Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан БНЭУ-ын Гадаад хэргийн дэд сайд Саурабх Кумар-тай 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр уулзаж, уул уурхай, эрчим хүч, боловсрол, мэдээллийн технологийн салбарт хамтран хэрэгжүүлж буй төслүүд, цаашид хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлал, арга хэмжээ, нэн ялангуяа хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах төслийн ажлыг эрчимжүүлэх асуудлаар санал солилцов.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан манай “оюун санааны хөрш”, соёл, ардчилал зэрэг нийтлэг үнэт зүйлстэй Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрэн хөгжиж ирснийг онцлон тэмдэглэж, Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны Хамтарсан хорооны монголын хэсгийн даргын хувьд хоёр улсын харилцааны бүхий л асуудалд онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийллээ.
БНЭУ-ын Гадаад хэргийн дэд сайд Саурабх Кумар Монгол Улсын Засгийн газар Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд онцгой анхаарал хандуулж буйд талархал илэрхийлж, БНЭУ-ын Засгийн газраас үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах чиглэлээр нягт хамтран ажиллахын төлөө буйг нотлов.
Талууд англи хэлний багш, мэдээллийн технологи, уул уурхайн салбарын мэргэжилтнийг БНЭУ-д сургах чиглэлээр хамтран ажиллахаар тогтов.