Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих, Шинэ Хархорум хотын ногоон байгууламж, ойн зурвас байгуулах ажлын хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга У.Бямбасүрэн, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Балжинням, Бүс, орон нутгийн удирдлага зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй 20 гаруй албан хаагч 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Хархорин хотын цэцэрлэгт хүрээлэнд 200 мод тарилаа.

“Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хүрээнд Хархорум хотод 1.2 сая мод тарих юм. Тухайлбал, “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа “Эрдэнэс таван толгой” ХК 300.000 мод, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 150.000 мод, “Эрдэнэс критикал минерал” ХК 15.000 мод, “Шивээ овоо” ХХК 30.000 мод тарихаар тус тус төлөвлөн ажиллаж байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дээрх төлөөлөл ногоон байгууламж байгуулах ажлын явцтай танилцаж, төрийн байгууллага, албан хаагчдын дунд Шинэ Хархорум хотын ногоон байгууламж, ойн зурвас байгуулах ажилд манлайлал үзүүлж, хот байгуулах ажлын анхдагчийн нэг болсон нь онцлог байлаа.

 

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны зургадугаар сарын 04-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ахмад настан олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой байх нөхцөлийг бүрдүүлнэ 

            Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, хөтөлбөрт тэтгэврийн тогтолцоонд хувийн хэвшлийн оролцоог сайн дурын нэмэлт даатгалын хэлбэрээр дэмжин, ахмад настан олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой байх нөхцөлийг бүрдүүлж, даатгуулагчийг илүү олон жил хөдөлмөрлөж, тасралтгүй шимтгэл төлөхийг урамшуулах, нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг хийх зорилтыг дэвшүүлсэн.

Дээрх зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Энэхүү хууль нь хувийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөр хэрэгжүүлэх, хувийн нэмэлт тэтгэврийн хуримтлал үүсгэх, тэтгэврийн хуримтлалаас хөрөнгө оруулалт хийх, нэмэлт тэтгэвэр олгох, тэтгэврийг өвлүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, хяналт тавих, талуудын эрх ашгийг хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулах юм.

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль батлагдсанаар Монгол Улсад хувийн нэмэлт тэтгэврийн үйл ажиллагааг зохицуулсан хууль эрх зүйн орчин бүрдэх, тогтвортой ажил хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх, гишүүн өөрийн хуримтлалаас тодорхой хувийг эрүүл мэнд, боловсрол, ипотект зориулах,  санхүү, хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг дэмжих, ахмад настан олон эх үүсвэрээс тэтгэвэр авах, тэтгэвэр өвлөгдөх боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Тэтгэврийн даатгалын сангийн ачааллыг бууруулна

Нийгмийн даатгалын багц хууль болох Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.

Нийгмийн даатгалын шинэчлэлийг хийснээр тэтгэврийн даатгалын сангийн ачаалалд нөлөөлж буй хүчин зүйлсийг бууруулж, улсын төсвөөс тэтгэврийн даатгалын санд олгох санхүүжилтийг зохистой хэмжээнд хадгалах, тэтгэврийн олон давхаргат буюу суурь тэтгэвэр, хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог шинээр нэвтрүүлж, даатгуулагч олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлэх, ажил олгогчийн төлөх үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын шимтгэлийн хэмжээг бууруулж, шимтгэлд цалингийн дээд хязгаар тогтоосноор ажил олгогчид ирэх санхүүгийн ачааллыг багасгах, ажил олгогч оюутан, залуучууд, ахмад настныг ажиллуулсан тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүргээс чөлөөлөгдөх, хөлсөөр ажиллах, ажил гүйцэтгэх гэрээ болон давхар ажил эрхэлж байгаа ажилтан нийгмийн даатгалын шимтгэлийг уян хатан нөхцөлөөр төлөх, ахмадуудын хөдөлмөрийн зах зээл дэх идэвх оролцоог дэмжих, оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн зах зээлд ажлын байранд дадлагажсан, ур чадвартай, мэргэшсэн ажиллах хүчийг нэмэгдүүлэх зэрэг эерэг нөлөөтэй юм.

Санхүүгийн нөхцөл байдал нь хүндэрч, татварын өрөнд орсон татвар төлөгчийн банкин дахь дансыг бүхэлд нь хаадаг зохицуулалтыг хална

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хууль батлагдсанаар татвар төлөгчдөд үзүүлэх зөвлөн туслах үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, гааль, татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө авах боломж хялбар болно. Үүний үр дүнд татвар төлөгч, татвар, гаалийн байгууллагын хооронд үүсдэг хуулийн хэрэглээтэй холбоотой маргаан багасаж, татварын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэнэ.

