Нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөхтэй холбоотой журмыг Засгийн газрын хуралдаанаар баталсан. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас авсан тодруулгыг хүргэж байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр зөрүүтэй мэдээлэл гарч, хүмүүс, аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд буруу зөрүү ойлголт төрөх магадлал үүсээд байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг дөрвөн бүлэг хүн төлөхгүй.

1.  Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага

2.  Төрийн бус байгууллага

3.  Төр, хувийн хэвшлийн бүх их, дээд сургууль

4.  Сайн дураар даатгуулагч нар зургаан сарын хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй.

Монгол Улсад татвараа төлдөг 108.8 мянган аж ахуйн нэгж байдаг. Эдгээрээс  99.99 хувь нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй. Үлдэж байгаа 0.01 хувь нь алтны компаниуд юм. Алтны үнэ сүүлийн найман жилийн хугацаанд хамгийн өндөр түвшинд очсон байгаа. Сангийн яам, Татварын ерөнхий газар болон E-баримтад хуримтлагдсан мэдээллийг харахад аж ахуйн нэгжүүдийн бүх орлого буурсан. Ганцхан алт олборлодог аж ахуйн нэгжийнх буураагүй. Иймээс алтны компаниуд татвараа төлнө. Татварын тухай шинэ хуулиар аж ахуйн нэгжүүд тайлангаа гаргаж өгдөг. Одоо цалин өгөх хугацаа ойртож байна. Аж ахуйн нэгжүүд Нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүйгээр цалингаа олгож болно. Аж ахуйн нэгжийн, ажилтны төлөх ёстой Нийгмийн даатгалын шимтгэлийг Монгол Улсын Засгийн газар өмнөөс нь төлж байгаа. Хэрвээ аж ахуйн нэгж төлчихсөн бол буцааж олгоно. Зарим аж ахуйн нэгж “манай орлого дөрөвдүгээр сард хэвээрээ байгаа учир төлөх ёстой” гэсэн ойлголттой байна. Засгийн газар Шинэ коронавирусын хор нөлөөг он дуустал үргэлжилнэ гэж тооцсон. Орлого нь өнөөдөр хэвийн байгаа ч ирэх сард, зургаа, долоо, наймдугаар сард буурах магадлалтай. Тийм учир орлого нь нэг төгрөгөөр ч буурсан байсан тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдсон гэж үзнэ. Тэгэхээр төлчихөөд буцааж авна гэснээс илүү анхнаасаа битгий төл гэсэн журмыг Засгийн газар гаргасан. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх долоон арга хэмжээ авна гэдгээ хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн. Эхнийх нь нефтийн бүтээгдэхүүний үнэтэй холбоотой байсан. Үнэ буурсан. Хоёрдахь нь хүүхдийн мөнгийг 50 хувь нэмж олгох. Өчигдрийн байдлаар орон даяар хүүхдийн мөнгийг олгочихсон. Гуравдахь нь НДШ, Хүн амын орлогын албан татвараас чөлөөлөх. Энэ шийдвэрийг гаргалаа”.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ-уудын 49 хувийг төрийн мөнгөөр хувьчилж авах гэж байснаас үүдэлтэйгээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд Засгийн газраас онцгой дэглэм тогтоосон. Үүнийг сунгах эсэх асуудлыг өнгөрсөн лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд 127-р тогтоолоор дээрх газруудын онцгой дэглэмийг дахин 6 сараар сунгахаар болсон.

Уг тогтоолыг танилцуулах, өнгөрсөн нэг жилийн хугацаанд Засгийн газраас хэрэгжүүлсэн ажлуудтай газар дээр нь танилцах зорилгоор ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрт ажиллав. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тус үйлдвэр санхүүгийн болон олборлолт, баяжуулалтын хувьд өмнөх жилүүдтэй харьцуулахад ашигтай ажилласан байна.

