БНХАУ-ын Эрээн боомтоос Замын-Үүд рүү ачаа барааг чингэлэг тээврээр татан авах түр журмыг эсэргүүцсэн тээвэр эрхлэгчдийн төлөөлөлтэй Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар болон бусад холбогдох албаныхан уулзлаа.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Халдвар хамгааллын дэглэм алдагдсанаас урд хөрш гурван сар гаруй хугацаанд хилээ хааж, улсын хэмжээнд бараа бүтээгдэхүүний хомсдолд ороод байсныг та бүхэн мэдэж байгаа. БНХАУ-тай зөвшилцөлд хүрснээр өдөрт 60-70 чингэлэг нэвтэрч байна. Өнөөдрийн байдлаар нийт 3000 гаруй чингэлгийг татан авсан. Чингэлэг тээврээр ачаа барааг татан авч буй асуудал зөвхөн Монгол Улсын Засгийн газрын мэдээд шийдчихсэн асуудал биш гэдгийг ойлгох хэрэгтэй. БНХАУ-тай хиллэдэг ихэнх улс яг энэ зарчмаар ачаа бараагаа татан авч байна. Мэдээж задгай тээврээр урьдынх шигээ хуучин зарчмаар ачаа бараагаа татан авах боломж бүрдвэл нэг өдрийн өмнө ч гэсэн шилжихэд бэлэн байна. Та бүхэн нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Манай талаас халдвар хамгааллын дэглэм алдагдаж, Эрээн боомтод халдварын нэг л тохиолдол бүртгэгдвэл БНХАУ багадаа 28 хоногоор хилээ хаана. Тиймээс энэ ажлыг хэн нэгний бус, улс эх орны эрх ашгийн үүднээс зохион байгуулж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Ачааг зөвхөн чингэлэгээр бус төмөр замаар мөн татан авч байна. Өдөрт 50 вагон татах боломжтой. Үүн дээр арматур, төмөр хийц том оврын бараа бүтээгдэхүүн авчрах боломжтой.
Бид Хятадын талд задгай тээврээр ачаа оруулах саналыг тавьсан. Гэвч халдварын тархалт өндөр байгаа учраас зөвхөн чингэлгээр тээвэрлэх санал тавиад буй. Иймээс үүнд нийцүүлж зохион байгуулалтаа хийж байна. Консулын газраар дамжуулаад чингэлгийн тоог нэмж, хоёр талаас талбайгаа томсгоё, 200, 300-аар чингэлгийн тоог нэмэгдүүлье гэж зөвшилцөөд тооцооллоо гаргаад Засгийн газраас шаардлагатай хөрөнгийг гаргахаар ярилцаж байна” гэлээ.
Тээвэр эрхлэгчдийн зүгээс Шадар сайдад хандан өнгөрсөн хугацаанд тээвэрчдийн амьдрал үндсэндээ зогссон гэдгийг учирлаад, цаашид ч урд хөрш хилээ бүрэн нээх эсэх нь тодорхойгүй байгаа учраас жолооч нарыг мэргэжлийнх нь дагуу ажлын байраар хангах боломж байгаа эсэхийг асууж байв. Хариуд нь Шадар сайд дээрх асуудлыг судалж ямар боломж, гарц гаргалгаа байж болохыг судлах Ажлын хэсэг байгуулахыг ЗТХ-ийн сайд Л.Халтарт үүрэг болгосон юм.
Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж БНХАУ-ын хил гурван сар гаруйн хугацаанд хаалттай байсан. Энэ хугацаанд улс орны хэмжээнд бараа бүтээгдэхүүний хомсдол бий болж, үнийн хөөрөгдөл үүсэхэд хүрээд байсан юм. Тиймээс өнгөрсөн нэгдүгээр сард Засгийн газрын 196 дугаар тогтоолоор Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, халдвар, хамгааллын өндөр хяналтад, чингэлэг тээврээр ачаа бараа оруулахаар хоёр улс харилцан тохиролцсон. Ингэснээр гурван сар гаруй хугацаанд гацаад байсан ачаа барааг чингэлэг тээврээр татан авч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар өдөрт 60-70, нийт 3200 гаруй чингэлэг тээвэр хилээр нэвтрээд байгаа юм.
