-СОР17 БАГА ХУРАЛ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ-

Цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар дэлхийн 197 орны зочид төлөөлөгчид оролцож буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өнөөдөр нээлтээ хийж, Монгол Улсын төрийн далбаа, НҮБ-ын далбааг мандуулах ёслол боллоо.

Нээлтийн ажиллагааг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нээж хэлсэн үгэндээ, “Бид дэлхий гэх нэгэн гэр оронтой нэгэн гэр бүл. Та бид хэл соёл, үндэс угсаа, шашин шүтлэг өөр боловч эх дэлхийдээ энх мөнх орших хүсэл зорилго нэг билээ. Монгол Улс шиг далайд гарцгүй хөгжиж буй орны хувьд ногоон шилжилт нь бидний эдийн засгийг боомилж буй суурь асуудал болох түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах гарц юм” гээд “Шинжлэх ухаан, технологи, инновацыг бодит шийдэл, бодит хөрөнгө оруулалт болгон хувиргахыг уриалж байна” хэмээлээ.

Өнөөдөр дэлхийн хуурай газрын 40 хувь нь доройтолд өртсөн бөгөөд өргөн уудам нутагтай Монгол Улсын хувьд эрсдэл өндөр. Тиймээс энэхүү сорилтыг шийдвэрлэхийн тулд хоёр долоо хоног үргэлжлэх бага хурлаар дэлхийн 197 орны төлөөлөгчид хамтран газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх, цөлжилттэй тэмцэх зорилтыг бодит үйл хэрэг болгохын төлөө нэгдэх юм.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны дэд хорооноос бага хурлын харилцаа холбоо, мэдээллийн технологийн систем, кибер аюулгүй байдлыг хариуцан ажиллаж байна.

Энэ хүрээнд:

-Дотоодын болон олон улсын харилцаа холбооны сувгийг тасралтгүй байлгах

 -Хэвлэл мэдээллийн шууд дамжуулалтын техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдал

-Бага хуралд ашиглах видео, аудио системүүдийг бэлтгэх, шууд дамжуулалтын ажлын бэлэн байдал

-Цэнхэр болон Ногоон бүсийн өндөр хурдны интернэтийн холболт

-Оролцогчдын бүртгэл, мэдээллийн систем-Веб платформ

-Оролцогчдын бүртгэл, мэдээллийн систем-Гар утасны аппликейшн

Кибер аюулгүй байдлыг хангах хүрээнд:

-Хурлын үеийн серверийн орчин, файлын сангийн аюулгүй байдлыг хангах

-Мэдээллийн систем, сүлжээний аюулгүй байдлыг хангах

-Кибер халдлага, мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Бага хурлын хүрээнд ЦХИХХЯ-наас хоёр томоохон арга хэмжээг зохион байгуулна. Тодруулбал, 2026 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “Ногоон хиймэл оюун, дижитал шилжилт болон шинжлэх ухаан” сэдэвт тусгай арга хэмжээг Мэдээллийн технологийн үндэсний парк, Шинжлэх ухааны академи, И Монгол академитэй хамтран “Монгол Улсын өргөө”-нд зохион байгуулах юм.

Түүнчлэн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин “Хиймэл оюунд суурилсан “Ногоон дата төв”-ийн төслийг 2026 оны 08 дугаар сарын 25-нд танилцуулна.

Монгол Улс хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв”-ийг хөгжүүлснээр:

-Дижитал бие даасан байдал буюу Монгол Улс өгөгдөл хадгалалт, хиймэл оюуны тооцоолол, дижитал үйлчилгээний үндсэн дэд бүтцээ дотооддоо бий болгох

-Монголын давуу талыг эдийн засгийн боломж болгох, сэрүүн уур амьсгал, нар салхины арвин нөөц, өргөн газар нутаг, стратегийн байршлыг дата төвийн хөгжлийн давуу тал болгон ашиглах

-Бүс нутгийн шинэ төв. Зөвхөн дотоодын хэрэгцээг хангах бус, олон улсын технологийн компани, хөрөнгө оруулагчдыг татаж, Зүүн Хойд Азийн AI сургалт, өндөр хүчин чадлын тооцоолол, өгөгдөл хадгалалтын төв болох зорилтыг тус, тус хэрэгжүүлнэ.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын онцгой комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах, 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг бүрэн хангах хүрээнд 21 аймагт ажиллав. Улмаар, 2027 оны улсын төсөвт тусгах шаардлагатай байгаа хүсэлтүүдийг хүлээн авч, зарим томоохон асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэхээр ажиллалаа.

Энэ хүрээнд өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт, отор нүүдэл, малын эрүүл мэнд, усан хангамж, эрчим хүч, дулаан хангамж, түлш шатахууны нөөц, зам даваа, гүүрийн бэлэн байдал, гамшгаас хамгаалах хүн хүч, техник хэрэгслийн чадавх зэрэг өвөлжилтийн бэлтгэлийн үндсэн үзүүлэлтүүдийг газар дээр нь шалгаж, аймаг бүрийн бодит нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг тодорхойлон ажиллав.

Шадар сайд Н.Номтойбаяр орон нутагт ажиллах үеэрээ аймаг, сумын удирдлагуудад тулгамдсан асуудлыг эрсдэл үүсэхээс өмнө тодорхойлж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийдвэрлэхийг үүрэг болголоо.

“ЧӨЛӨӨЛЬЕ” БОДЛОГЫГ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛД БОДИТОЙ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын “ЧӨЛӨӨЛЬЕ” үндэсний санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлого нь төрийн хүнд суртал, илүүц шат дамжлага, давхардсан зохицуулалтыг бууруулж, иргэн, хувийн хэвшил, орон нутагт эрх мэдэл, боломж олгох чиглэлтэй.

