Монгол Улсын Ерөнхий сайд Г. Занданшатар Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Мануэла В.Феррог /2025-09-02/ хүлээн авч уулзлаа.
Дэлхийн банк 1991 оноос хойш 34 жилийн хугацаанд Монгол Улсын нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан хамтран ажиллаж, олон төсөл хөтөлбөр санхүүжүүлж ирсэнд Ерөнхий сайд талархал илэрхийллээ.
Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх зорилтуудын талаар танилцууллаа. Засгийн газар хүний хөгжлийг бодлогын цөм болгон авч үзэхийн зэрэгцээ ногоон шилжилт, цахим шилжилт, төрийн бүтээмж, татварын шинэчлэл зэрэг асуудлыг тэргүүлэх зорилт болгон ажиллаж байгааг Ерөнхий сайд онцоллоо. Мөн уул уурхайн салбараас хамааралтай байдлыг багасгаж эдийн засгийг төрөлжүүлэхийн тулд хувийн хэвшлийг бодлогоор дэмжиж, экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхээр зорьж байна гэв.

Хатагтай Мануэла В.Ферро Ковид-19 цар тахлын дараа Монгол Улс эдийн засгаа түргэн хугацаанд сэргээсэн амжилтыг онцлоод, сүүлийн жилүүдэд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд ахиц гарч буйг тэмдэглэлээ. Мөн Эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд хөдөө аж ахуй, тэр дундаа ноос, ноолуурын салбараа хөгжүүлэх хэрэгтэй бөгөөд сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлалын салбар ч чухал гэдгийг онцоллоо.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, иргэдийн амьдралын чанарыг сайжруулахын тулд орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлсэн санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд Г. Занданшатар онцоллоо. Энэ чиглэлд Дэлхийн банк Монгол Улсыг дэмжиж ажиллах саналыг Ерөнхий сайд тавьсан бөгөөд Дэлхийн банкны зүгээс хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Алтанбулаг хилийн боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын нээлтэд оролцлоо.
Тус боомтоор жилд 600-900 мянган зорчигч, 200-400 мянган тээврийн хэрэгсэл зорчиж байсан одоо 1.5-2 сая зорчигч, 600-800 мянган тээврийн хэрэгсэл хүлээн авах боломжтой боллоо. Өдөрт нэвтрэх зорчигчдын тоо гурав дахин, ачаа тээврийн урсгал дөрөв дахин нэмэгдэж байна.

1933 онд байгуулагдсан тус боомтын шинэ бүтээн байгуулалтад 14.9 тэрбум төгрөгөөр 1.7 км тусгаарлах зурвастай авто зам, 7,000 м² талбай бүхий авто зогсоол, 30,000 м² доторх талбай, иж бүрэн инженерийн шугам сүлжээ барьжээ. Мөн 7.8 сая ам.долларын санхүүжилтээр олон улсын стандартын боомтын барилга, ногоон байгууламж, ухаалаг цахим гарц, хяналтын рентген болон лабораторийн иж бүрдлийг бүрэн ашиглалтад оруулж, зорчигч тээврийн 19, ачаа тээврийн 18, дэд бүтцийн таван барилга, 6000 м2 ногоон байгууламж байгуулжээ.
Энэхүү бүтээн байгуулалт нь улсын төсөвт дарамт учруулахгүйгээр олон улсын түншлэлийг ашиглан (Азийн хөгжлийн банкны нэн хөнгөлөлттэй зээл) хөрөнгө оруулалт татаж, эдийн засгийн өсөлтөд шууд хувь нэмрээ оруулж буй бодит жишээ болж байгааг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Монгол Улс Евразийн 183 сая хүн, 2.4 их наяд долларын зах зээлд нэвтрэх, экспортын төрлийг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд Алтанбулаг боомт тэргүүлэх үүрэг гүйцэтгэж, Монгол Улс бүс нутгийн тээвэр, логистикийн гол тоглогч болоход чухал хувь нэмэр үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Засгийн газрын тэргүүн илэрхийлэв.





