УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Монгол Улсын ард иргэд ээ,
Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Өндөр үүрэг хариуцлага, итгэл хүлээлгэж Монгол Улсын Ерөнхий сайдаар тохоон томилсон Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Засгийн газрын тэргүүний өндөр хариуцлагатай албан тушаалд нэрийг минь дэвшүүлсэн Монгол Ардын Нам, журмын нөхдөдөө, Намын шийдвэрийг дэмжиж, намайг Ерөнхий сайдаар томилуулах саналаа Улсын Их Хуралд өргөн барьсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Танд энэ талархлыг хамтатган дэвшүүлье.
Шударга ёс, баялгийн тэгш хуваарилалт, мега төслүүд, бүсчилсэн хөгжил, Шинэ сэргэлт зэрэг томоохон бодлого, зорилт дэвшүүлж, зохих үр дүнд хүргэсэн Монгол Улсын 32, 33 дахь Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ болон түүний тэргүүлсэн Засгийн газрын танхимын гишүүдэд хүндэтгэл илэрхийлж буйг минь хүлээн авна уу.
Шинээр байгуулагдах Засгийн газар Монгол Ардын Нам, Ардчилсан нам, ХҮН намын 2024 оны Улсын Их Хурлын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн зорилтуудыг тусгасан, хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, амжилт ололтыг улам бататгаж ажиллах болно.

Эрхэм гишүүд ээ,
Дэлхий дахинд геополитик, гео-стратегийн хурцадмал нөхцөл байдал үргэлжилж, худалдаа, тарифын дайн нүүрлэсэн нэн эгзэгтэй цаг үеийг улс орнууд, түүний дотор Монгол Улс туулж байна.
Түүхий эдийн үнийн уналтаас шалтгаалж уул уурхайн цөөн тооны бараа бүтээгдэхүүнээс хэт их хамааралтай манай эдийн засаг хүндхэн сорилттой нүүр туллаа.
Тухайлбал, манай улсын эдийн засаг сүүлийн дөрвөн жилд дунджаар таван хувиар өсөж байсан бол 2025 оны эхний улиралд эдийн засгийн өсөлт хоёр дахин буурлаа.
Нүүрсний экспорт зогсонги байдалд орж, төсвийн орлого тасалдаж, гадаад валютын нөөц, монгол төгрөгийн ханшид сөрөг дарамт учирч, инфляц нэмэгдэж байна.
Урьдчилсан тооцооллоор жилийн эцэст төлбөрийн тэнцлийн алдагдал нэг тэрбум ам.долларт хүрч магадгүй боллоо.
Мөн эрчим хүчний системийн найдвартай, тасралтгүй үйл ажиллагаанд гэнэтийн эрсдэл үүслээ.
Тиймээс эдийн засгаа тогтворжуулж, иргэдийнхээ орлого, амьжиргааг тамиржуулах, эрчим хүчний гэнэтийн доголдол зэрэг тулгамдсан асуудлуудыг нэн яаралтай шийдвэрлэх шаардлага үүслээ.
Эрсдэл, сорилтыг даван туулах, ҮНДЭСНИЙ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ бүх түвшинд төлөвшүүлэх нь шинэ Засгийн газрын нэн тэргүүний зорилт байх болно. Монголчууд бид гадаад, дотоод таагүй нөхцөлөөс хохирч биш, хожиж гарах ёстой.
Үүний тулд Засгийн газар Үндэсний аюулгүй байдал, монгол хүний эрх ашигт заналхийлж, итгэлийг нь үгүй хийж, мөрөөдлийг нь сүүдэртүүлж байгаа асуудлуудыг эрэмбэ, шат дараатай шийдвэрлэхийг эрхэм зорилгоо болгоно.
Улсын эдийн засаг хүнд байгааг шулуухан хэлье. Зардлаа багасгаж, орлогоо хэмнэхээс өөр сонголт бидэнд алга.
Гэхдээ эрсдэлийг даван туулах арга хэмжээг хэрэгжүүлэхдээ ард түмэн, аж ахуйн нэгжийнхээ нуруунд үүрүүлж, халаас хэтэвчийг нь тэмтрэх байдлаар биш, төрийн үрэлгэн зардлаа багасгаж, ТӨР ӨӨРӨӨ БҮСЭЭ ЧАНГАЛАХ зарчмыг барих ёстой гэж үзэж байна.
Тиймээс Монгол Улсын 2025 оны төсөвт нэн яаралтай ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ хийж, төсвийн сахилга бат, ил тод, нээлттэй, нэгдмэл байдлыг чанд сахиж, хариуцлагын тогтолцоог эрс чангатгана.
