Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны хоёрдугаар сарын 16-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хүн амыг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах ажлыг тавдугаар сард эхэлнэ

Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийсэн байна. Танилцуулгатай холбоотойгоор  нийт хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах ажлыг 2022 оны тавдугаар сарын 1-нээс орон даяар зохион байгуулахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болголоо.
18-аас дээш насны иргэдийг жил бүр эрүүл мэндийн эрт илрүүлэх үзлэгт хамруулахаар төлөвлөсөн бөгөөд энэ жил 0-18 насны хүүхдүүдийг ч мөн эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээнд хамруулахаар нэмлээ. Насанд хүрэгчид 23, хүүхдүүд 15 төрлийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдана.
2022 онд өвчнийг эрт илрүүлэх үйл ажиллагаанд 60,8 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна.
Эрүүл мэнд, өвчин эмгэгийн эрсдэлтэй хүнийг эрт илрүүлэн, даамжруулахгүй эмчилж, сэргийлснээр хувь хүний амьдралын чанар, хүн амын дундаж наслалт нэмэгдэх, цаашлаад  эмнэлгийн ачаалал багасгах, улсын орны эдийн засагт учруулж буй эмнэлгийн зардлыг бууруулах ач холбогдолтой юм.

Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулна

Эдийн засаг, хөгжлийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн баталж, тус яамны харьяанд Гадаадын хөрөнгө оруулалтын агентлагийг байгуулахаар шийдвэрлэлээ.
Гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлт тодорхой болж, хөрөнгө оруулагчдыг бүтээн байгуулалт болон бусад салбаруудтай холбох  зэрэг ажлыг шинэ агентлаг гүйцэтгэнэ.  Мөн хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын орчныг тогтворжуулах, хөрөнгө оруулагчдад төлөвлөлт хийхэд дэмжлэг, үйлчилгээ үзүүлнэ.
 
Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь болон Каннын кино наадамд оролцоно

Монгол Улсын дүрслэх урлаг болон кино урлагийн уран бүтээлчдийн оюуны бүтээлийг олон улсад таниулан сурталчлах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Итали улсад зохион байгуулагддаг Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь, Бүгд Найрамдах Франц улсад зохион байгуулагддаг Каннын кино наадамд тус тус оролцох нь зүйтэй гэж үзлээ.
Зохион байгуулалтын үйл ажиллагаанд шаардагдах зардлыг 2022 оны Соёлын сайдын төсвийн багцаас, 2023 оноос улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын хандив тусламжид хамруулах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар санхүүжүүлэх арга хэмжээ авч, зохион байгуулалт, мэргэжлийн өндөр түвшинд оролцож, үр дүнг Засгийн газарт танилцуулж байхыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг олон улсын энэхүү биеннальд манай улсаас 2015, 2017, 2019 онд оролцож байсан бөгөөд холбогдох төрийн бус байгууллага нь оролцох эрх, санхүүжилтийг хувийн хэвшил, олон улсын байгууллага болон бусад хандивын эх үүсвэрээс бүрдүүлэн, зохион байгуулж иржээ.
Каннын кино наадамд монгол уран бүтээлчдийн кино  2017, 2021 онд тус тус шалгаран оролцож байжээ.
Товч мэдээ
·      Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн ажлын айлчлал, “Бээжин 2022” өвлийн XXIV олимпын наадмын нээлтийн ажиллагаанд оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов.
·      Монгол Улсаас Австралийн Холбооны Улс, Шведийн Хаант Улс, Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Элчин сайдын яамны бүтцэд Консулын хэлтэс байгуулахаар боллоо. 2022 оны батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайдад даалгалаа.
·      Хэмжил зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилж, дүрмийг баталлаа. Зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталснаар хэмжлийн нэгж, түүний эталоныг бий болгох, хөгжүүлэх, нэгж дамжуулалтыг хангах зэрэг төрийн чиг үүргийн хэрэгжилтэд ахиц дэвшил гарна гэж үзэж байна.
·      Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын “Макс фаундейшн” төрийн бус байгууллагын хооронд байгуулах хамтран ажиллах гэрээний төслийг хэлэлцэн дэмжээд гарын үсэг зурах эрхийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нарт олголоо.
·      Хөдөө аж ахуйн ээлжит тооллогыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг баталлаа.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас боловсруулсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл-д санал авч байна.

Саналаа turbat@cabinet.gov.mn хаягаар болон бичгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хандан ирүүлнэ үү.

Холбоо барих утас: 262958

Засгийн газрын ээлжит хураалдаан 2022 оны хоёрдугаар сарын 9-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол-Японы эмнэлгийг АШУҮИС-ийн харьяанд шилжүүллээ
Монгол-Японы эмнэлгийг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяанд шилжүүлж, тус эмнэлгийн үйлчлэх хүрээг тогтоох, их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд нарт даалгалаа.
Их сургуулийн эмнэлэг нь эмнэлгийн болон бусад мэргэшлээр суралцаж буй оюутан, эмч, эрүүл мэндийн ажилтанд анагаах ухаан болон эрүүл мэндийн боловсрол олгох, эмнэлгийн мэргэжилтнийг мэргэшүүлэх, давтан сургах, эрдэм шинжилгээ судалгааны ажил эрхлэхийн зэрэгцээ үндсэн болон төрөлжсөн мэргэшлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх юм.
 
Хил дээр хуримтлагдсан нүүрсийг гаргаж эхэлжээ
Монголын цагаан сар, Хятадын хаврын баяраар хилийн боомтыг гурван өдөр хааж, энэ сарын 4-нөөс хэвийн ажиллаж эхэлжээ.
Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор 2022 оны хоёрдугаар сарын 4-8-нд 268 чингэлгээр 4000 орчим тонн ачаа татсан байна. Мөн энэ сарын 9-нөөс эхлэн задгай нүүрс гаргаж эхэллээ. Хил дээр 1100 орчим вагон нүүрс хуримтлагдсан, цаг агаар дулаарснаас шатаж уугих эрсдэл үүсэхээр байжээ.
Замын-Үүдээс гадна Гашуунсухайт, Ханги, Булган боомтуудаар экспортын ачаа тээвэрлэлт хэвийн явагдаж байна.

Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаа энэ сарын 14-нөөс 100 хувь танхимаар эхлүүлнэ
Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо өмнөх долоо хоногтой  харьцуулахад 56,  ПГУ шинжилгээний эерэг илрүүлэлтийн хувь 30 хувиар тус тус буурсан талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Нийт хүн амын 31, зорилтот бүлгийн иргэдийн 52 хувь нь коронавирусын эсрэг нэмэлт тунд хамрагджээ.
Зорилтод бүлгийн дархлаажуулалт 50 хувьд хүрсэн, халдвар буурч байгаа тул 2022 оны хоёрдугаар сарын 14-нөөс  бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг 100 хувь танхимаар эхлүүлэхээр шийдвэрлэв.

Товч мэдээ
·      Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд зөвшилцөх, хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
·      Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулиар батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнээс шинээр эхлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг эрчимжүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа.
·      Хөгжлийн банктай холбоотой асуудлаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийсэн байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн ажлын айлчлалын  үеэр албан ёсны уулзалтууд болсны зэрэгцээ дараах баримт бичгүүд албажиж, мөн зарим ноот бичгийг Хятадын талд хүлээлгэн өгсөн байна.

· “Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”

·  Монгол Улсын “Нэг тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр тохиролцсоны дагуу “Экологи, хүрээлэн буй орчны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, БНХАУ-ын Экологи, хүрээлэн буй орчны яам хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг”

·  Монгол Улсаас БНХАУ-д гаргадаг экспортын барааны нэр төрлийг нэмэгдүүлэх хүрээнд “Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын Монгол Улсаас БНХАУ-д сүү, сүүн бүтээгдэхүүн экспортлох үеийн мал эмнэлэг, хорио цээр, ариун цэврийн протокол”-ыг эцэслэн тохиролцож, тус тус гарын үсэг зурлаа.

Мөн Монголын талд албажиж, хэрэгжиж эхлэхэд бэлэн болсон дараах ноот бичгүүдийг Хятадын талд гардууллаа.

·  БНХАУ-ын Бээжин хотноо 2019 оны зургадугаар сарын 4-ний өдөр гарын үсэг зурсан “Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг Монгол Улсын Их Хурал соёрхон баталсан тухай Батламж жуух бичгийг ноот бичгийн хамт

·  “Монгол, Хятадын хилийн Бичигт-Зүүнхатавч, Шивээхүрэн-Сэхээ боомтын хилийн төмөр замын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцох тухай” Монголын талын ноот бичгийг гардуулсан байна. Эдгээр боомтын хилийн төмөр замын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэг буюу солбицол тогтоох ажлыг хоёр талын Гадаад харилцааны яамны ажлын хэсэг 2016 оны тавдугаар сард зохион байгуулж, протоколд гарын үсэг зурсан бөгөөд энэ удаагийн айлчлалаар уг асуудлыг баталгаажуулах нөхцөл бүрдлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд дагалдан яваа Сангийн сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан, БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга Нин Жыжөтэй уулзалт хийлээ.

Энэхүү уулзалтыг хоёр улсын Ерөнхий сайд нарын албан ёсны уулзалтын мөрөөр ийнхүү шуурхай зохион байгуулсан бөгөөд уулзалтад Элчин сайд Т.Бадрал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар байлцав.

Уулзалтаар Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хоёр улсын хооронд хэрэгжүүлэх боломжтой дэд бүтцийн томоохон төслүүд, тухайлбал, Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны автозам болон хос урсгалтай төмөр зам барих, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ боомтыг төмөр замаар холбох, Гашуунсухайт боомтоор одоо гарч буй нүүрс тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах зорилгоор тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх, Улаанбаатар хотыг тойрсон тойрог хурдны зам барих зэрэг Монголын талаас тэргүүлэх ач холбогдол өгч буй төслүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

БНХАУ-ын ХШХ-ны дэд дарга Нин Жыжө Монголын талаас дэвшүүлж буй төслүүд нь Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулах, Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааны хүрээ болон “Бүс ба Зам” санаачилгатай тус тус уялдаж байгааг тэмдэглээд дээрх төслүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжийг судалж, дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Түүнчлэн энэ уулзалтын мөрөөр дээрх асуудлуудаар дахин бэлтгэл ажлыг хангаж, холбогдох байгууллагууд хооронд энэ сарын дундуур дахин уулзалт хийж, төслүүдийг урагшлуулахаар тохиролцлоо.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр БНХАУ-ын дарга, ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинтэй уулзаж, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргаж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн жишиг харилцаа болгон хөгжүүлэх, хоёр улсын Засгийн газрын хооронд хэрэгжих хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, бодлогын баримт бичгүүдийг уялдуулах, хоёр намын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцов. Талууд хамтран Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргахаар санал нэгдэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд “Бээжин-2022” өвлийн олимпын XXIV наадмыг цар тахлын хүнд үед товлосон хугацаандаа зохион байгуулж байгаа БНХАУ-ын төр засаг, ард түмэнд баяр хүргэлээ. Мөн БНХАУ-ын Засгийн газар цар тахлын амаргүй цаг үед Монгол Улсад вакцин шуурхай нийлүүлсэнд гүн талархал илэрхийллээ.

Тэрбээр Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Хятадын талын дэвшүүлсэн “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”, “Бүс ба Зам” санаачилга зэрэг хөгжлийн бодлоготой уялдаж байгааг тэмдэглэв. Айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхий сайд нарын уулзалтаар яригдсан хоёр улсын боомтуудыг холбох төмөр замын төслүүд, тухайлбал Гашуунсухайт-Ганц модны боомтын төмөр замын бүтээн байгуулалт болон Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны замын төсөл зэрэг томоохон төслүүдэд онцгойлон анхаарал хандуулахыг хүсэв.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Монгол Улс Бээжин хотноо зохион байгуулагдаж буй өвлийн олимпын XXIV наадмыг бүх талаар дэмжиж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус улсад биечлэн хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлэв.  Монгол Улсын шинэ Засгийн газрын дэвшүүлж буй төсөл, хөтөлбөрүүд бодит ажил болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж, бүх талаар дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ.

