Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр 2026 оны улсын төсвийн боловсруулалт,  төсвийн төсөлд иргэдээс ирүүлсэн саналын явц зэрэг мэдээллийг холбогдох яамдын сайд нараас сонслоо.

2026 оны төсвийн чиглэлийн талаар E-Mongolia болон Засгийн газрын 11-11 дугаарын утсанд ирүүлсэн иргэдийн санал асуулгын урьдчилсан дүнг Ерөнхий сайдын ахлах зөвлөх, Ажлын албаны дарга Б.Даваадалай танилцууллаа. Тэрбээр, өнөөдрийн байдлаар 154 мянга гаруй иргэд саналаа өгснөөс боловсрол, эрүүл мэнд, цахилгаан дулааны асуудлаар хамгийн их санал иржээ.

Тухайлбал, төсвийн үр ашгийг сайжруулахад ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэсэн асуулгад 18395 иргэн хөрөнгө оруулалтыг бууруулах нь зөв гэсэн бол татварын хувь хэмжээг бууруулах нь зүйтэй гэж 102623 иргэн саналаа өгcөн байна. Мөн 2026 оны төсвийг эрүүл мэнд, боловсрол, цахилгаан, дулаан зэрэг салбарт чиглүүлэх нь зүйтэй гэж олонх үзжээ. Харин нийгмийн халамж, соёл, спорт, аялал жуулчлал, зам барилга зэрэг салбарын төсөвт хэмнэлт хийх шаардлагатай гэсэн санал давамгайлж байна.

Түүнчлэн төсвийн үр ашгийг сайжруулах хүрээнд ямар бодлого нэн тэргүүнд хэрэгжүүлэх, ямар төрлийн хөрөнгө оруулалтыг 2026 онд эхлүүлэхгүй, тэвчих, татварын шинэчлэлд ямар бодлого баримтлах вэ зэрэг асуултуудад иргэд саналаа ирүүлсэн байна хэмээн танилцууллаа. Түүний дараа Сангийн сайд Б.Жавхлан, 2026 оны төсвийн төслийн боловсруулалтын явцыг мэдээлэв. Тэрбээр, 2026 оны төсөв хүний хөгжлийг дэмжих, боловсролд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх Ерөнхий сайдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу боловсруулж байна.

Төсвийн ерөнхийлөн захирагч нараас төсвийн саналыг цаг хугацаанд авч, нэгтгэх ажил 80 хувьтай явж байна.2026 оны төсвийн хөрөнгө оруулалтад 1232 төслийн санал ирүүлсэн. Үүнд 11,3 их наядын хөрөнгө оруулалт шаардагдаж буй ч хянаж 9,6 тэрбумд багтааж эрэмбэлнэ гэх зэргээр танилцуулсны дараа сайд нар хөрөнгө оруулалтыг хэрхэн нэмэгдүүлэх талаар санал бодлоо илэрхийллээ. Ерөнхий сайд Г.Занданшатар, төсвийн төслийг олон нийтээр ийнхүү ил тод хэлэлцүүлэх нь авлигын индексийг бууруулах, хөрөнгө оруулалтыг зөв хуваарилах, хүний хөгжлийг дэмжихэд ахиц гардаг гэж олон улсын судалгаанд онцолсон талаар танилцуулаад   төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд салбарын сайд бүр санаачлагатай ажиллаж, эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулах шаардлагатай гэв. Нэн ялангуяа боловсрол, эрүүл мэндийн салбарт төсвийн шинэчлэлийг хийх бодлогыг салбарын сайдууд нэн даруй боловсруулах үүрэг өглөө.

Нийслэлийн Сонгинохайрхан уулын зүүн бэлд барьж буй дэвшилтэт технологи бүхий ус гүн цэвэрлэх үйлдвэрийн барилгын ажил 99.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Үйлдвэрийг хариуцан ажиллуулах Ус сувгийн удирдах газрын 27 инженер, техникийн ажилтан тоног төхөөрөмжийн суурилуулалт, туршилт тохируулгын шатнаас эхлэн дадлагажиж, өнгөрсөн долоодугаар сарын 31-нд ажилдаа орсон байна. Ерөнхий сайд Г.Занданшатар, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар тус үйлдвэрт өнөөдөр ажиллалаа.

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан II Компакт гэрээний хүрээнд барьж буй энэ үйлдвэр Улаанбаатар хотын ус хангамжийн хамгийн том баруун эх үүсвэрээс олборлох 50 хүртэл сая шоо метр усыг Монгол Улсын ундны усны стандартад нийцүүлэн цэвэршүүлж, төвлөрсөн сүлжээнд нийлүүлнэ.

АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн буцалтгүй тусламж болон Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалт нийт 461 сая ам.долларын санхүүжилтээр нийслэлчүүдийн усны эрэлтийг урт хугацаанд, тогтвортой хангахад чиглэсэн “Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг 2026 оны гуравдугаар сарын 31-ний дотор бүрэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Хөтөлбөр ус хангамжийн Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах, Хаягдал ус дахин боловсруулах, Усны салбарын тогтвортой байдлыг хангах гэсэн харилцан уялдаатай гурван төслөөс бүрддэг. Улаанбаатарын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах шинэ эх үүсвэрүүд, Монгол Улсад анх удаа ус гүн цэвэршүүлэх болон ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг хангах цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл баруун зүгт тэлэх, эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм. Ерөнхий сайд Г.Занданшатар тооцсон төсөв, төлөвлөсөн хугацаанд төслөө хэрэгжүүлж, салбарын чадавхыг бэхжүүлэхэд хамтран ажиллаж буй бүх хүнд талархал илэрхийлээд, үйлдвэрийг хэвийн горимоор ажиллуулахад шаардлагатай арга хэмжээ, шийдвэрүүдийг гаргахад Засгийн газар, нийслэлийн засаг захиргаа онцгой анхаарч, дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 06-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Төрийн жинхэнэ албан хаагчдын ажлын гүйцэтгэл, үнэлгээг олон нийтэд нээлттэй болгож, байгууллагын цахим хуудаст байршуулна

Төрийн жинхэнэ албан хаагчдын 2024 оны эхний болон сүүлийн хагас жил, 2025 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн тайлан, үнэлгээг олон нийтэд нээлттэй болгож, байгууллагын цахим хуудаст 2025 оны наймдугаар сарын 20-ны дотор байршуулахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн төрийн захиргааны бүх шатны байгууллагын төсвийн шууд захирагч нарт даалгаж, Улсын Их Хурлын Тамгын газар, түүний харьяа байгууллагын удирдлагад тус тус зөвлөв.

Энэ арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавьж, төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг шударга, бодитой үнэлэх тогтолцоог сайжруулах арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтод даалгалаа.

11 яам, 16 агентлагаас ирүүлсэн 2024 он, 2025 оны эхний хагас жилийн үнэлгээ, урамшуулалтай холбоотой мэдээллийг нэгтгэн үзэхэд төрийн албан хаагчдын үнэлгээний дундаж 98,7 хувьтай байна. Төрийн албан хаагчид гүйцэтгэлийн үнэлгээгээр “Маш сайн – А”, “Xангалттай – В” үнэлгээ авдаг ч иргэдийн 60-аас илүү хувь нь төрийн үйлчилгээнд сэтгэл хангалуун бус байна.

“Төрийн байгууллагын үйл ажиллагаа, төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийг хөндлөнгийн үнэлгээгээр бодитоор үнэлж, олон нийтийн хяналт бий болсноор бүтээмж нэмэгдэнэ. Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээ сайжирч, итгэлцэл, удирдлагын хариуцлага нэмэгдэнэ гэж үзэж байна” гэж ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ ярилаа.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 109 компанийг 87 болгоно

Төрийн өмчийг хувьчлах талаар УИХ, болон Засгийн газраас баталсан тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэн, цаашид төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаалах, төрийн эзэмшлийн хувьцааг худалдах, өөрчлөн байгуулах талаар үндсэн чиглэл боловсруулж, 2025 оны наймдугаар сарын 15-ны дотор танилцуулахыг үүрэг болголоо.

Мөн “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2025-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй арилжаалах, төрийн эзэмшлийн хувьцааг худалдах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-ийг боловсруулж танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгав.

Өнгөрсөн 35 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн өмч хувьчлалын алдаа, оноонд дүгнэлт хийж, УИХ-аас баталсан хувьчлах үндсэн чиглэлүүдийн хэрэгжилтийг дуусгавар болгох, Үндсэн хуулийн агуулгад нийцүүлэн төрийн нийтийн өмч, түүний төрөл, зүйлийг тодорхойлж, бусдад шилжүүлэх болон өмчийн удирдлагыг хэрхэн хэрэгжүүлэх харилцааг өнөөгийн нийгэм, эдийн засгийн хэрэгцээ шаардлага, олон улсын туршлагын дагуу тогтоох асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг шинэчлэн найруулж, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах замаар хэрэгжүүлэх шаардлагатай үзлээ.

2025 оны эхний хагас жилийн байдлаар Төрийн болон төрийн өмчийн оролцоотой толгой компани 86, охин компаниудыг оролцуулаад нийт 109 компани эрчим хүч, зам, тээвэр, уул уурхай, банк санхүү, мэдээлэл, харилцаа холбоо, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, барилга хот байгуулалт, байгаль орчин, аялал жуулчлал, биеийн тамир, спорт, соёл урлаг, гадаад харилцаа зэрэг 11 салбарт үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр компанийг ашигтай ажиллуулах, алдагдалтай ажиллаж байгааг татан буулгах, нэгтгэх болон үргүй зардал, захирал, удирдлагуудын цалин хангамжийг бууруулах, ашигт ажиллагаанд нийцсэн цалингийн тогтолцоог боловсруулж Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулж батлуулах чиглэл авлаа. 109 төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын тоог үе шаттайгаар 20 хувиар бууруулж 87 болгох боломжтой гэж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл ярилаа.

“Эрдэнэт медикал” эмнэлгийг Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болголоо

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Эрдэнэт медикал” төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийг орон тооны хамт Эрүүл мэндийн яамны Хавдар судлалын үндэсний төвийн харьяанд шилжүүлж, Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болголоо. Тус төвийн дүрэм, зохион байгуулалтын бүтцийг баталж, мөрдүүлэхийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд даалгав.

