Хүний эрхийг хангах Үндэсний хороо (ХЭХҮХ) өнөөдөр шинэчилсэн бүрэлдэхүүнтэйгээр III хуралдаанаа цахим талбарт хийлээ. Хуралдааныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж даргалж, тус хорооны II хуралдааны тогтоолын хэрэгжилт, Орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдлын тайлангийн нэгдсэн дүгнэлт, зөвлөмжийн төсөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах 5 жилийн арга хэмжээний төлөвлөгөөний төслийн санал, Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаарх холбогдох хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд нээлттэй хяналт-шалгалт хийсэн тайлан, дүгнэлт, зөвлөмж болон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн зөвлөмжүүдийг 2023-2025 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийн агуулгын талаар хуралдав. Хуралдааны үеэр гишүүд өөрсдийн мэргэшил, туршлагаар санал дэвшүүлж, тулгамдсан хүний эрхийн асуудлыг онцлон тэмдэглэлээ.