Гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжиж буй төслүүдийн явцтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар холбогдох албаны хүмүүсийн хамт танилцлаа.
Нийслэлийн Баянзүрх дүүрэгт 6 байршлын 24 хэсэгчилсэн талбайд гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 4 байршлын 19 хэсэгчилсэн талбайд хэрэгжиж байна.
Одоогоор Баянзүрх дүүргийн XII хорооны хэсэгчилсэн А талбайд 225, хэсэгчилсэн В талбайд 384 айлын орон сууц ашиглалтад оржээ. Төсөл үргэлжилж байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн хэсэгчилсэн А талбайд 330, хэсэгчилсэн Б талбайд 320 айлын орон сууц нэмж ашиглалтад орох юм.

Дараа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжиж буй “Оргил” төслийн явцтай танилцлаа.
Тус дүүрэгт 7 байршил, 12 хэсэгчилсэн талбай, 199.6 га газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх юм. Үүнээс дүүргийн 7 хорооны нутаг дэвсгэрийн хэсэгчилсэн 4 талбайд 6 төсөл хэрэгжүүлэгч дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд нийт 15 блок 846 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулжээ.

Сонгинохайрхан дүүргийн XXIII хорооны нутаг дэвсгэрт 24 га газрыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлаар баталсан. Уг хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчээр “Шинэ барилга” компани шалгарч, 3654 айлын орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга барихаар төлөвлөн ажлаа эхлүүлээд байна.
Тус компани 24 га талбайд “Оргил” төслийг хэрэгжүүлж, эхний ээлжийн 1 блок 126 айлын орон сууцыг ашиглалтад оруулжээ. Төсөл үргэлжилж, 378 айлын орон сууц нэмж ашиглалтад орно.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд УИХ-аас анх удаа нийслэлд 420 тэрбум төгрөгийн төсөв баталсан. Өнөөдөр улсын төсвийн хөрөнгө оруулалт хэрхэн зарцуулагдаж байгаатай танилцлаа. Сингапур Улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Ирэх сард тус зөвлөлөөс холбогдох мэргэжилтнүүд ирнэ. Үүнээс өмнө нийслэлийн удирдлагууд, холбогдох яамд хамтарч гэр хорооллыг хөгжүүлэх концепцийг дахин төлөвлөх үүрэг даалгавар өгч байна. Гэр хороолол хаус хороолол болж хөгжих бүрэн боломжтой. Энэ тохиолдолд хэсэгчилсэн дэд бүтцийг шийдвэрлэх шаардлага үүснэ. Тиймээс Сингапурын мэргэжилтнүүдээр хэсэгчилсэн дэд бүтцийн үнэлгээ хийлгэнэ. Мөн бусад дэд бүтэц, гэр хорооллын стандартыг сайжруулах дэд хөтөлбөрийг Сингапур Улстай хамтран хэрэгжүүлнэ” гэв.

Нийслэлийн 28 байршил 85 хэсэгчилсэн талбайд гэр хорооллыг орон сууцжуулахаар НИТХ-аас баталсан. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 19 байршлын 57 хэсэгчилсэн талбайд 20,536 өрх төсөлд хамрагдаад байна.
Хэсэгчилсэн талбайд үе шаттайгаар төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулснаар ерөнхий төлөвлөлтийн дагуу нийгмийн дэд бүтэц болон ногоон байгууламж бүхий цогцолбор хороолол барьж, эрүүл аюулгүй, тав тухтай орчин нөхцөлд амьдрах боломж бүрдүүлж байна.
Гэр хорооллын газрыг орон сууцжуулах төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 2021 оны байдлаар гэр хорооллын 1,706.7 га талбай, 19 байршил, 56 хэсэгчилсэн талбайд 43 компани төсөл хэрэгжүүлж, 2519 нэгж талбар газар чөлөөлж, 11,755 айлын орон сууцыг ашиглалтад оруулан 5000 гаруй янданг буулгаад байна. Мөн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга зэргийг стандартын дагуу барьж ашиглалтад оруулж байгаа юм.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
Хөшигийн хөндийд шинэ хот байгуулж, эдийн засгийн төрөлжсөн бүс байгуулах их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм Монгол ахан дүүсээ,
Хүндэт Баялаг бүтээгчид, олон улсын хөрөнгө оруулагчдаа!
Монгол Улс өнөөдөр “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хөшигийн хөндийд шинэ хот байгуулж, эдийн засгийн төрөлжсөн бүс байгуулах их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байгаагаа зарлаж байна.
Газрын дээрх шинэ хотыг сүндэрлүүлэхийн тулд газар доорх инженерийн дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэх учиртай. Тийм ч учраас Монгол Улсын Засгийн газраас манлайлал үзүүлж, Хөшгийн хөндийн дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, Засгийн газрын байгууллагуудыг үе шаттайгаар Хөшгийн хөндийд нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасныг дуулгахад таатай байна.
Хөшгийн хөндийд баригдсан шинэ онгоцны буудлын бүтээн байгуулалт, дэд бүтэц, зураг төслийн ажил бүрэн дуусч, газар шорооны ажил эхлэхэд бэлэн болсон Богдхаан төмөр замын бүтээн байгуулалт зэрэг олон давуу тал Хөшгийн хөндийд сүндэрлэх шинэ хот уруу хөрөнгө оруулалт эрчимтэй татагдах соронзон орон үүсгэж чадна гэдэгт итгэлтэй байна.
Монголчууд бид өмнө нь Дархан, Эрдэнэт, Багануур, Налайх, Бор-Өндөр, Чойбалсан зэрэг аж үйлдвэрийн олон хотыг сүндэрлүүлж чадсан түүхтэй. Харамсалтай нь, өнгөрсөн 30 жилийн хугацаанд нэг ч шинэ суурьшлын бүс, шинэ хотыг байгуулж чадаагүй нь бодит үнэн билээ.
Урт хугацаагаар системтэй төлөвлөж чадаагүйгээс, засаглалын хэт тогтворгүй байдлаас, бодлогын залгамж чанар алдагдсанаас, сонгуулиас сонгуулийн хооронд хоосон хүлээлт үүсгэсэн бодит биш амлалтуудаас үүдэж, монголчууд бид өнөөдөр 1 хүнд ногдох газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд нэгт жагсдаг ч нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг нийслэл Улаанбаатар хотдоо төвлөрөн амьдарч байна.
Их, дээд сургуулиудын 90, худалдаа үйлчилгээний 86, нийт хадгаламжийн 81, бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 76 хувь нийслэлд төвлөрч, Дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувийг Улаанбаатар хот дангаараа үйлдвэрлэдэг болсон байна.
Жил бүр дунджаар нэг аймгийн оршин суугчидтай дүйцэх хэмжээний хүн ам нийслэлд шилжин суурьшиж, 70-80 мянга гаруй авто машин замын хөдөлгөөнд шинээр нэмэгдэн орж байна. Нэг үгээр хэлбэл, Монгол Улс нэг хот-улс болжээ.
Суусан хотоо алхаатай хот болгож, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг бий болгох “Шинэ сэргэлтийн бодлого”-ын дагуу өнөөдөр Хөшигийн хөндийд шинэ хотыг цогцлоох ажлыг ийнхүү эхлүүлж байна. Цаашид ч Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Өвөрхангай аймагт, Нийслэлийн захын дүүрэг болох Багануур, Налайхыг түшиглэсэн шинэ суурьшлын бүсүүдийг Засгийн газар бодлогоор дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж, хувийн хэвшил, олон улсын хөрөнгө оруулалтыг татах эрхзүйн орчныг бүрдүүлэх болно.
Хөшигийн хөндийн энэхүү бүтээн байгуулалт зөвхөн шинэ суурьшлын бүс төдийгүй Эдийн засгийн тусгай бүс, тээвэр логистикийн бие даасан зангилаа хот болон хөгжих бүрэн боломжтойг өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн судалгаа нотолж байна.
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого” бол хоосон зорилт биш юм аа. “Шинэ сэргэлтийн бодлого” бол бодит төслүүд юм. Нэг үгээр хэлбэл, эхлэх, дуусах хугацаатай, хөрөнгө оруулалтын үнэлгээтэй, тооцоо судалгаанд үндэслэсэн Прагматик бодлого юм. Бид улс үндэстнээрээ популист хандлагаас прагматик шийдэл уруу орох цаг болжээ.
Хэдийгээр дэлхий нийтээр цар тахалтай, дайн тулаантай, хүйтэн дайны нөхцөл байдал эргэн сэргэсэн амаргүй цаг үе боловч “Шинэ сэргэлтийн бодлого” бодитой хэрэгжиж байна. Энэ хүрээнд Боомтын сэргэлт эрчимжиж, Монгол Улс төмөр замын экспортын 4 шинэ гарцтай болох их бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Боомтуудыг авто замаар холбох ажил ч жигдэрч, улс орны өнцөг булан бүрт энэ бүтээн байгуулалтын ажил эхлэлээ. Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажил эхлэхэд бэлэн болж, Эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлэх бэлтгэл ажил эрчимжиж байна. Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт графикийн дагуу өрнөж, гадаад харилцаа идэвхжиж, хөрөнгө оруулагчдын сонирхол илт сэргэж байна.
Өнөөдөр Та бид хамтдаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот хөдөөгийн сэргэлтийн зорилтын хүрээнд Хөшигийн хөндийд шинэ хот цогцлоох их бүтээн байгуулалтын инженерийн дэд бүтцийн ажлыг эхлүүлэх түүхэн мөчийн гэрч болцгоож байна.
Монголчууд бид эвлэлдэн нэгдэж, ирээдүйн хөгжлийн төлөө бүх хүч, мэдлэг, авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориг бадрангуй зориулна гэдэгт итгэл төгс байна.
“Шинэ сэргэлтийн бодлого”-оо бүх нийтээрээ манлайлан хэрэгжүүлж,
Монгол Улс мандан бадрах болтугай!
“Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, дагуул хот, шинэ суурьшлын бүс байгуулах зорилт тусгагдсан. Энэ хүрээнд өнөөдөр “Хөшигийн хөндийн шинэ суурьшлын бүс”-ийн инженерийн дэд бүтцийн ажлыг эхлүүлж байна. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүдийн хамт оролцлоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс өнөөдөр “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хөшигийн хөндийд шинэ хот байгуулж, эдийн засгийн төрөлжсөн бүс байгуулах их бүтээн байгуулалтыг эхлүүлж байгаагаа олон улсад зарлаж байна. Цаашид Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Өвөрхангай аймаг, нийслэлийн захын дүүрэг болох Багануур, Налайхыг түшиглэсэн шинэ суурьшлын бүсүүдийг Засгийн газар бодлогоор дэмжин дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж, хувийн хэвшил болон олон улсын хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчинг бүрдүүлнэ. Хөшигийн хөндийн энэхүү бүтээн байгуулалт зөвхөн шинэ суурьшлын бүс төдийгүй эдийн засгийн тусгай бүс, тээвэр логистикийн бие даасан зангилаа хот болон хөгжих бүрэн боломжтой. Шинэ суурьшлын бүсийг тойроод Богдхан төмөр зам явж, тус ажлууд уялдаж байгаа” гэв.
Монгол Улс 1980 оноос хойш шинэ хот бариагүй. 40 жилийн дараа дахин хот байгуулах төлөвлөлтийг ийнхүү хийж байна. Шинэ суурьшлын бүсийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын хүрээнд эхний ээлжинд усан болон цахилгаан хангамжийн эх үүсвэрийн барилга угсралтын ажил эхэлж байна.

Энэ үеэр Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Шинэ суурьшлын бүсийн төлөвлөлтийн ажлын зураг эцэслэгдэн батлагдаж, техникийн шийдэл, төсөв хөрөнгө оруулалтыг гаргасан. Ажлын зураг гарсантай холбоотой энэ жил 30 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгасан. Энэ дагуу онгоцны буудлын урд байгаа таван усан худгаас инженерийн шугам сүлжээ хийх ажлыг эхлүүлж байна. Мөн 35 кВт-ын цахилгааны шугам татах ажил өнөөдөр эхэлж байна. Засгийн газраас энэ ажлыг эрчимжүүлэх хүрээнд ирэх оны улсын төсөвт 200 гаруй тэрбум төгрөгийг үе шаттайгаар тусгахаар төлөвлөж байна” гэлээ.
Шинэ суурьшлын бүсийн нээлтэд хувийн хэвшлийг төлөөлж “Таван Богд” группын ерөнхийлөгч Ц.Баатарсайхан оролцож үг хэлэв. Тэрбээр, “Шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэхэд аж ахуйн нэгжүүд дэмжин оролцоно гэдэгт итгэлтэй байна. Манай компанийн зүгээс энэ орчимд үйлдвэр барьж байгуулан, 4000 ажлын байр бий болгохоор төлөвлөж байна” гэсэн юм.
Хөшигийн хөндийн шинэ суурьшлын бүсэд эхний ээлжинд 35 мянган хүн суурьшуулах тооцоо хийжээ. 2040 он гэхэд 150 мянган хүн суурьшсан бизнес, аялал жуулчлал, тээвэр логистик, үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжсөн засаг захиргаа, соёл, боловсрол, эрүүл мэнд, эдийн засгийн идэвхжил өндөр бүс нутаг болж хөгжинө.
Засгийн газрын хуралдаанаар /2022.08.10/ Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд төр захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх шийдвэрийг албажуулсан юм.
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны наймдугаар сарын10-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
Хувийн цэцэрлэгүүдэд хамран сургах тойргийн нийт 10330 хүүхдийг нэмэлтээр элсүүлэн сургана
Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа цогц арга хэмжээний талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
Энэ ажлын хүрээнд ачаалал өндөртэй байршилд хувийн цэцэрлэгүүдэд хамран сургах тойргийн нийт 10330 хүүхдийг нэмэлтээр элсүүлэн сургахаар урьдчилан тохиролцож, нэг хүүхдэд ногдох талбайн хэмжээг бууруулан хувьсах зардлыг 2 дахин нэмэгдүүлж, хоолны зардлын хамт санхүүжүүлэхээр гэрээ хийж эхэлжээ. Мөн цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх болон худалдан авах байршлуудыг судалж, шаардлага хангасан байруудын засвар, тохижилтын ажлыг эхлүүлээд байна. Тодруулбал, цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх 83 байранд 8750, цэцэрлэгийн зориулалтаар тохижуулсан орон сууцны хороолол, хотхоны доод давхрын 14 байранд 1175, цэцэрлэгийн зориулалтаар баригдсан болон засварлаж, тохижуулсан бие даасан 7 байранд 1165 хүүхдийг тустус хамруулахаар холбогдох тушаал шийдвэрийг үе шаттай баталгаажуулаад байна.
Түүнчлэн орчин үеийн дэвшилтэт технологийн гэр цэцэрлэгийн зураг төслийг боловсруулж, ачаалал ихтэй 13 байршилд тус бүр 100 хүүхдийн хүчин чадалтай гэр цэцэрлэгийг богино хугацаанд байгуулж, 1200 хүүхдийг хамруулахаар салбарын яамнаас тооцжээ. Хүүхэд харах үйлчилгээнд 2000 хүүхэд хамруулахаар төлөвлөсөн бөгөөд одоогоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт 50 гаруй иргэнээс хүсэлт ирээд байна.
Энэ оны наймдугаар сарын 5-ны өдрийн байдлаар 24620 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломж бүрдүүлээд байгааг Л.Энх-Амгалан сайд Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд батлагдсан хөрөнгийн эх үүсвэрийг үр дүнтэй зарцуулж, ажлын үр дүнг 2022 оны есдүгээр сарын 5-ны өдрийн дотор багтаан танилцуулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд, энэ чиглэлд хийгдэх үйл ажиллагаа гэрчимжүүлж, нийслэлийн дүүргийн Засаг дарга нарын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт тус тус даалгалаа.
80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй төсөл, арга хэмжээний ажлыг эрчимжүүлж, 2022-2023 оны хичээлийн жилд ашиглалтад оруулахыг даалгалаа
Боловсрол, шинжлэх ухааны салбарт төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа зарим төсөл, арга хэмжээнд үүссэн нөхцөл байдлын талаар салбарын сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Цар тахлын нөхцөл байдлаас хамаарч дотоодын зах зээлд барилгын материал, түүхий эдийн үнэ болон ажиллах хүчний зардлын өсөлт зэргээс үүдэж төсвийн хөрөнгөөр санхүүжиж байгаа зарим хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний хэрэгжилтийн явц удаашралтай байна.
Боловсрол, шинжлэх ухааны салбарт 2022 оны төсвийн жилд нийт 1,465.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, тухайн жилд санхүүжих дүн 356.9. тэрбум төгрөг бүхий 430 төсөл, арга хэмжээ хэрэгжиж буй юм. Салбарын хэмжээнд энэ оны наймдугаар сарын 1-ний байдлаар 80 хувиас дээш гүйцэтгэлтэй нийт 305.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 2022 онд олгох санхүүжилт нь 62.6 тэрбум төгрөг бүхий 86 төсөл, арга хэмжээ байна. Барилга угсралтын ажлын явц нь 80 хувиас дээш гүйцэтгэлтэй бөгөөд 2022 оны есдүгээр сард ашиглалтад орох боломжтой 47 төсөл, арга хэмжээнээс 19 нь Улаанбаатар хотод байршилтай байна. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд 1690 хүүхдийн хүчин чадалтай 8 цэцэрлэг, 520 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор 2, 3840 хүүхдийн хүчин чадалтай 6 сургууль, спорт заал, их, дээд сургуулийн хичээлийн байр, дотуур байр тус бүр 1 ашиглалтад орохоор байгаа аж.
Үүнтэй холбогдуулан боловсрол, шинжлэх ухааны салбарт төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа 80 хувиас дээш гүйцэтгэлтэй төсөл, арга хэмжээний ажлыг эрчимжүүлж, 2022-2023 оны хичээлийн жилд бүрэн ашиглалтад оруулах талаар хууль тогтоомжийн хүрээнд зохих арга хэмжээг авч, дүнг танилцуулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.
Хилийн боомтын бүс орчмын улсын хилийн зурваст газар ашиглуулахдаа зураг төсөл, бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулна
Хилийн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөлтийн ажлын явцын талаар Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Улсын төсөв, зээл тусламжийн санхүүжилтээр нарийвчилсан зураг төслийн ажил хийгдэж буй 10, өргөтгөл, шинэчлэлт хийж байгаа 6 боомт байна.
Боомтуудын ачаа болон зорчигч тээврийн нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Гашуунсухайт хилийн боомтод “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой”, “Энержи Ресурс” компани хамтарч 30 га талбайд автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминалыг “Смарт Эко транс” компанийн 66 га талбайд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барьж ашиглалтад оруулаад байгаа юм.
Мөн боомтуудын төмөр зам, авто замаар үе шаттай бүрэн холбож, тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ачаа тээврийн урсгалыг сайжруулж, цаашид транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд Ханги, Цагаандэл Уул, Бургастай, Ульхан, Хавирга, Баянхошуу, Бичигт, Ханх, Цагааннуур, Даян зэрэг 10 боомтыг хатуу хучилттай авто замаар, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги, Хөөт-Бичигт, Арцсуурь-Шивээхүрэн гэсэн 4 боомтыг төмөр замаар холбохоор төлөвлөсөн. Эндээс Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги чиглэлийнтөмөр замын бүтээн байгуулалтыг 2022 онд багтаан дуусгахаар ажиллаж байна. Харин Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийг2022 оны долдугаар сард эхлүүлээд байгаа юм.
Танилцуулгатай холбогдуулан дараах үүрэг чиглэлийг Ерөнхий сайд өгсөн юм.
1. Хилийн боомтын бүс орчмын улсын хилийн зурвас газар, улсын тусгай хамгаалалттай газар дахь газар олголт, ашиглалтын мэдээллийг нэгтгэн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нарт;
2. Хилийн боомтын бүс орчмын улсын хилийн зурваст газар ашиглуулах асуудлыг хилийн боомтын холбогдох төлөвлөгөө, зураг төсөл, бусад бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулах арга хэмжээ авч ажиллахыг Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхланд;
3. Хилийн боомт, хил орчмын нутаг дэвсгэрийн эдийн засгийн үр нөлөөг дээшлүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах болон улсын хилийн боомт дээр ажилладаг байгууллагуудын чиг үүргийн давхардал, хийдлийн асуудлыг судалж, танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан нарт даалгалаа.
Авто замын төлбөр авах цэгийг цахимжуулна
Манай улс дэлхийн өрсөлдөх чадварын 2017 оны тайланд “Замын чанарын индекс”-ээр дэлхийн 138 улсаас 109 дүгээр байрт, дэд бүтцийн өрсөлдөх чадвараар 64 орноос 62-т эрэмблэгдсэн бөгөөд Монгол Улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо жил бүр өсч, 2026 онд нэг өрхөд ногдох тээврийн хэрэгслийн тооны харьцаа 1/1.7-д хүрэх төлөвтэй байна. Энэ нь одоо байгаа 1.2 сая тээврийн хэрэгслийн тоо 1.6 саяд хүрч 30 хувиар тэлэх буюу цаашид авто зам ашигласны төлбөр, хураамж төлөх хэрэглэгчдийн тоо тогтмол өсөх хандлагатай байна.
Улсын хэмжээнд анхны Төлбөр авах цэгийг 2005 онд байгуулж байжээ. Одоогийн байдлаар олон улс, улсын чанартай хатуу хучилттай авто замд 33 төлбөр авах цэг бүртгэлтэй байгаагаас 2022 оны I улирлын байдлаар 27 төлбөр авах цэг үйл ажиллагаа явуулж буй юм. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд энэ цэгүүд нийт 39.1 тэрбум төгрөгийн орлого олж, 8.8 тэрбум төгрөгийн зардалтай ажиллаж, 30.3 тэрбум төгрөгийн цэвэр орлогыг улсын төсөвт төвлөрүүлжээ. Гэвч төлбөр авах цэгүүдээр нэвтэрч байгаа нийт тээврийн хэрэгслийн 45 орчим хувиас төлбөр авахгүй байна гэх судалгааны дүн байна.
Иймд төлбөр авах цэгийг цахимжуулах үйл ажиллагааг 2019 оноос эхлүүлж Улаанбаатар хот орчмыг тойрсон ачаалал ихтэй Эмээлт, Налайх, Хоолтын төлбөр авах цэгүүдийг цахимжуулжээ.
Цэгүүдийг цахимжуулснаар орлого 30.8 хувиар өсч, ажиллах хүчний зардал 35 хувиар хэмнэгдэх тооцоо гарсан байна. Энэ хүрээнд цахимжуулалтад “ABPR” болон “RFID” хосолсон технологийн шийдлийг сонговол манай орны цаг уурын орчин нөхцөлд тохирно гэж холбогдох албаныхан үзэж байгаа юм. Энэ төслийг хэрэгжүүлэх шийдлийн хувьд 10 жилийн хугацаанд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт менежментээр хэрэгжүүлэхээр тооцжээ.
Иймд Сангийн сайд Б.Жавхлан, Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар нарт төлбөр авах цэгийг цахимжуулахад хувийн хэвшлийн оруулсан хөрөнгийг авто зам, замынбайгууламж ашиглан зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авсан төлбөрийн тодорхой хувиар эргэн төлөх, төлбөр авах цэгийн ашиглалт, үйлчилгээтэй холбогдон гарах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг даалгалаа. Мөн төлбөр авах цэгийг цахимжуулахад хөрөнгө оруулах этгээдийг холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулж, цахимжуулах ажлыг шуурхай гүйцэтгүүлэх, Улаанбаатар хот орчмын төлбөр авах цэгийг энэ оны наймдугаар сарын 25-ны дотор цахимжуулж, ашиглалтад оруулахыг Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт үүрэг болголоо.
Товчхон
Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн өнөөгийн нөхцөл байдал, тусгай зөвшөөрлийг цахим хэлбэрээрисонгон шалгаруулалтаар олгох талаар Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд Г.Ёндон Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахыг даалгалаа.
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд төр захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэхтэй холбоотой судалгааг Барилга хот байгуулалтын яамнаас хийж, Засгийн газрын хуралдаанд өнгөрсөн гуравдугаар сард танилцуулсан. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар төр, захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх Засгийн газрын тогтоол албажиж, эцэслэн батлагдлаа. Ирэх баасан гарагт Хөшигийн хөндийнинисэх буудлыг тойрсон инженерийн шугам сүлжээний ажлыг эхлүүлнэ. Үүнд зориулж энэ жилийн төсөвт 30 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др Сергей Диордицагийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, нутаг буцаж байгаатай холбоотойгоор хүлээн авч уулзан талархал илэрхийллээ. Тэрбээр манай улсад таван жил ажиллахдаа эрүүл мэндийн салбарт томоохон төслүүдийг хэрэгжүүлж, Монгол Улсын Засгийн газрын бодлогыг дэмжин ажилласан юм.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ковид-19” цар тахалтай тэмцэх амаргүй ажилд Монгол Улсад олон улсын байгууллагуудын дэмжлэг туслалцааг зохицуулахад өндөр хувь нэмэр оруулж, 40 мянган хүний амь насыг болзошгүй эрсдэлээс хамгаалсан танд талархал илэрхийлье гээд цар тахлыг хүндрэл багатай даван туулахад та бүхний оролцоо их байсан гэдгийг хэллээ.
Үүний хариуд Суурин төлөөлөгч Др Сергей Диордица “Амаргүй цаг хугацаанд та бид олон амжилтыг хамтдаа бүтээлээ. Цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол Улс эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх стратегийн алсын хараатай ажиллаж ирсэнд баяр хүргэмээр байна. Таны тэргүүлсэн Засгийн газрын үед энэ ажлыг далайцтай хийж байгаа нь магтууштай. Цар тахлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ тань бусад улс оронд үлгэр жишээ сайн туршлага болсон” гэлээ.
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны наймдугаар сарын 03-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
Өр, бондын зарцуулалтыг бүхэлд нь шалгах ажлын хэсэг байгууллаа
Монгол Улсад үүссэн өр, бондын зарцуулалтыг бүхэлд нь шалгах ажлын хэсэг байгуулж, Сангийн сайд Б.Жавхлан ахалж ажиллана. Үүнтэй холбогдуулан Б.Жавхлан сайд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монгол Улс ойрын гурван жилийн хугацаанд дефолт болох эрсдэл үүсээгүй. Засгийн газар 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл нийт 5.2 тэрбум ам.долларын долоон бонд гаргасан. Үүнээс зөвхөн “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллараар төсөл арга хэмжээнүүдийг санхүүжүүлсэн. Бусад бондын хөрөнгийг төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, өмнөх бондын өрүүдийг төлөхөд зарцуулсан. Тиймээс манай ажлын хэсгийн шалгалтын хүрээ цомхон. “Чингис” бондын хөрөнгийг хэрхэн зарцуулсан бэ гэдгийг шалгаж, өнөөдөр ямар эрсдэлд хүргэсэн болохыг тайлагнах болно. Энэ бондын хөрөнгийн 50 гаруй хувь нь Хөгжлийн банкны чанаргүй зээл болсон. Бид өрийнхөө хэмжээнээс илүү зарцуулалтыг нь анхаарах ёстой. Өрийн асуудал маш эмзэг. Дефолт болох нөхцөл байдал үүсээгүй гэдгийг дахин хэлье. Манай улсын нийт гадаад өр өнөөдөр ДНБ-ий 220 хувьтай тэнцэж байна. Сингапур улсын гадаад өр ДНБ-ийхээ 420 хувьтай тэнцэж байгаа. Англи улсын гадаад өр ДНБ-ээсээ гурав дахин, Япон улсынх ч түүнээс ч олон дахин их байна. Гэтэл яагаад дефолт зарлах асуудал яригддаггүй вэ гэхээр зээлийнх нь зарцуулалт чанартай байдаг. Тэр нь эргээд эдийн засагтаа үр өгөөжөө өгч байна. Харин манайд зээл үр дүнгээ өгөхгүй байна. Тиймээс үүнийг шалгана. Ирэх долоо хоногт шалгалтынхаа явцыг Засгийн газрын хуралдаанд танилцуулна” гэлээ.
Боловсролын салбар дахь авлигатай холбоотой асуудлаар 11-11 төвд мэдээлэл авна
Ерөнхий сайдын дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд энэ төрлийн гомдол, саналтай холбоотой ажлын хэсэг гарч ажиллахаар боллоо. Ажлын хэсэгт Ерөнхий сайдын ажлын алба, Боловсрол, шинжлэх ухааны яам, Тагнуулын Ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар болон нийслэлийн мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн баг ажиллах юм.
Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдэд хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Тухайлбал, хичээлийн шинэ жил эхлэх дөхөж байгаатай холбоотойгоор боловсролын салбар дахь авлигын асуудлыг таслан зогсоох, хяналт тавих ажлын хэсгийг 11-11 төв дээр өргөтгөсөн байдлаар зохион байгуулах үүрэг өглөө. Зарим сургуулийн удирдлагууд сургуулийнхаа хамран сургах тойргийн бус хүүхдүүдийг хувийн ашиг сонирхлын үүднээс сургадаг, зарим хүүхдийг ямар ч шалгуургүйгээр элсүүлдэг явдлыг таслан зогсоох, цэцэрлэгийн хүртээмжийг адил түвшинд байлгах зорилгоор ажлын хэсэг байгуулж байна.
Хоёрдугаарт, Монгол Улсын стратегийн салбарын бүтээн байгуулалтыг санаатайгаар тасалдуулж, хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг нэхэмжлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа. Тодруулбал, стратегийн бүтээн байгуулалт улс орны хөгжлийн хурдасгуур, эдийн засгийн хамгийн том хөшүүрэг. Үүнийг аль нэг иргэний нийгмийн байгууллага, ард түмний нэр барьсан хэн нэгэн тооцоо судалгаагүй зүйл ярьж тасалдуулахыг хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэсэн зүйлчлэлээр өргөдөл гомдлыг хууль хяналтын байгууллагад Засгийн газрын нэрийн өмнөөс өгч шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг иргэний журмаар нэхэмжлэх үүрэг бүхий ажлын хэсэг юм.
Гуравдугаарт, сүүлийн үед цахим гэмт хэргийн гаралт нэмэгдэж байна. Тодруулбал, залилан, бэлгийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэргүүд цахим орчинд их гарч байна. Насанд хүрээгүй хүүхдүүдийг цахим орчинд айлган сүрдүүлж бэлгийн харилцаанд орох, биеийг нь үнэлүүлэх, түүнийг зохион байгуулах гэмт хэрэг ихээр гарч байгаа. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, үүний эсрэг хөтөлбөр гаргаж танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан” гэлээ.
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР













