Энэхүү дээд хэмжээний уулзалтын үеэр дэлхий дахины төрийн болон төрийн бус байгууллага, бодлого боловсруулагчид хуран цуглаж, цахим эрин дэх нээлттэй засаглал, засаглал, бодлого боловсруулах үйл явцыг технологийн тусламжтайгаар илүү ил тод, хариуцлагатай болгох, ардчиллыг хадгалан үлдэх талаар анхаарч хэлэлцэж байна. Мөн Эстони Улсын ил тод цахим засаглал болон иргэний нийгэмтэй ойр харилцдаг сайн туршлага нь дэлхийд үлгэрлэдэг бөгөөд бусад улсын төлөөлөл суралцах таатай орон зайг бүрдүүлжээ.
Нээлттэй засгийн Үндэсний зөвлөлийн дэд дарга, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал “Чиг хандлага, сорилт, инновац: Дижитал засаглалын шинэ хил хязгаар” сэдвээр дээд хэмжээний дугуй ширээний уулзалтад оролцож Монгол Улсын цахим засаглалыг хэрхэн урагшлуулах, бүс нутгийн болон олон улсын түвшинд мөрдөгдөж буй хэм хэмжээ, стандартын нөлөөлөл болон Нээлттэй засгийн түншлэлээр дамжуулан хэрхэн дижитал засаглалын ахиц дэвшил гаргаж болох тухай өөрийн байр суурийг илэрхийллээ.
Нээлттэй засгийн түншлэлийн дээд хэмжээний уулзалт эхлэхээс өмнө 2023 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Ази, Номхон далайн бүсийн гишүүн – Австрали, Өмнөд Солонгос, Индонез, Филиппин, Папуа Шинэ Гвиней, ажиглагч Балба Улсын төлөөлөлтэй НЗТ-ийн Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Болорсайхан ярилцав. Хэлэлцүүлгийн үеэр улс орны төлөөлөгчид бүсийн хэмжээнд тулгамдсан асуудал, бэрхшээл, сорилын зэрэгцээ түүнийг даван туулах, шийдэх арга зам, өөрсдийн сайн туршлагын талаар хөндсөн билээ. Монгол Улсын төлөөллийн зүгээс Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал, түүнийг Нээлттэй засгийн түншлэлийн үнэт зүйлс, зарчимтай уялдуулан хэрэгжүүлэх боломжтойг, мөн Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг өргөн бүрэлдэхүүнтэй тал бүрээс сорил, шийдлээ хэлэлцэн шийдэхээр зорьж байгааг цохон тэмдэглэжээ.
Тэгш хамрах, авлигын эсрэг, халдашгүй байдлыг хангах, цахим засаглал, иргэний орон зай, шударга ёс, нээлттэй парламент, төсвийн нээлттэй байдал, төрийн албаны хүргэх үйлчилгээ, хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөц, мэдээлэлтэй байх эрх зэрэг Нээлттэй засгийн түншлэлийн хамрах хүрээний дагуу нэгдсэн, салбар, сэдэвчилсэн хэлэлцүүлэг, уулзалт, ярилцлага цуврал байдлаар өрнөж байна. Мөн иргэний нийгмийн, хувийн хэвшлийн, төрийн, судлаачдын төлөөлөл болсон оролцогчдын дунд олон болон хоёр талын уулзалт, ярилцлага зохион байгуулж байна.