Ерөнхий сайд Г.Занданшатар Сэлэнгэ аймгийн тариалан эрхлэгчидтэй уулзаж, ургацын байдал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. Өнгөрсөн зун хур бороо багатай, тус аймгийн ихэнх сум гандуу байгаа учраас тариалалтын хэмжээ багасахаар байгааг тариалан эрхлэгчид хэлээд, Засгийн газраас дэмжлэг хүслээ. Газар тариалангийн бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг, үр тариа, улаанбуудай удаан хугацаагаар хадгалах агуулах сав, шатахуун түлшний бүрдүүлэлтэд дэмжлэг үзүүлэх болон энэ салбарт ажиллах хүний нөөц дутмаг болсон зэрэг асуудлыг Ерөнхий сайдад хэллээ.

Тариалалтад шаардагдах шатах тослох материалын нөөц бүрдүүлж цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангахыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, Зам, тээврийн сайд нарт үүрэг болголоо. Мөн ургац хураалтад их сургууль болон МСҮТ-ийн оюутнууд, цэргийн алба хаагчид, сонсогчдыг оролцуулж, тэдний эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайтар анхаарч ажиллахыг үүрэг болгов. Энэ жил ХАА-н салбарт 800 тэрбум төгрөгийн эргэлтийн хөнгөлөлттэй зээл олгосон. Хөнгөлөлттэй зээлийг үргэлжлүүлэн олгох бодлого баримтална гэдгээ ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр хэллээ. Атрын дөрөвдүгээр аяны хүрээнд тариалалтын талбайн хэмжээг 200 мянган га-гаар нэмэгдүүлэх шаардлагатай. Одоогоор 70 мянган га-аар нэмэгдүүлжээ.

Энэ оны эхний хагас жилийн дүнгээр манай улсын эдийн засаг 5.6 хувиар өссөн. Энэ өсөлтөд хөдөө аж ахуйн салбар дангаараа 3.6 хувийн өсөлт үзүүлжээ. Энэ онд тус салбарт 58 мянган ажлын байр нэмэгдсэн байна. Оны сүүлч гэхэд ХХААХҮ-ийн салбар тэрбум долларын экспорт хийж, Эрдэнэт үйлдвэрийн борлуулалтын хэмжээнд хүрэх зорилттой ажиллаж буй ажээ.

Тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтээ аймгийн ИТХ-аар хэлэлцээд, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг орон нутгийн удирдлагуудад Ерөнхий сайд үүрэг болголоо. Энэ оны аравдугаар сарын 25 хүртэл тариалангийн талбайгаас 500 метрийн зайд мал бэлчээх, оторлох, намаржаа, өвөлжөөнд буулгахгүй байх зохицуулалт хийхийг сумдын Засаг дарга нарт чиглэл болгож, шуурхай зохион байгуулахыг даалгав.





Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа
Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг батлав.
Газрын сан нэгдмэл, төрийн хяналт, хамгаалалтад байх зарчмыг баримтлан газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргад үүрэг болголоо.
Засгийн газрын тогтоолд нийт 2195 нэгж талбарыг тусгаж, байршлуудыг таван хавсралтад ангилжээ. Үүнд:
- Хөдөө аж ахуйн газрын ангилалд хамаарах зориулалтаар – 210
- Хот тосгон, бусад суурин газрын ангилалд хамаарах зориулалтаар – 1879
- Зам, шугам сүлжээний газрын ангилалд хамаарах зориулалтаар – 83
- Ойн сан бүхий газрын ангилалд хамаарах зориулалтаар – 19
- Улсын тусгай хэрэгцээний газрын ангилалд хамаарах зориулалтаар – 4
“Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2025 оны жагсаалт гарснаас хойш нийслэл, дөрвөн дүүрэг, 20 аймгийн 62 сум газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө тодотгол оруулж, Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд улсын хэмжээнд нийт 3625 нэгж талбарыг төлөвлөж ирүүлснээс 2195 нэгж талбарыг 2025 онд эзэмшүүлж, ашиглуулахаар шийдвэрлэв.
“Газрын тос дамжуулах хоолойн төсөл”-ийн дэд бүтцийн ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг тогтоов
Газрын тосны үйлдвэрийг түүхий эдээр хангах “Газрын тос дамжуулах хоолойн төсөл”-ийн дэд бүтцийн ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг баталлаа.
Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглаж байгаа хуулийн этгээдээс орон нутгийн төсөвт төвлөрүүлэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөлтөд хяналт тавьж ажиллахыг Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг дарга нарт даалгав.
“Газрын тос дамжуулах хоолойн төсөл”-ийн дэд бүтцийн бүтээн байгуулалт хийх 528 км технологийн зам засвар, арчлалт болон газрын тос дамжуулах хоолой дагасан таван байршилд бүтээн байгуулалтүргэлжилж байна.
Гүйцэтгэгч нь олборлолт хийсэн талбайдаа байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх, сөрөг нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээлт хийсэн талбайг орон нутагт хүлээлгэн өгөх, түүх, соёлын олдвор, эд өлгийн зүйлс илэрсэн тохиолдолд үйл ажиллагааг зогсоон холбогдох байгууллагад мэдэгдэх үүрэгтэй юм.
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг холбогдох хууль, тогтоомжийн төслийн хамт Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүллээ. Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 32 их наяд 980 тэрбум төгрөг, төсвийн тэнцэл ДНБ-ий 1.3 хувийн алдагдалтай байхаар төлөвлөлөө.
Ирэх жилийн төсвийн бодлого макро түвшинд төсвийн тогтвортой байдлыг хангаж, төсвийн зардлын өсөлтийг хязгаарлах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг хүрсэн түвшнээс бууруулахгүй, улмаар ахиулан сайжруулахад чиглэгдэж байгааг Ерөнхий сайд хэллээ.
D-parliament цахим системээр татварын багц реформын төслийг өнөөдрөөс хэлэлцүүлж байна. Энэ багц хуулийн төсөл нь нийт иргэд, бизнес эрхлэгчдийн 3-4 их наяд төгрөгийн татварын дарамтыг бууруулахад чиглэж байгаа. Төрийн оролцоог хязгаарлаж, хувийн хэвшлийн орон зайг тэлж, дэмжиж байгаа төсөв гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Засгийн газар төсвөө боловсруулахдаа анх удаа иргэдээс санал авлаа. 188 мянган иргэний саналыг E-Mongolia цахим системээр авсны зэрэгцээ төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр зохион байгуулсан олон нийтийн хэлэлцүүлэгт танхимаар болон цахимаар 239 мянган хүн оролцож давхардсан тоогоор 8.8 мянган санал гаргасан нь төсвийн үйл явцад иргэдийн оролцоог анх удаа өргөн хүрээнд хангаж чадсан томоохон арга хэмжээ боллоо гэж үзэж байна.
Иргэд санал өгөхдөө нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, амьдрах орчны аюулгүй-найдвартай байдлыг хангах, төсвийн зардлыг бууруулах, татварын ачааллыг багасгаж орлогоо нэмэгдүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна.
