Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв болон БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа.

Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт сүүлийн 24 цагт 538 хүүхэд иржээ. Үүний 80 хувь нь тав хүртэлх насны хүүхэд байна. Яаралтайгаар ирж буй дийлэнх хүүхдэд өндөр халуурсан, гүйлгэсэн, суулгасан, бөөлжсөн зэрэг шинж тэмдэг илэрчээ. Эмнэлгийн ачаалал энгийн үеэс хоёр дахин нэмэгдсэн байна.

Томуугийн дэгдэлтийн үе тул нэг ээлжид 14 эмчийг хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт ажиллуулж байна. Гэсэн хэдий ч хүлээгдэл их байгааг иргэд хэлж байна. Эмнэлэг дамжин дугаарлаж явснаас үүдэж хүүхэд шокын байдалд орох, татах зэрэг тохиолдол их байгаа учраас ирсэн хүүхдүүдийг аль болох буцаахгүйгээр коридорт ор дэлгэж авч буйг тус төвийн эмч нар учирлалаа. Өнөөдрийн байдлаар тус эмнэлэг коридортоо 20 ор дэлгэжээ.

6 хүртэлх сартай нярай хүндрэх нь элбэг байна. Гүйлгэж, бөөлжсөн, амьсгалын дутагдалд орж хүндэрсэн тав хүртэлх насны 14 хүүхэд эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Тэдний 11 нь ой хүрээгүй нярай хүүхэд байна.

БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн ачаалал ч мөн адил 2 дахин нэмэгджээ. БЗД 430 гаруй мянган хүн амтай. Нийт хэвтэн эмчлүүлэгчдийн 85 хувь нь хүүхэд байдаг. Өнөөдрийн байдлаар 252 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Тус эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт өнгөрсөн шөнө 417 хүүхэд иржээ. Хоногт 242 хүүхэд ирдэг байсан бол ачаалал сүүлийн 24 цагт хоёр дахин нэмэгдсэн учир эмч, ажилчдын тоог 2-4 дахин нэмэгдүүлжээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар 48 цагийн дотор ачаалал багатай эмнэлгүүдээс эмч нарыг дайчлах, АШУҮИС-тай хамтарч, резидент эмч нарыг ажиллуулахыг үүрэг болголоо. Мөн амбулаторийн цагийг сунгаж ажиллуулах, амбулатори дотор тусгай түр өрөө нээж, зөвхөн хүүхдүүдэд үйлчлэх зэргээр ээлжийн зохицуулалтыг шуурхай хийх зэргээр оргил ачааллын үе буюу 12 дугаар сараас өмнө нөхцөл байдалдаа тохируулж уян хатан зохицуулалт хийхийг санууллаа. Түүнчлэн ханиад, томуугийн гол шинжилгээ, тариа, эмчилгээний зардлыг ЭМД-д бүрэн хамруулах асуудлыг судлан танилцуулахыг холбогдох албаныханд даалгав.

Энэ жил томуугийн А хүрээний H3N2 вирус, амьсгалын замын синцитиаль вирус дэгдэж байгаа юм байна. Томуу, томуу төст өвчлөл өнгөрсөн 7 хоногоос 4 хувиар нэмэгдсэн төдийгүй нийт амбулаторийн үзлэгийн 10 хувийг эзэлж байна. Томуу, томуу төст өвчин Улаанбаатар хотод алаг цоог дэгдэлттэй, эмнэлгүүдэд ачаалал нэмэгдсэн. Харин улсын хэмжээнд томуугийн идэвхжил нэмэгдэж буйг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Хүүхэд унтаарах, зовуурьтай тухгүй байх, уйлагнах, ойр ойрхон гүйлгэж, бөөлжих, 3-4 цагийн зайтай өндөр халуурвал яаралтай эмнэлэгт хандахыг зөвлөлөө. Дур мэдэж эм өгөхгүй байх, интернетээс зөвлөгөө авахгүй байхыг эмч нар онцгойлон анхааруулж байна.

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.

Тавигдах болзол, шаардлага:

  • төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
  • зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
  • зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
  • Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
  • Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
  • Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
  • Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
  • Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.

Материал хүлээн авах:

  • Хугацаа: 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 17.30 цаг хүртэл
  • Хүлээн авах хаяг: Narangua.G@cabinet.gov.mn  цахим шуудангаар
  • Холбоо барих утас: 51-260330

Шилжүүлэх, сэлгэн авах ажлын байрны  жагсаалтыг ЭНД дарж харна уу. /Гүйцэтгэх/

 

Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тухай хуулийг УИХ-аас баталсантай холбогдуулан Шадар сайд Х.Ганхуяг, Сангийн сайд Б.Жавхлан, Боловсролын сайд П.Наранбаяр, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Сангийн сайд Б.Жавхлан “Төсөв хуулийн хугацаандаа батлагдлаа. Засгийн газраас өнгөрсөн есдүгээр сарын 1-нд өргөн барьсан төсвийн төсөл УИХ дээр цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн тодорхой хэмжээний өрөчлөлт орсон ч зарим макро үзүүлэлт илүү сайжирсан. 2026 оны улсын төсөв нь тэлэлтийг тодорхой хэмжэгээр хязгаарлаж, ДНБ болон эдийн засгийн өсөлтөд эзлэх хувийн хэвшлийн орон зайг тэлэх, баялаг бүтээгчдийг бодитой дэмжиж байгаагаараа онцлогтой. 2026 оны төсвийн төслийг боловсруулахдаа Засгийн газар 180 гаруй иргэнээс санал авч, улсын төсөвт тодорхой хэмжээнд тусгаж УИХ-д өргөн барьсан. УИХ төсвийн төслийн гол үзэл баримтлалыг хэвээр баталлаа” гэв.