Татвар төлөгчийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, татварын хууль тогтоомжийг сайн дураар дагаж мөрдөхөд дэмжлэг үзүүлэх нь зөвлөн туслах үйлчилгээний нэг гол зорилго юм. Үүний хүрээнд татвар төлөгчийн хууль хэрэгжүүлэх түвшин буурах болон татварын эрсдэлийн үнэлгээнд сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл үүссэн тохиолдолд татварын алба урьдчилан сануулж, татвар төлөгчид алдаа, зөрчлөө өөрөө засах, арилгах боломжийг олгох юм. Энэ нь татварын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, татварын орчны тогтвортой байдлыг хангах, татвар төлөгчид хариуцлагатай, ил тод үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.

Түүнчлэн, татварын алба татвар төлөгчийг алдаа гаргасны дараа хянан шалгаж акт, торгууль тавих бус, татварын тайланг залруулах хугацааг сунгаж, татвар төлөгчдөд итгэл үзүүлж, татвар хураалт, хяналт шалгалтын үйл ажиллагаа илүү үр дүнтэй, татвар төлөгчдөд чирэгдэл багатай, эрсдэлд суурилсан байдлаар хийж гүйцэтгэх нөхцөлийг бий болгоход чухал нөлөөтэй. Санхүүгийн нөхцөл байдал нь хүндэрч, татварын өрөнд орсон татвар төлөгчийн банкин дахь дансыг бүхэлд нь хаадаг зохицуулалтыг халж, тодорхой хэсгийг битүүмжлэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ. Ингэснээр татвар төлөгчийн бизнесийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулахгүйгээр өр төлөх боломжоор хангах, үйл ажиллагааг үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж үзлээ.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх шаардлага тулгарч буйг харгалзан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа.

Хуулийн төсөлд:

-Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг бууруулж,  татварын орчныг сайжруулна.

-Бизнесүүд тогтвортой үйл ажиллагаа явуулах, хуримтлал үүсгэх,  хүний нөөцийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, бизнесийн өргөжих боломжийг дэмжинэ.

-Хэлэлцүүлгийн явцад олон нийтээс ирүүлсэн саналуудыг судлан үзэж, зарим арга хэмжээнүүдийг нэмж тусгажээ.

Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу татварын хууль тогтоомжийн төслийг үзэл баримтлал, дагалдах судалгааны хамт Сангийн яамны албан ёсны цахим хуудсаар олон нийтээс санал авсан. Эдгээр санал болон уулзалт, хэлэлцүүлгийн явцад татвар төлөгчдөөс ирүүлсэн саналыг нэгтгэн авч үзвэл Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуультай холбоотой нийт 28,386 санал ирж, саналуудыг нэг бүрчлэн судлан үзжээ.

Хуулийн төсөл боловсруулах явцад татвар төлөгчдөөс хялбаршуулсан горимын зохицуулалтыг хэвээр үлдээж, тус горимд хамрагдах босго дүнг нэмэгдүүлэх саналыг ирүүлсэн. Эдгээр саналыг судлан үзэж, хуулийн төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын бизнесийн орчны олон улсын тавцанд өрсөлдөх чадвар сайжирч, бизнес эрхлэгчдийн татварын ачаалал буурна. Үүний үр дүнд эдийн засгийн өсөлтийг дэмжих, нийгмийн тогтвортой байдал бэхжүүлэх суурь нөхцөл бүрдэх чухал ач холбогдолтой юм.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Иргэдийн төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг шаталсан хэлбэрээр 100 хүртэл хувиар буцаан олгоно

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дараах үндсэн зорилгод нийцүүлж боловсрууллаа. Үүнд:

1.    Иргэн, өрхийн татварын ачааллыг бууруулж, бодит орлогыг хамгаалах, Нэмэгдсэн өртгийн албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг олон улсын чиг хандлага, зарчимд нийцүүлэн оновчтой, хүртээмжтэй болгох замаар иргэдийн төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг шаталсан хэлбэрээр 100 хүртэл хувиар буцаан олгох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.

2.    Бизнесийн идэвхжилийг дэмжих, аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаагаа тэлэх боломжийг олгох,Аж ахуйн нэгжүүдийн мөнгөн хөрөнгийн хомсдол, эргэлтийн хөрөнгийн дарамтыг бууруулж, бүх нийтээрээ тэгш шударга төлж, бизнес эрхлэхэд нэмэлт дарамт болдоггүй байх нөхцөлийг бүрдүүлсэн зохицуулалтыг хуулийн төсөлд тусгав.

Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилтын хүрээнд ажилчдын хөгжил, хүний нөөцийн бодлогыг дэмжих, ажиллах орчин нөхцөлийг сайжруулахад татварын тодорхой дэмжлэг үзүүлнэ.

Гадаадын хөрөнгө оруулагчдын татварын орчныг илүү таатай болгож хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, татварын орчныг өрсөлдөхүйц болгоно. Аж ахуйн нэгжүүд гадаадын хөрөнгө оруулалтыг илүү хялбар, зардал багатайгаар татах боломжтой болсноор улс орны нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх, эдийн засгийн идэвхжил өсөхөд хувь нэмэр оруулна.