Тиймээс өвөлжилтийн бэлтгэлийг хангахдаа “төр бүхнийг шийднэ” гэсэн хандлагаас татгалзаж, улсын төсөв харалгүй, орон нутгийн төсвийн эрх мэдлийг үе шаттай нэмэгдүүлж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хяналттайгаар хэрэгжүүлдэг байх зарчмыг Монгол Улсын Засгийн газар баримталж байна. Энэ хүрээнд ирэх жилээс эхлэн АМНАТ-ын 10 хувь нь орон нутагтаа үлдэж, шаардлагатай зарим хөрөнгө оруулалтын ажлаа аймгууд өөрсдийн төсвөөрөө шийддэг болох юм.

ОРОН НУТАГТ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДЫГ ТОЙМЛОВОЛ: 

-Өвс, тэжээл бэлтгэхэд орон нутгийн болон хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх

-Түлш шатахууныг урьдчилан бүрдүүлэх

-Дулаан, эрчим хүчний найдвартай байдлыг хангах

-Зам, даваа, гүүрийн засвар арчлалтыг төр, хувийн хэвшлийн хамтын оролцоотойгоор шийдвэрлэх

-Отор нүүдэл, бэлчээр ашиглалтын зохицуулалтыг орон нутаг хоорондын уялдаатай хийх

-Гамшгийн үед ашиглах техник, тоног төхөөрөмжийн нөөцийг нэмэгдүүлэх

-Төрийн байгууллага хоорондын өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэх

-“Чөлөөлье” бодлогын гол зарчим болох төр хувийн хэвшлийн хамтын оролцоог орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх

-Орон нутгуудыг хөгжихөд чөдөр тушаа болж буй хууль, эрх зүйн орчныг шинэчилж, санхүүгийн эрх мэдлийг шат дараатай нэмэгдүүлэх

-Гамшгийн эрсдэлийг зөвхөн хариу арга хэмжээ бус урьдчилан сэргийлэх тогтолцоонд суурилдаг байх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх

– Олон жил царцанги байсан чөлөөт бүсийг хууль, эрх зүйн хүрээнд дэмжиж, бодитоор хөгжүүлэх нь орон нутгийн хөгжлийн тулгуур болох юм.

ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ЦААСАН ТАЙЛАНГААС ИЛҮҮТЭЙ ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХ НЬ ЧУХАЛ

Улсын хэмжээнд хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан зарчмаар зохион байгуулж, хүн, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, байгаль орчин, уул уурхай, үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтцийн салбарын хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг Улсын Онцгой комиссын даргын 03 дугаар тушаалын хүрээнд шалгалаа.

Хяналт шалгалтын зорилго нь зөвхөн зөрчил илрүүлж, торгууль ногдуулах бус зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгах, дахин гарахаас урьдчилан сэргийлэх, иргэн, аж ахуйн нэгжийг стандарт, хууль тогтоомжийн шаардлагыг биелүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэв.  Цаашид Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын зүгээс 21 аймгийн өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг эрсдэлийн түвшинд үндэслэн хяналт тавьж, бэлтгэл хангалтгүй байгаа асуудал бүрийг хугацаатай үүрэг даалгавраар шийдвэрлүүлж, хэрэгжилтийг газар дээр нь дахин шалган ажиллана.

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.12/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно  

Ерөнхий сайдын зүгээс төслийг эрчимжүүлэх үүргийг Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд өгч, салбарын уялдаа холбоог сайжруулж, нэгдсэн удирдлагаар хангахыг үүрэг болголоо.  2026 оны 9 дүгээр сард ашиглалтад орох уг төмөр замын зурвас газартай давхцаж байгаа иргэн, ААН-ийн эзэмшил газрыг чөлөөлөх, обьектыг нүүлгэн шилжүүлэх, цахилгаан дамжуулах болон түгээх шугам, дэд станцыг хамгаалах, шилжүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллана.

Энэхүү төмөр зам нь Багахангай өртөөнөөс салаалан Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндий болон мөн аймгийн Алтанбулаг сумаар дамжин Эмээлт өртөөнд холбогдоно. Төмөр замын бүтээн байгуулалтыг “Монголын төмөр зам” ТӨХК нь 2 үе шаттай хэрэгжүүлж байна.

-2025.04.25-нд эхэлсэн Багахангай өртөөнөөс Хөшигийн хөндий хүртэлх 87.8 км төмөр замын барилга угсралт, 5 байршилд баригдаж буй гүүрэн байгууламж, ус өнгөрүүлэх хоолойн ажлууд 100%, төмөр замын дээд бүтцийн угсралтын ажил 86.6 %-ийн гүйцэтгэлтэй.

-2026 онд эхэлсэн Хөшигийн хөндийгөөс Эмээлт өртөөнд холбох газар шорооны ажил 48.2 хувьтай үргэлжилж байна.

Төслийн бүтээн байгуулалтад дотоодын 95 ААН, 4,000 гаруй инженер, техникийн ажилчид оролцож, III зэрэглэлийн ачаа, зорчигч тээврийн зориулалттай 127.1км гол зам, 177.4км дэлгэмэл урт бүхий, 3 зөрлөг, 4 өртөө барьж, байгуулахаар төлөвлөжээ.