Иргэдийн саналын дагуу төсөв туссан онцлог зарим арга хэмжээг дурдвал:
- Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан боловсролд хамрагдалтыг 100 хувьд хүргэх, анги бүлгийн хүүхдийн тоог стандартын түвшинд хүргэж бууруулах зорилт тавьж байна. Дунд хугацаанд буюу 2028 он хүртэл 95 цэцэрлэг, 108 сургуулийг шинээр барьж, шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнийг хангах ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд ирэх онд улсын төсөв болон гадаад зээл тусламжаар боловсролын салбарт нийт 1.0 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгжүүлнэ. Түүнчлэн ирэх онд багшийн ажлын ачаалалд нийцсэн цалингийн бүтцийг бий болгоход зориулж боловсролын салбарын хувьсах зардлыг 100.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ.
- Эрүүл мэндийн салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалт болон гадаадын зээл тусламжаар нийт 1.3 их наяд төгрөгийн санхүүжилт хийгдэнэ. Энэ хүрээнд хавдрын эмнэлэг, эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах эмнэлэг, зүрх судасны эмнэлгийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ, 17 аймгийн эмнэлгийн барилгыг шинэчлэх, эрчимт эмчилгээ болон яаралтай тусламжийг сайжруулж, нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангана.
- Нийгмийн даатгалын болон халамжийн тэтгэврийг зургаан хувиар нэмэгдүүлэхэд 378.0 тэрбум төгрөг нэмж хуваарилна.
- Иргэдийн татварын ачааллыг бууруулах зорилгоор тэдний 1.0 сая төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэн 50 хувьд хүргэнэ.
- Эрчим хүчний салбарт ирэх онд 3.9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээс 373.3 тэрбум төгрөг нь улсын төсвөөс, 351.8 тэрбум нь гадаад зээл тусламжаар, 150 тэрбум төгрөг нь бондын эх үүсвэрээр санхүүжигдэнэ. Энэ салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын дийлэнхийг хувийн хэвшил оруулах бөгөөд нийт өртөг нь хоёр их наяд 566 тэрбум төгрөг байна.
- Ирэх онд экспортын голлох түүхий эдийн үнийн бууралт, дотоодын хэрэглээ, хөрөнгө оруулалтын нөхцөл байдлаас шалтгаалан улсын эдийн засгийн идэвхжил удааширч, төсвийн орон зай хязгаарлагдмал байх төлөвтэй байна. Тиймээс төсвийн урсгал зардлыг өмнөх оны түвшинд буюу ДНБ-ий 24.0 хувьд хязгаарлаж, төрийн байгууллагууд хэмнэлтийн горимд ажиллана. Урсгал зардлыг 2025 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлтэй харьцуулахад 641.7 тэрбум төгрөгөөр хэмнэж бууруулна. Хэмнэлтэд төрийн байгууллагуудын урсгал зардал, салбаруудад олгодог татаас, урамшуулал, хүүгийн хөнгөлөлт багтахын зэрэгцээ төрийн албан хаагчдад олгох тэтгэмжийн төлбөрийг түр хойшлуулах арга хэмжээ багтаж байна.
- Үндэсний баялгийн сангийн хуримтлал өсөж, арвижиж өнөөдрийн байдлаар Ирээдүйн өв санд 4,706.1 тэрбум, Хуримтлалын санд 654.4 тэрбум буюу нийт 5,360.5 тэрбум төгрөг болж хуримтлагдаад байна. Ирэх онд Үндэсний баялгийн сан 2,956.1 тэрбум төгрөгөөр арвижих тооцоо гарсан бөгөөд хөрөнгийн удирдлагын оновчтой бодлого хэрэгжүүлж, иргэдийн орон сууцны санхүүжилтийн тогтвортой механизмтай уялдсан бодлогыг банк санхүүгийн тогтолцооны хүрээнд нэвтрүүлнэ. Иргэд E-Mongolia цахим системээс Хуримтлалын сан дахь өөрийн хуримтлалын хэмжээг харах боломжтой. Түүнчлэн ирэх онд ажлын ачаалалд нийцсэн багшийн цалин хөлсний бүтцийг бий болгоход зориулж боловсролын салбарын хувьсах зардлыг 100.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар шатрын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын 2025 оны Шатрын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 63 дахь, эмэгтэйчүүдийн 55 дахь удаагийн тэмцээн 9-р сарын 3-наас 15-ны өдрүүдэд Баянхонгор аймагт болно.

