Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан, Сэлэнгэ, тариалангийн бүс нутгийн бүтээн байгуулалт Дархан-Сэлэнгэ авто замаас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэр боомт чиглэлд тавьж буй 120.85 км хатуу хучилттай авто замын ажлын явцтай танилцлаа. Тус зам нь Сэлэнгэ аймгийн ургацын гол бүс нутгийг холбож буй ач холбогдолтойгоос гадна Европ Азийг холбосон замын чухал хэсэгт тооцогдож байна. Замыг “Монгол LJ зам гүүр” ХХК концессын гэрээгээр барьж гүйцэтгэж буй. Цар тахал, хөл хорионоос шалтгаалан замын ажил удааширсан ч өнөөдрийн байдлаар нийт ажлын гүйцэтгэл 94.2 хувьтай байна. Замыг 2023 оны есдүгээр сарын 30 гэхэд бүрэн дуусгахаар ажиллаж байна.
Ерөнхий сайд замыг чанартай гүйцэтгэхэд онцгой анхаарахыг сануулж, Зам тээврийн хөгжлийн яамны холбогдох албан тушаалтнуудыг хяналт тавихыг үүрэг болгов. Замын ажлыг чанаргүй гүйцэтгэвэл хар жагсаалтад оруулж, дахин тендерт оролцуулахгүй байх чиглэл Засгийн газар барьж буйг онцлоод ажлаа хугацаанд нь чанартай гүйцэтгэж ашиглалтад оруулахыг үүрэг болголоо.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Атар трейд” ХХК-ийн ургац хураалтын явцтай танилцаж, тариаланчдын төлөөлөлтэй уулзлаа.
Тус компани нь 2004, 2016, 2020 оны “Улсын тэргүүний тариаланч” хамт олон. Жилд 2500-3000 га-д тариа тариалж, 2500-4500 тн ургац хураан авч зах зээлд нийлүүлдэг. 2023 онд нийт 3000 га талбайд үр тариа, тосны ургамал, тэжээлийн ургамал тариалсан байна. Тус компани үрийн чанарт онцгой анхаарч, сайн чанарын бордоо хэрэглэх болсноос га-гаас авах ургацын хэмжээ нэмэгджээ. Харин энэ жил бороо хур элбэгтэй байснаас тариа өвчлөх тохиолдол гарч байна. Ирэх өдрүүдэд хур бороо багатай байвал га-гаас авах ургацын хэмжээ илүү нэмэгдэх боломжтой гэж “Атар трейд” ХХК-ийн ерөнхий захирал Ө.Чимиддорж танилцууллаа.
Ерөнхий сайдтай Сэлэнгэ аймгийн тариаланчдын төлөөлөлтэй мөн уулзлаа. Засгийн газраас олгосон гурван хувийн хүүтэй зээл энэ жил цаг хугацаандаа очсон нь тариаланчдад маш чухал дэмжлэг болсон. Тариалангийн талбайд мал орж буй асуудлыг бүрэн шийдвэрлэх, тариаланчид малчдын хоорондын маргаанд цэг тавьж өгөх зохицуулалт хэрэгтэй байгааг тариаланчид Ерөнхий сайдад уламжлав. Энэ асуудлыг бүх талын оролцоог ханган шийдвэрлэхийг холбогдох албаныханд Ерөнхий сайд үүрэг болголоо. Засгийн газар орон нутгийг бүсчилж хөгжүүлэх бодлого баримталж, энэ хүрээнд тухайлбал, газар тариалангийн бүс нутаг Дархан Сэлэнгийг нэгдсэн бодлогоор хөгжүүлэх ёстой. Монгол Улс зөвхөн уул уурхай бус хөдөө аж ахуй, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүчний салбартаа түшиглэн хөгжих бүрэн боломжтой. Эдгээрийг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд уялдуулж цогцоор нь хэрэгжүүлэхээр Засгийн газар ажиллаж байна гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Энэ жил улсын хэмжээнд нэгжийн ургац сүүлийн 10 жилд хамгийн өндөр хэмжээнд хүрч, урьдчилсан балансаар 480 мянган тонн улаан буудай хураан авч, өмнөх оноос 20 орчим хувь өсөхөөр байна. Хүнсний ногооны үйлдвэрлэл ч 165.8 мянган тонн буюу 18.3 хувь нэмэгдэх төлөвтэй байна.