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална 

Монгол Улсын Засгийн газар шатахуун, түлштэй холбоотой богино, дунд, урт хугацааны төлөвлөгөө гарган ажиллаж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ОХУ, БНХАУ, БНСУ-аас авах шатахууны нийлүүлэлтийн дүн мэдээ болон Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тосны үйлдвэрийн тулгамдаж буй асуудал, хууль тогтоомжийн гацааг арилгах чиглэлээр холбогдох сайд нарт үүрэг өглөө.

Тухайлбал,

-Газрын тосны үйлдвэрийн татвар өр төлбөртэй холбоотой үүсэх харилцаа, зээлийн шугам, хэмжээг нэмэгдүүлэх

-Төслийг үйлдвэр технологийн парк хэлбэрээр хөгжүүлж үйл ажиллагааг нь жигд, хурдацтай явуулах

-Үйлдвэрийн бүтээн байгуулалт, талбайг дотоодын цэргийн хамгаалалтад авах

-Үйлдвэрт ажиллах алба хаагчдыг мэргэшүүлэх, сургах төлөвлөгөө, тооцоо гаргахыг Эдийн засаг, хөгжлийн сайд болон Боловсролын сайдад үүрэг болгох

-Иргэдийг үнэн зөв мэдээллээр хангах, үр дүнг нээлттэй, үнэн бодитоор мэдээлэх

-Үйлдвэрээс ирүүлсэн зөвшөөрөл, бусад албан бичгийн хариуг холбогдох албаныхан яаралтай өгөх зэрэг 14 асуудлыг шийдвэрлэж, долоо хоног бүр хэрэгжилтийг хянаж явна гэв. Үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 гаруй хувьтай, 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.

Ерөнхий сайд Н.Учрал, “Монгол Улс газрын тосны салбарт эрэл хайгуул, олборлолтоо эрчимжүүлнэ. Импортын хараат байдлыг бууруулах бодлогын хүрээнд Газрын тосны үйлдвэрийг Ерөнхий сайдын бүрэн хяналтад авч, сар бүр тулгарсан асуудлыг би өөрөө шийдвэрлэж ажиллана. 2028 онд ашиглалтад оруулахын төлөө хамтраад ажиллацгаая” гэж хэллээ.

Мөн газрын тос, шатахууны нөөцийн агуулах сав барих 21 ААН-ийн 26 төсөлд Монголбанкнаас 360 гаруй тэрбумын зээл гаргасан бөгөөд 23 өдрийн нөөцийг бүрдүүлэх агуулахын ажлын явцын талаар мэдээлэл сонслоо. Ерөнхий сайд шаардагдах албан бичгийг эс үйлдэхүй гаргаж гацаахгүй байх, төслүүдэд олгогдох санхүүжилтийг тухай бүр мэдээлж, шийдвэрлэх, дууссан төслийг Улсын комисс шуурхай хүлээн авах, стандартыг мөрдүүлэх үүргийг тус, тус өглөө.

Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ

Засгийн газрын холбогдох хууль, тогтоолуудад нэмэлт өөрчлөлт оруулж, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл”-ийг дахин сэргээх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.

Замын хөдөлгөөний аюулгүй байдал нь зөвхөн нэг улсын асуудал биш юм. Зам тээврийн ослыг бууруулах, нас баралт болон хүнд гэмтлийг бууруулах НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоол, 1968 онд Вена хотод гаргасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай конвенц” зэрэг олон улсын баримт бичгүүдийг бодитоор хэрэгжүүлэх, дотоодын бусад хууль тогтоомж, салбар хоорондын уялдааг сайжруулах чиглэлээр ажиллах орон тооны бус зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал даргална. Дэд даргаар Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Моод оф Монголиа” төслийн санаачлагч, үүсгэн байгуулагч Б.Болд нар ажиллах юм.

Зөвлөлийн гишүүдээр Сан, Боловсрол, Хуульзүй, дотоод хэрэг, Эрүүл мэнд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд нараас гадна Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн газрын дарга нар, Нийслэлийн Засаг дарга,  МҮОНТ-ийн захирал, Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал зэрэг 10 гаруй албан тушаалтан ажиллана.

Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар байгуулагдсан орон тооны бус зөвлөлийн үйл ажиллагаа зогсчихсон байсан. Нэг ч удаа хуралдаагүй. Энэхүү зөвлөлийг дахин ажиллуулна. Сүүлийн 5 жилд 312 хүүхэд зам тээврийн ослоор амиа алдаж, 3,861 хүүхэд гэмтжээ. Жилд дунджаар 835 хүүхэд ослын хохирогч болж байна. Эрх бүхий байгууллагууд жил бүр нөлөөллийн аян хийж байгаа ч осол, эндэгдэл буурсангүй. Иргэн бүрийн хариуцлагыг нэмэгдүүлэх, илүү үр дүн гаргадаг тогтолцоонд шилжихийн тулд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөвлөл” ажиллана. Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөл хамтраад цаасан дээр хуралддаг бус зам дээр үр дүн гаргая. Соёлын зөв хандлага гаргаж буй иргэний нийгмийн төлөөллийг зөвлөлд урьж ажиллуулж байна” хэмээлээ.

Сүүлийн 5 жилд Монгол Улсад 127,389 мянган зам тээврийн осол бүртгэгдэж, 2,738 хүн нас барсны 312 нь хүүхэд байсан. 5.4 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан гэв. Монгол Улсын 100,000 хүнд ноогдох зам тээврийн ослоор нас барсан хүний тоо 2021 онд 12.4% байсан бол 2025 онд 21-д хүрч, дэлхийн дунджаас өндөр байгааг бууруулах чиглэлд орон тооны зөвлөл ажиллана гэлээ.

Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө

“Засгийн газрын үндэсний хороо, комисс, Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 21 дүгээр тогтоолд нэмэлт оруулж, “Хиймэл оюуны үндэсний зөвлөл” байгуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.

Монгол Улс “Алсын хараа-2050” үндэсний хөгжлийн бодлогын баримт бичиг, Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт их өгөгдөл, хиймэл оюуны чиглэлээр 30 гаруй арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ. Гэвч, “Оксфорд Инсайтс” байгууллагаас жил бүр гаргадаг “Хиймэл оюун ухааны бэлэн байдлын индекс”-ээр Монгол Улс 2024 онд 188 орноос 98-д эрэмбэлэгдсэн ч “стратеги төлөвлөлт, бодлогын баримт бичигтэй эсэх” гэсэн чиглэлд “0” оноо авсан нь үндэсний хэмжээний стратегийг боловсруулах шаардлагатайг илтгэж байгаа юм.

Зөвлөлийг байгуулснаар, хиймэл оюунд суурилсан санаачилгуудыг салбар бүрт нэвтрүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээг экспортолж, дижитал эдийн засгийн өсөлтийг хурдасгах боломж бүрдүүлнэ.

Зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал тэргүүлэх бол Дэд даргаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны болон Боловсролын сайд нар ажиллана. Гишүүдээр, Сангийн болон Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд нар болон бусад яамдын Төрийн нарийн бичгийн дарга нараас гадна үндэсний хиймэл оюуны мэргэжлийн холбоодоос өөрсдийнх нь санал хүсэлтэд тулгуурлан гишүүнээр ажиллуулна.

Тухайлбал, “Үндэсний хиймэл оюуны мэргэжлийн зөвлөл” ГҮТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, гишүүд, “Могул” группын Технологи хариуцсан захирал, “Блак лабс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, “Мэдээллийн технологийн захирлуудын клуб” (CIO club)-ын захирал, “Вояажир AI” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирлууд тохиролцоогоор ажиллах юм.

Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /КОП17/ болно. Энэхүү олон улсын хуралд Монгол Улсын цөлжилт, газрын доройтлын өнөөгийн төлөв байдлыг танилцуулах албан ёсны шинжлэх ухааны баримт бичиг болох “Монгол орны цөлжилтийн үндэсний тайлан” /атлас/-г шинэчлэн боловсруулсныг Засгийн газрын хуралдаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир танилцуулав.

Монгол орны цөлжилтийн үндэсний үнэлгээг 1989 оноос үе шаттай шинэчилж иржээ. Энэхүү атлас нь 1991-2025 оны мэдээ, мэдээлэлд тулгуурласан цөлжилт, газрын доройтлын 6 дахь удаагийн үндэсний хэмжээний үнэлгээ юм. Өмнөх бүртгэлд хамрагдаагүй усны хомсдол, биологийн олон янз байдлын доройтлын үзүүлэлтийг анх удаа хамруулжээ.

Үнэлгээний дүнгээр,

-Монгол орны жилийн дундаж агаарын температур 2.5 хэм нэмэгдсэн

-Нийт нутаг дэвсгэрийн 53.5 хувьд гангийн эрчимжилт нэмэгдсэн

-Нийт газар нутгийн 54.8% нь ус, 34.3 % нь салхины элэгдэлд өртөх өндөр эрсдэлтэй

-Нутаг дэвсгэрийн 93.3%-д хөрсний чийг буурсан

-Ургамлын бүтээмж 22.3%-д буурсан, нийт нутаг дэвсгэрийн 81.9% нь ямар нэг хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өртсөн гэх судалгаа гарчээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын талбайд өнөөдөр /2026.08.10/ ажиллаж байна.

Үйлдвэрийг 2028 онд багтаан ашиглалтад оруулах, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах, төслийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах зорилгоор албаныханд үүрэг өглөө.

Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлсэн Засгийн газар эхний 100 хоногтоо 20 хувийн гүйцэтгэлтэй хоёр жил гацсан Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг гацаанаас гаргасан. Үр дүнд нь  бүтээн байгуулалт 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Тухайлбал, түүхий тос, завсрын болон эцсийн бүтээгдэхүүн хадгалах нийт 276,430 метр.куб багтаамжтай агуулах савнууд барьж байна.

Үйлдвэрт нийт 263 км ил шугам хоолой, 26 км далд шугам хоолой байх бөгөөд эдгээрээс 190 км шугам хоолойн материалыг татан авч, гагнаж угсран суурилуулж байна.

Үйлдвэрийн хамгийн чухалд тооцогдох эх байгууламжууд болох БНЭУ-д үйлдвэрлэсэн “Атмосферийн нэрлэгийн цамхаг”-ийг 2026 оны тавдугаар сард, “Вакуум нэрлэгийн цамхаг”-уудыг долоодугаар сард үйлдвэрийн талбайд амжилттай тээвэрлэн авчирч, угсралтын ажил явагдаж байна.

Үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй хангах 527 км газрын тос дамжуулах хоолой барьж байгуулах ажил 90 гаруй хувийн хэрэгжилттэй, дуусах гэж байна. Дорнод аймгийн Матад суман дахь газрын тосны 19 дүгээр талбайгаас Дорноговь аймгийн Алтанширээ суман дахь үйлдвэрийн талбай хүртэлх уг дамжуулах хоолой нь Монгол Улсын хувьд газрын тосыг хол замд тээвэрлэх анхны магистраль шугам хоолой болжээ.

Ерөнхий сайд Н.Учрал хэлсэн үгэндээ, төсөл нэлээд их саад бэрхшээл туулсан. Хоёр тал төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх өндөр түвшний хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцсон нь бүтээн байгуулалтад чухал түлхэц болно гэж үзэж байна.

