адар сайдаар ахлуулсан “Коронавируст халдварын цар тахлын үед Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх, Хилийн боомтын захиргааг удирдлага, зохицуулалтаар хангах цогц арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр гаргах, шаардлагатай санхүүжилт, хариуцлагын арга хэмжээний талаар санал гаргах үүрэг” бүхий Ажлын хэсэг өнөөдөр Замын-Үүд боомтод ажиллаж байна.

БНХАУ-ын хилийн Эрээн боомтод гурван сарын хугацаанд саатсан ачаа тээвэр, чингэлгийг хилээр нэвтрүүлж эхэллээ.

Цар тахлын нөхцөлд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ачаа тээврийг тасалдуулахгүй явуулахын тулд хоёр улсын хилийн дунд “0” цэг байгуулж, чингэлэг тээврээр ачаа барааг оруулж ирэхээр болсон юм.
Экспорт импортын ачаа барааг тасралтгүй явуулах, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бууруулах, тогтворжуулах зорилгоор Засгийн газраас тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байна.

Цагдаа, хилийн цэрэг, онцгой байдлын ахлагч болон түүнээс дээш цолтой мэргэжлийн жолооч нар  хоёр улсын хилийн дундын “0” цэгээс ачаа, барааг тээвэрлэж байна.

БНХАУ-ын Эрээн хотын гаалийн хашаанд манай улс руу импортлох ачаа бараа, чингэлгүүд төвлөрч байгаа. Эрээний гаалийн хашаанаас “СиноТранс” компани “0” цэг дээр авч ирэх эрхийг авсан. Тээврийн чингэлэг зөөх том оврын тавцантай, тавцан түгжигчтэй автомашинуудыг түрээслэх, тэдгээр хүмүүсийг тусгаарлан байрлуулах,  “0” цэгээс Замын-Үүд дэх ложистикийн төв рүү чингэлэг бүхий ачааг  зөөх шатахууны тодорхой зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон. Ложистикийн төвд буусан чингэлэгтэй ачааг  Улаанбаатар  хот болон бусад аймаг, хот руу уртын тээврээр хүргэнэ.

Цаашдаа халдвар хамгааллын дэглэмийг өндөр хэмжээнд баримтлан, халдварын эерэг тохиолдол гаргахгүй бол хилийн боомтуудын хооронд чингэлэгтэй ачаа тээврийн үйл ажиллагаа тасралтгүй явагдаж, өдөрт гарах чингэлгийн тоог нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 06-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эдийн засаг, хөгжлийн яам болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталлаа.

Эдийн засаг, хөгжлийн яам нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн газар, Бүс нутаг, аж үйлдвэрийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газар, Хөгжлийн санхүүжилтийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газар, Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлого, төлөвлөлтийн газар, Төрийн захиргааны удирдлагын газар, Хөгжлийн судалгаа, шинжилгээний газар, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар гэсэн долоон газар, найман хэлтэстэй, нийт 80 орон тоотой байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь Бодлого төлөвлөлтийн газар, Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Төрийн захиргааны удирдлагын газар, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар гэсэн зургаан газар, найман хэлтэстэй, нийт 87  орон тоотой байна.

Мөн хуралдаанаар Засгийн газрын тохируулагч агентлаг-Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний хөгжлийн газрыг тус тус татан буулгаж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрыг Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд, Үндэсний хөгжлийн газрыг Эдийн засаг, хөгжлийн яаманд шилжүүллээ.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 05-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Коронавируст халдварын тархалтын түвшинд үндэслэн хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг шинэчлэн батлав

“Коронавируст халдварын тархалтын түвшинд үндэслэн хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг шинэчлэн баталлаа.
Журмын шинэчлэл нь нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, халдвар тархалтын түвшин, дархлаажуулалтын хамралт, орон нутгийн онцлог, амьдралын шинэ хэв маягт дасан зохицоход хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулахад шаардлагатай нийтлэг арга хэмжээг авахад чиглэгдсэн байна.
Өмнөх журмаар батлагдсан хязгаарлалтын арга хэмжээг хуулийн этгээд, гэр бүл, хувь хүнд чиглэсэн хэлбэрээр халдвараас сэргийлэх дэглэм, тусгай нөхцөл шаардлага, хариуцлагын гэрээг мөрдөн харьцангүй “сулруулсан” байдлаар шинэчлэн томъёолжээ.
Шинэчилсэн журмаар,
-Халдварын тархалт, өвчний хүндрэл, нас баралт, хүн амын дархлаажуулалтын хамралт, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чадавхиас хамаарч халдварын тархалтын түвшинг тодорхойлох түр зааврыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар
-Халдварын тархалтын түвшинг тогтоосон үнэлгээний тайланг ХӨСҮТ, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар долоо хоног бүр тогтоож, Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, бүх шатны Онцгой комисст хүргүүлэхээр
-Хуулийн этгээдийн үйл ажиллагааны хязгаарлалтыг бүх шатны онцгой комисс орон нутгийн онцлогт тохируулан “ногоон”, “шар”, “улбар шар”, “улаан” түвшинд заагдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэх шийдвэр гаргахаар
-Стратегийн ач холбогдол бүхий салбар бүс нутагт хүн, хуулийн этгээдийн хэрэгжүүлэх арга хэмжээг шаардлагатай тохиолдолд Улсын онцгой комисс тогтоохоор тус тус тусгажээ.