Төсвийн зардал, ачааллыг нэмэгдүүлж байгаа төрийн нүсэр бүтцийг эмхлэн цэгцэлж, “ТООНООС ЧАНАРТ” шилжиж, цомхон, чадварлаг, бүтээмжтэй төрийн албыг бий болгох чиглэлд бодит алхмууд хийнэ.
Төрийн өмчит аж ахуйн нэгж, чиг үүрэг давхардсан үндэсний хороод болон үр ашиг муутай төрийн сангуудыг цэгцэлнэ.
Төрийн өмчит компаниудын тоог цөөлж, хувьчлалыг эрчимжүүлэн, засаглалыг сайжруулж, олон нийтийн хяналттай, цомхон, чадварлаг, үр өгөөжтэй байхуйц бүтцийн өөрчлөлтийг хийж, мэргэшсэн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх нь зайлшгүй шаардлага мөн.
Манай Засгийн газар хөдөлмөрлөж байгаа хүн бүрийг, ажил олгогч – баялаг бүтээгч нараа бүх талаар дэмжиж ажиллах болно.
Тиймээс татвар, нийгмийн даатгалын сангийн цогц реформ хийж, иргэн, аж ахуйн нэгжийн татварын дарамтыг бууруулж, шаталсан, шударга татварын тогтолцоог бэхжүүлж, татварын бааз суурийг өргөтгөх арга хэмжээ авна.
Түүнчлэн хувийн хэвшлийн хийх боломжтой ажлыг төр хийхгүй байх зарчим баримтална. Төрийн зарим үйлчилгээний чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлж, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх чиг баримтална.
Мөн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, инновац, бүтээмжийг дэмжсэн эрх зүйн шинэчлэл хийж, бизнесийн орчны хүндрэл, чирэгдлийг арилгаж, хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.
Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно.
Шинэ Засгийн газар монгол хүний хөгжлийг бодлогынхоо цөмд нь, иргэдийнхээ эрхийг шийдлийнхээ голд нь тавьж асуудалд ханддаг, АРД ТҮМНИЙ төлөө ЗАСГИЙН ГАЗАР байхыг эрхэм зорилгоо болгож ажиллана.
Чадварлаг, бүтээмжтэй, эрүүл саруул, дэлхийд өрсөлдөх чадамжтай монгол хүний хөгжилд чиглэж, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын цогц реформыг эрчимжүүлнэ.
Бүтээмж, гүйцэтгэл, үр дүнд суурилсан цалин хөлсний бодлогыг салбар бүрд нэвтрүүлнэ.
Халамжийн тогтолцоонд шинэчлэл хийж, ХАМГИЙН САЙН ХАЛАМЖ БОЛ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ байх зарчмыг удирдлага болгоно.
Тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулж, удирдлага менежментийг шударга, ил тод, мэргэжлийн хөрөнгийн удирдлагын тогтолцоонд шилжүүлнэ.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлж, “БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛ” зорилтыг тууштай хэрэгжүүлнэ. Монгол хүн баялагтаа эзэн байх ёстой. Эзэн байхын учир нь өмчийнхөө зарцуулалтад хяналт тавих, үр өгөөжийг нь тэгш хүртэх учиртай байхад чиглэгдэнэ.
Энэ зарчмын үүднээс стратегийн ач холбогдол бүхий орд эзэмшигч аж ахуйн нэгжүүдтэй хийж буй хэлэлцээрүүдийг үргэлжлүүлэн, бодит үр дүнд хүргэнэ.

Эрхэм гишүүд ээ,
Монголчууд бид Ардчилсан Үндсэн хуулиа батлаад 30 гаруй жилийг туулжээ.
Миний бие өнгөрсөн хугацаанд ард түмэн, төр засгийн дэмжлэгээр парламент, гүйцэтгэх засаглал, гадаад харилцаа, төрийн бодлогын түвшинд ажиллахдаа олон сорилт, бэрхшээлийг туулж, ардчиллын засаглалыг бэхжүүлэх, төлөөллийн ардчиллыг зөвлөлдөх ардчилалтай хослуулан, төрийн тогтвортой байдлыг хангахын төлөө тууштай зүтгэж ирсэн.
Миний бие УИХ-ын даргаар ажиллаж байхдаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлуулж, газрын хэвлийн баялагтаа ард түмэн эзэн байх суурь зарчмыг Үндэсний баялгийн сангийн хуулиар батлуулж чадсан.