2026 онд эдийн засгийн өсөлт 5.7 хувь байхаар, ДНБ 102 их наяд төгрөгт хүрэхээр гол өөрчлөлтөө хадгалж чадсан. Өөрөөр хэлбэл, 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг хангахад төсөв чиглэгдэж, УИХ-аар батлагдлаа. Монгол Улсын 2026 оны төсвийн алдагдлын хэмжээг 1.5 их наяд байсныг 1 их наяд болгон бууруулж баталсан.. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.9, урсгал зардал 24.9, хөрөнгийн зардал 8.6 их наяд төгрөг байх үндсэн үзүүлэлтүүд өөрчлөгдөөгүй. 2026 оны төсөв УИХ-д өргөн баригдсанаас хойш УИХ-ын ажлын хэсэг дээр гарсан саналын дүнд салбаруудад орсон өөрчлөлтийн нийт дүн 1 их наяд 351.3 тэрбум төгрөг. Үүнээс 884.1 тэрбум нь цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэхэд зориулагдана.

Хөрөнгө оруулалтын зардлын өөрчлөлт 382.1 тэрбум төгрөг. Төсвийн одоо байгаа урсгал зардал болон хөрөнгө оруулалт дээр зохицуулалт хийж, нэг зардал нөгөө рүү шилжиж байгаа гэсэн үг. Тэгэхээр инфляц дээр ирэх дарамт нь маш бага байна. Хэрэв эдгээр дүнгээр суурь зардлууд огцом шинээр нэмэгдсэн бол инфляцид сөрөг дарамт ирэхээр байлаа. Хасвал нэмнэ, нэмбэл хасна гэдэг зарчмаар ажиллаж, Засгийн газраас өргөн барьсан төслийг муутгаагүй, харин ч зарим голлох үзүүлэлт сайжирч сайн төсөв батлагдлаа. Ирэх арванхоёрдугаар сарын 5 гэхэд орон нутгийн төсвүүд батлагдах ёстой. Шинэ он эхлэхэд шинэ төсвийн хуулиараа төрийн байгууллагын санхүүжилт хэвийн хийгдээд явна гэж Сангийн сайд онцлов.

Улсын ирэх оны төсвийн хэлэлцүүлэг амаргүй нөхцөлд өрнөснийг бид бүгд харсан. Ажил хаялт, цалин тэтгэвэр нэмэх нийгмийн шаардлагад үндэслэн анх өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд зохих өөрчлөлт оруулсан. Эдгээр өөрчлөлтийг хийхийн тулд бүх Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийг 12.7 хувиар жигд танасан. Энэ хасагдсан, хэмнэгдсэн, өөрчлөгдсөн зүйлүүд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхэд зарцуулагдана. Хүүхдийн мөнгө, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, онцгой байдлын салбарын төсвөөс огт хасаагүй, хөндөөгүй гэдгийг Шадар сайд Х.Ганхуяг хэллээ.

Ахмадуудын тэтгэврийг хуульд заасны дагуу инфляцын төвшинтэй уялдуулж 8.6 хувиар нэмэхээр баталсан. Засгийн газраас тэтгэвэр нэмэх аргачлалыг боловсруулж батлахдаа бага тэтгэвэртэй ахмадуудын тэтгэврийг илүү нэмэх чиглэл баримтална гэдгийг Т.Аубакир сайд онцлов. Багш нарын цалинг нэмэхдээ салбарын ажилтнуудын цалинг орхигдуулахгүй гэдгийг сайд П.Наранбаяр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа тодотголоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.11.14/ Татварын ерөнхий газарт ажиллалаа. Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран татварын орлогын гүйцэтгэл үйл ажиллагааны хэрэгжилтийг танилцууллаа. Тэрбээр, 2025 онд 17 их наяд 940 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 14 их наяд төгрөг төвлөрүүлсэн гээд татварын өр хураах үйл ажиллагааны явц, болон шинэчлэлийн талаар танилцууллаа. Тухайлбал, хиймэл оюун, өндөр технологи ашиглан татвар төлөгчийн бүртгэл, хамрагдалтыг сайжруулж эхэлжээ. Татварын байцаагч нар татвар төлөгчдөд зөвлөн туслах үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж буй талаараа онцолсон юм.

Ерөнхий сайд Г.Занданшатар татварын шинэчлэл хийх, орлого төвлөрүүлэх талаар үүрэг, чиглэл өглөө. Тэрбээр, Татварын ерөнхий газрын шинэ удирдлага татварын реформыг хэрэгжүүлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюун ашиглаж хүний оролцоо багатай, хөндлөнгийн нөлөөгүйгээр ажиллах шаардлагатай. Төсвийн тухай хуулиар хүлээсэн орлогын төлөвлөгөөг бүрэн биелүүлэх, тогтолцооны шинэчлэл хийж, зөвлөн туслах үйлчилгээг төлөвшүүлэх, технологи ба тоон шинжилгээг нэвтрүүлэх, орлого бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх, НӨАТ-ын буцаан олголтын шинэчлэлийн бэлтгэл ажлыг хангахыг үүрэг болгов.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж татварын орлогын төлөвлөгөөг 3.7 их наяд төгрөгөөр бууруулсан. Татварын алба нь хуулиар батлагдсан 17.9 их наяд төгрөгийн орлогын төлөвлөгөөг ямар ч нөхцөлд бүрэн биелүүлж ажиллах шаардлагатай. Татварын албаны бодлогыг шийтгэх төвтэй биш, урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах, хамтран хөгжүүлэх зарчимд шилжүүлэх ёстойг онцоллоо. Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг саатуулахгүй, хэвийн үргэлжлэх нөхцөлийг хангах, бизнесээ өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татахад тушаа болж буй бүх шатны хүнд суртлыг халах, татварын эрсдэлийн үнэлгээг дэмжих, чадавхжуулах үйлчилгээтэй уялдуулахыг сануулав.

2025 оны 10 дугаар сарын 31-ний байдлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого төлөвлөснөөс 1,6 их наядаар буурсан. Татварын албаны орлогын гүйцэтгэл 13,2 их наядаар төлөвлөснөөс үндсэндээ бараг 4,4 их наядаар бага байна. Тиймээс орлого буурсан шалтгаан, нөлөөлөгч хүчин зүйлсийг Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулахыг даалгав. Татварын орлогын тооцоолол, хураалт, төлөвлөлт зөрж байгаа учир шалтгааныг тогтоож, шийдэл, арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж танилцуулахыг албан тушаалтнуудад үүрэг болголоо. Аж ахуйн нэгжүүдийн татварын өрийн асуудлыг шийдэхдээ аж ахуйн нэгжүүдийг эдийн засгийн эргэлтээс гаргалгүй уян хатан, шуурхай шийдэх, өр үүсгэсэн нь хождоггүй шударга тогтолцоо бүрдүүлэх, нэгэнт ногдуулсан татварыг төлүүлэх хөшүүрэг, торгууль, нөхөн төлбөрийн оновчтой системтэй болгох үүрэг өгөв. Хуримтлагдсан өр, авлагыг барагдуулсан татварын байцаагчийг урамшуулах буюу гүйцэтгэлд суурилсан цалин хөлсний тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатайг Ерөнхий сайд онцоллоо.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 12-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Албаны нууцыг хүчингүй болгож, төрийн 59 байгууллагын 882 мэдээллийг ил болгоно

Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцууллаа.

Сүүлийн жилүүдэд төрийн байгууллага, албан тушаалтнаас нууцлах мэдээллийн төрөл, хэмжээ, агуулгыг хэт өргөжүүлж, мэдээллийг явцуу ашиг сонирхлоор төрийн болон албаны нууцад авах тохиолдол гарсаар байна. Засгийн газрын тогтоолоор хэт олон буюу 574 мэдээллийг төрийн нууцад хамааруулснаас төрийн байгууллага бүр албаны нууцын жагсаалтаа өөр өөрөөр харилцан адилгүй тогтоож байна. Төрийн үйл ажиллагаа ил тод бус байх нь иргэдийн мэдэх эрхийг зөрчих төдийгүй авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдэх суурь нөхцөлийг бүрдүүлдэг. Тийм учраас Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар томилогдсон даруйдаа 01 тоот албан даалгавраараа нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх зорилгын хүрээнд Төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Тагнуулын ерөнхий газарт тус тус үүрэг болгосон. Энэ дагуу Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг боловсруулжээ.

Эдгээр төслийн хүрээнд:

  • Төрийн нууцад хамаарахаас бусад төрийн байгууллагын бүх мэдээлэл ил тод, нээлттэй болно. Тухайлбал, албаны нууцыг хүчингүй болгосноор одоо албаны нууцад бүртгэлтэй байгаа төрийн 59 байгууллагын нийт 882 мэдээлэл ил болно.
  • Төрийн нууцын жагсаалтыг Засгийн газрын шийдвэрээр өргөжүүлэх, үндэслэлгүйгээр мэдээллийг нууцлах явдлыг таслан зогсооно. Өөрөөр хэлбэл, төрийн нууцын жагсаалт батлах эрхийг Улсын Их Хуралд бүрэн төвлөрүүлж, иргэд, олон нийтийн хяналтыг тогтооно.

Эдгээр хуулийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, батлуулснаар төрийн байгууллага, албан тушаалтан үндэслэлгүйгээр мэдээллийг нууцад хамааруулахаас урьдчилан сэргийлэх, төрийн нууцлах мэдээллийн хүрээг хумих, төрд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, шийдвэр гаргалт хариуцлагатай, ил тод, нээлттэй байх, авлига, албан тушаалын гэмт хэрэг буурахад эерэг нөлөө үзүүлнэ.

Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг 2026 онд гурван удаа үе шаттай нэмж, 75 хувиар нэмэгдүүлэх саналыг танилцуулав 

Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны эрүүл мэндийн салбарын ажилтны үндсэн цалинг нэмэгдүүлэх шаардлагын талаар хэлэлцэж, тус салбарын ажилтны цалинг нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.

Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос “эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэн нэмэгдүүлэх” тухай нэмэлт хэлэлцээрийн төслийг ирүүлсний дагуу уг төслийг хэлэлцэх хамтын хэлэлцээг 2025 оны 10 дугаар сарын 26-нд эхлүүлж, нэмэлт хэлэлцээрийн төслийг хэлэлцэж эхэлсэн.

Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөлтэй энэ сарын 11-нд буюу өчигдөр уулзалт хийж, эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс 30 хувь, мөн оны аравдугаар сарын 01-нээс 20 хувь, 12 дугаар сарын 01-нээс 25 хувиар тус тус нэмэгдүүлэх саналыг танилцуулжээ.

Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг 2026 онд гурван удаа үе шаттай нэмж, 2026 оны 12 дугаар сарын 1 гэхэд одоогийн цалингаас 75 хувиар нэмэгдүүлэхээр болжээ. Монгол Улсын Засгийн газар 2027 оныг Эрүүл мэндийг дэмжих жилээр зарласан. Энэ онд тус салбарын ажилтны үндсэн цалинг 3,5 саяд хүргэхээр болжээ.

Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийнтөслийг хэлэлцээд яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Хуулийн төсөл нь олон улсын худалдааны нөхцөл байдал, гадаад хүчин зүйлээс сэргийлэх, стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, даван туулах арга хэмжээг тодорхойлох, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой.

Төсөл нь нийтлэг үндэслэл буюу хуулийн зорилт, холбогдох хууль тогтоомж, хуулийн үйлчлэх хүрээ, хуулийн зарчмын талаар тусгасан бөгөөд эдгээр зохицуулалтын гол зорилго нь стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжихэд чиглэжээ. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд тусгагдаагүй төрийн байгууллагуудын авч хэрэгжүүлэх онцлог зохицуулалтыг тусгажээ. Мөн хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, хуулийн үйлчлэх хугацааг тусгасан байна.

“Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн өр төлбөр, зээлийн үлдэгдлийг улсын төсөвт төлж барагдуулна

Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээний дагуу “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн зээл, зээлийн хүүгийн үлдэгдлийг 2026 оны нэгдүгээр улиралд багтаан улсын төсөвт төлж барагдуулахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа.

Монгол Улсын Засгийн газар 1991 оноос эхлэн гадаад орон болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас гадаад зээллэгийн эх үүсвэрийг хөнгөлөлттэй, нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр хүлээн авч, шаардлагатай төсөл, арга хэмжээг дотоодод хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ хүрээнд “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-иудад дараах төсөл, арга хэмжээг гадаад зээлийн хөрөнгөөр санхүүжүүлсэн байна. Тухайлбал,

  • Эрчим хүчний нүүрсний уурхайнуудын тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд “Нүүрс төсөл” хэрэгжүүлсэн.
  • Уурхайн тоног төхөөрөмжийг шинэчлэх, засварын барилга, байгууламж, дэд станц шинээр барьж суурилуулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд “Багануур”, “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхайг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлсэн.
  • Уул уурхайн хүнд машин механизм шинээр худалдан авах, техникийн парк шинэчлэлт хийх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны банк хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд “Экспортын зээлийн шугам нээх төсөл” хэрэгжүүлж, дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээг 2021 онд “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-тай байгуулсан.

Иймд дээрх төслүүдийн хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа компаниуд болох “Багануур”, “Шивээ овоо” хувьцаат компаниудад дамжуулан зээлдүүлсэн зээлийн нийт өр төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлэхийг Засгийн газрын тогтоолоор чиглэл болголоо.

Төмөр замын төслүүдийн хэрэгжилтийн явцын талаар танилцуулав 

Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтын хил дамнасан төмөр зам, Эрээнцав-Чойбалсан-Бичигт чиглэлийн зүүн босоо төмөр замын төслүүдийн хэрэгжилтийн явцын талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Эдгээр төсөл нь экспортын тээвэр, бүс нутгийн эдийн засгийн интеграци, хил дамнасан холболтыг өргөтгөх стратегийн ач холбогдолтой. Мөн жилд 60-70 сая.тн ачаа тээвэрлэх хүчин чадал бүрдэж, экспортын орлого 2-3 тэрбум ам.доллароор нэмэгдэн, эдийн засгийн өсөлт 1.5 нэгж хувиар өсөх боломж бүрдэх юм.

Түүнчлэн, боомтын нэвтрүүлэх чадвар сайжирч, бүс нутгийн хөгжлийн тэнцвэр хангагдан, Монгол Улс бүс нутгийн ложистикийн төв, дамжин өнгөрөх тээврийн стратегийн зангилаа болох суурь нөхцөлийг бүрдүүлнэ.

Уран бүтээлчдийн мэдлэг, ур чадвар, авьяас билгийг хөгжүүлэх, уран бүтээлийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд анхаарна

“Хөгжмийн зохиолын шилдэг бүтээл шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах журам”-д нэмэлт өөрчлөлт орууллаа.

Хөгжмийн зохиолын шилдэг бүтээлийг шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах журам, Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах журам, Утга зохиолын шилдэг бүтээлийг шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах журамд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Монгол Улсыг хөгжүүлэх урт, дунд, богино хугацааны бодлогод туссан соёл, урлагийг хөгжүүлэх зорилт, арга хэмжээний хүрээнд уран бүтээлчдийн мэдлэг, ур чадвар, авьяас билгийг хөгжүүлэх, уран бүтээлийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг хангахад чухал нөлөө үзүүлнэ гэж үзжээ.

Тогтоол батлагдсанаар шинээр орон тоо, цалингийн сан нэмэгдэхгүй бөгөөд шилдэг бүтээлийг худалдан авах зардлыг жил бүрийн Төсвийн тухай хуулиар соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний багцаас санхүүжүүлэх тул улс, орон нутгийн төсөвт аливаа нэмэлт санхүүгийн ачаалал үзүүлэхгүй.

Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2025 оны 10-р сарын 30-нд өргөн мэдүүлсэн. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр хэвлэл мэдээллийн салбарынхантай уулзаж, “Шинэ итгэл-Эрс шинэтгэл” буюу “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцуулан, дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Уулзалтад Засгийн газрын гишүүд, холбогдох албан тушаалтнууд оролцов.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар ирэх таван жилийн хөгжлийн үндсэн чиглэлийг танилцууллаа. Тэрбээр Монгол Улсын Үндсэн хуулийн 27.1.5-д хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна гэж заасан. Бид өнгөрсөн 30 жилийн замналаасаа суралцаж, дараагийн шатны зам мөрөө тодорхойлох учиртай. Засгийн газар өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан гэлээ. Ирэх таван жилийн хөгжлийн үндсэн чиглэлийг боловсруулахдаа Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн дагуу шинжлэх ухааны үндэслэлтэй, олон нийтийн санал бодолд нийцүүлэн, төлөвлөлт, хэрэгжилтийн шатанд нэгдмэл, уялдаатай, үйл ажиллагаа, үнэлгээ нэг чиг, нэг зорилготой байх зарчмыг баримталжээ.

Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг ШУА болон эрдэм шинжилгээний байгууллагууд, их сургуулиудын эрдэмтэн судлаачдаар хэлэлцүүлэн боловсруулжээ. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг 2020 онд баталснаар анх удаа Монгол Улсын хөгжлүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг баталсан. Өмнөх үндсэн чиглэлийн баримт бичиг дуусгавар болохоос хоёр сарын өмнө дараагийн таван жилийн үндсэн чиглэлийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр хуульчилсны дагуу “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулан парламентад өргөн бариад буй юм.

“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төслийг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-тэй уялдуулан боловсруулсан байна. Энэхүү баримт бичиг “Хүний хөгжил”, “Нийгмийн хөгжил ба үндэсний нэгдмэл үнэт зүйл”, “Эдийн засаг ба дэд бүтцийн хөгжил”, “Байгаль орчин, ногоон эдийн засаг”, “Засаглал, дижитал шилжилт”, “Бүсийн хөгжил”, “Үндэсний өрсөлдөх чадвар”, “Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун” гэсэн бодлогын найман чиглэлээс бүрдэх бөгөөд энэ хүрээнд үндэсний 10, салбарын 35, төсвийн ерөнхийлөн захирагчийн 85, хөтөлбөрийн 200 үр дүнг тус тус тодорхойлсон.

Бодлогын дээрх найман чиглэлийн хүрээнд үндэсний 10 үр дүнг тусгаснаараа онцлог. Тухайлбал, боловсруулах салбарын боловсруулалтын түвшнийг дээшлүүлж, бүтээмж, төрөлжилтийг нэмэгдүүлснээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг 6.0 хувиас дээш түвшинд тогтвортой хадгалах зорилтуудыг Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төсөлд тусгасан байна.

Мөн бүс, орон нутгийн хөгжлийн ялгааг багасгаж, эдийн засгийн хувьд төрөлжүүлж, хүн амын шилжилт хөдөлгөөнийг тэнцвэржүүлэх замаар орон нутгийн хөгжлийн үзүүлэлтийг 20 хувиар нэмэгдүүлнэ. Бизнес эрхлэх орчныг сайжруулж, зах зээл дэх төрийн оролцоог багасгах, шударга өрсөлдөөнийг дэмжих, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, татварын болон гаалийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, Монгол Улсын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр 50 орны нэг болох зорилтыг ирэх таван жилд хэрэгжүүлэх боломжтой хэмээн үзэж байгаа юм.

Боловсрол, эрүүл мэндийн салбарт хийх шинэчлэлийн хүрээнд чанартай, хүртээмжтэй үйлчилгээг иргэн бүрд тэгш хүргэж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн хүний нөөцийг бэлтгэн, хүний хөгжлийн үзүүлэлтийг 0.813 оноонд хүргэнэ. Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, нийгмийн даатгалын уялдаа холбоог сайжруулж, хөдөлмөр эрхлэлтийн түвшнийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж, ажлын байран дахь осол гэмтэл, хөдөлмөрлөх эрхийн зөрчил, маргааныг бууруулах замаар зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, дундаж давхаргын эзлэх хувийг 20 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан.

Авлигыг бууруулж, иргэдийн шүүхэд итгэх итгэл, шударга ёсны тогтолцоог бэхжүүлж, ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлж, батлан хамгаалах, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг сайжруулж, “Цахимаар түрүүнд” зарчмыг хэрэгжүүлж, иргэн төвтэй үйлчилгээг бүрдүүлж зөв засаглалын үзүүлэлтээр эхний 90 орны нэг болохоор төсөлд холбогдох арга хэмжээнүүдийг тусгасан байна.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг хөрөнгийн биржээр нээлттэй арилжаалах бэлтгэл ажлыг эхлүүлэх хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөндлөнгийн хараат бус аудитын компаниар тус компанийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийлгэх, хөндлөнгийн үнэлгээний компанийн үнэлгээг шинэчлэн тогтоолгох зэрэг ажлуудыг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Монгол Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 20 хүртэлх хувийг, 2018 оны 73 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалахаар шийдвэрлэсэн.

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат болгох чиглэлээр удаа дараа үүрэг даалгавар өгсөн бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх хүрээнд тус компанийн үйл ажиллагаанд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хараат бус хөндлөнгийн аудитын байгууллагаар аудит хийлгэх шаардлага үүсжээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох, хувьцааг биржээр арилжаалах бэлтгэл ажлын хүрээнд компанийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийлгэж дүгнэлт гаргуулахаар гүйцэтгэгчийг нээлттэй зарлаж, шалгаруулах Ажлын даалгаврыг боловсруулсан байна.

