Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзав.

БНСУ-ын Ерөнхий сайд Жон Сэ Гюн баярын захидал ирүүлсэнд Ерөнхий сайд талархал илэрхийлэв. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байгааг тэмдэглэж, “Монгол, Солонгосын найрамдлын жил”-ийн хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах, иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэхийн төлөө гэдгээ илэрхийлэв. Ковид-19 цар тахалтай тэмцэх, иргэдээ татан авах чиглэлээр Солонгосын талтай үргэлжлүүлэн хамтран ажиллахаа хэлээд тус улсад амьдарч, ажиллаж байгаа монгол иргэдэд боломжит бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг хүслээ.

Элчин сайд Ли Ё Хун Монгол Улсын Ерөнхий сайдаар дахин томилогдсонтой нь холбогдуулан баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Дэлхий нийтэд тархсан цар тахлын энэ үед Монгол Улс халдварыг дотооддоо алдалгүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч байгааг өндөр үнэлдэгээ хэлэв. Уулзалтын үеэр агаарын бохирдлыг бууруулах зэрэг төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэд харилцан визгүй зорчих талаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Засгийн газрын зарим гишүүдийн хамт Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байгуулж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлын явц, тулгамдсан асуудлын талаар сонсгол хийн холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг төслийн явц, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулсан бөгөөд үйлдвэрийн гаднах дэд бүтцийн ажил бүрэн дуусаж, үйлдвэрийн талбайн газар шорооны ажил, ажилчдын хотхоны бүтээн байгуулалтын ажлууд амжилттай хэрэгжиж байгаа тухай мэдээллээ.
Мөн үйлдвэрийн технологийн бус байгууламжийн барилга угсралтын (EPC-1) ажлыг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулж, түүнтэй хэлэлцээр хийж дууссан бөгөөд гэрээ байгуулахаар ажиллаж байгаа тухай дурдлаа. Энэхүү гэрээг байгуулснаар үйлдвэрийн эхний үе шатны барилга угсралт, бүтээн байгуулалтын ажил эхлэх юм.
Энэхүү төсөл нь Монгол Улсын стратегийн чухал ач холбогдолтойг Шадар сайд цохон тэмдэглээд, үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахад холбогдох төрийн болон орон нутгийн байгууллагууд шуурхай, нягт хамтран ажиллах шаардлагатайг анхааруулж, үйлдвэрийн түүхий эдийн нөөцийг нэмэгдүүлж, газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын ажлыг эрчимжүүлэх, газрын тос дамжуулах хоолойн төслийн санхүүжилтийг ойрын хугацаанд эхлүүлэх зэрэг тулгамдаж буй бусад асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэхийг холбогдох Засгийн газрын гишүүдэд даалгалаа.
Мөн, дээрх өгсөн үүрэг даалгаврын хүрээнд Засгийн газрын холбогдох гишүүдээс бүрдсэн байнгын ажиллагаатай ажлын хэсгийг тусгайлан байгуулж, төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши-г 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзав. Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсын Ерөнхий сайдаар дахин томилогдсонд нь баяр хүргэж амжилт хүсэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-гаас баярын захидал ирүүлсэнд талархал илэрхийлээд Монгол, Японы Стратегийн түншлэлийг улам бэхжүүлж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв.

Ковид-19 цар тахалтай тэмцэхэд улс орнуудын хамтын ажиллагаа нэн чухал гэдгийг Элчин сайд Х.Кобаяши хэлээд, Япон Улсын Засгийн газар Монгол Улсад олон талт харилцааны хүрээнд дэмжлэг туслалцаа үзүүлэхээр ажиллаж байгааг танилцуулав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүнд талархал илэрхийлээд Ковид-19-ийн улмаас эдийн засгийн хүндрэл учирч байгаа өнөөгийн нөхцөлд нягт хамтран ажиллах шаардлагатай байгааг онцлов.

Талууд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх бэлтгэлийг сайтар хангах талаар санал солилцов. Мөн НҮБ болон олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллахаа нотлов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны 08 дугаар 13-ны өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Клеческийг хүлээн авч уулзлаа. Элчин сайд М.Клечески Парламентын ээлжит сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргэж, Ерөнхий сайдад ажлын амжилт хүсэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх сонгуулийн дүнд байгуулагдсан шинэ Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг боловсруулж, УИХ-ын ээлжит бус чуулганаар батлуулах гэж байгааг дурдав.  Мөн Монгол, Америкийн хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн хүрээнд Ковид-19 цар тахлаас үл хамааран идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэж,  эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай Замын зураглалыг амжилттай хэрэгжүүлэхийн чухлыг тэмдэглэв.

