Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 17-нд болж 30 гаруй асуудал хэлэлцэн дараах хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хяналтын болон бүтээмжийн менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо

Төрийн өмчийн компаниудын хяналтын болон бүтээмжийн менежерүүд, яам удирдаж байгаа сайд нарын орон тооны зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо.

Дэд сайд нар салбартаа шинэчлэл хийх, тухайлсан төсөл хөтөлбөрүүдийг хариуцна. Тухайлбал, төрийн албаны шинэчлэл, хүний эрхийг хангах шинэтгэл, татварын цогц реформ, цөлжилтийн эсрэг “COP-17” олон улсын хурлын зохион байгуулалт, “Тэрбум мод” хөтөлбөрийн хэрэгжилт, Оюутолгойн татварын асуудал, шатахууны хангамж, эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэл зэрэг тодорхой асуудал хариуцна.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Засгийн газрын хуралдаанаас дараах хүмүүсийг;

1.    Содномдаржаагийн Даваасүрэнг Эдийн засаг, хөгжлийн дэд сайдын;

2.    Гомбосүрэнгийн Амартүвшинг Гадаад харилцааны дэд сайдын;

3.    Бат-Эрдэнийн Хуланг Сангийн дэд сайдын;

4.    Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдын;

5.    Бэгзсүрэнгийн Энхтүвшинг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдын;

6.    Дашцэдэнгийн Баасандамбыг Батлан хамгаалахын дэд сайдын;

7.    Батбаярын Мөнхтамирыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдын;

8.    Доноровын Гантулга Боловсролын дэд сайдын;

9.    Баярсайханы Солонгоог Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдын;

10. Гочоогийн Ганболдыг Зам, тээврийн дэд сайдын;

11. Ганзоригийн Дашнямыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайдын;

12. Самбуугийн Энхболдыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын дэд сайдын;

13.  Баасансүрэнгийн Нямжавыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдын;

14. Ганжавын Баярхүүг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны дэд сайдын;

15. Сугаржавын Далхаасүрэнг Эрчим хүчний дэд сайдын;

16. Ганбаатарын Номинг Эрүүл мэндийн дэд сайдын албан тушаалд томиллоо.

Ж.Энхбаяр: Бизнесийн эрх чөлөөг дэмжиж, хувийн өмчийн халдашгүй байдлыг хуулиар баталгаажуулна

Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл болон хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэн, хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрхийг баталгаажуулах, аж ахуйн үйл ажиллагаанд төрийн оролцоог бууруулах зорилгоор Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, түүнийг дагаж холбогдох бусад есөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа.

Монгол Улсын тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн Ж.Энхбаяр мэдээлэл хийхдээ “Баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийн хүрээнд боловсруулсан энэ хуулийн төсөл нь бизнесийн эрх чөлөөг дэмжиж, хувийн өмчийн халдашгүй байдлыг хуулиар баталгаажуулах зорилготой” гэдгийг онцоллоо.

Хуулийн хязгаараас давсан 1000 журмыг хүчингүй болгоно 

Захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэх, Захиргааны ерөнхий хууль, Хууль тогтоомжийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах болон хуулиар тогтоосон хязгаарлалтаас гадуур хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл боломжийг арилгах, бизнесийн үйл ажиллагаанд тавигдах зөвшөөрөл, бүртгэлийн ачааллыг бууруулах зорилгоор Захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа.

Тус тогтоолоор,

-Эрхлэх асуудлын хүрээнд хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар тусгайлан эрх олгогдоогүй бөгөөд нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр баталсан,  эрх зүйн зохицуулалтын ач холбогдлоо алдаж дагаж мөрдөхгүй болсон, хууль тогтоомжтой зөрчилдсөн, эрх олгосон хуулийн заалт нь хүчингүй болсон, өөрчлөгдсөн захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох;

-Эрхлэх асуудлын хүрээнд хамаарах захиргааны хэм хэмжээний актын хууль зүйн үндэслэлийг нягтлан шалгаж, хуулиар тогтоосон хязгаарлалтаас гадуур хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, ашиг сонирхлын зөрчил, авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн шинжтэй, зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг зохицуулсан дүрэм, журам, тэдгээрийн холбогдох зохицуулалтыг хүчингүй болгох, өөрчлөх зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүдэд даалгалаа.

ХЗДХЯ-аас Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй 885 хуулиас хэдэн хуулиар хэчнээн эрх олгосон талаар судалгаа хийжээ. Бие даасан 437 хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаагийн 315 хуулийн 2403 эрх олгосон заалтаар захиргааны хэм хэмжээний акт батлах эрхээ шилжүүлсэн гэсэн судалгаа гарчээ. Хуулиар эрх шилжүүлэх байдал хэт өргөжсөнөөс захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлсэн захиргааны хэм хэмжээний актын тоо тогтмол өсөж байна.

Тухайлбал, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн захиргааны хэм хэмжээний актын тоо 2010 онд 681 байсан бол 2025 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 2724  болж, энэ хугацаанд дөрөв дахин нэмэгджээ.

Тус тогтоолтой холбогдуулан хагас жилд 1000 журам хүчингүй болгохыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад үүрэг болголоо.

ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл: Ажлын хэсэг 22 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдууллаа

Ерөнхий сайдын 2025 оны 75 дугаар захирамжаар байгуулагдсан, төлбөрийн чадваргүйн улмаас санхүүгийн эрсдэлд орсон, татан буугдсан банканд байршиж байсан тусгай зориулалтын сан, төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгийг буцаан төвлөрүүлж, төрийг хохиролгүй болгох ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ажлын явц, үр дүнгийн талаар Ажлын хэсгийн ахлагч, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын дарга Б.Цэнгэл танилцууллаа. Ажлын хэсэг 22 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдуулсан гэсэн мэдээллийг хэвлэлийн хурлын үеэр өглөө.