Тэмцээнд 2024 оны Улсын аварга тамирчид болон 2025 оны Улсын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тэмцээнээс шалгарсан тамирчид оролцох юм.
Ерөнхий сайд шинэ хичээлийн жилийн баярын мэндийг шатрын спортын тамирчин сурагчдад хүргэж улсын аварга шалгаруулах тэмцээнд нь амжилт хүслээ.

Мөн Монгол Улсын шатрын эмэгтэйчүүдийн шигшээ баг дэлхийн шилдэг багуудын эгнээнд бичигдэж байгааг Ерөнхий сайд онцлон дурдаад Монгол шатарчид оюуны спортын өндөр амжилтыг олон улсад гаргаж байгаад баяр хүргэв.


-Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрийг үнэлж, биелэлтийг дүгнэн Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг өгсөн гэдгийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэв. Мөн Монгол Улсын төсөв, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар товч танилцууллаа.
Боловсролын салбарын урсгал зардал 2025 онд 3.8 их наяд төгрөг батлагдсан. Үүний 70 орчим хувь буюу 2.6 их наяд төгрөг нь цалингийн зардал байна. Боловсролын салбар 2022 оноос бүтээмж, ур чадварт суурилсан цалин хөлс, гүйцэтгэлийн үнэлгээний тогтолцоог хэрэгжүүлж буй. Ингэснээр багш нарын дундаж цалин нэмэгдсэн ч ЕБС-ийн 1-5 жил ажилласан залуу багш нарын цалин бага, үндсэн цалин нь нэг сая 488 мянган төгрөг байна. Нийт багш нарын 52 орчим хувь нь 15-40 хувийн урамшууллыг сар бүр тооцож, улиралд нэг удаа авч байна.