Ковид-19 цар тахалтай тэмцэх чиглэлээр Монгол Улсын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ үр дүнгээ өгч байгаад Элчин сайд баяр хүргэж, АНУ-д нэг сая ам.долларын үнэ бүхий хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийлэв. Мөн эдийн засгийн чиглэлээр хийгдэж буй хоёр талын хамтын ажиллагааны зарим төсөл, санал, санаачлагын талаар танилцуулж, хамтран хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа хэлэв.  Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ковид-19 цар тахалтай тэмцэхэд АНУ-аас манай улсад дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлээд, тус улсад амьдарч байгаа монгол иргэдийн аюулгүй байдалд анхаарч, тусалж дэмжихийг хүсэв.

Талууд Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх тухай АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн хоёр дахь Компакт гэрээ, Америкийн хөгжлийн хамтын ажиллагааны Агентлагийн шугамаар хэрэгжиж буй сайн засаглалыг бэхжүүлэх, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Дэлхийн Банкны суурин төлөөлөгч Андрей Михневтэйг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Дэлхийн Банкны суурин төлөөлөгч Андрей Михневтэй Монгол Улсын Засгийн Газар “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг эрт авч, сахилга бат, ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийг сайн биелүүлж, дотооддоо халдвар алдаагүй цөөн улс орнуудын нэг гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.
Дэлхийн банкнаас Монгол Улсад Цар тахлын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр нийт 50 орчим сая ам.долларын зээл, тусламжийг шийдвэрлээд байна.
Үүнд:
– Дэлхийн банкны цар тахлын онцгой байдлын сангаас Монгол Улсад 1 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ.
– “КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийг 26.9 сая ам.доллараар хэрэгжүүлж байна.
– “Цахим эрүүл мэнд” төсөл 2.1 сая ам.долларын санхүүжилтээр нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд худалдан авахад зориулан шийдвэрлэсэн.
– “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл” 20 сая ам.долларын хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Дэлхийн банктай цаашид урт хугацаанд хамтран ажиллах, одоо хэрэгжиж байгаа болон цаашид хэрэгжих төслүүдийн биелэлтэд анхаарч, үр ашигтай байхад хамтарч ажиллахаа илэрхийлсэн. Ялангуяа Монгол Улсын эдийн засаг, төр хувийн хэвшлийг дэмжих чиглэлд түлхүү хамтарч ажиллах чиглэлд санал солилцсон юм гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ. 

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Адылбаевыг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Засгийн газар цар тахлаас урьдчилан сэргийлэх, дотооддоо халдвар алдахгүйн төлөө шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байгааг Казахстан Улсын Элчин сайд онцлон тэмдэглэж, КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр хоёр орны мэргэжлийн байгууллагууд хооронд туршлага, мэдлэг мэдээллээ солилцох боломжуудыг нэмэгдүүлж, хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Халдварын цар тахал дэлхий даяар хурдацтай дэгдэж байгаатай холбогдуулан гадаад улсуудаас Монгол Улсын иргэд эх орондоо эргэж ирэх хүсэлт илэрхийлсэний дунд БНКазакстан Улсад байгаа манай 1,300 иргэн өргөдөл гаргаснаас эхний ээлжид 200 гаруй иргэнээ татан авчирсан байгаа бөгөөд ойрын хугацаанд Нур Султан хот руу захиалгат нислэг үйлдэж, нэмэж иргэдээ татан үйл ажиллагаа зохион байгуулахаар ажиллаж байгаа талаар Шадар сайд Я.Содбаатар танилцуулав. Түүнчлэн манай улсад байгаа Казак иргэдийг нутаг буцаахад манай Засгийн газрын зүгээс ЭСЯ-тай хамтран ажиллаж, холбогдох арга хэмжээ авч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, хоёр улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулахуйц томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэхэд хоёр талаас онцлойлон анхаарч, КОВИД-19 халдварын цар тахлаас үүдэн хүндрэлтэй тулгаж байгаа эдийн засгийг сэргээхэд тус дөхөм болно гэж хоёр тал үзлээ.

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенбергийг хүлээн авч уулзлаа. энэ үеэр хоёр улсын хамтын ажиллагаа болон худалдаа, эдийн засгийн асуудлаар санал солилцлоо.
Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман улстай Олон салбарт хамтран ажилладаг. Дэлхий дахинд нүүрлэсэн Ковид-19 цар тахлын улмаас бий болсон цоо шинэ нөхцөл байдлаас шалтгаалан харилцаа, хамтын ажиллагааны шинэ сорилтууд бий болж байна.
Иймд хоёр талын харилцааг уламжлалт аргаар хөгжүүлэхэд хязгаарлагдмал нөхцөл байдал үүссэн ч хамтын ажиллагааг шинэ нөхцөл байдалд нийцүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа хоёр тал илэрхийллээ. Мөн энэ онд төлөвлөгдсөн хурал, төрийн өндөр дээд айлчлалуудыг цаашид хэрхэн зохион байгуулах талаар харилцан санал солилцсон юм. ХБНГУ-аас Монгол Улсад коронавирусээс урьдчилан сэргийлэх ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ уузалтын үеэр илэрхийллээ.

“Үндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээл болон шилдэг телевиз, радио шалгаруулах уралдаан”-ы дүн гарлаа. Уралдааныг

1.  Үндэсний шилдэг бүтээл бүхий хөтөлбөртэй телевиз

2.  Телевизийн үндэсний шилдэг бүтээл

3.  Телевизийн хүүхдэд зориулсан үндэсний бүтээл

4.  Үндэсний шилдэг бүтээл бүхий хөтөлбөртэй радио

5.  Радиогийн үндэсний шилдэг бүтээл

6.  Радиогийн хүүхдэд зориулсан үндэсний бүтээл

7.  Орон нутгийн телевизийн шилдэг бүтээл

8.  Орон нутгийн телевизийн хүүхдийн шилдэг бүтээл

9.  Орон нутгийн радиогийн шилдэг бүтээл гэсэн төрлөөр явуулж шилдэгүүдийг тодруулсан байна.

I.  ОРОН НУТГИЙН ТЕЛЕВИЗ, РАДИОГИЙН ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ БҮТЭЭЛ

1.  Сүхбаатар аймгийн BBS телевизийн “Ээмэг хонгор” нэвтрүүлэг

2.  “Орон нутгийн телевизийн хүүхдийн шилдэг бүтээл” төрөлд Дорнод аймгийнЗалуучууд, уран бүтээлийн нэгдлийн “Зуни, Туни хоёр” нэвтрүүлэг

3.  “Орон нутгийн радиогийн шилдэг бүтээл” төрөлд Хөвсгөл аймгийн Сторм ФМ-105 “Амьд харилцаа” нэвтрүүлэг

II.  РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ БҮТЭЭЛ

1.  Гэр бүлийн радио 104.5-ын “Дүрэмгүй хонх” нэвтрүүлэг

2.  Марчаахай ХХК-ийн “Монгол наадам” телевизийн нэвтрүүлэг

III. РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ БҮТЭЭЛ

1.  Арга билиг 95.7 радиогийн  “Адуучин хүүд тохиолдсон явдал” нэвтрүүлэг

2.  Контент Хаус Монголиа ХХК болон Соёл урлагийн их сургуулийн хамтран бүтээсэн  “Эрдэнийн судар оршивой” телевизийн нэвтрүүлэг

IV.  ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ БҮТЭЭЛ БҮХИЙ ХӨТӨЛБӨРТЭЙ РАДИО, ТЕЛЕВИЗ

1.  UBM радио 89.3

2.  Монгол Эйч Ди ТВ телевиз тус тус шалгарлаа.

Шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулж баяр хүргэв. Тэрээр оюун санааны дархлаа бол тусгаар тогтнолын баталгаа гэдгийг тодотгоод үндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн бүтээлийг нэмэгдүүлэх, ард иргэд, ялангуяа хүүхэд залууст эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэхэд чиглэсэн бүтээлийг дэмжинэ гэв.

Шилдэг бүтээлүүд нь ёс заншил, түүх, уламжлал, өв соёлыг орчин үеийн чиг хандлагатай хослуулан илэрхийлсэн, нийгэм, түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдолтой, эх оронч үзэл, бахархлыг төлөвшүүлэх, танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх, боловсрол олгох, сурган хүмүүжүүлэхэд чиглэсэн байх ёстой. Шилдэг бүтээл болон шилдэг бүтээл бүхий радио, телевизийг жил бүрийн Сар шинийн баяр, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан шалгаруулдаг юм. Шүүгчдийн комиссыг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, редактор Г.Золжаргал ахалж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэр нь хилийн боомтын зорчих хөдөлгөөнийг зогсооход чиглэсэн юм. Иймд уг шийдвэрийг иргэддээ хилээ хаасан мэтээр ойлгохгүй байхыг хичээнгүйлэн хүсье.

Тодруулбал, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, халдварыг хүн ам дотроо алдах эрсдлийг бууруулах зорилгоор гадаадад гацсан монгол иргэдийг зохион байгуулалттайгаар эх оронд нь авчрах, хилээр нэвтрүүлэх ажлыг УОК-ын шийдвэрээр тасралтгүй зохион байгуулж байна.

Өнөөдрийн байдлаар 16 мянга 117 иргэнээ эх оронд нь татан аваад байна.

Сүүлийн саруудад тусгай үүргийн нислэгийн давтамж, чиглэлийг эрс нэмж, сардаа 14-16 нислэг авч байгаа нь 7 хоног бүр 3-4 нислэг үйлдэж байгаа гэсэн үг юм.

Хэрэв өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед буюу гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах горим мөрдөгдөж байх хугацаанд агаарын хилийг нээж, арилжааны нислэгүүдийг эхлүүлэх тохиолдолд тусгаарлах байрны нөөц, эмчлэх хүчин чадлаас шууд шалтгаалах тул нислэгийн тоо мөн 14-16 байна. Энгийн буюу арилжааны нислэгүүдийг нээх тохиолдолд дараах нөхцөл, хүндрэлүүд үүснэ:

– Зорчигчийн мэдээлэлд тулгуурлан тусгаарлах байрны хуваарь, тооцоог урьдчилан гаргах, онгоц буусны дараа зорчигчдыг тусгаарлах байр руу тээвэрлэх, сэжигтэй иргэдийг тусгаарлаж, зорчигчдын дунд халдвар тарах эрсдлээс сэргийлэх боломжгүй болно,

– Онгоц буусны дараа дээрх ажлыг зохион байгуулах шаардлагатай тул зорчигчид онгоцонд олон цагаар хүлээх, халдвартай зорчигч байх тохиолдолд халдвар тархах эрсдлийг нэмнэ,

– Тухайн нислэгээр ирэх зорчигчдын мэдээллийг урьдчилан авч, хяналт тавих, гадаадад удаан хугацаагаар гацсан иргэдийг тэргүүн ээлжинд авах боломжгүй буюу тийз авахаар хандсан хамгийн анхны хүмүүс нислэгт хамрагдана,

– Суудлын дүүргэлт буурах, тийзийн үнэ нэмэгдэх магадлалтай.

Жич: Гадаад орнуудаас чартераар ирж буй иргэдийн нэрсийг цахимаар ил болгож, ил тод, хуулийн байгууллагуудын хяналтыг мөн эрчимжүүлж, зөвхөн энэ сард 6-р сарынхаас 2 дахин их буюу 4500 орчим иргэдээ авч ирэх ажил гүйцэтгэх шатандаа явагдаж байна.

ОХУ, БНХАУ, БНСУ зэрэг улс орнуудын хил гадаад иргэдэд хаалттай байгаа нь дамжин өнгөрөх арилжааны нислэгүүдийг нээхгүй байх нэг үндэслэл болж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын аварга П.Бүрэнтөгсийг хүлээн авч уулзан баяр хүргэж амжилт хүсэв.  Увс аймгийн Давст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх, улсын арслан  П.Бүрэнтөгс Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар ес даван түрүүлж Монгол Улсын аварга цол хүртсэн юм.

Улсын аварга П.Бүрэнтөгс:

Нэгийн даваанд залуу бөх Д.Бат-Өлзий

Хоёрын даваанд залуу бөх Г.Алтанбагана

Гурвын даваанд аймгийн харцага Т.Түвшинтулга

Дөрвийн даваанд аймгийн арслан О.Цэцэнцэнгэл

Тавын даваанд улсын начин Б.Чимэдвандан

Зургаагийн даваанд аймгийн арслан О.Мөнх-Эрдэнэ

Долоогийн даваанд аймгийн арслан Б.Бат-Орших

Наймын даваанд улсын заан Б.Пүрэвсайхан

Есийн даваанд улсын аварга Н.Батсуурийг давсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.