Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан Газрын шинэтгэлийн үндэсний хорооны VIII хуралдаан өнөөдөр боллоо.
Энэ удаагийн хуралдаанаар Газрын шинэтгэлийн үндэсний хорооны 2022 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Мөн “Газрын нэгдмэл сангийн цахим систем” буюу Төрийн өмчийн газрыг кадастрын мэдээллийн санд бүртгэж, баталгаажуулах асуудлыг хэлэлцэв.
2020-2021 онд Төрийн өмчийн газрын мэдээллийн санг байгуулж, газрын нэгдмэл сангийн өөрчлөлт, шинэчлэл, тайлангийн үйл ажиллагааг цахимжуулах системийг нэвтрүүлэхэд бэлэн болоод буй аж. Уг цахим системийг нэвтрүүлснээр төрийн байгууллагуудыг холбосон дундын мэдээллийн санг байгуулах, төрийн өмчийн газрыг зөвшөөрөлгүй ашиглаж буй зөрчлийг арилгах, нөхөн сэргээх шаардлагатай байгаа газрыг тодорхой болгох зэрэг ач холбогдолтойн зэрэгцээ жилд улсын төсөвт 10-15 тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжтой гэдгийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай хэллээ.


Одоогоор ойн болон усны сан бүхий газар, улсын тусгай хэрэгцээний газрууд, хөдөө аж ахуйн зориулалттай, хот тосгоны болон зам дэд бүтцийн газруудыг нэгдсэн цахим системд холбоод байгаа аж.
Хуралдаанаар хэлэлцсэн бас нэгэн асуудал нь Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл байв.
Газрын тухай хуулийг анх 2002 онд анх баталж, 2003 оноос хэрэгжүүлж эхэлснээс хойш 32 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан ч давхардал, хийдэл байсаар байна. Энэ удаагийн шинэчилсэн найруулгын төслийн онцлог нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт газрын үнийг дур зоргоороо, өөр өөр тогтоодог байсныг зөвхөн аймаг, нийслэлийн түвшинд нэгдсэн байдлаар тогтоохоор цэгцэлж буйгаас эхлээд газартай холбоотой авилга, хээл хахуулийг зогсооход чиглэсэн олон зохицуулалт тусгагдсан гэж албаныхан танилцуулсан.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан
“Газрын төлбөр тогтоох нэрийдлээр шат шатанд нугалаа гаргадаг байдлыг таслан зогсоохын тулд уг хуулиар аймаг, нийслэл үнээ тогтоодог итгэлцүүртэй болж байгаа нь сайн хэрэг. Үүнээс болж иргэд, аж ахуйн нэгжүүд маш их хохирдог учраас итгэлцүүрийн хувийг маш сайн судалж, нягталж байж тогтох ёстой. Газрын нэгдмэл сангийн цахим системээр дамжуулан газар ашиглалт, зохион байгуулалтыг ил тод нээлттэй байлгах замаар газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж үнэ цэн, өгөөжийг нь нэмэгдүүлэх технологийн шийдлүүд ч энэ хуулиар нэгтгэгдэж явна” хэмээгээд Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дахин сайтар нягталж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг БХБ-ын сайд Д.Мөнхбаатар болон бусад холбогдох албаныханд үүрэг болголоо.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны гуравдугаар сарын 30-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын ажил эхлэхэд бэлэн байна

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн явц, тулгамдсан асуудлын талаар Эрчим хүчний сайд Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлэх зорилгоор Эрчим хүчний яамны зүгээс гүйцэтгэгч “Пауэр Чайна” /PowerChine/ компанитай түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээг 2021 оны есдүгээр сард байгуулж, 2022 оны дөрөвдүгээр сарын 01-нээс барилга угсралтын ажлыг эхлүүлж, 61 сарын хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм.

Усан цахилгаан станцын үндсэн барилга баригдах Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад сумын нутаг дэвсгэрт орших 111,2 га газарт одоогоор ямар нэгэн айл өрх, аж ахуйн нэгж байхгүй боловч усан сан бүрэлдэх талбайд 2026 оноос нөлөөлөлд өртөх 270 өрхийн 1251 иргэний газар чөлөөлөх асуудлыг Эрчим хүчний яам Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэх саналтай байгаа юм байна.

Нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд эдгээр өрхийг 2022-2023 онд шинээр суурьшуулахаар төлөвлөсөн газар нутагт нүүлгэн шилжүүлэх боломжтой ажээ.
 
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх: Нийт автомашины 20 хувь нь цахилгаан байхад цэнэглэх боломж бий

Цахилгаан авто машиныг цэнэглэх техникийн боломжийн талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцууллаа.

Монгол Улсын хэмжээнд 2022 оны байдлаар 1,2 сая машин байгаагаас Улаанбаатар хотод 662 мянга, орон нутагт 572 мянган автомашин байна. Үүнээс цахилгаан хөдөлгүүртэй 498 автомашин байгаагийн 434 нь Улаанбаатар хотод байна. 2018 оноос хойш 7-60 кВт цагийн хүчин чадалтай нийт цахилгаан автомашин цэнэглэх найман станц ажиллаж байна.

Манай улсад нэг кВт цаг эрчим хүчийг моторын багтаамжаас шалтаалж 350-1000 төгрөгөөр борлуулж байна. Ингэж цэнэглэсэн тохиолдолд 100 км-т 5850-16000 төгрөг зарцуулдаг тооцооллыг хийжээ.

