Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны наймдугаар сарын 16-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хууль эрх зүйн орчин шинэчлэгдэх хүртэл Улаанбаатар хотод газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг даалгалаа
Нийслэл Улаанбаатар хотод гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн хор уршгийг арилгах, нийслэлийн хот төлөвлөлт, газар зохион байгуулалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухайЗасгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Тус тогтоолоор нийслэл Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлт, газар зохион байгуулалт, ашиглалт,хотын барилгажилтыг хүний аюулгүй байдал, нийтлэг эрх ашиг, байгаль экологи, ногоон хөгжил, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр Газрын багц хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг боловсруулж, Улсын Их Хурлын 2023 оны намрын чуулганд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллуулах чиглэлээр холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, 2024 оны Төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд тус тус даалгалаа. Хууль, тогтоомжийн төсөл батлагдах хүртэл хугацаанд нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг даалгалаа.
Тусгай хэрэгцээний газар, нийтийн эдэлбэрийн газар, зам, шугам сүлжээний газар, ойн болон усны сан бүхий газар, тэдгээрийн хамгаалалтын бүс газарт хууль тогтоомж зөрчин газар эзэмшиж, ашиглаж байгаа, барилга байгууламж барьсан асуудал бүрийг судлан үзэж, газар чөлөөлөх арга хэмжээг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулахыг үүрэг болгов.
Үерийн бүс бүхий газарт буусан айл өрх, аж ахуйн нэгжүүдийг нүүлгэн шилжүүлж, хууль тогтоомж зөрчиж газар олгосон буруутай албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх, үерийн хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй буусан, үерийн далан, сувгийг хог, барилгын хаягдлаар дүүргэсэн, далан, сувгийг хааж барилга байгууламж барьсан зэрэг зөрчилд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх, хотын хэмжээнд гамшгийн эрсдлийн үнэлгээг олон улсын мэргэшсэн байгууллагаар гүйцэтгүүлэх, цаашид усны сан бүхий газар, гол горхи, тэдгээрийн хамгаалалтын бүс газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг судалж, шийдвэрийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг даалгалаа.
Мөн гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, гамшгийн нөхцөл байдал, түүний эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх шатанд гарах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж бэлэн байдлыг хангах, онцгой байдлын байгууллагын төсөв хөрөнгө, машин техник, багаж хэрэгсэл, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, байгалийн аюулт үзэгдлийг зарлан мэдээлэх, дохио, сэрэмжлүүлэх мэдээлэл хүргэх үйл ажиллагааг боловсронгуй болгох асуудлыг тусгажээ.
Хот, хөдөөгийн сэргэлт, бүсчилсэн хөгжил, хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын Үндэсний хороог Ерөнхий сайд ахална
Хот, хөдөөгийн сэргэлт, бүсчилсэн хөгжил, хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын Үндэсний хороог байгуулж, Монгол Улсын Ерөнхий сайд ахалж ажиллахаар боллоо.
Нийслэл Улаанбаатар хотод үргэлжлэн орсон борооны улмаас Сэлбэ, Дунд голын дагуу болон Дарь-Эхийн авто зам дагуу үер, усны аюултай нөхцөл байдал үүсэж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлд оруулахад нөлөөлсөн замбараагүй, төлөвлөлтгүй газар олголт, барилга байгууламжийн төвлөрлийн асуудлыг цэгцлэх зорилгоор эрдэмтэн, судлаач, мэргэжлийн хүмүүсийг оролцуулан судалж, олон улсын болон мэргэжлийн байгууллагын судалгаа, шинжилгээнд тулгуурлан цаашид газар зохион байгуулалт, хот төлөвлөлт, байгуулалтын асуудлыг нэгдсэн байдлаар шийдвэрлэж ажиллах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан Хот хөдөөгийн сэргэлт, бүсчилсэн хөгжил, хотуудын төлөвлөлтийн шаардлагад нийцээгүй барилга, байгууламжийн асуудлыг цэгцлэх зорилгоор тус үндэсний хороог байгуулахаар шийдвэрлэлээ.