Цемент, барилгын материалын үнийн өсөлттэй холбоотойгоор Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Барилга, хот байгуулалтын яаманд ажиллаж, энэ асуудлыг яаралтай хянаж шалгах хугацаатай үүрэг даалгаврыг холбогдох байгууллагуудад өглөө.
Манай улс 2015 оноос дотооддоо цемент үйлдвэрлэж, 2020 оноос дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангадаг болсон. Жилээс жилд цементийн хэрэгцээ өсөн нэмэгдэж өдгөө жилийн нийт хэрэгцээ 2.2 сая тонн-д хүрээд байгаа ч нөгөө талд цар тахлын хүндрэлээс болоод дотоодын үйлдвэрлэл буурах болжээ. Тухайлбал, 2019 онд 1.4 сая гаруй тонн цемент үйлдвэрлэж байсан бол 2020 онд 1.2 сая тонн болж буурсан бөгөөд тонн нь 141600 төгрөг байсан цементийн үнэ 2020 оны арванхоёрдугаар сараас хойш долоон удаа нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 256 мянган төгрөг болоод байна.
Иймд Барилга, хот байгуулалтын яам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хамтарсан Ажлын хэсэг байгуулж, цементийн үнэ өнгөрсөн жилийнхээс 30 хувь нэмэгдсэн шалтгааныг тогтоож, цаашид авах арга хэмжээний санал дүгнэлтээ ирэх баасан гаригт Шадар сайдад танилцуулахыг даалгав.
Тэрбээр “Зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалж үнэ нэмэх зайлшгүй шаардлага үүслээ гэхэд бүх компани нэг зэрэг шахуу 30 хувиар нэмж байгаа нь үгсэн хуйвалдсан хэрэг мөн эсэхийг нэн даруй шалгах хэрэгтэй. Шалгахдаа бүх талын оролцоог ханган ажиллах нь чухал. Зайлшгүй үнэ нэмэхээс өөр гарцгүй байсан бол үйлдвэрлэгчдийг төрөөс дэмжих ямар гарц, боломжууд байгааг эрэлхийлэх учиртай. Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрынхан иргэд, аж ахуйн нэгжүүд цементийг их хэмжээгээр авч нөөцлөх зэргээр үнийн зохиомол хөөрөгдөл үүсэхээс сэргийлж ажиллах шаардлагатай байна. 2022 онд барилгын салбарт хийгдэх 3.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг үнийн хөөрөгдлөөс болж хойшлуулах, гацаахгүй байх бүх талын арга хэмжээг авч ажиллах ёстой” гэлээ.
Импортыг орлох үйлдвэрлэл хөгжүүлж, бүтээн байгуулалт хийхийн тулд Хөгжлийн банкнаас зээл аваад, ковидын хүндрэлтэй цаг үед хүүгийн болон ханшийн зөрүүнээс алдагдал хүлээж буй үйлдвэрлэгчид болон төрийн өмчийг луйвардаж аваад, үйлдвэрлэл явуулах нэрийдлээр их хэмжээний зээл аваад тэр чигтээ алга болсон Хөтөлийн цементийн үйлдвэрийн асуудлыг тусад нь авч үзэж, хянаж шалгах ёстойг Шадар сайд С.Амарсайхан анхаарууллаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улсад айлчлал хийж буй Мянганы сорилтын корпорацын Компакт гэрээний үйл ажиллагааны газрын дэд ерөнхийлөгч, хатагтай Фатима Сумарыг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай хамтран хэрэгжүүлж буй Усны компакт төсөлд өндөр ач холбогдол өгч байгааг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглээд Засгийн газар гэрээг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө бүхий л дэмжлэгийг үзүүлж ажиллахаа илэрхийллээ. Мөн тэрбээр Мянганы сорилтын корпорацтай хийсэн гэрээ амжилттай хэрэгжиж, урт хугацаанд Монгол Улсад өгөөжтэй байдгийг дурдаад тус корпорацын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байдгаа илэрхийллээ.
Компакт гэрээний дагуу Улаанбаатар хотын усны хангамжийн асуудлыг цогцоор шийдэж, усны хангамжийн тогтолцооны шинэчлэл хийгдэж байгаа нь чухал ач холбогдолтой. Тус төсөл цар тахлын үед ч амжилттай үргэлжилж байна. Энэ хүрээнд Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн шав тавих, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн тендер шалгаруулах, дамжуулах шугам сүлжээний зураг төслийг бэлтгэх зэрэг ажил хугацаандаа урагшилж байгааг талууд онцоллоо.
