Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Саудын Арабын Хаант Улсын “Аква повер” компанийн төлөөлөн Удирдах зөвлөлийн тэргүүн Мохаммад Абунаяан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Мохаммад Абунаяан Саудын Арабын Хаант Улсын Угсаа залгамжлах Ханхүү бөгөөд Ерөнхий сайд Мохамед Бин Салман-аас Ерөнхий сайд Г.Занданшатарт мэндчилгээ дэвшүүлснийг дамжууллаа.
Тэрбээр сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. “Аква повер” компани нь Ойрх дорнод, Африк, Төв Ази, Зүүн өмнөд Азийн 10 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг, эрчим хүчний үйлдвэрлэлээрээ дэлхийд эхний тавд багтдаг ажээ. 2030 онд БНХАУ-д 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, эрчим хүчний зах зээлд байр сууриа тэлэхээр зорьж байгаа ажээ.

Монгол Улсын Засгийн газрын эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэх бодлогын хүрээнд эрчим хүчний нөөцийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлээд сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй учраас манай компанийн сонирхлыг татаж байна. Монгол Улс дотоодын эрчим хүчээ хангаад зогсохгүй экспортлогч улс орон болох зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжиж ажиллах сонирхолтой байна. Орчин цагт AI буюу дата өгөгдлийн хэрэгцээ эрс нэмэгдэж байгаа нь эрчим хүчний хэрэглээг улам тэлж байна. Монгол Улсад хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулагчид эрчим хүчний нөөц боломжийг судалж байна. Шадар сайд Т.Доржханд болон түүний багтай хамтран сэргээгдэх эрчим хүчний үйлдвэр байгуулахаар судалгаа хийгээд байгаа талаараа Мохаммад Абунаяан танилцууллаа.
Ерөнхий сайд Г.Занданшатар, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэнд талархан дэмжиж байна. Манай улс сэргээгдэх эрчим хүч, нар, салхины эрчим хүчний арвин нөөцтэй. Тиймээс эрчим хүч дамжуулах дэд бүтцийг байгуулах, эрчим хүч экспортлох төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулагч талуудтай хамтран ажиллах боломжтой гэлээ. Улмаар Саудын Арабын Хаант Улс болон Монгол Улсын Засгийн газрын хооронд сэргээгдэх болон ногоон эрчим хүчний чиглэлд хамтран ажиллах асуудлыг харилцан зөвшилцөж, хамтын ажиллагааг дараагийн түвшинд гаргах чиглэлээр санаачилга гаргаж Санамж бичиг байгуулах ажлыг Шадар сайд Т.Доржханд хариуцан ажиллаж байгааг онцоллоо.
У.Бямбасүрэн: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоох шалтгаан болсон нөхцөл байдал арилж байна
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны долоодугаар сарын 09-ний 26 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, тус компанид Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг томилон ажиллуулж буй.
2025 оны эхний хагас жилд “Эрдэнэс Тавантолгой” ХК сар бүр дунджаар 1.7 сая тонн нүүрс борлуулж байсан бол онцгой дэглэм тогтоосны дараа буюу долоо болон наймдугаар сард энэ үзүүлэлт 2.7 сая тонн болж, өмнөх дундажтай харьцуулахад 1.6 дахин өсжээ. Үүнээс наймдугаар сард биржээр 26 удаагийн дуудлага худалдаагаар 116.6 сая ам.долларын үнэлгээ бүхий 2.1 сая тонн нүүрс арилжаалж, биржийн нүүрсний экспорт 739 мянган тонн болж өмнөх сараас хоёр дахин өссөн байна. Онцгой дэглэмийн хугацаанд тээврийн үйл ажиллагааг оновчлох замаар худалдан борлуулсан нүүрсийг хүргэж өгөх хугацааг 2-3 дахин бууруулжээ. 2023, 2024 онд байгуулсан боловч хэрэгжилт нь зогссон байсан 29 гэрээнээс 11-ийг шийдвэрлэж, хэрэгжилтийг хангуулж байна.
Засгийн газрын 2025 оны 26 дугаар тогтоол, Ерөнхий сайд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллах үеэр өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, олборлолт, тээвэр, борлуулалт болон бусад үйл ажиллагааг сайжруулах гэсэн дөрвөн чиглэлээр төлөвлөгөө батлан хэрэгжүүлж байна. Онцгой дэглэм тогтоосон эхний хоёр сарын хугацаанд төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажилласнаар сарын дундаж борлуулалт 1.6, биржийн гэрээний тээвэрлэлт 1.5, экспорт 1.2, орлого 1.3, олборлолт 1.1 дахин тус тус нэмэгдэж онцгой дэглэм тогтоох шалтгаан болсон нөхцөл байдал үндсэндээ арилж байна гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК дахь Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн мэдээллээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн явц, хийгдсэн ажил, үр дүнгийн талаарх танилцуулгатай холбогдуулан биржээр өмнө нь өндөр үнээр худалдан авсан нүүрсний ачилтаа зогсоож, гэрээний үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа худалдан авагчидтай хийж байгаа хэлцлийг эрчимжүүлэх, биржийн арилжаа, ачилтыг нэмэгдүүлэх болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг жигдрүүлэх, компанийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг “Эрдэнэс Тавантолгой” ХК дахь Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч У.Бямбасүрэнд үүрэг болголоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Г. Занданшатар Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Мануэла В.Феррог /2025-09-02/ хүлээн авч уулзлаа.
Дэлхийн банк 1991 оноос хойш 34 жилийн хугацаанд Монгол Улсын нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан хамтран ажиллаж, олон төсөл хөтөлбөр санхүүжүүлж ирсэнд Ерөнхий сайд талархал илэрхийллээ.
Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх зорилтуудын талаар танилцууллаа. Засгийн газар хүний хөгжлийг бодлогын цөм болгон авч үзэхийн зэрэгцээ ногоон шилжилт, цахим шилжилт, төрийн бүтээмж, татварын шинэчлэл зэрэг асуудлыг тэргүүлэх зорилт болгон ажиллаж байгааг Ерөнхий сайд онцоллоо. Мөн уул уурхайн салбараас хамааралтай байдлыг багасгаж эдийн засгийг төрөлжүүлэхийн тулд хувийн хэвшлийг бодлогоор дэмжиж, экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхээр зорьж байна гэв.