Нүүрс худалдах, худалдан авах 581 гэрээг ил болгож, компанийн сайтад байршуулж байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2010 оноос хойш байгуулагдсан нүүрс худалдах, худалдан авах гэрээнүүдийг холбогдох хууль тогтоомж, гэрээнд нийцүүлэн олон нийтэд ил тод болгох ажлыг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь стратегийн ач холбогдол бүхий ордод үйл ажиллагаа явуулдаг, Монгол Улсын нийт иргэд хувьцааг нь эзэмшдэг төрийн өмчийн оролцоотой хувьцаат компани болохын хувьд үйл ажиллагаа, олборлолт, борлуулалтын талаарх мэдээллийг хууль тогтоомжийн дагуу олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх шаардлагатай. Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2010 оноос хойш байгуулагдсан нүүрс худалдах, худалдан авах бүх гэрээг ил тод болгох үүрэг даалгавар өгсөн. Тус компани 2010-2025 оны хугацаанд нүүрс худалдах, худалдан авах нийт 586 гэрээ байгуулснаас 581 гэрээг ил тод нээлттэйгээр компанийн цахим хуудаст байршуулж байна. Урт хугацаатай, уурхайн ам нөхцөлтэй таван гэрээг байршуулаагүй байна. Эдгээр нь олон улсын гэрээний дагуу нууцлах зохицуулалттай, мөн талуудын байгуулсан гэрээгээр нэг талдаа урьдчилан мэдэгдэх, зөвшөөрөл авах шаардлагатай байх тул худалдан авагч гэрээний талд мэдэгдэн таван гэрээг тус бүрийг ил тод болгох чиглэлээр ажиллаж байна.

Газар тариалангийн үйлдвэрлэлд учирч болзошгүй эрсдэлийг бууруулахад чиглэсэн цогц арга хэмжээ хэрэгжүүлнэ

Ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

2025 онд улсын хэмжээгээр 274.1 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн улаанбуудай, 101.9 мянган тонн төмс, 208.6 мянган тонн хүнсний ногоо, 133.3 мянган тонн тэжээлийн ургамал, 27.2 мянган тонн тосны ургамал, нийт 745.1 мянган тонн ургац хураан авч өмнөх онтой харьцуулахад 503.3 мянган тонноор буюу 40.3 хувиар ургац буурсан байна.

Улаанбуудай 34.7 хувиар, төмс 22.9 хувиар, хүнсний ногоо 22.0 хувиар, малын тэжээлийн таримал 46.0 хувиар, тосны ургамал 49.0 хувиар тус тус буурчээ.

Ургац хураалтын урьдчилсан дүнгээс харахад, Монгол Улсын нийт хүн амын хэрэгцээт улаанбуудайн 62.5 хувийг, төмсний 76.9 хувийг, хүнсний ногооны 72.6 хувийг дотоодын ургацаас хангах тооцоо хийжээ.

Энэ жил тариалангийн бүс нутагт 5-7 дугаар сард хур тунадас бага, агаарын дундаж температур 37.0-39.5°С, хөрсний гадаргын үнэмлэхүй их температур 65.0-69.6°С-д хүрч, хөрсний үнэмлэхүй их температур 40°С-аас давж халсан өдрийн тоо 7-10 хоногоор үргэлжилж, халалтаас үүдэлтэй зурваслан усархаг бороо, мөндөр зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлүүд тохиолдсон нь ургацад сөрөг нөлөө үзүүлжээ.

Улаанбуудайн хувьд хэдийгээр гангийн нөлөөлөлд өртсөн ч 8-9 дүгээр сард цаг агаар харьцангуй тааламжтай байж, хураалтыг 7-10 хоногийн өмнө эхлүүлсэн нь ургацын чанарт эергээр нөлөөлж, тарианы болц жигд, цавуулаг өндөртэй байна.

Танилцуулгатай холбогдуулан хүнсний улаанбуудайн стратегийн болон 2026 онд тариалах үр тариа, төмс, тэжээлийн таримлын үрийн нөөц бүрдүүлэх, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас газар тариалангийн үйлдвэрлэлд учирч болзошгүй эрсдэлийг бууруулахад чиглэсэн цогц арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх, тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах асуудлыг судалж, шийдвэрлэх арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярт даалгалаа.

2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлалаа

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны уйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Эрүүл монгол хүн” зорилгыг хэрэгжуулэх, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх зорилгоор 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлаж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан Засгийн газарт танилцуулахыг Эруул мэндийн сайд Ж. Чинбүрэнд даалгав.

Эруул мэндийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишууд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Эрүүл мэндийг дэмжих чиглэлээрх үйл ажиллагаа, арга хэмжээг улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар ханган ажиллах, холбогдох санхүүжилтийг 2027 оны улсын төсвийн төсөлд тусган шийдвэрлэх, салбар дундын уялдааг хангаж ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

“Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа

“Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа. Эрүүл мэндийн даатгалын сангийн өр, төлбөрийн шалтгаан, нөхцөлийг судалж, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх, цаашид тус сангийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах талаар санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахалсан. Тэрбээр “Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаанд саяхан шалгалт хийсэн. Шалгалтаар эрүүл мэндийн даатгалын санг өөрийг нь эмчлэх, эрүүлжүүлэх цаг болжээ гэсэн дүгнэлтэд хүрсэн” гэдгийг мэдээлэл хийхдээ тэмдэглээд шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарч байгааг онцлов. Цаашид ЭМДС болон Нийгмийн даатгалын санг үр ашигтай, ил тод тогтолцоонд шилжүүлэх нь Засгийн газрын нэн тэргүүний зорилт гэлээ.