Монгол Улсын Засгийн газар 2022 оны эхний өдрөөс “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг шийдвэрлэх, цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж байна. МСК-ын Усны компакт төсөл “Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Хот хөдөөгийн сэргэлт” зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтойг Ерөнхий сайд хэллээ.
Ирэх сард Улаанбаатар хотод “Монголын эдийн засгийн чуулган”-ыг зохион байгуулна. Энэ арга хэмжээнд иргэд, аж ахуйн нэгж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвхитэй оролцоо чухал. Мөн НҮБ, Мянганы сорилтын корпорац зэрэг донор байгууллагын дуу хоолойг сонсохоор төлөвлөөд байгааг тэмдэглэв.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улсад айлчлал хийж буй Мянганы сорилтын корпорацын Компакт гэрээний үйл ажиллагааны газрын дэд ерөнхийлөгч, хатагтай Фатима Сумарыг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай хамтран хэрэгжүүлж буй Усны компакт төсөлд өндөр ач холбогдол өгч байгааг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглээд Засгийн газар гэрээг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө бүхий л дэмжлэгийг үзүүлж ажиллахаа илэрхийллээ. Мөн тэрбээр Мянганы сорилтын корпорацтай хийсэн гэрээ амжилттай хэрэгжиж, урт хугацаанд Монгол Улсад өгөөжтэй байдгийг дурдаад тус корпорацын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байдгаа илэрхийллээ.
Компакт гэрээний дагуу Улаанбаатар хотын усны хангамжийн асуудлыг цогцоор шийдэж, усны хангамжийн тогтолцооны шинэчлэл хийгдэж байгаа нь чухал ач холбогдолтой. Тус төсөл цар тахлын үед ч амжилттай үргэлжилж байна. Энэ хүрээнд Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн шав тавих, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн тендер шалгаруулах, дамжуулах шугам сүлжээний зураг төслийг бэлтгэх зэрэг ажил хугацаандаа урагшилж байгааг талууд онцоллоо.
Монгол Улсын Засгийн газар 2022 оны эхний өдрөөс “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг шийдвэрлэх, цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж байна. МСК-ын Усны компакт төсөл “Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Хот хөдөөгийн сэргэлт” зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтойг Ерөнхий сайд хэллээ.
Ирэх сард Улаанбаатар хотод “Монголын эдийн засгийн чуулган”-ыг зохион байгуулна. Энэ арга хэмжээнд иргэд, аж ахуйн нэгж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвхитэй оролцоо чухал. Мөн НҮБ, Мянганы сорилтын корпорац зэрэг донор байгууллагын дуу хоолойг сонсохоор төлөвлөөд байгааг тэмдэглэв.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийг тэлэх чухал ач холбогдолтой, экспорт, импортын шинэ гарц болох Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт өнөөдөр эхлэв. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн ажиллагаанд оролцож үг хэллээ.
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг энэ оны эхний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Оюу толгойн Гүний уурхайн бүтээн байгуулалтыг бид саяхан эхлүүлсэн гэдгийг Ерөнхий сайд дурдаад “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлж буй хоёрдахь том төсөл Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр өнөөдөр эхлүүлж, хагас жилийн дотор ашиглалтад оруулахаар зорьж байна гэлээ.
Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 орчим хувийг Гашуунсухайт боомт дангаараа эзэлдэг бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын 70 гаруй хувийг зөвхөн Замын-Үүд боомтоор нэвтрүүлдэг. Ханги боомт нь газарзүйн байршлын хувьд Гашуунсухайт, Замын-Үүд боомтуудын дунд байрладгаараа стратегийн туйлын чухал ач холбогдолтойг Ерөнхий сайд дурдлаа.
Ханги-Мандалын боомтыг төмөр замаар холбож, шинэ гарц нээснээр манай улсын импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонноор, төмөр замаар тээвэрлэгдэж байгаа нийт тээврийн хэмжээ 65 хувиар тус тус нэмэгдэж, боомтын боймыг тайлах эхний томоохон алхам болж чадна гэдгийг Ерөнхий сайд онцлоод Ханги-Мандалын боомт ашиглалтад орсноор хоёрдахь Гашуунсухайт, хоёрдахь Замын-Үүд бий болох юм гэлээ.
Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 километр үргэлжлэх төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 180 аж ахуйн нэгж, 3500 гаруй ажилчид оролцож, цаашид байнгын 1300 гаруй ажлын байр шинээр бий болно. Энэхүү бүтээн байгуулалт нь Зүүнбаян төмөр замаас салаалснаар Монгол Улсад хамгийн анхны гурвалсан төмөр замын уулзвар бий болж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад хандаж,
-Монгол Улс Ханги боомтыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Мандал боомттой төмөр замаар холбох бүтээн байгуулалтыг ийнхүү өнөөдөр эхлүүлж байна. Энэ сард бид Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 километр төмөр замыг бүрэн ашиглалтад оруулж дуусгана. Ханги-Мандалын төмөр зам хагас жилийн дараа ашиглалтад орсноор Оюу толгойн зэсийн баяжмал, Тавантолгойн нүүрс болон бусад экспортын бүтээгдэхүүнийг шинэ гарцаар зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд тулгуурлан тээвэрлэх боломж бүрдэхээс гадна говийн бүсэд буй ашигт малтмалын ордуудын үнэлэмж өсөж, эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ боломжууд нээгдэж байна гэлээ. Мөн Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдтэй харилцан ашигтай түншлэн ажиллахад бэлэн байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ.
Төмөр замын бүтээн байгуулалтад оролцож буй хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүд, инженер техникийн ажилтнууд, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс ажлын өндөр амжилт хүсч, товлосон хугацаандаа буюу хагас жилийн дотор Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 километр төмөр замыг ашиглалтад оруулж, нээлтийн өдөр баяртайгаар эргэн уулзахын ерөөл дэвшүүллээ.
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтанд орсноор Монгол Улсын төмрийн хүдрийг Хятадын дотоодын болон Австралийн төмрийн хүдэртэй үнийн хувьд өрсөлдөхүйц болгохоос гадна экспорт, импорт болон дамжин өнгөрүүлэх ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, олон улсын төмөр замын шинэ гарц үүсэх юм. Байгаль, экологийн хувьд ч сөрөг нөлөөгүй тээвэрлэлт хийгдэж эхэлнэ.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 28 дугаар тогтоолоор “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам” төслийг концессын тухай хуулийн дагуу шууд гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн. Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт дахь зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам” төслийн концессын гэрээг “Монголиан транс лайн” ХХК болон “Монголиан транс ложистик” ХХК-ийн нэгдэлтэй байгуулах эрхийг 2022 оны гуравдугаар сарын 09-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаас олгосон юм.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт өнөөдөр эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн ажиллагаанд оролцож үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм монголчууд аа,
Энд хуран цуглаж, өнөөдрийн түүхэн мөчийн гэрч болж буй хүндэт зочид төлөөлөгчид өө!
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого амжилттай хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлсийг богино хугацаанд цаг алдалгүй шийдвэрлэж, эдийн засгийг тэлэх зорилго бүхий Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг энэ оны эхний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн билээ. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх анхны томоохон ажил болох Оюу толгойн Гүний уурхайн бүтээн байгуулалтыг бид саяхан эхлүүлж чадсан.
Харин өнөөдөр “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлж буй хоёрдахь том төсөл болох Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр эхлүүлж, хагас жилийн дотор ашиглалтад оруулах томоохон зорилтыг дэвшүүлж байна.
“Шинэ сэргэлтийн бодлого” Улсын Их Хурлаар батлагдах үед миний бие “Эдийн засаг нь зөвхөн уул уурхайгаас, улсын төсөв нь нүүрснээс, шатахуун нь нэг улсаас, импорт нь ганц боомтоос хамааралтай бодит үнэнийг бид цар тахлын энэ үед бүр ч илүү мэдэрч, эдийн засгийн цусны эргэлт доголдож, чухал цэгүүдэд зангилаа үүссэн боомтын боймыг тайлахгүйгээр хөгжлийн тухай ярих ямар ч боломжгүй” гэж хэлж байсныг Та бүхэн санаж байгаа биз ээ.
Тийм ч учраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн зорилтын хүрээнд нийт боомтуудаа авто зам, хурдны зам, төмөр замаар цаг алдалгүй үе шаттай холбож, эдийн засгийн суурийг тэлэх зорилтыг дэвшүүлсэн билээ.
Далайд гарцгүй манай улсын хуурай замын 42 боомтоос өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Эрээнцав, Замын-Үүд гэсэн гуравхан боомт л төмөр замаар холбогдсон байдаг.
Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 орчим хувийг Гашуунсухайт боомт дангаараа эзэлдэг бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын 70 гаруй хувийг зөвхөн Замын-Үүд боомтоор нэвтрүүлдэг.
Ханги боомт нь газарзүйн байршлаараа Гашуунсухайт, Замын-Үүд боомтуудын тэг дунд нь байрладаг учраас стратегийн хувьд туйлын чухал ач холбогдолтой юм.
Ханги-Мандалын боомтыг төмөр замаар холбож, шинэ гарц нээснээр манай улсын импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонноор, төмөр замаар тээвэрлэгдэж байгаа нийт тээврийн хэмжээ 65 хувиар тус тус нэмэгдэж, боомтын боймыг тайлах эхний томоохон алхам болж чадах юм. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор манай улсын уул уурхайн экспортын гол зах зээл болох БНХАУ-ын Бугат хот хүрэх тээвэр 242 километроор богиносч, тээврийн өртөг, хугацаа хэмнэгдэнэ.
Нэг үгээр хэлбэл, Ханги-Мандалын боомт ашиглалтад орсноор хоёрдахь Гашуунсухайт, хоёрдахь Замын-Үүд бий болно гэсэн үг юм аа.
Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 километр үргэлжлэх төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 180 аж ахуйн нэгж, 3500 гаруй ажилчид оролцож, цаашид байнгын 1300 гаруй ажлын байр шинээр бий болно. Энэхүү бүтээн байгуулалт нь Зүүнбаян төмөр замаас салаалснаар Монгол Улсад хамгийн анхны гурвалсан төмөр замын уулзвар бий болж байна.
Эрхэм хөрөнгө оруулагчид аа,
Монгол Улс Ханги боомтыг БНХАУ-ын Мандал боомттой төмөр замаар холбох бүтээн байгуулалтыг ийнхүү өнөөдөр эхлүүлж байна.
Энэ сард Монгол Улсын Засгийн газар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 километр төмөр замыг бүрэн ашиглалтад оруулж дуусгахаар цаг хугацаатай уралдан ажиллаж байна. Ханги-Мандалын төмөр зам хагас жилийн дараа ашиглалтад орж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөрзамтай холбогдсоноор Оюу толгойн зэсийн баяжмал, Тавантолгойн коксжсон нүүрс болон бусад экспортын бүтээгдэхүүнийг шинэ гарцаар зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд тулгуурлан тээвэрлэх боломж бүрдэхээс гадна говийн бүс нутагт буй ашигт малтмалын ордуудын үнэлэмжийг өсгөж, эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ боломжууд нээгдэх болно.
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдтэй харилцан ашигтай түншлэн ажиллахад үргэлж бэлэн байгаагаа Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд дахин илэрхийлье.
Эрхэм Монголчууд аа,
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлж байгаа нь экспортыг нэмэгдүүлж, эдийн засгийн эрчимтэй өсөлтийг бий болгож, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах чухал алхам гэдгийг өнөөдөр онцлон тэмдэглэхийг хүсч байна.
Дэлхий даяар цар тахал болон эдийн засгийн амаргүй сорилтууд үргэлжилсээр байна. Гэвч Та бид хямралын үеийн сэтгэлзүйд автаж, Монгол Улсын шинэ сэргэлтийн төлөө дэвшүүлсэн зорилтуудаасаа ухарч няцах ёсгүй ээ. Харин ч урьд урьдынхаасаа илүү эвлэлдэн нэгдэж, хамтран ажилласнаар хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулж, дэвшүүлсэн зорилго, зорилтуудаа амжилттай хэрэгжүүлэх ёстой!
Энэхүү түүхэн бүтээн байгуулалтад оролцож буй хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүд, инженер техникийн ажилтнууд, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс ажлын өндөр амжилт хүсч, товлосон хугацаандаа буюу хагас жилийн дотор Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 километр төмөр замыг ашиглалтад оруулах, нээлтийн өдөр баяртайгаар эргэн уулзахын ерөөлийг дэвшүүлье.
Шинэ сэргэлтийн бодлогоо бүх нийтээрээ хэрэгжүүлж,
Монгол Улс Мандан бадрах болтугай!
