Нутгийн өөрөө удирдах байгууллага шийдвэр гаргах, хэрэгжүүлэхэд хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйг нэвтрүүлэх, чадавхжуулах зорилготой “Хүний эрхийн манлайлагч-Төлөөлөгч” сургалтын III хэсгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хүний эрхийг хангах Үндэсний хороо, “Хүний эрх дэвшилтэт бодлогын хүрээлэн” ТББ хамтран Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институтийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд нийслэл болон 9 дүүргийн ИТХ-ын 30 төлөөлөгчийн хамтаар 2023 оны дөрөвдүгээр сарын 6-7 -ны өдөр амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
Сургалтын I хэсэгт оролцогчдод Хүний эрхийн боловсролыг 3 өдрийн турш олгож, сургалтын төгсгөлд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч хүний эрхийн боловсрол олгох замаар төсөл хэрэгжүүлж, иргэдийн санаа бодлыг нээлттэй сонсож, хүний эрхийн асуудлаарх өргөдөл, гомдлыг шийдвэрлэх багаар ажиллах даалгаврыг гүйцэтгэх ажлыг даалгажээ.
Сургалтын II хэсэгт Хүний эрхийн манлайлагч – төлөөлөгч сургалтад оролцогчдыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хүлээн авч уулзаж, хүний эрхийг хангах чиглэлээр Засгийн газар хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээлэл өгч, мөн багуудад гүйцэтгэх даалгаврын талаар сургалтын багаас чиглүүлж ажилласан нь эерэг үр дүнтэй байв.
Сургалтын III хэсэгт “Цахим орчинд хүний эрхийг хүндэтгэх нь” сэдвээр Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн гүйцэтгэх захирал Ц.Тамир, “Хувийн манлайллын төлөвлөгөө” сэдвээр “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын захирал Т.Амарзаяа, “Хүний эрхийг хамгаалах олон улсын тогтолцоо: Монгол Улсын хамтын ажиллагаа” сэдвээр Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагчийн газрын Хүний эрхийн үндэсний зөвлөх Ч.Алтангэрэл нар сургалт орлоо. Мөн тус сургалтын бодлогын зочноор Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан оролцож санал солилцлоо.
Хоёр өдөр үргэлжилсэн тус сургалтад “Хөгжих эрхийг биелүүлэх нь: Нийгэм, эдийн засгийн асуудал” сэдвээр Хүний эрх, хөгжил төвийн тэргүүн Г.Уранцоож, “Хүний эрхийн индексийн ач холбогдол”, “Хүний эрхийн мэдрэмжтэй төсөвлөх нь” зэрэг сэдвүүдээр Хүний эрхийг хангах Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Болорсайхан нар тус тус сургалт орохоос гадна оролцогчдын дунд Хүний эрхийн асуудлаар мэтгэлцээний тэмцээн зохион байгуулсан нь онцгой байлаа.
Оролцогчдын тухайн нутаг дэвсгэртээ хэрэгжүүлсэн ажлын танилцуулгыг нийтийн сонсгол хийсэн байдал, шинэ төсөл санаачилж үр дүнтэй хэрэгжүүлсэн байдал, гомдол шийдвэрлэсэн байдлаар оноо өгч дүгнэхэд Налайх дүүргийн баг тэргүүлэн, удаах байрыг Чингэлтэй дүүрэг, гутгаар байрыг Баянзүрх дүүрэг эзэлж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга талархал, дурсгалын зүйлээр шагнав. Сургалтын эцэст бүх оролцогч “Сургалтад хамрагдсан гэрчилгээ” гардан авлаа.