Ажлын хэсгээс татан буугдсан, үйл ажиллагаа нь доголдсон банкнаас гаргуулах авлагыг бууруулах, авлагад тооцсон хөрөнгийн цаашдын ашиглалт, зориулалтыг тогтоох болон төрийн байгууллагуудын зайлшгүй хэрэгцээнд нийлүүлэх, шилжүүлэх, худалдан борлуулах арга хэмжээг зохион байгуулан ажиллаж, тодорхой үр дүнд хүрчээ.  Хөрөнгө буцаан төвлөрүүлж, төрийг хохиролгүй болгох чиглэлээр авах арга хэмжээний санал боловсруулжээ. Танилцуулгатай холбогдуулан;

-“Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-аас “Хөтөл” ХХК-д олгосон чанаргүй зээлийн эргэн төлөлтийг хангуулах, “Хөтөл” ХХК -аас “Цемент шохой” ХХК-д оруулсан 275.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Цемент шохой” ХХК- энгийн хувьцаа нэмж гарган “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-д эзэмшүүлэх;

-Монгол Улсын Хөгжлийн банкны зээлийн өр төлбөрт хураагдсан Шинэ яармаг хотхонд байрлах 924 м.кв талбай бүхий 2.9 тэрбум төгрөгийн үнэлгээтэй үйлчилгээ, оффисын зориулалттай, дотор засал нь дуусаагүй барилга, “Пирамид орд” ХХК-аас зээлийн өр төлбөрт санал болгосон, 648 м.кв талбайтай хоёр давхар цэцэрлэгийн зориулалттай, 100 хүүхдийн хүчин чадалтай, 90 хувийн гүйцэтгэлтэй барилгыг Боловсролын сайдын багцад суулгах замаар боловсролын салбарт цэцэрлэгийн зориулалтаар ашиглах зэрэг арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-д нэгтгэлээ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр”-ыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын харьяа “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-д нэгтгэж, “108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв” болголоо. Энэ нь төрийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулах, бүтээмжийг дээшлүүлэх, хүний нөөцийн дутагдлыг шийдвэрлэх, олон нийтэд хүрч ажиллах боломжийг өргөжүүлэх зорилготой юм.

“108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв”-ийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын харьяанд ажиллуулж,  дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирт даалгав.

Ингэснээр дуудлага мэдээлэл хүлээн авах шугам бүрэн хэмжээнд ажиллах, хүүхэд хамгааллын шуурхай тусламж, үйлчилгээ үзүүлэх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн аюулгүй байдлыг хангах, илрүүлэх, зөвлөгөө, мэдээлэл өгөх, тэдний эрх ашгийг хамгаалах ажлын хүртээмж, чанар сайжирна гэж үзэж байна.

Станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна

Өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэлийн талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан 2025-2026 оны өвлийн их ачааллын үед эрчим хүчний үйлдвэр,компаниудын тасралтгүй, найдвартай, хэвийн ажиллагааг хангаж ажиллахыг Эрчим хүчний сайдад Б.Чойжилсүрэнд,  эрчим хүчний үйлдвэр, компаниуд болон нүүрсний уурхайнуудад өвлийн их ачааллын үед шаардагдах дизель түлшний нийлүүлэлтийг тогтвортой хэмжээнд байлгах, дизель түлшний нөөцийг яаралтай бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямд даалгалаа.

Өвлийн оргил ачааллын үед дулааны цахилгаан станц, дулааны станцын нүүрсний аюулгүйн нөөцийг 15 хоногоор бүрдүүлэхээр ажиллаж байна. Станцуудын нүүрс дунджаар 14 хоног буюу 594 мян.тн, мазут 2,897 тн-ын нөөцтэй байна.

Зүрх судасны үндэсний төвийг Улсын гуравдугаар төв эмнэлгийн эзэмшлийн газарт барина

“Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

“Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох 34.9 сая ам.долларын зээл, Люксембургийн Их Гүнт Улсаас олгох 22.5 сая еврогийн буцалтгүй тусламжаар 2025-2029 онд хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд 120 ортой эмнэлэг барина, Улсын гуравдугаар төв эмнэлгийн эзэмшлийн газарт барихаар төлөвлөжээ.

Эмнэлэг баригдсанаар мэс засал, үзлэг, оношилгооны өрөө 2-3 дахин нэмэгдэнэ. Бие даасан яаралтай тусламж, ахисан түвшний дүрс оношилгоо, өдрийн эмчилгээ, сэргээн засах эмчилгээний хэсэгтэй болно. Мөн лаборатори, дүрс оношилгооны хэсэг, хоол, ариутгал зэргийг давхардуулан бий болгох шаардлагагүйгээр эмнэлгийн үндсэн тусламж, үйлчилгээний тоо хэмжээ, төрлийг нэмэгдүүлнэ.

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: Засгийн газар эдийн засгийн тусгаар тогтнолд онцгой анхаарал хандуулж байна

“Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Үндсэн чиглэлийн төсөлд агаарын тээвэр, эрчим хүч, санхүү, уул уурхай, даатгал болон худалдааны зарим чиглэлийн төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газруудын төрийн мэдлийн 10-66 хүртэлх хувийн хувьцааг Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд санал болгон худалдаж нээлттэй хувьцаат компани болгох, төрийн өмчит найман компанийн хувьцааг бүхэлд нь худалдах, төрийн өмчит долоон компани, үйлдвэрийн газруудыг нэгтгэх, нийлүүлэх, бүтцийн өөрчлөлт хийх саналыг тусгажээ. Мөн цаашид нэмж төрийн өмчит зургаан компанийн хувьцааны тодорхой хувийг олон нийтэд санал болгох, төрийн өмчит таван компанийн хувьцааг бүхэлд нь худалдахаар төлөвлөсөн байна.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт мэдээлэл хийхдээ “Г.Занданшатарын Засгийн газар эдийн засгийн тусгаар тогтнолд онцгой анхаарал хандуулж, эдийн засгийн эрх чөлөөг иргэд, хувийн хэвшилдээ олгохыг чухалчилж буй. Хувийн хэвшлийн хийж чадаж байгааг төр хийхгүй, зах зээлийг нь булаахгүй байхыг гол зарчмаа болгож байна. Өнөөдрийн байдлаар нийт төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 101 компани, үйлдвэрийн газрууд үйл ажиллагаа явуулж байгаагийн 73 нь 100 хувь төрийн өмчийн компани байна. Засгийн газраас төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг нэгтгэх, нийлүүлэх, өөрчлөн зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд татан буулгах арга хэмжээг авч байгаа. Үр ашиггүй, үлгэн салган үйл ажиллагаа явуулдаг, өндөр зардалтай төрийн өмчит компаниудыг татан буулгана. Төрийн өмчит компаниудыг ил тод шилэн болгож төрийн өмчийн бүртгэл мэдээллийг нээлттэй болгож олон нийтийн хяналтад оруулна” гэлээ.

Хувьчлалыг үр дүнтэй зохион байгуулах үүднээс эхний ээлжид дараах 33 компанийн нэмэлт хувьцааг гаргаж хөрөнгө оруулалт татах, нээлттэй хувьцаат компани болгох зорилгоор хувьцааг нь биржээр арилжих, өөрчлөн байгуулах асуудлыг судалж, хувьчлалын арга хэлбэр, баримтлах зарчмыг тогтоох үндсэн чиглэлийг шийдвэрлүүлэх нь зүйтэй байна. Үүнд:

Нэмэлт хувьцаа гаргаж хөрөнгө оруулалт татах, нээлттэй хувьцаат компани болгох, хувьцааг нь биржээр нээлттэй арилжих:

1.    “Монголын цахилгаан холбоо” ХК;

2.    “Хөдөө аж ахуйн бирж” ХХК;

3.    “Үндэсний давхар даатгал” ХК;

4.    “Монголын хөрөнгийн бирж” ХК;

5.    “Хөдөө аж ахуйн корпорац” ХХК;

6.    “МИАТ” ТӨХК;

7.    “Төрийн банк” ХК.

8.    “Эрдэнэс Тавантолгой” ХК;

9.    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ;

10. “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ

11. “Дулааны III цахилгаан станц” ХК;

12. “Дулааны IV цахилгаан станц” ХК;

13. “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ХК;

14. “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК;

15. “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК;

16. “Амгалан дулааны станц” ТӨХК;

17. “Шивээ овоо” ХК;

18. “Багануур” ХК

Төрийн эзэмшлийн хувьцааг худалдах, биржээр арилжих:

1.    “Дулаан шарын гол” ТӨХК;

2.    “Цемент шохой” ТӨХК

3.    “Монгол шуудан” ХК

4.    “Багануур дулааны станц” ТӨХК;

5.    “Налайхын дулаан станц” ТӨХК;

6.    “Хөвсгөл дулааны станц” ТӨХК;

7.    “Ховд дулааны станц” ТӨХК;

8.    “Улаангомын дулааны II станц” ТӨХК;

Төрийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах, нэгтгэх, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх:

1.    “Эрдэнэс монгол” ХХК;

2.    “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК

3.    “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК;

4.    “Мэдээлэл технологийн үндэсний парк” ТӨҮГ

5.    “Автоимпекс” ХК

6.    “Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрлэл технологийн цогцолбор” ХХК;

7.    “Автозам засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК;

Нийгэмд шударга ёс тогтоох, баялгийн хулгай, авлига, албан тушаалын гэмт хэргийн эсрэг тэмцлийг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газар тусгай ажлын хэсэг байгуулсан. Энэ хүрээнд гаалийн байгууллагад хийсэн хяналт, шалгалтаар ноцтой хэргүүд илрээд буй.

Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн баасан гарагт Улаанбаатар хотын Гаалийн газарт ажилласан юм.

Олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх, оролцоог хангах зорилгоор 11-11 төвд гаалийн байгууллагын хууль бус, ёс зүйгүй үйлдэл, хүнд суртал, чирэгдлийн талаар баримт нотолгоо бүхий мэдээлэл хүлээн авах тусгай шугамыг өнөөдрөөс (2025.12.08) нээж байгаа юм. Иргэдээс ирсэн мэдээллийн нууцлалыг хадгалж, эх сурвалжийг хуулийн дагуу хамгаалах аж.

Тус төвд ирсэн мэдээллүүдийг өдөрт нь нэгтгэж, ЗГХЭГ-т хүргүүлэх бөгөөд дүн шинжилгээ хийж, Ерөнхий сайдад танилцуулна. Шаардлагатай тохиолдолд баримт нотолгоо бүхий мэдээллийн мөрөөр хууль хяналтын байгууллагыг ажиллуулахаар болжээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын Захирамжаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэргийг эрс бууруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг төгөлдөршүүлэх, Монгол Улсын авлигын төсөөллийн индексийн оноо, эрэмбэ сүүлийн жилүүдэд тогтмол буурахад нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлж, “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх, төрийн хүнд суртлыг арилгаж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. Тус Ажлын хэсгийн хурал өнөөдөр болж Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцлоо.

Ерөнхий сайд “Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын  гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж гаргаж авлигатай тэмцэх хүсэл зориг, хүчин чармайлт, манлайлал, ил тод байдлыг төгөлдөршүүлж, бүх түвшинд шударга ёсыг эрхэмлэн, авлига, албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг Засгийн газрын гишүүд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, нийт төрийн албан хаагчдад үүрэг болгосон. Авлигын эсрэг үйл хэрэгт Төрийн нарийн бичгийн дарга нар манлайлал үзүүлэх учиртайг анхааруулаад ард иргэдийн эрх ашгийг нэгдүгээрт эрэмбэлж ажиллахыг үүрэг болголоо. Мөн 2026 оныг “Төрийн албаны сахилга, хариуцлагыг дээшлүүлэх жил” болгон зарлана. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэр гаргана гэлээ.

