Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др Сергей Диордицагийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, нутаг буцаж байгаатай холбоотойгоор хүлээн авч уулзан талархал илэрхийллээ. Тэрбээр манай улсад таван жил ажиллахдаа эрүүл мэндийн салбарт томоохон төслүүдийг хэрэгжүүлж, Монгол Улсын Засгийн газрын бодлогыг дэмжин ажилласан юм.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ковид-19” цар тахалтай тэмцэх амаргүй ажилд Монгол Улсад олон улсын байгууллагуудын дэмжлэг туслалцааг зохицуулахад өндөр хувь нэмэр оруулж, 40 мянган хүний амь насыг болзошгүй эрсдэлээс хамгаалсан танд талархал илэрхийлье гээд цар тахлыг хүндрэл багатай даван туулахад та бүхний оролцоо их байсан гэдгийг хэллээ.
Үүний хариуд Суурин төлөөлөгч Др Сергей Диордица “Амаргүй цаг хугацаанд та бид олон амжилтыг хамтдаа бүтээлээ. Цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол Улс эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх стратегийн алсын хараатай ажиллаж ирсэнд баяр хүргэмээр байна. Таны тэргүүлсэн Засгийн газрын үед энэ ажлыг далайцтай хийж байгаа нь магтууштай. Цар тахлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ тань бусад улс оронд үлгэр жишээ сайн туршлага болсон” гэлээ.
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны наймдугаар сарын 03-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
Өр, бондын зарцуулалтыг бүхэлд нь шалгах ажлын хэсэг байгууллаа
Монгол Улсад үүссэн өр, бондын зарцуулалтыг бүхэлд нь шалгах ажлын хэсэг байгуулж, Сангийн сайд Б.Жавхлан ахалж ажиллана. Үүнтэй холбогдуулан Б.Жавхлан сайд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монгол Улс ойрын гурван жилийн хугацаанд дефолт болох эрсдэл үүсээгүй. Засгийн газар 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл нийт 5.2 тэрбум ам.долларын долоон бонд гаргасан. Үүнээс зөвхөн “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллараар төсөл арга хэмжээнүүдийг санхүүжүүлсэн. Бусад бондын хөрөнгийг төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, өмнөх бондын өрүүдийг төлөхөд зарцуулсан. Тиймээс манай ажлын хэсгийн шалгалтын хүрээ цомхон. “Чингис” бондын хөрөнгийг хэрхэн зарцуулсан бэ гэдгийг шалгаж, өнөөдөр ямар эрсдэлд хүргэсэн болохыг тайлагнах болно. Энэ бондын хөрөнгийн 50 гаруй хувь нь Хөгжлийн банкны чанаргүй зээл болсон. Бид өрийнхөө хэмжээнээс илүү зарцуулалтыг нь анхаарах ёстой. Өрийн асуудал маш эмзэг. Дефолт болох нөхцөл байдал үүсээгүй гэдгийг дахин хэлье. Манай улсын нийт гадаад өр өнөөдөр ДНБ-ий 220 хувьтай тэнцэж байна. Сингапур улсын гадаад өр ДНБ-ийхээ 420 хувьтай тэнцэж байгаа. Англи улсын гадаад өр ДНБ-ээсээ гурав дахин, Япон улсынх ч түүнээс ч олон дахин их байна. Гэтэл яагаад дефолт зарлах асуудал яригддаггүй вэ гэхээр зээлийнх нь зарцуулалт чанартай байдаг. Тэр нь эргээд эдийн засагтаа үр өгөөжөө өгч байна. Харин манайд зээл үр дүнгээ өгөхгүй байна. Тиймээс үүнийг шалгана. Ирэх долоо хоногт шалгалтынхаа явцыг Засгийн газрын хуралдаанд танилцуулна” гэлээ.
Боловсролын салбар дахь авлигатай холбоотой асуудлаар 11-11 төвд мэдээлэл авна
Ерөнхий сайдын дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд энэ төрлийн гомдол, саналтай холбоотой ажлын хэсэг гарч ажиллахаар боллоо. Ажлын хэсэгт Ерөнхий сайдын ажлын алба, Боловсрол, шинжлэх ухааны яам, Тагнуулын Ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар болон нийслэлийн мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн баг ажиллах юм.
Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдэд хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Тухайлбал, хичээлийн шинэ жил эхлэх дөхөж байгаатай холбоотойгоор боловсролын салбар дахь авлигын асуудлыг таслан зогсоох, хяналт тавих ажлын хэсгийг 11-11 төв дээр өргөтгөсөн байдлаар зохион байгуулах үүрэг өглөө. Зарим сургуулийн удирдлагууд сургуулийнхаа хамран сургах тойргийн бус хүүхдүүдийг хувийн ашиг сонирхлын үүднээс сургадаг, зарим хүүхдийг ямар ч шалгуургүйгээр элсүүлдэг явдлыг таслан зогсоох, цэцэрлэгийн хүртээмжийг адил түвшинд байлгах зорилгоор ажлын хэсэг байгуулж байна.