Татварын хуулийн шинэчлэл нь бизнес эрхлэгчдэд тулгарч буй нийтлэг асуудлуудыг шийдвэрлэж, аж ахуйн нэгжүүдийн мөнгөн хөрөнгө, эргэлтийн хөрөнгийн дарамтыг бууруулж, бизнесийн идэвхжих, тэлэх бололцоог ханган, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлнэ.

Цаашид хиймэл оюун ухаан, их өгөгдөлд суурилсан системийг нэвтрүүлснээр татвар төлөгчид шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй авч, татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөхтэй холбоотой асуудлуудыг урьдчилан шийдвэрлэж, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаа, нийгэм, эдийн засагт эергээр нөлөө үзүүлнэ гэж үзлээ.

Иргэн, өрхийн татварын ачааллыг бууруулах, бодит орлого өсөх, худалдан авах чадвар нэмэгдэх, өрхийн амьжиргаа дээшлэх, бүс орон нутаг бие даасан, өрсөлдөхүйц, ялгаатай татварын бодлого хэрэгжүүлэх, татвар төлөгчдийн татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөхтэй холбоотой зардал буурах зэрэг эерэг үр дагавартай байна.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барина

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ.

“Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод “Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин өрхийн орлогыг тогтвортой нэмэгдүүлж, дундаж давхаргыг бүрдүүлнэ”, “Хүн амын худалдан авах чадварт нийцсэн, ногоон шийдэл бүхий чанартай орон сууцны хүрэлцээ, хангамжийг сайжруулна” гэж, “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” дунд хугацааны зорилтот хөтөлбөрт эдийн засгийн өсөлтийг дунджаар зургаан хувьд хадгалж, нэг хүнд ногдох үндэсний орлогыг хоёр дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний оролцооны түвшнийг 65 хувьд хүргэнэ гэж тус тус заасан.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т татвар, нийгмийн даатгалын шинэчлэл хийхээр заасан. Энэ хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй, ногоон орон сууц барих, худалдан авахад дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, бага, дунд орлоготой иргэдийн татварын ачааллыг бууруулах, татварын дэмжлэгүүдийг оновчтой болгож, цахим татварын тогтолцоог сайжруулах, бүс, орон нутагт ялгаатай татварын бодлого хэрэгжүүлэх зэрэг зорилтуудыг тусгасан.

Дээрх зорилтыг хэрэгжүүлэх, иргэн, өрхийн бодит орлогыг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцжуулалтыг нэмэгдүүлэх шаардлага тулгарч буйг харгалзан Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа.

Хуулийн төсөлд дараах үндсэн чиглэлийг баримталж, холбогдох зохицуулалтыг тусгасан. Үүнд:

·               Иргэн, өрхийн татварын ачааллыг бууруулах, бүх нийтээрээ тэгш шударга татвараа төлөх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

·               Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай нийцүүлэн эрчим хүчний хэмнэлттэй, ногоон орон сууцжуулалтыг татварын бодлогоор дэмжинэ.

·             Татвар төлөгчийн татвар төлөх, тайлагнах үйл ажиллагааг хялбаршуулж, үүсэж болзошгүй татварын эрсдэлээс урьдчилан сэргийлнэ.

Хуулийн төсөл батлагдсанаар, иргэн, өрхийн татварын ачааллыг бууруулах, тэдний бодит орлого өсөх, худалдан авах чадвар нэмэгдэх, өрхийн амьжиргаа дээшлэх, бүс орон нутаг бие даасан, өрсөлдөхүйц, ялгаатай татварын бодлого хэрэгжүүлэх, татвар төлөгчдийн татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөхтэй холбоотой зардал буурах зэрэг эерэг үр дагавартай байна.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 28-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина

Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн барихаар тогтлоо.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Үндэсний баялгийн сан, хөгжлийн 14 мега төсөл, эрчим хүчний салбарын реформ, бүсчилсэн хөгжил зэрэг томоохон зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлж, бодит үр дүнг бататгах, цаашид дэвшүүлсэн бодлого, зорилтоо хамтын хариуцлагын зарчимд тулгуурлан тогтвортой хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн хэмжээг тогтоолоо

Ахмад настны тухай хуульд магадлан итгэмжлэгдсэн сувилалд ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн 50 хувийн хэмжээг 416 мянган төгрөгөөр, хүндэт донор ахмад настанд жишиг үнийн 100 хувийн хэмжээг 832 мянган төгрөгөөр тус тус тогтоолоо.

Мөн алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуульд заасан магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлтийн дээд хэмжээг 832.000 мянган төгрөгөөр тогтоов.