Хиймэл оюун ухааны технологид суурилсан эрт илрүүлэг, үзлэг  оношилгооны  “NURA-Монгол”  төв өнөөдөр нээлтээ хийлээ. Жилд 30 мянган хүнд үйлчлэх боломжтой “NURA Монгол” төвийг “Таван богд групп” нээж байна.
Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үг хэлэв. Тэрбээр Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлж, аялал жуулчлал, авто зам, эрүүл мэнд, боловсролын салбарт төрийн  оролцоог бууруулж,  хувийн хэвшилд илүү боломж олгох зарчим баримтлан ажиллаж байгаа. Энэ хүрээнд аялал жуулчлалын салбарт авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд үр дүнгээ өгч эхлээд байна. Дараагийн чухал салбар бол эрүүл мэндийн салбар юм гэдгийг тэмдэглэлээ.

Мөн “Манай улсад хиймэл оюун ухаанд суурилсан оношилгоо эмчилгээний төв нээгдсэнээр онош тодруулах гэж цаг алддаг, өндөр үнэтэй шинжилгээнд хамрагдахаар Солонгос, Турк зэрэг улс руу явдаг байдлыг халах боломж бүрдэж байна. Энэ нь иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанар төдийгүй улс орны эдийн засагт ч эергээр нөлөөлнө” гэв. Өмнө нь эрт илрүүлгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ эмнэлгийн тусламж үйлчилгээ, үзлэг оношилгооноос шалтгаалан гадагш гарч буй валютын урсгалыг дотооддоо үлдээхүйц тоног төхөөрөмж, эмчилгээ үйлчилгээ бүхий компанийг дэмжинэ гэдгээ Ерөнхий сайд илэрхийлж байсан юм.

“NURA” төв нь Японы Фүжифилм корпорацын компьютер томограф, маммографи, дэкса  зэрэг эмнэлгийн дэвшилтэт тоног төхөөрөмж, хиймэл оюун ухааны технологи ашиглан үйл ажиллагаа явуулдаг дэлхийд алдартай сүлжээ байгууллага юм. Япон, Энэтхэг улсад салбартай бөгөөд өдгөө Монгол Улсад гурав дахь салбараа нээж байна.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан БНЭУ-ын Гадаад хэргийн дэд сайд Саурабх Кумар-тай 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр уулзаж, уул уурхай, эрчим хүч, боловсрол, мэдээллийн технологийн салбарт хамтран хэрэгжүүлж буй төслүүд, цаашид хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлал, арга хэмжээ, нэн ялангуяа  хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах төслийн ажлыг эрчимжүүлэх асуудлаар санал солилцов.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан манай “оюун санааны хөрш”, соёл, ардчилал зэрэг нийтлэг үнэт зүйлстэй Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрэн хөгжиж ирснийг онцлон тэмдэглэж, Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны Хамтарсан хорооны монголын хэсгийн даргын хувьд хоёр улсын харилцааны бүхий л асуудалд онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийллээ.

БНЭУ-ын Гадаад хэргийн дэд сайд Саурабх Кумар Монгол Улсын Засгийн газар Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд онцгой анхаарал хандуулж буйд талархал илэрхийлж, БНЭУ-ын Засгийн газраас үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах чиглэлээр нягт хамтран ажиллахын төлөө буйг нотлов.

Талууд англи хэлний багш, мэдээллийн технологи, уул уурхайн салбарын мэргэжилтнийг БНЭУ-д сургах чиглэлээр хамтран ажиллахаар тогтов.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутагт хийж буй томилолт Дорноговь аймагт үргэлжилж байна. Ерөнхий сайд тус аймгийн иргэдтэй уулзаж, “Шинэ сэргэлт” илтгэлээ танилцуулж, тэдний санал хүсэлтийг сонслоо.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлсний дүнд 2022 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 52,9 их наяд төгрөг байсан бол 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр  62,4 их наяд төгрөг,  экспортын орлого 13,1 тэрбум ам.доллар, төсвийн орлого 21,9 их наяд төгрөг болж, анх удаа давж биеллээ. Ингэснээр цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмж, бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох боломж бүрдсэн гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.  Төрийн албан хаагчдын цалинг 20-60 хувиар нэмсэн, 2016 онтой харьцуулахад дундаж тэтгэврийн хэмжээ 2,2 дахин нэмэгдсэн байна.
Ерөнхий сайд Засгийн газар “5 Ш” ажиллагаа явуулж авлигатай тэмцэж байгааг дурдаад Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлүүлэхэд анхаарч, боомтуудыг төмөр замаар холбож, нүүрсний худалдааг ил тод болгож буй нь эдийн засагт эергээр нөлөөлж буйг  хэллээ.

