өрсөлдөх чадвар”, “Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун” гэсэн бодлогын найман чиглэлээс бүрдэж байна.

Ерөнхий боловсролын цахим сургууль байгууллаа

Олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх эрх бүхий, төрийн өмчийн “Ерөнхий боловсролын цахим сургууль”-ийг Улаанбаатар хотод байгуулж, цахим сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн үйл ажиллагаанд шаардагдах зардлыг 2025 оны төсвийн багцдаа багтаан шийдвэрлэж, цаашид шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Боловсролын сайд П.Наранбаярт даалгалаа.

Боловсролын ерөнхий хуульд “Цахим сургалт” гэдгийг цахим технологи ашиглан зохион байгуулах сургалтын үйл ажиллагааг хэлнэ гэж тодорхойлон, боловсрол сургалтын хэлбэр нь танхимын, танхимын бус, эдгээрийн хосолсон байж болохоор тусгасан.  Танхимын бус сургалтад зайн, хувилбарт болон цахим, дадлага сургалт хамаарна гэж, Боловсролын цахим сургалтын байгууллагыг энэ хуульд заасан шаардлагын дагуу байгуулж болно гэж тус тус тусгаж цахим сургалтын эрх зүйн орчин бүрдсэн.

Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарласантай холбогдуулан боловсрол дахь тэгш бус байдлыг арилгах, орон зай, цаг хугацаанаас үл хамааран суралцагч бүр чанартай боловсрол эзэмших, хилийн чанадад амьдарч буй монгол хүүхдэд Монгол эх орноороо бахархах, эх хэл, түүх, соёлоо эрхэмлэн дээдэлдэг иргэн болж төлөвших, эх орондоо үргэлжлүүлэн суралцах тэгш боломжийг хангах зорилгоор өнгөрсөн хичээлийн жилүүдэд хэрэгжүүлсэн туршлагад үндэслэн “Төрийн өмчийн олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх эрх бүхий ерөнхий боловсролын цахим сургууль” байгуулах шийдвэрийг гаргалаа.

Боловсролын яамнаас 2019 оноос ЕБС-ийн суралцагч орон зай, цаг хугацаанаас үл хамааран насан туршдаа суралцах, цахим контентын нэгдсэн сан бүрдүүлэх зорилго бүхий MEDLE сургалтын нэгдсэн платформыг боловсруулж, нэвтрүүлсэн. Тус платформд тулгуурлан багш бүрийг цахим агуулга боловсруулах боломжоор хангаж, нийлүүлсэн контентын үр дүнгээр нэмэлт орлого олох боломжийг бүрдүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар MEDLE контентын санд ээлжит хичээл, сурах бичиг, теле хичээл, интерактив контент, виртуал лаборатори, цахим ур чадвар олгох хичээл зэрэг ангиллаар нийт 20,000 гаруй контент байршаад байна.

Бүлэг дүүргэлт, багшийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан хөдөөгийн сургуулийн ахлах ангийн суралцагчдын дунд үүсдэг бэрхшээлийг арилгах, тэдэнд сонгон судлах хичээлээ судлах тэгш боломж олгох зорилгоор цахим сургуулийн үйл ажиллагааг 2022-2023 оны хичээлийн жилд туршилтаар Боловсролын мэдээллийн технологийн төвийн дэргэд MEDLE сургалтын нэгдсэн платформд тулгуурлан эхлүүлсэн бөгөөд 2024-2025 оны хичээлийн жилд нийт 17,453 суралцагч цахим сургуульд суралцсан байна. Энэ үйл ажиллагааг зохион байгуулснаар 640 хүүхдийн суудалтай ахлах сургуульд шилжүүлэн тооцоход 27 сургуулийн үүргийг гүйцэтгэжээ.

Авто замын сүлжээний ашиглалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангахыг даалгав

2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын хүрээнд Засгийн газраас өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийн явцын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар танилцууллаа.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд бэлтгэх өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлтийг эрчимжүүлж, 2025 оны аравдугаар сард багтаан бүрэн хангахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт Засгийн газрын хуралдаанаас даалгалаа.

Мөн эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаандаа хэрэгжүүлэх, олон улсын болон улсын чанартай авто замын сүлжээний ашиглалтын хэвийн нөхцөл, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэлийг ханган ажиллахтай холбоотой шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг салбарын сайд нарт даалгалаа.

Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Уг хэлэлцээр хэрэгжсэнээр хоёр улсын иргэд Монгол Улс болон БНКУ-д ажилласан, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох, Монгол Улсын иргэд Казахстан улсаас хуримтлалын тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдэж, тухайн хүний нийгмийн баталгаа сайжрах юм. Гадаад харилцааны яамны мэдээллээр 2023 оны байдлаар БНКУ-д Монгол Улсын 8036 иргэн оршин сууж байгаагаас 3115 нь албан ёсоор ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол Гадаадын иргэн, харьяатын газрын мэдээллээр Монгол Улсад БНКУ-ын 564 иргэн оршин сууж байна.

Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ

“Олон улсын цоохор ирвэсийн холбоонд Монгол Улс элсэхийг дэмжих тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ.

Манай улсын хувьд тус холбооны гишүүн болсноор монгол орны цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах, ирвэстэй нутагт амьдардаг иргэд, малчдын амьдралын чанарыг дээшлүүлэх ач холбогдолтой ажээ.

БНЭУ муурын төрлийн амьтдыг хамгаалах зорилгоор “Олон улсын том муурын холбоо” байгуулах санаачилга дэвшүүлж, Монгол Улсын тус санаачилгад нэгдэн орох хүсэлтийг 2023 онд анх ирүүлжээ.

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй 87.2 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 63 аж ахуй нэгж, байгууллагын 2748 инженер, техникийн ажилтнууд ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар доод бүтцийн газар шорооны ажил 93,5, ус дамжуулаххоолойн ажил 81,4, гүүр барих ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байна.

Тус төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт 850.4 тэрбум төгрөг байхаар баталсан бөгөөд үүнээс гүйцэтгэлийн төлбөрт 156.2 тэрбум төгрөг шилжүүлжээ. Үлдэгдэл санхүүжилтийг Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-тай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд санхүүжилт шийдвэрлэгдэх хүртэл дотоодын зах зээлээс 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийн бонд гарган хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгаж, “Төмөр замын барилгын ажлын төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэхүү санхүүжилтийг шийдвэрлэснээр төсөл амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэнэ.

Олон улсын Нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв

Олон улсын Нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо. Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.

Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.

Жил бүрийн аравдугаар сарын 7-ныг дэлхий дахинаа нийгмийн түншүүд болох төр, ажил олгогчид, үйлдвэрчний эвлэлүүд хамтран зохистой хөдөлмөр эрхлэлтийг хөгжүүлэн төлөвшүүлэхэд тулгамдаж буй асуудлуудад анхаарлаа хандуулж, цаашдын зорилтоо тодорхойлдог байна. Энэ өдөр 21 аймаг, нийслэлийн Үйлдвэрчний эвлэлийн анхан шатны идэвхтэн, сонгуультнууд оролцсон “Зохистой хөдөлмөрийг дэмжиж, нийгмийн шударга ёсыг хангуулъя” уриатай улсын анхдугаар зөвлөгөөн эхэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар тус зөвлөгөөнд оролцож үг хэллээ. Сүүлийн дөрвөн жилд манай эдийн засаг дунджаар таван хувиар өсөж байгаа ч энэ өсөлт иргэн, өрх бүрийн хаалгаар орж, үр өгөөжөө бүрэн өгч байна уу, ажлын байраар хангагдаж байна уу гэдгийг хамтдаа ярилцан, гарц шийдлийг тодорхойлох ёстой суурь асуудал гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Эдийн засаг, хүн амын бүтцээрээ манайхтай төстэй улс орнуудтай харьцуулахад, монголчуудын цалин, хөлсний ДНБ-д эзлэх хувь дунджаар 8-13 нэгжээр бага байна. Энэ бол хөдөлмөрийн үнэлэмжийг бодитоор нэмэгдүүлэх, хөдөлмөрлөсөн хүнд шударгаар хуваарилагддаг эдийн засгийн шинэ тогтолцоог бүрдүүлэх шаардлагын тод илэрхийлэл.

Тиймээс Засгийн газар цалин, хөлсний ДНБ-д эзлэх хувийг тогтвортой нэмэгдүүлж, хөдөлмөрлөж буй хүн бүрийн бодит орлогыг өсгөхийн төлөө бодит алхмуудыг хийж ирсэн. Засгийн газар төрийн болон нийгмийн үйлчилгээний салбарын ажилтны цалинг тууштай нэмэгдүүлж байгаа. Цаашид ч анхаарна гэлээ. 2026 оны төсвөөс эхлэн ард иргэдийн татварын дарамтыг бууруулах шинэчлэлийг эхлүүлж, иргэдийн орлогыг хамгаалах, бизнесийн идэвхийг нэмэгдүүлэхээр зорьж байна.

Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 5.5 дахин, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Цалингийн хэмжээг нэмэгдүүлэхээс гадна цалин хөлсний шударга тогтолцоог шинэчлэх зайлшгүй шаардлагатай байна. Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж нь түүний хариуцлага, хувь нэмэр, хийж буй ажлын үнэ цэнтэй уялдах ёстой гэдгийг Ерөнхий сайд онцлоод, баялаг бүтээж яваа уурхайчин, монгол хүний алтан амийг аварч буй эмч, сувилагч, ирээдүйгээ хүмүүжүүлж, соён гэгээрүүлж буй багш-эдгээр мэргэжлийн хөдөлмөрийг жинхэнэ утгаар нь үнэлэх ёстой гэлээ.

Хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын оролцоог хангах, эрх ашгийг хамгаалах нийгмийн гурван талт түншлэлийн механизм, хамтын хэлэлцээрийг илүү үр дүнтэй болгох чиглэлээр Засгийн газар бодит алхам хийж байна. Салбар бүр цалин, хөлсний бодлого, стратегиа шинэчлэн боловсруулах, нийгмийн баталгааг хангах бодит хувилбаруудыг дотоод нөөц, боломждоо тулгуурлан судалж, Засгийн газарт танилцуулах үүрэг чиглэл өгсөн. Тухайлбал, цалин, хөлсний бүтцийг илүү оновчтой болгож, бүтээмжийг нэмэгдүүлж, ажлын үр дүнгээр үнэлүүлдэг шударга тогтолцоог бүрдүүлнэ.

Анхан шатанд ачаалал ихтэй ажилладаг албан хаагчдыг бодитоор урамшуулж, шилдэг эмч, багш, сувилагч илүү өндөр цалин авдаг гүйцэтгэлийн үнэлгээний системийг хэрэгжүүлнэ гэв.

2026 онд боловсролын салбарын урсгал төсвийг 100 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, нийслэлийн ачаалал ихтэй сургуульд ажиллаж буй болон залуу багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэхэд анхаарна.

Эрүүл мэндийн даатгалын сангийн менежментийг сайжруулах замаар, салбарын ажилтнуудын цалин хөлсийг 2026 онд нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

Зөв менежментээр хүний хөгжил, шударга хуваарилалтын тогтолцоо бий болгож, баялгийн хулгайтай тэмцэж, төсөв, хөрөнгийн хязгаарлалтыг бодитоор шийдэхээр зорьж байна. Ингэж байж байгалийн баялгийн хуримтлалаа эрүүл мэнд, боловсрол, орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглүүлж чадна гэлээ.

Ипотекийн тогтолцоог шинэчилж, “Орон сууцны банк” байгуулж, хүү багатай, урт хугацаатай, иргэнд хүртээмжтэй зээлийн шинэ тогтолцоо бүрдүүлж, эхний ээлжинд багш, эмч зэрэг нийгмийн суурь салбарын ажилтнуудыг хамруулахаар ажиллаж байна. Байгалийн баялгийн хуримтлалаа эрүүл мэнд, боловсрол, орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглүүлнэ гэж Ерөнхий сайд хэллээ.

“Зохистой хөдөлмөрийг дэмжиж, нийгмийн шударга ёсыг хангуулъя” улсын зөвлөгөөн хоёр өдөр үргэлжилнэ. Нийгэм, эдийн засгийн төлөв, хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, хөдөлмөрчдийн цалин хөлс, амьжиргаа, нийгмийн даатгалын тулгамдсан асуудлаар 2026 оны улсын төсөвт үйлдвэрчний эвлэлүүдээс тавьсан санал шаардлагуудыг хэрхэн тусгасан талаар болон хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр УИХ, Засгийн газрын бодлого, байр суурь, тулгамдаж буй сорилтуудын талаар мэдээлэл сонсож, үйлдвэрчний эвлэлүүдээс явуулах үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох юм.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн Цанхийн хэсэгт шинэ уурхай ашиглалтад орж, сайн чанарын коксжих нүүрс олон улсын үнээр борлуулах боломж бүрджээ 

Эдийн засгаа сэргээх, нүүрсний тээвэр, экспорт, борлуулалтыг нэмэгдүүлэх, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг ханган хэрэгжүүлэх, засаглал, удирдлага зохион байгуулалт, сахилга хариуцлагыг чангатгах, аливаа ашиг сонирхлын зөрчлийг арилгах зорилгоор Засгийн газраас 2025 оны долоодугаар сарын 9-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг томилон ажиллуулсан.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” компанид өнөөдөр ажиллалаа. Онцгой дэглэмийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын талаар Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн  танилцууллаа. Энэ хугацаанд,

-Гацсан байсан биржийн арилжааг сэргээж 75 удаагийн арилжаагаар 5.8 сая тонн нүүрс борлуулж, 513.8 сая ам.долларын орлого олсон.