Хатагтай Мануэла В.Ферро Ковид-19 цар тахлын дараа Монгол Улс эдийн засгаа түргэн хугацаанд сэргээсэн амжилтыг онцлоод, сүүлийн жилүүдэд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд ахиц гарч буйг тэмдэглэлээ. Мөн Эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд хөдөө аж ахуй, тэр дундаа ноос, ноолуурын салбараа хөгжүүлэх хэрэгтэй бөгөөд сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлалын салбар ч чухал гэдгийг онцоллоо.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, иргэдийн амьдралын чанарыг сайжруулахын тулд орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлсэн санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд Г. Занданшатар онцоллоо. Энэ чиглэлд Дэлхийн банк Монгол Улсыг дэмжиж ажиллах саналыг Ерөнхий сайд тавьсан бөгөөд Дэлхийн банкны зүгээс хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Алтанбулаг хилийн боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын нээлтэд оролцлоо.
Тус боомтоор жилд 600-900 мянган зорчигч, 200-400 мянган тээврийн хэрэгсэл зорчиж байсан одоо 1.5-2 сая зорчигч, 600-800 мянган тээврийн хэрэгсэл хүлээн авах боломжтой боллоо. Өдөрт нэвтрэх зорчигчдын тоо гурав дахин, ачаа тээврийн урсгал дөрөв дахин нэмэгдэж байна.

1933 онд байгуулагдсан тус боомтын шинэ бүтээн байгуулалтад 14.9 тэрбум төгрөгөөр 1.7 км тусгаарлах зурвастай авто зам, 7,000 м² талбай бүхий авто зогсоол, 30,000 м² доторх талбай, иж бүрэн инженерийн шугам сүлжээ барьжээ. Мөн 7.8 сая ам.долларын санхүүжилтээр олон улсын стандартын боомтын барилга, ногоон байгууламж, ухаалаг цахим гарц, хяналтын рентген болон лабораторийн иж бүрдлийг бүрэн ашиглалтад оруулж, зорчигч тээврийн 19, ачаа тээврийн 18, дэд бүтцийн таван барилга, 6000 м2 ногоон байгууламж байгуулжээ.
Энэхүү бүтээн байгуулалт нь улсын төсөвт дарамт учруулахгүйгээр олон улсын түншлэлийг ашиглан (Азийн хөгжлийн банкны нэн хөнгөлөлттэй зээл) хөрөнгө оруулалт татаж, эдийн засгийн өсөлтөд шууд хувь нэмрээ оруулж буй бодит жишээ болж байгааг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Монгол Улс Евразийн 183 сая хүн, 2.4 их наяд долларын зах зээлд нэвтрэх, экспортын төрлийг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд Алтанбулаг боомт тэргүүлэх үүрэг гүйцэтгэж, Монгол Улс бүс нутгийн тээвэр, логистикийн гол тоглогч болоход чухал хувь нэмэр үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Засгийн газрын тэргүүн илэрхийлэв.


















