“Шил” ажиллагааны хүрээнд улсын комиссын 8404 дүгнэлтийг www.shilen.gov.mn д байршууллаа
ЦХХХ-ны сайд Н.Учрал “Шил” ажиллагаа болон барилга, байгууламж ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлтүүд, барилга, түүний эзэмшигчдийн мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Барилга, хот байгуулалтын яамнаас 2008-2023 оныг хамарсан улсын комиссын 8404 дүгнэлт ирүүлснийг www.shilen.gov.mn д байршуулаад байна.
“Шил” ажиллагааны хүрээнд өнгөрсөн тавдугаар сард хэн, хэзээ, хэнд, ямар үндэслэл, зориулалтаар, хэр хэмжээний газрыг 23 жилийн туршид хэрхэн олгосныг ил болгосон. Үүн дээр нэмж барилга байгууламж ашиглалтад хүлээн авах улсын комиссын нэр, бүрэлдэхүүн, архитектур төлөвлөлтийн мэдээлэл нээлттэй болсноор газар олгохоос эхлэн, барилга, байгууламжийг хүлээн авах хүртэлх бүх үйл явц бүрэн бүтнээрээ бүх нийтийн шууд хараа хяналтад орж байна гэж Н.Учрал сайд хэллээ.
Танилцуулгатай холбогдуулан газар ашиглах, эзэмших эрх олгох, цуцлах, шилжүүлэх, хугацаа сунгасан тухай захирамжийн мэдээлэл болон барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлтийн мэдээллийг egazar.gov.mn газрын нэгдсэн цахим системд бүрэн тусгахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, архитектур төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн сан бий болгох, нээлттэй нийтлэх нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайдад тус тус даалгалаа.
Товч мэдээ
· Гал түймэр, үер зэрэг цаг агаарын аюулт үзэгдлийн гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгахад гарсан зардлыг шийдвэрлүүлэхээр яам, агентлаг, аймгийн Онцгой комисс болон иргэдээс Улсын онцгой комисст ирүүлсэн хүсэлтүүдийг үндэслэн улсын нөөцөөс гаргах бараа, материалыг хавсралтаар баталж, нэг тэрбум 820 гаруй сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.
· Улаанбаатар хотноо 2023 оны дөрөвдүгээр сарын 25-нд гарын үсэг зурсан “Олон улсы автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа.
Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны 2023 оны хоёрдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааныг нээж Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэв.
Тэрбээр Үндэсний хорооны анхдугаар хуралдаанаас гарсан шийдвэрийн хэрэгжилт, өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлын зарим үр дүнгээс дурдаад цаашид өмнөх шийдвэрүүддээ дүгнэлт хийж, ололт амжилтаа бататган ажиллах хэрэгтэйг тэмдэглэв. Тухайлбал, “Welcome to Mongolia” арга хэмжээг Япон, БНХАУ, БНСУ-д зохион байгуулж, тус уриан дор Эдийн засгийн форумыг зохион байгуулан, нийт 2000 гаруй зочин, гадаадын өндөр түвшний 500 гаруй зочин, төлөөлөгчид Монголд ирсэн байна. Мөн “Welcome to Mongolia” арга хэмжээний хүрээнд CNN, Financial Times, Washington Post зэрэг 40 гаруй дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай улсын тухай эерэг мэдээ, нийтлэл гарчээ. Мөн агаарын тээврийн либералчлалын бодлогын үр дүнд 2023 онд 40 гаруй улсын 150 чиглэлд нислэг хийх боломж бүрдсэн төдийгүй долдугаар сарын 1-нээс дотоодын нислэгүүдийг сэргээж эхэлснээс хойш нийт 32 мянган хүн тээвэрлэсний ихэнх нь гадаадын жуулчид байгаа юм.
Мөн “Аялал жуулчлалын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга батлагдсан. Цаашид хуулийн хэрэгжилтийг шуурхайлж, аялал жуулчлалын үйл ажиллагааны менежментийг мэргэжлийн холбоонд шилжүүлж, төр гагцхүү бодлого, хууль, журмаа улам боловсронгуй болгож, төр, хувийн хэвшлийн түншлэлээр аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх нь зүйтэй гэдгийг Ерөнхий сайд онцлов. “Жуулчдын тоо нэмэгдэж байгаатай зэрэгцэн ариун цэврийн байгууламжийн асуудал хөндөгдөж буй. Аялагч, жуулчдын санал, шүүмжийг ажил хэрэгтээ тусгаж, “Монголд зочлох жил”-ийн хүрээнд орчин үеийн ариун цэврийн байгууламжийг аялал жуулчлалын гол маршрутын дагуу барьж байгуулсан, аялал жуулчлалын иж бүрэн стратегитай байх ёстой” гэдгийг хэллээ. Түүнчлэн “Гадаадын аялал жуулчлалын зах зээлд танигдаж эхэлсэн “Welcome to Mongolia” уриа, арга хэмжээндээ түшиглэн өвлийн аялал жуулчлалын концепц, стратегийг яаралтай гаргаж, хэрэгжүүлэх ажлыг одооноос эхлүүлэх шаардлагатай” гэв.
Хуралдаанаар жуулчдад зориулсан ариун цэврийн байгууламж бүхий түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор, отоглох цэг байгуулах ажлын явц, тулгамдаж буй асуудал, өвлийн аялал жуулчлалын стратеги төлөвлөлт, гадаад зах зээлд чиглэсэн маркетинг, жуулчдын эрх ашгийг хангах утасны үйлчилгээ зэрэг асуудлыг хэлэлцэж, санал солилцов.
Ариун цэврийн байгууламжийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх, тооцоо судалгаа хийж танилцуулах чиглэлээр холбогдох албан тушаалтнуудад хугацаат үүрэг даалгавар өгөв. Манай улсын аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдалд үнэлгээ, дүгнэлт хийх, цаашид аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүнийг тодорхойлоход хамтран ажиллах боломжит, аялал жуулчлалын салбарт нэр хүнд бүхий олон улсын зөвлөх компаниудын талаар судалж, танилцуулахыг Соёлын сайд Ч.Номин, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны ерөнхийлөгч Ц.Баатарсайхан нарт даалгав. Мөн ирсэн жуулчдаа сэтгэл хангалуун буцаах нь цаашид олон жуулчин татах нөхцөлийг бүрдүүлэх тул жуулчдын эрх ашгийг хангах үйлчилгээ үзүүлэх, санал гомдлыг хүлээн авч, шуурхай шийдвэрлэх утсыг ажиллуулах, уг Үндэсний хороог байнгын ажиллагаатай Ажлын албатай болгож, аялал жуулчлалын салбарын мэргэжлийн хүмүүсийг бүрэлдэхүүнд нь оруулан ажиллуулах зэрэг асуудлыг судалж, дараагийн хуралдаанд танилцуулахыг тус тус үүрэг болголоо.
Манай улс одоогийн байдлаар 387,034 жуулчин хүлээн аваад байгаа бөгөөд жуулчлалын тоо баримтаас харахад аравдугаар сар гэхэд 500 мянга орчим жуулчин ирсэн байх төлөвтэй байна.
Засгийн газар “Хөдөөгийн сэргэлт”-ийн бодлогын хүрээнд “Нээлттэй аймаг” арга хэмжээний төлөвлөгөөг баталсан. Энэ төлөвлөгөөгөөр орон нутагт хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, бизнес, эдийн засгийг сурталчлах замаар ажлын байр нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг орон нутгийн удирдлагууд зохион байгуулж эхэлжээ. Одоогоор 13 аймагт “Нээлттэй аймаг” арга хэмжээг зохион байгуулаад байгааг “Хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн өнөөдрийн хурлын үеэр ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар хэллээ.
