Хэнтий аймгийн Бэрх тосгонд 1984 онд 18 мегаваттын дулааны станц анх ашиглалтад орж байжээ. Монгол Улсын Засгийн газраас 40 жилийн дараа тус тосгонд 21 мегаваттын дулааны станц барих төслийг амжилттай хэрэгжүүллээ.
Төслийн хүрээнд дулаан хангамжийн дэд бүтцийг цогцоор шинэчилж, дөрвөн км дулааны шугам, дулаан дамжуулах хоёр дэд төвийг ашиглалтад оруулж, барилга угсралтын ажил дуусаж, дулааны станцыг бүрэн хүчин чадлаар нь нээж, үйл ажиллагааг нь эхлүүллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус станцын нээлтэд оролцлоо.
Дулааны шинэ станц ашиглалтад орсноор:
· 448 орчим айл өрх, аж ахуйн нэгж, албан байгууллагын дулааны эрчим хүчний хэрэглээг найдвартай тасралтгүй хангана.
· Дулааны эрчим хүчний боловсруулалт хоёр дахин нэмэгдэнэ.
· Орон нутагт 48 ажлын байр шинээр нэмэгдэнэ.
Айл өрх, аж ахуйн нэгжийг төвлөрсөн дулаан хангамжид шинээр холбосноор уурын зуухны тоо цөөрч, агаарын бохирдол буурна.