Мөн хүний эрхийг хамгаалагчийн тухай хууль, төрийн хүнд суртлыг бууруулах зөвшөөрлийн хууль, авлигагүй нээлттэй засаглалыг бэхжүүлэх цахим хөгжлийн багц хууль, хүний хөгжлийг дэмжих боловсролын багц хууль зэрэг олон чухал суурь хуулиудыг батлуулсан.
Хууль батлагдах бол нэг хэрэг. Тиймээс шинэ Засгийн газар хууль хэрэгжүүлэх, хуулийн үйлчлэлийг тэгш байлгах, шударга ёс, тэгш эрхийг хангахад бүхий л анхаарлаа хандуулна.
Мөн төрд ёс зүйг сахиулах нь Засгийн газрын эн тэргүүний зорилт байх болно.
Хууль дээдлэх, ёс зүй, хариуцлагыг эрхэмлэх зарчим дээрээсээ эхэлж, ард иргэд, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн хамтарсан хяналт, оролцоо, ил тод байдал дээр тулгуурлах учиртай.
Ард түмэнтэйгээ хамгийн ойр, тэдний үгийг сонсдог, шаардлагыг анхаардаг, үйл ажиллагаа, шийдвэр нь ил тод байдаг төр, засаг л иргэдийнхээ төрд итгэх итгэлийг нэмэгдүүлнэ.
Тиймээс авлигаас ангид, ард түмнээсээ зугтаадаггүй, эрх мэдлийн ард нуугддаггүй, ҮНЭНЭЭ ХЭЛДЭГ ЗАСАГ байх болно.
Манай Засгийн газар ХАРИУЦЛАГА НЬ ЭЗЭНТЭЙ ЗАСГИЙН ГАЗАР байх учиртай.
Алга ташуулахад эзэн олон, алдаа дутагдалд хариуцагч байхгүй байх нь наад зах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй.
Тиймээс алдаа, бурууд цаг тухайд нь хариуцлага тооцдог байх зарчмыг мөрдлөг болгоно. Алдсанаа хүлээдэг, буруудсанаа засдаг, буруутанд хариуцлага оноодог байх нь ардчилсан засаглалын зарчим мөн чанарт нийцнэ.
Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна.
Түүнчлэн богино зайны дуулиан шуугианд хөтлөгдөхгүйгээр улирлын чанартай бэрхшээлүүдийг оновчтой шийдвэрлэж, урт хугацааны ултай суурьтай шийдэлд төвлөрнө.
Шинэ Засгийн газар төрийн бодлогын залгамж чанарыг хэлбэрэлтгүй сахина. Өмнөх засгийнхаа сайн бодлогыг тууштай үргэлжлүүлж, улс орны язгуур ашиг сонирхолд нийцсэн мега төслүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлж, цаг алдалгүй хэрэгжүүлэхийг зорино.
Түүнчлэн нийслэл Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдол зэрэг бугшмал асуудлуудыг шийдвэрлэх нийслэлийн бодлого, үйл ажиллагааг бүхий л талаар дэмжин ажиллах болно.
Дэлхийн хамтын нийгэмлэг, бүс нутгийн түвшинд гадаад харилцаанд ололтоо ахиулж, амжилтаа бататгана.
Гадаадын хөрөнгө оруулалтыг тууштай дэмжиж, Монгол Улсын язгуур ашиг сонирхлыг цорын ганц хэмжүүр, шалгуур болгоно. Монгол Улс бол сайн хөрш, найдвартай түнш, итгэл даах хамтрагч гэдэг дүр төрхийг баталгаажуулахыг эрмэлзэнэ.
Товчилж хэлбэл, ОЛОН УЛСАД МОНГОЛ УЛСЫНХАА ӨСӨН НЭМЭГДЭЖ БУЙ НЭР ХҮНДИЙГ БАТАТГАН БЭХЖҮҮЛЭГЧ ЗАСГИЙН ГАЗАР байхыг эрмэлзэнэ.
Түүнчлэн “Digital first” гэсэн уриа дор “ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ ЭРХЭМЛЭГЧ” ЗАСГИЙН ГАЗАР байна. Их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт бидний зорилт байх болно.
Төрийн ажил, үйлчилгээг цахимд шилжүүлэх эрмэлзэл бүрийг, хөдөлмөр хөнгөвчлөх, бүтээмж нэмэгдүүлэх, инновац, шинэ технологи нэвтрүүлэх шийдэл болгоныг манай Засгийн газар ямагт урамшуулан дэмжих болно.
Дэлхий дахинд үүсээд байгаа хурцадмал нөхцөл байдал, Монголыг чиглэсэн гаднын ашиг сонирхол цөөхөн монголчууд биднийг эвтэй байхыг шаардаж байна.