Дарханы замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулав

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх бүтээн байгуулалтыг Азийн хөгжлийн банкны Бүс нутгийн автозам хөгжүүлэх, засвар арчлалтын төслөөр мөн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байна. Бүтээн байгуулалтын ажлын талаар Зам, тээвэр хөгжлийн сайд Л.Халтар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан Дарханы замын бүтээн байгуулалтын ажилд онцгой анхаарал тавьж, ажлыг эрчимүүлэх Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ. Ажлын хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар ахална.

Иргэд, олон нийттэй харилцах “11 11” төвийг Ерөнхий сайдын түвшинд анхаарна

“И-Монголиа академи” улсын төсөвт үйлдвэрийн газрын иргэд, олон нийттэй харилцах  “11 11” төвийг Ерөнхий сайдын Ажлын албаны бүтцийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газарт шилжүүллээ.
Иргэд, байгууллагаас Засгийн газар, Ерөнхий сайд, Шадар сайдад хандан ирүүлж байгаа өргөдөл, гомдол, саналыг шуурхай шийдвэрлэхэд онцгой ач холбогдол өгч энэ ажлыг хариуцсан нэгжийг Ерөнхий сайдын Ажлын албаны бүтцэд шилжүүлсэн байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Гуравдугаар тун хийлгээд гурван сар болсон бол дөрөвдүгээр тунд хамрагдаж болно

Коронавируст халдварын Омикрон хувилбар дэлхий дахинд хурдацтай тархаж байгаатай холбогдуулан иргэдийг коронавируст халдварын эсрэг IV тунд хамруулах, нэмэлт тунд хэрхэн хамрагдах талаар заавар, мэдээ, мэдээллийг бэлтгэн олон нийтэд хүргэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын хуралдаанаас Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарт үүрэг болголоо.
-Манай улсад коронавирусын халдварын тохиолдол өдөрт 200-250 бүртгэгдэж байсан бол сүүлийн өдрүүдэд энэ тоо хоёр дахин нэмэгдээд байна. Дэлхийд омикрон хувилбар бүртгэгдсэнээс хойш манай улс хилийн боомтууд дахь хяналт, тандалтын ажлыг эрчимжүүлсэн. 2021 оны арваннэгдүгээр 27-ноос хойш коронавируст халдварын зөөвөрлөгдсөн тохиолдол 411 батлагдсан. Тандалт шинжилгээ үргэлжилж байна гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэлдээ хэллээ.
Иргэдийн вакцинд хамрагдах идэвх сайн, зорилтод бүлгийн иргэдийн 48,2 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байна. Дөрөвдэх тунгийн судалгаа хийгдэж байна. Вакцин хийсэн хугацаа хойшлох тусам хамгаалах чадвар буурч байгаа тул III тун хийлгээд гурван сар болсон хүмүүс сайн дураараа IV тунд хамрагдаж болно гэв.
Манай улсад вакцины нөөц хангалттай, хугацаа дуусах болоогүй гэж Эрүүл мэндийн сайд мэдэгдлээ. Мөн иргэд маскаа зүүж, халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн баримтлахыг тэрбээр уриаллаа.

“Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
“Чингис хаан” олон улсын нисэн буудлыг түшиглэн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах нь газар зүйн байрлал, нутаг дэвсгэрийн сонголтын хувьд Чөлөөт бүсийн тухай хууль болон үзэл баримтлалд нийцэж байгаа бөгөөд Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэх суурь болох юм.
Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд тогтвортой аялал жуулчлал, амралт зугаалгын ресорт, соёлын бүтээлч үйлдвэрлэл, олон улсын худалдааны төвүүд, байгальд ээлтэй үйлдвэрлэлийн бүсийг байгуулах, Евро-Азийг холбосон олон улсын тээвэр логистикийн төвийг хөгжүүлснээр уул уурхайн салбарын хамаарлаас хараат бус олон тулгуурт эдийн засагтай байх бодлогод нийцнэ гэж үзэж байна.
Хөшигийн хөндийд байгуулагдах дагуул хотод 150 мянган иргэн, 50 мянга орчим өрх шилжин суурьшина. Ингэснээр Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол 10, замын түгжрэл 20 орчим хувиар буурна гэж төлөвлөж байна.
 