Дорноговь  аймгийн иргэд аймгийн дулааны цахилгаан станцын өргөтгөлийг шийдэх, Улаанбадрах сумын нутагт орших Баянбогд хайрханы  орчимд олгосон хайгуулын лицензийг цуцалж өгөх, аймгийн Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж болон Политехник коллежийн барилгыг шинэчлэх, Замын-Үүд сумын жолооч нарын тээвэр хийх асуудалд анхаарах, орон нутагт ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, банкны зээлийн хүүг бууруулах, малчдын талаар цогц бодлого хэрэгжүүлэх зэрэг саналыг хэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд 2024 оны улсын төсөв батлагдахаас өмнө орон нутагт ажиллаж иргэдийн саналыг сонсож буй.

1.     Дулааны станцыг өргөтгөх ( Сайншанд сум)
2.     АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн цогцолбор барих
3.     Хамарын хийдийн гурван замын уулзвараас-Зүүнбаян чиглэлийн 22 км автозам барих
4.     Сайншанд сумын инженерийн шугам сүлжээг өргөтгөх, хэрэглээний халуун усны шугамыг шинээр хийх
5.     Хатанбулаг-Ханги чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам
6.     320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга (Даланжаргалан сум)
7.     200 суудалтай соёлын төвийн барилга ( Дэлгэрэх сум)
8.     Соёлын төвийн барилга (Эрдэнэ сум)
9.     Политехник коллежийн  барилгын зураг төсөв
10.  Шүүхийн шинжилгээний албаны барилга барих ажлыг ирэх онд  хийх шаардлагатай гэдэгт уулзалтад ирсэн иргэдийн төлөөлөл  санал нэгдлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд иргэдийн асуултад хариулт өглөө. Аймгийн иргэдийн эрэмбэлсэн бүтээн байгуулалтыг ирэх онд улсын төсөвт тусгана гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэв. Иргэдийн санал хэлсэнчлэн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт орших Баянбогд хайрхны асуудлыг Засгийн газар онцгой анхаарч, улсын тусгай хэрэгцээнд авна гэв. Мөн Замын-Үүдийн жолооч нарын тээвэрт үүссэн асуудалд ажлын хэсэг ажиллаж, нэг сарын дотор Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.  Малчдын талаар төрөөс баримтлах цогц бодлогыг боловсруулж байгаа, малчдын төлөөллийг Парламентад оруулахаар зорьж байгааг Ерөнхий сайд хэлэв.

Энэхүү арга хэмжээний үеэр 100 гаруй улсын 1550 орчим оролцогч нэгдсэн хуралдаан, дээд хэмжээний дугуй ширээний уулзалт, сэдэвчилсэн болон чөлөөт хэлэлцүүлэг, стратегийн уулзалт, семинар, танилцах арга хэмжээ, шагнал гардуулах ёслолд оролцжээ.

Нээлттэй засгийн түншлэлийн (НЗТ) дээд хэмжээний уулзалтын хоёр дахь өдөр буюу 2023 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Хүний эрхийг хангах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, НЗТ-ийн Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Болорсайхан “Ардчилсан шилжилтийн үед иргэний нийгмийн тогтвортой байдлыг бий болгох, хамгаалах нь” сэдэвт хэлэлцүүлгийн зочин илтгэгчээр оролцлоо.

Тус хэлэлцүүлгийг Цивитатэс (Civitates) ТББ-ын захирал Элиза Петер чиглүүлж, Эл Десарроллогийн Харилцаа холбоо, хөгжлийн хүрээлэнгийн (ICD) захирал Анабел Круз, Доминиканы Бүгд Найрамдах Улсын Төрийн ёс зүй, шударга байдлын газрын Ерөнхий захирал Милагрос Ортиз Бош, Эль Сальвадор Улсын Эл Десарроллогийн үндэсний сангийн (FUNDE) Ил тод байдал, авлигын асуудал эрхэлсэн захирал Жессик Эстрада, Азербайжан Улсын Хуульчдын нийгэмлэг үүсгэн байгуулагч Зия Гулиев оролцож, нээлттэй засагт сөргөөр нөлөөлж байгаа өөрийн улсын тулгамдсан асуудал, түүнийг хэрхэн шийдэх талаар байр сууриа авлига, ардчилал, иргэний нийгэм, иргэний орон зайтай холбож хэлэлцлээ.

Энэхүү дээд хэмжээний уулзалтын үеэр дэлхий дахины төрийн болон төрийн бус байгууллага, бодлого боловсруулагчид хуран цуглаж, цахим эрин дэх нээлттэй засаглал, засаглал, бодлого боловсруулах үйл явцыг технологийн тусламжтайгаар илүү ил тод, хариуцлагатай болгох, ардчиллыг хадгалан үлдэх талаар анхаарч хэлэлцэж байна. Мөн Эстони Улсын ил тод цахим засаглал болон иргэний нийгэмтэй ойр харилцдаг сайн туршлага нь дэлхийд үлгэрлэдэг бөгөөд бусад улсын төлөөлөл суралцах таатай орон зайг бүрдүүлжээ.

Нээлттэй засгийн Үндэсний зөвлөлийн дэд дарга, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал “Чиг хандлага, сорилт, инновац: Дижитал засаглалын шинэ хил хязгаар” сэдвээр дээд хэмжээний дугуй ширээний уулзалтад оролцож Монгол Улсын цахим засаглалыг хэрхэн урагшлуулах, бүс нутгийн болон олон улсын түвшинд мөрдөгдөж буй хэм хэмжээ, стандартын нөлөөлөл болон Нээлттэй засгийн түншлэлээр дамжуулан хэрхэн дижитал засаглалын ахиц дэвшил гаргаж болох тухай өөрийн байр суурийг илэрхийллээ.

Нээлттэй засгийн түншлэлийн дээд хэмжээний уулзалт эхлэхээс өмнө 2023 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Ази, Номхон далайн бүсийн гишүүн – Австрали, Өмнөд Солонгос, Индонез, Филиппин, Папуа Шинэ Гвиней, ажиглагч Балба Улсын төлөөлөлтэй НЗТ-ийн Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Болорсайхан ярилцав. Хэлэлцүүлгийн үеэр улс орны төлөөлөгчид бүсийн хэмжээнд тулгамдсан асуудал, бэрхшээл, сорилын зэрэгцээ түүнийг даван туулах, шийдэх арга зам, өөрсдийн сайн туршлагын талаар хөндсөн билээ. Монгол Улсын төлөөллийн зүгээс Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал, түүнийг Нээлттэй засгийн түншлэлийн үнэт зүйлс, зарчимтай уялдуулан хэрэгжүүлэх боломжтойг, мөн Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг өргөн бүрэлдэхүүнтэй тал бүрээс сорил, шийдлээ хэлэлцэн шийдэхээр зорьж байгааг цохон тэмдэглэжээ.

Тэгш хамрах, авлигын эсрэг, халдашгүй байдлыг хангах, цахим засаглал, иргэний орон зай, шударга ёс, нээлттэй парламент, төсвийн нээлттэй байдал, төрийн албаны хүргэх үйлчилгээ, хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөц, мэдээлэлтэй байх эрх зэрэг  Нээлттэй засгийн түншлэлийн хамрах хүрээний дагуу нэгдсэн, салбар, сэдэвчилсэн хэлэлцүүлэг, уулзалт, ярилцлага цуврал байдлаар өрнөж байна. Мөн иргэний нийгмийн, хувийн хэвшлийн, төрийн, судлаачдын төлөөлөл болсон оролцогчдын дунд олон болон хоёр талын уулзалт, ярилцлага зохион байгуулж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говьсүмбэр аймагт ажиллаж байна. Энэ үеэр “Шивээ-Овоо” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхай нь 2.7 тэрбум тонн нүүрсний нөөцтэй бөгөөд Монгол Улсын эрчим хүчний нүүрсийн 30 хувийг хангадаг. Жилд хоёр сая тонн нүүрс олборлон борлуулдаг байна. Улсын төсөвт Говьсүмбэр аймгаас оруулж байгаа нийт төсвийн орлогын 83 хувийг “Шивээ-Овоо” ХК бүрдүүлж байна. Өнгөрсөн онд тус компани 67,5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олжээ.

Тус компани нэг тонн нүүрсийг олборлох зардал нь 45 мянган  төгрөг байдаг бол эрчим хүчний үйлдвэрүүдэд борлуулах өртөг нь 39 мянга. Үүнээс болж “Шивээ-Овоо”ХК алдагдалтай ажиллаж байна. Өнгөрсөн онд 18.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан бол энэ оны алдагдал 15 тэрбум төгрөгт хүрээд байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус компанийн санхүүгийн алдагдлыг бууруулах арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо. Санхүүгийн алдагдлыг бууруулах нэг зам нь “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхайг түшиглэн 200 МВт-ийн цахилгаан станц барих юм байна. Үүнийг судалж үзэхийг Ерөнхий сайд даалгалаа.

Мөн  Шивээ-Овоо ХК-ийн нүүрсийг дулааны цахилгаан станцад нийлүүлэхээс гадна экспортод гаргах боломж байгаа юм байна. Ойрын хугацаанд экспортод гаргахаар судалж байгааг “Эрдэнэс Монгол” нэгдлийн захирал С.Наранцогт хэллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараа нь Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн үйл ажиллагаатай танилцлаа.

Боловсролын багц хуулийн өөрчлөлтөөр энэ хичээлийн жилээс Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвөөс коллеж болон өөрчлөгджээ. Барилга, уул уурхай, хөдөө аж ахуй үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр 1-3 жилээр сургалт явуулж байна. Говьсүмбэр аймгийн Политехник коллежийг жилд 250 гаруй суралцагч төгсөж 70-80 хувь нь ажлын байртай болдог байна.

Нээлттэй засгийн түншлэлийн (НЗТ) дээд хэмжээний уулзалтыг 2023 оны 9 дүгээр сарын 5-7 -ны өдөр Эстони Улсын Таллин хотноо зохион байгуулж байна. Тус арга хэмжээний үеэр 9 дүгээр сарын 5-ны өдөр 70 гаруй улсын иргэний нийгэм болон Нээлттэй засгийн түншлэл хариуцсан төрийн байгууллагын 260 орчим төлөөлөл хамтдаа харилцан суралцах, туршлага солилцох, хэлэлцэх анхны “НЗТ-ийн цугларалт” (OGP Camp) боллоо. Манай улсын иргэний нийгмээс “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг, “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын зөвлөх Ц.Мандхайхатан, Засгийн газраас Хүний эрхийг хангах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Болорсайхан, мэргэжилтэн Д.Номинчимэг төлөөлж оролцов.

Цугларалтын үеэр НЗТ-ийн 2023-2028 оны стратегийг танилцуулж, иргэний нийгмийн болон төрийн байгууллагын оролцогч талууд энэхүү стратегийг тэргүүлэх чиглэл, зорилтыг хэрэгжүүлэхээр хэрхэн хамтран талаар хэлэлцсэн болно. Мөн нээлттэй засгийн туршлагаа оролцогчид хуваалцаж, туршлагаа хуваалцахаас гадна тулгамдсан асуудал, сорилт даван туулах санаа, шийдэл, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцсан юм. Нээлттэй засгийн түншлэлийн дээд хэмжээний уулзалт үргэлжилж байна.

Үндэсний Статистикийн Хорооны зүгээс Статистикийн тухай хуульд заасны дагуу “Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа”-г 2023 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл улс, орон даяар анх удаа зохион байгуулах гэж байна. Судалгааны хүрээнд ҮСХ-оос 8 дугаар сарын 23-29-ний өдрүүдэд гэрээт судлаачдад мэдээлэл цуглуулалтын талаар ерөнхий мэдээлэл, баримтлах зарчим, аюулгүй байдлын талаар сургалт зохион байгуулж байна.
Сургалтын хөтөлбөрийн дагуу Хүний эрхийг хангах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Болорсайхан 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр “Хүний эрхэд суурилсан хандлагаар өгөгдөлд хандах нь” сэдвээр нийт 80 мэдээлэл цуглуулагч, зохион байгуулагчдад хичээл заалаа. “Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа” нь хүний эрх, түүний дотроос хохирогчийн эрхийн асуудлыг судалж, тухайн улсад хүний эрхийг хэр түвшинд хамгаалж байгааг илтгэхээрээ олон улсад өндөр ач холбогдолтойд тооцдог ажээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд аймагт ажиллаж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв болон “Хөгжил” политехник коллежийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаатай танилцлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг Монгол Улсын хэмжээнд анх удаа орон нутагт байгуулж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамж, сурч боловсрох, эрүүл мэндийн үйлчилгээ авах, амьдрах, ажиллаж, хөдөлмөрлөх таатай орчин бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Монгол Улс, бидний амьдарч буй нийгэм бүгдэд тэгш хүртээмжтэй байж иргэн бүр улс орныхоо хөгжилд оролцоотой, нэгдэн нягтарч хамтдаа урагшлах ёстой”-г онцлов. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын даргын хувьд УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаахаа энэ үеэр мэдэгдэж улс төрийн бусад намуудад ч мөн уриаллаа. Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн агентлаг байгуулж хөгжлийн бэрхшээлтэй иргэн удирддаг байх, аймаг бүрд олон улсын стандарт хангасан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв байгуулахаар боллоо. Мөн Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль, түүний холбогдох журамд аливаа байгууллагууд дэд бүтэц, нийтийн тээвэр, зам, барилга байгууламжийн тендерт оролцохдоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах шалгуур үзүүлэлтийг тусгайлан зааж, дагаж мөрдүүлэх, Хөдөлмөрийн тухай хуульд 25 ба түүнээс дээш ажилтантай байгууллагад нийт ажилтны дөрвөөс доошгүй хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэн авч ажиллуулахаар заасныг заавал мөрдүүлэхээ Ерөнхий энэ үеэр мэдэгдлээ.

Тус төвийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барьж байгуулжээ. Улсын хэмжээнд Хөвсгөл, Ховд, Дундговь, Дархан-Уул, Өмнөговь, Архангай аймагт ийм төв барих ажил эхэлж анхных нь Ховд аймагт ашиглалтад орж байна. Энэхүү төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдийг сэргээн засах, эрт илрүүлэг, хөгжлийн дэмжлэг, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчдад зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, сэтгэл зүй болон сэтгэл заслын үйлчилгээ, протез, ортопед, туслах хэрэгсэл захиалах, ашиглах зөвлөгөө өгөх, тохируулах, засварлах зэрэг үйлчилгээ үзүүлэх юм. Тус төв ашиглалтад орсноор Ховд аймаг төдийгүй баруун бүсийн аймгийн иргэд ч тусламж, үйлчилгээ авах боломж бүрдлээ. Орон нутагт 30 гаруй ажлын байр бий болж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд аймаг дахь магадлан итгэмжлэгдсэн “Хөгжил” политехник коллежийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус коллеж нь Боловсролын багц хуулийн дагуу энэ хичээлийн жилээс Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс коллеж болон өөрчлөгдсөн. Барилга, уул уурхай, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр 1,5 ба 3 жил, богино хугацааны сургалт, ажлын байранд дадлага хийх хосолмол сургалтуудыг явуулж байна.


Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн тэргүүлэх салбаруудаа тодорхойлж бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна. Уул уурхай, эрчим хүч, зам тээвэр, дэд бүтцийн бүтээн байгуулалтуудад чадварлаг мэргэжилтнүүд, мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх малын эрүүл мэндийг хамгаалахад мэргэшсэн малын эмч нар хэрэгтэй зэргээр хөдөлмөрийн зах зээлд чадварлаг боловсон хүчин дутагдалтай байна. Өнгөрсөн хугацаанд зах зээлд эрэлттэй мэргэжилтэн бэлтгэх бодлого алдагдсан гажуудлыг засаж цаашид хөгжлийн бодлоготой уялдуулан боловсон хүчнээ бэлтгэх, дэмжих бодлого баримтлахаа Ерөнхий сайд энэ үеэр онцоллоо.

“Хөгжил” политехник коллеж энэ хичээлийн жилд 775 суралцагч элсүүлэх квот батлагдаж, элсэлт 90 хувьтай байна.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд Ховд хотод “Шинэ Ховд” үйлдвэрлэл технологийн парк байгуулах ажил эхлээд байна. Төслийн явцтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцлаа.

“Шинэ Ховд” үйлдвэрлэл технологийн паркт арьс шир, ноос, ноолуур боловсруулах болон мах боловсруулах үйлдвэрүүд байгуулагдаж, бүтээгдэхүүнээ экспортод гаргана. Одоогоор баруун бүсэд үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй аж ахуйн нэгж үйлдвэр байгуулах төслөө ирүүлжээ. Эдгээрээс сонгон шалгаруулалт хийх юм. Дэд бүтцийн хувьд улсын төсвийн 19,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт батлагдаж 5,9 тэрбум төгрөгөөр төслийн бэлтгэл ажлууд хийж байна. Нэмэлт санхүүжилт 21,6 тэрбум төгрөгийг 2024 оны улсын төсөвт тусгуулахаар санал өгчээ. Төсөл ашиглалтад орсноор 30 орчим үйлдвэр байгуулагдаж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бүтээгдэхүүнээ экпортолж, жилд 300 гаруй тэрбум төгрөгийн орлого олж, 2200 байнгын ажлын байр бий болно гэж тооцоолж байна.

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.