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчид багшийн ялангуяа, залуу багш нарын үндсэн цалинг нэмэгдүүлэх, багшийн хөгжил, нийгмийн асуудал, орон сууцны хангамжид анхаарч өгөхийг хүслээ. Нийслэлийн зарим сургуулийн нэгдүгээр ангийн нэг ангид 70 хүүхэд хуваарилагдсан байна. Анги даасан багш нарын ажлын ачаалал өндөр байгаад анхаарч арга хэмжээ авах багш нарын шаардлагыг Ерөнхий сайдад уламжиллаа.
Багшийн хөгжлийн гурван жилийн төлөвлөгөө боловсруулж, багшийн дундаж цалинг нэмэгдүүлэхэд анхаарна. Засгийн газар “Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр” хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд багш нарыг дэмжих тусгай хөтөлбөр гаргаж ажиллахаа Ерөнхий сайд Г.Занданшатар илэрхийллээ.
2025-2026 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар сургуулийн өмнөх боловсролд 300 орчим мянган хүүхэд суралцана. Харин ерөнхий боловсролд 830 орчим мянган хүүхэд суралцах бөгөөд өмнөх жилээс 30 орчим мянгаар нэмэгджээ. Нэг ангид суралцах хүүхдийн тоо хэтэрсэн асуудалд анхаарч шуурхай арга хэмжээ авах, хүүхдийн тоогоор багшид нэмэгдэл хөлс тооцох асуудлыг шийдвэрлэхийг Боловсролын яам болон нийслэлийн удирдлагуудад Ерөнхий сайд үүрэг болголоо.
Боловсролын салбарт цахимжилтийг эрчимжүүлж, “Багшлахуйгаас суралцахуй” /FROM TEACHING TO LEARNING/ тогтолцоонд шилжих, ингэснээр багш, ажилтны цалин хөлсний тогтолцоонд ч өөрчлөлт гарах учиртайг хэллээ. Засгийн газрын хамгийн том МЕГА төсөл бол хүний хөгжил. Иймд Боловсролын чанар, хүртээмжийг сайжруулахад онцгой анхаарна. Засгийн газар 2026 оныг Боловсролыг дэмжих жилээр зарласан. Энэ хүрээнд багш нарын цалин хөлс, нийгмийн баталгаанд анхаарч, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулахын төлөө ажиллаж буйгаа илэрхийллээ.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 27-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Төгрөг нуурын бүлэг ордыг төрд буцаан авлаа
Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт байрлах Төгрөг нуурын бүлэг ордын талбайд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ордын нөөцөд үндэслэн техник эдийн засгийн үндэслэл, олборлолтын хүчин чадлаа тодорхойлсон хэдий ч хуульд заасан хугацаанд өргөдөл гаргаж, эрх бүхий байгууллагуудтай гэрээ байгуулаагүй хууль зөрчсөн тул “Төгрөг нуурын энержи” ХХК-д олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.8-д заасныг үндэслэн хүчингүй болгож шийдвэрлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар даалгалаа.
УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтад заасны дагуу Төгрөг нуурын ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах, ордын талбайн хил заагийг Засгийн газраас тогтоох асуудлыг яаралтай боловсруулж, ирэх сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямд үүрэг болгов.
Төгрөг нуурын бүлэг орд нь 20-30 км талбайн хэмжээтэй, гурван тэрбум тонн хүрэх хүрэн нүүрсний нөөцтэй гэсэн урьдчилсан тооцоо судалгаатай, ашигт малтмалын томоохон ордуудын нэг юм. Энэхүү бүлэг ордод 1951-1986 онд улсын хөрөнгөөр долоон удаа урьдчилсан хайгуул хийжээ.
УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан албан тушаалтан нь “Төгрөг нуурын энержи” ХХК-ийн хувьцааг эзэмшиж байхдаа өөртөө давуу байдал бий болгож, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авсан, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийг гадаадын хөрөнгө оруулалттай компанид худалдаж, их хэмжээний орлого олж, мөнгө угаасан байж болзошгүй үйлдэлд АТГ хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.
Тус орд нь Ирээдүйн өв сан болон Үндэсний баялгийн сангийн хөрөнгийг бүрдүүлэх ач холбогдолтой чухал орд газар. Тиймээс хүчингүй болсон тусгай зөвшөөрлүүдийг Үндэсний баялгийн санг бүрдүүлдэг үндэсний аж ахуйн нэгжид шилжүүлж, хайгуул болон олборлолтыг эрчимжүүлэх, ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх ёстойг Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн олголт, тэдгээрийн эзэмшил, байршил зэрэгт улсын нэгдсэн тооллого, хяналт хийнэ
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголт, тэдгээрийн эзэмшил, байршил зэрэгт улсын нэгдсэн тооллого, хяналт үнэлгээ хийх, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөлтийн явцыг шалгаж, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгууллаа. Ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ахална.
Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон ашигт малтмалын ашиглалтын 1768, хайгуулын 973, нийт 2741 тусгай зөвшөөрөл өнөөдөр хүчин төгөлдөр байна.
Цаашид ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг үр ашигтай ашиглах талаар төрийн оновчтой бодлогыг тодорхойлж, баялгийн менежментийг сайжруулах арга хэмжээг эрчимжүүлэхийн тулд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтод хяналт үнэлгээ хийж, тусгай зөвшөөрлүүдийн эзэмшил болон байршилд улсын нэгдсэн тооллого зохион байгуулах шаардлага үүсээд байгааг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням танилцууллаа.

Өр төлбөрт тооцож авсан үл хөдлөх хөрөнгийг цэцэрлэг, сургууль, эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжтой эсэхийг судална
Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны наймдугаар сарын 22-ны өдрийн 75 дугаар захирамжаар байгуулагдсан Төлбөрийн чадваргүйн улмаас санхүүгийн эрсдэлд орсон, татан буугдсан банканд байршиж байсан тусгай зориулалтын сан, төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгийг буцаан төвлөрүүлж, төрийг хохиролгүй болгох ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулга, мэдээллийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт танилцууллаа.
Татан буугдсан, үйл ажиллагаа нь доголдсон Капитал банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банкнаас төрийн болон орон нутгийн өмчит 18 байгууллага нийт 482.48 тэрбум төгрөгийн авлагын үлдэгдэлтэй байна. Монгол Улсын Хөгжлийн банкны чанаргүй зээлийн өр төлбөр өнөөдрийн байдлаар 27 зээлдэгчийн 1.3 их наяд төгрөг байна. Танилцуулгатай холбогдуулан,
- Өр төлбөрт тооцож авсан үл хөдлөх хөрөнгийг боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээний салбарын хэрэгцээнд ашиглуулах талаар санал боловсруулж, танилцуулах, шийдвэрлүүлэх;
- Авлагад тооцон хүлээн авсан хөрөнгийг худалдан борлуулах ажлыг зохион байгуулах төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг хангуулах;
- Хөрөнгө худалдсаны орлогыг зохих журмын дагуу холбогдох сан, дансанд төвлөрүүлж, төрийг хохиролгүй болгох арга хэмжээг зохион байгуулах зэрэг арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад даалгав.

Мөрөн-Улиастай чиглэлийн авто замын төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн барих, ашиглах, шилжүүлэх гэрээний төрлөөр хэрэгжих “Мөрөн-Улиастай чиглэлийн 261.89 км авто замын төсөл”-ийг баталж, сонгон шалгаруулалтыг холбогдох хууль, журамд заасны дагуу зохион байгуулж, үр дүнг таницуулахыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарт даалгалаа.
Төслийг хувийн хэвшлээс санаачилжээ. Бүтээн байгуулалт хоёр хэсэгтэй, замын эхний хэсэг Мөрөн-Булган чиглэлийн улсын чанартай авто замаас Омпуугийн давааны өвөр хүртэлх 190.2 км авто замыг гэрээ байгуулсны дараах эхний хоёр жилд, авто замын хоёрдугаар хэсэг Омпуугийн даваа орчмоос Согоотын даваа Тосонцэнгэл сумын баруун талын А603 дугаартай авто замтай огтлолцох дөрвөн замын уулзвар хүртэлх 71.69 км хэсгийг гэрээ байгуулсны дараах гурав дахь жилд барьж дуусгахаар төлөвлөжээ.
Эхний хэсгийн бүтээн байгуулалт дууссаны дараа буюу гурав дахь жилээс 23 жилийн турш тус авто замын менежмент, засвар арчлалт зэрэг үйл ажиллагааг хувийн хэвшил хариуцна, орлогын эх үүсвэр нь нүүрсний ачаа тээврийн хэрэгслээс замын хураамж авахаар тооцоолсон байна.
“Аялал жуулчлалын хөгжлийн төв”-ийг татан буулгалаа
“Монгол-Кувейтын байгаль хамгаалах төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт, ”Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК-ийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д нэгтгэлээ. “Аялал жуулчлалын хөгжлийн төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгав. Тус шийдвэртэй холбогдуулан хийх ажлын талаар буюу төрийн өмчит компаниудын шинэчлэлийн хүрээнд эхний ээлжинд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тогтоолд тусгажээ.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн чиг үүргийг оновчтой тогтоож давхардлыг арилгах, удирдах албан тушаалтны тоог бууруулах замаар бүтцэд өөрчлөлт оруулж, орон тоог 10-аас доошгүй, зардлыг 10-15 хүртэлх хувиар хэмнэх боломжтой гэж үзээд төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын үйл ажиллагаа, үр ашиг, өгөөжид дүн шинжилгээ хийж, үр ашиггүй,алдагдалтай ажиллаж буй хуулийн этгээдийг шилжүүлэх, өөрчлөн байгуулах, татан буулгах болон компани, үйлдвэрийн газруудын орлого, үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх, ашигт ажиллагааг сайжруулахчиглэлээр санал гаргаж Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд дэргэдээ цайны газар, зочид буудал, хэвлэх үйлдвэр, сувилал, эмнэлэг, сургууль гэх мэт нийгмийн чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж, үндсэн бус үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлж байна. Иймд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн нийгмийн чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа салбар, нэгжийг өөрчлөн зохион байгуулах, чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, эсхүл бие даасан хуулийн этгээдийн хэлбэрт шилжүүлэх, түрээсийн гэрээгээр эзэмшүүлэх, цаашид ашиглахад зардал өндөр, үр ашиггүй, хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдан борлуулах ажлыг үе шаттай зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргад үүрэг болгов.