Хоёрдугаарт, Монгол Улсын стратегийн салбарын бүтээн байгуулалтыг санаатайгаар тасалдуулж, хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг нэхэмжлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа. Тодруулбал, стратегийн бүтээн байгуулалт улс орны хөгжлийн хурдасгуур, эдийн засгийн хамгийн том хөшүүрэг. Үүнийг аль нэг иргэний нийгмийн байгууллага, ард түмний нэр барьсан хэн нэгэн тооцоо судалгаагүй зүйл ярьж тасалдуулахыг хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэсэн зүйлчлэлээр өргөдөл гомдлыг хууль хяналтын байгууллагад Засгийн газрын нэрийн өмнөөс өгч шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг иргэний журмаар нэхэмжлэх үүрэг бүхий ажлын хэсэг юм.
Гуравдугаарт, сүүлийн үед цахим гэмт хэргийн гаралт нэмэгдэж байна. Тодруулбал, залилан, бэлгийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэргүүд цахим орчинд их гарч байна. Насанд хүрээгүй хүүхдүүдийг цахим орчинд айлган сүрдүүлж бэлгийн харилцаанд орох, биеийг нь үнэлүүлэх, түүнийг зохион байгуулах гэмт хэрэг ихээр гарч байгаа. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, үүний эсрэг хөтөлбөр гаргаж танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан” гэлээ.
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлт багц ажлыг хэрэгжүүлэх хүрээнд 13 арга хэмжээ, 22 хөгжлийн төслийг эхний ээлжинд үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд өнөөдөр “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур” төслийн барилга угсралтын ажлыг эхлүүлж байна. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо.

Төслийг Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд 2020 оны тавдугаар сарын 14-ний өдөр байгуулсан 100.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон 3.0 сая ам.долларын буцалтгүй тусламж, нийт 103 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэх юм. Энэхүү төслийн барилга угсралтын ажил 14 сарын хугацаанд үргэлжилж, 2023 оны өвлийн оргил ачааллаас өмнө Төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдоно.

Төслийн хүрээнд дэлхийд томд тооцогдохуйц 200 МВт.цагийн хүчин чадалтай Литиум-Ион төрлийн батарей ашигласан хуримтлуурын байгууламжийг суурилуулж, 110 кВ-ын “Сонгино” дэд станцад холбоно. Ингэснээр Монгол Улсын Төвийн бүсийн эрчим хүчний системийн тогтвортой, найдвартай ажиллагааг дээшлүүлнэ. Мөн нэгдсэн сүлжээний дутагдлыг нөхөх, 200 МВт хүртэл чадлыг нийлүүлж, импортын эрчим хүчийг бууруулна. Үүнээс гадна хүчдэлийн тохируулга хийх, дулааны цахилгаан станцыг “тэг” зогсолтоос сэргийлж, цахилгаан эрчим хүч нийлүүлэх зэрэг туслах үйлчилгээг эрчим хүчний системд үзүүлнэ.
“Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур” төслийн нээлтэд Ерөнхий сайд оролцох үеэрээ “Энэхүү бүтээн байгуулалт ашиглалтад орсноор төвийн эрчим хүчний системийн бие даасан байдал шинэ шатанд гарах болно. Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, түүний дотор усан цахилгаан станц барьж байгуулах ажлыг нэн тэргүүний зорилт болгож, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг дуусгаж, Эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлэхийн төлөө бүхий л боломжоо дайчлан ажиллана. Мөн хүчин чадлыг нь 75 МВт-аар өргөтгөж, 250 МВт-аар шинэчлэх III цахилгаан станцын өргөтгөл, Тавантолгойн дулааны цахилгаан станц, Багануурын цахилгаан станц, 50 МВт-аар хүчин чадлыг нь өргөтгөх Чойбалсангийн дулааны цахилгаан станц зэрэг бүтээн байгуулалтын төслүүдийг цаг алдалгүй эхлүүлнэ. Саяхан Улаанбаатар хотын зүүн бүсийн дулааны эрчим хүчийг хангах Амгалангийн 116 МВт-ын дулааны станцын ажлыг эхлүүлсэн” гэв.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “200 МВт.цагийн хүчин чадалтай цэнэгт батарей хураагуур нь эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэхээс гадна хэлбэлзэл үүсэх үед тохируулга хийхээрээ онцлог. Энэ нь манай эрчим хүчний системд байгаагүй нэн хэрэгтэй технологи юм. Энэ өвлийг эрчим хүчний салбар хүндхэн давах эрсдэл бий. Гэхдээ “гал алдах”, цахилгаан дулаан хязгаарлах асуудал гарахгүй. Өвөлжилтийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай явж байна” гэлээ.