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны гуравдугаар сарын 9-ний өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам” төслийн концессын гэрээг байгуулна
Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт дахь зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам” төслийн концессын гэрээг “Монголиан транс лайн” ХХК болон “Монголиан транс ложистик” ХХК-ийн нэгдэлтэй байгуулах эрхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт олголоо.
Концессын төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хууль, журмын дагуу шуурхай шийдвэрлэх арга хэмжээ авахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт даалгалаа.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 28 дугаар тогтоолоор “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам” төслийг концессын тухай хуулийн дагуу шууд гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн юм.
“Зүүнбаян-Ханги” чиглэлийн төмөр замын суурь бүтэц нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багт байрлах “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Зүүнбаян өртөөнөөс эхэлж, Ханги боомт хүртэл үргэлжилж БНХАУ-ын Мандал боомттой холбогдоно.
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөө өртөөнөөс БНХАУ-ын Бугат өртөө хүртлэх тээврийн зайг 1722 км-ээс (Замын-Үүд-Эрээн) 1404 км (Ханги-Мандал) буюу 306 км-ээр дөт болгож, улмаар төмрийн хүдрийн тээвэрлэлтийн өртгийг 4-8 ам.доллараар бууруулна. Монгол Улсын төмрийн хүдрийг Хятадын дотоодын болон Австралийн төмрийн хүдэртэй үнийн хувьд өрсөлдөхүйц болгохоос гадна экспорт, импорт болон дамжин өнгөрүүлэх ачааны тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, олон улсын төмөр замын шинэ гарц үүсэх, 1600 гаруй ажлын байр бий болох боломж бүрдэх төсөл юм.
Төрийн захиргааны зарим байгууллагын нэгдсэн байрыг Хөшигийн хөндийд байгуулах газрын байршлыг тогтооно
Нийслэл Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах хүрээнд төрийн захиргааны зарим байгууллагын нэгдсэн байрыг Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх Хөшигийн хөндийд байгуулах газрын байршлыг судалж тогтоох, зураг төслийг боловсруулах болон барьж байгуулахад шаардагдах хөрөнгийг тооцож, улсын төсөв, бусад эх үүсвэрээс зохих хууль, дүрмийн дагуу санхүүжүүлэх асуудлыг судлан шийдвэрлүүлэх талаар үе шаттай төлөвлөгөө гарган ажиллаж, ажлын явц, гүйцэтгэлийг улирал тутам Засгийн газарт танилцуулж ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Монгол Улсын Ерөнхий сайдын энэ оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн захирамжаар Төв аймгийн Хөшигийн хөндийд Засгийн газрын байруудын нэгдсэн цогцолбор шинээр төлөвлөх, барьж байгуулах асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд нэгдсэн судалгаа хийж байна.
Хөшигийн хөндийд төрийн захиргааны байгууллагуудын нэгдсэн байрыг шинээр төлөвлөж байгуулснаар,
-Шинэ хотжилт бүхий бүс нутгийн нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжих
-Нийслэл Улаанбаатар хотын хөдөлмөр эрхлэлт, үйлдвэрлэл, үйлчилгээний хэт төвлөрлийг сааруулах, орон нутагт ажлын байр бий болгох
-Төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хангах, төрийн албаны үйл ажиллагааг орон нутагт өргөжүүлэх
-Шинэ хот, бүс нутагт гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татаж эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг бүрдүүлэн, шинжлэх ухаан, технологи, инновацийн үйлдвэрлэл, аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээг хөгжүүлэх зэрэг үр дүн гарна гэж үзэж байгаа юм.
Товч мэдээ
· Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
· “Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан хөгжлийн төслүүдээс эх үүсвэр нь бүрэн шийдэгдээгүй байгаа төслүүдийг хэрхэн санхүүжүүлэх схемийг энэ оны дөрөвдүгээр сарын 6-ны дотор боловсруулахыг даалгав.
· Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, чанартай тусламж үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй үзүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, тухайн байгууллагын үйл ажиллагааг дэмжих зориулалт бүхий хөрөнгө оруулалт болон нийт ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх зардлыг урсгал төсвөөс санхүүжүүлэх эрхийг эрүүл мэндийн байгууллагуудын төсвийн шууд захирагч нарт олгох асуудлыг шийдвэрлэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарт үүрэг болголоо.
· Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газар байгуулахтай холбогдуулан Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д холбогдох нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
· Хөдөө аж ахуйг дэмжих сангийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтын дүн, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Тус сангийн хугацаандаа төлөгдөөгүй өр, авлага, үүсгэсэн гэрээ, хэлцэл, шийдвэрүүдийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулж, сангийн өр авлагыг бууруулах чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгалаа.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар “Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-2” буюу Яармагийн 300 ортой төрөх эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллаж эхчүүд, эмэгтэйчүүд, эмч ажилтнуудад Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд “Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-2”-ийн цахим бүртгэлийн хэсэг, нэгдсэн мэс заслын тасаг, төрөх болон төрсний дараах тасаг, дүрс оношилгооны үйл ажиллагаатай танилцсан юм. Эмнэлгийн барилгын ажил 2009 онд эхэлсэн ч хөрөнгө оруулалт нь шийдэгдэхгүй сунжирсаар 2021 онд ашиглалтад оруулсан юм. Зөвхөн эх, нярайд тусламж, үйлчилгээ үзүүлэхээс гадна өнгөрсөн хугацаанд цар тахлын үеийн ковидын эмчилгээг иргэдэд давхар үзүүлж 1000 ор дэлгэн ажиллажээ. Өнөөдрийн байдлаар 380 гаруй эмч, ажилтан ажиллаж байна. Засгийн газраас цар тахлын үед ажиллуулахаар онцгой анхаарал хандуулсан нь үр дүнгээ өгч, эх, нярай, эмэгтэйчүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлэх улсын хэмжээний хоёр дахь том эмнэлэг болоод байна. Тус эмнэлэгт мэс заслын орчин үеийн тоног төхөөрөмж бүхий есөн өрөөтэй болсон байна. Харин хотоос зайдуу учир эмч, ажилтнуудын дотуур байр, хүүхдийн цэцэрлэг шаардлагатай, мөн ажиллах хүчний нөөц дутмаг байгаа зэрэг тулгамдсан асуудлыг нь Ерөнхий сайд шийдэж өгнө гэлээ
Коронавируст халдвар (Covid-19)-ын цар тахлыг хүндрэл багатай даван туулахад эрүүл мэндийн салбарын нийт эмч, эмнэлгийн ажилтнуудын нөр их хөдөлмөр, тэсвэр тэвчээр чухал үүрэгтэй байсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлоод тус эмнэлгийн хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүслээ.
Дараа нь очсон ЭХЭМҮТ-ийн хувьд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнө нь буюу 2021 оны зургадугаар сарын 01-нд үйл ажиллагаатай танилцахдаа хэд хэдэн тулгамдсан асуудлыг шийдэхээ илэрхийлсэн нь өнөөдөр бүрэн шийдэгджээ.
Амаржих газруудад хийгдсэн хөрөнгө оруулалтаар улсын хэмжээнд төрөх болон төрсний дараах бүх орыг шинэчилжээ. Тухайлбал, ЭХЭМҮТ-ийн 496 ор хуучирч муудаад байсныг 100 хувь шинэчилжээ. Мөн “Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник” болон “Хүүхдийн зөвлөх поликлиник”-ийн өргөтгөл, 1987 онд ашиглалтад орсноос хойш иж бүрэн засвар хийгдээгүй тус төвийн бүх барилгын их засварын зэрэг нийт 45 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлээд байна. Тоног төхөөрөмжийн шинэчлэлийн дүнд Монголд эмчилдэггүй байсан дөрвөн төрлийн мэс засал, эмчилгээг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хийдэг боллоо. Энэ ондоо багтаж Эх нялхсын эмнэлэг төрөх өрөөнүүдээ хөгжингүй орнуудын жишигт хүргэж бүрэн засаж тохижуулахаар төлөвлөөд байгаа аж.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эх, нярайн эрүүл мэндийн салбарт нийт 110 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсныг тэмдэглээд улсын хэмжээнд иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа төрөх эмнэлгүүдийн өнгө төрхийг бүрэн шинэчилж, бүрэн цахимжуулах, эх, нярай, эмэгтэйчүүдийн эмнэлгүүдийг дэлхийн жишигт хүргэхийн төлөө Засгийн газар онцгой анхаарч ажиллана гэв. Мөн ирэх тавдугаар сарын 01-нээс Монгол Улсын иргэн бүрийг эрт илрүүлгийн иж бүрэн оношилгоонд хамруулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулна, эрүүл мэндийн салбарын удирдлагууд бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо.