Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарын УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үгийн бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт УИХ-ын дарга аа, 

УИХ, Засгийн газрын гишүүд ээ, 

Монголын ард иргэд ээ,

Та бүхэндээ улс орны хувьд сорилт, бэрхшээл дүүрэн нэгэн үдшийн мэндийг хүргэе.

Монголчууд бид цахилгаан эрчим хүчний хүндхэн хязгаарлалт, түлш шатахууны хомсдол санаанд оромгүй хүнд сорилтуудтай нүүр тулсан ч, Монгол төр, Монголын ард түмэн хамтын хүчээр энэ бүх бэрхшээлийн ард бат зогсож, даван туулж чадсанд би гүнээ талархаж байна.

Нар ташиж, үдэш орой болсон энэ мөчид төрийн жолоог барилцаж буй та бид ингээд яаралтай цуглаж байгаа нь улс орны байдал энгийн горимоос гажиж, улаан шугам давсны тод дохио юм.

Дэлхийн дэг журам ганхаж, геополитикийн хурцадмал мөргөлдөөн, хямралын ирмэгт тулсан амаргүй цаг үетэй бид нүүр туллаа.

Бид дотооддоо талцах биш, дэлхийн шуурганд хамтдаа сөрөн зогсох цаг ирсэн. Гэтэл өнөөдөр улс төрийн талцал хэтэрч, төрийн шийдвэр гаргалт саарч, үүний хүнд ачаа ард иргэдийн амьдрал дээр шууд бууж байна. Монголд ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй билээ. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй.

Өнөөдөр эрх мэдлийн шунал хүсэл хяналтгүй болж, намын хуваагдал төрийн хямрал болж, цаашлаад дэлхийн шившиг болж байна. Ёс зүйн хэм хэмжээнээс давж төр, улс үндэстнээ шившиглэх мөр үлдээж, улстөрчид хязгааргүй их мөнгөөр Засаг төрөөр тоглодог жишиг тогтлоо. Үүнд би гүнээ харамсаж байна. Бид ёс зүйн уналтыг зогсоохгүй бол энэ улс төр өөрөө ард түмний эсрэг систем болж хувирна.

Эрхэм нөхөд өө,

Есөн сарын өмнө Та бүхний итгэл, ард түмний захиалгаар Монгол Улсын Ерөнхий сайдын хариуцлагатай албыг хүлээн авахдаа би нэг зүйлийг тодорхой хэлж байсан.

“Хямралыг ард иргэдэд үүрүүлэхгүй, төр өөрөө бүсээ чангална” гэж.

Өнөөдөр би Та бүхний өмнө энэ амлалтад хүрэхийн төлөө хийсэн ажлаа тайлагнаж, хамтдаа туулсан замаа дүгнэн зогсож байна.

Манай Засгийн газар эдийн засгаа хямралаас сэргэлт рүү шилжүүлж, бодит өөрчлөлтийг авчирч чадлаа.

Биднийг Засгийн газрыг хүлээн авах үед нүүрсний үнэ унасан, экспорт хумигдсан, валютын нөөц багассан, инфляц өссөн, эдийн засгийн өсөлт 2.6 хувь хүртэл саарсан байсныг Та бүхэн санаж байгаа.

Хэрэв бид цаг алдалгүй шийдвэр гаргаагүй бол инфляц 15 хувьд хүрч, төгрөгийн ханш 4000 давж сулрах, төлбөрийн тэнцэл 1 тэрбум ам.долларын алдагдалд хүрэх бодит эрсдэл нүүрлэж байсан.

Гэвч бид зайлшгүй сонголт хийсэн. Ард түмний халаасыг тэмтрэх биш — төр өөрөө бүсээ чангалсан.

Бид 2025 онд түүхэндээ анх удаа төсвийн зарлагыг 2.2 их наяд төгрөгөөр танаж, “хэмнэлтийн тодотгол” хийсэн.

Үр дүнд нь:

•           Нүүрсний экспорт 90 сая тоннд хүрч, нийт экспорт 15.8 тэрбум ам.долларт хүрлээ. Ноолуурын экспорт 4.7 дахин, махны экспорт 25.7 хувиар өслөө.

•           Эдийн засгийн өсөлт 2.6%-аас 6.8% болж нэмэгдлээ.

•           Инфляц 8.3%-аас 6.5% болж буурлаа.

•           Төлбөрийн тэнцэл 600 сая ам.долларын алдагдалтай байсан бол 1 тэрбум ам.долларын ашигт боллоо.

•           Валютын нөөц түүхэн дээд хэмжээ буюу 7 тэрбум ам.долларт хүрч, 2.1 тэрбум ам.доллараар нэмэгдлээ.

Энэ бол зөвхөн тоо биш — энэ бол зөв бодлогын үр дүн юм.

Эрхэм гишүүд ээ,

Манай Засгийн газар том төрөөс чадварлаг төр рүү шилжих эхлэлийг тавьж, хариуцлагын шинэ соёлыг бий болголоо.

•           Яамдын бүтцийг 81 нэгжээр

•           Агентлагийн удирдлагыг 54-өөр

•           29 зөвлөл, хороог татан буулгаж

•           Төрийн өмчит компаниудын удирдлагыг 200-аар бууруулж

•           55 төрлийн зөвшөөрлийг хүчингүй болгож

•           Хил, гаалийн шат дамжлагыг 40 хувиар цөөллөө

Мөн төрийн царцсан өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж, иргэдэд буцаан ашиглуулах шийдвэрүүдийг хэрэгжүүллээ.

“Төр булаагч биш — чөлөөлөгч байх ёстой” гэдгийг бид бодитоор хэрэгжүүлсэн.

“Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоож, ердөө хоёр сарын дотор олборлолт, борлуулалтыг 1.6 дахин өсгөсөн.

Өнөөдөр нүүрсний экспорт огцом нэмэгдэж, биржийн арилжаа хэд дахин өссөн байна.

Тоо худал хэлдэггүй.

Төр зөв үед, зөв оролцвол үр ашиг бий болдог гэдгийг энэ харууллаа.

Манай Засгийн газар нийгмийн аюулгүй байдлыг хангах хүрээнд хар тамхины гэмт хэрэгтэй тэмцэх тусгай мэргэшсэн албыг байгууллаа.

Мөн Үндэсний баялгийн сангийн хуулийг тууштай хэрэгжүүлж, “Баялагтаа эзэн Монгол” зорилтыг үгээр биш үр дүнгээр хэрэгжүүлж эхэллээ.

Төгрөг нуур, Төмөртэйн овоо зэрэг стратегийн ордуудыг төрд буцаан авч, өгөөжийг нь ард түмэнд хүртээх ажлыг эхлүүллээ.

“Оюут” шинэ ордоос 357 сая тонн зэсийн нөөц илэрснээр Эрдэнэт үйлдвэр ирэх зуун жил тогтвортой ажиллах бат бөх суурь тавигдлаа.

Эрдэнэт бол ширгэсэн үнээ биш — зуун дамнах баялгийн булаг гэдгээ дахин нотоллоо.

Төрийн өмчит салбарт, Эрдэнэс Монгол нэгдэл 12.8 их наяд төгрөгийн орлого, 4.5 их наяд төгрөгийн ашиг, 4.0 их наяд төгрөгийн татвар төвлөрүүллээ.

Энэ бол төр зөв удирдвал баялаг бүтээж чаддаг гэдгийн бодит нотолгоо юм.

Эрхэм гишүүд ээ,

Мөн “БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛ” үндэсний зорилтыг хэрэгжүүлэх БОДИТ АЛХАМ-ыг эхлүүлсэн.

Бид баялгийн бодлогыг үгнээс бодит ажил болгосон.

Хамгийн тод жишээ нь Бортээг.

Алдагдах эрсдэлд байсан Бортээгийн ордыг бид ил тод, нээлттэй, өрсөлдөөнт зарчмаар эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ замд орууллаа.

Монголын өгөөжийг 51 хувиас бууруулахгүй зарчмыг баримталж, олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг анх удаа хэрэгжүүлсэн.

Өнгөрсөн есөн сарын хугацаанд бид баялгийн бодлогыг үгнээс бодит ажил болголоо.

Өнөөдөр Бортээгийн ордод хөрөнгө оруулахаар 7 компани хүсэлтээ ирүүлж, 500 саяас нэг тэрбум ам.долларын урьдчилгаа төлбөрийн санал ирүүлээд байна.

Энэ нь нэг зүйлийг тод харуулж байна.

Монголын баялаг үнэгүй биш — дэлхийд үнэлэгддэг.

Түүнчлэн олон жилийн турш яригдаж буй Оюу толгойн ордоос Монголын ард түмний хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд манай Засгийн газар хатуу байр суурь баримталснаар бодит үр дүнд хүрч байна.

Тухайлбал, Монголын ард түмний хүртэх үр өгөөж өнөөдөр 27 хувь байгааг 60-аас доошгүй хувь болгон нэмэгдүүлэх, ногдол ашгийг 2026 оноос эхлүүлэх, Зээлийн хүүг 5–6% болгон бууруулах, Менежментийн төлбөрийг дор хаяж 50 хувиар бууруулах зэрэг 5 үндсэн хатуу шаардлагыг тавиад яриа хэлэлцээр амжилттай өрнөж байна.

Бид нэг зүйлийг тодорхой хэлсэн. Баялгийн дийлэнх өгөөж Монголын ард түмэнд очих ёстой.

Хэлэлцээр ид үргэлжилж байна. Гэхдээ бидний зарчим өөрчлөгдөх учиргүй.

Мөн манай Засгийн газар Үндэсний баялгийн бодлого – тогтолцооны өөрчлөлт бодитоор хэрэгжүүллээ.

Тухайлбал, стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувь, өгөөжийг тодорхой болгох хэлэлцээг эрчимжүүлж, хувийн хэвшил, төр, ард түмэн бүгд хожих зарчимд тулгуурласан шинэ загварыг эхлүүллээ.

Томоохон ордууд дээр үйл ажиллагаа явуулж буй компаниудтай хийсэн хэлэлцээний үр дүнд баялгийн өгөөжийн доод хэмжээг 60 хувиас бууруулахгүй байх зарчимд хүрлээ.

Өгөөж буурсан тохиолдолд нөхөн төлөх механизмыг бий болголоо.

Бид стратегийн ордыг өмчлөх тухай биш, харин баялгийн өгөөжийг ард түмэнд хамгийн өндөр хэмжээнд хүргэх тухай бодлогыг хэрэгжүүлж байна.

Өөрөөр хэлбэл, төрийн шууд эзэмшлийг, илүү үр ашигтай, ил тод, зах зээлтэй уялдсан ашигт малтмалын төлбөр, өгөөжийн шинэ тогтолцоогоор орлуулах шийдлийг боловсрууллаа.

Энэ бол: “Баялаг → Төсөв → Иргэн” гэсэн шинэ тогтолцооны эхлэл юм.

Манай Засгийн газар эдийн засгийн сэргэлтийг иргэдийн амьдрал, айл өрхийн хаалгаар оруулахын тулд хичээн ажиллалаа.  Зарим үр дүнгээс товч дурдвал,

•           Өрхийн бодит орлого 5% өсөж, аялал жуулчлалын тоо 847 мянган болж, 728 сая ам.долларын орлого оллоо.

•           Эрүүл мэндийн салбар, тэр дундаа өдөрт 600 байсан Улаан бурхан өвчны халдварын эсрэг дархлаажуулалтыг 95%-д хүргэж, өвчлөлийг бүрэн зогсоосон.

Энэ бол тоон үзүүлэлт биш — Энэ бол аврагдсан амь, хамгаалагдсан ирээдүй, Монгол хүний амьдралын чанарын өөрчлөлт юм.

Мөн хөдөө орон нутагт хавдрын оношилгоо, эмчилгээний үйлчилгээ ойртож, Эрчим хүчний салбарыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн.

Эрхэм гишүүд ээ, ард иргэд ээ,

Өнгөрсөн есөн сарын хугацаанд манай Засгийн газар дараах таван суурь үр дүнд хүрлээ:

•           Эдийн засгийг хямралаас гаргаж, өсөлтийг 6.8% хүргэлээ.

•           Данхар төрийг цэгцлэх шинэчлэлийг эхлүүллээ.

•           Баялгийн бодлогын шинэ стандарт тогтоолоо.

•           Хөрөнгө оруулалтын орчныг сэргээлээ.

•           Иргэдийн амьдралд мэдрэгдэх өөрчлөлтийг авчирлаа.

Бид системийн өөрчлөлтийн суурийг тавьсан. Харин түүнийг гүнзгийрүүлэх ажил цаашид тууштай залгамж чанартай үргэлжлэх ёстой.

Эрхэм гишүүд ээ, ард иргэд ээ, 

Бид эдийн засгийн хямралыг давсан, Бид ард түмнийхээ итгэлийг сэргээсэн, Бид шинэ боломжийн үүдийг нээсэн.

Бид бүхний амжуулж чадаагүй байж болно. Гэхдээ бид нэг зүйлд үнэнч байсан.

Энэ бол Монгол Улсын язгуур эрх ашиг, Ард түмний итгэл, өргөсөн тангараг.

Энэ бол төгсгөл биш. Энэ бол шинэ эхлэл.

Монголын баялаг Монгол хүндээ үйлчлэх ёстой.

Монголын төр иргэндээ үйлчлэх ёстой.

Есөн сарын өмнө өгсөн амлалтаа би өнөөдөр Та бүхний өмнө тайлагнаж байна.

Хийх ажил их байна. Хүрэх зорилго өндөр байна. Гэхдээ бид нэг зүйлийг нотолсон. Монгол Улс зөв бодлогоор цэгцрэх хөдөлгөөнөөр урагшилж чадна.

Эрхэм гишүүд ээ,

Би ажлаа хийсэн. Гэхдээ надад, бидэнд энэ тоо баримтаас илүү Монгол төрийн систем өөрөө чухал байна. Бид энэ хямарч гажуудсан төрийн бүхнийг цэгцлэхийн тулд ‘цэгцрэх хөдөлгөөн’-ийг эхлүүлсэн. Энэ бол нэг хүний биш, Монгол төрийг шинэ шатанд гаргах түүхэн оролдлого байсан юм. Төр нь иргэнээсээ холдсон, авлигад идэгдсэн, шийдвэр гаргаж чаддаггүй энэ тогтолцоог халах нь бидний туйлын зорилго байлаа.

Бид ялагдал, талцал хуваагдал, парламентын гацаа улс орны чухал шийдвэрүүдийг зогсоож, гадаад дайны халуун цэгээс дутахааргүйгээр нэрвэгдүүлж эхэллээ. Улс төрийн институцүүдийг хуваарилалтад маргалдаж байх зуур улс орны эдийн засаг дахин нурж мэдэхээр аюул ойрхон байна.

Ард түмний итгэл үнэмшлийг шударга ёс сэргээж, ардчиллын үнэт зүйлсийг олон түмний оролцоо бэхжүүлж байдаг гэдгийг бид огт мартаж болохгүй. Энэ бүх маргаан, энэ бүх эрх мэдлийн төлөөх улс төрөөс илүү Монгол хүний амьдрал чухал. Төр нь гацаж, төрийн түшээд нь улстөрийн ашиг хонжооны төлөө гүтгэлэг, дайралтаар нийгмийн сэтгэл зүйг гүн хямралд чирч байгаа нь ард түмний нуруунд хүнд ачаа болж байна.

Монголд хүн засагладаггүй, хууль засагладаг байх ёстой. Задарсныг нь засагладаг, ядарсныг нь хайрладаг төртэй байх ёстой. Ийм төр байсан, одоо ч байгаа, цаашид ч байх учиртай. Энэ бол Монгол төр.

Төр зогсохгүй, төрийн бодлого тасалдахгүй, Монгол Улс урагшилсаар байх ёстой. Би явж болно, харин шударга үнэний төлөөх тэмцэл хэзээ ч зогсох ёсгүй.

Энэ чөдөр тушааг тасдахын тулд би өөрөөсөө эхэлж байна.

Ийм учраас би Ерөнхий сайдын албан тушаалаас өөрийн хүсэлтээр татгалзаж байна.
Улс төрийн өрнөл, үйл явдлыг дэлгэрэнгүй тайлбарлах боломж хожим олдоно гэдэгт итгэж байна.

Албан тушаал мөнх биш, харин Монгол төр мөнх юм.

Улс төрийн тэмцлийн золиос нь ард түмэн байх ёсгүй. Бидний эхлүүлсэн өөрчлөлт, үнэн зөв эцэстээ заавал ялна.

Төр минь төвшин, дэлхий ертөнц амгалан байх болтугай.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс үүрд мандан бадрах болтугай!

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Энэтхэг, Номхон далайн асуудал хариуцсан Төрийн сайд Сийма Малхотраг (2026-03-23) хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Төрийн сайд Монгол Улсад айлчилж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийллээ.

Монгол Улсын гуравдагч хөрш, Европ дахь чухал түнш Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтын нэг гэдгийг Ерөнхий сайд онцолж, хоёр улсын харилцааг Иж бүрэн түншлэлд хүргэхийн төлөө байгаагаа нотлов.

Монгол Улс “Боловсролын ерөнхий хууль”-д сургалтын үндсэн гадаад хэлийг англи хэл байхаар тусгасныг Ерөнхий сайд Г.Занданшатар дурдаж, тэтгэлэгт хөтөлбөрүүд, хамтарсан судалгаа, шинжилгээ, оюутан солилцоо зэрэг боловсролын салбарын хамтын ажиллагаа улам бүр өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онынаймдугаар сард зохион байгуулахаар бэлтгэл хангаж буйг Ерөнхий сайд дурдаж, бага хурлаар хэлэлцэх асуудал, түүнээс гарах үр дүнд чиглэсэн санал, санаачилгад улс орнууд хамтран ажиллах нь тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж, байгаль орчны доройтлын эсрэг хүч чармайлтад хувь нэмэр оруулахад чухал гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Энэтхэг, Номхон далайн асуудал хариуцсан Төрийн сайд Сийма Малхотра Ерөнхий сайдад талархал илэрхийлээд хоёр улс уул уурхай, эрчим хүч, нийтийн тээврийн дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг олон салбарт хамтран ажиллаж, эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнесийн харилцааг хөгжүүлэх өргөн боломж байгааг дурдлаа.

Тухайлбал, газрын ховор элемент, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбарт Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа мөн илэрхийлж, Улаанбаатар хотод метро байгуулах төсөлд хамтран ажиллах чиглэлээр яриа хэлэлцээ хийж байгаа нь хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад чухал ач холбогдолтой гэдгийг Төрийн сайд Сийма Малхотра тэмдэглэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Гадаад орчинд үүсэж буй нөхцөл байдлаас шалтгаалсан Монгол Улсын эдийн засагт учирч болзошгүй хямралыг хохирол багатай даван туулах, онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээ авах санал боловсруулах үүрэг бүхий Зөвлөл байгуулсан. Тус Зөвлөлийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр ахалж, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар болон Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк, Үндэсний статистикийн хорооны дарга нар (зөвшилцсөнөөр) гишүүнээр ажиллаж байна.

Зөвлөлийн хурал өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцлоо. Ойрх дорнодын мөргөлдөөнтэй холбоотойгоор нефтийн бүтээгдэхүүн, дизель түлш, шатахууны үнэ нэмэгдэх эрсдэл үүсэж байна. Коронавируст халдварын цар тахлын үр нөлөөг бууруулах, үндэсний хариу арга хэмжээ, бэлэн байдлыг бэхжүүлэх арга хэмжээ авч ажилласан шиг онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулж хэлэлцүүлэхийг Зөвлөлийн дарга Ж.Энхбаярт даалгав.

Хаврын тариалалтад шаардлагатай шатахуун, үр, бордооны нөөцийг бэлтгэж тасалдал үүсгэхгүй байх, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой хангахад анхаарч ажиллахыг салбарын удирдлагуудад үүрэг болголоо. Мөн эмийн нөөцийг зохих түвшинд бүрдүүлэх, худалдан авах, нийлүүлэлтэд анхаарах ёстой гэлээ. Учирч болзошгүй эрсдэлд бэлэн байдлыг хангаж, цэгцтэй, зохион байгуулалтын харилцан уялдаатай ажиллахыг анхаарууллаа.

Тус хуралд Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Ойрх дорнодын мөргөлдөөн-Монгол Улсад учирч болзошгүй эрсдэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, дайны нөхцөл байдал, цар хүрээ, инфляцын эрсдэл, стратегийн салбаруудын бэлэн байдал, үндэсний сөрөн тэсвэрлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Олон улсын нөхцөл байдлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хямралт үед төсөв, санхүүгийн удирдлагыг уян хатан хэрэгжүүлэхтэй холбоотой хуулийн төсөл боловсруулж УИХ-д нэн яаралтай горимоор хэлэлцүүлэх нь зүйтэй гэж тус Зөвлөл үзэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Майкл ДеСомбрэ-г 2026 оны гуравдугаар сарын 17-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улс, АНУ-ын Стратегийн түншлэл бэхжин хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, уул уурхайн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, энэ хүрээнд хувийн хэвшил хоорондын түншлэлийг дэмжих, хөрөнгө оруулалт татахад ач холбогдол өгч байгаагаа онцлов.

АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн дарга М.ДеСомбрэ Ерөнхий сайдыг хүлээн авч уулзсанд гүн талархал илэрхийлээд, АНУ-ын Засаг захиргаа Монгол Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд өндөр ач холбогдол өгч ирснийг онцлов. Монгол Улс АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын санаачилсан “Энхийн зөвлөл”-ийн үүсгэн байгуулагч гишүүн улсуудын нэг болж, олон улсын энх тайван, тогтвортой байдлыг эрхэмлэгч улс гэдгээ дахин нотолсонд талархлаа илэрхийлж, цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргжүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар, ноён ДеСомрэ нар хоёр улсын нийт 460 орчим сая ам.долларын хамтын санхүүжилт бүхий АНУ-ын Мянганы сорилтын сангийн Усны компакт гэрээ 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болж, тус Компактын нэгэн чухал үр дүн болох Улаанбаатар хотод Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орсонд баяртай байгааг тэмдэглэв.

-ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН МОНГОЛ УЛСЫН 2026 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ-

Монгол Улсын өсвөрийн шатарчдын 2026 оны аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод эхэллээ. Тэмцээнд Монгол Улсын 21 аймаг, нийслэлээс шалгарсан 1000 орчим тамирчин оюун ухаанаа уралдуулан өрсөлдөж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд, Монголын Шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар тус тэмцээний оролцогчдод илгээлт явууллаа.

Дэлхийн шатрын холбоо 2026 оны зорилтоо “Шатрыг боловсролд” хэмээн тодорхойлсон. Монгол Улсын Засгийн газраас шатрыг мэргэжлийн спортын түвшинд хөгжүүлэхийн зэрэгцээ бүх нийтийн спорт болгоход анхаарч ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт оруулахаар ажиллаж байгааг илгээлтэд дурджээ.

Мөн шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг тууштай дэмжиж, амжилт гаргаж байгаа тамирчдыг шагнаж урамшуулах, дотоод, гадаадын тэмцээн уралдаанд оролцох боломжийг хангах, эх орондоо олон улсын нэр хүндтэй тэмцээнийг зохион байгуулах, түүнд тамирчид, багш, дасгалжуулагчдыг оролцуулан туршлага эзэмшүүлэх, мэдлэг чадварыг өсгөх, үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний тоог нэмэх, өсвөрийн болон оюутан залуучуудын шигшээ багийг байгуулах зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаагаа тэмдэглэжээ.

Ерөнхий сайд “Өвөг дээдсээс уламжлан ирсэн, “шатар” хэмээх оюуны их спортыг сонирхон хичээллэж, оюун сэтгэлгээ, бодол ухааны гайхамшгийг эзэмшин эх орон, эцэг эхийнхээ нэр төрийг өндөрт өргөж, тив, дэлхийн ухаантнуудтай эн тэнцүү өрсөлдөн тэмцэлдэж, амжилт гаргаж байгаа, Монгол Улсын аварга шалгаруулах нэр хүндтэй тэмцээнд мянгуулаа шалгаран оролцож буй бяцхан иргэдээрээ бахархаж байна” гэжээ. Мөн үр хүүхдээ, шавь нараа энэ агуу спортод дур сонирхолтой болгон хичээллүүлж, уйгагүй хөдөлмөр, хөрөнгө хүчээ зориулан зүтгэж байгаа эцэг, эхчүүд, багш дасгалжуулагч нарт талархал илэрхийлжээ.

Тэмцээнд оролцож буй өсвөрийн тамирчдын дунд олон улсын мастер, олон улсын шатрын холбооны мастер, дэд мастер, Монгол Улсын шатрын спортын дэд мастер зэрэг цолтой тамирчид 50 гаруй байгаа нь тэмцээний нэр хүнд, өрсөлдөөн өндөр болохыг илтгэж байна.

Манай улсын хүүхэд, багачуудын дунд шатрын спорт эрчимтэй хөгжиж, дотоодын болон тив, дэлхийн тэмцээнүүдэд өндөр амжилт гаргаж байна. Өнгөрсөн 2025 онд Сурагчдын дэлхийн аварга шатарчин 2, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальтан 2, Ази тивийн сурагчдын аваргын алт, мөнгө, хүрэл медальтан 14, Зүүн Азийн аваргын алт, мөнгө, хүрэл медальтан 10 гаруй тамирчин тодорч, 11 настай хүү шатрын түргэн тоглолтын Улсын аварга болжээ. Ази тивийн сурагчдын аварга шалгаруулах тэмцээнд манай сурагчид багаараа тэргүүн байр эзэлжээ.

Монгол Улсад хаягдал ус дахин боловсруулах томоохон хэмжээний үйлдвэрийг барьж өнөөдөр /2026.03.16/ ашиглалтад орууллаа.

Тус үйлдвэрийн нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, АНУ-ын Зүүн Ази, Номхон далайн товчоо хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Майкл Жорж Десомбрэ, Сангийн сайд бөгөөд Монголын Мянганы сорилтын сангийн Удирдах зөвлөлийн дарга Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй хоёр орны төр, засгийн өндөр дээд түвшний төлөөлөгчид оролцов.

Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорац хооронд 2018 оны долоодугаар сарын 27-ны өдөр байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний хүрээнд хэрэгжиж буй “Улаанбаатар хотын нийтийн ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр” төлөвлөсөн хугацаандаа амжилттай хэрэгжиж байна. Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах, хаягдал ус дахин боловсруулах, усны салбарын тогтвортой байдлыг хангах гэсэн харилцан уялдаатай гурван төслөөс бүрддэг тус хөтөлбөр нь АНУ-ын Засгийн газрын 350.0 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.7 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа бөгөөд Улаанбаатар хотын ус хангамжийг жилд 50 сая хүртэл шоо метрээр нэмэгдүүлэх зорилготой.

Хөтөлбөр хэрэгжсэнээр ирэх 30 жилийн хугацаанд Улаанбаатар хотын 2.4 сая гаруй иргэнийг унд, ахуйн шаардлага хангасан цэвэр усаар тогтвортой хангах боломж бүрдэнэ. Мөн энэ нь усны салбарт сүүлийн 30 жилд хийгдэж буй хамгийн том хөрөнгө оруулалт болж байна.

Хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр барих, усны салбарын тогтвортой байдлыг хангах төслүүдийг хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд хаягдал ус дахин боловсруулах анхны томоохон үйлдвэрийг барьж ашиглалтад оруулж байгаа юм.

Тус үйлдвэр нь дамжуулах шугам хоолой, ус нөөцлөх сав, өргөлтийн шахуургын станц болон холбогдох бусад дэд бүтцийн хамт баригдсан бөгөөд дахин боловсруулсан хаягдал усыг эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглах боломжийг бүрдүүлж байна. Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй өдөрт 50 мянган шоо метр хаягдал усыг хүлээн авч боловсруулан гурав, дөрөвдүгээр дулааны цахилгаан станцуудад нийлүүлэх аж.

Ингэснээр жилд 14-18 сая шоо метр орчим гүний цэнгэг усыг хэмнэх боломж бүрдэж, хотын усны хязгаарлагдмал нөөцийг хамгаалах, тогтвортой, хариуцлагатай усны менежментийг бий болгох, байгаль орчны тэнцвэрийг хадгалахад чухал ач холбогдолтой юм.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны гуравдугаар сарын 11-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд нэмэлт оруулах тухай төслийг яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлнэ

“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Тогтоолын төсөл батлагдсанаар нийтийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох автобензиний Гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгох, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан Гаалийн албан татварыг буулгах, зохицуулалт хийх боломж бүрдэх ач холбогдолтой юм.

Гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас амь насаа алдсан малчны ар гэрт буцалтгүй тусламж олгоно

“Гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан малчны ар гэрт буцалтгүй тусламж олгох журам”-ыг баталж, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн нарт даалгалаа.

Журмаар гамшигт болон аюулт үзэгдэлд өртөж амь насаа алдсан малчин, туслах малчинд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 48 сараар тооцож, 37 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь олгох бөгөөд зардлыг орон нутгийн болон улсын төсвөөс санхүүжүүлнэ.

Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа

“Цагаан алт” хөдөлгөөний үр дүнд 2025 оны жилийн эцсийн байдлаар манай улс 4000 тонн самнасан ноолуурыг 330.5 сая ам.доллароор экспортолсон нь 2024 онтой харьцуулахад биет хэмжээгээр 5.6, мөнгөн дүнгээр 4.7 дахин өссөн байна.

Малын гаралтай түүхий эдээ бүрэн ашиглаж, өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох, дотоодод нэмүү өртөг бүтээх, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.

Тус тогтоолоор ноолуурын ээрэх үйлдвэр байгуулах хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг шийдвэрлэх, ноолууран бүтээгдэхүүнийг экспортод гаргаж байгаа хувийн хэвшилд экспортын урамшуулал олгох талаар холбогдох эрх зүйн орчин бүрдүүлэх асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Мөн Улаанбаатар хотод тохиромжтой байршилд ноолууран бүтээгдэхүүн худалдаалах нэгдсэн цэг байгуулах, олон улсын нэр хүндтэй үзэсгэлэн, загварын арга хэмжээнд оролцоход дэмжлэг үзүүлж ажиллахаар боллоо.

Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын явцын тухай Боловсролын сайд П.Наранбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Засгийн газрын гишүүдийн саналыг тус хуулийн төсөлд тусган Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхийг Боловсролын сайд П.Наранбаярт даалгалаа.

Хуулийн төсөл нь 16 насанд хүрээгүй хүүхдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг нийгмийн сүлжээнээс шалтгаалсан эрүүл мэнд, оюун санаа, хүмүүжил, төлөвшилд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх, гэмт хэрэг, зөрчил, халдлагад өртөхөөс хамгаалах зорилгоор тэдний “насны хязгаартай нийгмийн сүлжээ”-нд бүртгэхийг хязгаарлах зорилготой юм.

Замын-Үүд-Эрээн боомтын хоёр дахь төмөр замын гарцыг хамтран барих тухай хэлэлцээрийн төслийг дэмжлээ

Замын-Үүд-Эрээн боомтын 1435 мм царигтай хоёр дахь төмөр замыг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.

Хоёр тал тус боомтын галт тэрэг нэвтрүүлэх хүчин чадлыг үе шаттай нэмэгдүүлэх арга хэмжээ авч ирсэн бөгөөд одоогийн байдлаар улс хоорондын ачаа тээвэрлэлтийн хэмжээ нь тус хоёр хилийн өртөөдийн бүрэн хүчин чадалд хүрч тээврийн өсөлтийг хязгаарлах болсон. 2025 оны байдлаар хилийн Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор хоногт дунджаар өргөн царигийн төмөр замаар 16, нарийн царигийн төмөр замаар 7,5 галт тэрэг тус тус солилцож, нийт 15,5 сая тонн ачаа нэвтрүүлээд байна.

Цаашид Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд хил дамнасан нарийн царигтай 2 дахь замын гарцыг барих, Замын-Үүд өртөө болон нарийн царигийн төмөр зам, ачаа шилжүүлэн ачих байгууламжийг өргөтгөх шаардлагатай байгаа юм.

Иргэдийг шийдвэр гаргахад цахим хэлбэрээр оролцох боломжийг бүрдүүлж байна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэх арга хэмжээг үе шаттай зохион байгуулж, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг Дархан-Уул, Өвөрхангай аймагт туршилтаар хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд мэдээллийн системийн бүрдлийг нэвтрүүлэн, аж ахуйн нэгж, иргэд, төрийн байгууллага хоорондын уялдааг сайжруулж, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хялбар авах, иргэд шийдвэр гаргалтад цахим хэлбэрээр оролцох боломжийг бүрдүүлж эхэлнэ.

“Цахим-Аймаг, Ухаалаг-Хот” зөвлөмжийг батлан хэрэгжүүлж ажиллахыг аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нарт даалгаж, зөвлөмжийг хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж, орон нутгийн цахим шилжилтийг үнэлэх индекс, аргачлалыг боловсруулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Цахилгаан эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх хоёр төслийн зээлийн хэлэлцээрийн төслийг УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөнө

Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Эрчим хүч-4 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо.

“Эрчим хүч-4 төсөл” буюу “Мандалговь-Арвайхээр чиглэлийн 220 кВ-ын 2 хэлхээт 287 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төсөл”-ийг хэрэгжүүлснээр дээрх аймгуудын хэрэглэгчид хоёр талын найдвартай цахилгаан эрчим хүчээр хангагдаж, хэт урт шугамын төгсгөлд үүсэх хүчдэлийн уналтаас бүрэн ангижирч, иргэдийн амьдрах ая тухтай орчин бүрдэж, жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих үндэс болох юм.

Мөн Мөн Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын сэргээн босголтын зээлийн банк хоорондын “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийн III үе шат”-ны зээлийн болон төслийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо. Төслийн үр дүнд Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул, Баянзүрх дүүргийн 14 хорооны цахилгаан эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагаа дээшилнэ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Хуулийн төсөл батлагдсанаар:

  1. Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих чиглэлээр төрөөс баримтлах бодлого тодорхой болох, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, нэгдмэл байдалхангагдана.
  2. Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийт, ялангуяа хүүхэд, залуучуудад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийн талаар таниулах эрх зүйн орчин боловсронгуй болно.
  3. Мансуурах донтолттой хүнд олон улсын жишигт нийцсэн эрүүл мэнд болон донтох эмгэгийг нөхөн сэргээх тусламж, үйлчилгээ үзүүлэх, мансуурах донтолтыг илрүүлэх, эмчлэхэд чиглэсэн цогц тогтолцоо бий болно.
  4. Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих арга хэмжээг оновчтой зохион байгуулах, үр дүнг үнэлэх, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, хэрэглээнд тогтмол судалгаа, мониторинг хийх, бодлого боловсруулахад шаардлагатай суурь мэдээллийн бааз болох мэдээллийн нэгдсэн цахим сан бий болно.
  5. Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм импортлох, худалдах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зэргээр эргэлтэд оруулж байгаа байгууллагуудын хүлээн авсан, зарцуулсан, худалдан борлуулсан эм, бэлдмэлийн тоо хэмжээ, зориулалт зэргийг бүртгэлд оруулах, хяналт тавих, тайлагнах журам хуульчлагдана.
  6. Гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын төрөл, үйлдлийн хор уршиг болон ял шийтгэлийн бодлого чангарч, Эрүүгийн хуульд заасан “Шударга ёсны зарчим” хангагдана.

Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журмыг баталлаа

“Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам”-ыг баталлаа.

Журмаар төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлөлд шилжүүлэх нөхцөлтэйгөөр хөлслүүлэх, дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр сонгогдсон талбайд амьдарч буй иргэдийг түр суурьшуулах, мөн зээлийн гэрээ байгуулахтай холбоотой хөлслөх иргэнд тавигдах ерөнхий нөхцөл, шаардлага, квот болон квот тус бүрийн шалгуур, хөлслүүлэх үнийг тооцох орон сууцыг хүлээлгэн өгөх, буцаан хүлээн авах зэрэг харилцааг нэгдсэн байдлаар зохицуулжээ.

Журамд төрийн албан хаагчийн квотыг 35 хувь, үүнээс төрийн үйлчилгээний албан хаагчид (эмч, багш)-ын квотыг дангаар нь 20 хувь байхаар тогтоожээ.

Бага, дунд орлого болон зорилтот бүлгийн иргэд нь банк, санхүүгийн байгууллагаас олгодог ипотекийн зээлийн шалгуур шаардлагыг хангах боломжгүй орон сууцны нөхцөлийг сайжруулахад төрөөс дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа юм. Энэ хүрээнд урт хугацаатай, урьдчилгаа болон хүү багатай орон сууцны зээлээр дэмжих эрх зүйн үндэслэлийг журамд тусгажээ. Мөн орон сууцыг хөлслүүлэх үнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тооцох аргачлалыг тусгасан байна.

Манай улс энэ онд спортын олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна

“Монгол Улсад 2026 онд зохион байгуулах олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний жагсаалт”-ыг хавсралтаар баталж, хавсралтад заасан тэмцээнийг зохион байгуулахад шаардагдах зардлыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2026 оны төсвийн багцаас санхүүжүүлнэ.

Энэ онд манай улс дэлхийн их дуулга жүдо бөхийн “Улаанбаатар 2026” тэмцээн, Ази тивийн аварга шалгаруулах боксын насанд хүрэгчдийн тэмцээн, Ази тивийн аварга шалгаруулах таеквондогийн насанд хурэгчдийн XXVII, Олон улсын чөлөөт бөхийн “Улаанбаатар опен” тэмцээн, Ази тивийн аварга шалгаруулах шатрын насанд хүрэгчдийн тэмцээн, Дэлхийн гранпри сагсан бөмбөгийн 3×3 эмэгтэйчүүдийн цуврал тэмцээн зэрэг спортын олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээнийг эх орондоо зохион байгуулна. Тэмцээний бэлтгэл ажлыг ханган, өндөр түвшинд зохион байгуулж, төсвийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамд даалгав.

Ойрхи дорнодын мөргөлдөөн, Монгол Улсад учирч болзошгүй эрсдэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав

Ойрхи дорнодын мөргөлдөөн, Монгол Улсад учирч болзошгүй эрсдэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Газрын тос, шатахууны үнэ, импортын төлбөр нэмэгдэх, санхүүгийн эх үүсвэрийн зардал нэмэгдэх эрсдэл, дайны нөлөөллийн бүс нутаг болон манай улс хоорондын худалдааны талаар танилцуулсан байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2026.03.10) Зэвсэгт хүчний жанжин штабт ажиллалаа. Тэрбээр энх тайван, аюулгүй байдлын төлөө үүргээ хариуцлагатай биелүүлж буй энхийг сахиулагчид болон өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж ирсэн зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.

Засгийн газраас цэргийн алба хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, алба хаах орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд алслагдсанд тооцох анги, салбарын жагсаалтад Зэвсэгт хүчний зарим ангиудыг нэмэлтээр оруулах асуудлыг “Монгол цэргийн өдөр” болох Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Өнөөдрийн байдлаар батлан хамгаалах салбарт, Зэвсэгт хүчний 2300 гаруй алба хаагч түрээсийн орон сууцанд амьдарч байна. Засгийн газрын тэргүүний хувьд Зэвсэгт хүчний цэргийн болон энгийн алба хаагчдын орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд бодитой дэмжлэг үзүүлж, хуримтлагдсан асуудлуудыг цэгцэлнэ. Олон улсад өрнөж байгаа хурцадмал байдал дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Ийм цаг үед Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхиа сайжруулж, илүү сонор сэрэмжтэй байх шаардлага үүслээ. Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд хамтран үндэсний аюулгүй байдлаа хангах нь чухал болоод байна. Өнгөрсөн жилүүдэд зарим аймгийн нутагт өвөлжилт, хаваржилт хүндэрч, цас зуд, үер усны гамшиг нүүрлэхэд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах, сэргээн босгох, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр даалгасан үүргийг амжилттай биелүүлснийг бахархан дурдах учиртай” гэлээ.

2024 онд УИХ-аар батлагдсан “Зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлого”-ын хэрэгжилтийг хангах шаардлага байгаа тул онцгойлон анхааралдаа авч, бүх талын дэмжлэг үзүүлнэ. Зэвсэгт хүчний кибер аюулгүй байдлын болон Тусгай хүчний цэргийн алба хаагчдын цалин, хөлсийг нэмэгдүүлэх, цалингийн сүлжээг шинэчлэн тогтооход асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шуурхай хэлэлцүүлэх үүргийг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагуудад даалгав.

Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин дотоод нөөц бололцоо, инженер-техникийн ажилтнуудынхаа боловсрол, мэдлэг, ур чадварт тулгуурлан туршилт судалгааны төвүүдийг байгуулж, зарим төрлийн зэвсэглэл, техник, хэрэгслийг өөрсдөө зохион бүтээж байгаа нь маш том ололт гэдгийг онцоллоо.

-Монгол Улс Дэлхийн энх тайвны индексээр Азийн хамгийн тайван, аюулгүй таван улсын нэгээр шалгарсан нь манай аялал жуулчлалын салбарын давуу тал болж байна-

Монгол Улсын аялал жуулчлалын салбарын ирээдүй, хөгжлийн шинэ боломжийг тодорхойлох “Аялал жуулчлалын долоо хоног” үндэсний чуулган (2026-03-09) Төрийн ордонд болж байна.

2025 оны эцсийн байдлаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.8 хувь хүрч, олон салбарт бодит ахиц гарсан. Аялал жуулчлалын салбар ч мөн түүхэнд байгаагүй өсөлтийг үзүүлж, 2025 онд манай улс 847 мянга гаруй жуулчин хүлээн авч, дотоодын нийт бүтээгдэхүүний 7.8 хувийг бүрдүүлжээ. Энэ нь өмнөх оноос 16 хувиар өссөн, бүс нутгийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Монгол Улсын Засгийн газар 2026 онд нэг сая жуулчин хүлээн авах зорилт дэвшүүлээд байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар тус арга хэмжээний нээлтэд оролцож үг хэлэхдээ Монгол Улсын эдийн засгийг зөвхөн уул уурхайгаар хэмжихгүй гэдгийг тэмдэглээд, энэ өсөлтийг дэмжихийн тулд Засгийн газар аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжин ажиллаж байна гэлээ.

Аялал жуулчлалын салбарын бизнест зориулсан 6 хувийн хүүтэй, 6 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох, салбарын дэд бүтцийг хөгжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах, Монголын байгаль, соёлын өвийг олон улсад сурталчлан таниулах ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөжээ. Мөн аялал жуулчлалын хөгжлийг бүсчилсэн бодлогоор дэмжиж, 12 аймгийн 17 байршлыг улсын аялал жуулчлалын бүс болгон анх удаа батлаад байна. Монголын байгаль, нүүдлийн соёл, өв уламжлалд суурилсан аялал жуулчлал олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай болж байна гэдгийг Ерөнхий сайд онцлов.

Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтийн үзүүлэлтээр дэлхийн шилдэг 20 улсын нэгээр нэрлэгдэж, олон улсын байгууллагуудын тайланд дурдагдсан байна.

Мөн CNN агентлагаас гаргасан “2026 онд аялах шилдэг газрууд”-ын жагсаалтад ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндий багтсан нь Монголын аялал жуулчлалын боломжийг дэлхийд дахин таниулсан чухал үйл явдал боллоо. Монгол Улс Дэлхийн энх тайвны индекс (Global Peace Index)-ээр Азийн хамгийн тайван, аюулгүй таван улсын нэгээр шалгарсан нь манай аялал жуулчлалын салбарын давуу тал болж буйг Ерөнхий сайд тодотгов.

Аялал жуулчлал бол зөвхөн эдийн засгийн салбар биш, Монгол Улсын соёл, үнэт зүйл, үндэсний онцлогийг дэлхийд таниулах бодлого. Тиймээс аялал жуулчлалын салбарт ажиллаж буй хүмүүс бол зөвхөн үйлчилгээ эрхлэгчид биш. Монгол Улсын нэр хүнд, соёл, үнэт зүйлийг дэлхийд таниулж буй үндэсний элч нар, Монгол Улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “ЦЭГЦРЭХ ХӨДӨЛГӨӨН”-ий бодлогыг хэрэгжүүлэгчид юм гэлээ.

2026 он Монгол Улсын хувьд дэлхийд өөрсдийгөө таниулах онцгой жил байх болно. Монгол Улсад зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно. Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр дэлхийн хамгийн том eSports-ийн тэмцээнүүдийн нэг болох Counter-Strike тоглоомын дэлхийн аварга шалгаруулах “Чингис хаан цом” тэмцээнийг 2026 оны 12 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсныг Ерөнхий сайд “TOURISM WEEK” үндэсний чуулганы нээлтэд үг хэлэхдээ зарлаад аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдийг бэлтгэлээ хангаж, Монгол Улсад ирэх олон улсын зочид, жуулчдыг хамгийн өндөр түвшинд хүлээн авахад хамтран ажиллахыг уриаллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сард “Оюу Толгой” төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулахаар “Оюу Толгой” ХХК болон “Рио Тинто” группийн удирдлагуудад захидал илгээж, тодорхой нөхцөлүүдээр шаардлага хүргүүлсэн билээ. Энэхүү шаардлагын мөрөөр “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Ерөнхий сайд Г.Занданшатарт энэ оны хоёрдугаар сарын 05-ны өдөр илгээсэн захидалдаа Оюу толгойн үйл ажиллагааг урт хугацаанд амжилттай, тогтвортой явуулах талуудын нэгдмэл ашиг сонирхолд тулгуурласан нээлттэй, үр дүнтэй яриа хэлэлцээг үргэлжлүүлэх байр суурьтай байгаагаа нотолсон.

Үүний дагуу “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон тэргүүтэй албаны хүмүүс Монголд ирээд байгаа бөгөөд менежментийн төлбөр, хувь нийлүүлэгчдийн зээлийн хэт өндөр хүү зэрэг асуудлаар тодорхой саналтай ирснээ Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатартай хийсэн уулзалтынхаа үеэр танилцуулсан юм. “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай хийж буй хэлэлцээрийг хүндэтгэж, тодорхой дэвшилтэт саналтай хүрэлцэн ирсэн нь талархууштай боловч тавьсан саналууд учир дутагдалтай байгаа учир хүлээн авах боломжгүйг Ерөнхий сайд Г.Занданшатар хэлэв.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Харилцан ашигтай байх” зарчим “Оюу Толгой” төсөлд алдагдсан гэсэн 2009 оны байр суурин дээрээ одоо ч баттай зогсож байгаагаа дахин илэрхийлж, Үндсэн хуулийн 6-р зүйлийн 2 дахь заалт, УИХ-аас 2025 оны 12-р сард Оюу толгойн асуудлаар баталсан 120 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс дараах шаардлагуудыг тавьж байгаагаа хэллээ. Үүнд:

1. “Оюу Толгой” төслөөс Монгол Улсад ногдох өгөөжийг 60-аас дээш хувьд хүргэх,

2. Хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг эрс бууруулах,

3. Менежментийн төлбөрийг бууруулах, улмаар 2030 оноос “Оюу Толгой” ХХК менежментийн хувьд бие даан ажиллах,

4. Монгол Улсад 2026 онд багтаан ногдол ашиг хуваарилах,

5. “Онтрэ” компанийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т заасны дагуу байгалийн баялгийн өгөөжийн дийлэнх ард түмэнд ногдох зарчимд нийцүүлэх зэрэг тодорхой шаардлагуудыг тавьж, үндэслэлээ тайлбарлав.

Ерөнхий сайд Г.Занданшатар хэлэхдээ “Оюу Толгой” төсөлтэй холбоотой 2009 оноос хойш яригдсан, 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа шийдлээ хүлээсээр буй олон асуудлыг цэгцлэх цаг болсон. Баялагтаа эзэн байх зарчим бий. Монгол Улс “Оюу Толгой” төслөөс 20, 30 жилийн дараа ногдол ашиг хүртэхээр байгаа нь аливаа төслийн харилцан ашигтай байх зарчимд нийцэхгүй. Монголчууд баялагтаа эзэн байх үзэл санаа бол ард түмний Үндсэн хуулиар баталгаажсан эрх ашиг юм” гэлээ.

“Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон Оюу Толгой төслийн өгөөжийг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хэлэлцээрийг үргэлжлүүлж, Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллахаа илэрхийллээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2025 он.