Тус ажлын хэсгийг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ ахалж, яамдын төрийн нарийн бичгийн дарга нар гишүүнээр ажилладаг. Өнөөдрийн хурлаар Авлигатай тэмцэх, авлига, албан тушаалын гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөний явцын мэдээлэл сонслоо. Өнөөдөр авлигын эсрэг олон улсын өдөр тохиож буйтай холбогдуулан тус хуралд Авлигатай тэмцэх газрын удирдлагууд оролцож Улсын Их Хурлаар баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.11.29) Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж, томуу, томуу төст өвчний нөхцөл байдалтай танилцлаа.

Тус эмнэлэгт өнөөдрийн байдлаар 281 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Энэ сарын 22-24-ний өдрүүдэд хоногт 422-438 хүүхэд яаралтай тусламж авахаар ирсэн бол сүүлийн гурав хоногт яаралтай тусламжийн тасагт ирсэн хүүхдийн тоо аажмаар буурч өнгөрсөн шөнө 198 хүүхэд ирж, 58 нь хэвтжээ. Өрхийн эмнэлгүүдийг уртасгасан цагаар ажиллуулах зохицуулалт хийсэн нь дүүргийн эмнэлгийн ачаалал буурахад нөлөөлсөн гэж тус эмнэлгийн удирдлагууд үзэж байна.

Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт хэвтэж буй 281 хүүхдийн 81 хувь нь томуугийн эсрэг вакцин хийлгээгүй хүүхдүүд байна. Тус дүүрэг 344 мянга орчим хүн амтай. Үүний 130 мянга нь хүүхэд. Энэ жил томуугийн эсрэг 27430 вакциныг зорилтод бүлэгт хийжээ. Гэхдээ цаашид вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж эмнэлгийн удирдлагууд онцлов.

Тус дүүрэг хүн ам ихтэй, хүүхдийн өвчлөл өндөр учраас орны тоогоо 100-аар нэмж, 240 ортой болжээ. Нэмэгдүүлсэн 100 орны тухайд нийслэлийн төсвийн 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар эмнэлгийн хуучин барилгад иж бүрэн засвар хийж, өнгөрсөн мягмар гарагт ашиглалтад оруулсан байна. Үр дүнд нь орны хүлээгдэлгүй болжээ. Мөн нэгдүгээр хороололд байрлах хуучнаар Хатанбаатарын гэх эмнэлгийн барилгыг засварлаж байна. Тус эмнэлэг ашиглалтад орсноор дахин 100 ортой хүүхдийн тасагтай болох юм. Ингэснээр дүүргийн эмнэлгийн хэмжээнд хүүхдийн ор 300 гаруй болох юм байна.

Томуу, томуу төст өвчний тархалт улсын хэмжээнд дэгдэлтийн түвшинд байна. Нийт 2304 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 88 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд амьсгалын замын өвчлөл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 67 хувиар нэмэгджээ.

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 28-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Төрийн өмчит зарим компанийн удирдлагуудад хариуцлага тооцохыг чиглэл болголоо

Төрийн өмчит зарим компанид хийсэн хяналт-шинжилгээний дүнгийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. “Эрчист Монгол” ХХК-ийн харьяа төрийн өмчит компаниудыг удирдлага, менежментээр хангах хүрээнд хяналт-шинжилгээ хийжээ.

Хяналт-шинжилгээний мөрөөр холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох, алдаа, зөрчлийг арилгуулах, цаашид харьяа компаниудад хийх хяналт-шинжилгээ, шалгалтыг эрчимжүүлж, үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

“Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн нийт бараа материалын үлдэгдэл 2025 оны зургаадугаар сарын 30-ны байдлаар 37.4 тэрбум төгрөг байна. 2024 онд 1.8 тэрбум төгрөгийн бараа материал хадгалалтын горим алдагдсанаас ашиглалтгүй болсон байна.

Тус станц зуух 2, зуух 4-ийн их засварыг 2024 онд хийхдээ 1.1 тэрбум төгрөгөөр төсөвт өртгийг хэтрүүлжээ. 2024 онд 61.6 сая төгрөгийн бараа материал акталснаас 90% (55.3 сая.төг), 2025 онд акталсан 367.5 сая төгрөгийн бараа материалын 87.2% (320.3 сая.төг) техникийн үзүүлэлт таараагүй, шаардлага хангахгүй болжээ.

“Эрчист Монгол” ХХК-ийн харьяа “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК 2024, 2025 онд шууд гэрээгээр нийт 5.33 тэрбум төгрөгийн шатахуун худалдан авсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан нээлттэй тендерийн шаардлагыг зөрчжээ.

МИАТ ТӨХК-ийн нийт үйл ажиллагааны зардал өмнөх оны мөн үеэс өссөн, харин төлөвлөгөөнөөс доогуур гүйцэтгэлтэй байна. Ажилчдын цалингийн багц зардал есөн тэрбум төгрөгөөр өссөн нь батлагдсан төсвөөс үндсэн болон түр орон тоо хэтэрсэнтэй холбоотой байна.

Эмч, ажилчдын илүү цагийн хөлс, урвалж оношлуурын зардалд Засгийн газрын нөөц сангаас нэг тэрбум 400 сая төгрөг гаргана

Томуу, томуу төст өвчин, амьсгалын замын халдварт өвчний тархалтыг хязгаарлаж, эрсдэл хүндрэлээс сэргийлэх, урьдчилан сэргийлэх ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, эрүүл мэндийн байгууллагуудын эмч, ажилчдын уртасгасан цагаар ажиллах илүү цагийн хөлс, урвалж оношлуурын зардалд нэг тэрбум 400 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөс гаргахаар тогтлоо.