Төслийн ажлын гүйцэтгэгчийг олон улсын нээлттэй тендерээр сонгон шалгаруулж, БНХАУ-ын Jiangsu Zhongtian Technology Co.,Ltd болон Zhongtian Energy Storage Technology Co,.Ltd компанийн хамтарсан Консорциумтай “Түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэй гэрээ” байгуулан, барилга угсралтын ажлыг эхлүүллээ. Батарей хуримтлуурын технологи манай улсын хувьд шинэ бөгөөд ХБНГУ-ын “RWE Technology International GmbH” зөвлөх үйлчилгээ үзүүлж байна.
Төслийн хэрэгжилтийн үед 120 түр ажлын байр, төсөл ашиглалтад орсны дараа 25 байнгын ажлын байр бий болно.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101, дотоодын цэргийн байгууллагын 100 жилийн ой, “Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-т зориулсан ёслолын арга хэмжээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, салбарын нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэж, цаашдын үйл хэрэгт нь амжилт хүслээ.
Монгол төрийн цагдаа, дотоодын цэрэг нь улс орныхоо тусгаар тогтнолын баталгаа болж, эрх чөлөө, амар амгалан, аюулгүй байдлыг бэхжүүлэх, бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн үйлсэд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулж ирснийг тэрбээр онцлоод өнгөрсөн 100 жилийн хугацаанд иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн үе үеийн цагдаа, дотоодын цэргийн албан хаагчдад Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.

Тэрбээр,”Цар тахлын эсрэг тэмцлийн тэргүүн фронтод өөрсдийн амь нас, аюулгүй байдал, ар гэрийн амьдрал, ажлын цагийг үл хайхран өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өдөр шөнийг үл ялган эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн Та бүхэн бол энх цагийн эгэл баатрууд мөн. Эх орон, ард түмнээ гэмт халдлага, аюул, ослоос хамгаалах, нийгэмд шударга ёсны тогтолцоог бүрдүүлж, хүний эрх, эрх чөлөөг хангах ариун үйлсийн төлөө алтан амиа зориулах тангарагтай цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдаараа Монголын ард түмэн, төр, засаг үргэлж бахархдаг.
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцлийг бүрдүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Төрийн бүтээмжийн сэргэлтийг амжилттай хэрэгжүүлэхэд Та бүхний идэвхтэй оролцоо туйлын чухал үүрэг гүйцэтгэнэ.
Монгол Улсын Засгийн газраас цагдаа, дотоодын цэргийн байгууллагын материаллаг баазыг бэхжүүлж, техник хэрэгслийн хангалтыг сайжруулах, алба хаагчдын ажиллаж, амьдрах нөхцөл, нийгмийн баталгаа, цалин тэтгэврийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч, бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллах болно.

Мөн цагдаагийн болон дотоод цэргийн албан хаагчдаа, тангараг өргөсөн мөрдөстнүүдээ Монголын төр хамгаалан ажиллах болно. Цагдаа, дотоодын цэргийн байгууллага өнгөрсөн нэгэн зууны түүхт ололт амжилтаа бататгаж, ирэх шинэ зуунд их үйлсээ мөнхлөх болно гэдэгт итгэлтэй байна.” гэлээ.
Түүхт ойн баярын хүрээнд гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, улсын онц чухал объектыг хамгаалах ажилд идэвх зүтгэл, мэргэжлийн ур чадвар гарган ажилласан 274 алба хаагч, ажилтныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медалиар, 845 алба хаагч, ажилтан, ахмад ажилтнуудыг Хууль зүй, дотоод хэргийн яамны шагналаар, 836 алба хаагч, ахмад ажилтнуудыг Цагдаагийн ерөнхий газрын шагналаар, нийт 1955 алба хаагч, ахмад ажилтнуудыг шагнаж урамшуулсан байна.
Төв цэнгэлдэхэд болсон баярын арга хэмжээний үеэр цагдаа, дотоодын цэрэг, тусгай тасгийн алба хаагчдын ёслолын жагсаал, улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан, урлагийн болон цагдаагийн алба хаагчдын үзүүлэх тоглолт болов.
21 аймгийг нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох Монгол Улсын Засгийн газрын зорилт бүрэн биелж Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто зам ашиглалтад орсноор Мянганы зам төслийн их бүтээн байгуулалт хэрэгжиж дууслаа. Загастайн давааны автозамын байнгын үйл ажиллагааг өнөөдөр нээлээ. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ, Засгийн газрын зарим гишүүн оролцлоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнөөдөр Загастайн давааны автозам бүрэн ашиглалтад орж, Монгол Улс 21 аймгаа нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбосон түүхэн өдөр болж байна.
7000 гаруй километр үргэлжилсэн “Мянганы зам” төслийн их бүтээн байгуулалт 21 жилийн дараа амжилттай хэрэгжиж дуулаа. Энэ нь урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд ямар их хугацаа ордог, бодлогын залгамж чанараа хадгалж хэрэгжүүлж чадвал амжилтад хүрч болдгийн бодит жишээ юм” гэж хэлээд төслийг хэрэгжүүлэхэд хичээн зүтгэсэн үе үеийн Засгийн газар, Ерөнхий сайдууд, олон улсын болон үндэсний хөрөнгө оруулагчид, инженер техникийн ажилтнуудад талархал илэрхийллээ.

Энэ замын нээлт эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах “Шинэ сэргэлтийн бодлого”-ын их бүтээн байгуулалтын эхний зунтай давхцаж байгаад бэлгэшээж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд олон жил гацсан, эхэлсэн боловч дуусгаж чадаагүй томоохон төсөл, хөтөлбөрүүдийг бүрэн дуусгах санхүүжилтийг цаг алдалгүй шийдвэрлэх бодлогын дагуу хөрөнгө оруулалтын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн цөөн төслүүдийн нэг энэ гэдгийг онцоллоо.
Энэ зун Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн авто замын бүтээн байгуулалтаас гадна Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 416 километр төмөр зам, Зүүнбаян-Ханги 226 километр чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт бүрэн дуусаж, Бичигт-Зүүнхатавч, Арцсуурь-Шивээхүрэнгийн зүүн болон баруун чиглэлийн босоо тэнхлэгийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлнэ гэдгийг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ тэмдэглэлээ. Мөн Ульхан, Хавиргын боомтыг авто замаар холбох бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэлээ.
Ингэснээр Монгол Улс нийслэл Улаанбаатар хотоо 21 аймгаа авто замаар амжилттай холбож, нийт боомтуудаа авто замаар, стратегийн ач холбогдолтой боомтуудаа төмөр замаар холбож, ачаа тээвэр, тээвэр логистик, экспорт импортын хүчин чадлыг 3-4 дахин нэмэгдүүлэх Боомтын сэргэлтийн түүхэн ач холбогдолтой төсөл орон даяар хэрэгжинэ.
Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн автозам нь далайн түвшнээс дээш 2500 метрийн өндөрт байрлах Загастайн даваагаар 40 гаруй километр дайран өнгөрдөг, хамгийн хүнд саад бэрхшээл ихтэй уулын зам.

Загастайн давааг давахын тулд 2-3 цаг зарцуулдаг байсан бол одоо 30-40 минутын дотор аймгийн төв орох боломж бүрдлээ. Зам дагаж хөгжил ирдэг гэж монголчууд бид ярьдаг. Завхан аймгийн бүс нутаг, эдийн засаг, нийгмийн хөгжил, ялангуяа аялал жуулчлалын салбарт энэ зам хөгжлийн түүчээ болж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ.
Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн автозамыг БНХАУ-ын Засгийн газар Экзим банкны санхүүжилтээр барьж хүлээлгэн өгч байна. Замын барилгын ажлын гүйцэтгэгчээр “Чайна Коммуникэйшн Констракшн” ХХК, хяналтын зөвлөхөөр “Мөнхөд ашдын зам” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Арж роуд” ХХК, “Түм арвижих” ХХК- ажиллажээ.
Тус замын зорчих хэсэг нь 7 метрийн өргөн 5 см асфальтбетон хучилттай, 20 см зузаан буталсан чулуун суурьтай, 40 см зузаан суурийн доод үетэй, нийт хучилтын хийцийн зузаан 65 см. Давааны оройн цэвдэг, намагтай газруудад нийт 3,0 км уртад 1,0 м зузаантай чулуун шүүрүүлэх үе, 2 талдаа тус бүр 1,5 м өргөнтэй хайрган хөвөөтэйгээс гадна ус зайлуулах хиймэл байгууламж 132 байршилд хийжээ. Замын ажлын хүрээнд Загастай болон Хатавчийн гол дээр тус бүр 19.10 у/м төмөр бетон гүүр барьсан. Загастайн давааны уулын хэсэгт тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж, 20 км уртад хамгаалалтын төмөр туузан хашлага хийж, 1000 гаруй ширхэг замын тэмдэг байршуулжээ.


















