Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 14-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба болон Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоов

Төрийн байгууллагын бүтээмжийг сайжруулах, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, бүтцийг цомхон, чадварлаг болгож иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны болон аймаг, сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа.

Тогтоолын төслийг боловсруулахдаа Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор баталсан “Чиг үүрэг дахин хуваарилах аргачлал” болон “Чанарын менежментийн тогтолцооны ISO9001 стандартыг орон нутгийн захиргаанд хэрэглэх арга зүйн заавар” стандартыг баримтлан ажилласан.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны орон тооны хязгаарыг 35, дүүргийнх 8-21, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны орон тооны хязгаарыг 8-12, сумынх 3-4 байхаар, аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоохдоо орон нутгийн онцлог, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо, эдийн засаг, үйлдвэрлэлийн цар хүрээнээс хамааруулан 34-46 хүртэл байхаар тогтоов.

Аймгийн төрийн захиргааны байгууллагуудад чиг үүргийн шинжилгээг хийж, хэлтэс, тасаг, агентлагийн хооронд чиг үүргийн давхардал, хийдэл үүсгэхгүйгээр оновчтой зохицуулалт хийж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт даалгав.

Бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох ажил нь 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж байгаа ажил юм.
 
2022 оны эхнээс төрийн хяналт шалгалтыг багасгахыг үүрэг болгов

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад чиглэсэн төлөвлөгөөт хяналт шалгалтыг 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс 50 хувиар бууруулах, зарим шаардлагагүй шалгалтуудыг цуцлахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдааны үеэр үүрэг болголоо. Мөн зөвхөн эрсдэлд суурилсан, зайлшгүй хийгдэх хяналт шалгалтыг төлөвлөж хэрэгжүүлэх, хяналт шалгалтыг цахим хэлбэрт шилжүүлэхийг даалгав.
Төрийн хяналт шалгалт хэрэгжүүлэгч байгууллагууд болох Үндэсний аудитын газар, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагуудад хяналт шалгалтыг бууруулахад анхаарч ажиллахыг үүрэг болгож, зөвлөн тусалдаг, алдааг нь анхааруулдаг байх нь зүйтэй гэжээ.
Улс, орон нутгийн төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд хийх хяналт шалгалтыг хэвээр үргэлжлүүлнэ.
 
Товч мэдээ
·      Засгийн газрын Ажлын хэсэг “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор “Оюу толгой” ХХК-ийн гадаадын хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ үргэлжилж байна. Хэлэлцээний явцын талаар Засгийн газрын хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд Оюу толгойн асуудлаарх УИХ-ын Түр хороотой хамтарч ажиллахыг үүрэг болголоо.
·      Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг энэ сард багтаан боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг үүрэг болголоо.
·      Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон “Роснефть” НХН хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн төсөл болон “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын шатахуун хангамжийн үйл ажиллагааны талаар танилцуулав.
·      Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн асуудлыг судалж, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хэрэгжүүлсэн арга хэмжээ, нөхцөл байдлын талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Хилийн боомтуудаар нэвтрэх автозам болон төмөр замын ачаа тээврийг шуурхай нэвтрүүлэх талаар арга хэмжээ авч ажиллахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарт даалгав.
·      2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 13-нд “Ковид-19” халдварын нийт 1469 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 786 тохиолдлоор буурчээ. Нийт хүн амын 70 хувь нэгдүгээр тунд, 66 хувь хоёрдугаар тунд, 25 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байна.
·      Эдийн засгийг дэмжих “Шинэ сэргэлтийн бодлого”, Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төсөл боловсруулах ажлын явцын талаар танилцууллаа.
·      Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн батлах эрхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд олгов.

Илгээлтэд,

“НҮБ-аас жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ныг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон тэмдэглэдэг.

Энэ жил энэ өдрийг НҮБ-аас “Цар тахлын дараах дэлхий ертөнцөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн саадгүй, хүртээмжтэй, тогтвортой оролцоо ба манлайлал”  уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Дэлхийн улс орнууд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалах амлалт нь зөвхөн шударга ёсны асуудал бус улс орны хөгжилд оруулж байгаа хөрөнгө оруулалт гэж харах болсон. Цар тахлаас үүдэлтэй дэлхий нийтийг хамарч буй эдийн засаг, нийгмийн  хямрал өмнө байсан тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлж байна.

Монгол Улсад нийт хүн амын 3.3 хувь буюу 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамаарах төрийн бодлого, эрх зүйн орчинд олон шинэчлэл хийж байна. Энэ хүрээнд цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, нийгмийн хамгаалал зэрэг салбар хоорондын уялдаа холбоог хангаж, иргэд, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааны хүрээнд асуудлыг шийдвэрлэхийг чухалчилна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрүүл мэндийн үйлчилгээ авах, боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэх, нийгэм соёлын арга хэмжээнд оролцоход дэд бүтцийн хүртээмжгүй байдал манайд суурь асуудал байсаар ирсэн. Тиймээс цаашид төр засгаас гарах аливаа бодлого шийдвэр, бүтээн байгуулалтууд бүх хүнд ээлтэй хүртээмжтэй байх, төлөвлөн хэрэгжүүлэхэд тухайлан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангахад анхаарах болно. Энэ бүгдийг эрх зүйн орчинд нэгтгэн Саадгүй байдал, хүртээмжийн тухай хууль гаргахаар боловсруулж байна. Энэ нь ахмад настан, хүүхдээ түрж яваа эцэг, эхэд ч хамаарах өргөн утга агуулгатай байх юм.

Бид хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлооно гэж Үндсэн хуульдаа тунхагласан. Ийм нийгмийг бий болгохын тулд боловсруулж буй бодлого, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа бүртээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ санаа бодлыг тусгаж, бодит оролцоог хангаж ажиллахад онцгой анхаарах болно.

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ” гэжээ.

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай хамтран Ухаалаг засаг II төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөн бэлтгэл ажлыг хангаж байна.

Иргэд болон аж ахуйн нэгжид үр ашигтай, аюулгүй байдлыг хангасан цахим үйлчилгээг хүргэх, дижитал ур чадварыг эзэмшүүлэх, дижитал суурьтай ажлын байрыг нэмэгдүүлэхэд энэ төслийн зорилго оршино.

Бэлтгэл ажлын хүрээнд төслийн нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар дараахь баримт бичгийн төслүүдийг боловсруулаад байна.

Иргэд, аж ахуйн нэгжид эдгээр баримт бичигтэй танилцаж, санал байвал info@smart.gov.mn хаягаар ирүүлэхийг хүсье.

Төслийг энд дарж үзнэ үү.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арваннэгдүгээр сарын 17-нд болж дарааах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Нийслэлийн “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газруудыг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүллээ

“Тогтвортой хөгжлийн зорилго”, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын бодлого, 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хэрэгжилтийг сайжруулах зорилгоор нийслэлийн “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газруудыг Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлж, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод даалгалаа.
Эдгээр амаржих газар нь нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа байгууллага учраас Эрүүл мэндийн яамнаас шууд шатлан удирдах нэгдсэн удирдлага, зохион байгуулалт дутмагаас хөрөнгө оруулалт орхигдож, амаржих газрын удирдлага, бүтэц зохион байгуулалтын оновчгүй шийдвэрээс үүдэлтэй эх барихын тусламж, үйлчилгээнд алдаа дутагдал гарч, ноцтой хүндрэлийн тохиолдол нэмэгдэх, эхийн амь нас эндсэн тохиолдлууд гарсаар байна.
Иймээс Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Нийслэлийн амаржих газруудыг авч, эх барихын тусламж, үйлчилгээг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, нотолгоонд суурилсан анагаах ухааны дэвшлийг нэвтрүүлж, зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаснаар эх, хүүхдийн эндэгдлийг бууруулна гэж үзэж байна.

Төмөр замын улсын хил огтлолын цэгийг тохиролцох Монголын талын ноот бичгийг албажууллаа

Монгол, Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хилийн төмөр замын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг тохиролцох тухай Монгол Улсын Гадаад харилцааны яамны ноот бичиг, БНХАУ-ын Гадаад харилцааны яамны ноот бичгийн төслийг хэлэлцэн дэмжиж, Монголын талын ноот бичгийг албажуулж, Хятадын талтай солилцохыг Гадаад харилцааны сайдад зөвшөөрлөө.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны зургадугаар сарын захирамжаар байгуулсан Ажлын хэсгээс  удирдамж, чиглэлээр хангаж “Тавантолгой төмөрзам” ХХК БНХАУ-ын “Улсын эрчим хүчний хөрөнгө оруулалтын корпораци” компанитай Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хил огтлолын цэгийн асуудлаар гурван удаа хэлэлцээ хийж, 2021 оны аравдугаар сарын 11-нд тохиролцоонд хүрсэн юм.
“Найман жилийн хугацаанд шийдэгдэхгүй байсан Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын огтлолцлын цэгийг хүлээн зөвшөөрөх ноот бичиг явуулахаар шийдвэрлэлээ. Гашуунсухайт – Ганцмод боомтын төмөр замын эрх зүйн орчин бүрдэж, эдийн засгийн эргэлтэд оруулах том боломж нээгдлээ” гэж Сангийн сайд Б.Жавхлан хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ.

Эдийн засгийг сэргээх төслүүдийг танилцуулав

Эдийн засгийг дэмжих “Шинэ сэргэлтийн бодлого”-ын явц болон эдийн засгийг сэргээх төслүүдийн талаар Сангийн сайд танилцууллаа.
Боомтын хүчин чадал, тээвэр логистик, эрчим хүч, төрийн бүтээмж болон хязгаарлагдмал санхүүжилтийн эх үүсвэр нь эдийн засгийг хязгаарлагч хүчин зүйл болоод байна. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, тээвэр логистикийн дэд бүтцийг сайжруулан, эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх цогц арга хэмжээ авах юм. Энэ хүрээнд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Цахилгаан дамжуулах агаарын шугам, Тавантолгой ДЦС, Чойбалсан зүүн бүсийн ДЦС, Хуримтлуурын төсөл, Амгалан ДС, Тавантолгой-Гашуунсухайт төмөр зам, Зүүнбаян-Ханги төмөр зам, Богдхан төмөр зам, Газрын тосны үйлдвэр, Дамжуулах хоолой, УБ хотын багтаамж ихтэй тээврийн хэрэгсэл, Дарханы арьс шир боловсруулах үйлдвэр, Боомтын шинэчлэл, Тавантолгой нүүрс баяжуулах үйлдвэр, Алтанширээт аж үйлдвэрийн парк, Орхон-Онги усны төсөл, Эрдэнэтийн зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр зэрэг төслийн онцлог, ач холбогдол, санхүүжилтийн эх үүсвэр болон тооцоолол, эдийн засгийн үр өгөөж, шийдэх асуудлын талаар танилцуулсан байна.
 
Архангай, Завхан, Өмнөговь, Сэлэнгэ, Сүхбаатар аймгийн иргэд нэмэлт тунд идэвхтэй хамрагдаж байна

Коронавируст халдварын нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд танилцууллаа. 2021 оны арваннэгдүгээр сарын 10-16-ны хооронд 5744 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 1271 тохиолдлоор буурсан байна. Халдварын тохиолдол буурч буй нь нэмэлт гуравдугаар тунгийн үр дүн гэж Эрүүл мэндийн сайд хэллээ.
Коронавирусын эсрэг нэмэлт тунгийн дархлаажуулалт улсын хэмжээнд үргэлжилж байна. Нийт хүн амын 16 хувь, зорилтот бүлгийн иргэдийн 25 хувь нь дархлаа сэргээх тунд хамрагдаад байна. 60-84 насныхны вакцинд хамрагдах идэвх өндөр буюу 40 гаруй хувьтай байгаа юм байна. Мөн Архангай, Завхан, Сэлэнгэ, Өмнөговь, Сүхбаатар аймгийн иргэд нэмэлт тунд идэвхтэй хамрагдаж байна.
 
Товч мэдээ
·      Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан 2021 оны арваннэгдүгээр сарын 17-нд болж, аймаг, нийслэлийн Засаг дарга нар оролцлоо.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд Засаг дарга нар манлайлан оролцохыг Ерөнхий сайд уриаллаа

Монгол Улсын Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоолыг баталж, хэрэгжилтийг шуурхай хангахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Энэхүү тогтоолын хэрэгжилтийн явцыг хагас жил тутам нэгтгэж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад үүрэг болгов.Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуралдааны үеэр,
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76-р чуулганаар “Тэрбумаар тоологдох мод ургуулах” санаачилгыг дэвшүүлсэн. Энэ бол зөвхөн эх орныхоо цөлжилт, газрын доройтол, ой мод, ойн сан, усны эх үүсвэр, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах төдийгүй уур амьсгалын нөлөөллийг бууруулж, эх дэлхийнхээ насыг уртасгах хүн төрөлхтний үйлсэд Монголчууд та бидний оруулж хувь нэмэр.
Хүлэмжийн хийг бууруулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хамгийн үр дүнтэй арга бол ойжуулалт. Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн бол ойг нөхөн сэргээх, ойжуулалтын үр дүн, чанарыг сайжруулахэрх зүйн орчин бүрдүүлэх, ойн шавжтай тэмцэх, түймрээс сэргийлэх, ойн хомсдол, доройтлыг бууруулах, арчилгаа, цэвэрлэгээг эрчимжүүлэх, элсний нүүдлээс хамгаалах зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу үйлдлийн үндсэн бөгөөд цогц шийдлүүдийн нэг юм.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн чуулганаар батлагдсан Тогтвортой хөгжилд хүрэх 17 зорилгын нэг нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах юм. Монгол Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа – 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын үндсэн есөн зорилтын нэг мөн Ногоон хөгжил. Монгол Улс цаг алдалгүй эдийн засгийн олон тулгуурт бодлого, ногоон хөгжлийн загварт шилжих нь хөгжлийн ирээдүйн баталгаа юм гэж хэллээ.


Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд ахлаж, энэ чиглэлийн ажлын уялдаа холбоо, хэрэгжилтийг эрчимжүүлж, тэрбум мод ургуулах санаачилгыг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Засгийн газар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хариуцан зохион байгуулах, мэргэжлийн удирдлагаар хангах “Ойн судалгаа, хөгжлийн агентлаг” байгуулна.  Аймаг, нийслэлийн Засаг дарга нарын ажлыг дүгнэх журамд мод ургуулах, арчлах, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх шинэлэг технологи нэвтрүүлэх замаар экологийн тэнцвэрийг хангах чиглэлд иргэд, аж ахуйн нэгжийн санаачилгыг дэмжих зэрэг үзүүлэлтийг нэмсэн гэдгийг Ерөнхий сайд онцлоод хөгжлийг хязгаарлаж буй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд Засаг дарга нар манлайлан оролцохыг уриаллаа. Монгол Улсын Засгийн газар хөгжлийн стратеги зорилго, үйл ажиллагаандаа ногоон шийдлүүдийг эрхэмлэсэн техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэхийн төлөө улс төрийн манлайлал үзүүлж ажиллана гэлээ.


Өвс, тэжээлийн нөхөн бүрдүүлэлтээ шуурхай зохион байгуулахыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болголоо

Хөдөө аж ахуйн салбарын 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангасан үр дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын гишүүд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт танилцууллаа. Үүнтэй холбогдуулан,
-Мал, амьтны гоц халдварт шүлхий, бог малын мялзан, хонины цэцэг, үхрийн арьс товруутах өвчин оношлогдоод байгаа аймгуудын нутаг дэвсгэрт өвчнийг бүрэн хяналтад авах, устгах, тэмцэх арга хэмжээний бэлэн байдлыг эрчимжүүлж, мэргэжлийн байгууллагуудад бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгалаа.
Аймаг, сумын бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн аюулгүй нөөцийг хангалтгүй бэлтгэсэн Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Сэлэнгэ, Төв, Увс аймаг өвс, тэжээлийн нөхөн бүрдүүлэлтээ шуурхай зохион байгуулахыг эдгээр аймгийн бүх шатны Засаг дарга нарт үүрэг болголоо.
Улсын хэмжээнд мал, амьтны гоц халдварт өвчний тархалт их байгаатай холбогдуулан мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамрагдсан малыг улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутаг, хилийн зурвас газар, улсын тусгай хамгаалалттай газарт отроор өвөлжүүлж, хаваржуулах ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахыг бүх шатны Засаг дарга нарт даалгав.

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Соёлын бүтээлч үйлдвэрлэгчдийн нэгдсэн үзэсгэлэнтэй танилцаж, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.

Үзэсгэлэнд оролцогчдыг КОВИД-19-ийн халдварын эсрэг 3-р тундаа хамрагдсан эсэхийг шалгаж нэвтрүүлж байсан. МҮХАҮТ-д болж буй энэ үзэсгэлэнд оролцогчдод зориулан дархлаажуулалтын явуулын цэг ажиллаж, вакцины 3-р тундаа хамрагдах боломжоор хангаж байв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр иргэдийг дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдахыг уриаллаа.

Тэрбээр “Арваннэгдүгээр сарын 1-нээс соёл урлаг, спортын үзвэр үйлчилгээг танхимын 50 хувийн дүүргэлттэй нээсэн. Бид нэмэлт 3-р тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл одоо мөрдөж байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар” түвшингээс “Шар” түвшин рүү шилжүүлэх стратеги барьж байна. Дэлхий даяар цар тахлын дельта хувилбараас сэргийлэхийн тулд вакцины 3-р тунг тарих нь үр дүнтэй гэсэн дүгнэлт хийж, 30 гаруй улс хүн амаа нэмэлт тунд хамруулж эхэлсэн. Засгийн газраас иргэдийг 3-р тунд хамруулах ажилд бүх төрлийн дэмжлэг үзүүлнэ.

Иргэд, аж ахуйн нэгж 3-р тундаа идэвхтэй хамрагдаж, цар тахлын эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалж, хөл хориогүй, энгийн амьдрал руу үе шаттай шилжихийг уриалж байна” гэв.

Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар 70 ба түүнээс дээш ажилтантай байгууллагуудын захиалгаар явуулын дархлаажуулалтын багууд 3-р тунг очиж хийж байна.

Засгийн газраас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэг хэмээн зарлаж, бодлогоор дэмжиж байгаа билээ. Өнөөдрийн энэхүү үзэсгэлэнг Соёлын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэнд соёлын бүтээлч үйлдвэрлэгч 100 аж ахуйн нэгжийн 300 бүтээл оролцож байна.

Монгол Улсад жижиг дунд үйлдвэр үйлчилгээний 62,263 аж ахуйн нэгж, 906,495 ажилтан байна.

Тус салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 18.3, нийт экспортын 2.4 хувийг бүрдүүлдэг томоохон салбар гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлоод “Энэ оны гуравдугаар сарын 3-ны Засгийн газрын хуралдаанаар “Монгол соёл-Монголын баялаг” цогц хөтөлбөрийг баталсан. Энэ хүрээнд эрх зүй, санхүү, дэд бүтэц, техник, технологитой хослуулан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, нэгдсэн логистик сүлжээ бүхий Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цогцолбор байгуулж, энэ чиглэлийн аж ахуйн нэгж, иргэдийг нэгтгэнэ. Мөн соёлын бүтээлч үйлдвэрлэл, бүтээлч эдийн засгийг дэмжих хөрөнгө оруулалтын сан байгуулах юм. Соёлын баялаг бол Монгол Улсын тогтвортой хөгжлийг бий болгоход чухал үүрэгтэй шавхагдашгүй нөхөн сэргээгдэх нөөц юм” гэв.

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүрээнд 12 салбар багтдаг. Энэ салбарт 11,600 аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас 5,600 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.

Нийтдээ 33,600 хүн идэвхтэй ажиллаж, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 1.3 хувийг бүрдүүлж байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөр, өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ, Засгийн газрын гишүүд, төр,нийгмийн зүтгэлтнүүд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Энэ ёслолд “Чингис хаан”-ы одонт эрхмүүд оролцсон юм.

Мөн өнөөдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга К.И.Косачёвыг 2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав.

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх зорилгоор ОХУ-ын өндөр түвшний төлөөлөгчид манай улсад айлчилж байгаа нь оросын тал хоёр улсын харилцаанд өндөр ач холбогдол өгч буйгийн илрэл гэж харж байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр улсын хамтын ажиллагаа Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны үзэл санааны дагуу амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хоёр улсын хамтын ажиллагааны шинэ зуун илүү арвин үр дүнтэй байлгахаар хоёр тал ажиллахыг санал болгов.

Дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд илгээсэн мэндчилгээг ноён  К.И.Косачёв уламжлав.

Тэрбээр хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, түүний дотор худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг илүү эрчимтэй хөгжүүлэхэд ОХУ-ын тал анхаарал хандуулж ажиллах талаар санал бодлоо илэрхийлэв.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хороо хуралдлаа.

Хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалдаг. Тэрбээр хуралдааны эхэнд иргэдийг дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдахыг уриалаад, ирэх оны төсвөөс 420 тэрбум төгрөг нийслэлд анх удаа шийдэж өгч байгааг онцлон тэмдэглэсэн юм. Өмнө нь замын түгжрэл, түүнийг тойрсон асуудалд жилд 30-50 тэрбум төгрөг зарцуулдаг байсан бол ирэх оноос 420 болж, автозамын түгжрэлийг бууруулах ажлыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлэхээр болж байна.

Иргэд нийслэлийн автозамын түгжрэлд өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг өнгөрүүлдэг, энэ алдсан боломжийн нийт өртөг 2.7 их наяд төгрөг, байдал хэвээр үргэлжилбэл 2025 он гэхэд энэ тоо 24 их наяд болох тооцоо судалгаа байгаа нь автозамын түгжрэлийг нэн яаралтай шийдвэрлэх арга хэмжээ болсныг Ерөнхий сайдын зөвлөх, уг үндэсний хорооны гишүүн Д.Амгаланбаатар хэллээ. Тэрбээр “Орон нутагт болон дагуул хаяа хотуудад үйлдвэрлэл, жижиг, дунд бизнес, нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэн, ажлын байрыг нэмэгдүүлэх, их, дээд сургуулиудыг хотоос нүүлгэх замаар хот хөдөөгийн хөгжлийн ялгааг багасгах бодлогын хүрээнд төлөвлөгөө боловсруулсан” гэлээ.

Тухайлбал, Улаанбаатар хотын хилийн цэсийг тогтоож, хотын зүй бус төвлөрлийг задалж, хотын дэд төвүүд, хаяа, дагуул хот, тосгодыг хөгжүүлэх, хотын төв рүү чиглэсэн зорчилтын зорилго, чиглэлийн давхцалыг багасгах ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1.1 сая тээврийн хэрэгсэл байгаагаас 54 хувь нь Улаанбаатарт замын хөдөлгөөнд оролцдог. 2007 онд нийтийн тээврийн хэрэгслээр нийслэлчүүдийн 67 хувь нь үйлчлүүдэг байсан бол энэ тоо өдгөө 54 хувь болж буурсан судалгаа байна. Мөн 2020 оны байдлаар нийслэлд 41364 иргэн орон нутгаас шилжиж ирсний 72 хувь нь ажил орлогоо нэмэгдүүлэх, боловрол эзэмших зорилготой байжээ. Тиймээс хотын автозамын түгжрэлийг сааруулахын тулд орон нутагт ая тухтай, таатай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд 14 зорилттой 90 арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөгөөнд тусгасныг Ерөнхий сайдын зөвлөх Д.Амгаланбаатар хэлж байлаа. Жишээ нь, Улаанбаатар болон дагуул хотод татварын ялгаатай бодлого хэрэгжүүлэх, орон нутагт бизнес эрхэлбэл татварын таатай орчин бүрдүүлэх, төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах, дэд төвүүдийг орон сууцжуулж, инженерийн дэд бүтцийг шийдэх гэхчлэн олон ажил багтсан байна.

Мөн Улаанбаатар хотын “Нэг төвт шугаман хот”-ын төрхийг задалж, “Олон төвт хот”-ын загварт шилжүүлж, хөгжүүлэх бодлоготой уялдуулж, автозамын түгжрэл болон нийтийн тээвэрт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээ холбогдох албаны төлөөлөл хэлж байв.

Үндэсний хорооны хурлын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ

– Үндэсний хорооныхон байр сууриа нэгтгэж, шийдэл гарган Засгийн газрын хуралдаанд асуудлаа танилцуулах

– Богдхан төмөр замын ажлыг эрчимжүүлэх

– Тойрог замын ТЭЗҮ-г ирэх оны хоёрдугаар сарын 1-нд бэлэн болгож, танилцуулах

– Цагийн зөрүүтэй байх шийдлийг судлах зэрэг чиглэлийг холбогдох албаны хүмүүст өглөө.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Та бүхнийг https://ulaanbaatar2040.mn/p/166/sanal-xuselt линкээр орж Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд саналаа өгөхийг уриалж байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.