Томуу, томуу төст өвчнөөс урдчилан сэргийлэх, өвчний тархалт нэмэгдэхээс сэргийлэх арга хэмжээ авч, эрүүл мэндийн байгууллагуудыг уртасгасан цагаар ажиллуулах арга хэмжээг зохион байгуулж, шаардлагатай урвалж оношлуураар хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд даалгалаа.

Монгол Улсын хэмжээнд тархвар судлалын 47 дугаар долоо хоногт томуу, томуу төст өвчний тархалт “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд хүрч 10,000 хүн амд 96.7 байна.

Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 82.6 хувийг 15 хүртэлх насны хүүхэд, амьсгалын замын цочмог хүнд халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 63.2 хувийг 0-5 насны хүүхэд эзэлж байна.  Сүүлийн долоо хоногт А(H3N2) вирус дэгдэлт 32.5 хувиар нэмэгджээ.

ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторид томуугийн А(H3N2) вирусийн бүрэн геномийн дараалал тогтоох шинжилгээ хийхэд Англи болон Япон улсад тодорхойлогдож байгаа A(H3N2) subclade K дэд хэв шинжтэй ижил байна. Цаашид нэмэгдэх хандлагатай, хүүхдүүд болон ахмад настнууд илүү өртөж, эмнэлгийн ачаалал нэмэгдэх төлөвтэй байна.

Нийслэлийн хэмжээнд 18 эмнэлэг, эмнэлгийн байгууллагын 2052 орыг хүүхдийн томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээнд зориулж байна.

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд Улсын Их хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Монгол Улсын хувьд ЕАЭЗХ-ны гишүүн орнуудад нийт 367 бараанд гаалийн тарифын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлснээр аж ахуйн нэгжүүдийн орлого нэмэгдэж, хөдөө аж ахуйн салбарын шинэ зах зээлд нэвтрэх боломж бүрдэж, дотоодын бизнес эрхлэгчдийн гадаад худалдааны туршлага, чадварыг сайжруулж, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд түлхэц болно. Мөн Монгол Улсын уул уурхайн бус бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэн, аливаа нэг улсаас хамаарах худалдааны хамаарал багасаж, эдийн засаг төрөлжинө. Энэ нь эдийн засгийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

Хэлэлцээрт хөрөнгө оруулалт, үйлчилгээний худалдаа, банк санхүү, төлбөр тооцоо зэрэг асуудал тусгагдаагүй, зөвхөн барааны худалдааны хүрээнд байгуулахаар тохиролцжээ. Хэлэлцээрийг гурван жилийн хугацаатай байгуулах бөгөөд талууд харилцан тохиролцон тус хугацааг сунгах боломжтой юм байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр УИХ-ын “Асуулгын цаг”-т оролцлоо. Сар бүрийн сүүлийн долоо хоногийн баасан гарагт зохион байгуулдаг “Асуулгын цаг”-аар энэ удаа “Амьжиргааны өртөг” сэдвийн хүрээнд мэдээлэл сонсож, мэтгэлцээн өрнүүлэв. Хуралдааны дэгийн дагуу АН-ын бүлгийн дэд дарга Б.Жаргалан Ерөнхий сайдаас эдийн засаг дахь төрийн өмчийн оролцоо, төрийн өмчит компаниудын хувьчлал, амьжиргааны өртөг, хэрэглээний үнэ тэр тусмаа хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэг сэдвийн хүрээнд үндсэн асуултуудыг тавьж, хариулт авсан юм.

Тухайлбал, “Иргэдийн орлогын өсөлт үнийн өсөлтийг гүйцэхээ байлаа. Засгийн газраас богино хугацаанд айл өрхийн өдөр тутмын зардал, амьжиргааны өртгийг бууруулах талаар ямар тодорхой шийдэл хэрэгжүүлж байгааг нэрлэнэ үү?” гэсэн асуултад Ерөнхий сайд Г.Занданшатар хариулахдаа “Засгийн газар хүнд нөхцөлд ажилласан. Гадаад зах зээл дээр манай экспортын гол бүтээгдэхүүнүүдийн үнэ бараг хоёр дахин унасан, төсвийн орлого тасарч, шатахууны хомсдол үүссэн гээд биднээс шалтгаалахгүй олон сорилтыг Засгийн газар давж, амжилттай ажиллаж байгаа. Засгийн газар гадаад зах зээлийн нөхцөл болон төсөвт учирч байгаа хүндрэлийг даван туулахын тулд, ард түмний нуруун дээр ачааллыг үүрүүлэхгүй гэж үзэж төсөвт тодотгол хийсэн. Түүхэнд анх удаа улсын төсвийн зардлыг 2.2 их наяд төгрөгөөр танаж, үрэлгэн зардлыг багасгаснаараа хөөсөрсөн төсвийг зөв голдиролд нь оруулсан. Ингэснээрээ 4000 төгрөгт хүрэх тооцоололтой байсан долларын ханш өнөөдөр 50-60 төгрөгөөр буураад байна. Төсвийн алдагдлын 2.2 их наядаар танаагүй бол инфляц 14-15 хувьд хүрэх байсан. Бид ард иргэдийн халааснаас хулгайлдаг инфляц, үнийн өсөлтийг хязгаарлахын тулд төрийн данхайсан бүтцийг танаж, төсвийн хэмнэлт хийсэн. Авлига хулгайтай тэмцэх ажлын үр дүнд 300 гаруй хэрэг шүүхэд шилжиж байна. Энэ бүхний үр дүнд төсвийн дотоод үр ашиг нэмэгдсэн. Найм, есдүгээр сард төлбөрийн дотоод тэнцэл анх удаа дараалан 70 сая доллар, 240 сая долларын ашигтай гарч, гадаад валютын ханш тогтворжиж, валютын нөөц анх удаа 6 тэрбум долларт хүрлээ. Энэ бүхэн бол иргэддээ чиглэсэн бодлогын үр дүн” гэлээ.

“Импортлогч бус үйлдвэрлэгч улс болно гэж ярьдаг. Атрын аян, “Цагаан алт”, “Шинэ хоршоо” гэх мэт олон хөтөлбөр хэрэгжсэн. Бодитоор яаж үндэсний үйлдвэрлэлээ дэмжих вэ?” гэсэн асуултад “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд ноолуурын салбар сэргэсэн. 247 сая долларын самнасан ноолуур гаргаж байна. Тэр хэмжээгээр эмэгтэй ажиллах хүчний тоо нэмэгдэж байгаа. Нэг шат ахивал утас үйлдвэрлэдэг болно. Улмаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болох юм бол ухдаг шар алт биш ургуулдаг цагаан алт ноос ноолуураа дэлхийн валют болгож гаргах бололцоотой. Дотоодын самнах хүчин чадал 100 хувьд хүрч байна.

Хүнсний хувьсгалын үр дүнд 56 шинэ үйлдвэр байгуулагдсан. Энэ үйлдвэрийн тоог 100-д хүргэж, эхний ээлжид хүнсний бүтээгдэхүүнээ дотооддоо бүрэн хангадаг болчихвол иргэдийн амьжиргаанд тустай хэмээн хариуллаа.

“Асуулгын цаг”-т парламент дахь сөрөг хүчин болон олонхийн бүлгийн гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авсан. Ерөнхий сайд Г.Занданшатар “Асуулгын цаг” буюу парламентын мэтгэлцээнээр шийдэл ярьдаг, түүнийгээ бодлого, шийдвэрт тусгадаг байх ёстой гэдэг зарчмын байр суурь илэрхийлж, УИХ-ын гишүүдийн асуултад тодорхой хариулт өгсөн. Үүнд,

  • Эрчим хүчний салбарын либералчлалыг үе шаттай хэрэгжүүлэх шаардлагатай. Ингэхдээ шат шатанд байгаа авлигыг арилгахгүй бол үр дүнд хүрэхгүй. Шатыг дээрээс нь эхэлж цэвэрлэх ёстой.
  • Орон сууцны ипотекийн бодлогыг хэрэгжүүлэхдээ зах зээлийн эрэлтээс гадна нийлүүлэлтийг сайжруулж, ган болон цементийн үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлнэ. Орон сууцжуулалтын банк байгуулж, эрэлт, нийлүүлэлт хоёрыг дэмжсэн, орлогод нийцсэн орон сууцыг барьж байгуулах хэрэгтэй байгаа. АНУ, Сингапур зэрэг дэлхийн олон оронд Орон сууцжуулалтын банк тусдаа механизм болж хэрэгжиж байгаа.
  • Сүүлийн 30 орчим жилд өрхийн зарлага бодит орлогоосоо өндөр байсан. Цар тахлын үед хэрэглээ хумигдсантай холбоотойгоор зардал буурч, орлого үл ялиг давсан тооцоолол гарсан. Орлого давж байж хүн хуримтлалтай болно. Хуримтлалтай байж амьдралын нөхцөлөө сайжруулах бололцоо бүрдэнэ.
  • Амьжиргааны үнийн өртийг түүврээр сонгож авсан 10 мянган өрхийн хэрэглээний багцыг судалж, тэндээс 430 гол нэр, төрлийн бараа, үйлчилгээний үнэд ОУВС-гийн аргачлалаар инфляцыг тооцдог. 2019 оноос хойш хүнсний бүтээгдэхүүний үнэ хоёр дахин нэмэгдсэн. Манай улсын хувьд мах, гурилын үнэ үүнд голлох нөлөөтэй.
  • Төрийн өмчит компаниудыг нээлттэй хувьцаат компани болгох ажил үргэлжилж байгаа. Үүнд хугацаа шаардагдаж байна. Тухайлбал, тухайн компани гурван жил алдагдалгүй ажилласан байх, олон улсын байгууллагаар аудитлагдсан байх ёстой, аудит хийхэд зургаан сарын хугацаа орно гэх мэтээр цаг хугацаа шаардсан ажлууд байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар гишүүдийн асуултад ийнхүү хариулж, эдийн засгаа сэргээх, иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулан, Засгийн газраас ирэх долоо хоногт Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг УИХ-д өргөн барих гэж байгааг хэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв болон БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа.

Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт сүүлийн 24 цагт 538 хүүхэд иржээ. Үүний 80 хувь нь тав хүртэлх насны хүүхэд байна. Яаралтайгаар ирж буй дийлэнх хүүхдэд өндөр халуурсан, гүйлгэсэн, суулгасан, бөөлжсөн зэрэг шинж тэмдэг илэрчээ. Эмнэлгийн ачаалал энгийн үеэс хоёр дахин нэмэгдсэн байна.

Томуугийн дэгдэлтийн үе тул нэг ээлжид 14 эмчийг хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт ажиллуулж байна. Гэсэн хэдий ч хүлээгдэл их байгааг иргэд хэлж байна. Эмнэлэг дамжин дугаарлаж явснаас үүдэж хүүхэд шокын байдалд орох, татах зэрэг тохиолдол их байгаа учраас ирсэн хүүхдүүдийг аль болох буцаахгүйгээр коридорт ор дэлгэж авч буйг тус төвийн эмч нар учирлалаа. Өнөөдрийн байдлаар тус эмнэлэг коридортоо 20 ор дэлгэжээ.

6 хүртэлх сартай нярай хүндрэх нь элбэг байна. Гүйлгэж, бөөлжсөн, амьсгалын дутагдалд орж хүндэрсэн тав хүртэлх насны 14 хүүхэд эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Тэдний 11 нь ой хүрээгүй нярай хүүхэд байна.

БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн ачаалал ч мөн адил 2 дахин нэмэгджээ. БЗД 430 гаруй мянган хүн амтай. Нийт хэвтэн эмчлүүлэгчдийн 85 хувь нь хүүхэд байдаг. Өнөөдрийн байдлаар 252 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Тус эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт өнгөрсөн шөнө 417 хүүхэд иржээ. Хоногт 242 хүүхэд ирдэг байсан бол ачаалал сүүлийн 24 цагт хоёр дахин нэмэгдсэн учир эмч, ажилчдын тоог 2-4 дахин нэмэгдүүлжээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар 48 цагийн дотор ачаалал багатай эмнэлгүүдээс эмч нарыг дайчлах, АШУҮИС-тай хамтарч, резидент эмч нарыг ажиллуулахыг үүрэг болголоо. Мөн амбулаторийн цагийг сунгаж ажиллуулах, амбулатори дотор тусгай түр өрөө нээж, зөвхөн хүүхдүүдэд үйлчлэх зэргээр ээлжийн зохицуулалтыг шуурхай хийх зэргээр оргил ачааллын үе буюу 12 дугаар сараас өмнө нөхцөл байдалдаа тохируулж уян хатан зохицуулалт хийхийг санууллаа. Түүнчлэн ханиад, томуугийн гол шинжилгээ, тариа, эмчилгээний зардлыг ЭМД-д бүрэн хамруулах асуудлыг судлан танилцуулахыг холбогдох албаныханд даалгав.

Энэ жил томуугийн А хүрээний H3N2 вирус, амьсгалын замын синцитиаль вирус дэгдэж байгаа юм байна. Томуу, томуу төст өвчлөл өнгөрсөн 7 хоногоос 4 хувиар нэмэгдсэн төдийгүй нийт амбулаторийн үзлэгийн 10 хувийг эзэлж байна. Томуу, томуу төст өвчин Улаанбаатар хотод алаг цоог дэгдэлттэй, эмнэлгүүдэд ачаалал нэмэгдсэн. Харин улсын хэмжээнд томуугийн идэвхжил нэмэгдэж буйг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Хүүхэд унтаарах, зовуурьтай тухгүй байх, уйлагнах, ойр ойрхон гүйлгэж, бөөлжих, 3-4 цагийн зайтай өндөр халуурвал яаралтай эмнэлэгт хандахыг зөвлөлөө. Дур мэдэж эм өгөхгүй байх, интернетээс зөвлөгөө авахгүй байхыг эмч нар онцгойлон анхааруулж байна.

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.

Тавигдах болзол, шаардлага:

  • төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
  • зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
  • зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
  • Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
  • Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
  • Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
  • Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
  • Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.

Материал хүлээн авах:

  • Хугацаа: 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 17.30 цаг хүртэл
  • Хүлээн авах хаяг: Narangua.G@cabinet.gov.mn  цахим шуудангаар
  • Холбоо барих утас: 51-260330

Шилжүүлэх, сэлгэн авах ажлын байрны  жагсаалтыг ЭНД дарж харна уу. /Гүйцэтгэх/

 

Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тухай хуулийг УИХ-аас баталсантай холбогдуулан Шадар сайд Х.Ганхуяг, Сангийн сайд Б.Жавхлан, Боловсролын сайд П.Наранбаяр, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Сангийн сайд Б.Жавхлан “Төсөв хуулийн хугацаандаа батлагдлаа. Засгийн газраас өнгөрсөн есдүгээр сарын 1-нд өргөн барьсан төсвийн төсөл УИХ дээр цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн тодорхой хэмжээний өрөчлөлт орсон ч зарим макро үзүүлэлт илүү сайжирсан. 2026 оны улсын төсөв нь тэлэлтийг тодорхой хэмжэгээр хязгаарлаж, ДНБ болон эдийн засгийн өсөлтөд эзлэх хувийн хэвшлийн орон зайг тэлэх, баялаг бүтээгчдийг бодитой дэмжиж байгаагаараа онцлогтой. 2026 оны төсвийн төслийг боловсруулахдаа Засгийн газар 180 гаруй иргэнээс санал авч, улсын төсөвт тодорхой хэмжээнд тусгаж УИХ-д өргөн барьсан. УИХ төсвийн төслийн гол үзэл баримтлалыг хэвээр баталлаа” гэв.

2026 онд эдийн засгийн өсөлт 5.7 хувь байхаар, ДНБ 102 их наяд төгрөгт хүрэхээр гол өөрчлөлтөө хадгалж чадсан. Өөрөөр хэлбэл, 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг хангахад төсөв чиглэгдэж, УИХ-аар батлагдлаа. Монгол Улсын 2026 оны төсвийн алдагдлын хэмжээг 1.5 их наяд байсныг 1 их наяд болгон бууруулж баталсан.. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.9, урсгал зардал 24.9, хөрөнгийн зардал 8.6 их наяд төгрөг байх үндсэн үзүүлэлтүүд өөрчлөгдөөгүй. 2026 оны төсөв УИХ-д өргөн баригдсанаас хойш УИХ-ын ажлын хэсэг дээр гарсан саналын дүнд салбаруудад орсон өөрчлөлтийн нийт дүн 1 их наяд 351.3 тэрбум төгрөг. Үүнээс 884.1 тэрбум нь цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэхэд зориулагдана.