Худалдан авах ажиллагааны бүх шатанд захиалагч, гүйцэтгэгчийн гэрээний биелэлтийг олон нийт давхар хянах боломж бүрдэнэ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд тендерийг зохион байгуулахад хүний оролцоог бууруулах, нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх, шуурхай хялбар болгох, хариуцлагажуулах нь зүйтэй гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.
Шинэчилсэн найруулгын төсөлд тендер шалгаруулалтыг бүрэн цахимаар зохион байгуулах, оролцогчийн мэдээллийг төрийн мэдээлэл солилцооны системээс ирүүлж буй мэдээлэлд үндэслэн үнэлэх, мэдээллийн технологи, цахим шилжилтийн дэвшилтэд аргыг ашиглах талаар төсөлд тусгажээ.
Худалдан авах ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх хүрээнд худалдан авах ажиллагааны төлөвлөхөөс гэрээ дүгнэх хүртэлх үе шатны мэдээллийг www.tender.gov.mn цахим системд төвлөрүүлэн, хөгжүүлэх эрх зүйн үндсийг бий болгожээ.
Худалдан авах ажиллагааны бүх шатанд захиалагч, гүйцэтгэгчийн гэрээний биелэлтийг олон нийтээс давхар хянах, тендер шалгаруулалтыг аль болох богино хугацаанд зохион байгуулах боломж бүрдэнэ.

Товч мэдээ
·      Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журмыг шинэчлэн баталлаа.
·      Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын хяналт, шалгалт хийх чиг үүргийг гаалийн байгууллагад шилжүүллээ. Үүнтэй холбогдуулан иргэд, аж ахуй эрхлэгчдээс гадаад худалдаа эрхлэхэд шаардах бичиг баримтын тоог цөөлөх, цахимаар шуурхай олгох, гаалийн хяналтын шалгалт, биет үзлэгийг хууль тогтоомжийн хүрээнд бууруулах, гаалийн байгууллагын үйлчилгээг цахимжуулж, хилийн боомт, гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаанд хүний оролцоог багасгах, бараа урьдчилан мэдүүлэх үйл ажиллагааг хялбаршуулах арга хэмжээ авч ажиллахыг Гаалийн ерөнхий газрын даргад даалгалаа.
·      Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчлөн баталлаа.
·      Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлыг улсын хэмжээнд нэгдсэн зохион байгуулалтаар хангах хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайдад даалгав.

 
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 110 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ, Засгийн газрын гишүүд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Тэртээ 1911 оны энэ өдөр монголчууд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин Улсын ноёрхлыг халж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо зарлан VIII Богд Жавзандамбыг хаанд өргөмжилжээ. Мөн өдөр Гадаад хэргийг эрхлэн шийтгэх, Цэргийн, Сангийн, Шүүх, Дотоод явдлын гэсэн таван яамнаас бүрдсэн Засгийн газраа байгуулсан юм.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ “Оны шилдэг хүүхэд” шагнал гардууллаа.

2021 онд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд оюун ухаан, мэдээллийн технологи, урлаг, спорт, байгаль хамгаалал, хүмүүнлэг, сайн үйлсийн  төрөлд 117 хүүхэд өрсөлдсөнөөс онцгой амжилт гарган эх орноо сурталчилж, үеийнхнээ манлайлсан 30 сурагч “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарлаа. Тэдэнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ батламж, гарын бэлэг гардуулсан юм.

Энэ үеэрээ тэрбээр бүтээлч байдал, сурлага, урлаг, түүх соёл, байгаль хамгаалал, хүмүүнлэг энэрэнгүй үйлс, хүүхдийн оролцоо, багийн амжилтаар манлайлсан эрхэм дүү нартаа чин сэтгэлийн баяр хүргэе гээд, цар тахлын амаргүй үед сурч боловсрох эрхэм үүргээ хичээнгүйлэн биелүүлж буй Та бүхэнд болон эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдэд талархал илэрхийлье” гэв.

Энэ удаагийн шалгаруулалт нь хүүхдүүд хөл хорионы үед ч хичээл сурлагадаа шамдаж, өөрийгөө хөгжүүлж, аливаа олимпиад, уралдаан тэмцээнд биечлэн болон цахимаар оролцон өмнөх амжилтаа бататгаж, улс орныхоо нэрийг тив, дэлхийн хэмжээнд дуурсгаж чадсанаараа онцлог байна.

ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХДҮҮД:

Техник сэтгэлгээ, шинэ санал, санаачилга, бүтээлч байдал төрөл:

1.    Сүхбаатар дүүргийн 6 дугаар сургуулийн 12Б ангийн сурагч Б.Дашням

2.    Багануур дүүргийн Ерөнхий боловсролын “Сод” сургуулийн 9А ангийн сурагч Э.Ангараг

Сурлагын амжилт төрөл:

1.    “Орчлон” сургуулийн 12А ангийн сурагч О.Тэмүжин

2.    Нийслэлийн 1 дүгээр сургуулийн 12Д ангийн сурагч Б.Пүрэвбадрал

3.    “Орчлон” сургуулийн 12С ангийн сурагч Э.Тэргэл

Урлаг, уран бүтээл төрөл:

1.    Дорноговь аймгийн 3 дугаар сургуулийн 5Б ангийн сурагч Г.Энгүүн

2.    Монгол Улсын консерваторийн Ерөнхий боловсролын сургуулийн 7А ангийн сурагч О.Нандин

3.    Баянгол дүүргийн 38 дугаар сургуулийн 9-2 ангийн сурагч С.Бишрэл

4.    Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 8В ангийн сурагч Г.Уянгадарь

5.    “Шинэ Монгол Харүмафүжи” дунд сургуулийн 3Б ангийн сурагч Т.Маргад

6.    “Амжилт кибер” сургуулийн 9-2 ангийн сурагч О.Эгшиглэнт-Од

Биеийн тамир, спорт төрөл:

1.    Нийслэлийн 1 дүгээр сургуулийн 8Ё ангийн сурагч Б.Ананд

2.    Дархан-Уул аймгийн 4 дүгээр сургуулийн 12А ангийн сурагч Г.Амаржаргал

3.    “Улаанбаатар Элит” олон улсын сургуулийн сурагч М.Анхбаясгалан

4.    Орчлон сургуулийн 8Б ангийн сурагч Э.Эрхэс;

Эх орны түүх, соёл, өв уламжлал төрөл:

1.    Хэнтий аймгийн “Хэрлэн” 1 дүгээр сургуулийн 11В ангийн сурагч Б.Ичиннорвоо

2.    Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийн 12В ангийн сурагч Т.Ундрахбаяр

3.    Нийслэлийн Ерөнхий боловсролын 151 дүгээр сургуулийн 5А ангийн сурагч З.Мөнх-Эрдэнэ

Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин төрөл:

1.    Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Тэмүүжин” цогцолбор 12А ангийн сурагч О.Мөнхтүшиг

2.    Баян-Өлгий аймгийн Толбо сумын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч И.Руслан

3.    Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 12А ангийн сурагч У.Ану-Үжин

Хүмүүнлэг, энэрэнгүй сайн үйлс төрөл:

1.    Нийслэлийн 42 дугаар сургуулийн 7А ангийн сурагч А.Гэсэр

2.    Дундговь аймгийн Сайнцагаан сумын математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн 12А ангийн сурагч Ч.Маргад

3.    Өмнөговь аймгийн 3 дугаар сургуулийн 9-р ангийн сурагч Л.Болортуяа

Хүүхдийн оролцооны өөрийн удирдлагын байгууллага төрөл:

1.    Дорнод аймгийн сурагч Б.Ану

2.    Орхон аймгийн 4 дүгээр сургуулийн 12-р ангийн сурагч Б.Халиунаа

3.    Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн 12А ангийн сурагч Б.Билгүүн

Багийн амжилт төрөл:

Баян-Өлгий аймаг Дарын цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч Х.Ахжол, Б.Али-Рахман, 12-р ангийн сурагч А.Ерганат нар тус тус шалгарлаа.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Оны онцлох хүүхэд” шалгаруулах арга хэмжээг 29 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Монгол Улсад Засгийн газрын анхны таван яам байгуулагдсаны 110 жилийн ой тохиож байна. Түүхт ойд зориулсан баярын хурал Төрийн ордны “Их Монгол” танхимд боллоо. Тус хурлыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр,
Мянганаар өртөөлсөн Монгол төрийн гал голомтыг энэ цаг үед түүчээлж буй Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын анхны таван яам байгуулагдсаны 110 жилийн түүхт ойн баярыг мэндийг дэвшүүлье.

1911 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн морин цагт Эзэнт гүрний гал голомтыг эргэн сэргээх эх орончдын тэмцэл ялалтад хүрч, 200 гаруй жилийн дараа Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо дахин мандуулж VIII Богд Жибзундамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилж, анхны таван яамыг байгуулсан билээ.