Тэрбээр Монгол Хятад улс нь уул усаар холбогдсон найрсаг хөршүүд бөгөөд бүс нутгийн чухал улсууд хөршүүд юм. Хоёр улсын харилцааг хамгаалах, бэхжүүлэх, хөгжүүлэх нь хоёр орны урт хугацааны болон язгуур эрх ашигт бүрэн нийцнэ гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бээжин хотноо зохион байгуулагдаж буй XXIV Өвлийн олимпын наадмын нээлтэд оролцохоор ирсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррештэй уулзлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд НҮБ Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлоод Монгол Улсын Засгийн газраас КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг тууштай дэмжиж, КОВАКС хөтөлбөрийн хүрээнд нэн шаардлагатай вакцины тусламж үзүүлсэнд талархал дэвшүүллээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй Бээжин хотноо уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улс НҮБ-ын чухал түнш гэдгийг онцолж, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын оруулж ирсэн хувь нэмэр болон далайд гарцгүй орнуудын эрх ашгийг хамгаалах чиглэлээр гаргаж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлдэгээ цохон тэмдэглэв. Мөн тэрбээр Монгол Улс “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтад өөрийн улсын оруулах хувь нэмрийг тодотгосонд талархал дэвшүүлж, НҮБ-ын зүгээс дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн болно.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050” болон түүний эхний 10 жилд хэрэгжүүлэх эдийн засгийн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар танилцуулж НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудтай нягт уялдаж байгааг тэмдэглэв. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах зорилтын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр нэмэгдүүлэх, “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд НҮБ-ын зүгээс дэмжиж, хамтран ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.

БНХАУ-д айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хятадын Коммунист Намын Төв хорооны Гадаад харилцааны газрын дарга Сун Тао-тай уулзаж, хоёр намын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд БНХАУ хүн төрөлхтний энх тайван, эв нэгдлийн бэлгэдэл болсон “Бээжин-2022” өвлийн Олимпыг товлосон хугацаандаа амжилттай зохион байгуулж буйд баяр хүргэлээ.

Тэрбээр 2021 онд тохиосон МАН болон ХКН-ын 100 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг өндрөөр үнэлж, энэ оны сүүлээр болох ХКН-ын XX их хурал өнгөрсөн 100 жилийн үйл ажиллагаагаа дүгнэж, Хятадын ирээдүйн хөгжлийн төлөвлөлтийг хийх чухал үйл явдал гэж үзэж байгааг тэмдэглэв.

Мөн МАН-ын XXX их хурлаар “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх улс төрийн шийдвэр гаргаж, авлига, хүнд суртлыг халах дэвшилтэт улс төрийн нам болохоо зарласныг онцлоод “Шинэ сэргэлтийн бодлого”-д дэвшүүлсэн боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, хот хөдөөгийн хөгжил, ногоон хөгжлийн чиглэлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд Хятадын талтай хамтран ажиллаж, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоог хангах нь чухал болохыг тэмдэглэв.

Цаашид МАН, ХКН нь Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд улс төрийн дэмжлэг үзүүлж ажиллах нь хоёр талын хөгжлийн эрх ашигт нийцнэ гэж үзэж буйгаа илэрхийлэв.

ХКН-ын Төв Хорооны Гадаад харилцааны газрын дарга Сун Тао МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар “Бээжин-2022” өвлийн Олимпын наадмын нээлтийн ёслолд оролцож, хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болсон Олимпын үзэл санааг дэмжиж буйд талархал илэрхийлэв.

Өнгөрсөн 100 жилийн хугацаанд хоёр намын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж ирснийг тэрбээр тэмдэглээд, цар тахлын хүнд үед ч хоёр намын харилцаа тасралтгүй өрнөж, харилцан бие биедээ чин сэтгэлийн дэмжлэг үзүүлэн ажиллаж буйг тэмдэглэв.