“Эрдэнэт медикал” төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь амбулатори, дүрс оношилгоо, мэс засал, хэвтүүлэн эмчлэх, лаборатори, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн чиглэлээр иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Тус эмнэлгээр үйлчлүүлэгчдийн 20 хувийг Улаанбаатар хот, хангайн бүс, хойд бүс болон Ховд, Дорнод, Дундговь, Өмнөговь, Завхан, Говьсүмбэр, Баянхонгор, Дорноговь аймгийн иргэд, 80 хувийг Орхон аймгийн иргэд эзэлж байна.

2022-2025 онд 3551 хүн хэвтэн эмчлүүлж, 2210 хүн өдрийн эмчилгээ, үйлчилгээ авчээ. Амбулаториор 147,776 хүнд тусламж, үйлчилгээ үзүүлжээ.

Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө

1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, Монгол Улсын сүүлчийн эзэн хаан, төр, шашныг хослон баригч Богд хаан Жавзандамба хутагтын орд, өргөө бол Монгол төрийн түүх, соёлын үнэт өв, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хотжилтын түүхийн салшгүй хэсэг юм. Тийм ч учраас Богд хааны ордныг төрөөс хамгаалах зорилгоор Сайд нарын Зөвлөлийн тогтоол 1961, 1971 онд гарч байжээ. Гэвч Богд хааны зуны ордны залгаа газрыг 2007 онд иргэнд өмчлүүлж, одоо барилга байгууламж барьж байгаа үйл баримтаас үзвэл, төрөөс түүх, соёлын өвийг хамгаалах үүргээ хэрэгжүүлээгүйн илрэл гэж Ерөнхий сайд Г.Занданшатар үзэж байна. Иймд түүх, соёлын дурсгалт газрын унаган төрх, язгуур соёлын үнэт шинж чанарыг алдагдуулахгүйгээр хадгалан хамгаалах, хойч үед өвлүүлэн үлдээх зайлшгүй шаардлагыг харгалзан холбогдох албан тушаалтнуудад дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Нийслэлийн Засаг даргын 2007 оны 523 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр дэх 700 м2 газар (Богд хааны Хүрэн ордны хажуу талын)-ыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлсэн шийдвэр хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шалгаж, хууль зөрчсөн албан тушаалтныг хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулж, учруулсан хохирлыг нэхэмжлэх, үр дүнг энэ сард багтаан Засгийн газарт танилцуулах,
  • Иргэнд өмчлүүлсэн шийдвэр холбогдох хууль тогтоомжийн дагуу эсэхийг шалгах хугацаанд уг газарт барилга байгууламж барих зөвшөөрөл олгосон шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасны дагуу түдгэлзүүлэх,
  • Богд хааны зуны ордныг улсын хамгаалалтын зэрэглэлд оруулах асуудлыг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.7-д заасны дагуу Засгийн газраар шийдвэрлүүлэх,
  • Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт заасны дагуу Богд хааны Хүрэн ордны барилга, архитектурын дурсгалын харагдах сүр барааг хадгалах зорилгоор түүний эргэн тойронд шинээр барих барилга байгууламжид өндрийн хязгаар тогтоох,
  • Устах, эвдрэх, гэмтэх аюул учирч байгаа соёлын өвийг авран хамгаалах, сэргээн засварлах арга хэмжээний төлөвлөгөө, түүх, соёлын үл хөдлөх дурсгал болон дурсгалт газруудад хамгаалалтын бүс бүрэн тогтоосон эсэхийг нягтлан шалгаж, хамгаалалтын бүсийг гүйцээн тогтоохыг тус тус үүрэг болголоо.

Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гишүүдтэй Ерөнхий сайд Г.Занданшатар уулзлаа. Уулзалтад МҮХАҮТ, Монголын бизнесийн зөвлөл, Монгол дахь Америкийн худалдааны танхим болон томоохон бизнес эрхлэгчид, санхүү, эдийн засгийн салбарын эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцов.

Бизнес эрхлэхэд ээлтэй, хөрөнгө оруулалт татахад чиглэсэн суурь өөрчлөлтөд хувийн хэвшлийнхний байр суурь нэн чухал болохыг Ерөнхий сайд уулзалтын эхэнд онцлов. Ялангуяа төсөв, татварын бодлогын шинэчлэлд татвар төлөгчид, эрдэмтэд судлаачидтай нягт хамтран ажиллаж, тэдний саналыг тусгах зайлшгүй шаардлагатай гэлээ. Засгийн газар Татварын багц хуулийн төсөл, Баялаг бүтээгчдийг дэмжих тухай зэрэг хэд хэдэн хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаагаа уулзалтын үеэр мэдээлэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2 дугаар зүйлд “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” гэж заасныг хөрөнгө оруулагчдад сайтар тайлбарлах шаардлага үүсэж байгааг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав хэллээ. Мөн Татварын багц хуулийн төсөлд хувийн хэвшлийнхний оруулсан хэд хэдэн санал дэмжигдсэнд талархал илэрхийллээ.

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын орчин нөхцөлд тохирсон, олон улсын сайн туршлага шингэсэн, эрх зүйн орчин бүрдүүлбэл Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэх боломжтой талаар Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга Ц.Түмэнцогт илэрхийлэв.