-Гэрээнүүдийг гацаанаас гаргаж, нүүрс тээврийг сарын 1.7 сая тонноос 2.8 сая тоннд хүргэж 1.6 дахин нэмэгдүүлсэн.

– Техникийн бэлэн байдал 56 хувиас 81 хувьд хүрсэн.

-Dashboard систем нэвтрүүлж, олборлолт, тээврийг шууд хянах боломжтой болсон.

-Засгийн газар, компанийн хамтын ажиллагаагаар 2026–2029 оны дунд хугацааны стратеги боловсруулсан.

 -2025.10.06-нд Цаофэйдянь нөхцөлтэй арилжаа зарлаж, Япон, БНСУ, Энэтхэг зэрэг гуравдагч орны зах зээлд нэвтрэх эхлэлийг тавилаа.

-Цанхийн хэсэгт шинэ уурхай ашиглалтад орж, сайн чанарын 1/3 коксжих нүүрсийг олон улсын үнээр борлуулах боломж бүрдсэн. Нэгж бүтээгдэхүүний эдийн засгийн үр ашиг 40 хувиар нэмэгдсэн зэрэг мэдээлэл өгч байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны наймдугаар сард 2,7 сая тонн нүүрс, экспортолсон бол есдүгээр сард 3,2 сая тонн нүүрс Гашуунсухайт, Ханги боомтоор экспортолжээ. Есдүгээр сарын нүүрсний экспорт тус компанийн бүх цагийн үеийн экспортын хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Онцгой дэглэмийн хугацаанд улс орны эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд нүүрс тээвэрлэх, ачих, хил нэвтрүүлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох, салбар дундын уялдааг сайжруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх болон компанийн удирдлага, зохион байгуулалт, хяналт, сахилга, хариуцлагыг дээшлүүлж, компанийн үйл ажиллагаанд тулгарч байгаа асуудлыг шуурхай шийдвэрлэхийг Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багт даалгасан.

Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврыг Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг амжилттай биелүүлж, эдийн засгийг сэргээх, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж, “Эрдэнэс Тавантолгой”-н үйл ажиллагааг хэвийн үргэлжлэх нөхцөл бүрдүүллээ гэдгийг Ерөнхий сайд онцлоод бодит үр дүн гарган ажилласан БЭТ-ийн баг болон компанийн хамт олонд талархал илэрхийллээ. Бүрэн эрхт төлөөлөгчийн багийг үргэлжлүүлж ажиллах эсэхийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ гэлээ.

Манай улсын эдийн засгийн өсөлт 5.7 хувьд хүрэхэд тус компани онцгой үүрэг гүйцэтгэлээ. Үлдсэн арав, арваннэг, арванхоёрдугаар сард биржийн арилжаа, борлуулалт нэмэгдэнэ. Энэ хэмжээгээр төсвийн орлого нэмэгдэж, төсөв ашигтай гарах нөхцөл бүрдэж байна гэдгийг Ерөнхий сайд хэллээ.

Мөн цаашид “Эрдэнэс Тавантолгой” компанийн зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, бүтээмжийг сайжруулах, технологийн шийдлийг ашиглаж дотоод худалдан авалт, гэрээний ил тод байдлыг хангах, олон нийтийн оролцоотой нээлттэй хувьцаат компани болгох, компанийн үнэлгээ болон хувьцааны үнэ цэнийг нэмэгдүүлэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах ёстойг хэллээ.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 01-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон

“Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн өндөр даралтын хэсэгт гарсан осолтой холбоотойүүссэн техникийн асуудлуудыг цаг алдалгүй арилгах, гэмтсэн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх, галд өртсөн барилга байгууламжийг буулгах, сэргээн босгох чиглэлээр таван үндсэн арга хэмжээ хэрэгжүүлж байна. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны зургаадугаар сарын 20-ны ээлжит бус хуралдаанаар дулааны цахилгаан станцад онц байдал тогтоож, Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулж буй. Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавинбэх мэдээлэл хийлээ.