Хөрөнгө оруулалтын зардлын өөрчлөлт 382.1 тэрбум төгрөг. Төсвийн одоо байгаа урсгал зардал болон хөрөнгө оруулалт дээр зохицуулалт хийж, нэг зардал нөгөө рүү шилжиж байгаа гэсэн үг. Тэгэхээр инфляц дээр ирэх дарамт нь маш бага байна. Хэрэв эдгээр дүнгээр суурь зардлууд огцом шинээр нэмэгдсэн бол инфляцид сөрөг дарамт ирэхээр байлаа. Хасвал нэмнэ, нэмбэл хасна гэдэг зарчмаар ажиллаж, Засгийн газраас өргөн барьсан төслийг муутгаагүй, харин ч зарим голлох үзүүлэлт сайжирч сайн төсөв батлагдлаа. Ирэх арванхоёрдугаар сарын 5 гэхэд орон нутгийн төсвүүд батлагдах ёстой. Шинэ он эхлэхэд шинэ төсвийн хуулиараа төрийн байгууллагын санхүүжилт хэвийн хийгдээд явна гэж Сангийн сайд онцлов.

Улсын ирэх оны төсвийн хэлэлцүүлэг амаргүй нөхцөлд өрнөснийг бид бүгд харсан. Ажил хаялт, цалин тэтгэвэр нэмэх нийгмийн шаардлагад үндэслэн анх өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд зохих өөрчлөлт оруулсан. Эдгээр өөрчлөлтийг хийхийн тулд бүх Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийг 12.7 хувиар жигд танасан. Энэ хасагдсан, хэмнэгдсэн, өөрчлөгдсөн зүйлүүд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхэд зарцуулагдана. Хүүхдийн мөнгө, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, онцгой байдлын салбарын төсвөөс огт хасаагүй, хөндөөгүй гэдгийг Шадар сайд Х.Ганхуяг хэллээ.

Ахмадуудын тэтгэврийг хуульд заасны дагуу инфляцын төвшинтэй уялдуулж 8.6 хувиар нэмэхээр баталсан. Засгийн газраас тэтгэвэр нэмэх аргачлалыг боловсруулж батлахдаа бага тэтгэвэртэй ахмадуудын тэтгэврийг илүү нэмэх чиглэл баримтална гэдгийг Т.Аубакир сайд онцлов. Багш нарын цалинг нэмэхдээ салбарын ажилтнуудын цалинг орхигдуулахгүй гэдгийг сайд П.Наранбаяр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа тодотголоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.11.14/ Татварын ерөнхий газарт ажиллалаа. Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран татварын орлогын гүйцэтгэл үйл ажиллагааны хэрэгжилтийг танилцууллаа. Тэрбээр, 2025 онд 17 их наяд 940 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 14 их наяд төгрөг төвлөрүүлсэн гээд татварын өр хураах үйл ажиллагааны явц, болон шинэчлэлийн талаар танилцууллаа. Тухайлбал, хиймэл оюун, өндөр технологи ашиглан татвар төлөгчийн бүртгэл, хамрагдалтыг сайжруулж эхэлжээ. Татварын байцаагч нар татвар төлөгчдөд зөвлөн туслах үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж буй талаараа онцолсон юм.

Ерөнхий сайд Г.Занданшатар татварын шинэчлэл хийх, орлого төвлөрүүлэх талаар үүрэг, чиглэл өглөө. Тэрбээр, Татварын ерөнхий газрын шинэ удирдлага татварын реформыг хэрэгжүүлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюун ашиглаж хүний оролцоо багатай, хөндлөнгийн нөлөөгүйгээр ажиллах шаардлагатай. Төсвийн тухай хуулиар хүлээсэн орлогын төлөвлөгөөг бүрэн биелүүлэх, тогтолцооны шинэчлэл хийж, зөвлөн туслах үйлчилгээг төлөвшүүлэх, технологи ба тоон шинжилгээг нэвтрүүлэх, орлого бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх, НӨАТ-ын буцаан олголтын шинэчлэлийн бэлтгэл ажлыг хангахыг үүрэг болгов.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж татварын орлогын төлөвлөгөөг 3.7 их наяд төгрөгөөр бууруулсан. Татварын алба нь хуулиар батлагдсан 17.9 их наяд төгрөгийн орлогын төлөвлөгөөг ямар ч нөхцөлд бүрэн биелүүлж ажиллах шаардлагатай. Татварын албаны бодлогыг шийтгэх төвтэй биш, урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах, хамтран хөгжүүлэх зарчимд шилжүүлэх ёстойг онцоллоо. Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг саатуулахгүй, хэвийн үргэлжлэх нөхцөлийг хангах, бизнесээ өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татахад тушаа болж буй бүх шатны хүнд суртлыг халах, татварын эрсдэлийн үнэлгээг дэмжих, чадавхжуулах үйлчилгээтэй уялдуулахыг сануулав.

2025 оны 10 дугаар сарын 31-ний байдлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого төлөвлөснөөс 1,6 их наядаар буурсан. Татварын албаны орлогын гүйцэтгэл 13,2 их наядаар төлөвлөснөөс үндсэндээ бараг 4,4 их наядаар бага байна. Тиймээс орлого буурсан шалтгаан, нөлөөлөгч хүчин зүйлсийг Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулахыг даалгав. Татварын орлогын тооцоолол, хураалт, төлөвлөлт зөрж байгаа учир шалтгааныг тогтоож, шийдэл, арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж танилцуулахыг албан тушаалтнуудад үүрэг болголоо. Аж ахуйн нэгжүүдийн татварын өрийн асуудлыг шийдэхдээ аж ахуйн нэгжүүдийг эдийн засгийн эргэлтээс гаргалгүй уян хатан, шуурхай шийдэх, өр үүсгэсэн нь хождоггүй шударга тогтолцоо бүрдүүлэх, нэгэнт ногдуулсан татварыг төлүүлэх хөшүүрэг, торгууль, нөхөн төлбөрийн оновчтой системтэй болгох үүрэг өгөв. Хуримтлагдсан өр, авлагыг барагдуулсан татварын байцаагчийг урамшуулах буюу гүйцэтгэлд суурилсан цалин хөлсний тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатайг Ерөнхий сайд онцоллоо.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2025 он.