“Нийт автомашины 20 хувь цахилгаан автомашин байхад манай улсад цэнэглэх боломж байна. Цахилгаан автомашины хэрэглээ нэмэгдэх нь агаарын бохирдлыг бууруулахаас гадна эдийн засгийн хэмнэлттэй гэж Эрчим хүчний сайд ярилаа.

Нэгдсэн Үндэстний байгууллагаас дэлхийн эрчим хүчний хомсдол, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудалд онцгой анхаарч буй. Америк болон Европын холбооны орнууд уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хий болон агаар орчны бохирдлыг бууруулах зорилгоор цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэхээр татварын хөнгөлөлт, татаас болон бусад мөнгөн урамшууллыг олгож байна.

Норвеги улсад 2025 онд, Англи, Дани, Нидерланд, Швед, Ирланд зэрэг улсад 2030 онд, Хятад, Японд улсад 2035 онд, Франц, Испани улсад 2040 онд авто тээврийн хэрэгслийг бүрэн цахилгаан машинд шилжүүлэхээр төлөвлөжээ.
2021 онд 6,7 сая цахилгаан автомашин борлуулагдсан нь 2020 оны борлуулалтаас хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт ажээ.

Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн барина

“Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан хөгжлийн төслүүдийн хэрэгжилтийг хангах хүрээнд өнгөрсөн долоо хоногт хийсэн онцлох ажлуудын талаар салбарын сайд нар мэдээлэл хийсэн байна.

Чойбалсангийн дулааны цахилгаан станцын өргөтгөлийн 2022 оны барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэх “Эрчим хүчний барилга байгууламж барих ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн гэрчилгээ“-г гүйцэтгэгчид олгожээ.

Эрчим хүчний сайдын 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн тушаалаар “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ” байгуулах эрхийг “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Диспетчерийн үндэсний төв ТӨХХК, Тавантолгой дулааны станц ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлуудад олгов.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд талуудын уулзалт зохион байгуулж, Ойн тухай хуульд  нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн байна.

Товч мэдээ

·      Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
·      Кино бүтээх зардлын буцаан олголтын хүсэлт гаргах, төслийг хянах, бүртгэх, гэрээ байгуулах, үнэлэх, тайлагнах, зардлын тодорхой хувийг буцаан олгох журмыг баталлаа.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” Төрийн ордонд эхэллээ.

Чуулган нь Үндэсний тогтвортой санхүүжилтийн замын зураг гаргаж батлах, ногоон санхүүжилтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр бүс нутгийн уриалга гаргах, ирэх сарын эхээр болох “Монголын эдийн засгийн форум-2022”-ын нэгдсэн хуралдаанд санал, зөвлөмжөө танилцуулах зорилготой юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээж үг хэлсэн юм. “Тэрбум мод“ үндэсний хөдөлгөөн нь зөвхөн Монголд төдийгүй Ази, Америк тивийг хамарсан байгаль экологи, эрүүл мэнд, эдийн засгийн хор хохирол учруулж буй шороон шуургыг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ.

Өнөөдрийн чуулганы гол зорилго бүс нутгийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх, тогтолцоог нь сайжруулахад чиглэж байгааг тэрбээр онцлоод “Ногоон хөгжлийг санхүүжүүлэхэд олон улсын хөрөнгө оруулагчид болон дотоодын санхүүгийн салбарын оролцоо, манлайлал, хамтын ажиллагаа нэн чухал” гэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд, Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ тус чуулганд оролцож үг хэлэхдээ “Уур амьсгалын өөрчлөлт зөвхөн хөгжлийг төдийгүй амьдралыг хязгаарлагч хүчин зүйл болж байгаа нь бодит үнэн юм гэдгийг тэмдэглээд “Тийм ч учраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого амжилттай хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлж, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг арилган, эдийн засгаа тэлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-д Ногоон хөгжлийн сэргэлтийг дэвшүүлсэн” гэлээ.

“Шинэ сэргэлтийн бодлого” Улсын Их Хурлаар батлагдах үед “Дэлхийн улс орнуудын Засгийн газрууд болон олон улсын банк, санхүүгийн байгууллагууд хүлэмжийн хийг бууруулж, ногоон эдийн засагт шилжихээ зарлаж байгаа нь төсвийн орлогоо нүүрсээр бүрдүүлдэг манай улсын хувьд хүндхэн сорилт ч, цаг алдалгүй ногоон хөгжлийн дэвшилтэт бодлогод шилжих боломж олгож байна” хэмээн Ерөнхий сайд хэлж байсан юм.

Улс орнууд, аж ахуйн нэгжүүд ногоон хөгжлийг хэрхэн хангаж ажиллаж байгаа үзүүлэлт нь гадаадын хөрөнгө оруулалтыг эх орондоо татах суурь нөхцөлүүдийн нэг болдог хандлага руу дэлхий нийтээрээ шилжиж байна.

Манай улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн нийтийн хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах, амлалт үүрэг хүлээхийн зэрэгцээ энэ хүрээнд олон улсын байгууллагууд, өндөр хөгжилтэй орнууд, хувийн хэвшлийн салбаруудтай нягт хамтран ажиллах боломж бүрдээд байгааг Ерөнхий сайд онцоллоо.

Энэхүү чуулганаар “Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан”-г танилцуулж, тус сангийн эхлэлийн хөрөнгийг Монголбанк тэргүүтэй банкны салбарынхан манлайлан бүрдүүлэхээр ажиллаж байгаа нь ногоон санхүүжилтийн эхний томоохон гараа юм.

Монгол Улсын Засгийн газрын зүгээс “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд тогтвортой, ногоон хөгжлийн хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэх, Ногоон санхүүжилт, Ногоон тогтвортой зээл, Ногоон тогтвортой бонд, Ногоон даатгал, Ногоон финтек зэрэг санхүүжилтийн арга хэрэгслүүдийг Монгол Улсад амжилттай нутагшуулахыг бүх талаар дэмжинэ.

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны даргын хувьд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Ногоон хөгжлийн сэргэлтийн зорилтуудыг бүрэн хэрэгжүүлж, эх дэлхийнхээ насыг уртасгах хүн төрөлхтний их үйлсэд бодит хувь нэмэр оруулахын төлөө өөрөөс шалтгаалах бүхнийг зориулан ажиллах болно гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ.

Чуулганаар:
Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтоор хүлээсэн үүрэг, санхүүжилт, Шинэ сэргэлтийн бодлого;
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх бүс нутгийн хамтын ажиллагаа;
Тогтвортой санхүүжилтийн замын зураг;
Ногоон хөгжлийн сэргэлт-Онцлох хөгжлийн төслүүдийн санхүүжилт;
Ногоон хөрөнгийн зах зээлийн олон улсын туршлага. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зөвлөмж. Монголын ногоон хөрөнгийн зах зээлийн замын зураг;
Ногоон, тогтвортой хөгжлийн бонд гаргах боломж сэдвээр илтгэл сонсож, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” Төрийн ордонд болж байна. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус чуулганд үг хэллээ.  Түүний үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм Монгол Улсын Ерөнхийлөгч,
Энд хуран цугласан хүндэт зочид төлөөлөгчид өө,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй “Ногоон санхүүжилт – Бүс нутгийн чуулган”-ыг зохион байгуулагчдад болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд бодит хувь нэмэр оруулахаар энэ танхимд хуран цугласан Та бүхэндээ талархал илэрхийлье.

Хүн төрөлхтөн цар тахлын амаргүй сорилттой нүүр тулж, иргэдийн эрүүл мэнд, улс орны эдийн засгийн хүндрэлийг даван туулахаар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төр засаг, иргэд аж ахуйн нэгжүүд хамтран тэмцлээ.
Цар тахлын хүндрэл бүрэн дуусаагүй байхад дэлхийн геополитикт хүчтэй доргилт өгсөн зэвсэгт мөргөлдөөн бүхий хямралт байдал давхцсан нь олон улсын нийгмийн амьдрал, эдийн засагт үнийн өсөлт, хүнсний хомсдол зэрэг нэн амаргүй эгзэгтэй байдлыг бий болгож байна.
Гэвч энэ бүхэн зөвхөн цаг хугацааны хямрал юм. Та бид хямралын үеийн сэтгэлзүйд автаж, дэвшүүлсэн томоохон зорилтуудаасаа ухарч болохгүй ээ. Харин ч урьд урьдынхаасаа илүү эвлэлдэн нэгдэж, хамтран ажиллаж, дэлхийн хямралт байдлыг даван туулах ёстой. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт бол хүн төрөлхтөн бидний мөхөлд хүргэх эрсдэлтэй нөхцөл байдал юм.
Өнөөдрийн чуулган “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Үндэсний тогтвортой санхүүжилтийн замын зургийг батлах, “Монголын эдийн засгийн форум-2022” нэгдсэн хуралдаанд танилцуулах зөвлөмж гаргах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төр хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Монголчууд бид эх дэлхийтэйгээ зохицон амьдрах уламжлалт соёл иргэншилдээ тулгуурлаж, дэлхийн чиг хандлагад нийцсэн ногоон хөгжлийн дэвшилтэт загварыг цаг алдалгүй тодорхойлох учиртай.
Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалж, Хойд мөсөн далай хайлж, далайн усны түвшин эрс нэмэгдэж, хот суурин газрууд усанд автаж байна.
Цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн давтамж хоёр дахин нэмэгдэж, нийт нутаг дэвсгэрийн 76 хувь нь цөлжилтөд өртөж, бэлчээрийн 90 хувь цөлжих эрсдэлд орж, усны нөөц хамгийн бага 20 орны нэг гэдэг үзүүлэлт жилээс жилд урагшилж, хүн, мал дайжиж байна. Уур амьсгалын өөрчлөлт зөвхөн хөгжлийг төдийгүй амьдралыг хязгаарлагч хүчин зүйл болж байгаа нь бодит үнэн юм.
Тийм ч учраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого амжилттай хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлж, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг арилган, эдийн засгаа тэлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-д Ногоон хөгжлийн сэргэлтийг дэвшүүлсэн юм.
“Шинэ сэргэлтийн бодлого” Улсын Их Хурлаар батлагдах үед миний бие “Дэлхийн улс орнуудын Засгийн газрууд болон олон улсын банк, санхүүгийн байгууллагууд хүлэмжийн хийг бууруулж, ногоон эдийн засагт шилжихээ зарлаж байгаа нь төсвийн орлогоо нүүрсээр бүрдүүлдэг манай улсын хувьд хүндхэн сорилт ч, цаг алдалгүй ногоон хөгжлийн дэвшилтэт бодлогод шилжих боломж олгож байна” хэмээн хэлж байсныг Та бүхэн санаж байгаа биз ээ.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх үндсэн зарчим нь иргэн, аж ахуйн нэгж, олон улсын хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоонд тулгуурласан эдийн засгийн шинэ бүтэц бий болгох билээ.
Улс орнууд, аж ахуйн нэгжүүд ногоон хөгжлийг хэрхэн хангаж ажиллаж байгаа үзүүлэлт нь гадаадын хөрөнгө оруулалтыг эх орондоо татах суурь нөхцөлүүдийн нэг болдог хандлага руу дэлхий нийтээрээ шилжиж байна.