Ирэх 100 жилд ХКН, МАН-ын харилцаа, хамтын ажиллагаа эрчээ хадгалж, шинэ агуулгаар тасралтгүй баяжина гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сарын 3-8-ны өдрүүдэд БНХАУ-д айлчилж, Бээжин хотноо зохион байгуулагдаж буй XXIV Өвлийн олимпын наадмын нээлтэд оролцов. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийв. Хоёр улсын удирдлагууд найрсаг, дотно уур амьсгалд Монгол, Хятадын харилцаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрэв.

1. Талууд олимпын наадам нь хүн төрөлхтний эв нэгдэл, найрамдлын бэлгэ тэмдэг гэдгийг санал нэгтэй тэмдэглээд, Бээжингийн өвлийн олимпын наадам нь улс хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн энх тайвныг бэхжүүлэх, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлоох үйлсэд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Бээжингийн өвлийн олимп товлосон хугацаандаа амжилттай зохион байгуулагдаж байгаад монголын тал баяр хүргэн амжилт хүсэв. Бээжингийн өвлийн олимпын наадмыг амжилттай зохион байгуулахад Монголын тал идэвхтэй дэмжиж байгаад Хятадын тал талархал илэрхийлэв.

2. Талууд Монгол, Хятад нь сайн хөрш, сайн найз, сайн түншүүд гэдэгт санал нэгдэв. Монгол, Хятад хоёр улс урт хугацааны стратегийн хүрээнд хоёр талын харилцааг хөгжүүлж, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, тус тусын сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэж, харилцан үл довтлох, дотоод хэрэгт үл оролцон эрх тэгш, харилцан ашигтай, энх тайвнаар зэрэгцэн оршино. Монголын тал “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай баримталж, Тайвань, Хонконг, Шинжаан, Төвөдтэй холбоотой асуудлаарх Хятадын байр суурийг дэмждэгээ дахин нотлов.

3.  Талууд хоёр талын өндөр, дээд түвшний харилцан айлчлал болон стратегийн яриа хэлэлцээг тогтмолжуулж, улс төрийн харилцан итгэлцлийг байнга нэмэгдүүлэхийн зэрэгцээ бодит хамтын ажиллагааг өргөжүүлэн найрсаг харилцааны суурийг улам бататгаж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг баяжуулахаар тохиролцов. Цар тахлын нөхцөл байдал намжиж, тохиромжтой нөхцөл бүрдсэн үед талууд хоёр талын өндөр, дээд түвшний харилцан айлчлалыг сэргээн эрчимжүүлнэ. Хоёр талын холбогдох байгууллагууд харилцаа, хамтын ажиллагаагаа бүхий л хэлбэрээр сайжруулна.

4. Талууд коронавируст цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй Монгол, Хятадын хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулж, харилцан дэмжлэг үзүүлэхээр санал нэгдэв. Талууд олон улсын хамтын нийгэмлэгийг хамтын ажиллагаа, уялдаа холбоогоо бэхжүүлж, шинжлэх ухаанчаар цар тахалтай тууштай тэмцэх, цар тахлыг улс төржүүлэхийг эсэргүүцэн хүн төрөлхтний эрүүл мэндийг хамгаалах хамтын нийгэмлэгийг хамтран цогцлоохыг уриалав.

5. Талууд харилцан ашигтай, хамтдаа хожих үзэл санааны дагуу хөгжлийн хамтын ажиллагааг бүхий л талаар бэхжүүлэхээр санал нэгдэв.

–           Монголын тал “Дэлхийн нийтийн хөгжлийн санаачилга”-ыг сайшаан дэмжиж байгаагаа илэрхийлэв. Талууд Монгол Улсын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” болон Хятадын “Дэлхий нийтийн хөгжлийн санаачилга”, “Бүс ба Зам” санаачилгын зорилтуудыг харилцан уялдуулах, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүү, эрдэс баялаг, эрчим хүч, харилцаа холбоо, дэд бүтцийн бүтээн байгуулалт, цахим эдийн засаг болон ногоон хөгжил зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

–           Талууд “Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээр” хүчин төгөлдөр болж байгаатай холбогдуулан аж үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, хил орчмын бүс нутгийн хөгжлийг хамтдаа урагшлуулна.

