Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны долдугаар сарын 19-нд болж 10 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Нийслэл үнэт цаас гаргахыг дэмжив
“Нийслэлийн үнэт цаас гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөх, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс 500 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний үнэт цаасыг дотоодын зах зээлд үе шаттайгаар арилжаалахыг хэлэлцэн дэмжлээ.
Үнэт цаасны эх үүсвэрээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг Нийслэлийн төсөвт тусгаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт даалгав.

2023-2024 оны өвөл, хаврын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Албан даалгаврын хэрэгжилтийг “Хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн хамт Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд даалгав.
Мөн цаг агаарын аюултай үзэгдлийн үед хүн ам, эд хөрөнгийг эрсдэлээс хамгаалах, учирсан хохирлыг цаг алдалгүй түргэн шуурхай үнэлэх, хариу арга хэмжээний төлөвлөлт хийж, Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэхийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд;
Цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурлан өвөл, хаврын улирлын бэлчээрийн даацыг бодитой тогтоох, цаг уур, орчны аюултай, гамшигт үзэгдлийн талаарх урьдчилан сэргийлэх мэдээг иргэд, малчдад түргэн шуурхай хүргэх, говийн бүс нутагт үүлэнд зориудаар нөлөөлөх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэд;
Цаг агаарын хүндрэлтэй нөхцөлөөс шалтгаалж, зам, даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг зохион байгуулах, автомашин, техник тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод тус тус үүрэг болголоо.

Товч мэдээ

-Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд байгуулсан “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ыг хэрэгжүүлэх зорилгоор “Монгол-Хятадын Экспо” арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах Ажлын хэсгийг шинэчлэн байгууллаа.

-Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцод Монгол Улс нэгдэн орох тухай асуудлыг хэлэлцээд, уг конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж, зөвшилцөж, хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 18 дахь “Өглөөний уулзалт”-аа эрчим хүчний салбарынхантай хийлээ. Уулзалтын эхэнд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар товч мэдээлэл өгөв. Өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 54 хувьтай байна.

Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн бодлого”, “Алсын хараа -2050” бодлогын баримт бичгийн талаар оролцогчдод танилцуулж, эдийн засаг сэргэж буйг хэлээд “2021 онд “Шинэ сэргэлтийн бодлого”-оо зарласнаас хойш Боомтын сэргэлтийн хүрээнд төслүүд амжилттай хэрэгжиж байна. Дараагийн анхаарах салбар бол эрчим хүчний салбар. ДЦС-уудын насжилт дууссан, алдагдалтай ажилладаг зэрэг олон бэрхшээл хэлдэг. Эрчим хүчний салбар ашигтай ажиллах ёстой. Энэ нь өөрөө эрчим хүчний сэргэлт. Сэргээгдэх эрчим хүчний салбараа хөгжүүлж байж, ногоон эдийн засаг хөгжинө. Жил бүр 200 гаруй сая ам.долларын эрчим хүч гаднаас авч буйг бууруулахын тулд та бүхэн энэ цаг үеийг ашиглах ёстой. Засгийн газар эрчим хүчний салбарт онцгой анхаарч ажиллаж байна” гэлээ.

Уулзалтад төр, хувийн хэвшлийн 30 гаруй төлөөлөл оролцлоо. Мөн 21 аймгийн дулааны цахилгаан станц болон хувийн хэвшлийн төлөөлөл цахимаар оролцсон юм.

Уулзалтад оролцогчид саналаа хэллээ.

“УБЦТС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Дагдан:

Үерийн бүсэд долдугаар сарын 6-наас хойш ажиллалаа. Бид гамшгийн үед бэлэн биш байна. Одоогоор шууд учирсан хохирол 600 орчим сая төгрөг байна. 60 орчим мянган хэрэглэгчийн 1300 дэд станцыг уснаас хамгаалсан. “УБЦТС” ТӨХК 460 мянган хэрэглэгчээ ухаалаг тоолууртай болгочихвол өвлийн оргил ачааллын үед хэрэглээг хянаад явах бүрэн  боломжтой. Эрчим хүчний салбарын алдагдлын хэмжээ ч буурна.

“ДЦС-4” ТӨХК-ийн ерөнхий инженер П.Болдбаатар:

Эрчим хүчний 58, дулааны эрчим хүчний 54 хувийг манайх хангадаг. Өнгөрсөн өвлийн оргил ачааллын үед бэлтгэл нөөц тоноглолгүй 81 хоног ажилласан. Ямар ч нөөцгүйгээр ажиллана гэдэг эрсдэлтэй. Тоног төхөөрөмжийн насжилт өндөр, шинэчлэхэд хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Манайх 1480 гаруй ажилтантай ч өнгөрсөн онд 200 гаруй, он гарсаар 116 инженер, техникийн ажилтан ажлаасаа гарлаа.  Ажилтнуудын нийгмийн асуудалд анхаарахгүй бол хүний нөөцийн дутагдалд орох эрсдэлтэй байна.

“Шивээ-Овоо” ХК-ийн ерөнхий инженер Г.Гэрэлхүү:

Өвөлжилтийн бэлтгэл 61 хувьтай байна. Өнгөрсөн онд төмөр замтай холбоотой буюу өртөөний даац ачааллаа дийлэхгүй байснаас захиалгууд овоорч, олон хэрэглэгч бага нөөцтэй болж, хүндэрч байсан. Энэ жил ийм асуудал үүсгэхгүй байх үүднээс УБТЗ руу бичиг явуулахад ойрын 2 жилд өртөөнд өргөтгөл хийх боломжгүй гэх хариу өгсөн. Энэ асуудлыг шийдэхгүй бол өнгөрсөн жилийнх шиг хүндрэл гарна.

Эрчим хүчний зураг төсөл зохиогчдын холбооны ерөнхийлөгч Б.Авирмэд:

Эрчим хүчний салбарын 99 хувь нь төрийн өмчийн мэдэлд байдаг. Үндсэндээ төрийн өмч давамгайлсан тогтолцоотой салбар.  Манай салбарт тулгамдсан асуудал олон бий. Гэхдээ би шийдэл яримаар байна. Эрчим хүчний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг яаралтай өөрчилмөөр байна. 2001 оноос хойш энэ хуульд жижиг өөрчлөлтүүд орсон, одоо илүү либерал болгомоор байна. ОХУ-ын зургийн компанитай ажиллах гэхээр танай төсөв хангалтгүй гэдэг. Төслийн удирдлагын тогтолцоог цогцоор нь шинэчлэх хэрэгтэй. Цахилгаан дамжуулах компанийг олон улсын жишгээр ажиллуулмаар байна.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Та бүхний саналыг сонслоо. Өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой асуудлыг Засгийн газрын тогтоолоор шийдье. Салбарын сайд тогтоолын төслөө цаг алдалгүй  Засгийн газрын хуралдаанд танилцуулаарай. Ирэх жилийн улсын төсөв батлагдахаас өмнө Та хэд маань саналуудаа нэгтгэмээр байна. Эрчим хүчний сэргэлт маш чухал байна” гэлээ.

Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 102, Дотоодын цэргийн 101 жилийн ой, “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-т зориулсан арга хэмжээ өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Тус арга хэмжээнд Ерөнхий сайдын ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Д.Амгаланбаатар оролцож, “Алсын хараа-2050″ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд миний гүйцэтгэх үүрэг” сэдэвт эсээ бичлэгийн уралдааны шилдэг оролцогчдод “Гадаад улсад туршлага судлах сургалтад хамрагдах”  батламж гардуулж, баяр хүргэв.

Тус эсээ бичлэгийн уралдааныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын дунд 2023 оны нэгдүгээр сарын 25-наас гуравдугаар сарын 20-ны хооронд зохион байгуулсан бөгөөд нийт 64 анги, байгууллагын 730 алба хаагч оролцсон байна. ЦЕГ, Удирдлагын академийн удирдлага, эрдэмтэн багш нарын төлөөлөл бүхий ажлын хэсэг хоёр шатны сонгон шалгаруулалтаар  шилдэг 50 оролцогчийг тодруулжээ. Тэдний төлөөлөл болох

● Дотоодын цэргийн 805 дугаар ангийн IV салбарын салааны захирагч, дэслэгч Б.Батбаяр;

● Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Н.Батцэнгэл;

● ЦЕГ-ын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн архивын эрхлэгч, цагдаагийн ахлагч Г.Баярчимэг;

● ЧД-ийн Цагдаагийн газрын I хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлагч С.Билэгт;

● Дотоод хяналт-аюулгүй байдлын газрын Эрүүл мэнд, сэтгэл зүйн тасгийн ахлах сэтгэл зүйч, цагдаагийн хошууч Э.Бямбажаргал;

● Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн Аюулгүй байдал, хамгаалалтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Мөнхбат;

● Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Шарын гол сумын сум дундын цагдаагийн хэлтсийн бичээч, цагдаагийн дэд ахлагч М.Мөнгөнтулга

● Дотоодын цэргийн 822 дугаар тусгай салбарын хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Б.Наранбат;

● ТЦА-ны ЗЦГ-ын Замын хөдөлгөөний бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Сүхбат;

● Дундговь аймгийн Цагдаагийн газрын Монголбанкны гэрээт харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч М.Чадраабал нарын 10 хүн  баярынхаа өдрөөр батламжаа гардан авлаа.

Цагдаагийн ахлагч Г.Баярчимэг: “Алба хаагчдаа дэмжиж, сурч хөгжих боломжоор ханган, урам өгч байгаад баярлалаа. Өөрийнхөө хэмжээнд судалгаа хийгээд, ажил мэргэжлийнхээ онцлогтой холбож эсээгээ бичсэн. Он гарсны дараахан эсээгээ илгээсэн. Шалгарсан гэдгээ сонсоод итгэж чадаагүй, сэтгэгдэл маш өндөр байна”.

Дэслэгч Б.Батбаяр: “Эсээ маань шалгарсан гэдгийг өчигдөр л мэдлээ. Улс орныхоо цаашдын хөгжлийг дотоодын цэргийн хөгжил, бусад улсын туршлагатай харьцуулж, олон талаас нь тунгааж бичсэн. Гадаад улсад суралцаж, туршлага судлах болсондоо баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долоодугаар сарын 13-ны өдөр Улсын онцгой комисс болон нийслэлийн удирдлагуудыг хүлээн авч уулзан, үерийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, шаардлагатай арга хэмжээнүүдийг яаралтай авахыг үүрэг болголоо.

Нийслэлд үргэлжлэн орсон борооны улмаас Сэлбэ голын далан зарим газраараа сэтэрч орон сууцны доод давхрууд усанд автсан билээ. Үерийн нөхцөл байдалтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долоодугаар сарын 6-ны өдөр танилцаж, үүрэг, чиглэлийг холбогдох албаныханд өгч байсан. Сэлбэ голын сэтэрсэн даланг яаралтай сэргээн засахыг Ерөнхий сайд өнөөдөр Улсын онцгой комисст үүрэг болгов.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ургац хураалт болон намрын ажлын бэлтгэлийг одооноос хангаж ажиллахыг үүрэгдлээ.

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хоёр дахь өдөр Хүй долоон худагт соёолон насны морьдын уралдаан болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар уралдааныг үзэж сонирхлоо.

Үндэсний их баяр наадамд энэ жил 205 соёолон бүртгүүлснээс 122 уралдаж, Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Г.Ариунболдын хээр үрээ хурдалж, тод магнай торгон жолоогоо өргүүллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёолонгийн түрүү ‘Хүй мандал’
галаар зочилж, түрүү магнайд хурдалсан хүлгийн уяач, унаач хүүхдэд баяр хүргэлээ.


Соёолон насны морьдыг монгол түмэн хамгийн хурдан, хүчтэй гэж үзэн тоосонд нь даруулж, жилийн хийморио сэргээдэг хэмээн бэлгэшээдэг. ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн Монголын үндэсний их баяр наадам бол Монгол Улсын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

“Монголд зочлох жил”-ийн хүрээнд “Welcome to Mongolia” уриан дор энэ удаагийн эдийн засгийн чуулганыг зохион байгуулж, гадаадын 500 гаруй нэр хүндтэй зочид Улаанбаатарт хүрэлцэн ирсэн. Чуулганы зочид төлөөлөгчид үндэсний их баяр наадмыг үзэж сонирхон монгол үндэсний өв соёлоор бахархаж байгааг Ерөнхий сайд онцоллоо.

Хүний эрхийг хангах Үндэсний хороо (ХЭХҮХ) өнөөдөр шинэчилсэн бүрэлдэхүүнтэйгээр III хуралдаанаа цахим талбарт хийлээ. Хуралдааныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж даргалж, тус хорооны II хуралдааны тогтоолын хэрэгжилт, Орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдлын тайлангийн нэгдсэн дүгнэлт, зөвлөмжийн төсөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах 5 жилийн арга хэмжээний төлөвлөгөөний төслийн санал, Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаарх холбогдох хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд нээлттэй хяналт-шалгалт хийсэн тайлан, дүгнэлт, зөвлөмж болон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн зөвлөмжүүдийг 2023-2025 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийн агуулгын талаар хуралдав. Хуралдааны үеэр гишүүд өөрсдийн мэргэшил, туршлагаар санал дэвшүүлж, тулгамдсан хүний эрхийн асуудлыг онцлон тэмдэглэлээ.

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.

Тавигдах болзол, шаардлага:

  • Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
  • Зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
  • Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх;

Бүрдүүлэх материал:

  • Хүсэлт
  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
  • Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
  • Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
  • Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
  • Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
  • Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
  • Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт;
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–с татан авах/.

Материал хүлээн авах:

  • Хугацаа: 2023 оны 07 сарын 21-ний өдрийн 17:30 цаг хүртэл
  • Хүлээн авах хаяг: info@cabinet.gov.mn цахим шуудангаар
  • Холбоо барих утас: 260330

Шилжүүлэх, сэлгэн авах ажлын байр: Програм, техник хангамж хариуцсан мэргэжилтэн

Байгууллагын нэр Албан тушаал Албан тушаалын Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага
төрөл ангилал, зэрэглэл Боловсрол Мэргэжил Мэргэшил Туршлага
1. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Мэдээллийн технологийн хэлтэс

 

Гүйцэтгэх АА-10 Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх.

 

-програм хангамж, програм хөгжүүлэлт ба шинжилгээ /0613/

-мэдээллийн систем;

-сүлжээний инженер.

Тухайн албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн байх Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно.

—oOo—

Нээлттэй засгийн түншлэл нь иргэдэд илүү хүртээмжтэй, хариуцлагатай, хариу үйлчилгээ сайтай засаглалыг бүрдүүлэхийг зорьдог бөгөөд ингэснээр ард түмэн болон Засгийн газар хоорондын харилцаа урт хугацаандаа сайжирах, цаашлаад хүн бүрт асар их үр өгөөжтэй нийгмийг цогцлооно гэсэн үзэл санаан дээр суурилдаг юм. 

Дугуй ширээний уулзалтад оролцогчдоос “Ардчиллын боловрол төв ДЕМО” ТББ-ын Захирал Г.Ундрал Нээлттэй засгийн түншлэлийн өмнөх төлөвлөгөөний туршлагаа хуваалцан бусад оролцогч талуудын түншлэлийг анхаарах, “Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо” ТББ-ын Тэргүүн Ш.Ариунаа төлөвлөгөөний бүх шатанд ИНБ-ын бүрэн оролцоог хангах, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат эвлэлдэн нэгдэх зэрэг тодорхой сэдэвчилсэн зорилт оруулах, “Глоб Интернэшнл” ТББ-ын Гүйцэтгэх захирал Ч.Энхбаяр MASAM төслийн хүрээнд хийгдсэн ажлуудыг онцолж, санал гаргав. Цаашид Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд ИНБ, ТББ-ын төлөөллийг түлхүү оруулах, дараачийн үйл ажиллаагааны төлөвлөгөөнд бодит үр дүн гаргах зорилтуудыг төлөвлөх дээр анхаарч ажиллахаар хэлэлцлээ.

 

Монгол Улс дэлхийн 70 гаруй орон нийлсэн Нээлттэй засгийн түншлэлд нэгдээд 10 жил болж байгаа бөгөөд 2021-2023 оны хооронд 9 зорилтын хүрээнд төлөвлөгөө гарган, олон улсын өмнө амлалт өгсөн билээ. 2024-2027 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийг олон нийт, иргэний нийгмийн оролцоотойгоор боловсруулж эхлэх, хамтын ажиллагааг бүх шатанд өрнүүлж ажиллахыг тус хуралдаанаар онцоллоо.

Хуралдааны үеэр Үндэсний зөвлөлийн гишүүн “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын Гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргал өмнөх туршлага, сургамжийн талаар танилцуулан, дараагийн үйл ажиллагааны төлөвлөгөөний зорилтыг маш тодорхой бичих, Нээлттэй засгийн түншлэлийн Олон улсын элч Л.Төр-Од зорилтын тооноос илүү чанарт анхаарах, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа Нээлттэй засгийн түншлэлийн дэлхийн удирдлагын багтай хамтран ажиллах зэрэг саналыг гишүүд дэвшүүлж, 2021-2023 онд хэрэгжсэн төлөвлөгөөнөөс суралцан дараагийн үйл ажиллагааны төлөвлөгөөг олон талын оролцоотой гаргахыг цохон тэмдэглэлээ.

Хүний эрхийг хангах Үндэсний хорооноос баталсан “Орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдлыг тайлагнах, илтгэх журам”-ын дагуу 21 аймаг, нийслэл 2022 оны хүний эрхийн төлөв байдлын тайлангаа 2023 оны 06 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд цахимаар танилцууллаа.
Тайланг аймаг, нийслэлийн Засаг дарга нар илтгэж, орон нутаг дахь Хүний эрхийн Үндэсний Комисс, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл хамт оролцлоо.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангын баталсан Аймаг, нийслэлийн хэмжээн дэх хүний эрхийн төлөв байдлын тайланд үнэлгээ хийж, дүгнэлт зөвлөмж гаргах ажлын хэсэг журмын дагуу үнэлж, Хүний эрхийг хангах Үндэсний хорооны Ажлын албанаас нэгдсэн тайлан, дүгнэлт, зөвлөмжийн хамт 21 хоногийн дотор аймгуудад хүргүүлж, олон нийтэд мэдээлнэ.

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.