Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 19-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

2022 онд шинээр эхлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулиар батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнээс шинээр эхлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явцын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Нийт 717 төсөл, арга хэмжээнээс 140 буюу 19,5 хувьд нь тендер зарлажээ. Тендерийн үнэлгээ хийж байгаа, шалгаруулалтын үр дүн гарсан 8 төсөл, арга хэмжээ байна. Тендер зарлаж хүлээж авах хугацаа дуусаагүй 134 төсөл, арга хэмжээ байна.

Төсөл, арга хэмжээний тендерийн явц хангалтгүй байна гэж  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлээд энэ оны гуравдугаар сарын 1 гэхэд төсөл, арга хэмжээний сонгон шалгаруулалтыг зарласан байх ёстойг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болголоо. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайдын албан даалгавар гаргахаар шийдвэрлэлээ.

“Бээжин-2022” өвлийн олимп, паралимпын наадамд оролцох эрх авсан тамирчдад 10 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгоно

“Бээжин-2022” өвлийн олимп, паралимпын наадамд оролцох эрхийн болзол хангасан Үндэсний шигшээ багийн тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно.

2022 оны нэгдүгээр сарын 18-ны байдлаар Үндэсний шигшээ багийн тамирчид өвлийн олимп, паралимпын наадамд оролцох гурван эрх аваад байгаа бөгөөд тэшүүр, биатлон, пара гүйлтийн цанын спортын төрөлд тус бүр нэг эрх авах магадлалтай байна.

Монгол Улсын Засгийн газар Үндэсний шигшээ багийн тамирчдын нийгмийн баталгааг хангахад дэмжлэг үзүүлэн “Токио-2022” зуны олимп, паралимпын наадамд оролцох эрх авсан тамирчдад мөн нэг удаагийн мөнгөн урамшуулал олгосон юм.
  
“Хүүхдийн мөнгөн хуримтлалыг Төрийн санд байршуулан хуримтлуулах, бүртгэх, олгох журам”-ыг баталлаа

“Хүүхдийн мөнгөн хуримтлалыг Төрийн санд байршуулан хуримтлуулах, бүртгэх, олгох журам”-ыг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нарт үүрэг болголоо.

Уг журмаар Монгол Улсын 0-18 хүртлэх насны иргэн бүрт хүүхдийн мөнгөн хуримтлал үүсгэх, бүртгэх, хуримтлалаас мөнгөн хэлбэрээр олгох асуудлыг зохицуулах юм.

Журам хүчин төгөлдөр хэрэгжих эхлэхээс өмнө, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар Халамжийн нэгдсэн санд бүртгэлтэй буюу хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байсан 1,2 сая хүүхдийг хуримтлалд шууд хамруулна.

Коронавируст халдварын цар тахлын нөлөө бүрэн арилаагүй өнөөгийн нөхцөлд бага, дунд орлоготой өрхүүд орлогын эрсдэлд орж болзошгүй тул хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч хүсэлт гаргавал хүүхдийн мөнгөн хуримтлалаас тодорхой хувийг сар бүр бэлнээр авах боломжтой. Хуримтлалаас мөнгөн хэлбэрээр авах хүсэлт гаргах явцыг иргэдэд чирэгдэл багатай зохион байгуулна. Иргэд ehalamj.mn цахим хуудас, ebarimt гар утасны аппликейшн ашиглан хүсэлтээ гаргана. Цахимаар гаргах боломжгүй бол харьяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс эсвэл хүүхдийн нэрийн данс байрших арилжааны банкны салбарт хандаж болно.

Хуримтлалаас мөнгөн хэлбэрээр авах хүсэлт гаргахдаа дараагийн саруудын хуримтлалыг мөнгөн хэлбэрээр авах сонголтоо урьдчилан гаргаж болно.

Хүүхдийн мөнгөн хуримтлалын тогтолцоонд шилжиж байгаатай холбоотойгоор “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-ыг хүчингүй болголоо.

Найм хоногт 433 чингэлэг ачаа татан авчээ

Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах, ачаа тээврийг эрчимжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.

Чингэлэг тээврийн үйл ажиллагаа эхэлснээс хойш өнөөдрийг хүртлэх найм хоногт нийт 433 чингэлэг татан авлаа. Гаалийн хяналт, дуусаж иргэдэд олгосон 278, гүний гааль руу илгээсэн 63, гаалийн бүрдүүлэлт хийж буй 92 чингэлэг байна.

Хятадын талын Хуан Юй гаалийн баталгаат талбайд ачаатай 552 чингэлэг байна, өдөрт дунджаар 60 чингэлэг татахад ес хоногийн хугацаа шаардлагатай. Эдгээр чингэлгийг татаж дуусахаар Эрээн хотод хуримтлагдсан ачаатай чингэлгийг татаж авах ажил үргэлжилнэ.

Замын-Үүд боомтын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбайгаас Бүс нутгийн ложистикийн төв хүртэл тээвэрлэх ажлыг Хил хамгаалах ерөнхий газрын 25 жолооч, Зэвсэгт хүчний жанжин штабын 25 цэргийн алба хаагч жолооч гүйцэтгэж байна.

Замын-Үүд суманд аймаг, орон нутгаас болон бусад хот суурин газраас ирэх зорчигч, тээврийн хэрэгслийн жолооч нараас коронавирусын эсрэг вакцины гуравдугаар тунд хамрагдсан эсэх болон 48 цагийн дотор ПГУ шинжилгээний сөрөг хариуг хамт шалгаж нэвтрүүлж байна.

Томилгоо

Санжаагийн Наранцогтыг Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар, Гантөмөрийн Түвдэндоржийг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар, Жигжидийн Ганбатыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар, Эрхэмбаярын Баттулгыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар, Пүрэвжавын Сайнзоригийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар, Барсүрэнгийн Баасандоржийг Засгийн газрын тохируулагч агентлаг-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар, Түдэвхүүгийн Гантулгыг Засгийн газрын тохируулагч агентлаг-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар тус тус томиллоо.

Товч мэдээ
·      Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Хөөт-Бичигт, Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр замын төслийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцууллаа. Үүнтэй холбогдуулан төмөр замын төслийг концессоор хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан, хэлэлцүүлэхийг Сангийн сайд, Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарт даалгав.

·      Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад тусгагдсан “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-үүд” чиглэлийн хурдны зам автозамын төслийн “барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөл бүхий концесс олгох төсөл сонгон шалгаруулах шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулахыг холбогдох хүмүүст даалгав. 2022 оны хоёрдугаар сард багтаан олон улсад нээлттэй тендер зарлахыг үүрэг болголоо.

·      “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах дэвшилтэд технологийн судалгаа, туршилт хийж, үр дүнг Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулахыг холбогдох хүмүүст даалгав.

·      Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцийн 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай, мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулах тухай холбогдох материалыг 2022 оны нэгдүгээр сарын 17-нд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Нямжавын Уртнасанг Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын үүрэгт ажлаас огцруулах тухай, мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасны дагуу Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Бат-Өлзийн Бат-Эрдэнийг Улсын Их Хуралд танилцуулах, хугацааг товлож өгөхийг хүслээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Бат-Өлзийн Бат-Эрдэнийг томиллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид гарын үсэг зурж, гардуулах ёслол Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Есөн хөлт цагаан тугт танхимд боллоо.

Б.Бат-Эрдэнэ нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 1996 онд Нийслэлийн 77 дугаар дунд сургууль, 1999, 2010 онд Улаанбаатарын Их сургуулийг тус тус төгссөн. Түүх судлал, солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй. Түүхийн ухааны магистрын зэрэгтэй. 2003-2012 онд “Силк Роуд Трэвел” ХХК, “Эйр тикет” ХХК-ийн ерөнхий захирал, 2011-2012 онд Мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн газарт зөвлөх, 2012-2015 онд МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх, 2015-2016 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, 2016-2017 онд Улсын Их Хурлын Тамгын газарт зөвлөх, 2017-2018 онд Эрдэнэт хотын хөгжил, бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн, 2018 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, 2019-2020 онд Эрдэнэт хотын хөгжил, бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн, 2020 оны наймдугаар сараас Засгийн газрын тохируулагч агентлаг-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байв. Б.Бат-Эрдэнэ улсад 18 жил ажилласан туршлагатай.

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан зарим хүмүүст хариуцлага тооцлоо.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, мөн тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөлөхөөр боллоо.

Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт агаар, орчны бохирдол хариуцсан дарга, мэргэжилтнүүдэд хариуцлага тооцохыг үүрэг болголоо.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үйл ажиллагааг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан түр хариуцна.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 12-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
Замын-Үүд суманд хэсэгчилсэн байдлаар онцгой дэглэм тогтоолоо

Коронавируст халдварын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, бараа, бүтээгдэхүүний үнийг өсөлтийг хязгаарлах, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хилийн Замын-Үүд автобоомтоор нэвтрэх ачаа, тээврийн хөдөлгөөний зохицуулалтад өөрчлөлт оруулж, тус боомтын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбай, боомтын цогцолбор болон гаалийн хяналтын бүсийн нутаг дэвсгэрт хэсэгчилсэн байдлаар энэ сарын 10-ны өдрөөс 2022 оны дөрөвдүгээр сарын 10 хүртэлх хугацаанд онцгой дэглэм тогтоолоо.
Үүнтэй холбогдуулан Замын-Үүд автозамын боомтын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбайгаас боомтын цогцолбор, гаалийн хяналтын бүс хүртэл ачаа тээвэрлэх 50-иас доошгүй чингэлэг хэрэгслийг түрээслэх, автомашины техникийн бэлэн байдлыг хангах, чингэлэг шилжүүлэх ачих талбайд нэвтрэх ажилтнууд болон төрийн тусгай албан хаагч жолооч нарыг тусгаарлах, тэдний амьдрах орчинд халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдүүлж, улс хоорондын ачаа тээвэрлэлтийг тусгай горимоор зохион байгуулна.
   
Гадаад орнуудаас ирж буй иргэдийг тусгаарлахгүй  

Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцуулсан байна. Танилцуулгатай холбоотойгоор зарим үүрэг даалгавар өгчээ.
Коронавируст халдварын шинэ хувилбар зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэх зорилгоор гадаад орнуудаас ирж буй иргэдийг тусгаарлах байранд гурав хоног тусгаарлаж байсан. Тусгаарлалтыг цуцлахыг Улсын онцгой комисст үүрэг болголоо.
Мөн 0-5 насны хүүхэдтэй эцэг, эхэд гэрээсээ, цахимаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийг Улсын онцгой комисст үүрэг болгожээ.
2022 оны нэгдүгээр сарын 11-ний байдлаар нийт хүн амын 70 хувь нь нэгдүгээр тунд, 67 хувь нь хоёрдугаар тунд, 30 хувь нь гуравдугаар тунд тус тус хамрагджээ. Дөрөвдүгээр тунг 10247 хүн хийлгэжээ. Энэ сарын 7-ноос Монгол Улсын болон гадаадын 18-аас дээш насны иргэнийг сайн дурын үндсэн дээр коронавируст халдварын эсрэг вакцины дөрөвдүгээр тунд хамруулж эхэлсэн, иргэдийн вакцинд хамрагдах идэвх сайн байгааг Эрүүл мэндийн яам мэдэгдэж байна.

Нийгмийн халамжийн тэтгэврийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг даалгав

Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж, нийгмийн халамжийн сангийн 2022 оны батлагдсан төсөвт багтаан тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ авах Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад даалгалаа.
Нийгмийн халамжийн тэтгэврийг 63,1 мянган иргэн буюу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг хүн амын таван бүлэгт олгож байна. Мөн байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 11,5 мянган хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмийг халамжийн тэтгэврийн хэмжээгээр тооцож олгодог. Нийгмийн халамжийн тэтгэврийг нэмэгдүүлэх боломжийг салбарын яам судалж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.
Мөн хуралдаанаар Хүүхдийн мөнгөн хуримтлалыг Төрийн санд байршуулан хуримтлуулах, бүртгэх, олгох журмын талаар хэлэлцэж, хуулийн хүрээнд өөрчлөх боломж байгааг эсэхийг судалж, иргэдэд хүндрэл чирэгдэлгүйгээр зохион байгуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Улаанбуудайн тонн тутамд олгох мөнгөн урамшуулал 80 мянган төгрөг байна

Улаанбуудайн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор иргэн, хуулийн этгээдээс дотоодын гурилын үйлдвэр болон Хөдөө аж ахуйг дэмжих сан, Улсын нөөцийн салбарт нийлүүлсэн стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг 80 мянга төгрөг байхаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.
Ургац хураалтын дүнгээр нийтдээ 605,6 мянган тн үр тариа, үүнээс 567 мянган тн улаанбуудай, 181,5 мянган тн төмс,118,6 мянган тн хүнсний ногоо, 302,5 тн тэжээлийн ургамал, 53,6 мянган тн тосны ургамал хураан авсан байна.
Шинэ ургацаас гурилын үйлдвэрүүд 245 мянган тн, Хөдөө аж ахуйг дэмжих сан 61 мянган тн, нийтдээ гурил үйлдвэрлэлд 306 мянган тн хүнсний улаанбуудай нийлүүлэгдэж, 90 мянган тн улаанбуудай борлуулалтын шатандаа явж байна. Нийт буудайн нөөцөөр тооцвол 2022 оны хэрэгцээт гурилыг дотооддоо тарьж ургуулсан улаанбуудайгаар үйлдвэрлэх бүрэн боломжтой байна.

Төрийн зарим төрлийн хяналт шалгалтыг түр зогсоох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Төрийн зарим төрлийн хяналт, шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
Коронавируст халдварын цар тахлын улмаас эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхэд төлөвлөгөөт хяналт шалгалтыг түр хугацаанд зогсоох нь бизнес эрхлэгчдэд эергээр нөлөөлнө гэж үзэж хуулийн төслийг боловсруулсан байна.
Хуулийн төсөл нь 2022 оны хоёрдугаар сарын 1-нээс 2024 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд үйлчилнэ. Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор энэ гурван жилд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхгүй, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллээр эсхүл эрх бүхий байгууллагын шийдвэр байгаа тохиолдолд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээр заажээ. Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхэд зөрчил илэрсэн бол тэргүүн ээлжинд зөвлөн туслах, сануулах шинжтэй албан шаардлага хүргүүлнэ.

Сайжруулсан түлшний чанарт шалгалт хийж, дүнг яаралтай танилцуулах үүрэг өглөө

Сайжруулсан түлшний үндсэн түүхий эд болох мидлинг болон түлшний чанарт шалгалт хийж, лабораторийн дүгнэлт гаргах, түлшний стандартыг дахин хянах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулж, стандартын зөвлөлөөр хэлэлцүүлж дүнг Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрчим хүчний сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарт үүрэг болгов.
Мөн энэ хуралдаанаар “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний баруун бүсийн нэгдүгээр үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжийг засварлах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, “Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар нарт үүрэг болголоо. Үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжийг засварлах санхүүжилтийг шийдвэрлэж ажиллахыг “Эрдэнэс тавантолгой” ХХК-ийн ТУЗ-д даалгалаа.

Товч мэдээ
·      Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зөвшөөрснөөр Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцуулна.
·      Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
·      Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын ажиллах журам, Ховор амьтныг агнах, барих зөвшөөрөл олгох журмыг шинэчлэн баталлаа. Агнуурын амьтны ашиглалтыг хамгааллын үр дүнтэй нягт холбосон эрх зүйн зохицуулалт нь нөхөн сэргээгдэх байгалийн баялгийг урт хугацаанд тогтвортой ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзэж байна.
·      “Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр”-ийг санхүүжүүлэхэд зориулсан Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Хөтөлбөрийн хэлэлцээрийн төслийг хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов.
·      Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Унгарын Засгийн газар хоорондын комиссын VII хуралдаан энэ сарын 18-19-нд болно. Тус хуралдааныг цахимаар зохион байгуулна.
·      Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны дүрмийг шинэчлэн баталлаа.
·      Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2021 оны арван хоёрдугаар сарын 15-17-нд ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайдад даалгалаа.
·      Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотноо өнгөрсөн оны арван нэгдүгээр сарын 15-нд гарын үсэг зурсан “Цэргийн түүх, архив, музей судлал, хэвлэл мэдээллийн чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг баталлаа.
·      Цөмийн энергийн комиссын бүрэлдэхүүнийг өөрчлөн баталлаа. Боловсрол, шинжлэх ухааны сайд тус комиссыг даргална.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

адар сайдаар ахлуулсан “Коронавируст халдварын цар тахлын үед Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх, Хилийн боомтын захиргааг удирдлага, зохицуулалтаар хангах цогц арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр гаргах, шаардлагатай санхүүжилт, хариуцлагын арга хэмжээний талаар санал гаргах үүрэг” бүхий Ажлын хэсэг өнөөдөр Замын-Үүд боомтод ажиллаж байна.

БНХАУ-ын хилийн Эрээн боомтод гурван сарын хугацаанд саатсан ачаа тээвэр, чингэлгийг хилээр нэвтрүүлж эхэллээ.

Цар тахлын нөхцөлд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ачаа тээврийг тасалдуулахгүй явуулахын тулд хоёр улсын хилийн дунд “0” цэг байгуулж, чингэлэг тээврээр ачаа барааг оруулж ирэхээр болсон юм.
Экспорт импортын ачаа барааг тасралтгүй явуулах, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бууруулах, тогтворжуулах зорилгоор Засгийн газраас тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байна.

Цагдаа, хилийн цэрэг, онцгой байдлын ахлагч болон түүнээс дээш цолтой мэргэжлийн жолооч нар  хоёр улсын хилийн дундын “0” цэгээс ачаа, барааг тээвэрлэж байна.

БНХАУ-ын Эрээн хотын гаалийн хашаанд манай улс руу импортлох ачаа бараа, чингэлгүүд төвлөрч байгаа. Эрээний гаалийн хашаанаас “СиноТранс” компани “0” цэг дээр авч ирэх эрхийг авсан. Тээврийн чингэлэг зөөх том оврын тавцантай, тавцан түгжигчтэй автомашинуудыг түрээслэх, тэдгээр хүмүүсийг тусгаарлан байрлуулах,  “0” цэгээс Замын-Үүд дэх ложистикийн төв рүү чингэлэг бүхий ачааг  зөөх шатахууны тодорхой зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон. Ложистикийн төвд буусан чингэлэгтэй ачааг  Улаанбаатар  хот болон бусад аймаг, хот руу уртын тээврээр хүргэнэ.

Цаашдаа халдвар хамгааллын дэглэмийг өндөр хэмжээнд баримтлан, халдварын эерэг тохиолдол гаргахгүй бол хилийн боомтуудын хооронд чингэлэгтэй ачаа тээврийн үйл ажиллагаа тасралтгүй явагдаж, өдөрт гарах чингэлгийн тоог нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 06-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эдийн засаг, хөгжлийн яам болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталлаа.

Эдийн засаг, хөгжлийн яам нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн газар, Бүс нутаг, аж үйлдвэрийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газар, Хөгжлийн санхүүжилтийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газар, Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлого, төлөвлөлтийн газар, Төрийн захиргааны удирдлагын газар, Хөгжлийн судалгаа, шинжилгээний газар, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар гэсэн долоон газар, найман хэлтэстэй, нийт 80 орон тоотой байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь Бодлого төлөвлөлтийн газар, Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Төрийн захиргааны удирдлагын газар, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар гэсэн зургаан газар, найман хэлтэстэй, нийт 87  орон тоотой байна.

Мөн хуралдаанаар Засгийн газрын тохируулагч агентлаг-Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний хөгжлийн газрыг тус тус татан буулгаж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрыг Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд, Үндэсний хөгжлийн газрыг Эдийн засаг, хөгжлийн яаманд шилжүүллээ.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 05-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Коронавируст халдварын тархалтын түвшинд үндэслэн хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг шинэчлэн батлав

“Коронавируст халдварын тархалтын түвшинд үндэслэн хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг шинэчлэн баталлаа.
Журмын шинэчлэл нь нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, халдвар тархалтын түвшин, дархлаажуулалтын хамралт, орон нутгийн онцлог, амьдралын шинэ хэв маягт дасан зохицоход хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулахад шаардлагатай нийтлэг арга хэмжээг авахад чиглэгдсэн байна.
Өмнөх журмаар батлагдсан хязгаарлалтын арга хэмжээг хуулийн этгээд, гэр бүл, хувь хүнд чиглэсэн хэлбэрээр халдвараас сэргийлэх дэглэм, тусгай нөхцөл шаардлага, хариуцлагын гэрээг мөрдөн харьцангүй “сулруулсан” байдлаар шинэчлэн томъёолжээ.
Шинэчилсэн журмаар,
-Халдварын тархалт, өвчний хүндрэл, нас баралт, хүн амын дархлаажуулалтын хамралт, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чадавхиас хамаарч халдварын тархалтын түвшинг тодорхойлох түр зааврыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар
-Халдварын тархалтын түвшинг тогтоосон үнэлгээний тайланг ХӨСҮТ, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар долоо хоног бүр тогтоож, Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, бүх шатны Онцгой комисст хүргүүлэхээр
-Хуулийн этгээдийн үйл ажиллагааны хязгаарлалтыг бүх шатны онцгой комисс орон нутгийн онцлогт тохируулан “ногоон”, “шар”, “улбар шар”, “улаан” түвшинд заагдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэх шийдвэр гаргахаар
-Стратегийн ач холбогдол бүхий салбар бүс нутагт хүн, хуулийн этгээдийн хэрэгжүүлэх арга хэмжээг шаардлагатай тохиолдолд Улсын онцгой комисс тогтоохоор тус тус тусгажээ.

Дарханы замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулав

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх бүтээн байгуулалтыг Азийн хөгжлийн банкны Бүс нутгийн автозам хөгжүүлэх, засвар арчлалтын төслөөр мөн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байна. Бүтээн байгуулалтын ажлын талаар Зам, тээвэр хөгжлийн сайд Л.Халтар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан Дарханы замын бүтээн байгуулалтын ажилд онцгой анхаарал тавьж, ажлыг эрчимүүлэх Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ. Ажлын хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар ахална.

Иргэд, олон нийттэй харилцах “11 11” төвийг Ерөнхий сайдын түвшинд анхаарна

“И-Монголиа академи” улсын төсөвт үйлдвэрийн газрын иргэд, олон нийттэй харилцах  “11 11” төвийг Ерөнхий сайдын Ажлын албаны бүтцийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газарт шилжүүллээ.
Иргэд, байгууллагаас Засгийн газар, Ерөнхий сайд, Шадар сайдад хандан ирүүлж байгаа өргөдөл, гомдол, саналыг шуурхай шийдвэрлэхэд онцгой ач холбогдол өгч энэ ажлыг хариуцсан нэгжийг Ерөнхий сайдын Ажлын албаны бүтцэд шилжүүлсэн байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Гуравдугаар тун хийлгээд гурван сар болсон бол дөрөвдүгээр тунд хамрагдаж болно

Коронавируст халдварын Омикрон хувилбар дэлхий дахинд хурдацтай тархаж байгаатай холбогдуулан иргэдийг коронавируст халдварын эсрэг IV тунд хамруулах, нэмэлт тунд хэрхэн хамрагдах талаар заавар, мэдээ, мэдээллийг бэлтгэн олон нийтэд хүргэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын хуралдаанаас Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарт үүрэг болголоо.
-Манай улсад коронавирусын халдварын тохиолдол өдөрт 200-250 бүртгэгдэж байсан бол сүүлийн өдрүүдэд энэ тоо хоёр дахин нэмэгдээд байна. Дэлхийд омикрон хувилбар бүртгэгдсэнээс хойш манай улс хилийн боомтууд дахь хяналт, тандалтын ажлыг эрчимжүүлсэн. 2021 оны арваннэгдүгээр 27-ноос хойш коронавируст халдварын зөөвөрлөгдсөн тохиолдол 411 батлагдсан. Тандалт шинжилгээ үргэлжилж байна гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэлдээ хэллээ.
Иргэдийн вакцинд хамрагдах идэвх сайн, зорилтод бүлгийн иргэдийн 48,2 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байна. Дөрөвдэх тунгийн судалгаа хийгдэж байна. Вакцин хийсэн хугацаа хойшлох тусам хамгаалах чадвар буурч байгаа тул III тун хийлгээд гурван сар болсон хүмүүс сайн дураараа IV тунд хамрагдаж болно гэв.
Манай улсад вакцины нөөц хангалттай, хугацаа дуусах болоогүй гэж Эрүүл мэндийн сайд мэдэгдлээ. Мөн иргэд маскаа зүүж, халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн баримтлахыг тэрбээр уриаллаа.

“Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
“Чингис хаан” олон улсын нисэн буудлыг түшиглэн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах нь газар зүйн байрлал, нутаг дэвсгэрийн сонголтын хувьд Чөлөөт бүсийн тухай хууль болон үзэл баримтлалд нийцэж байгаа бөгөөд Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэх суурь болох юм.
Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд тогтвортой аялал жуулчлал, амралт зугаалгын ресорт, соёлын бүтээлч үйлдвэрлэл, олон улсын худалдааны төвүүд, байгальд ээлтэй үйлдвэрлэлийн бүсийг байгуулах, Евро-Азийг холбосон олон улсын тээвэр логистикийн төвийг хөгжүүлснээр уул уурхайн салбарын хамаарлаас хараат бус олон тулгуурт эдийн засагтай байх бодлогод нийцнэ гэж үзэж байна.
Хөшигийн хөндийд байгуулагдах дагуул хотод 150 мянган иргэн, 50 мянга орчим өрх шилжин суурьшина. Ингэснээр Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол 10, замын түгжрэл 20 орчим хувиар буурна гэж төлөвлөж байна.
 
Худалдан авах ажиллагааны бүх шатанд захиалагч, гүйцэтгэгчийн гэрээний биелэлтийг олон нийт давхар хянах боломж бүрдэнэ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд тендерийг зохион байгуулахад хүний оролцоог бууруулах, нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх, шуурхай хялбар болгох, хариуцлагажуулах нь зүйтэй гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.
Шинэчилсэн найруулгын төсөлд тендер шалгаруулалтыг бүрэн цахимаар зохион байгуулах, оролцогчийн мэдээллийг төрийн мэдээлэл солилцооны системээс ирүүлж буй мэдээлэлд үндэслэн үнэлэх, мэдээллийн технологи, цахим шилжилтийн дэвшилтэд аргыг ашиглах талаар төсөлд тусгажээ.
Худалдан авах ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх хүрээнд худалдан авах ажиллагааны төлөвлөхөөс гэрээ дүгнэх хүртэлх үе шатны мэдээллийг www.tender.gov.mn цахим системд төвлөрүүлэн, хөгжүүлэх эрх зүйн үндсийг бий болгожээ.
Худалдан авах ажиллагааны бүх шатанд захиалагч, гүйцэтгэгчийн гэрээний биелэлтийг олон нийтээс давхар хянах, тендер шалгаруулалтыг аль болох богино хугацаанд зохион байгуулах боломж бүрдэнэ.

Товч мэдээ
·      Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журмыг шинэчлэн баталлаа.
·      Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын хяналт, шалгалт хийх чиг үүргийг гаалийн байгууллагад шилжүүллээ. Үүнтэй холбогдуулан иргэд, аж ахуй эрхлэгчдээс гадаад худалдаа эрхлэхэд шаардах бичиг баримтын тоог цөөлөх, цахимаар шуурхай олгох, гаалийн хяналтын шалгалт, биет үзлэгийг хууль тогтоомжийн хүрээнд бууруулах, гаалийн байгууллагын үйлчилгээг цахимжуулж, хилийн боомт, гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаанд хүний оролцоог багасгах, бараа урьдчилан мэдүүлэх үйл ажиллагааг хялбаршуулах арга хэмжээ авч ажиллахыг Гаалийн ерөнхий газрын даргад даалгалаа.
·      Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчлөн баталлаа.
·      Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлыг улсын хэмжээнд нэгдсэн зохион байгуулалтаар хангах хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайдад даалгав.

 
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 110 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ, Засгийн газрын гишүүд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Тэртээ 1911 оны энэ өдөр монголчууд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин Улсын ноёрхлыг халж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо зарлан VIII Богд Жавзандамбыг хаанд өргөмжилжээ. Мөн өдөр Гадаад хэргийг эрхлэн шийтгэх, Цэргийн, Сангийн, Шүүх, Дотоод явдлын гэсэн таван яамнаас бүрдсэн Засгийн газраа байгуулсан юм.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ “Оны шилдэг хүүхэд” шагнал гардууллаа.

2021 онд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд оюун ухаан, мэдээллийн технологи, урлаг, спорт, байгаль хамгаалал, хүмүүнлэг, сайн үйлсийн  төрөлд 117 хүүхэд өрсөлдсөнөөс онцгой амжилт гарган эх орноо сурталчилж, үеийнхнээ манлайлсан 30 сурагч “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарлаа. Тэдэнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ батламж, гарын бэлэг гардуулсан юм.

Энэ үеэрээ тэрбээр бүтээлч байдал, сурлага, урлаг, түүх соёл, байгаль хамгаалал, хүмүүнлэг энэрэнгүй үйлс, хүүхдийн оролцоо, багийн амжилтаар манлайлсан эрхэм дүү нартаа чин сэтгэлийн баяр хүргэе гээд, цар тахлын амаргүй үед сурч боловсрох эрхэм үүргээ хичээнгүйлэн биелүүлж буй Та бүхэнд болон эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдэд талархал илэрхийлье” гэв.

Энэ удаагийн шалгаруулалт нь хүүхдүүд хөл хорионы үед ч хичээл сурлагадаа шамдаж, өөрийгөө хөгжүүлж, аливаа олимпиад, уралдаан тэмцээнд биечлэн болон цахимаар оролцон өмнөх амжилтаа бататгаж, улс орныхоо нэрийг тив, дэлхийн хэмжээнд дуурсгаж чадсанаараа онцлог байна.

ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХДҮҮД:

Техник сэтгэлгээ, шинэ санал, санаачилга, бүтээлч байдал төрөл:

1.    Сүхбаатар дүүргийн 6 дугаар сургуулийн 12Б ангийн сурагч Б.Дашням

2.    Багануур дүүргийн Ерөнхий боловсролын “Сод” сургуулийн 9А ангийн сурагч Э.Ангараг

Сурлагын амжилт төрөл:

1.    “Орчлон” сургуулийн 12А ангийн сурагч О.Тэмүжин

2.    Нийслэлийн 1 дүгээр сургуулийн 12Д ангийн сурагч Б.Пүрэвбадрал

3.    “Орчлон” сургуулийн 12С ангийн сурагч Э.Тэргэл

Урлаг, уран бүтээл төрөл:

1.    Дорноговь аймгийн 3 дугаар сургуулийн 5Б ангийн сурагч Г.Энгүүн

2.    Монгол Улсын консерваторийн Ерөнхий боловсролын сургуулийн 7А ангийн сурагч О.Нандин

3.    Баянгол дүүргийн 38 дугаар сургуулийн 9-2 ангийн сурагч С.Бишрэл

4.    Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 8В ангийн сурагч Г.Уянгадарь

5.    “Шинэ Монгол Харүмафүжи” дунд сургуулийн 3Б ангийн сурагч Т.Маргад

6.    “Амжилт кибер” сургуулийн 9-2 ангийн сурагч О.Эгшиглэнт-Од

Биеийн тамир, спорт төрөл:

1.    Нийслэлийн 1 дүгээр сургуулийн 8Ё ангийн сурагч Б.Ананд

2.    Дархан-Уул аймгийн 4 дүгээр сургуулийн 12А ангийн сурагч Г.Амаржаргал

3.    “Улаанбаатар Элит” олон улсын сургуулийн сурагч М.Анхбаясгалан

4.    Орчлон сургуулийн 8Б ангийн сурагч Э.Эрхэс;

Эх орны түүх, соёл, өв уламжлал төрөл:

1.    Хэнтий аймгийн “Хэрлэн” 1 дүгээр сургуулийн 11В ангийн сурагч Б.Ичиннорвоо

2.    Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийн 12В ангийн сурагч Т.Ундрахбаяр

3.    Нийслэлийн Ерөнхий боловсролын 151 дүгээр сургуулийн 5А ангийн сурагч З.Мөнх-Эрдэнэ

Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин төрөл:

1.    Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Тэмүүжин” цогцолбор 12А ангийн сурагч О.Мөнхтүшиг

2.    Баян-Өлгий аймгийн Толбо сумын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч И.Руслан

3.    Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 12А ангийн сурагч У.Ану-Үжин

Хүмүүнлэг, энэрэнгүй сайн үйлс төрөл:

1.    Нийслэлийн 42 дугаар сургуулийн 7А ангийн сурагч А.Гэсэр

2.    Дундговь аймгийн Сайнцагаан сумын математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн 12А ангийн сурагч Ч.Маргад

3.    Өмнөговь аймгийн 3 дугаар сургуулийн 9-р ангийн сурагч Л.Болортуяа

Хүүхдийн оролцооны өөрийн удирдлагын байгууллага төрөл:

1.    Дорнод аймгийн сурагч Б.Ану

2.    Орхон аймгийн 4 дүгээр сургуулийн 12-р ангийн сурагч Б.Халиунаа

3.    Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн 12А ангийн сурагч Б.Билгүүн

Багийн амжилт төрөл:

Баян-Өлгий аймаг Дарын цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч Х.Ахжол, Б.Али-Рахман, 12-р ангийн сурагч А.Ерганат нар тус тус шалгарлаа.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Оны онцлох хүүхэд” шалгаруулах арга хэмжээг 29 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2025 он.