Тус станцад гарсан ослын уршгийг арилгаж хэвийн хэмжээнд оруулах таван багц ажил хийхээр төлөвлөсөн. Гурвыг нь энэ оны өвлийн их ачааллаас өмнө дуусгах ёстой. Өнөөдрийн байдлаар гурван ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна. Үлдсэн хоёр ажлыг ирэх оны өвлийн их ачааллаас өмнө дуусгахаар төлөвлөсөн. Тээвэрлэлт, барилга угсралт зэрэгт хугацаа шаардлагатай ажээ.

Засгийн газар шуурхай арга хэмжээ авч сэргээн босгох ажилд шаардлагатай санхүүжилт болон эрх зүйн зохицуулалтыг хийсэн. Үр дүнд нь сэргээн босголтын ажил амжилттай явж байна гэдгийг Бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавинбэх хэллээ.

Энэ жил төлөвлөсөн гурван ажил дууссанаар Улаанбаатар хотод тус станцаас нийлүүлдэг байсан дулааны эрчим хүч хэвийн хэмжээнд нийлүүлэгдэнэ. Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон гэдгийг тэрбээр онцлов.

Цахилгаан эрчим хүчний хувьд өнгөрсөн оны мөн үеийнхтэй 50 хувьтай нь тэнцэх хэмжээнд үйлдвэрлэл явуулна. Дутах 50 хувийг шинэ эх үүсвэрээс хангах тооцоо хийгдсэн, арга хэмжээ авч ажиллаж байна гэлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт олгох журмыг шинэчлэв

Нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх тусламж, хөнгөлөлтийн үйлчилгээг хүндрэл, чирэгдэлгүй болгох, хэрэгжилтийн явцад тулгамдаж байгаа зарим асуудлыг сайжруулах зорилгоор Засгийн газрын 2017 оны 197 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт олгох журам”-ыг шинэчлэн баталлаа.

Журам нь нийт найман зүйлтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүн тусламж, хөнгөлөлтөд хамрагдахад гаргах хүсэлт, бүрдүүлэх баримт бичиг болон тусламж, хөнгөлөлт олгохтой холбоотой харилцааг зохицуулна. Тухайлбал,

1. Халамжийн нэгдсэн систем еhalamj.mn-ээс болон төрийн үйлчилгээний нэгдсэн систем (Е-Mongolia)-ээс гарах боломжтой мэдээллийг цаасан хэлбэрээр шаардахгүй;

2. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тусламж, хөнгөлөлтөд хамруулах үйл явцын шат дамжлагыг багасгаж, Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхгүй;

3. Асрамжийн газар, сэтгэцийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлж байгаа эсхүл хорих ангид ял эдэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тухайн байгууллагын нийгмийн ажилтан уламжлан хүсэлт гаргаж тусламж, хөнгөлөлтөд хамруулах;

4. Байнгын асаргаатай, өдөр тутам живх хэрэглэдэг хоёроос дээш насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд гурван жилд нэг удаа олгох живхний үнийн хөнгөлөлтийг Засгийн газраас тогтоосон жишиг үнэд багтаан хувааж, жилд нэг удаа олгох;

5. Хөгжлийн бэрхшээлтэй хүн өөрийн сонгосон протезын үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх байгууллага, эмийн сангаас протез, ортопед, тусгай хэрэгслийг худалдан авах эсхүл хийлгэх;

6. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт олгох, санхүүжүүлэх, тайлагнах явцыг цахимжуулах, иргэний сэтгэл ханамжийн судалгааг авах, хяналт үнэлгээг сайжруулах.

Тогтоол батлагдсанаар төсөвт нэмэлт хөрөнгө шаардахгүй бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүнд хөнгөлөлт, тусламж үзүүлэх шат дамжлага багасаж, үйлчилгээг цахимжуулж, хяналт үнэлгээг сайжруулна гэж үзэж байна.

Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталлаа

Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай” хэлэлцээрийн хүрээнд хамтын ажиллагааны бүсийг хөгжүүлэх зорилгоор тохиролцсон “Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-г баталлаа. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар холбогдох арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарт даалгав. Мөн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд холбогдох хууль тогтоомжийн дагуу өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамтран ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгалаа.