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт болон засаглалын менежментийг сайжруулах чиглэлээр шуурхай арга хэмжээ авах зорилгоор Эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомж, эрүүл мэндийн даатгалын сангийн тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, тус сангийн хөрөнгийг бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны үр дүн, хяналтыг сайжруулах, сангийн өр авлагыг барагдуулах, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцох, холбогдох хууль тогтоомж зөрчсөн байж болзошгүй асуудлыг нягталж, хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулах, шаардлагатай тохиолдолд хуулийн байгууллагад шилжүүлж холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор даалгалаа. Мөн Цэвээнжавын Батбаатарыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томиллоо. Тэрбээр УИХ-ын Тамгын газрын Хуулийн газрын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан юм.

“Ширээт” дэд станцын өргөтгөл барих санхүүжилтийг 2026 оны төсөвт тусгана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймагт “Монгол газрын тосны боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаа болон зарим аж ахуйн нэгжийн газрын тосны олборлолтын явцтай танилцсан талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан,

  • Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа гэрээлэгч нарын олборлосон газрын тосыг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-д тогтвортой нийлүүлэх талаар холбогдох гэрээ, хэлэлцээр байгуулах санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулах,
  • Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны II ээлжийн барилга угсралтын ажлыг дуусгахад шаардлагатай санхүүжилтэд “Эрдэнэс Монгол” компаниас баталгаа гаргуулах замаар Хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлэх,
  • “Ширээт” дэд станцын өргөтгөл барих санхүүжилтийг 2026 оны төсөвт тусгуулж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх зэрэг арга хэмжээ авахыг холбогдох алдбан тушаалтнуудад үүрэг болголоо.

Товч мэдээ

  • Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяа “Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори” улсын төсөвт үйлдвэрийн газар болон “Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори” улсын төсөвт үйлдвэрийн газрыг нэгтгэн, “Улсын мал эмнэлэг, ариун цэвэр, эмийн сорилт, баталгаажуулалтын нэгдсэн лаборатори” улсын төсөвт үйлдвэрийн газар болгон өөрчиллөө.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн амралтын өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян багт газрын тос олборлож буй “Доншен газрын тос” (Монгол) ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани 2003 оноос хойш 480 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 1.038 сая тонн түүхий тос олборложээ. 1997 оны “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу Монгол Улсын төсөвт 134 сая ам.доллар төвлөрүүлсэн байна. Газрын тос олборлох 170 цооногтой. Энэ онд 56.000 тонн  тос олборлохоор төлөвлөжээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Доншен газрын тос” (Монгол) ХХК-ийн удирдлагууд болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуаньтай ярилцаж, цаашид хайгуул болон олборлолтоо нэмэгдүүлэхийг хүслээ.

“Доншен газрын тос” (Монгол) ХХК жилд 50,000-60,000 тонн газрын тос олборлож буй бөгөөд 100,000 тоннд хүргэх боломжтой гэж танилцуулав. Гэхдээ нэмэлт хөрөнгө оруулалт хийхэд хуулийн болон бусад хязгаарлалт бэрхшээл үүсгэж байна гэж компанийн удирдлагууд танилцууллаа. 2012 оноос хойш салбарын болон татварын зэрэг хэд хэдэн хуульд өөрчлөлт орсон нь тус компанийн үйл ажиллагаанд нөлөөлж, өнөөдрийн байдлаар 14.5 сая ам.долларын маргаан үүссэн байна.

Дээр дурдсан маргаанд анхаарлаа хандуулахыг тус компанийн зүгээс хүслээ. Ерөнхий сайд Г.Занданшатар шүүхийн шатанд очсон маргаанд Засгийн газар оролцох боломжгүй. Хуулийн дагуу шийдвэрлэгдэнэ гэж байр сууриа илэрхийллээ.

“Доншен газрын тос” (Монгол) ХХК БНХАУ-ын SINOPEC групп компанийн удирдлага дор Монгол Улсын эрчим хүч, газрын тосны салбарт хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлж, хувь нэмэр оруулах болно гэдгээ илэрхийллээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар нүүрсний хулгайтай тэмцэх Тусгай ажлын хэсэг байгууллаа. Төрийн өмчит компаниуд, уул уурхайн салбарт нүүрлэсэн баялгийн хулгайтай тэмцэх чиг үүрэгтэй ажлын хэсэгт хуулийн хүрээнд эрс шийдэмгий алхмууд хийж хэрэгжүүлэхээр ийнхүү ажлын хэсэг байгууллаа. Тусгай ажлын хэсэгт Тагнуулын ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Сангийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон бүх яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Гаалийн ерөнхий газар,  Татварын ерөнхий газар  гээд холбогдох төрийн байгууллагуудыг оруулжээ.

Энэхүү Тусгай ажлын хэсэг авлига, албан тушаалын гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоох, эрх зүйн орчныг боловсронгуй болгох хуулийн төслийг боловсруулж, батлуулах талаар санал дүгнэлт гаргах юм. Энэ хүрээнд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Гэрч хохирогчийг хамгаалах үндэсний тогтолцоог бэхжүүлэх хуулийг төслийг боловсруулж, батлуулахад анхаарч ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар ажлын хэсгийнхэнд үүрэг болгов. Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулж, аливаа гэрээ хэлцэл ил тод, нээлттэй байх зарчмаар болзошгүй хулгайгаас урьдчилан сэргийлж, олон нийтийн хяналт бий болгох нь чухал гэдгийг тэмдэглэв.