Уул уурхайн хайгуулын салбарыг бодлогоор дэмжиж, эрх зүйн зохицуулалтыг нээлттэй, уян хатан болгоогүйн улмаас олон асуудал ужгирч, энэ салбарт бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулж буйг “Монголын алт” корпорацийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн хэлэв. Мөн Нийгмийн даатгалын тогтолцооны гажуудал аж ахуйн нэгж байгууллагуудад хүндрэл учруулж байгааг засах, НӨАТ-ын тухай хуулийг тэгш хүртээмжтэй хэрэгжүүлэх талаар эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зэргээр зөвлөлийн гишүүд байр сууриа илэрхийллээ.

Бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачдын санал бодлыг шийдвэр гаргахад тусгаж, хууль эрх зүйн орчныг сайжруулахад Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гишүүдийн оролцоо чухал гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо. Тиймээс Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийг байнгын ажиллагаатай болгохоор тогтов.

УИХ-ын намрын чуулганд өргөн барихаар боловсруулж буй хуулийн төслүүдийг зөвлөлийн гишүүдэд танилцуулж дахин саналыг нь сонсох, хуулийн төсөлд багтаагүй саналуудын татгалзсан шалтгаан, үндэслэл зэргийг эргэж мэдээлдэг байхыг Сангийн сайд Б.Жавхланд даалгалаа. Тус зөвлөлөөс дэвшүүлсэн асуудал яриа төдий үлддэг биш бодлого, шийдвэр болон гарч, асуудлыг шийдвэрлэдэг байх нь зөвлөлийн гол зорилго гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Монгол Улсын 2024 оны улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар илэрсэн алдаа, зөрчлийг арилгах, төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулахтай холбогдуулан аудитаар илэрсэн нийтлэг зөрчлийн шалтгаан, нөхцөлийг нягтлан судлах, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ Ажлын хэсгийг ахалж буй бөгөөд бүрэлдэхүүнд нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын болон Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын зарим удирдлага, эдгээр газруудын холбогдох референтүүд, Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газруудын албан тушаалтнууд багтсан байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ, Ерөнхий сайд Г.Занданшатарын өгсөн үүрэг, даалгаврын дагуу хяналт, шалгалтын Ажлын хэсэг богино хугацаанд, үр бүтээлтэй ажиллаж санал, дүгнэлтээ 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Холбогдох төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн 2024 оны тайланд хийсэн аудитаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгаж, нэг мөр шийдвэрлэж ажиллана. Өөрөөр хэлбэл, хариуцлага алдаж, хууль тогтоомж зөрчсөн эсэх болон засч залруулж болох үйл ажиллагааг ялган шийдвэрлэх чиглэл баримтлах юм.

Аудитын дүгнэлтээр удаа дараа хязгаарлалтай дүгнэлт гаргаад байхад зөрчлөө шийдвэрлээгүй этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой.

Ерөнхий сайд хууль зөрчсөн үйлдэл бүрт хариуцлага тооцох үүрэг өгсөн гээд ажлын дэд хэсгүүд хяналт, шалгалтын ажлыг хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө нэн даруй боловсруулж танилцуулах үүрэг өгөв.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд баталсан. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар тус хуулийн хэрэгжилт, сангийн орлого төвлөрүүлэлт, хяналтын тогтолцоо, стратегийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээ болон байгалийн баялгийн үр өгөөжийг баялгийн сангаар дамжуулан иргэдэд хүртээх зэрэг асуудлаар албаны хүмүүстэй уулзлаа. Ерөнхий сайд Г.Занданшатар уулзалтын эхэнд Үндэсний баялгийн сангийн талаарх Засгийн газрын бодлого тогтвортой үргэлжлэх ёстойг тэмдэглэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2 дугаарт Норвегийн Үндсэн хуулиас жишиг авч “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасан. 2019 онд батлагдсан Үндсэн хуулийн энэ заалт болон Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг Ерөнхий сайд онцлоод тус хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтоор ахлуулан байгууллаа. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх яриа хэлцэл хийх, шаардлагатай бол захиргаадалтын арга хэмжээ хэрэгжүүлж, стратегийн 16 орд газар тус бүрд БЭТ томилж ажиллуулна гэлээ.

Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн стратегийн орд газрууд хэрхэн, яаж хувьд шилжсэн, энэ явцад хуулийн зөрчил бий эсэхийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Шалгалтын хүрээг өргөжүүлж цагдаа, тагнуул, АТГ-ын хамтарсан дэд Ажлын хэсэг байгууллаа.

Хуулийн хэрэгжилтийг хангахын тулд холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, Засгийн газарт танилцуулан УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэхийг Ажлын хэсэгт даалгалаа. Стратегийн орд газруудын хуульд заасан хувийг ард иргэдэд эзэмшүүлэх, хөрөнгийн бирж дээр IPO гаргах ажлыг эхлүүлж үр өгөөжийг хүртээхэд Ажлын хэсэг анхаарах ёстой гэлээ.

Монголбанктай хамтарч үр ашгийн тооцоо гаргахыг Сангийн яаманд үүрэг болгов. Хуримтлалын сан, Ирээдүйн өв сангийн үр өгөөжийг тооцож, улс орны эдийн засагт өгөөжтэй, эрсдэл багатай, ард иргэдийн тулгамдсан асуудал, ялангуяа орон сууцжуулах бодлогыг дэмжсэн загвар гаргах ёстой гэлээ. Мөн өсөн нэмэгдэх болон тусгай АМНАТ-ыг татварын багц реформтой хамт танилцуулахыг Ажлын хэсэгт үүрэг болголоо.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт эрчимжүүлэх Ажлын хэсэгт хууль хяналтын байгууллагын, санхүү тооцооллын, стратегийн орд газруудыг хариуцсан таван дэд ажлын хэсэг байгуулж хуулийн хэрэгжилтийг хангуулахад анхаарч ажиллахаар боллоо.

Үндэсний баялгийн сангийн өгөөж нэмэгдэж, ард иргэдэд мэдээлэл нь нээлттэй, ил тод байж, хяналт тавьж байх ёстой. “Баялагтаа эзэн Монгол“ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө эрс өөрчлөлт шинэчлэл хийх, ард түмний аж амьдралд бодитой өөрчлөлт гаргахын төлөө санаачилгатай, зоригтой ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар даалгаад Ажлын хэсэгт арав хоногийн дараа эхний үр дүнгээ танилцуулах үүрэг өглөө.

Уулзалтад Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон Сангийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны долоодугаар сарын 9-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа

Монгол Улсын Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа.

Ерөнхий сайд бизнест ээлтэй, ажил хөдөлмөр эрхэлж байгаа хэнийг ч алагчилж үзэхгүй дэмждэг, авлига, хүнд суртлаас ангид, чадахуйн зарчимд суурилсан, ард түмэндээ үйлчилдэг цомхон, чадварлаг нийтийн албыг бэхжүүлэх зорилгоор Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш Засгийн газрын гишүүд, бүх шатны байгууллага, албан тушаалтан, аймаг, орон нутгийн удирдлагуудад хууль тогтоомжийг хэрэгжүүлж, ажлын арга барилдаа эрс өөрчлөлт гаргах хугацаатай үүргийг өгөөд байгаа юм. Энэхүү Албан даалгаврын хэрэгжилт, биелэлтэд хатуу хяналт тавьж, хууль зөрчсөн, хүнд суртал гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцож, иргэдэд ил тод, нээлттэй мэдээлж ажиллах  болно гэдгээ Засгийн газрын хуралдааны үеэр илэрхийллээ.

Иргэдээ сонсож, зовлон, жаргалыг нь ойлгон, төрийн үйлчилгээг хуулийн дагуу шуурхай, алагчилгүй үзүүлдэг зарчим, журам төрийн албанд тогтож, хэвших учиртай. Ажлын байр шинээр бий болгоход шаардлагатай гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг бүх талаар дэмжиж, хүнд суртал, шат дамжлагыг халах, хөрөнгө оруулагчдад, ажил, хөдөлмөр эрхэлж буй иргэдэд саад дарамт учруулж байгаа этгээдүүдэд хууль, журмын дагуу хариуцлага тооцож байх Шуурхай багийг Засгийн газрын түвшинд байгуулж ажиллуулна гэлээ.

Цомхон, чадварлаг, бүтээмжтэй төрийг төлөвшүүлэх төрийн албаны шинэтгэлийг эхлүүлж, нийт төрийн албан хаагчдын дунд мэргэжлийн үнэлгээ буюу аттестатчилал зохион байгуулна. Чаддаг нь ажиллаж, чаддаггүй нь төрийн албыг орхих ёстой. Төрийн албаны хэмжээнд дөнгөж 53.8 хувьд нь ажиллаж байгаа Ёс зүйн дэд хороодыг бүх шатанд гүйцээн байгуулж, ажлын чанар, үр нөлөөг ч нэмэгдүүлнэ.

Төрийн чиг үүргийг оновчтой тогтоох, давхардал, хийдлийг арилгаж, хариуцлагыг тодорхой болгох, төсвийн хэмнэлтийг хэрэгжүүлэх бодлогын хүрээнд шинэ Засгийн газар эмхлэн байгуулагдсанаас хойш зөвхөн хороо, комисс, зөвлөл, сан, төслийн нэгжүүдийг татан буулгахаар шийдвэрлэсний үр дүнд 69.9 тэрбум, нийт төрийн хэмнэлтийн бодлогын хүрээнд хоёр их наяд 44 тэрбум төгрөгийг хэмнэх бодитой шийдвэр гарган ажиллаж байна. Мөн төсвийн сахилга бат, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд Үндэсний аудитын газраас хийсэн аудитаар “сөрөг”, “дүгнэлт гаргахаас татгалзсан”, “хязгаарлалттай” дүгнэлт авсан албан тушаалтнуудад хуулийн дагуу зохих хариуцлага тооцож ажиллана.

Төрийн албаны ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, цахим шилжилтийг эрчимжүүлэх, шийдвэр гаргалтад хиймэл оюун ухаан, их өгөгдлийг ашиглаж, инновац, шинэ технологийг нэвтрүүлнэ. Төрийн бүтээмжийг нэмэгдүүлж, үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор “Digital first” бодлого хэрэгжүүлнэ.

