Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 28-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Төрийн өмчит зарим компанийн удирдлагуудад хариуцлага тооцохыг чиглэл болголоо
Төрийн өмчит зарим компанид хийсэн хяналт-шинжилгээний дүнгийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. “Эрчист Монгол” ХХК-ийн харьяа төрийн өмчит компаниудыг удирдлага, менежментээр хангах хүрээнд хяналт-шинжилгээ хийжээ.
Хяналт-шинжилгээний мөрөөр холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох, алдаа, зөрчлийг арилгуулах, цаашид харьяа компаниудад хийх хяналт-шинжилгээ, шалгалтыг эрчимжүүлж, үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
“Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн нийт бараа материалын үлдэгдэл 2025 оны зургаадугаар сарын 30-ны байдлаар 37.4 тэрбум төгрөг байна. 2024 онд 1.8 тэрбум төгрөгийн бараа материал хадгалалтын горим алдагдсанаас ашиглалтгүй болсон байна.
Тус станц зуух 2, зуух 4-ийн их засварыг 2024 онд хийхдээ 1.1 тэрбум төгрөгөөр төсөвт өртгийг хэтрүүлжээ. 2024 онд 61.6 сая төгрөгийн бараа материал акталснаас 90% (55.3 сая.төг), 2025 онд акталсан 367.5 сая төгрөгийн бараа материалын 87.2% (320.3 сая.төг) техникийн үзүүлэлт таараагүй, шаардлага хангахгүй болжээ.
“Эрчист Монгол” ХХК-ийн харьяа “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК 2024, 2025 онд шууд гэрээгээр нийт 5.33 тэрбум төгрөгийн шатахуун худалдан авсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан нээлттэй тендерийн шаардлагыг зөрчжээ.
МИАТ ТӨХК-ийн нийт үйл ажиллагааны зардал өмнөх оны мөн үеэс өссөн, харин төлөвлөгөөнөөс доогуур гүйцэтгэлтэй байна. Ажилчдын цалингийн багц зардал есөн тэрбум төгрөгөөр өссөн нь батлагдсан төсвөөс үндсэн болон түр орон тоо хэтэрсэнтэй холбоотой байна.

Эмч, ажилчдын илүү цагийн хөлс, урвалж оношлуурын зардалд Засгийн газрын нөөц сангаас нэг тэрбум 400 сая төгрөг гаргана
Томуу, томуу төст өвчин, амьсгалын замын халдварт өвчний тархалтыг хязгаарлаж, эрсдэл хүндрэлээс сэргийлэх, урьдчилан сэргийлэх ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, эрүүл мэндийн байгууллагуудын эмч, ажилчдын уртасгасан цагаар ажиллах илүү цагийн хөлс, урвалж оношлуурын зардалд нэг тэрбум 400 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөс гаргахаар тогтлоо.
Томуу, томуу төст өвчнөөс урдчилан сэргийлэх, өвчний тархалт нэмэгдэхээс сэргийлэх арга хэмжээ авч, эрүүл мэндийн байгууллагуудыг уртасгасан цагаар ажиллуулах арга хэмжээг зохион байгуулж, шаардлагатай урвалж оношлуураар хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд даалгалаа.
Монгол Улсын хэмжээнд тархвар судлалын 47 дугаар долоо хоногт томуу, томуу төст өвчний тархалт “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд хүрч 10,000 хүн амд 96.7 байна.
Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 82.6 хувийг 15 хүртэлх насны хүүхэд, амьсгалын замын цочмог хүнд халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 63.2 хувийг 0-5 насны хүүхэд эзэлж байна. Сүүлийн долоо хоногт А(H3N2) вирус дэгдэлт 32.5 хувиар нэмэгджээ.
ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторид томуугийн А(H3N2) вирусийн бүрэн геномийн дараалал тогтоох шинжилгээ хийхэд Англи болон Япон улсад тодорхойлогдож байгаа A(H3N2) subclade K дэд хэв шинжтэй ижил байна. Цаашид нэмэгдэх хандлагатай, хүүхдүүд болон ахмад настнууд илүү өртөж, эмнэлгийн ачаалал нэмэгдэх төлөвтэй байна.
Нийслэлийн хэмжээнд 18 эмнэлэг, эмнэлгийн байгууллагын 2052 орыг хүүхдийн томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээнд зориулж байна.

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд Улсын Их хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Монгол Улсын хувьд ЕАЭЗХ-ны гишүүн орнуудад нийт 367 бараанд гаалийн тарифын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлснээр аж ахуйн нэгжүүдийн орлого нэмэгдэж, хөдөө аж ахуйн салбарын шинэ зах зээлд нэвтрэх боломж бүрдэж, дотоодын бизнес эрхлэгчдийн гадаад худалдааны туршлага, чадварыг сайжруулж, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд түлхэц болно. Мөн Монгол Улсын уул уурхайн бус бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэн, аливаа нэг улсаас хамаарах худалдааны хамаарал багасаж, эдийн засаг төрөлжинө. Энэ нь эдийн засгийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.
Хэлэлцээрт хөрөнгө оруулалт, үйлчилгээний худалдаа, банк санхүү, төлбөр тооцоо зэрэг асуудал тусгагдаагүй, зөвхөн барааны худалдааны хүрээнд байгуулахаар тохиролцжээ. Хэлэлцээрийг гурван жилийн хугацаатай байгуулах бөгөөд талууд харилцан тохиролцон тус хугацааг сунгах боломжтой юм байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр УИХ-ын “Асуулгын цаг”-т оролцлоо. Сар бүрийн сүүлийн долоо хоногийн баасан гарагт зохион байгуулдаг “Асуулгын цаг”-аар энэ удаа “Амьжиргааны өртөг” сэдвийн хүрээнд мэдээлэл сонсож, мэтгэлцээн өрнүүлэв. Хуралдааны дэгийн дагуу АН-ын бүлгийн дэд дарга Б.Жаргалан Ерөнхий сайдаас эдийн засаг дахь төрийн өмчийн оролцоо, төрийн өмчит компаниудын хувьчлал, амьжиргааны өртөг, хэрэглээний үнэ тэр тусмаа хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэг сэдвийн хүрээнд үндсэн асуултуудыг тавьж, хариулт авсан юм.

Тухайлбал, “Иргэдийн орлогын өсөлт үнийн өсөлтийг гүйцэхээ байлаа. Засгийн газраас богино хугацаанд айл өрхийн өдөр тутмын зардал, амьжиргааны өртгийг бууруулах талаар ямар тодорхой шийдэл хэрэгжүүлж байгааг нэрлэнэ үү?” гэсэн асуултад Ерөнхий сайд Г.Занданшатар хариулахдаа “Засгийн газар хүнд нөхцөлд ажилласан. Гадаад зах зээл дээр манай экспортын гол бүтээгдэхүүнүүдийн үнэ бараг хоёр дахин унасан, төсвийн орлого тасарч, шатахууны хомсдол үүссэн гээд биднээс шалтгаалахгүй олон сорилтыг Засгийн газар давж, амжилттай ажиллаж байгаа. Засгийн газар гадаад зах зээлийн нөхцөл болон төсөвт учирч байгаа хүндрэлийг даван туулахын тулд, ард түмний нуруун дээр ачааллыг үүрүүлэхгүй гэж үзэж төсөвт тодотгол хийсэн. Түүхэнд анх удаа улсын төсвийн зардлыг 2.2 их наяд төгрөгөөр танаж, үрэлгэн зардлыг багасгаснаараа хөөсөрсөн төсвийг зөв голдиролд нь оруулсан. Ингэснээрээ 4000 төгрөгт хүрэх тооцоололтой байсан долларын ханш өнөөдөр 50-60 төгрөгөөр буураад байна. Төсвийн алдагдлын 2.2 их наядаар танаагүй бол инфляц 14-15 хувьд хүрэх байсан. Бид ард иргэдийн халааснаас хулгайлдаг инфляц, үнийн өсөлтийг хязгаарлахын тулд төрийн данхайсан бүтцийг танаж, төсвийн хэмнэлт хийсэн. Авлига хулгайтай тэмцэх ажлын үр дүнд 300 гаруй хэрэг шүүхэд шилжиж байна. Энэ бүхний үр дүнд төсвийн дотоод үр ашиг нэмэгдсэн. Найм, есдүгээр сард төлбөрийн дотоод тэнцэл анх удаа дараалан 70 сая доллар, 240 сая долларын ашигтай гарч, гадаад валютын ханш тогтворжиж, валютын нөөц анх удаа 6 тэрбум долларт хүрлээ. Энэ бүхэн бол иргэддээ чиглэсэн бодлогын үр дүн” гэлээ.