Дуусдаггүй олон яриа дуусаагүй үлдсэн байсан. Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалт санхүүжилт, эрх зүйн асуудлаас шалтгаалан 2 жил орчим гацсан байсан. Манай Засгийн газар байгуулагдаад гацаа арилж, одоо энэ талбай дээр 4500 инженер техникийн ажилтан гурван ээлжээр, 24 цаг тасралтгүй ажиллаж байна. Тоног төхөөрөмжийн угсралт бүрэн эхэлсэн. Алдсан хоёр жилийн хугацаагаа нөхөж, бүтээн байгуулалтаа дуусгая хэмээв.
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал  Д.Алтанцэцэг хуримтлагдсан шийдэрлүүлэх асуудлуудаа Ерөнхий сайдад уламжлав.

Саад бэрхшээлийг шуурхай шийдвэрлэх хүрээнд Ерөнхий сайд онцгой хяналт тавьж, энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд асуудлыг шийдвэрлэхээ хэлэв.  Холбогдох албаныханд дараах үүрэг өгөв.

Үүнд:

-Үйлдвэрийн санхүүгийн дарамтыг бууруулах, Аж үйлдвэрийн парк болгохыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Сангийн сайд З.Мэндсайхан, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай нарт,

-Түүхий тосны хайгуулыг эрчимжүүлэхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга П.Баянбаатар, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал нарт,

-Барилгын материалын хангамжийг шийдвэрлэхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга П.Баянбаатар, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал нарт,

-Зураг төслийн магадлалыг шуурхайлахыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Д.Мөнхбаатар нарт,

-Эрчим хүчний найдвартай хангамжийг бүрдүүлэхийг Эрчим хүчний сайд Б.Найдалаад,

-Нарийн мэргэшсэн инженер, боловсон хүчний бэлтгэл хангахыг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нарт,

-Хотхон, дэд бүтцийн санхүүжилтийг шийдвэрлэхийг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл, Гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн нарт,

-Төслийн компаниудад олгох зээлийн нөхцөлийг шинэчлэхийг Сангийн сайд З. Мэндсайхан, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалайд,

-Дамжуулах хоолойн санхүүжилттэй холбоотой нүүрсний тээврийг тасалдуулахгүй байхыг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж нарт тус, тус үүрэг болгов.

Газрын тос боловсруулах үйлдвэр нь Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Засгийн газрын хооронд байгуулсан 1.7 тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байна.

Үйлдвэр жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулж, 824 мян.тн дизель, АИ95 бензин 396 мян.тн, онгоцны түлш 80 мян.тн, зуухны түлш 17 мян.тн, шингэрүүлсэн шатдаг хий 27 мян.тн үйлдвэрлэх юм. Үйлдвэр ашиглалтад орсноор, Монгол Улс газрын тосны хэрэгцээний 55 орчим хувиа дотооддоо хангана.

Үйлдвэрийн гадна талбайн болон дотоод дэд бүтцийн ажил дууссан. 550 ажилтны орон сууцны бүтээн байгуулалтын эхний шат дууссан. 135 айлын орон сууц болон оффис-үйлчилгээний төв ашиглалтад оржээ. Харин 35МВт ДЦС, 5МВт “Ширээт” дэд станцын санхүүжилтийг Засгийн газар шийдвэрлэснээр ажил эхэлсэн. Үйлдвэрийн төсөл бүрэн дууссанаар 850-900 ажлын байр шинээр бий болох юм.

Дорноговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл 81.2 хувьтай үргэлжилж байна.
Ерөнхий сайдын 10-р албан даалгаврын хүрээнд хийсэн хяналт шалгалтаар 559 зөрчил илэрснээс 127-г арилгуулж, 432 зөрчилд хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна.

Уул уурхайн салбарт бүртгэгдсэн 64 ухсан нүх, шуудууг бөглөж, 5 хуулийн этгээдийн үйл ажиллагааг бүрэн зогсоожээ.
Дорноговь аймгийн хэмжээнд шийдвэрлэх шаардлагатай дараах асуудлыг танилцууллаа.


“Чандмань Илч” ОНӨХХК-ийн үйл ажиллагаанд үүсээд буй үндсэн түүхий эд, материалын санхүүгийн асуудлыг шийдвэрлэх,
Офицерийн 1, 2 дугаар байрны 80 айлын орон сууцны барилгын суурийн хүчитгэлийн ажлыг хийх,
Сайншанд сумын Дулааны станцын 3 дугаар зуухны өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэх,
Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын гал унтраах ангийн шинэ барилга,
Газрын тосны бүтээгдэхүүн хадгалалтын нөөц савны хүчин чадлыг нэмэгдүүлэх.


Дорноговь аймаг төмөр зам, эрчим хүч зэрэг дэд бүтцийн давуу талдаа тургуурлаж, бүсчилсэн хөгжлийн хүрээнд эдийн засгийн идэвхтэй төв болох бүрэн боломжтой.

Олон жил царцанги байсан чөлөөт бүсийг хууль, эрх зүйн хүрээнд дэмжиж, бодитоор хөгжүүлнэ.

 

Төсвийн тухай хуулийн 281 дүгээр зүйлд тухайн жилийн төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангах, олон нийтийн хэлэлцүүлгийг салбар бүрээр хэлэлцүүлэхээр заасны дагуу 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 11:30 минутад Төрийн ордны “Их засаг” танхимд “Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын багцын 2027 оны төсвийн төсөл”-ийг олон нийтэд танилцуулах танхимын хэлэлцүүлэг зохион байгуулагдах тул иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдийг оролцохыг урьж байна.