Богд хааны зарлигаар “тулгар төр байгуулах тухайн хэрэгт онц хүчин зүтгэсэн”
– Гомбын Цэрэнчимэдийг Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдаар,
– Минжиддоржийн Ханддоржийг Гадаад хэргийг эрхлэн шийтгэгч яамны тэргүүн сайдаар,
– Гадинбалын Чагдаржавыг Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдаар,
– Галсанцэвэгмидийн Гомбосүрэнг Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдаар,
– Мижиддоржийн Намсрайг Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдаар тохоон томилсон түүхтэй.

Эзэнт гүрний гал голомт хоёр зуу гаруй жилийн туршид харийн ноёрхолд автаж, Монгол Улс эрх чөлөө, тусгаар тогтнолоо алдсан байсан түүхийн нэн эгзэгтэй цаг үеийг эцэг дээдэс минь ийнхүү ялан дийлсэн билээ. Монгол Улсын анхны таван яам нь улсын төсөв санхүү нь бүрдээгүй, бие даасан хууль эрхзүйн тогтолцоо нь төлөвшөөгүй, дэлхий дахинд тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж чадаагүй, зэвсэгт хүчин нь хөгжин бэхжээгүй амаргүй хүнд сорилтын цаг үеийг амжилттай даван туулж чадсан мартагдашгүй түүхэн гавьяатайг түүхт 110 жилийн ойн индрээс онцлон тэмдэглэх нь зүйтэй.

Түүхэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж чадсан анхны таван яамны сайд, эх орончдодоо Засгийн газраа төлөөлж гүн хүндэтгэл илэрхийлье.

Эрхэм нөхөд өө,

Өнөөдөр Та бидэнд өмнөх үеийнхнээс дутахгүй хүндрэл бэрхшээл, түүнийг ялан туулах түүхэн сорилт тулгараад байна.

Хүн төрөлхтөн дэлхийн II дайнаас хойш туулж үзээгүй цар тахлын хүнд сорилттой тулгарч, дэлхий даяар эрүүл мэнд, эдийн засаг, гадаад харилцаа, боловсрол зэрэг бүхий л салбарт төдийгүй, та бидний амьдралын хэмнэл танигдахын аргагүй өөрчлөгдлөө.

Монголчууд биднийг энэ сорилт тойрсонгүй ээ. Экспорт тасалдаж, ачаа тээврийн эргэлт удааширч, эдийн засаг -5.3 хувь хүртэл агшиж, 200 орчим мянган ажлын байр эрсдэлд орсон амаргүй цаг үед та бид хамтдаа төр түмнийхээ төлөө ажиллаж байна.

Манай улс цар тахлын халдварыг дотооддоо алдалгүй 10 сар барьж чадсан нь вакцинжуулалттай золгох томоохон боломжийг бүрдүүлж чадсаан. Вакцинжуулалтыг орон даяар цаг алдалгүй эхлүүлж, шуурхай зохион байгуулж чадсанаар өнөөдрийн байдлаар нийт хүн амын 66 хувийг бүрэн тунд, зорилтот бүлгийн 47 хувийг нэмэлт III тунд хамрууллаа.  Вакцинжуулалтын үр дүнд “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г эрчимтэй хэрэгжүүлж, энгийн амьдралын хэмнэлд үе шаттайгаар шилжүүлж, хичээлийн шинэ жилийг танхимаар эхлүүлж, эдийн засгаа алхам алхмаар сэргээх боломж бүрдсэн билээ.

Өнөөдөр эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг бэхжүүлэх, цар тахлын хүндрэлийг даван туулах “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн барилаа. 1932 оны Шинэ эргэлтийн бодлого шиг, энэхүү цогц бодлого эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулахад түүхэн ач холбогдол өгнө гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого” нь “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилд зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилтот хөтөлбөр юм.

Цар тахлыг даван туулах амаргүй тэмцэлд өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өдөр шөнийг үл ялган, хичээнгүйлэн ажилласан төрийн албан хаагчдадаа талархал илэрхийлье.

Цар тахал таамаглаагүй хүндрэл, төсөөлөөгүй сорилтуудыг учруулсаар байгаа ч Та бид өнөөдрийн сэтгэлзүйд автан хөгжлийн үндсэн зорилтуудаасаа ухарч няцах ёс зүй үгүй ээ.

Өнөөдрийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж, ирээдүйн зорилтоо зөвөөр тодорхойлж, алдаа дутагдлаа засаж, ТӨРИЙН БҮТЭЭМЖИЙН СЭРГЭЛТ-ийг хэрэгжүүлэх нь “Шинэ сэргэлтийн бодлого” амжилттай хэрэгжих суурь нөхцөл мөн.

Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд

·      Төрийн үйлчилгээг цахимжуулах замаар авлигыг бууруулж, Цахим үндэстэн болох зорилтыг эрчимжүүлж, 2024 он гэхэд төрийн байгууллагаас шаарддаг тусгай зөвшөөрөл, техникийн нөхцлийг 50-иас доошгүй хувиар бууруулна.

·      Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд ихээхэн хүндрэл учруулдаг маргаан шийдвэрлэх үйл явцыг ил тод, түргэн шуурхай болгох эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлнэ

·      Төрийн хяналт, шалгалтын давхардсан тогтолцоог цэгцэлж, төлөвлөгөөт шалгалтыг эрс багасгана.

·      Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулна.

·      Монгол Улс авлигын индексээр дэлхийд 111-т эрэмбэлэгдэж, хөгжлийг хязгаарласаар байна. Тиймээс авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгаж, төрийн албан хаагчдын орлогоосоо давсан тансаг хэрэглээнд хяналт тавина. Мөн хөрөнгө орлогын мэдүүлгийг татвар төлөлттэй уялдуулна.

·      Төрийн алба иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдад ойлгомжтой, энгийн байх ёстой. Төр хөгжлийг гацаагч, удаашруулагч биш, харин дэмжигч, хурдасгагч, иргэддээ үйлчлэгч байх учиртай.

“Эрдэм илүү, сахилга ариун, хэрэгт хичээнгүй” байх нь анхны таван яамны албан хаагчдын үндсэн шаардлага, төрийн түшмэлийн ёс зүйн жишиг байжээ.
Монголын төр өнгөрсөн зууныг тусгаар тогтнол, эрх чөлөөг дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө зориулсан бол ирэх зууныг эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлын төлөө зориулах болно.
Шинэ зууны их үйлсэд нь амжилт хүсье“ гэлээ.
Засгийн газрын анхны таван яам байгуулагдсаны 110 жилийн ойн хуралд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож мэндчилгээ дэвшүүллээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уншиж танилцууллаа.
Засгийн газрын анхны таван яамыг төлөөлж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нар орсон бөгөөд ОХУ-ын “Газпром” НХН-ийн ТУЗ-ын орлогч дарга Бурмистрова Елена Викторовна, Маркелов Виталий Анатольевич, Ганкевич Мария Александровна тэргүүтэй албаны төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд Шадар сайд С.Амарсайхан хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ойгоор ирэх 100 жилийн хөгжлийн түүхийг бүтээх нэгэн том төсөл болох Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн ажил цар тахлын хүнд хэцүү нөхцөл байдлаас үл хамааран Хамтарсан ажлын хэсгийн төлөвлөгөөний дагуу эрчимтэй урагшилж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Өнгөрөгч аравдугаар сард уулзахад хэлэлцэж тохирсончлон Монгол Улсын Төрийн тэргүүний айлчлалаас өмнө Байгалийн хийн хоолой барих төслийн ТЭЗҮ боловсруулах ажлыг эцэслэнэ гэсэн зорилтдоо хүрсэн учраас дараагийн хэлэлцээр болон бусад баримт бичгийн төслүүдийг боловсруулах ажлыг ойрын хугацаанд эхлүүлэх нь зүйтэй гэдэг дээр талууд санал нэгдэв.
“Энэхүү төсөл нь манай хоёр орны “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа”-г баяжуулан өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл бөгөөд хоёр улсын төр засгийн түвшинд, ялангуяа Төрийн тэргүүнүүд өндөр ач холбогдол өгч дэмжин ажиллаж буйд талархалтай байна” хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар мөн үеэр онцолсон юм.
Шадар сайдын зүгээс Байгалийн хийн хоолойн бүтээн байгуулалтад шаардлагатай мэргэжилтнүүдийг дотооддоо болон ОХУ-д бэлтгэх, сургах асуудлаар хамтран ажиллах асуудлаар тодорхой ярилцлаа.
Мөн Монгол талаас Улсын олон улсын стандартын шаардлага хангасан ноос, ноолуур, арьс, шир, нэхий болон махан бренд бүтээгдэхүүнийг “Газпром”-ын компанийн ажилтан албан хаагчдын хэрэгцээнд нийлүүлэх санал дэвшүүлсэн. Энэ асуудлыг ажил хэрэг болгохоор Монголын талаас эхний ээлжинд нийлүүлэх боломжтой бараа бүтээгдэхүүний танилцуулга, үнийн саналыг А.В.Маркелов даргын ажлын албанд хүргүүлсэн. Танай талаас авах боломжтой бараа бүтээгдэхүүний мэдээллээ ойрын хугацаанд эцэслэж өгвөл дараа дараагийн худалдаа үйлдвэрлэл нэмэгдэнэ гэж найдаж байна” хэмээн уулзалтын төгсгөлд Шадар сайд хэллээ.

Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Онцгой байдлын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч, хурандаа генерал Александр Чуприянтай уулзаж, онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, уснаас эрэн хайх аврах ажиллагааг шинэ түвшинд гаргах, техник технологийн болон боловсон хүчний чадавхыг сайжруулах чиглэлээр санал солилцлоо.
Онцгой байдлын салбар дахь хоёр орны харилцаа 1995 оноос эхлэлтэй бөгөөд өнгөрсөн 26 жилийн хугацаанд Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг жил бүр тогтмол хоёр талдаа ээлжлэн зохион байгуулсаар ирсэн бөгөөд энэ оны аравдугаар сарын 27-29-нд Бүгд Найрамдах Халимаг Улсын Элиста хотноо “Монгол-Оросын хамтарсан комиссын XVIII хуралдаан”-ыг зохион байгуулсан. Манай төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч, хуралдааныг амжилттай, үр дүнтэй зохион байгуулсанд талархаж байгаагаа Шадар сайд С.Амарсайхан уулзалтын эхэнд уламжлав.
Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Онцгой байдлын яамтай хамтран Хөвсгөл нууранд живсэн автомашинуудын байршлыг тогтоох, гарган авах гүний усны дадлага сургуулийг 2021 оны есдүгээр сарын 20-27-нд амжилттай зохион байгуулсан нь цэнгэг усны гол нөөц болох Хөвсгөл нуурын эко системийг хадгалах, нөхөн сэргээхэд өндөр ач холбогдолтой тул цаашид жил бүр зохион байгуулахаар тогтсон.

Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх бодлогын хүрээнд ОХУ-ын Гал эсэргүүцэх албаны академид 2001 оноос эхлэн “Галын аюулгүй байдлын мэргэжилтэн”, Иргэний хамгаалалтын академид 2008 оноос “Гамшгийн удирдлага”, “Цэргийн анги, нэгтгэлийн удирдлага”, Санкт-Петербургийн Улсын Гал эсэргүүцэх их сургуульд 2019 оноос “Шүүхийн шинжээч” мэргэжлээр нийт 144 алба хаагчдыг суралцуулж иргэний хамгаалалт, галын аюулгүй байдлын чиглэлээр бакалавр, магистр, докторын зэрэг олгоод буй. Цаашид ОХУ-ын Онцгой байдлын яамны харьяа академи, сургуулиудад Монгол Улсын онцгой байдлын байгууллагаас инженер техник, холбоо, зарлан мэдээлэл, хими, цацрагийн аюулгүй байдал зэрэг чиглэлээр суралцах алба хаагчдын тоог нэмэгдүүлэх саналтай байгаагаа Шадар сайд илэрхийллээ.
Хөвсгөл, Байгаль нуурын сав газрын эко системийг хамгаалах, нөхөн сэргээхэд хамтарсан дадлага сургууль нь томоохон үүрэг гүйцэтгэх тул хамтарсан дадлага сургуульд ОХУ-д хэрэглэгдэж буй усны эрэн хайх аврах ажиллагааны сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжийг ашиглах замаар Монголд шинэ технологийг нэвтрүүлэх санал дэвшүүлснийг Оросын тал дэмжин хамтарч ажиллахад таатай байгаагаа илэрхийлэв.
Мөн Хил орчмын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хил дамнасан гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд мэдээлэл солилцох дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, ашиглах чиглэлээр хамтран ажиллахаар талууд харилцан тохиролцлоо.

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Дэлхийн банктай хамтран Ухаалаг засаг II төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, бэлтгэл ажлыг хангаж байна.

Уг төслийн зорилго нь иргэд, аж ахуйн нэгжид үр ашигтай, аюулгүй байдлыг хангасан цахим үйлчилгээг хүргэх, дижитал ур чадварыг эзэмшүүлэх, дижитал суурьтай ажлын байрыг нэмэгдүүлэхэд оршино.

Төслийн ил тод байдлыг хангах, төслийн үйл ажиллагаанд олон нийтийн саналыг тусгах зорилгоор Талуудын оролцооны төлөвлөгөө, Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн баримт бичиг, төлөвлөгөөний төсөлд санал авах зөвлөлдөх уулзалтыг доорх хуваарийн дагуу цахим хэлбэрээр зохион байгуулна.

Оролцох сонирхолтой төрийн албан хаагч, иргэд, төрийн бус байгууллага болон аж, ахуйн нэгжийн төлөөлөл  https://forms.gle/e55xJbfSVy63bzhp6 хаягаар орж бүртгүүлнэ үү.

Төрийн байгууллагын төлөөллийн зөвлөлдөх уулзалт: 2021.12.17-ны 09.00 цагт
Төрийн бус байгууллага, иргэд, ААН-ын төлөөллийн зөвлөлдөх уулзалт: 2021.12.17 -ны 11.00 цагт тус тус болно.

Дээрх уулзалтаар хэлэлцэх баримт бичгийн төсөлтэй www.smart.gov.mn/mn/draftenvsocialdocs/ хаягаар хандаж танилцахыг хүсье.

Бүртгэл хаах хугацаа: 2021.12.16-ны 17.00 цаг.

Бүртгүүлсэн хүмүүст цахим уулзалтын урилгыг 2021.12.16-ны 17.00-17.30 цагт имэйлээр илгээнэ.

 

Зөвлөлдөх уулзалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар авна уу.

Холбоо барих:
Ухаалаг засаг төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж 1/5, Засгийн газрын 2-Б байр, 303 тоот
Утас: 264870
Имэйл: info@smart.gov.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 14-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба болон Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоов

Төрийн байгууллагын бүтээмжийг сайжруулах, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, бүтцийг цомхон, чадварлаг болгож иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны болон аймаг, сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа.

Тогтоолын төслийг боловсруулахдаа Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор баталсан “Чиг үүрэг дахин хуваарилах аргачлал” болон “Чанарын менежментийн тогтолцооны ISO9001 стандартыг орон нутгийн захиргаанд хэрэглэх арга зүйн заавар” стандартыг баримтлан ажилласан.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны орон тооны хязгаарыг 35, дүүргийнх 8-21, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны орон тооны хязгаарыг 8-12, сумынх 3-4 байхаар, аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоохдоо орон нутгийн онцлог, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо, эдийн засаг, үйлдвэрлэлийн цар хүрээнээс хамааруулан 34-46 хүртэл байхаар тогтоов.

Аймгийн төрийн захиргааны байгууллагуудад чиг үүргийн шинжилгээг хийж, хэлтэс, тасаг, агентлагийн хооронд чиг үүргийн давхардал, хийдэл үүсгэхгүйгээр оновчтой зохицуулалт хийж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт даалгав.

Бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох ажил нь 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж байгаа ажил юм.
 
2022 оны эхнээс төрийн хяналт шалгалтыг багасгахыг үүрэг болгов

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад чиглэсэн төлөвлөгөөт хяналт шалгалтыг 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс 50 хувиар бууруулах, зарим шаардлагагүй шалгалтуудыг цуцлахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдааны үеэр үүрэг болголоо. Мөн зөвхөн эрсдэлд суурилсан, зайлшгүй хийгдэх хяналт шалгалтыг төлөвлөж хэрэгжүүлэх, хяналт шалгалтыг цахим хэлбэрт шилжүүлэхийг даалгав.
Төрийн хяналт шалгалт хэрэгжүүлэгч байгууллагууд болох Үндэсний аудитын газар, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагуудад хяналт шалгалтыг бууруулахад анхаарч ажиллахыг үүрэг болгож, зөвлөн тусалдаг, алдааг нь анхааруулдаг байх нь зүйтэй гэжээ.
Улс, орон нутгийн төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд хийх хяналт шалгалтыг хэвээр үргэлжлүүлнэ.
 
Товч мэдээ
·      Засгийн газрын Ажлын хэсэг “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор “Оюу толгой” ХХК-ийн гадаадын хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ үргэлжилж байна. Хэлэлцээний явцын талаар Засгийн газрын хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд Оюу толгойн асуудлаарх УИХ-ын Түр хороотой хамтарч ажиллахыг үүрэг болголоо.
·      Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг энэ сард багтаан боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг үүрэг болголоо.
·      Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон “Роснефть” НХН хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн төсөл болон “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын шатахуун хангамжийн үйл ажиллагааны талаар танилцуулав.
·      Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн асуудлыг судалж, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хэрэгжүүлсэн арга хэмжээ, нөхцөл байдлын талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Хилийн боомтуудаар нэвтрэх автозам болон төмөр замын ачаа тээврийг шуурхай нэвтрүүлэх талаар арга хэмжээ авч ажиллахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарт даалгав.
·      2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 13-нд “Ковид-19” халдварын нийт 1469 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 786 тохиолдлоор буурчээ. Нийт хүн амын 70 хувь нэгдүгээр тунд, 66 хувь хоёрдугаар тунд, 25 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байна.
·      Эдийн засгийг дэмжих “Шинэ сэргэлтийн бодлого”, Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төсөл боловсруулах ажлын явцын талаар танилцууллаа.
·      Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн батлах эрхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд олгов.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.