2019 оны гүйцэтгэлээр нийт 105,9 мянган тонн жонш олборлож, 34,6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Энэ нь тус үйлдвэрийн түүхэнд байгаагүй үзүүлэлт аж. Үүнээс өмнө уулын баяжуулах үйлдвэр ашиг байтугай зарим жилд алдагдалтай ажилладаг байсан талаар тус үйлдвэрийн удирдлагууд танилцуулсан. Мөн төсөвт төлөх татвар, шимтгэлийн хэмжээ нь ч эрс өсч, төмрийн хүдрийн олборлолтоо 37,6 мянган тонноор нэмэгдүүлсэн байна.

Өнөөдрийн байдлаар тус үйлдвэр 1219 ажиллагсадтай бөгөөд өнгөрсөн нэг жилийн хугацаанд ажилчдынхаа цалинг тус бүр 30 хувиар хоёр удаа нэмж, дундаж цалингийн хэмжээг 2 сая 335 мянган төгрөг болгожээ. Өөрөөр хэлбэл “Бор-Өндөр” УБҮ-ийн үйл ажиллагаанд өнгөрсөн нэг жилийн хугацаанд Засгийн газар онцгой анхаарч, Сангийн яам, ТӨБЗГ-аас санхүүгийн сахилга батыг сахиулж, хяналт тавьж ажилласны бодитой үр дүн гарсан гэж тус үйлдвэрийн хамт олон үзэж байгаа аж. Тус үйлдвэр төрийн мэдэлд өнгөрсөн нэг жилд ажилласан нь хамгийн гол шалтгаан байсан гэдгийг “Монголросцветмет” ТӨҮГ-ын захирал Б.Мөнхбат онцолж байсан юм.

Харин Л.Оюун-Эрдэнэ сайдын хувьд “Өнгөрсөн нэг жилийн үйл ажиллагаанаас “Бор-Өндөр” УБҮ цаашид төрийн өмчит хэлбэрээр ажиллах бүрэн боломжтой гэдэг нь харагдаж байна. Ер нь өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд төрийн өмчийг ашиггүй гэж ойлгуулдаг, орд газруудын нөөц удахгүй дуусах гэж байгаа мэтээр нийгэмд ойлгуулж ирсэн байдаг. Ингэх тодорхой зорилго байсан нь улам бүр тодорхой болж байгаа.  “Эрдэнэт”, “Багануур”, “Хөтөл”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” гэх мэт олон жишээнээс улам бүр тодорхой болж байгаа. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг авсан хэсэг бүлэг хүмүүс “Бор-Өндөр”-ийн уурхай ашгаа өгөхгүй гэж байгаад л бас төрийн мөнгөөр хувьчлаад авчихсан байсан. Төр ашигтай ажиллуулж, ажилтнууддаа үр өгөөжийг нь хүртээж болдог гэдгийг уурхайчид маань бодитой харуулж чадлаа. Ганцхан жилийн хугацаанд түүхэндээ байгаагүй ашигтай ажилласан байна. Цаашдаа онцгой дэглэм үргэлжлэх 6 сарын хугацаанд бизнес моделио сайжруулахад илүү анхаарч ажиллаарай” гэлээ.

Дэлхийн улс орнуудад коронавирусийн дэгдэлт хурдацтай тархаж байгаагаас үүдэн манай улсад олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон. Үүнээс үүдэн төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтын шалгалт ч  хойшлоод байсан юм.

Тэгвэл Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар Улсын онцгой комиссоос гарсан чиглэл, ЗГХЭГ-аас ирүүлсэн саналыг харгалзан төрийн байгууллагын хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор Төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах, авах зарим арга хэмжээний талаар тогтоолыг баталжээ.

Тодруулбал, төрийн албаны сул орон тоог нөхөх төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах юм. Шалгалтыг тусгайлсан, хэсэгчилсэн байдлаар үе шаттайгаар хувааж, зайлшгүй шаардлагатай бол ганцаарчилсан байдлаар цахим хэлбэрээр, зохион байгуулалтын хувьд хялбаршуулсан горимоор шуурхай зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Бүртгэл, материал бүрдүүлэлт ч мөн цахимаар хийх аж. Энэхүү журам нь гамшгийн нөхцөл байдал арилтал мөрдөгдөх юм байна.

Төрийн албаны сул орон тоо нөхөх зарыг шалгалтын бүртгэл эхлэхээс ажлын гурваас доошгүй өдрийн өмнө Төрийн албаны зөвлөлийн болон төрийн байгууллагын цахим хуудсаар зарлана. Тусгай шалгалтын бүртгэлийг ажлын нэг өдрийн хугацаанд хийж, шалгалтын тайланг шалгалт дууссанаас хойш Төрийн албаны зөвлөл, Салбар зөвлөлд ажлын нэг өдөрт багтаан хүргүүлэхээр тогтжээ.

Та www.csc.gov.mn холбоосоор нэвтрэн дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

ЛОДОНГИЙН ТҮДЭВ

(1935-2020)

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн зохиолч, XX зууны манлай сэтгүүлч, Монгол түмний сод мэргэн их хүмүүн Лодонгийн Түдэв таалал төгсөж, Монголын төр, ард түмэнд хүнд гарз тохиолоо.

Л.Түдэв 1935 оны 2 дугаар сарын 9-нд Говь-Алтай аймгийн  Наран (одоогийнХалиун) сумын Гүү бариач багийн нутаг “Өвөр замын бууц” гэдэг газар төржээ. Бага насаа эцэг эхийн гар дээр Хантайшир уулынхаа дунд малчин ахуйд өнгөрөөж, 1942–1950 онд Говь-Алтай аймгийн Наран сумын бага сургууль, Есөнбулаг сумын бүрэн бус дунд сургууль, 1950–1953 онд Улаанбаатар хотод Багш нарыг бэлтгэх сургууль, 1953–1956 онд Улсын багшийн дээд сургууль, 1964-1967 онд Москва хотод Нийгмийн ухааны академийг дүүргэж 1984 онд Нийгмийн ухааны докторын зэргийг хамгаалжээ.

Л.Түдэв 1956 оны намар төрсөн нутагтаа ирж, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын дунд сургуульд багшилснаар асар баялаг, гайхамшигтай бүтээлч ажил хөдөлмөрийнхөө гараагаа эхлүүлжээ.

Тэрбээр 1961 онд “Үнэн” сонинд утга зохиолын нарийн бичгийн дарга, 1962 онд “Утга зохиол” сонины эрхлэгч, 1968 оноос Монголын Зохиолчдын хорооны орлогч дарга, даргаар 7 жил, 1975 оноос МХЗЭ–ийнТөв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар 8 жил гаруй, 1984 оноос “Үнэн” сонины Ерөнхий эрхлэгчээр 10 гаруй жил тус тус ажилласан бөгөөд зөгнөлт “Дал” сониныг санаачилж Ерөнхий эрхлэгчээр өнөөг хүртэл ажиллаж байлаа.

Л.Түдэв нь Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн байв. Л.Түдэв МХЗЭ-ийн тэргүүнээр ажиллаж, Монгол орны хөгжил дэвшилд залуусын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, тэдний хүч нөөцийг дайчлан зохион байгуулах ажлыг амжилттай удирдан зохион байгуулж, олон ажил үйлсийг бүтээжээ.

Л.Түдэв АИХ-ын депутатаар 7 удаа сонгогдож, 8 жилд нь АИХ-ын тэргүүлэгч гишүүнээр сонгогдон төрийг удирдах хэрэгт нийтдээ 20 гаруй жил хүчин зүтгэжээ. Тэрбээр 1986-1990 онд Монголын Парламентын бүлгэмийн дарга, 1986-1990 онд Олон Улсын Парламентын холбооны гишүүн, 1973-1976 онд Монголын Энхтайваны хорооны дарга, 1974-1976 онд Дэлхийн Энхтайваны Зөвлөлийн тэргүүлэгч гишүүнээр тус тус сонгогдон ажиллаж байлаа.

Л.Түдэв нь 1992 онд Монгол Улсын Үндсэн хуулийг боловсруулахад биечлэн оролцож, батлалцсан юм. Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны дараахь 1993 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Л.Түдэв нэр дэвшиж оролцсон билээ. Л.Түдэв 1980-аад оноос нийгмийг сэргээсэн олон арван нийтлэл бичиж, Монгол оронд өрнөсөн өөрчлөлт шинэчлэлийн салхийг эхлүүлэх, ардчиллын үзэл санаа бүхий залуусыг дэмжих, тэднийг бичиж туурвихад нь идэвхтэй нөлөөлж, тэгснээрээ 1990 оны ардчилсан хөдөлгөөнийг ард түмэн талархан хүлээж авах хөрс суурь бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Л.Түдэв нь Монголын уран зохиолын нэгэн их ноён оргил билээ. 1950 оноос уран бүтээлээ эхэлж, роман, тууж, өгүүллэг, шүлэг, найруулал, эссе, шүүмж, нийтлэл зэрэг 1000 хол давсан уран бүтээл туурвиснаас гадаадад 25 ном орчуулагдан хэвлэгджээ. Эдгээр бүтээлүүдээсээ түүвэрлэн 40 боть ном гаргажээ. Ялангуяа хүүхэд багачуудад зориулсан түүний яруутансаг, утга төгөлдөр олон арван уран бүтээл Монголын өсвөр үеийнхний оюун билгийг тэлж, мэдлэг ухааныг арвижуулахад онцгой үүрэг гүйцэтгэдэг юм.

ХХ зууны их соён гэгээрүүлэгч, суут эрдэмтэн, төр нийгмийн зүтгэлтэн Л.Түдэвийн хөдөлмөр бүтээлийг Монголын төр, засаг өндрөөр үнэлж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээж, Төрийн шагнал, Сүхбаатарын хошой одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнажээ.

Мөн Л.Түдэвт гадаад улсуудын төр засаг, олон нийтийн байгууллагуудаас хөдөлмөр, зүтгэл, уран бүтээлийг нь өндрөөр үнэлэн олон одон медаль болон бусад шагналыг хүртээжээ.

Л.Түдэв нь Монголын ард түмний оюуны нэгэн их оргил, яндашгүй далай мэт арвин их мэдлэгтэй, ухамсарт бүхий л амьдралаа эх орон, ард түмнийхээ сайн сайхан, танин мэдэхүй, өсөн хөгжихүйн төлөө зориулж ирсэн нэн ховор тохиох суут хүмүүн байв.

Л.Түдэвийн их оюун билгийн гэрэл гэгээ хайртай ард түмнээ үеийн үед гэрэлтүүлэн гийгүүлж байх болтугай. Түүний ухамсарт бүхий л амьдралаа зориулсан Монгол орон нь, Монгол зон олон нь түүнийг үеийн үед мөнхөд санан дурсаж, бахархан дээдэлж, үлгэрлэн дууриаж байх болно.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Д.ОЮУНХОРОЛ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Ё.БААТАРБИЛЭГ, Б.ЭНХ-АМГАЛАН, Ш.РАДНААСЭД, Д.ЛҮНДЭЭЖАНЦАН, Л.БОЛД, Ж.ЭНХБАЯР

Л.БАТЖАРГАЛ, Ж.ГАНБАТ, Т.ГАНТУЛГА, Д.РЭГДЭЛ, Ж.ГОМБОЖАВ, Г.ОЧИРБАТ, Ц.БАЛХААЖАВ

ТӨРИЙН ЁСЛОЛЫН ХЭЛТЭС 

ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй монгол иргэдийг татан авахаар шийдвэрлэсний дагуу иргэдийг Алтанбулаг боомтоор 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулалттайгаар улсын хилээр нэвтрүүлж, тусгаарлах ажиллагааг зохион байгуулж байна.

300 орчим иргэн ирэхээс дийлэнх нь оюутан байна. Хүн тус бүрийг нэг өрөөнд байхаар тусгаарлалт хийж, ХӨСҮТ-өөс оношлуурын баг явж ажиллахаар болов.

Түүнчлэн цаг үеийн асуудлуудад дараах шийдвэр гаргалаа.

1. “Амны хаалтаа зүүцгээе” аяныг 2020.05.31 дуустал орон даяар өрнүүлэх

2. БНСУ руу 2020.04.17-ны өдөр тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн ч бэлтгэлээ сайтар хангасны дараа эцэслэн шийдвэрлэх

3. Амны хаалт зүүх талаар иргэд бие биедээ сануулж, зөвлөдөг байх

4. Амны хаалтаа зүүж, гараа савандаж угаах, ариутгагч шингэн хэрэглэх талаар 7 хоногт 2-3 удаа дуут сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч байх

5. Олон нийтийн эргүүл, байцаагч нарын тоог нэмэх

6. Худалдаа, үйлчилгээний газрууд амны хаалтгүй хүнд үйлчлэхгүй байх

7. Халдварын эрсдэлээс сэргийлэх чиглэлээр иргэдийн ухамсар, соёлыг дээшлүүлэх нь зүйтэй гэж үзжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин өнөөдөр ХӨСҮТ-д ажиллалаа. Тэрээр халуун цэг дээр ажиллаж байгаа эмч, сувилагч, үйлчлэгч гээд нийт хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар ХӨСҮТ-д 237 хүнд шинжилгээ хийж, тандалт судалгаа, эмчийн хяналт зэргээ үргэлжлүүлж байна. Тус төвд 177 хүнийг тусгаарлан, ажиглалтад авсан. Сэжигтэй тохиолдол бүрийг үндсэн оношлуураар үзэж, Төв лабораторийн шинжилгээгээр баталгаажуулдаг.  200 орчим эмч, сувилагч, үйлчлэгч, үүнээс 100 орчим нь ээлжээр ажиллаж байгаа тухай эмнэлгийн удирдлагууд танилцуулав. .

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин “Та бүхэнд баярлалаа гэж зүгээр нэг хэлээд өнгөрөх биш, бодитоор илэрхийлэхийг хүсч байна. Тиймээс голомтод ажиллаж байгаа эмч, сувилагч, үйлчлэгч зэрэг 100 орчим хүнд ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын хандивын хөрөнгөөс тус бүр 500 мянгаас нэг сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгоно” гэлээ.

ХӨСҮТ-д эмч, мэргэжилтнүүдээс гадна цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, тагнуул зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн шуурхай баг ажиллаж байна. Энэ баг шинж тэмдэг илэрсэн иргэн, түүний ойрын хавьтагчийг олж тогтоох зэрэг үүрэг хүлээсэн бөгөөд мэдээллээ Улсын Онцгой комиссын Шуурхай штаб, Эрүүл мэндийн яам, бусад холбогдох байгууллагад хүргүүлдэг юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

“Монгол Улсад сүүлийн 30 жилд 500 гаруй том, жижиг баримт бичиг батлагдсан нь томдсон тоо байсан. Харин энд тэнд байсан баримт бичгүүдийг энэ удаа нэг богцонд хийлээ гэж би ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл Монгол Улс хөгжлийн бодлогоо богцлоод авлаа. Одоо богцонд байгаагаа яаж үр дүнг нь үзэх нь чухал”. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ардын багш С.Дулам, академич, доктор, профессор Т.Дорж нар Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулан өгөх үеэр тэрбээр ийн чухалчилсан юм.

Хамгийн гол нь хөгжлийн нэртэй олон бодлого, төлөвлөлтүүд байсан ч үр дүн төдийлөн гараагүй. Тэр бүгдийг нэг дор нэгтгэсэн дата бааз ийнхүү бий болж, тэр нь улс төрийн намуудад, сэтгүүлчдэд, иргэдэд нэг сувгаар ойлгогдохоор болж байгаа нь “Алсын хараа-2050”-ын гол онцлог. Монгол Улсын хувьд өнгөрсөн 30 жилд алдсан алдаагаа давтахгүйгээр дараагийн 30 жилээ  харах нь чухал учраас энэ бүхнийг бүхэлд нь багтаасан бодлогын баримт бичиг гарсанд олзуурхаж байна гэв.

Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн хөгжлийн хөтөлбөр, бодлогын баримт бичиг, төсөл зэргүүд нь бодитой ажил болж  чадаагүй гол шалтгаан нь засаглалын тогтворгүй байдал, улс төрийн намууд нь ойлголцож улс орны хэмжээний бодлогын баримт бичгүүдээ хэрэгжүүлж ажиллаагүйтэй холбоотой.

Тэгвэл ирэх 30 жилд улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавьж, намчирхалгүйгээр хөгжлийн төлөө дуу хоолойгоо нэгтгэх цаг болсон учраас энэхүү бодлогын баримт бичгийг боловсруулсан гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр онцолсон юм. Ардын багш С.Дуламын хувьд дэлхий нийтээрээ “Үндэсний нэгдмэл үнэт зүйл”-ийг чухалчлах чиг хандлагатай болсон учраас “Алсын хараа-2050”-ийг боловсруулахдаа ч үүнд онцгой анхаарсан гэдгийг тодотгосон. Монгол улсын хөгжлийн загвар бусдаас өөр байх ёстой гэдэг зарчмыг барьсан гэлээ.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, түүний ажилтнууд болон Монголд байнга оршин суудаг хятад иргэд болон “Хятад иргэдийн нийгэмлэг”-ээс монголын талд COVID-19 өвчний эсрэг хийж буй тэмцэлд тусламж болгож нийт 126 сая 730 мянган төгрөгийн хандив гардуулах ёслолын ажиллагаа 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ГХЯ-ны Мутрын түшээ танхимд болов.

Ёслолын ажиллагаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Улсын Онцгой комиссын гишүүн, МУЗН-ийн Ерөнхий нарийн дарга Н.Болормаа болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньрүй тэргүүтэй БНХАУ-ын ЭСЯ-ны ажилтнууд оролцов.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньрүй хэлсэн үгэндээ, “Айл улсын амь нэг” гэсэн зүйр үг байдаг. Монгол Улсын төр засаг, аж ахуйн нэгж байгууллагууд болон ард иргэд БНХАУ, Хятадын ард түмнийг хүнд хэцүү үед эв санааны нэгдлээ илэрхийлэн хандив тусламжийн аян өрнүүлж, мөнгөн тусламж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэнд Хятадын төр засаг, ард түмэн маш их талархан хүлээж авсан билээ. Энэ удаад БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон ажилтнууд, түүний ар гэрийнхэн, Монголд байнга оршин суудаг хятад иргэд, “Хятад иргэдийн нийгэмлэг”-ээс энэ сайхан сэтгэлийн хариу болгож мөнгөн тусламж хандив цуглуулан монголын талд гардуулан өгч байна гэв.

Мөн, “Монгол Улсын Засгийн газраас дорвитой арга хэмжээ авч, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр, арга хэмжээг хэрэгжүүлсний ачаар Монгол Улсад дотооддоо халдвар авсан нэг ч тохиолдол илрээгүй. Үүнд бид баяртай байна” гэлээ.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ, Монгол Улс, Монголын ард түмэн өнгөрсөн хугацаанд энэ хүнд бэрх тэмцлийн туршид БНХАУ, Хятадын ард түмэнтэй хамт байж, чин сэтгэлийн тусламж дэмжлэг үзүүлж ирсэн бол өнөөдөр бид хятад нөхдөөсөө хариу хандив тусламж хүлээн авч байна. Миний бие Монгол Улсын Гадаад харилцааны сайдын хувьд Монголын төр засаг, Монголын ард түмнийг төлөөлөн Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна гэв.

Улсын Онцгой комисс хуралдаж, шинээр үүссэн нөхцөл байдалтай уялдуулан COVID-19-ийн халдвар, тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа.

ДЭМБ-ын тусгаарлалтын хоногийг 5,5-19 хоног байлгах тухай зөвлөмжийн дагуу мөн Истамбул-Улаанбаатар чиглэлийн захиалгат нислэгээр ирсэн иргэнээс найм хоногийн дараа шинэ коронавирус илэрсэнтэй холбогдуулан сэжигтэй иргэдийг тусгаарлах тусгаарлалтын 14 хоногийг сунгаж 21 болголоо.  Гэнэтийн шийдвэр гарч байгаа тул одоо тусгаарлалтад байгаа 1000 гаруй иргэнд санхүүгийн дарамт ачаалал үүсгэхгүй. Нэмэлт долоо хоногийн тусгаарлалтын байр, хоолны  350-500 хүртэл сая төгрөгийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтов.

2020.04.02-нд Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар, 2020.04.03-нд Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлд тус тус захиалгат нислэг үйлдэнэ. Тус нислэгээр Монгол Улсад ирэх иргэдэд шинэ коронавирусын шинжилгээнд хамрагдсан бөгөөд халдвар аваагүй байх, тусгаарлах байрны 1,050.000 төгрөгийн төлбөрөө төлсөн, ирээд 21 хоног дэглэмийн дагуу тусгаарлалтад байх шаардлагыг тавина.  Мөн нислэгийн баг бүрэлдэхүүнд мэргэжлийн эмч сувилагч нарыг илгээж зөөврийн, түргэн оношлуураар нислэгийн явцад оношилгоо хийх зэрэг арга хэмжээг авч ажиллана.

Сөүл, Токиогоос захиалгат нислэгээр ирэх иргэдийг нэг бүрээр нь тусгаарлан байрлуулах саналыг Эрүүл мэндийн сайд гаргасныг Улсын Онгцгой комиссын гишүүд дэмжиж,  тусгаарлах байрны нөөцийн талаарх дэлгэрэнгүй, нарийвчилсан судалгааг гаргаж танилцуулахыг УОК-ын шуурхай штабд даалгав. Мөн тус судалгаанд тулгуурлан дараагийн захиалгат нислэгүүдийг төлөвлөхөөр болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Монгол-Хятад хоёр улс 

эдийн засгийн харилцаагаа сэргээхэд хамтран ажиллахад бэлэн 

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Цай Вэньруйг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр ноён Элчин сайд “Коронавируст халдвар намжина. Харин эдийн засгийг эрчимжүүлэх ёстой. Тиймээс эдийн засгийн харилцаагаа сэргээхэд бидний зүгээс бэлэн байна” гэсэн юм. Мөн тэрээр дэлхийд коронавируст халдварын тархалт дотоодоос тархаагүй гарын таван хуруунд багтах цөөн улсын нэг нь Монгол Улс байгаад баяр хүргэлээ. Уулзалтад Петрочайна Дачин тамсаг ХХК-ийн ерөнхийлөгч Жян Хунфу оролцсон. Тэрээр тус компанийн газрын тосны тээвэрлэлтийг эхлүүлэх хүсэлтийг Монгол Улсын Шадар сайдад уламжиллаа. Манай улс газрын тос тээвэрлэх автомашинууд хил нэвтрэн орж ирэхдээ халдвар тараах эрсдэлтэй гэж үзэн, тээврлэлтийг түр зогсоогоод байсан юм. Дорнод аймгийн онцгой комиссоос Петрочайна Дачин Тамсаг компанид шаардлага хангахуйц ариутгалын пункт барих үүрэг өгөөд байсан. Өнөөдрийн уулзалтаар ариутгал халдваргүйтгэл хийх хоёр пункт барин, ашиглалтад орход бэлэн болсныг мэдээллээ. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйтгэл болон бусад бэлтгэл ажил бүрэн дууссан бол түүхий нүүрсний экспорт эхлүүлэхэд татгалзах зүйл байхгүй гэдгийг онцлон тэмдэглэв. Уулзалтын үеэр Петрочайна Дачин тамсаг ХХК-ийн ажилчид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Улсын Онцгой комисст нэг өдрийн цалин болох 174 сая төгрөг хандивлалаа гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.