Хувийн хэвшлийн хийх боломжтой ажлыг төр хийхгүй байх зарчим чанд баримталж, төрийн зарим үйлчилгээний чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлнэ.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу мэдээллийг байнга ил тод, нээлттэй байлгах үүргийн биелэлтэд харьяа байгууллага, хуулийн этгээдийн хэмжээнд тогтмол хяналт тавьж, зөрчсөн этгээдэд хариуцлага тооцож ажиллана.

Салбар бүрийн зөвшөөрөл олгох, бүртгэх, сунгах, шат дамжлагын тоог 50 хувиар бууруулж, тайлан мэдээ хүлээн авах, төлбөр хураамж төвлөрүүлэх, зөвшөөрөл эзэмшигчид тавих явцын хяналтыг сайжруулах, төрөөс зөвшөөрөл авах хүсэлтэд 14-21 хоногийн дотор хариу өгдөг, уг хугацаа өнгөрвөл зөвшөөрөл олгосонд тооцох зарчмыг бодитоор хэрэгжүүлнэ.

Хяналт шалгалтын давхардлыг арилгах, салбарын хяналт шалгалтын системийг ашиглалтад оруулах, хяналт шалгалтын тогтолцоог сайжруулах асуудлыг 100 хоногт багтаан шийдвэрлэнэ гэдгээ Ерөнхий сайд албан даалгавартаа тусгажээ.

Чиг үүргийн давхардалтай 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа

Засгийн газар бүх шатанд төсвийн хэмнэлтийн горимыг сахин, үр ашиггүй зардлыг танах, төрийн чиг үүргийн давхардлыг арилгаж, зохион байгуулалтыг сайжруулах, зорилгоор зарим Үндэсний хороо,  зөвлөлийг татан буулгалаа. Татан буулгасан Үндэсний хороо, зөвлөлийн чиг үүргийг Засгийн газрын гишүүд, яамд хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж Ерөнхий сайд үзлээ.

Мөн төрийн байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах хүрээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад заасан хороо, зөвлөлийн талаарх зохицуулалтыг хүчингүй болгох хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгалаа.

1.     Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо

2.     “Алсын хараа-2050” Салбар дундын уялдааг хангах үндэсний хороо

3.     Боомтын сэргэлтийн Үндэсний хороо

4.     20 минутын хот Үндэсний хороо

5.     Хяналт, үнэлгээний Үндэсний хороо

6.     Аж үйлдвэржилтийн Үндэсний хороо

7.     Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах үндэсний хороо

8.     Эрчим хүчний реформыг удирдан зохион байгуулах үндэсний хороо

9.     Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн Үндэсний хороо

10.  Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хороо

11.  Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хороо

12.  Дэлхийн өвийн үндэсний хороо

13.  Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах үндэсний хороо

14.  Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохицуулан зохион байгуулах үндэсний хороо

15.  Үндэсний тээврийн хороо

16.  Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл

17.  Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөл

18.  Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөл

19.  Эдийн засгийн хөгжлийн зөвлөл

20.  Оюуны өмчийн үндэсний зөвлөл

21.  Хэмжил зүйн зөвлөл

22.  Нээлттэй засгийн түншлэлийн үндэсний зөвлөл

23.  Сансрын бодлогын үндэсний зөвлөл

24.  Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын үндэсний зөвлөл

25.  Усны үндэсний зөвлөл

26.  Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөл

27.  Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл

28.  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний Зөвлөл

29.  Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөл

Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоолоо

“Экспортын нүүрс тээвэрлэлтийг эрчимжүүлэх талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Засгийн газрын хуралдаанд саналаа танилцууллаа.

“Тавантолгой нүүрс ачих логистикийн төв”-ийн байгууламжийг бүрэн ашиглалтад оруулж, бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах нөхцөл бүрдүүлэх, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д үүссэн хүндрэл, хүнд суртлыг арилгах, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор тус компанид Онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчдийн баг ажиллуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Бүрэн эрхт төлөөлөгчдийн багт Зам, тээврийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамнаас төлөөлөл оруулна.

ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтан-Одыг ажлаас нь чөлөөлж, хуулийн байгууллагаар шалгуулна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 2024 оны санхүүгийн тайланд хөтөлбөр, арга хэмжээний батлагдсан төсөвт тусгагдаагүй арга хэмжээг санхүүжүүлсэн, тайлант онд хэрэгжих боломжгүй ажил үйлчилгээний зардлыг олгосон, эдийн засгийн ангилал зөрчиж зардал гаргасан, санхүү төсвийн асуудал эрхэлсэн төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр арилжааны банканд данс нээсэн, бараа материалыг орлогод аваагүй зэрэг нийт 240 сая төгрөгийн алдаа, зөрчил илэрч, аудитын “хязгаарлалттай” дүгнэлт гарсан нь дотоод хяналт, хариуцлагын тогтолцоо хангалтгүй байгааг харуулж байна.