Ахмад настнууд өөрийн сонгосон амралт, сувиллын байгууллагад хөнгөлөлтөөр амарч, сувилуулах боломж бүрдэв

Ахмад настанд дэмжлэг, хөнгөлөлт олгох журамд өөрчлөлт орууллаа. Ахмад настныг зөвхөн тухайн аймаг, дүүргийнхээ сонгон шалгарсан амралт, сувилалд хөнгөлөлттэй үнээр амарч, сувилуулах шаардлага тавьж, ахмадууд өөрийн хүссэн газраа сонгох боломжийг хязгаарлаж байсан. Иймд стандартын шаардлага хангасан амралт, сувиллын байгууллагын жагсаалтыг гарган, гэрээ байгуулах ажлыг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхээр журамд өөрчлөлт оруулав.

Ингэснээр ахмад настан өөрийн сонгосон амралт, сувиллын байгууллагад эрхийн бичгийн хөнгөлөлтөөр амарч, сувилуулах боломж бүрдэх юм.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд заасны дагуу Засгийн газрын 2021 оны 340 дүгээр тогтоолоор баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа.

Энэ журмын хүрээнд ажлын байр шинээр бий болгох, хадгалах, өргөтгөх зорилгоор иргэд, аж ахуйн нэгж байгууллагад 36 хүртэлх сарын хугацаатай 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг арилжааны банкаар дамжуулж, мөн санхүүгийн дэмжлэгийг 5.0-10.0 хүртэл сая төгрөгийн хүүгүй, барьцаагүй, эргэн төлөгдөх, хөнгөлөлттэй нөхцөлөөр тус тус олгодог.

2020-2024 онд жижиг зээлд нийт 5,551 иргэн, ААНБ хамрагдах хүсэлт гаргаснаас 2,662 буюу 47.9 хувь нь хамрагджээ. Мөн хугацаанд санхүүгийн дэмжлэгийн арга хэмжээнд 38,331 иргэн, ААНБ хамрагдах хүсэлт гаргаснаас 64.7 хувьтай тэнцэх 24,816 нь хамрагдсан.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас /ХЭДС/ жижиг зээл олгох үйл ажиллагааны зохион байгуулалттай холбоотой зарим асуудлууд энэхүү эрэлт хэрэгцээг бүрэн хангахад нөлөөлж байна.

ХЭДС-аас жижиг зээлийг дамжуулан олгох банкийг сонгон шалгаруулах, банктай байгуулах гэрээ, батлан даалтын гэрээ байгуулах зэрэг ажлыг  төрийн захиргааны төв байгууллага хариуцан зохион байгуулахаар журамд заасан нь бодлого боловсруулах, зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий яам зохион байгуулалтын үйл ажиллагааг хариуцах, төвлөрөл, шат дамжлагыг нэмэгдүүлж байжээ. Журамд өөрчлөлт оруулснаар зээл дамжуулан олгох банкийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах ажлыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт шилжүүлсэн байна.

Мөн инфляцын түвшинтэй уялдуулан жижиг зээлийн хэмжээг хувиараа хөдөлмөр эрхлэгчид 20.0 сая хүртэл төгрөг, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэнд 40.0 сая хүртэл төгрөг олгохоор нэмэгдүүлснээр ажлын байр бий болгох, хадгалах өргөжүүлэх, эдгээр иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтой боллоо.

Монгол-Францын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан 11 жилийн дараа Парис хотод амжилттай болж өнгөрлөө.
Энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна.
Хуралдааны Францын талыг Европ, Гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Анн-Мари Дэкот тэргүүлж, Монголын талыг ЗГХЭГ-ын дарга миний бие ахлан ажиллалаа.
Хурлаар:
✅️ Дорноговь аймагт олон улсын итгэмжлэгдсэн лаборатори байгуулж цацраг идэвхит ашигт малтмалын хүн, мал, амьтан, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх цацрагийн нөлөөлөлд хийсэн хэмжилт, шинжилгээг давхар хяналтанд оруулах санал гаргалаа. Хөрөнгө оруулагч талын зүгээс итгэмжлэгдсэн лаборатори байгуулахыг дэмжин ажиллахаар тохиролцов.
✅️Төслийн дэргэд хараат бус хяналтын зөвлөлийг иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, орон нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулан байгуулж иргэний хяналт тогтоож, ил тод нээлттэй ажиллах нөхцлийг бүрдүүлж, олон нийтийн мэдэх эрхийг хангаж ажиллахаар болов.
✅️ Хоёр улс Онцгой байдлын нисдэг тэрэг, техник төхөөрөмжийн туслалцаа, эрчим хүчний эс үүсвэрийг төрөлжүүлэх, боловсрол, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
✅️ Ажлын хэсгийн хуралдааны үеэр Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Франц Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар хоорондын “Иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах тухай Техник хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурлаа.
✅️ 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд дэмжин оролцохоо илэрхийллээ.

Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн Сайншанд хотод боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүдийн хамт оролцож, “Бүсчилсэн хөгжлийн реформ” сэдвээр илтгэл тавилаа. Говийн бүсийг хилийн боомтуудтай холбох боломж, бусад бүстэйгээ эдийн засгийн интеграцид ороход чиглэсэн төслүүдийг дэд бүтцийн болон эдийн засгийн ач холбогдлоор эрэмбэлж хэрэгжүүлэх нь чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов.


Бүсчилсэн хөгжлийн тэргүүлэх чиглэлд говийн бүсийг аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс болгож хөгжүүлэхээр тусгасан. Тиймээс говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаар Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгийн хөгжлийн бодлогыг үүнд нийцүүлж шинээр тодорхойлж, “Говийн бүсийн хөгжил-2040” хөтөлбөр, бүсийн зөвлөлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулалт, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, бүсийн онцлог, харьцуулалт, амьдралын чанар тулгамдсан асуудлыг төр засаг, хувийн хэвшил, орон нутгийн удирдлагууд, иргэд, эрдэмтэн, судлаачид ярилцаж, шийдлээ тодорхойлж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэр гаргуулна.

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 14 мега төсөл, бүсчилсэн хөгжлийн бодлогын үр дүн хүн рүү чиглэж, уул уурхайгаас төсвийн орлогын ихэнхийг бүрдүүлж байгаа говийн бүс нутгийн иргэдийн амьдралын чанарт байгалийн баялгийн үр өгөөж шууд нөлөөлөх ёстой. Ялангуяа, баялгийн сангийн үр өгөөжийг орон нутгийн иргэдэд хүртээмжтэй байлгах, аялал жуулчлалыг шинэ шатанд гаргаж хөгжүүлэхийн төлөө онцгой анхаарч байгааг Засгийн газрын гишүүд онцоллоо.

Тус хуралдаанд Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр, Шадар сайд С.Амарсайхан, Т.Доржханд нар говийн бүсийн аймаг бүрийн онцлог, хөгжлийн боломж, хэрэгжүүлэх төслүүдийн ач холбогдлыг танилцуулав. Таван салбар хуралдаанаас гаргасан санал, зөвлөмжийг говийн бүсээс УИХ-д сонгогдсон гишүүд нэгтгэн дүгнэж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.

Хуралдааны үеэр 110 иргэн санал, хүсэлтээ илэрхийлэв. Мөн оролцогчид УИХ, Засгийн газрын гишүүдээс говийн бүсийн тулгамдсан асуудлын талаар асуулт асууж, санал хэллээ. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд говийн бүсийг усжуулах, авто зам, төмөр зам, сэргээгдэх эрчим хүч зэрэг дэд бүтцийн мега төслүүд болон уул уурхайн үр ашгийг ард түмэнд тэгш хуваарилах Баялгийн сангийн хуулийг амжилттай хэрэгжүүлж байгаад орон нутгийнхан Засгийн газарт талархал илэрхийллээ.


Мөн иргэдийг ипотекийн зээлд хамруулах, говийн бүсийн аймгуудад уул уурхайн орлогын тодорхой хувийг төвлөрүүлдэг болох, хилийн боомтуудад лаборатори байгуулж заавал Улаанбаатар орохгүйгээр бараа, хүнсний бүтээгдэхүүн импортолдог болгох, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн авто замыг засаж шинэчлэх, ус, хөрсний доройтлыг шийдвэрлэх, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд анхаарах, шар шороон шуургыг бууруулах, ногооруулах төсөл, хөтөлбөрийг говийн бүсэд түлхүү хэрэгжүүлэх зэрэг тулгамдаж буй асуудлаа орон нутгийн удирдлага, иргэд хөндлөө.


Иргэдийн асуулт, санал хүсэлттэй холбогдуулан Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд хариулт өгч, эрдэмтэн судлаачдын байр суурийг сонсон, санал солилцов. Хэлэлцүүлгийн дараа Ерөнхий сайд дараах үүрэг, даалгаврыг өглөө. Говийн бүсийн зөвлөлийн хуралдаанаас гарсан саналын хүрээнд бүсийн хэмжээнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээг улс, орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэх шийдвэрийг гаргав. Үүнд он дамнасан болон Говийн бүсэд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн эхэнд усны төслийг эрэмбэлэхээ Ерөнхий сайд илэрхийллээ. Мөн Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулж сургууль, цэцэрлэгийн асуудалд онцгой анхаарна гэдгийг онцлоод Засгийн газраас хэрэгжүүлэх ашигт малтмал, уул уурхай, аж үйлдвэржилтийн төслийг дэмжсэн бол боловсрол, эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ гэлээ.

Бүсийн нийгэм, эдийн засаг, дэд бүтэц, хүнд, хөнгөн үйлдвэрийн салбарыг дэмжиж, тус бүс нутагт олборлож байгаа төмрийн хүдэр, коксжих нүүрс, жонш болон бусад уул уурхайн түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээг хангах улмаар экспортолж, бүс нутгийн эдийн засагт үзүүлэх үр өгөөж нэмэгдэн аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс болно гэж үзэж байна.

Монгол Улсын Засгийн газраас нэр дэвшүүлэн Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдон ажиллаж буй 1 гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа тул Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д заасны дагуу Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахаар эдийн засаг, бизнес, техник технологи, удирдлага менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлж, сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Нэг. Сонгон шалгаруулалтад:

1.Үндэсний зөвлөлийн гишүүнээр ял шийтгэлгүй, иргэний нийгмийн төлөөллөөс санал болгосон Монгол Улсын иргэнийг Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийсний үндсэн дээр хэлэлцэж, томилно.

2. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т заасан шаардлагын дагуу дараах этгээдийг нэр дэвшүүлэхгүй. Үүнд:

  • төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагч;
  • улс төрийн намын удирдах албан тушаалтан;
  • бусад радио, телевизэд ажиллаж байгаа, түүнчлэн ажилладаггүй боловч хөтөлбөрийн бодлогыг тодорхойлоход нь оролцдог этгээд;
  • бусад радио, телевизэд хөрөнгө оруулалт хийсэн этгээд, эсхүл олон нийтийн радио, телевизийн санхүүгийн хараат бус байдалд нөлөөлж болох этгээд.

Хоёр. Нэр дэвшигчдээс бүрдүүлэх бичиг баримт:

  • Төрийн байгуулалтын байнгын хорооны 2022 оны 15 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан маягт;
  • Төрийн албан хаагчийн анкет
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • Нийгмийн даатгал төлсөн баримт бичиг;
  • Боловсролын зэргийн дипломын баталгаажуулсан хуулбар;
  • Нэр дэвшүүлж байгаа төрийн бус байгууллагын албан бичиг, тодорхойлолт;
  • Төрийн бус байгууллагын нэр дэвшүүлсэн тухай хурлын тэмдэглэл;
  • Төрийн бус байгууллагын улсын бүртгэлийн лавлагаа;
  • Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг.

Дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд санал болгож буй нэр дэвшигчийн материалыг 2025 оны 5 дугаар сарын 09ий өдрөөс 5 дугаар сарын 16-ны өдрийн 17:30 цаг дуустал Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлнэ үү.

Хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-183

Цахим хаяг: info@cabinet.gov.mn

 