Энэ шаардлага хэзээ хэзээнээс илүү үнэ цэнтэй болсныг монгол хүн бүр мэдэрч, санаж явах ёстой учиртай. Үзэл бодол ондоо, байр суурь тусдаа, намын харьяалал өөр байж болно. Гэхдээ бид Улс Монголоо гэсэн сэтгэл нэг л байх ёстой.
Тиймээс бид ЭВИЙГ ЭРХЭМЛЭДЭГ ЗАСГИЙН ГАЗАР байна.
“Ойрын нөхөд хэрэлдэхэд холын дайсан баярладаг” гэсэн үг бий. Үүн дээр нэмээд “Гадаа хүйтэрч байхад гэр дотор дулаан байх ёстой” гэж нэмж хэлье.
Эвийг хичээж, эеийг эрхэмлэж, зөвшилцөл ойлголцлыг эн тэргүүнд эрэмбэлж, Монголынхоо төлөө, ард түмнийхээ төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр хамтран зүтгэхийг Монгол Улсын Их Хурлын гишүүдээсээ эрхэмлэн хүсье.
Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувьд би Хүнийг төвд нь тавьсан хөгжил, Шударга ёсыг эрхэмлэсэн төр, “Нэг бодлого-Нэг зүтгэл” уриаг үйл хэрэгтээ хэрэгжүүлж, эв нэгдэл, итгэл дээр суурилан ажиллах болно гэдгээ илэрхийлье.
Нэг монгол, нэг гэр бүл, нэг ард түмэн гэдгээ гүнээ ухамсарлаж, хүсэл зорилго, үнэт зүйлээрээ нэгдэн нийлж, Сэргэн мандсан Хүчирхэг Монголын төлөө хамтран зүтгэцгээе.
Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих, Шинэ Хархорум хотын ногоон байгууламж, ойн зурвас байгуулах ажлын хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга У.Бямбасүрэн, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Балжинням, Бүс, орон нутгийн удирдлага зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй 20 гаруй албан хаагч 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Хархорин хотын цэцэрлэгт хүрээлэнд 200 мод тарилаа.
“Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хүрээнд Хархорум хотод 1.2 сая мод тарих юм. Тухайлбал, “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа “Эрдэнэс таван толгой” ХК 300.000 мод, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 150.000 мод, “Эрдэнэс критикал минерал” ХК 15.000 мод, “Шивээ овоо” ХХК 30.000 мод тарихаар тус тус төлөвлөн ажиллаж байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дээрх төлөөлөл ногоон байгууламж байгуулах ажлын явцтай танилцаж, төрийн байгууллага, албан хаагчдын дунд Шинэ Хархорум хотын ногоон байгууламж, ойн зурвас байгуулах ажилд манлайлал үзүүлж, хот байгуулах ажлын анхдагчийн нэг болсон нь онцлог байлаа.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 28-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн барихаар тогтлоо.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Үндэсний баялгийн сан, хөгжлийн 14 мега төсөл, эрчим хүчний салбарын реформ, бүсчилсэн хөгжил зэрэг томоохон зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлж, бодит үр дүнг бататгах, цаашид дэвшүүлсэн бодлого, зорилтоо хамтын хариуцлагын зарчимд тулгуурлан тогтвортой хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн хэмжээг тогтоолоо
Ахмад настны тухай хуульд магадлан итгэмжлэгдсэн сувилалд ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн 50 хувийн хэмжээг 416 мянган төгрөгөөр, хүндэт донор ахмад настанд жишиг үнийн 100 хувийн хэмжээг 832 мянган төгрөгөөр тус тус тогтоолоо.
Мөн алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуульд заасан магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлтийн дээд хэмжээг 832.000 мянган төгрөгөөр тогтоов.
Ахмад настнууд өөрийн сонгосон амралт, сувиллын байгууллагад хөнгөлөлтөөр амарч, сувилуулах боломж бүрдэв
Ахмад настанд дэмжлэг, хөнгөлөлт олгох журамд өөрчлөлт орууллаа. Ахмад настныг зөвхөн тухайн аймаг, дүүргийнхээ сонгон шалгарсан амралт, сувилалд хөнгөлөлттэй үнээр амарч, сувилуулах шаардлага тавьж, ахмадууд өөрийн хүссэн газраа сонгох боломжийг хязгаарлаж байсан. Иймд стандартын шаардлага хангасан амралт, сувиллын байгууллагын жагсаалтыг гарган, гэрээ байгуулах ажлыг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхээр журамд өөрчлөлт оруулав.
