Монгол Улсын Ерөний сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймагт ажиллах үеэр иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцууллаа. Тэрбээр “Ерөнхий сайдын хувиар долоо хоног бүрийн даваа гаригт салбар бүрийн төлөөлөлтэй “Өглөөний уулзалт” хийж байна. Засгийн газар хайрцаглагдсан орчноосоо гаръя, иргэдээ сонсъё гэж байгаа юм. УИХ, Засгийн газрын шийдвэр зарим тохиолдолд анхан шатанд тэс өөр болсон байдаг. Авлига, түгжрэл нэг өдөр бий болсон зүйл биш. Урт хугацаанд үүссэн, үүнийг өөрчлөхийн тулд “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг баталж, хэрэгжүүлж байна. Монгол Улсын хөгжлийг ирэх 30 жилд 10, 10 жилээр зурагласан баримт бичиг юм. Хөгжлийг хязгаарлаж буй зүйлүүлийг “Шинэ сэргэлтийн бодлого”-оор шийдвэрлэхээр зорьж байна. Энэ бодлогыг хэрэгжүүлэх хамгийн эхний суурь нь авлигатай тэмцэх юм. Авлига нийгмийн өвчин болж байна. 5Ш ажиллагаа бидний хамтын тэмцэл байх ёстой” гээд улс орны эдийн засгийн өнөөгийн байдал, өр, зээлжих зэрэглэл, Хөгжлийн банк тойрсон асуудал, төлбөрийн тэнцлийн балансын талаар иргэдэд мэдээлэл өглөө.