Ашиглалтад орсон цэцэрлэг, ЕБС-ийн тавилга, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэлээ
2025-2026 оны хичээлийн жилийн сургалт, үйл ажиллагааг эхлүүлэх, бэлтгэл ажлыг хангах хүрээнд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр шинээр барьж ашиглалтад оруулсон цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн тавилга, тоног төхөөрөмжийг есдүгээр сарын 01-нээс өмнө нийлүүлж, сургалт, үйл ажиллагааг эхлүүлэхийг Боловсролын сайд П.Наранбаяр, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
Худалдан авах хугацааны онцлог, яаралтай хэрэгцээ, шаардлагатай байгаа тавилга, тоног төхөөрөмжийг санхүүгийн түрээсийн хэлбэр болон эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулан худалдан авах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Өнөөдрийн байдлаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 17, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр 13 барилга ашиглалтад оруулаад байна.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр боловсрол, эрүүл мэнд, онцгой байдлын салбарт дөрвөн төсөл хэрэгжүүлнэ
Монгол Улс болон Азийн хөгжлийн банк /АХБ/ хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.
Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт туссан, эдийн засгийн үр өгөөжтэй, тус банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх боломжтой, боловсрол, эрүүл мэнд, онцгой байдлын салбарын дөрвөн төслийг хэрэгжүүлэхээр хоёр тал санал солилцсон тул санхүүжилтийг баталгаажуулахаар “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хамтран боловсруулжээ.
“Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн хүрээнд “Аймгуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх”, “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах”, “Монгол Улсын ажиллах хүчний ур чадварыг хөгжүүлэх”, “Монгол Улс дахь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх” гэсэн дөрвөн төслийг хэрэгжүүлэхээр тусгажээ.
“Рашаант дахь улсын нөөцийн агуулах” төслийн концессын гэрээг цуцлав
Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй “Нэйшнл трейдинг энд транспорт” ХХК-тай байгуулсан “Рашаант дахь улсын нөөцийн агуулах” төслийн концессын гэрээг цуцалж, гэрээний хүрээнд концесс эзэмшигчид шилжүүлсэн газар эзэмших эрх, болон бусад дагалдах өмч, хөрөнгийг төрийн өмчид зохих журмын дагуу шилжүүлэн авахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газартай “Нэйшнл трейдинг энд транспорт групп” ХХК-ийн 2015 оны дөрөвдүгээр сард байгуулсан концессын гэрээнд “Концесс эзэмшигч нь төслийн барилга угсралтын ажлыг батлагдсан зураг, төсөл, хуваарийн дагуу энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2.5 жилд багтаан гүйцэтгэнэ” гэж заажээ.
Төслийн санхүүжилтийн гэрээг хөрөнгө оруулагчтай байгуулаагүй, төслийн санхүүжилтийн эхний ээлжийн 12 сая ам.долларыг гэрээ байгуулсан өдрөөс хойш зургаан сарын дотор Монгол Улсын аль нэг арилжааны банк дахь өөрийн дансанд байршуулж, төслийн зориулалтын дагуу зарцуулаагүй, барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулаагүй, барилгын ажил эхлүүлэхэд шаардлагатай холбогдох зөвшөөрлүүдийг аваагүй зэрэг гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөл бүрэн хангагдаагүй нь цуцлах үндэслэл болжээ.

Товч мэдээ
- Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон эдгээртэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдуулан боловсруулсан хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.


