Ингэснээр ахмад настан өөрийн сонгосон амралт, сувиллын байгууллагад эрхийн бичгийн хөнгөлөлтөөр амарч, сувилуулах боломж бүрдэх юм.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд заасны дагуу Засгийн газрын 2021 оны 340 дүгээр тогтоолоор баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Энэ журмын хүрээнд ажлын байр шинээр бий болгох, хадгалах, өргөтгөх зорилгоор иргэд, аж ахуйн нэгж байгууллагад 36 хүртэлх сарын хугацаатай 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг арилжааны банкаар дамжуулж, мөн санхүүгийн дэмжлэгийг 5.0-10.0 хүртэл сая төгрөгийн хүүгүй, барьцаагүй, эргэн төлөгдөх, хөнгөлөлттэй нөхцөлөөр тус тус олгодог.
2020-2024 онд жижиг зээлд нийт 5,551 иргэн, ААНБ хамрагдах хүсэлт гаргаснаас 2,662 буюу 47.9 хувь нь хамрагджээ. Мөн хугацаанд санхүүгийн дэмжлэгийн арга хэмжээнд 38,331 иргэн, ААНБ хамрагдах хүсэлт гаргаснаас 64.7 хувьтай тэнцэх 24,816 нь хамрагдсан.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас /ХЭДС/ жижиг зээл олгох үйл ажиллагааны зохион байгуулалттай холбоотой зарим асуудлууд энэхүү эрэлт хэрэгцээг бүрэн хангахад нөлөөлж байна.

ХЭДС-аас жижиг зээлийг дамжуулан олгох банкийг сонгон шалгаруулах, банктай байгуулах гэрээ, батлан даалтын гэрээ байгуулах зэрэг ажлыг төрийн захиргааны төв байгууллага хариуцан зохион байгуулахаар журамд заасан нь бодлого боловсруулах, зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий яам зохион байгуулалтын үйл ажиллагааг хариуцах, төвлөрөл, шат дамжлагыг нэмэгдүүлж байжээ. Журамд өөрчлөлт оруулснаар зээл дамжуулан олгох банкийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах ажлыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт шилжүүлсэн байна.
Мөн инфляцын түвшинтэй уялдуулан жижиг зээлийн хэмжээг хувиараа хөдөлмөр эрхлэгчид 20.0 сая хүртэл төгрөг, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэнд 40.0 сая хүртэл төгрөг олгохоор нэмэгдүүлснээр ажлын байр бий болгох, хадгалах өргөжүүлэх, эдгээр иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтой боллоо.

Монгол Улсын Засгийн газраас нэр дэвшүүлэн Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдон ажиллаж буй 1 гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа тул Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д заасны дагуу Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахаар эдийн засаг, бизнес, техник технологи, удирдлага менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлж, сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Нэг. Сонгон шалгаруулалтад:
1.Үндэсний зөвлөлийн гишүүнээр ял шийтгэлгүй, иргэний нийгмийн төлөөллөөс санал болгосон Монгол Улсын иргэнийг Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийсний үндсэн дээр хэлэлцэж, томилно.
2. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т заасан шаардлагын дагуу дараах этгээдийг нэр дэвшүүлэхгүй. Үүнд:
- төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагч;
- улс төрийн намын удирдах албан тушаалтан;
- бусад радио, телевизэд ажиллаж байгаа, түүнчлэн ажилладаггүй боловч хөтөлбөрийн бодлогыг тодорхойлоход нь оролцдог этгээд;
- бусад радио, телевизэд хөрөнгө оруулалт хийсэн этгээд, эсхүл олон нийтийн радио, телевизийн санхүүгийн хараат бус байдалд нөлөөлж болох этгээд.
Хоёр. Нэр дэвшигчдээс бүрдүүлэх бичиг баримт:
- Төрийн байгуулалтын байнгын хорооны 2022 оны 15 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан маягт;
- Төрийн албан хаагчийн анкет
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- Нийгмийн даатгал төлсөн баримт бичиг;
- Боловсролын зэргийн дипломын баталгаажуулсан хуулбар;
- Нэр дэвшүүлж байгаа төрийн бус байгууллагын албан бичиг, тодорхойлолт;
- Төрийн бус байгууллагын нэр дэвшүүлсэн тухай хурлын тэмдэглэл;
- Төрийн бус байгууллагын улсын бүртгэлийн лавлагаа;
- Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг.
Дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд санал болгож буй нэр дэвшигчийн материалыг 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 5 дугаар сарын 16-ны өдрийн 17:30 цаг дуустал Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлнэ үү.
Хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-183
Цахим хаяг: info@cabinet.gov.mn
Лавлах утас: 51- 264868
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР


