Манай улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн нийтийн хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах, амлалт үүрэг хүлээхийн зэрэгцээ энэ хүрээнд олон улсын байгууллагууд, өндөр хөгжилтэй орнууд, хувийн хэвшлийн салбаруудтай нягт хамтран ажиллах боломж бүрдээд байгааг онцлон тэмдэглэж байна.
Бид олон улсын чиг хандлагатай нийцүүлэн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейн чуулганаар батлагдсан “Тогтвортой хөгжлийн зорилго”, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын ажиллагаанд нийцсэн эх дэлхийд ээлтэй Ногоон хөгжлийн жишиг загварыг тодорхойлж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

Өнөөдрийн чуулганаар Үндэсний тогтвортой санхүүжилтийн замын зургийг баталж, хэрэгжүүлснээр банкны салбарт ногоон зээлийг нийт зээлийн 10 хувьд хүргэх боломж бүрдэнэ.
“Шинэ сэргэлтийн бодлого”-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг “цөлжилтийг сааруулж элсний нүүдлээс хамгаалах зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу үйлдлийн үндсэн бөгөөд цогц шийдлүүдийн нэг” хэмээн онцгойлон тусгасан.

Өнөөдрийн чуулганаар “Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан”-г танилцуулж, тус сангийн эхлэлийн хөрөнгийг Монголбанк тэргүүтэй банкны салбарынхан манлайлан бүрдүүлэхээр ажиллаж байгаа нь ногоон санхүүжилтийн эхний томоохон гараа юм аа.

Монгол Улсын Засгийн газрын зүгээс “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд тогтвортой, ногоон хөгжлийн хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэх, Ногоон санхүүжилт, Ногоон тогтвортой зээл, Ногоон тогтвортой бонд, Ногоон даатгал, Ногоон финтек зэрэг санхүүжилтийн арга хэрэгслүүдийг Монгол Улсад амжилттай нутагшуулахыг бүх талаар дэмжинэ.

Монгол Улсын Ерөнхий сайд, Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны даргын хувьд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Ногоон хөгжлийн сэргэлтийн зорилтуудыг бүрэн хэрэгжүүлж, эх дэлхийнхээ насыг уртасгах хүн төрөлхтний их үйлсэд бодит хувь нэмэр оруулахын төлөө ажиллах болно гэдгээ илэрхийлье.

Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье

 

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх болон Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн ерөнхий гүйцэтгэгч “Жэй Эм Си Прожектс Индиа” компанийн төлөөлөлтэй уулзаж төсөл хэрэгжүүлэх явцад тулгамдаж буй зарим асуудлаар санал солилцлоо.
Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан “Жэй Эм Си Прожектс Индиа” компани төсөл хэрэгжүүлэх явцад нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн БНХАУ-ын хил дээр гацсан асуудлыг яаралтай шийдвэрлэж өгсөнд талархал илэрхийлээд, дараагийн шатны төслийг хэрэгжүүлэхэд үнийн өсөлт тулгамдсан асуудал болж байгаа учраас хоёр талаас нэгдсэн үнийн дүнд тохиролцох шаардлагатай байгааг уламжиллаа. Мөн хэдийгээр тээвэр ложистик, үнийн өсөлт зэрэг хоёр талаас шалтгаалахгүй хүчин зүйлс хүндрэл дагуулж байгаа ч цаг хугацаа алдалгүй төслийг гүйцэтгэж, дуусгахаа илэрхийллээ.


Шадар сайд С.Амарсайхан “Дэлхий нийтийг хамарсан нөхцөл байдлаас шалтгаалан олон улсад тээврийн асуудал удаашралтай байгааг та бүхэн мэдэж байгаа. Засгийн газар боломжит бүхий л аргаар ачаа тээврийн асуудалд анхаарч байна. Одоогийн байдлаар зөвхөн Замын-Үүд боомтоор бус Гашуунсухайтын боомтоор ачаа тээвэр оруулж эхлээд байна. Монголын талаас шалтгаалах бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд энэ сарын 12-ноос өдөрт 30 чингэлэг тээвэр, мөн үндсэн тээврээр өдөрт 200 тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрч эхэлсэн. Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс  нүүрсний татан авалтыг өдөрт 300 тээврийн хэрэгсэл болгож нэмэгдүүлэхээр болсон” гэлээ.
Харин төслийн дараагийн шатны асуудлын тухайд санал нэг байгаагаа илэрхийлээд хамгийн боломжит хувилбараар гарц гаргалгааг шийдвэрлэж, ажлыг түргэн шуурхай эхлүүлж, төлөвлөсөн хугацаандаа дуусгах нь чухал гэдгийг онцоллоо.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны гуравдугаар сарын 23-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хувьчлалыг хүчингүй болголоо