“Импортлогч бус үйлдвэрлэгч улс болно гэж ярьдаг. Атрын аян, “Цагаан алт”, “Шинэ хоршоо” гэх мэт олон хөтөлбөр хэрэгжсэн. Бодитоор яаж үндэсний үйлдвэрлэлээ дэмжих вэ?” гэсэн асуултад “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд ноолуурын салбар сэргэсэн. 247 сая долларын самнасан ноолуур гаргаж байна. Тэр хэмжээгээр эмэгтэй ажиллах хүчний тоо нэмэгдэж байгаа. Нэг шат ахивал утас үйлдвэрлэдэг болно. Улмаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болох юм бол ухдаг шар алт биш ургуулдаг цагаан алт ноос ноолуураа дэлхийн валют болгож гаргах бололцоотой. Дотоодын самнах хүчин чадал 100 хувьд хүрч байна.
Хүнсний хувьсгалын үр дүнд 56 шинэ үйлдвэр байгуулагдсан. Энэ үйлдвэрийн тоог 100-д хүргэж, эхний ээлжид хүнсний бүтээгдэхүүнээ дотооддоо бүрэн хангадаг болчихвол иргэдийн амьжиргаанд тустай хэмээн хариуллаа.

“Асуулгын цаг”-т парламент дахь сөрөг хүчин болон олонхийн бүлгийн гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авсан. Ерөнхий сайд Г.Занданшатар “Асуулгын цаг” буюу парламентын мэтгэлцээнээр шийдэл ярьдаг, түүнийгээ бодлого, шийдвэрт тусгадаг байх ёстой гэдэг зарчмын байр суурь илэрхийлж, УИХ-ын гишүүдийн асуултад тодорхой хариулт өгсөн. Үүнд,
- Эрчим хүчний салбарын либералчлалыг үе шаттай хэрэгжүүлэх шаардлагатай. Ингэхдээ шат шатанд байгаа авлигыг арилгахгүй бол үр дүнд хүрэхгүй. Шатыг дээрээс нь эхэлж цэвэрлэх ёстой.
- Орон сууцны ипотекийн бодлогыг хэрэгжүүлэхдээ зах зээлийн эрэлтээс гадна нийлүүлэлтийг сайжруулж, ган болон цементийн үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлнэ. Орон сууцжуулалтын банк байгуулж, эрэлт, нийлүүлэлт хоёрыг дэмжсэн, орлогод нийцсэн орон сууцыг барьж байгуулах хэрэгтэй байгаа. АНУ, Сингапур зэрэг дэлхийн олон оронд Орон сууцжуулалтын банк тусдаа механизм болж хэрэгжиж байгаа.
- Сүүлийн 30 орчим жилд өрхийн зарлага бодит орлогоосоо өндөр байсан. Цар тахлын үед хэрэглээ хумигдсантай холбоотойгоор зардал буурч, орлого үл ялиг давсан тооцоолол гарсан. Орлого давж байж хүн хуримтлалтай болно. Хуримтлалтай байж амьдралын нөхцөлөө сайжруулах бололцоо бүрдэнэ.
- Амьжиргааны үнийн өртийг түүврээр сонгож авсан 10 мянган өрхийн хэрэглээний багцыг судалж, тэндээс 430 гол нэр, төрлийн бараа, үйлчилгээний үнэд ОУВС-гийн аргачлалаар инфляцыг тооцдог. 2019 оноос хойш хүнсний бүтээгдэхүүний үнэ хоёр дахин нэмэгдсэн. Манай улсын хувьд мах, гурилын үнэ үүнд голлох нөлөөтэй.
- Төрийн өмчит компаниудыг нээлттэй хувьцаат компани болгох ажил үргэлжилж байгаа. Үүнд хугацаа шаардагдаж байна. Тухайлбал, тухайн компани гурван жил алдагдалгүй ажилласан байх, олон улсын байгууллагаар аудитлагдсан байх ёстой, аудит хийхэд зургаан сарын хугацаа орно гэх мэтээр цаг хугацаа шаардсан ажлууд байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар гишүүдийн асуултад ийнхүү хариулж, эдийн засгаа сэргээх, иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулан, Засгийн газраас ирэх долоо хоногт Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг УИХ-д өргөн барих гэж байгааг хэллээ.
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.
Тавигдах болзол, шаардлага:
- төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
- зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
- зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
- Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
- Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
- Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
- Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.
Материал хүлээн авах:
- Хугацаа: 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 17.30 цаг хүртэл
- Хүлээн авах хаяг: Narangua.G@cabinet.gov.mn цахим шуудангаар
- Холбоо барих утас: 51-260330
Шилжүүлэх, сэлгэн авах ажлын байрны жагсаалтыг ЭНД дарж харна уу. /Гүйцэтгэх/








