Лавлах утас: 51- 264868

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой өнөөдөр (2025.05.08) тохиож байна.
1925 онд анх “Хүүхдийн төлөө байгууллага” нэрийн дор Монголын анхны хүүхдийн байгууллагын суурь тавигдсан нь тухайн үеийн нийгмийн сэтгэлгээ, боловсрол, хүмүүжлийн шинэ хандлагын эхлэл болж байв. Үүнээс хойш олон үеийн багш сурган хүмүүжүүлэгч, нийгмийн зүтгэлтэн, сайн дурын ажилтнууд хамтран ажиллаж, хүүхдийн хөгжил, хамгаалалд чиглэсэн бодлого, хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлж ирсэн нь манай улсын ирээдүйг тодорхойлогч хүчин зүйл болсон юм.
Монгол Улсын Засгийн газар, боловсролын болон хүүхэд хамгааллын байгууллагууд энэхүү ойг тэмдэглэхдээ өнгөрсөн зуунд бүтээсэн үнэт өв, туршлага дээр тулгуурлан хүүхдийн хөгжилд чиглэсэн бодлого, үйл ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, илүү хүртээмжтэй, тэгш, тогтвортой орчин бүрдүүлэхийг зорьж байна.
Монголын хүүхдийн байгууллагын 100 жилийн ой бол зөвхөн өнгөрснийг дурсах биш, шинэ зууны хүүхдүүдэд илүү сайн ирээдүй бэлдэх тухай том асуултын хариу юм. Тэдний төлөө хийж буй бүхэн бол зөвхөн өнөөдрийнх биш маргаашийн үнэ цэнэ билээ.
Ойн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Засгийн газрын сайд нар, хүүхдийн төлөөх байгууллагуудын төлөөлөл, хүүхэд багачууд оролцов.
Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөл нь Засгийн газрын 2024 оны 8 дугаар сарын 07-ны тогтоолын дагуу Хүний эрхийг хангах үндэсний хорооны чиг үүргийг давхар хариуцан ажиллаж байна. Энэ хүрээнд “2024 оны орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдлын үнэлгээний тайлан”-г боловсруулж, өнөөдөр /2025.05.25/ Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисст танилцууллаа.
​Орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдлын үнэлгээний зорилго нь 5 бүлгийн шалгуур, 10 шалгуур үзүүлэлттэй бөгөөд 21 аймаг, 9 дүүргийн хүний эрхийн төлөв байдлын бүхий л үйл ажиллагаа болох төрийн бодлого, төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөө нь хүний эрхэд суурилсан эсэхийг үнэлж, сайжруулах замаар хүний эрхийг хангахад чиглэдэг.
Тус үнэлгээ нь 21 аймаг, 9 дүүргийн ЗДТГ-раас болон тухайн орон нутаг дах иргэний нийгмийн байгууллагаас зэрэгцээ (хяналтын) тайлан хүлээн авч харьцуулан гаргадаг онцлогтой. Төр, төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус тайланг үнэлж, нэгдсэн дүгнэлт, зөвлөмжийг боловсруулан орон нутгийн байгууллагад хүргүүлдэг.
Уулзалтын үеэр Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөлийн ажлын алба 2024 оны аймаг, дүүрэг дэх хүний эрхийн төлөв байдлын тайлангийн үнэлгээний үр дүнг өмнөх жилүүдийн тайлантай харьцуулан, өсөлт бууралт, түүний шалтгааны талаар дэлгэрэнгүй танилцуулж, цаашид анхаарах асуудлаар санал солилцлоо.
Уулзалтад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, гишүүн Г.Нарантуяа болон Тамгын газрын албан хаагчид, орон нутаг дахь ХЭҮК-ын ажилтнууд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүс, орон нутгийн удирдлага, зохицуулалтын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, “Бүх нийт боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн холбооны тэргүүн, С.Сэлэнгэ, Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөлийн ажлын албаны ажилтнууд оролцлоо.
Орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдлыг үнэлэх энэхүү механизм нь Монгол Улсад 3 дах жилдээ амжилттай хэрэгжиж байгаа сайн туршлага гэдгийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүд онцлов. Цаашдаа хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх, шалгуур үзүүлэлт болон аргачлал боловсронгуй болгох, хүний эрхийн индекс, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт боловсруулахад хамтран ажиллаж, тогтмол санал солилцохоор тогтлоо.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Нийтийн өмчийн хууль (Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга)”-ийн төслийн хэлэлцүүлгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хамтран өнөөдөр \2025.05.05\ зохион байгууллаа.
💠Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль 1996 онд батлагдан гарснаас хойш цаг үеийн шинжтэй нөхцөл байдлыг харгалзсан нэмэлт, өөрчлөлтийг удаа дараа оруулж байсан ч өнөөдөр хууль эрх зүйн шинэчлэлээс хоцрогдож, эрх зүйн зөрчил, хийдэл үүсэж буй учраас хуулийг шинэчлэн найруулах шаардлага үүсээд буй.
💠Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг шинэчлэх нийгэм, эдийн засгийн хэрэгцээ шаардлага зүй ёсоор тавигдах болсон. Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал ахалж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд олон талт оролцоог ханган ажиллаж, хуулийн төслийг боловсруулаад байна.
💠Нийтийн өмчийн хуулийн төсөлд нийтийн өмч, түүний ангилал, өмчийн удирдлага, нийтийн өмчид хөрөнгө олж авах, эзэмших, ашиглах, захиран зарцуулах, бүртгэл, тооллого, тайлагнал, хяналт, ил тод байдлыг хангахтай холбоотой нийтлэг харилцааг зохицуулахаар тусгасан бөгөөд хуулийн төслийн танилцуулгыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Цолмон танилцуулав. Тэр бээр хуулийн төслийг баталснаар төрийн болон орон нутгийн өмчийн төрөл, хөрөнгийн ангилал, өмчлөх эрх болон өмчийн удирдлага хэрэгжүүлэх субъектийн чиг үүрэг, үйл ажиллагааны үндэслэл, журам тодорхой болж, төрийн болон орон нутгийн өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, үр ашиг, үнэлгээг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг илтгэлдээ онцлов.
💠Мөн хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланг хуульч, судлаач Г.Давааням, Нийтийн өмчийн хуулийн төслийн үр нөлөөний үнэлгээ болон хуулийн төслийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийсэн талаарх судалгааны тайланг хуульч, судлаач С.Батбаяр нар танилцуулсан бөгөөд хуулийн төсөл нь үзэл баримтлалд тусгасан хэрэгцээ, шаардлага, зорилтыг зарчмын хувьд хангасан байна гэж дүгнэжээ.
💠Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хэрэгжилттэй холбоотой практикт тулгамдаж байгаа асуудлуудыг дурдаж, орон нутгийн өмчийн харилцааны зохицуулалтыг тодорхой болгох, өмчтэй холбоотой шийдвэр гаргалт хариуцлагатай, ил тод, нээлттэй байх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүнд суртлаас ангид байлгах талаар тодорхой саналуудыг гаргав. Мөн зохион байгуулагчдын зүгээс эдгээр саналыг хуулийн төсөлд тусган боловсруулалтыг сайжруулахад анхаарч ажиллана гэв.
💠Хэлэлцүүлэгт аймаг, нийслэлийн өмчийн харилцааны газрын удирдлага, төрийн өмчит компанийн захирлууд болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын албан хаагчид, судлаач, иргэдийн төлөөлөл бүхий 80 гаруй хүн оролцов.