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд нийт 579 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгажээ

Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны долоодугаар сарын 25-ны “Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгавраар үүрэг болгосны дагуу худалдан авах ажиллагааны төлөвлөлтийг сайжруулж, хууль, журамд нийцүүлэн шуурхай зохион байгуулах төлөвлөгөөний талаар Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиар санхүүжүүлэх шинээр эхлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг төлөвлөгөөний дагуу шуурхай зохион байгуулж, ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа.

Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 26 төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцад 2026 онд шинээр хэрэгжих 149, өмнөх оноос үргэлжлэн хэрэгжих 430, нийт 579 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгажээ.

Засгийн газрын баталсан жагсаалтын дагуу төсвийн ерөнхийлөн захирагч тендер шалгаруулалт зохион байгуулахад шаардлагатай зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэлийн тооцоо, техникийн тодорхойлолт, ажлын даалгавар болон бусад шаардлагатай баримт материалыг Төрийн худалдан авах ажиллагааны газар батлагдсан даруй хүргүүлснээр худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах боломжтой болох юм.

Товч мэдээ

·      Улаанбаатар хотноо 2025 оны долоодугаар сарын 17-нд гарын үсэг зурсан “Олон улсад автозамаар ачаа, зорчигч тээвэрлэх тухай” Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хорват Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа.

Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарын шинэ мэдлэг, инновац, технологи, ирээдүйн чиг хандлага, хөрөнгө оруулалт, бодлогын асуудлыг хэлэлцэн туршлага солилцох, талуудын бодит оролцоог хангах үндэсний хэмжээний цогц арга хэмжээ болсон “Tech Week 2025”-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй “ICT FORUM” Төрийн ордон эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар тус арга хэмжээний нээлтэд үг хэллээ.

Засгийн газрын 100 хоног өнөөдөр тохиож буйг онцлоод, гарааны 100 хоногтоо мэдээллийн технологийн салбарт түүхэн шинэлэг алхмуудыг хийж, шинэ эрин үеийн эхлэлийг тавилаа гэв. Засгийн газар “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих Виртуал бүс” байгуулж, “Digital First” бодлогын долоон зарчим, 74 зөвлөмж болон “Их өгөгдөл ба хиймэл оюуны үндэсний стратеги”-ийг баталж хэрэгжүүлж эхэлснээр Монголын дижитал ирээдүйн бат бөх суурийг тавилаа. Эдгээр алхам төрийн бүтээмжийг нэмэгдүүлж, иргэн, бизнесийн өмнө тулгамддаг асуудлыг түргэн шуурхай, ухаалаг технологийн шийдлээр шийдэх гарц нээж байгааг тэмдэглэв.

“И-Монголиа 5.0”-ийг нэвтрүүллээ. Мөн ойрын хугацаанд И-баримтыг бүрэн цахимжуулна. Засгийн газрын тэргүүлэх бодлого бол “Digital First” буюу “Цахимаар түрүүнд” гэсэн зарчим юм. Засгийн газар “5D стратеги”-ийн хүрээнд Монголын ирээдүйг тодорхойлох том зорилтуудыг дэвшүүлсэн. Тухайлбал, эдийн засаг болон экспортоо 10 жилийн дотор хоёр дахин өсгөх, сэргээгдэх эрчим хүчийг хоёр дахин нэмэгдүүлэх, эдийн засгийн бие даасан байдлыг баталгаажуулах, төрийн үйлчилгээг бүрэн цахимжуулж, дижитал эдийн засгийг шинэ шатанд гаргах зорилт гэдгийг танилцууллаа.

Монгол Улс цахим шилжилтээ эрчимжүүлсний дүнд НҮБ-ын үнэлгээгээр дэлхийн 193 улсаас 46 дугаар байрт орж, цахим засаглалын хөгжлийн түвшнээ шинэ шатанд гаргалаа. Энэ бол шуудангаас эхлээд мэдээллийн технологийн салбарын үе үеийн удирдлага, инженер, техникийн ажилтнуудын хичээл зүтгэлийн үр дүн юм. Тус салбарт өдөр бүр хөдөлмөрлөж буй 21.2 мянган ажилтан, тэдний ард зогсдог гэр бүлийн 74 мянган гишүүний үнэтэй хувь нэмэрт Ерөнхий сайд талархал илэрхийлээд, “ХУР”, “ДАН”, “И-Монголиа” зэрэг дэвшилтэт системийн ачаар өнөөдөр хоёр сая иргэн төрийн 1263 үйлчилгээг цахимаар авч, сүүлийн таван жилд нийтдээ 1.7 их наяд төгрөг хэмнэсэн нь Монголын цахим шилжилтийн бодит үр дүн юм гэлээ.

“Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих Виртуал бүс”-ийг нээж, татварын таатай орчин бүрдүүлж, есөн төрлийн дэмжлэг үзүүлэхээс гадна GPU кластер, үндэсний их өгөгдлийн санг ашиглалтад оруулж, их өгөгдөл ба хиймэл оюуны чиглэлээр олон улсын түвшний сургалтын хөтөлбөрүүдийг эхлүүлэхээр төлөвлөсөн.

Монголын ирээдүйг тодорхойлох гол түлхүүр бол мэдээллийн технологийн салбар. Тиймээс төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага, гарааны бизнес эрхлэгчид хүчээ нэгтгэн, шинэ боломжоо бүрэн ашиглаж, “Цахим үндэстэн” болох их үйлсийг хамтдаа эхлүүлье гэж Ерөнхий сайд уриаллаа.

УИХ-ын чуулганы хуралдааны шинэ дэгээр зохион байгуулсан УИХ-ын асуулгын цагт Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын гишүүдийн хамт оролцож, УИХ-ын гишүүдийн асуултад хариуллаа.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу өрнөж буй УИХ-ын асуулгын цагаар парламентын түүхэнд анх удаа мэтгэлцээн зохион байгуулсныг Ерөнхий сайд Г.Занданшатар онцлов.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн асуултаар Асуулгын цаг эхэллээ. Тэрбээр, шинэ Засгийн газрын 100 хоног тохиож байгаагаас гадна улсын төсвийг УИХ-аар хэлэлцүүлж буй цаг үетэй таарч байна гээд эдийн засгийн бүтцийн хувьд энэ удаагийн төсвийн онцлогийн талаар  тодруулав. Түүний дараа УИХ-ын гишүүн Ө.Шижир, С.Эрдэнэболд, Ц.Туваан, Х.Тэмүүжин, Б.Жаргалан, Ж.Баярмаа, Ц.Мөнхтуяа, Ч.Анар, Д.Энхтүвшин, Х.Баасанжаргал,  Г.Лувсанжамц, П.Ганзориг, О.Батнайрамдал нар асуулт асуулаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа парламент бол мэтгэлцээний танхим байх ёстой гэдэг агуулгыг оруулсан. Өнөөдөр парламентын түүхэнд анх удаа  мэтгэлцээний  зарчмаар асуудлыг хэлэлцэх гэж байгаад баяртай байна гэлээ. Түүний хариултуудыг тоймлон хүргэж байна.

-Өнөөдөр манай Засгийн газрын 100 дахь хоног тохиож байна. Энэ хугацаанд 30 жилийн хугацааны эдийн засгийн бүтцийг өөрчлөөд, өргөс авсан мэт болгоно гэж байхгүй. Харин уруудаж байсан эдийн засгийг сэргээж, өсөлтийг 5,7 хувьд хүргэж, гадаад валютын нөөцийг 5,7 тэрбум ам.доллар болгож нэмэгдүүллээ, 7-р сард 570 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан төсвийг 50 тэрбумын ашигтай болгосон.

-Унаж, живэх гэж буй эдийн засгаа яаж сааруулж зогсоох вэ гэсэн үнэнтэй нүүр тулсан 100 хоногийг үдлээ. Бид энэ хугацаанд борви бохисхийлгүй ажиллаж чадсаны хүчинд эдийн засгийн сэргэлтүүд гарч байна.

-Авлигатай тэмцэнэ гэдэг уриа лоозон биш. Бид бодит ажил эхлүүлсэн. Төсвийн авлига, хулгайтай тэмцэхэд хиймэл оюун ухаан ашиглаж эхэллээ. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагааг хүн биш хиймэл оюун ухааныг ашиглаж хийж байна. Үүнийг төрийн бүх шатны байгууллагуудад нэвтрүүлнэ.

-НӨАТ-ын буцаан олголтыг 2 хувиас 5 хувь болж нэмэгдүүлэх замаар иргэдийн  орлогыг нэмэгдүүлж байна. Тухайлбал, НӨАТ-ын буцаан олголтоор 4 ам бүлтэй айл жилдээ 2,5 сая төгрөг буцааж авна гэсэн үг.

-Ирээдүй өв сангийн хуулийн заалтаар энэ санд буй хөрөнгийг гадаадын банкинд байршуулна гэж заасныг засах хэрэгтэй байна. Тиймээс дотооддоо 6 хувийн хүүтэй  байршуулж, одоо цагийнханд үр өгөөжөө өгдөг байхаар Үндсэн хуульд тусгасан.

-Ирээдүйн өв сангийн хөрөнгийг ирээдүй хойчдоо үржүүлэн үлдээхээс гадна өнөөдрийн тулгамдсан асуудлуудыг шийдэх хөрөнгө болгох хэрэгтэй. Нэн тэргүүнд Үндэсний орон сууцжуулах хөтөлбөр боловсруулан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна.

 

“Төрийн албаны сахилга, дэг журам, хариуцлагыг чангатгах, бүтээмжийг сайжруулах тухай” Ерөнхий сайдын 2025 оны 01 дүгээр албан даалгаварт Төрийн болон албаны нууцын тухай хуулийн дагуу нууцад хамааруулах шаардлагагүй мэдээллийг зохих журмын дагуу ил болгох, Ерөнхий сайдын 2025 оны 64 дүгээр захирамжаар баталсан “Авлигатай тэмцэх, авлига, албан тушаалын гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд төрийн байгууллагын албаны нууцтай холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгох арга хэмжээг тус тус хэрэгжүүлэхээр тусгасан.

Дээрх арга хэмжээний хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан бөгөөд Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 10:00 цагт “Пума Империал” зочид буудлын “Империал холл” танхимд зохион байгуулах тул иргэд, олон нийт та бүхнийг тус хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна.

Үндэсний бичиг, соёл, номын өдрүүдийн хүрээнд зохион байгуулж буй 38 дахь удаагийн номын баяр Сүхбаатарын талбайд болж байна. Тус арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож үг хэллээ.

Номын баярыг санаачлагч “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын 20 жилийн ой болж байна. Иргэний нийгмийн энэ үнэ цэнтэй санаачилгыг төр, засаг онцгойлон дэмжиж, өргөжүүлэх нь бидний үүрэг. УИХ-ын даргаар ажиллаж байхдаа “Өдөр бүр таван хуудас уншъя” уриалга дэвшүүлсэн бол, өнөөдөр энэ үйлсийг бодлогын түвшинд ахиулж, бүх нийтийн хөдөлгөөн болгон өрнүүлэхийг зорьж буйгаа Ерөнхий сайд хэллээ.

Ирэх 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласан. Ном унших соёлыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд төр, засгийн зүгээс бодитой дэмжлэг үзүүлнэ. Энэ бол шинэ зорилт бус, үр хүүхдээ хөдсөнд өлгийдөж, ном судраа торгонд баринтагладаг өвөг дээдсийн минь оюун санаа, соёл, уламжлалын үргэлжлэл гэдгийг Ерөнхий сайд онцлоод энэхүү гэгээн үйлсийн төлөө сэтгэл зүрхээ зориулж буй зохиолч, орчуулагч, хэвлэн нийтлэгчид болон “Номын соёлт ертөнц” ТББ-ын хамт олон, баярт хүрэлцэн ирсэн уншигчид, оролцогчдод талархал илэрхийлэв.

Мөн номын хуудас бүрээс бид бүхэн мэдлэгийн эрдэнэ түүж, ухаарлын гэгээ олж, ирээдүйгээ бүтээдэг. Монголын ирээдүйг боловсролтой, өрсөлдөх чадвартай, хүчирхэг болгоход эдгээр хүмүүсийн оруулж буй хувь нэмэр онцгой үүрэгтэйг тэмдэглэлээ.

Энэ жилийн баяр өмнөх жилүүдээс өргөн дэлгэр болж, ОХУ, Хятад, Турк, Казахстан зэрэг зургаан орноос зохиолч, редакторууд болон хэвлэлийн компанийн төлөөлөл оролцож байгааг зохион байгуулагчид хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгулагдаж буй 38 дахь удаагийн “Номын баяр” уламжлал ёооор гурван өдөр үргэлжилнэ. 200 гаруй хэвлэн нийтлэгч, 250 орчим зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, эрдэмтэн судлаач оролцож байна.

Хүүхэд залууст ном унших соёл, дадал хэвшүүлэх, номтой нөхөрлөх эерэг хандлага бий болгох, зохиолч, туурвигч, идэвхтэн бичигчид, ном, хэвлэлийн салбар, нийтийн уншлагыг дэмжин сурталчлах нь энэхүү арга хэмжээний эрхэм зорилго юм.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2025 он.