–           Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлсний үндсэн дээр талууд хоёр улсын хилийн боомтуудын саадгүй нэвтрүүлэх ажиллагааг хангах, улмаар боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Талууд харилцан тохиролцсон төмөр замын боомтуудын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, олон төрөлт тээврийн гарцыг бий болгож, хоёр улсын худалдаа, эдийн засгийн бодит хамтын ажиллагааг дэмжинэ.

–           Талууд “Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийг шинэчлэх, “Монгол, Хятадын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр”-ийг хамтран судлах чиглэлээр үргэлжлүүлэн санал солилцоно.

–           Хоёр улсын аж ахуйн нэгжүүдийг зах зээлийн зарчим болон худалдааны дүрэм, журмын дагуу нүүрс зэрэг уул уурхайн бусад бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэхийг дэмжиж, Монгол Улсын өмнөд бүс нутагт нар, салхины эрчим хүч зэрэг сэргээгдэх эрчим хүчний төслийг хэрэгжүүлэхийг судална.

–           Нэр хүнд бүхий шилдэг аж ахуйн нэгжүүдийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх, дэд бүтэц, хот байгуулалт, уул уурхай, эрчим хүчний төсөлд оролцохыг хятадын талаас дэмжинэ. Монголын тал, дотоодын бизнесийн орчноо улам сайжруулж, хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг хамгаална.

–           Талууд экологи, хүрээлэн буй орчныг хамгаалах, цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааг бэхжүүлж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэж, цэвэр, үзэсгэлэнтэй байгаль экологи, хүрээлэн буй орчныг бүтээж, хүн ба байгаль эхийн амьд оршихуйн нэгдлийг хамтдаа цогцлооно. Хятадын тал Монгол Улсын “Нэг тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг сайшааж, хоёр тал холбогдох хамтын ажиллагаа, харилцан солилцоог идэвхжүүлэхээр тохиролцов.

–           Талууд “Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор”-ын бүтээн байгуулалтыг оросын талтай хамтран урагшлуулна.

6. Талууд цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх нөхцөл байдлаас хамааран хоёр улсын иргэд харилцан зорчих, хүмүүнлэгийн солилцоог сэргээхэд түлхэц үзүүлж, хоёр улсын ард иргэд хоорондын найрамдал, харилцан ойлголцлыг бэхжүүлэхээр тохиролцов.

7. Талууд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, энэ хүрээнд мэргэжилтэн, судлаач, оюутны харилцан солилцоог явуулахаар тохиролцов.

8. Талууд олон улс болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, дэлхийн болон бүс нутгийн өмнө тулгамдаж буй сорилтыг хамтдаа даван туулж, олон улсын аюулгүй байдал, энх тайван, тогтвортой хөгжлийг хангахад НҮБ голлох үүрэгтэйг нотлов. Түүнчлэн, НҮБ-ын Дүрмийн зорилго болон зарчимд тулгуурласан олон улсын харилцааны суурь зарчмыг баримталж, олон талт үзлийг хамтран хамгаалах, мөн энх тайван, хөгжил, эрх тэгш байдал, шударга ёс, ардчилал, эрх чөлөөний талаарх хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг хамгаалах олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг дэмжиж ажиллахаар санал нэгдэв.

9. Талууд “Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Экологи, хүрээлэн буй орчны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, БНХАУ-ын Экологи, хүрээлэн буй орчны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”, “Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын Монгол Улсаас БНХАУ-руу сүү, сүүн бүтээгдэхүүн экспортлох үеийн мал эмнэлэг, хорио цээр ариун цэврийн протокол”-д тус тус гарын үсэг зурж, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг харилцан тохиролцох тухай ноот бичиг солилцов.

БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийж, Монгол, Хятадын харилцааг эрчимжүүлэх болон харилцан сонирхсон бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд цар тахлын амаргүй нөхцөлд Бээжингийн өвлийн Олимпыг амжилттай зохион байгуулж буй БНХАУ-ын Засгийн газар, Хятадын ард түмэнд баяр хүргэв.

Хоёр улсын Ерөнхий сайд нар Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх, тулгамдсан асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэх нь хоёр талын хөгжлийн эрх ашигт харилцан нийцнэ гэдэгт санал нэгдлээ.

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах болон ногоон хөгжлийн чиглэлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоог хангахаар тохиролцлоо.
Мөн хилийн боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр нягт хамтран ажиллах санал дэвшүүлэв.

Айлчлалын үеэр Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 гаруй хувийг дангаараа эзэлдэг Гашуунсухайт-Ганцмод боомт болон Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцсоноор 14 жил гаруй хугацаанд гацсан Гашуунсухайтын төмөр замын өргөн нарийн царигийн маргаан эцэслэгдэж, нүүрсний экспорт гацаанаас гарлаа.

Мөн эдгээр боомт болон Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг шуурхай эхлүүлж, богино хугацаанд ашиглалтад оруулахад Монгол Улсын Засгийн газраас анхаарч буйг мэдэгдэв.

Түүнчлэн “Монголбанк, Хятадын Ардын Банк хооронд байгуулсан Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээ”-ний хугацааг цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг хэвийн байдалд ортол буюу 2026 он хүртэл гурван жилээр сунгах талаар ярилцлаа.

ОХУ, БНХАУ болон Европын Холбоо, БНХАУ-ын худалдааны эргэлт дээд хэмжээнд хүрч байгаа цаг үед БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгад дэвшүүлсэн Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх хүрээнд олон жилийн хугацаанд яригдсан Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн 987 километр хурдны зам барих төслийг эрчимжүүлэх талаар санал солилцов.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд БНХАУ-ын дэвшилтэт технологид тулгуурласан тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, хурдны тойрог замын сүлжээ байгуулах зэрэг төслүүдэд хамтран ажиллахаар зөвшилцлөө.

Ерөнхий сайд нар ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу тавих хийн хоолойн төслийн ТЭЗҮ батлагдсан тул тус төслийн ажлыг эрчимжүүлэхээр харилцан тохиролцлоо.

Ерөнхий сайд нар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн чухлыгонцлон тэмдэглэж, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх томоохон төслүүд, тухайлбал “Нэг тэрбум мод” хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд хоёр улсын Засгийн газар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилж, Бээжингийн Өвлийн XXIV олимпын наадмын нээлтэд биечлэн оролцож байгаад талархал илэрхийлэв.

Түүнчлэн Олимпын наадмыг улс төржүүлэх ёсгүй хэмээн мэдэгдсэнийг Хятадын төр, засаг, ард түмэн баяртайгаар хүлээн авсныг тэмдэглэв.

Юуны өмнө, цар тахлаас үүдэж, хязгаарлалтад ороод буй Замын-Үүд-Эрээн боомтыг хэвийн горимд оруулах асуудалд онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийллээ.

Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дэвшүүлсэн асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэхийн тулд айлчлалын хугацаанд Хятадын талын холбогдох албан тушаалтнуудтай хийх нэмэлт уулзалтуудыг товлолоо.

Тэрбээр цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж, иргэдийн харилцан зорчих болон тус улсад суралцаж буй Монгол Улсын оюутнуудыг БНХАУ-д очиж, танхимаар хичээллэх асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхийн зэрэгцээ БНХАУ-д суралцах тэтгэлгийг нэмэгдүүлэхээ илэрхийлэв.

Цар тахлын эсрэг тэмцэлд Хятадын тал цаашид үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж, Ковид-19-ийн эсрэг вакцин нийлүүлэх боломжтойг илэрхийллээ.

Хоёр улсын Ерөнхий сайд нар Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам эрчимжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөн хүрээнд хөгжүүлэхийн тулд боломжит бүхий л хүрээнд нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.