Ажлын хэсгийг Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай ахалж буй юм. Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг олон ажил хийсний үр дүнд орон нутагт энэ чиглэлд ажлууд эрчимжиж байна. Ажлын хэсэг өргөжиж, Хот, хөдөөгийн сэргэлт үндэсний хороо байгуулагдахаар болсон. Ерөнхий сайд энэ хороог ахална” гэв.
Орон нутагт шилжих сонирхолтой иргэдэд зориулсан мэдээлэл, үйлчилгээг хүртээмжтэй болгох гарын авлага бэлэн болжээ. Тодруулбал, шилжин суурьших иргэн, ААН-үүдийг тухайн аймгийн өнөөгийн нөхцөл байдал, давуу тал, ажлын байр, боловсрол эрүүл мэндийн үйлчилгээ, хотоос хөдөө рүү шилжвэл ийм боломжууд байна зэрэг мэдээллээр хангахуйц гарын авлага болсныг холбогдох албаны хүн танилцуулж байв. Мөн шилжин суурьшигчдыг дэмжих бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх www.huduu.mn мэдээллийн цахим хуудсыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хөгжүүлж дуусчээ.
Төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд орон нутагт ипотекийн зээлийн хүүг гурван хувь болгож бууруулсан. Өнгөрсөн хугацаанд 176 зээлдэгч ипотекийн гурван хувийн хөтөлбөрт хамрагдсаны олонх нь Дархан-Уул, Орхон, Дорноговь аймагт шилжин суурьшигч аж. Харин нийслэлээс орон нутагт үйл ажиллагаа явуулахаар шилжиж буй аж ахуйн нэгжүүд хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж бүрджээ.
УИХ-ын хаврын чуулганаар Боловсролын багц хуулийг баталсан. Энэ хуульд орон нутагт багшаар ажиллавал 5 жил тутамд 6 сарын цалинтай тэнцэхүйц хэмжээний мөнгөн тэтгэмж олгохоор тусгажээ. Мөн олон улсын хөтөлбөртэй дунд сургуулиудыг орон нутагт түлхүү байгуулах юм.
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани дэлхийд тэргүүлэгч агаарын тээврийн түрээсийн AerCapкомпаниас 787-9 төрлийн хоёр хөлгийг урт хугацааны түрээсээр авч байгаагийн эхнийхийг өнөөдөр хүлээн авлаа. Агаарын хөлөг хүлээн авах ёслолын арга хэмжээнд Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт болон холбогдох албаныхан оролцлоо.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-дагаарын тээвэр, аялал жуулчлалын салбарыг цогцоор нь хөгжүүлэх зорилт тавин ажиллаж буй. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны наймдугаар сарын 2-6-ны өдрүүдэд АНУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ АНУ, Монгол Улсын Засгийн газрын хооронд “Агаарын харилцааны хэлэлцээр”байгуулснаар хоёр улсын тээвэрлэгчид харилцан нислэг үйлдэхээр болсон. Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан энэ үед манай агаарын тээврийн компаниуд хөлгийн паркаа нэмэгдүүлэн, нислэгийн давтамж, чиглэлийг өргөжүүлснээр иргэд илүү хямд, шуурхай, тав тухтай аялах боломж нэмэгдэх юм.
Тус хөлгөөр Истанбул, Франкфурт, Сөүл чиглэлд энэ сараас эхлэн нислэг үйлдэнэ. Ирэх оноос АНУ, цаашид Сингапур, Австрали улс руу нислэг үйлдэхээр төлөвлөж байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир онцлоод энэ хөлөг Улаанбаатар хотоос эхлэлтэй олон улсын нислэгийн чиглэл, давтамжид өргөн боломж олгохоос гадна зорчигч ачаа тээврийн багтаамжийг нэмэгдүүлж, дэлхийн томоохон хотууд руу тив алгасан нисэх техникийн боломжийг олгож байнагэлээ.
“В787-9” нь холын зайны, өргөн их биетэй, зорчигчийн тав тухыг бүрэн хангасан, түлшний хэмнэлттэй, хамгийн сүүлийн үеийн технологийн шийдэл бүхий агаарын хөлөг юм байна.