Засгийн газрын хуралдаанаар П.Алтан-Одыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, хууль хяналтын байгууллагаар шалгуулахыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугарт даалгалаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар аймаг, сум, дүүргийн Засаг дарга нартай цахим уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд  улс эх орны өнөөгийн нөхцөл байдлыг танилцууллаа. Гадаад, дотоод нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед хэмнэлтийг төр өөрөөсөө эхлүүлж, бүсээ чангалж давж гарна гэдгийг онцлов.

Нэгэн үе хаягдаад байсан хөдөө, орон нутгийн хөгжлийн асуудал энэ үед шинэ түвшинд гарсан. Засгийн газар орон нутагтайгаа нэгдсэн удирдлагатай, эргэх холбоотой ажиллана гэв.

Мөн Засгийн газар орон нутгийн Засаг дарга нарын эрх мэдлийг хязгаарлаад буй дүрэм, журмыг цуцалж, эрх мэдлийг нэмэгдүүлэх багц арга хэмжээ авахаар төлөвлөсөн тухай Ерөнхий сайд онцоллоо.

Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийг тодотголоор хасахгүй байх, уул уурхайн ашиглалт, хайгуулын лиценц олголтод онцгой анхаарах, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн царцсан барилгын санхүүжилтийг шийдвэрлэж өгөх, хоршоо хөгжүүлэх сангийн журмыг өөрчлөх, тендерийн тухай хуулийг эргэж харах зэрэг асуудлыг уулзалтад оролцогчид нийтлэг тавилаа.

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Засаг дарга “Бүтээн байгуулалт хийхэд төсөв нь 3-4 жил дамжиж төсөвт суудаг байдал өртгийг нэмэгдүүлж, тухайн барилга царцахад хүрч байна. Тухайлбал, 2019 онд баригдаж эхэлсэн 160 хүүхдийн багтаамжтай дотуур байр царцсан. Хүүхдүүд дотуур байргүй байна.

Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг дарга “Өмнө нь ажиллаж байсан хүмүүсийн ажлын хариуцлага одоо ажиллаж буй хүмүүст тооцогдох нөхцөл байдал үүсээд байна. Хууль, хяналтын байгууллага өнгөрсөн асуудлыг шалгаад шийдвэрлэхдээ одоо ажиллаж байгаа хүмүүст хэргийг халдааж байгаа нь иргэдийг төрийн албанд ажиллах итгэл үнэмшлгүй болгож байна”.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг дарга, “Уул уурхайн хайгуулын зөвшөөрөл нийт газар нутгийн 10 хувийг хамраад байна. Үүнээс шалтгаалж мал бэлчээргүй болж, иргэдийн амьдрах орчиндсөргөөр нөлөөлж буйд анхаарч өгнө үү”.

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ-ын дарга “Манай суманд уул уурхайн ашиглалтын 80, хайгуулын 10 нийт 90 зөвшөөрөл байна. Сумын иргэд жагсаал хийсний үр дүнд уул уурхайн зөвшөөрөл дахин олгохгүй гэсэн боловч энэ амлалт хэрэгжихгүй байгаа юм. Дахиад нэг л зөвшөөрөл олгоход иргэдийн тэмцэлтэй нүүр тулахаар байдал үүссэн”.

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг дарга “Хоршоо хөгжүүлэх сангийн журам амьдралд нийцэхгүй, иргэдийн тавьсан шаардлагад нь хүрэхгүй байна. Бодит амьдралаас ялангуяа орон нутгийн иргэдийн нөхцөл байдлаас хол тасарсан шаардлагатай. Үүнд анхаарч өгнө үү”.

Хан-Уул дүүргийн Засаг дарга “ТҮЦ-ийг нүүлгэж, зам талбайг чөлөөлсөн ч эргээд ТҮЦ хаа хамаагүй байрлуулж эхлээд байна. Төрийн албан хаагчид тэмцээд ч нэмэргүй, харин гэмтэж бэртсэн тохиолдол гарлаа. Нэгдсэн шийдэл, дэмжлэг хэрэгтэй байна” гэлээ.

Оролцогчид санал хүсэлтээ хэлсний дараа Ерөнхий сайд Г.Занданшатар Засаг дарга нар болон Засгийн газрын гишүүдэд үүрэг өглөө.

Засаг дарга нарын өгсөн саналыг нэг бүрчлэн судалж, тодорхой чиглэл өгөхийг сайд нарт даалгасан бол Засаг дарга нарт аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлж, зорилтод бүлэг, залууст зориулж сургалт зохион байгуулж, соён гэгээрүүлэх ажилд онцгой ач холбогдол өгөхийг даалгалаа. Мөн цахим боловсролын системийг хэрэгжүүлэхэд анхаарахыг сануулав.

Гантай байгаа аймаг, сумдад ой хээрийн түймэр дэгдэх, хүн малын гоц халдвар өвчнөөс урьдчилан сэргийлэх, улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтыг идэвхжүүлэх, болзошгүй нөхцөлд сумын эмнэлэг бэлэн байдалд ажиллах, мөн зам тээврийн ослоос сэргийлэх, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх зэрэг чиглэлээр цогц арга хэмжээ авахыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болголоо.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийг амьдралд нийцүүлэх шаардлагатай. Иймээс Засгийн газраас энэ сард багтааж Засаг дарга нартай хэлэлцүүлэг хийж санал авч, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн заалтуудыг тодорхой болгохоор боллоо.