Дээрх QR кодыг уншуулан төсвийн төсөлтэй танилцаж санал өгнө үү.

Холбоо барих утас: 51-260179

2026 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн 2 дахь шат” төслийн хүрээнд ХААН банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Тээвэр хөгжлийн банктай дамжуулан зээлдүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.

Төслийн эхний шат 2016-2021 онд амжилттай  хэрэгжиж нийт 106.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон. Түүнчлэн эргэн төлөлтийн сангаас 2021-2024 онд нийт 41.6 тэрбум төгрөгийн зээлийг Хаан, ХХБ, Голомт, Хас банкуудаар дамжуулан зээлдүүлсэн.

Энэхүү төслийн 2 дахь шатны хүрээнд нийт 199 орчим тэрбум төгрөгийн зээлийг олгоно. Ингэхдээ “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн, “Атар -4” тариалангийн тогтвортой хөгжлийн аян, “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд хөдөө аж ахуйн гаралтай дотоодын түүхий эдийн нэмүү өртгийг дээшлүүлж экспортод чиглэсэн эсвэл импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг,  шаардлага хангасан ААН-үүдэд жилийн 9 хувийн хүүтэй, 7 жил хүртэлх хугацаатай, үүнээс 3 хүртэлх жил үндсэн төлбөрөөс чөлөөлөх 150 мянгаас 3 сая ам.доллартай тэнцэх төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгоно. Тухайлбал, шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, арьс ширний гүн боловсруулах болон эцсийн бүтээгдэхүүний үйлдвэр, ноос ноолууран экспортын бүтээгдэхүүний үйлдвэр, эрчимжсэн ба цөм сүргийн аж ахуй, үр үйлдвэрлэгчид, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, яс боловсруулах, био бордоо үйлдвэрлэгчид, эмийн ургамлын тариалалт, хүлэмжийн аж ахуй эрхэлдэг аж ахуйн нэгжүүд хөнгөлөлттэй зээл авах боломжтой.

Энэхүү төслийн хүрээнд олгох хөнгөлөлттэй зээл нь Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх, боловсруулах үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, экспортын өрсөлдөх чадварыг сайжруулах, орон нутагт ажлын байр бий болгох, үйлдвэрлэгчдийн урт хугацааны санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ногоон техник, технологийг нэвтрүүлэхэд бодит хувь нэмэр оруулах юм.

Төслийн зээлд хамрагдах хүсэлтэй ААН-үүд дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулсан 4 банкинд хандах боломжтой.

Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Н.Номтойбаяр, ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, Бригадын генерал Ц.Ганзориг, УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Улсын онцгой комиссын даргын 3 дугаар тушаалын хэрэгжилт болон өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах хүрээнд Төв аймгийн Зуунмод хотод ажиллалаа.

Төв аймгийн удирдлага, төрийн байгууллагын албан хаагчидтай уулзаж, албан даалгаврын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцон, холбогдох яамтай хамтран зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэв.

Төв аймаг өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр онцгойлон ажиллаж байгаа бөгөөд хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран 1300 гаруй тонн өвс, тэжээл, хэвэг бэлтгэх ажлыг зохион байгуулж байна. Мөн аймгийн хэмжээнд халаалтын зуух, дулааны станц, сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн засвар, шинэчлэлийн ажлууд үргэлжилж байна.

Улсын онцгой комиссын даргын 3 дугаар тушаалын хэрэгжилт Төв аймагт 80 хувьтай хэрэгжиж байгаа бөгөөд хэрэгжилтийн хүрээнд 15 суманд үзлэг, хяналт-шалгалт хийж, 12 зөрчил илрүүлснээс 10-ыг нь газар дээр нь арилгуулж, 78.5 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

Уулзалтаар Төв аймагт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, холбогдох яамдад дараах чиглэлүүдээр үүрэг өгч, шийдвэрлэлтийг эрчимжүүлэхээр болов.

Үүнд:

• Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй 30 МВт-ын дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг эрчимжүүлж, ашиглалтад оруулах асуудлыг Эрчим хүчний яамтай хамтарч шийдвэрлэх,
• Архивын ерөнхий газраас Хөшигийн хөндий чиглэлийн дөрвөн эгнээ авто замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх,
• Газар тариалангийн салбарт агуулах, зоорийн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхээр судлах,
• Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын худалдан авалтын асуудлыг шуурхай шийдвэрлэх,
• Аймгийн хэмжээнд намрын ургац хураалтад шаардлагатай 1.6 сая литр түлшний асуудлыг шийдвэрлэхээр чиглэл өгч ажиллалаа.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны долоодугаар сарын 21-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

26,992 суралцагч хотхоны бага сургуульд, 8100 суралцагч төрөлжсөн ахлах сургуульд суралцана.

Бага боловсролын нэгдүгээр ангийн сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай орчныг бүрдүүлж, есдүгээр сарын 01-нээс үйл ажиллагаагаа шинээр эхлэх хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудад шаардлагатай тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтын дутагдаж буй эх үүсвэрийг шийдвэрлэхийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдавга нарт даалгалаа.

“Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварыг хоцрогдлоос чөлөөлөх” цогц арга хэмжээ авах Засгийн газрын тогтоол 2026 оны тавдугаар сард батлагдаж, хэрэгжүүлж байна. Хүүхэд бүрийн сурлагын хоцрогдлыг арилгах гол гарц нь нэгдүгээрт, сургалтын сайн хөтөлбөр; хоёрдугаарт, чадварлаг багш; гуравдугаарт, гэрт нь ойрхон сургууль юм. Мөн хүүхэд бүрд ногдох төсөв санхүүжилтийг шийдэх, үнэлгээг хуурамч дүнгүй, бодитой болгох, хүүхэд бүрд цахимаар сурах боломжийг бүрдүүлэх нь энэхүү бодлогын цөм бөгөөд 2026-2028 онд хэрэгжүүлнэ.