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development Board”-ийн тавдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөл, Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчлэлийн талаар хэлэлцэв.

Худалдан авах ажиллагааны хуулийн төслийн үзэл баримтлалыг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцуулав. Одоогийн хууль нь бага үнийн дүнгээр өрсөлдөж, чанаргүй худалдан авалтыг дэмжсэн буруу жишиг тогтсон тул цаашид чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно. Мөн байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийн шалгуурыг тендерийн үнэлгээнд харгалздаг болох, 10 тэрбум төгрөг хүртэлх төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад оролцоход баталгаа шаардахгүй. Ингэснээр тендер шалгаруулалтын 99 хувьд баталгаа гаргалгүй оролцох боломжтой болох өөрчлөлтийг тусгасан. Түүнчлэн  төр өөрт байгаа мэдээллийг нэхэхгүй, худалдан авах ажиллагааг AI ашиглаж, цахимаар явуулна. Шүүхийн маргааныг олон улсын жишгийн дагуу хараат бус, дагнан байгуулсан зөвлөл олонхын зарчмаар шийддэг болгох талаар хуулийн төсөлд тусгасныг танилцууллаа.

Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гишүүд Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлтэй холбоотой саналаа хэлэв. Тухайлбал, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од хуулийн төсөлд хувийн хэвшлийн олон саналыг тусгасныг сайшаагаад төрийн худалдан авах ажиллагаанд цахимжуулалтыг сайжруулах шаардлагатай байгааг хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай эх оронч худалдан авалтыг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг сегментийг  дэмжих зэрэг зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгтэй байгаа гэв. “Шунхлай Холдинг” ХХК-ийн Ерөнхийлөгч П.Батсайхан мега төслүүдийн өртгийн доод хэмжээг хуулийн төсөлд 36 сая ам.доллар гэж тусгасныг эргэн харах санал хэллээ.

Мөн тус зөвлөлийн хурлаар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд орох өөрчлөлттэй танилцлаа. Нийт зээлийн тал хувь нь чанаргүй болж, өрийн дефолт болох эрсдэлтэй байсан банк өнөөдрийн байдлаар 10 гаруй их наяд төгрөгийн өрөө төлж барагдуулжээ. 2023 оны 10, 12  дугаар саруудад 500.0 сая ам.долларын Евро бонд, 30.0 тэрбум йенийн Самурай бондын төлбөрийг хугацаанд нь барагдуулж олон улсын хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ бие даан гүйцэтгэсэн юм. Цаашид Хөгжлийн банкийг экспорт, импортын баримжаатай банк болгож дүрмийн санг нэмэгдүүлэх санал дэвшүүлжээ. Эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлж, экспортыг дэмжих салбаруудыг онцолж, зорилтот зах зээлээ тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны зорилтот зах зээл нь сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, байгаль орчин, уул уурхай, тээвэр, логистик, боловсруулах үйлдвэрлэл гэсэн салбар болно. Ингэхдээ улсын төсвөөс 100 хувь эргэн төлөгдөх санхүүжилт хийхгүй бөгөөд төсөл санаачлагч 15 хувиа өөрөө хариуцдаг болно. Өмнөх алдаа дутагдлаа давтахгүйн тулд бүх зээл олголт, сонгон шалгаруулалтын мэдээллийг ил тод, нээлттэй болгох хуулийн төсөл боловсруулсан байна.

Хөгжлийн банкны хуулийн шинэчлэлтэй холбоотой Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гишүүд санал хэлэв. “Монголын эдийн засгийн форум” НҮТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Ганхуяг Хөгжлийн банкны эрсдэлийн удирдлагыг сайжруулах, засаглалын асуудлыг өөрчилж улс төрийн нөлөөллийг багасгах шаардлагатай байна. “M-Си-Эс Холдинг” ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Оджаргал Хөгжлийн банкны төслүүдийг олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтарч санхүүжүүлбэл хяналт сайжирна гэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны хуулийн төсөлд хувийн хэвшлийн санал маш чухал гэдгийг дурдаад,  экспорт импортын баримжаатай ЭКСИМ банк болгохыг Засгийн газар дэмжсэн, удахгүй хуулийн төслийг УИХ-д өргөн барина гэв. Мөн эдийн засаг, санхүүтэй холбоотой асуудал Эдийн засгийн хөгжлийн зөвлөлөөр яригдаж, дараа нь УИХ, Засгийн газрын түвшинд хэлэлцэгдэж байгаа нь зөв жишиг болж байгааг онцлов. Дараагийн Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн хурлаар нийгмийн даатгал, татвартай холбоотой асуудлыг цогцоор нь хэлэлцэхээр төлөвлөлөө.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2025 он.