Олон нийтийн өмчийг хамгаалж, төрийн өмчит компаниудын үр ашгийг дээшлүүлэх нь Засгийн газрын үүрэг юм. Тиймээс ч цаашид энэ чиглэлд онцгой анхаарч ажиллана гэдгээ Ерөнхий сайд хэллээ. “Монгол шуудан” компанийн 34 хувийг нээлттэй хэлбэрт шилжүүлснээр үр ашиг нь 10 дахин нэмэгдснийг онцлоод, нээлттэй, хариуцлагатай ажиллах чиглэлд төрийн өмчит компаниудын удирдлагууд онцгой анхаарах хэрэгтэйг дурдлаа. Төрийн албаны бүх шатанд хулгайг үл тэвчих үзэл хандлагыг төлөвшүүлж, олон жил яригдсан баялгийн хулгай, үндэслэлгүй хөрөнгөжих, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргүүд дээр бодитой үр дүн гаргаж ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар Тусгай ажлын хэсэгт үүрэг болголоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох шийдвэрээ УИХ-д танилцууллаа. Ерөнхий сайд,

Эрхэм УИХ-ын гишүүд ээ, 

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд онцгой бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох шийдвэр гаргаж байгаагаа олон нийтэд мэдэгдсэн. Улмаар энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчид албан ёсоор танилцуулсан. Мөн УИХ-д танилцуулахаар 2025 оны аравдугаар сарын 1-ний өдрийн Засгийн газрын 1/111 тоот албан бичгийг хүргүүлснээс хойш өнөөдөр 24 хонож байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасны дагуу Лхагвын Мөнхбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх болон Баттөмөрийн Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох асуудлыг УИХ-д үүгээр танилцуулж байна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох Баттөмөрийн Энхбаярын дэлгэрэнгүй намтрыг УИХ-д хүргүүлсэн албан бичгийн хавсралтаар хүргүүлсэн болно.

Баттөмөрийн Энхбаяр нь улсад нийт 27 жил ажилласан бөгөөд 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, 2023-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар тус тус ажилласан.

Эрхэм гишүүд ээ, 

Баялгийн хулгай, нүүрсний хулгайг таслан зогсоож, учирсан хохирлыг арилгаж, гэм буруутанд хуулийн хүрээнд хариуцлага тооцож, далд эдийн засгийг бууруулах нь Монгол Улсын эдийн засаг, ард түмний нийтлэг эрх ашиг юм.

Тиймээс далд эдийн засгийг бууруулах, баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тэмцэхэд хууль, эрх зүйн салбарын тогтолцоо, бодлогын өөрчлөлт, шинэчлэл хийх нь зүйтэй гэж үзэж энэхүү шийдвэрийг гаргаж байна.

Баттөмөрийн Энхбаяр нь хууль, эрх зүйн салбарт 20 гаруй жилийн туршлагатай, шилдэг, мэргэжлийн боловсон хүчин бөгөөд эр зоригтой, ард иргэдийн итгэлийг даах улс төрч гэж үзэж байна.

Өнгөрсөн өдрүүдийн хий хоосон улстөржилт нь улс орон, ард түмэн, төр алба, хувийн хэвшлийн хэвийн үйл ажиллагаанд тодорхой бус байдлыг бий болгож, өвөлжилтийн бэлтгэл, бензин шатахуун, цалин хөлс зэрэг цаг үеийн шинжтэй нийгэм, эдийн засгийн хойшлуулшгүй, нэн яаралтай шийдвэрлэх олон асуудал байна.

Ард түмэн “Улс төр биш ажлаа хий, асуудлаа шийд” гэж Та биднээс шаардаж байгааг төрийн эрх барих дээд байгууллага УИХ хүндэтгэн үзнэ гэдэгт итгэж байна. Иймд Баттөмөрийн Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох асуудалтай УИХ танилцаж, Засгийн газрын гишүүний тангараг өргөх боломжоор хангаж өгөхийг хүсье.

Эрхэм гишүүд ээ, 

Засгийн газар баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тууштай, хатуу тэмцэнэ.

Тавантолгойн бүлэг ордын нэг болох Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг 2026 оны төсвийн төсөлтэй хамт УИХ-д өргөн мэдүүлсэн болно. Уг тогтоолын төсөл УИХ-аар батлагдсанаар эмч, багш нарын цалин хөлс, ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжийг шаардлагатай түвшинд хүртэл нэмэгдүүлэх, мөн бусад тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх нөхцөл боломжийг нээнэ.

Ард түмний баялгийг хулгайлсан аливаа үйлдэлд хуулийн хариуцлага хүлээлгэж, нууж хаасан үнэнийг илчлэн дэлгэж, ард түмний хатуу хараа хяналтыг тогтоон дархлахын төлөө Засгийн газар улам эрчтэй ажиллах болно.

Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуульд заасан Онцгой бүрэн эрхээ эдэлж, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, үндсэн чиг үүргээ биелүүлэхэд нийт ард түмэн болон УИХ дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Баялагтаа эзэн Монголын төлөөх тэмцэл үргэлжилж байна.

Монгол Улсад хулгай худал биш хууль, үнэн ялах болтугай!

Анхаарал хандуулсанд баярлалаа гэлээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2025 он.