Нийслэлийн 3000-аас дээш суралцагчтай, ачаалал өндөртэй сургуулиудыг задалж бүтцийн өөрчлөлтийг эхлүүлэх, олон улсын хөтөлбөртэй, их сургуулийн харьяа, төрөлжсөн ахлах сургуулийг байгуулах, томоохон хотхон, хорооллыг түшиглэсэн хотхоны бага сургуулийг шинэчлэн байгуулах зэргээр цогц арга хэмжээ хэрэгжүүлж байна.

·      Цэцэрлэгийн зориулалттай байрыг тохижуулснаар 2,240 суралцагч, төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн сургуулиудын сул суудлыг ашигласнаар 2,810 суралцагч, сургалтын зориулалттай байр түрээсэлснээр 21,942 суралцагч буюу нийт 26,992 суралцагчийг хотхоны бага сургуулиудад хамруулахаар төлөвлөжээ.

·      Олон улсын хөтөлбөртэй төрөлжсөн ахлах сургуулиудыг төлөвлөж 2378 суралцагч /УБ хотод/, их сургуулиудын дэргэдэх төрөлжсөн ахлах сургуулийг байгуулж 1862 суралцагч, дүүрэг бүрд төрөлжсөн ахлах сургуулийг байгуулж 3200 суралцагч, нийт 15–20 төрөлжсөн ахлах сургуульд 8100 суралцагч хамрагдах нөхцөлийг бүрдүүлжээ.

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулах бүсчлэлд байгаа нийслэлийн ЕБС-иудын сургалт, үйл ажиллагааг тодорхой хугацаанд хэсэгчилсэн байдлаар цахим хэлбэрт шилжүүлэх зохицуулалт хийнэ.
Дээд боловсролын тухай хуульд үндэслэн дээд боловсролын сургалтын байгууллагын 2026-2027 оны хичээлийн жилийн хичээл, сургалтын үйл ажиллагааг 2026 оны есдүгээр сарын 15-наас эхлүүлэх чиглэлийг ректор, захирал нарт хүргүүлжээ.

Цэцэрлэг болон ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн 270,689 суралцагч эрт илрүүлэх үзлэгт орно

2026-2027 оны хичээлийн жилд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт, сургуулийн өмнөх боловсролын 53,598 хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн нэг, зургаа, аравдугаар ангийн 270,689 суралцагчийг хамруулна.

Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг зохион байгуулах ажлыг 2026 оны аравдугаар сарын 1-нээс үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.  Боловсрол, эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагууд болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, анхан шатны эрүүл мэндийн байгууллага, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль хамтран хоёр үе шаттай зохион байгуулна.

Иргэдийг орон сууцанд оруулна гэж залилсан асуудлыг хянан шалгаж, шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа

Цагдаагийн байгууллагад сүүлийн гурван жилийн (2024-2026) байдлаар Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан (Залилах) 39.665 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдсанаас “Орон сууцны захиалга” авч бусдыг залилсан 1167 хэрэг бүртгэгдэн холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулсан нь нийт залилах гэмт хэргийн 2.9 хувийг эзэлж байна.

Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Цагдаагийн байгууллагад орон сууцтай холбоотой хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 995 иргэнд64.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан, 79 иргэн, 22 хуулийн этгээдэд холбогдох 259 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иргэдийг орон сууцанд оруулна гэж залилсан асуудлыг хянан шалгаж, шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан ахална.

“Байрныхаа мөнгийг төлчихөөд түлхүүрээ авч чадаагүй, түрээсийн байраар амьдралаа залгуулж, хохирсон иргэдийн асуудал шийдэгдэх ёстой” гэж Ерөнхий сайд Н.Учрал үзэж байна.

Өвөл, хаврын бэлтгэл ажилд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгож, Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа

2026-2027 оны өвөл, хаврын бэлтгэл ажлыг улсын хэмжээнд эртнээс шуурхай зохион байгуулах, эрсдэлийг урьдчилан тооцоолон, бодитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх зорилгоор аймаг, нийслэлийн удирдлагуудтай Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал цахим хурал хийж, баяр наадмаа дуусгаж, өвөл, хаврын бэлтгэл ажилд эртнээс анхаарч, ажиллахыг үүрэг болгосон. Ховд, Баян-Өлгийгөөс бусад аймагт энэ оны наймдугаар сарын 1-нээс хойш наадам зохион байгуулахгүй гэдгийг Шадар сайд Н.Номтойбаяр мэдэгдлээ.

Хөдөө аж ахуй, эрчим хүч болон орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл, тулгамдсан асуудлуудыг нэгтгэн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, танилцуулгатай холбогдуулан Ерөнхий сайдын Албан даалгавар гаргахаар тогтлоо. Аймаг, орон нутгаас таван аймгийн сэргээгдэхэрчим хүчний төслийг эрчимжүүлэх, зарим аймгийн дулааны цахилгаан станцын гүйцэтгэгч компанидболон нүүрсний уурхайд үүссэн өр төлбөрийг шийдвэрлэх, автозам засварын ажлыг эрчимжүүлэх зэрэг орон нутгийн удирдлагуудаас ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болголоо.

“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг Хүй долоон худагт байгуулна

         Үндэсний их баяр наадам зохион байгуулсан дүнгийн талаар Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан “Үндэсний их баяр наадмын цогцолбор байгуулах төсөл”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийж гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулахыг Шадар сайд Н.Номтойбаярт, зураг, төслийн ажилд дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох сайд нарт даалгалаа.

“Үндэсний их баяр наадмын цогцолбор” цогцолборыг “Хүй долоон худаг”-т байгуулж, Үндэсний бөх, Сурын харваа, Хурдан морины уралдааныг нэг дор зохион байгуулахын зэрэгцээ олон улсын спорт, соёл урлагийн томоохон арга хэмжээг хүлээн авах 30 мянган хүний суудалтай байгууламж болгон төлөвлөжээ. Эхний ээлжийн бүтээн байгуулалт болох “Төрийн хүндэтгэлийн хүрээ”-г ашиглалтад оруулаад байна.

Төслийн нийт хөрөнгө оруулалт урьдчилсан байдлаар 100 орчим тэрбум төгрөг байхаар тооцсон бөгөөд улс, нийслэлийн төсөв, хувийн хэвшил, иргэдийн сайн дурын оролцоонд тулгуурлан ил тод, нээлттэй, хяналттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Иргэд, олон нийтийг үер, усны болон авто ослоос урьдчилан сэргийлэхийг уриалж байна

Улсын хэмжээнд сүүлийн таван жилд усны ослын улмаас 464 хүн (хүүхэд 105)  амиа алджээ. Эдгээр тохиолдол нь гол усанд сэлж байгаад, хүүхдээ хараа хяналтгүй орхиж, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үед гарчээ. Хийлдэг гудас завьнаас унасан, ажил үүргээ гүйцэтгэж яваад буюу хөдөлмөр хамгааллын дүрэм журам сахиагүйн улмаас эндсэн нь зургаан хувь байна.

2026 он гарсаар усны ослын 84 тохиолдол бүртгэгдэж, 50 хүн (31 том хүн, 19 хүүхэд) амь насаа алдсан  бол онцгой байдлын байгууллагын алба хаагчид 139 хүний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлжээ. Усны ослын тохиолдлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 гаруй хувиар өсжээ.

Онцгой байдлын байгууллагын судалгаагаар Улсын хэмжээнд усны осол ихээр гардаг 399 хар цэг тэмдэглэгдсэн бөгөөд ослоос урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн үйл ажиллагааг энэ оны зургаадугаар сарын 15-наас эхлүүлж, Онцгой байдал, цагдаа, хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын байгууллагын 250 орчим ажилтан, алба хаагчид усны ослын эрсдэл бүхий томоохон гол, мөрөн нуурын дагуу 47 чиглэлд, 37 автомашин, 22 завь, 12 мотоциклтойгоор үүрэг гүйцэтгэж сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэн ажиллаж байна. Эдгээр байгууллагаас иргэд, олон нийтийг үер, усны болон авто ослоос урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмонд /2026.07.21/ бараалхаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов.

Ерөнхий сайд Н.Учрал Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад төрийн айлчлал хийж буйд талархал илэрхийлээд, энэхүү айлчлал нь хоёр талын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, цаашдын салбар, чиглэлийг тодорхойлж, өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо.

Монгол Улсын Засгийн газар хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тээвэр, логистикийн холболтыг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжин ажиллахаа нотлов. Энэ хүрээнд Монгол, Тажикистаны Засгийн газар хоорондын Комиссын анхдугаар хуралдааныг амжилттай зохион байгуулсныг сайшааж, тус механизм нь хоёр талын хамтын ажиллагааг урагшлуулахад чухал хөшүүрэг болохыг тэмдэглэв.

Мөн Ерөнхий сайд айлчлалын хүрээнд Засгийн газар болон байгууллага хоорондын 11 баримт бичиг байгуулсан нь хоёр улсын худалдаа, эдийн засаг, зам тээвэр, логистик, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, хөнгөн үйлдвэрлэл, геологи зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлж, хамтын ажиллагааны шинэ эхлэлийг тавьж буйг онцлов. Үүнээс гадна сэргээгдэх эрчим хүч, мэргэжлийн болон техникийн боловсрол, шинжлэх ухаан, аялал жуулчлал, залуучууд, спортын салбарын чиглэлээр талууд туршлага солилцож, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтойг илэрхийлэв.

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад дахин хүрэлцэн ирсэндээ баяртай байгаагаа илэрхийлэв. Энэ удаагийн айлчлалын хүрээнд төрийн тэргүүн нарын тохирсон ажил арга хэмжээ, хамтын ажиллагааны баримт бичгүүд нь хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг улам бүр бэхжүүлж, хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгааг онцлов. Мөн Монгол Улс “COP17” олон улсын бага хурлыг эх орондоо зохион байгуулах гэж буйг өндрөөр үнэлж байна хэмээв.

Тажикистан Улс нь 1956 онд анхны усан цахилгаан станцаа ашиглалтад оруулж байсан бөгөөд сэргээгдэх эрчим хүчний бүтээн байгуулалтын чиглэлээр арвин туршлагатай гэдгээ тодотгов. Дээрх чиглэлд хоёр тал хамтран ажиллах сонирхлоо харилцан илэрхийллээ.

Мөн Ерөнхий сайд “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Монгол Улсад гадаадын банк санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин бүрдсэн тухай дурдав.

Талууд Монгол, Тажикистаны уламжлалт найрсаг харилцаа, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийлж, “Монгол-Тажикистаны бизнесийн дугуй ширээний уулзалт” амжилттай болсныг сайшаан тэмдэглэв.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2025 он.