2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай Засгийн газрын 2015 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 330 дугаар тогтоолын хавсралтаар баталсан 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтын 15 дугаар хэсэгт дурдсан “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-тай холбогдолтой заалтыг бүхэлд нь хүчингүй болголоо.
УИХ, Засгийн газар, Төрийн өмчийн хорооны тогтоолоор 2015 онд “Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулагч талд санал болгон хувьчилж, “Бейзмент” ХХК-д хувьцааны өмчлөгчийн эрхийг олгосон байна.
Монгол Улсын Хөгжлийн банкнаас мэдээлснээр “Бейзмент” ХХК-д 2010 онд олгосон 61,3 сая ам.долларын зээл, зээлийн хүүг хугацаандаа төлөөгүй, зээлийн гэрээний хугацаа дууссан боловч өр нь 295 тэрбум төгрөг болсон байна.
“Хөтөл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нас барснаас хойш өвлөгч нь өв хүлээн авахаас  татгалзсан бөгөөд өв залгамжлах хуулийн хугацаа өнгөрсөн тул эзэнгүй өмчөөр тооцуулан төрийн зохих байгууллагын (Хөгжлийн банк) өмчлөлд шилжүүлэх арга хэмжээ авах замаар “Хөтөлийн цемент шохой” ХК-ийн хувьцаа эзэмшигч болох, улмаар зээлийн эргэн төлөлтийг тус компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааны үр дүнгээр богино хугацаанд барагдуулах ажлыг зохион байгуулах саналыг Хөгжлийн банк гаргасан байна.
“Бейзмент” ХХК нь ”Хөтөл” ХХК болон нэрээ өөрчилжээ. “Хөтөл” ХХК нь 2016 оноос хойш тасралтгүй алдагдалтай ажилласан бөгөөд үйл ажиллагаа явуулахаа зогсоосон тул орлогогүй, их хэмжээний буюу 355 тэрбум төгрөгийн өртэй, хариуцсан ажилтан байхгүй, оршин суух хаяггүй, эзэнгүй болсон байна.

Насанд хүрэгчид 19, хүүхдүүд зургаан төрлийн үзлэг оношилгоонд хамрагдана

Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажлыг энэ оны тавдугаар сарын 1-нээс орон даяар зохион байгуулах бэлтгэл ажлын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ.
Насанд хүрэгчид 19 төрлийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдана. Тухайлбал, зүрх судасны өвчин, чихрийн шижин, сүрьеэ, сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, эмнэл зүйн үзлэгээр: эрүүл мэнд, бие бялдрын үнэлгээ, артерын даралт хэмжих”, лабораторийн шинжилгээгээр: биохими, цус болон шээсний ерөнхий шинжилгээ, глюкоз, ПАП сорил”, гепатит B,C, тэмбүү, ХДХВ илрүүлэх хурдавчилсан сорил, багажийн шинжилгээгээр: зүрхний цахилгаан бичлэг, улаанхоолой, ходоодны дуран, цээжний рентген шинжилгээ, хөх, хэвлийн, бамбайн хэт авиан шинжилгээ хийхээр товложээ.
Харин 18 хүртэлх насны хүүхэд зургаан төрлийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдана. Тухайлбал, халдварт бус өвчин болон сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, эмнэл зүйн үзлэгээр: амны хөндий, нүдний үзлэг, сүрьеэгийн үзлэг хийнэ.
Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулснаар ДЭМБ-ын тооцооллоор хорт хавдрын өвчлөлтэй холбоотой нас баралтыг 35-69 хувь бууруулна гэжээ.
Өвдсөн нэг хүний эмчилгээнд 11,2-12,3 сая төгрөг зарцуулж байсан бол эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд иргэн бүрийг жилд нэг удаа бүрэн хамруулснаар нэг хүнд 150 мянган төгрөг зарцуулж, эдийн засгийн хувьд хэмнэлт бий болох тооцооллыг хийжээ.
Эрүүл мэндийн сайдын танилцуулгатай холбогдуулан хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагаанд бусад салбарын оролцоог хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.

Нөөцийн махыг энэ сарын 25-наас худалдан борлуулна

Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн махыг энэ сарын 25-ны өдрөөс эхлэн худалдан борлуулна. Нөөцийн махны нийлүүлэлт, түгээлт, борлуулалтын үе шатанд чанар, аюулгүй байдлын хяналт тавьж ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.
Үхрийн ястай мах 8900 төг/кг, хониных 8300 төг/кг, ямааных 7100 төг/кг үнээр есөн дүүргийн 468 хүнсний дэлгүүрээр худалдаалахаас гадна аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардлын зөрүүг нөөцийн махны борлуулалтын татварын цахим төлбөрийн баримтын системд үндэслэн олгох юм байна.
Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх арга хэмжээг арилжааны банкны эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, 23 аж ахуйн нэгж нийт 12,6 мянган тонн махны нөөц бүрдүүлжээ.

 Товч мэдээ
·      Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Польшийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын II хуралдаан 2022 оны гуравдугаар сарын 31-ний өдөр цахим хэлбэрээр болно. Монголын талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг батлахыг Барилга, хот байгуулалтын сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга Б.Мөнхбаатарт даалгалаа.
·      Улаанбаатар хотноо 2022 гуравдугаар сарын 28-29-нд зохион байгуулах Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын IV хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрлөө.
·      “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө”-ний төслийн талаар Сангийн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан танилцууллаа. Төлөвлөгөөний төсөлд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.
·      Үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан үндэслэлээр Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, Соёл, урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор нарыг ажлаас нь чөлөөллөө.

 Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран, Хот хөгжүүлэлтийн ахлах мэргэжилтэн Арнолд Хекман, Гэр хорооллыг хөгжүүлэх төслийн зохицуулагч Д.Авирмэд нарыг хүлээн авч уулзлаа.
Өнгөрсөн 28 жилийн хугацаанд Азийн хөгжлийн банк Монгол Улсад нийт 3.9 тэрбум ам.долларын санхүүжилт хийсэн байна. Тухайлбал, боловсрол, эрүүл мэнд, нийгэм, эдийн засаг, дэд бүтэц, хот төлөвлөлт, ногоон хөгжил болон “Ковид-19” халдварт цар тахлын үед бодит дэмжлэг үзүүлж ирсэн.
Уулзалтын үеэр Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын зүгээс нөхцөл байдалд тохирохуйц оновчтой арга хэмжээг цаг алдалгүй шуурхай авч хэрэгжүүлсний хүчинд өдгөө эдийн засгаа сэргээх бодлого, энгийн амьдралд шилжиж буйд баяр хүргээд, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжин ажиллахаа илэрхийллээ.


Азийн хөгжлийн банкны зүгээс Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудлыг түшиглэн баригдах Дагуул хот, нийтийн тээврийн шинэчлэлийн асуудал болон Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх “Ногоон хөгжлийн сэргэлт”, “Хот, хөдөөгийн сэргэлт” зэрэг төсөл, хөтөлбөрүүдэд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа уламжилсан юм.
Мөн Хот хөгжүүлэлтийн ахлах мэргэжилтэн Арнолд Хекман “Хотын дарга байхдаа таны анхаарч ажиллаж байсан Баянхошуу, Сэлбэ Дэд төвүүд байгуулагдсанаар “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөрийн ажлууд энэ хавраас бодит ажил болж, барилга угсралтын ажил эхлэх гэж байна. Тодруулбал, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй Баянхошуу, Сэлбэ дэд төвүүд олон улсад жишиг төсөл болсон гэдгийг дуулгахад таатай байна. Цаашид 8-9 аймагт “Хөдөөгийн хөгжил” төслийг хэрэгжүүлэхээр ТЭЗҮ-ийг баталж, санхүүжилтийг нь шийдсэн. Уг төслийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрүүд, тэр дундаа боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих бөгөөд ингэснээр тухайн орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх ач холбогдолтой. Тиймээс ямар аймгуудад уг төслийг хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй” гэлээ.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Монгол Улсын Засгийн газрын зүгээс “Ковид-19” цар тахлын үед таван үе шаттай стратеги арга хэмжээ авч хэрэгжүүлэн, ард иргэд, аж ахуйн нэгжүүд маань ч дэмжсэний хүчинд шар түвшинд шилжиж чадлаа. Мөн “Ковид 19” цар тахлаас ангижрахад Азийн хөгжлийн банкны зүгээс үзүүлсэн санхүүгийн дэмжлэг үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлье. Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд та бүхний саналтай бүрэн санал нийцэж байна. Тэр дундаа Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах, түгжрэлийг сааруулахад Дагуул хотыг хөгжүүлэх нь нэн тэргүүний асуудал. Үүний тулд дэд бүтэц, орон сууц, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллахад бэлэн байна” гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Ерөнхий сайд өнөөдөр аймгийн удирдлагууд болон иргэдтэй уулзаж, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд тус аймагт хэрэгжих төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулна. Маргааш буюу гуравдугаар сарын 22-нд Наурызын баярын хүндэтгэлийн арга хэмжээнд оролцоно.

Ерөнхий сайдын томилолтын багт УИХ, Засгийн газрын зарим гишүүд ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ, Засгийн газрын зарим гишүүний хамт Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Аймгийн удирлагуудтай уулзаж нийгэм, эдийн засгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар эхлээд мэдээлэл сонслоо. Ерөнхий сайд,
-Тендерийн сонгон шалгаруулалтыг яаралтай дуусгаж хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх, тавдугаар сарын 1-нээс  орон даяар эхлэх эрүүл мэндийн үзлэг оношилгооны бэлтгэл ажлыг сайтар хангах, Атрын IV аянд идэвхитэй оролцохыг аймгийн удирдлагуудад үүрэг болгов.

Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-Өлгий аймгийн иргэдэд “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулж, саналыг сонсов.

Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын цөм нь Монгол Улсын эдийн засгийн суурийг тэлэх, 40 их наяд төгрөгийн эдийн засгийг 3-4 дахин нэмэгдүүлэх юм. Энэ зорилгод хүрэхийн тулд Монгол Улсын хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийг шийдэхээр Засгийн газар ажиллаж байна. Орон нутагт тулгамдсан асуудлыг шийдэхэд иргэдийн оролцоонд тулгуурлах зарчмыг Засгийн газар баримтална.”Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Баян-Өлгий аймгийн онцлог, давуу талд тулгуурлаж, аялал жуулчлал, дэд бүтэц, аж үйлдвэрлэлийг дэмжсэн их бүтээн байгуулалтыг өрнүүлэх болно” гэж ярилаа.

Уулзалтад Баян-Өлгийн аймгийн сум бүрийн төлөөлөл болсон 400 гаруй иргэн оролцлоо. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд тус аймгийн эдийн засгийг тэлэх , ажлын байр дэмжих төслүүдэд иргэдээс санал авлаа. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших “Асгат”-ын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах санал асуулгад 402 иргэн оролцож 80 хувь нь дэмжив. Ерөнхий сайд иргэдийн саналыг хүлээн авч, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд “Асгат”-ын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулан хэлэлцүүлэхийг үүрэг болголоо.