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны долдугаар сарын 7-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга  хэмжээний тухай” Ерөнхий сайдын албан даалгаварт ард иргэдийн саналыг авна

“Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга  хэмжээний тухай” албан даалгаврын төслийг өнөөдрийн хуралдаанд танилцууллаа.

Албан даалгаврыг боловсруулахдаа салбарын яамд, зарим мэргэжлийн төлөөлөл, судлаачдын санал болон Засгийн газрын гишүүдэд салбар тус бүрд тулгамдаж байгаа, нэн яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийг тусгажээ.

Тухайлбал, бүх шатанд чиг үүргийн давхардлыг арилгаж, цомхон бүтцээр ажиллах, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон түүний үүсмэл ордыг ашиглаж байгаа хуулийн этгээдүүдтэй хувьцааны хувь хэмжээг тогтоох асуудлаар хэлэлцээ хийх, анхан шатны хоршоодын үйл ажиллагааг бэхжүүлж, малчин хоршоологчид, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчидтэй хамтран дундын хоршоо байгуулах, нийтэд хүлээлт үүсгэсэн авлига, албан тушаалын хэргийн шийдвэрлэлтийг эрчимжүүлэх талаар холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шуурхай арга хэмжээ авч ажиллах зэрэг арга хэмжээг тусгажээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга  хэмжээний тухай” албан даалгаварт ард иргэдээс санал авч, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн ажлыг энэ 100 хоногт хийж хэрэгжүүлэх арга хэмжээнд тусгахыг үүрэг болголоо.

Унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд онцгойлон анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад Ерөнхий сайд үүрэг болголоо

Үндэсний их баяр наадам, аймаг, орон нутгийн наадам болж буйтай холбогдуулан Ерөнхий сайд унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд онцгойлон анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

“Бүх хороо, сумдад ажиллаж буй нийгмийн 833 ажилтнуудаар дамжуулан чиглэл өгсөн, тэд улсын болон аймаг, сумдын наадмын салбар хороод, комисст шаардлага тавьж унаач хүүхдүүдийн аюулгүй байдалд анхаарч ажиллана” гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хэвлэлийн хурлын үеэр ярилаа.

“Маргаашийн төлөө хамтдаа” уриатай “Монголын эдийн засгийн чуулган 2025” маргааш эхэлнэ

“Маргаашийн төлөө хамтдаа” уриатай “Монголын эдийн засгийн чуулган 2025” Улаанбаатар хотноо  маргааш эхэлнэ.

“Монголын эдийн засгийн чуулган бол Монгол Улсын олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэх, төрөлжүүлэх ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтыг Засгийн газраас дэмжиж, харилцан ашигтай хамтран ажиллах талаар олон улсын хөрөнгө оруулагч нарт танилцуулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой арга хэмжээ гэдгийг Ерөнхий сайд хэлээд Засгийн газрын гишүүд ач холбогдол өгч, идэвхтэй оролцож ажиллахыг даалгалаа.

Чуулганаар тогтвортой засаглал, ил тод зохицуулалт, бодлогын уялдаа холбоо, институтийн чадавх, санхүүжилт болон хөрөнгө оруулалтын боломж, дижитал шилжилт, технологийн хөгжилд хүний нөөцийг бэлтгэх, байгалийн нөөцийг хариуцлагатай ашиглах, хүнсний хэрэгцээг дотооддоо хангах, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтөд гадаадын хөрөнгө оруулалтыг үр ашигтай татах зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна.

Энэ жилийн “Монголын эдийн засгийн чуулган-2025” арга хэмжээг хувийн хэвшлийн санхүүжилтээр зохион байгуулж байна.

Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа. /2025.07.03/

Талууд энэ удаагийн уулзалтаар,

– Манай хоёр улсын хамтран хэрэгжүүлж буй томоохон төслүүдийг цаашид тогтвортой урагшлуулж, бодит ахиц гаргах,

– Уул уурхай, зам тээвэр, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа,

– Нүүрсний экспортын биет хэмжээг нэмэгдүүлэх зэрэг өргөн сэдвээр санал солилцлоо.

Уулзалтын эхэнд ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт,

Манай хоёр улсын худалдааны эргэлт 2024 онд түүхэн дээд амжилт тогтоож, 19.05 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсон хоёр талын худалдааг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт тун удахгүй биеллээ олно гэдгийг харуулж байна.

Энэхүү зорилтод хүрэхийн тулд хоёр улсын уул уурхайн бүтээгдэхүүний худалдаа, тэр дундаа нүүрс экспортыг нэмэгдүүлж, биет хэмжээг 100 сая тоннд хүргэхийг монголын тал зорьж байна гээд, хятадын талаас дэмжиж ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд боомтын харилцан холболт чухал үүрэгтэй. Өнгөрсөн хугацаанд талуудын хүчин чармайлтаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын холболтын ажлыг амжилттай тохиролцож, бүтээн байгуулалтыг эхлүүлсэн.  Цаашид Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын холболтын яриа хэлэлцээг идэвхжүүлэх, Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох асуудалд онцгой анхаарал хандуулахыг хүслээ.

Уулзалтын төгсгөлд талууд цаашид Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2025 он.