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Асгат”-ын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах танилцуулга хийсэн юм. Үүнтэй холбогдуулан техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг судлан хуралдаанаар хэлэлцүүлэхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагад үүрэг болгож Засгийн газар тэмдэглэл гаргасан билээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг тэмдэглэлийг Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржанд гардуулж өгөв. Монгол Улсын стратегийн ордуудын нэг болох “Асгат”-ын мөнгөний ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК эзэмшиж байна.


Боомтын сэргэлтийн хүрээнд Цагаан нуур, Даянгийн боомтуудыг авто замаар холбож, эдгээр боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхийг нутгийн иргэд дэмжлээ. Цагаан нуур боомтыг 24 цагаар ажиллуулж, Даянгийн боомтыг байнгын ажиллагаатай болгож, чөлөөт бүс байгуулахаар “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан юм. Баян-Өлгий аймгийг аялал жуулчлалын дөрөвдүгээр бүс болгон хөгжүүлэх шийдвэрийг нутгийн иргэдэд танилцууллаа. Мөн Ерөнхий сайд Баян-Өлгий аймгийн иргэдийн саналд үндэслэн “Алтай таван богд” чиглэлд авто зам барих ажлыг 2023 оны төсвийн жилд багтаан эхлүүлэхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт даалгалаа.

Уулзалтын үеэр иргэд орон нутагт ажилгүйдэл, инфляци, валютын өсөлт иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж буй зэрэг асуудлыг хөндөж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-Өлгий аймгийн залуучуудын төлөөлөлтэй өнөөдөр мөн уулзаж, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын талаар ярилцлаа. “Алсын хараа -2050” баримт бичиг нь 590 гаруй салангид баримт бичгийг нэгтгэсэн. Тус баримт бичигт манай улс хөгжлийн стратегиа гурван 10 жилээр тодорхойлсны эхний 10 жилийн бодлого нь “Шинэ сэргэлтийн бодлого” юм. Энэ бодлогыг бодитоор хэрэгжүүлэхэд залуучуудын оролцоо чухал гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.


Баян-Өлгий аймаг 113.3  мянган хүн амтай. Эдийн засгийн гол салбар нь мал аж ахуй бөгөөд 2022 оны тооллогоор 2.3 сая толгой мал тоолуулжээ.

Тус аймагт “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд нийт 1282 иргэн, аж ахуйн нэгжид 45794,4 сая төгрөгийн зээлийг олгосон байна.

Монгол Улсын Ерөнхий сайд маргааш казах түмний Наурызын баярын хүндэтгэлийн арга хэмжээнд оролцоно.



Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны гуравдугар сарын 16-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Атрын IV аяны хүрээнд хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дэмжих чиглэлээр дараах арга хэмжээнүүдийг авна

Хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлж дотоодын хэрэгцээг хангах, ногоо тариалагчдын борлуулалтыг дэмжих, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, хадгалалт борлуулалтын иж бүрэн тогтолцоог бий болгох зорилгоор хүнсний ногооны тариалан эрхлэгчдийн тухайн жилийн ургацаас зах зээлд худалдан борлуулсан стандартын шаардлага хангасан хүнсний ногооны нэг тонн тутамд 100 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгоно.
Хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд 2022 оны хаврын тариалалтад зориулан улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан хүнсний ногоо, хүлэмжийн таримлын үрийн үнийг 80 хувиар хөнгөлж олгохоор боллоо.
Өвлийн хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2018 оны тогтоолын “Жил бүрийн арвананэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртлэх хугацаанд оройн 22 цагаас өглөөний 06 цагийн хооронд өвлийн хүлэмжийн цахилгааны хэрэглээний дээд хязгаарыг 1м2 талбай тутамд 0,768 квт/цагаар тооцон урамшуулж, төлбөрөөс 100 хувь чөлөөлсүгэй гэснийг “Жил бүрийн аравдугаар сарын 15-наас тавдугаар сарын 1-ний өдрийг хүртлэх хугацаанд оройн 18 цагаас өглөөний 06 цагийн хооронд өвлийн хүлэмжийн цахилгааны хэрэглээний дээд хязгаарыг 1м2 талбай тутамд 0,768 квт/цагаар тооцон урамшуулж, төлбөрөөс 100 хувь чөлөөлсүгэй” гэж өөрчиллөө.
Хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх чиглэлээр орон нутгийн иргэдийн хүнсний ногоо тариалах идэвх, санаачилгыг дэмжиж, хүнсний ногооны худалдаа, тээвэр, логистик, хадгалалтын сүлжээг хөгжүүлж, хөдөөгийн хүн амын хүнсний ногооны хэрэглээг нэмэгдүүлэх, энэ чиглэлээр орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга, тариалалтын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг хууль тогтоомжид нийцүүлэн үр дүнтэй зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд үүрэг болголоо.
Мөн тус хуралдаанаас 2021 оны ургацаас зах зээлийн эргэлтэд ороогүй, холбогдох стандарт, журмын шаардлагыг хангаж байгаа 50.4 мянган тонн хүнсний буудайг улс худалдан авч, нөөц бүрдүүлэхээр шийдвэрлэлээ.
Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”, Атрын IV аяны хүрээнд “ЭХ ОРНЫ ЭРҮҮЛ ХҮНС” уриан дор хэрэгжүүлж, дотоодын зах зээл, ногоочид, тариаланчдаа дэмжих цогц шийдвэрийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд мэдэгдлээ.

Төмс, хүнсний ногооны тариалалтад 50 тэрбум төгрөгийн зээл  олгоно

2022 онд хөдөө аж ахуйг дэмжих хөнгөлөлттэй зээлийн төрлийг нэмэгдүүлж, төмс, хүнсний ногооны тариалалтад тусад нь 50 тэрбум төгрөгийн зээл олгохоор Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэв. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийг дараах байдлаар олгоно.
Ноолуур бэлтгэл, үйлдвэрлэлд 150 тэрбум төгрөгийг  хоёр жилийн хугацаатай,
Газар тариалан, хаврын тариалалтад 100 тэрбум төгрөгийг хоёр жилийн хугацаатай,
Төмс, хүнсний ногооны тариалалтад 50 тэрбум төгрөгийг хоёр жилийн хугацаатай,
Ноос бэлтгэл, үйлдвэрлэлд 25 тэрбум төгрөгийг хоёр  жилийн хугацаатай,
Арьс, шир бэлтгэл, үйлдвэрлэлд 15 тэрбум төгрөгийг хоёр  жилийн хугацаатай,
Гурил, тэжээл, ургамлын тосны үйлдвэрлэлд 40 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатай гурван хувийн хүүтэйгээр арилжааны банкаар тус тус олгоно. Засгийн газраас нийт зээлийн хүүгийн 7.65 нэгж хувийн хүүгийн дэмжлэг үзүүлнэ.

Замын-Үүд-Эрээн боомтоор нэвтрэх чингэлгийн тоог 2-3 дахин нэмэгдүүлнэ

Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн боомтоор нэвтрэх ачаа тээврийг нэмэгдүүлэх зорилгоор хилийн шугам дээрх талбайг өргөтгөж, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх үйл ажиллагаанд шаардагдах таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.
Замын-Үүд-Эрээн боомтын хилийн шугам дээрх чингэлгийн талбайг өөрийн талд гурван хэсэг талбай буюу нийт 24700 м2 талбайг хатуу хучилттай болгож өргөтгөх, чингэлэг солилцох талбай нэмэгдэж байгаатай холбоотойгоор чингэлэг өргөгч техник (калмар), сэрээт өргөгч, автокран худалдаж авах шаардлага үүсэж байна.
Энэ арга хэмжээг хэрэгжүүлснээр Замын-Үүд-Эрээн боомтоор нэвтрэх чингэлгийн тоо 2-3 дахин нэмэгдэж, овор хэмжээ ихтэй ачаа барааг татан авах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

“Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн”, “Хөөт-Чойбалсан”, “Хөөт-Бичигт” төмөр замын төслийг “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлнэ

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн оролцоотой Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэх “Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн төмөр зам”, “Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэх “Чойбалсан-Хөөт-Бичигт төмөр зам” тусгай зориулалтын компани байгуулна.
Концессын “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэх Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийг хамтран хэрэгжүүлэх сонирхол бүхий гадаад, дотоодын хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийж, сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт даалгалаа.
Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийг санхүүжүүлж, хамтран ажиллах хөрөнгө оруулагчдыг судлан, сонгон шалгаруулснаар цаашид концессын  эрхийг “Монголын Төмөр зам” ТӨХК-ийн оролцоотой төслийн тусгай зориулалтын компанид хууль тогтоомжийн дагуу олгох, төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай холбогдох зөвшөөрлийг авч, бүтээн байгуулалтын ажлыг хувийн хэвшилтэй хамтран гүйцэтгэнэ. Төмөр замын барилгын ажил дуусахад төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг “Монголын төмөр зам” ТӨХК гуйцэтгэх, концессын гэрээний хугацаа дуусах үед төмөр замын суурь бүтцийг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн эзэмшилд шилжүүлэн авах нөхцөлөөр концессыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байна
Хүүхдийн өвчлөлийн нөхцөл байдал, тусламж, үйлчилгээний хүрэлцээ, орны нөөц, томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд Засгийн газрын хуралдаанд С.Энхболд танилцуулга хийлээ.
Улирлын болон томуугийн цар тахлын үнэлгээгээр нийслэл алаг цоог дэгдэлтийн түвшинд, Дархан, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Увс, Хэнтий аймаг идэвхжлийн түвшинд байна.
Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед томуугийн шинж байдал, өвчлөлийн босго үзүүлэлтийг үндэслэн авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, эмнэлгийн тасаг, нэгжийн үйл ажиллагааг өөрчлөн зохион байгуулах, эм эмнэлгийн хэрэгсэл, хүний нөөцөд анхаарч ажиллаж байна гэж салбарын сайд мэдээллээ.
Тухайлбал,
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн тусламж, үйлчилгээний 755 орыг нэмэлтээр дэлгэсэн байна.
Бага насны хүүхдийн амьсгалын замын өвчлөл, хүндрэл их байгаатай холбогдуулан энэ сарын 11-нээс ирэх сарын 1 хүртэлх хугацаанд өрх, тосгоны Эрүүл мэндийн төв бямба гаригт 10.00-17.00 цагт, дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинет ажлын өдрүүдэд 08.30-22.00, ням гаригт 10.00-17.00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж  байна.
 
Товч мэдээ
·      Улаанбаатар хотод хэрэгжих Тулгуурт байгууламж бүхий нийтийн тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх /LRT/ болон Хотын шинэ тойрог зам барих зэрэг “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг 2022 онд багтаан эхлүүлэх арга хэмжээ авах, эдгээр төслийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж энэ сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт даалгалаа.
·      Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцыг Засгийн газрын хуралдаанд 14 хоног тутам танилцуулж, БНХАУ-аас гэрээний дагуу импортоор авах төмөр замын бараа материалыг богино хугацаанд татан авах ажилд дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.