Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн энэ өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Нарны үрс” болон 267 дугаар цэцэрлэг, Ерөнхий боловсролын 148 дугаар сургуульд ажиллаж багш, сурагчдад хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж, амжилт хүслээ.
Өнгөрсөн оны есдүгээр 1-нд бид танхимаар хичээллэж чадах эсэх тухай ярьж байсан бол өнөөдөр хичээл сургалт зуун хувь танхимаар эхэллээ.
Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд улсын төсвөөс 200 тэрбум төгрөгийг төсөвлөн Засгийн газраас оруулж, Улсын Их Хурал дэмжиж баталснаар сугалаагаар цэцэрлэгт хамрагддаг, бүртгүүлэх гэж цэцэрлэгийн гадаа дугаарладаг байдал энэ хичээлийн жилээс ариллаа гэж Ерөнхий сайд хэллээ.
Энэ жилээс цэцэрлэгийн бүртгэлийг анх удаа И-Монголиа цахим системээр хийж, 111.542  хүүхэд хамрагдах хүсэлт цахимаар ирж,  90 гаруй хувь нь цэцэрлэгтээ элсэн ороод байна.
Нэмэлт элсэлтийг энэ сарын 10-наас бүртгэн, цэцэрлэгт хуваарилж бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах Засгийн газрын зорилт ажил хэрэг боллоо. Нэмж 29 мянган хүүхэд цэцэрлэгт авах боломж байгаа юм.

“Цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар явуулж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэж чадлаа. Цаашид засаж сайжруулах зүйлс бий. Улсын цэцэрлэгт элсэж чадаагүй хүүхдийг хувийн цэцэрлэгт элсүүлбэл элсүүлсэн хүүхдийн тоогоор хувьсах зардлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж дэргэдээ байгууллагын цэцэрлэг ажиллуулах, орон сууцны нэг давхрыг цэцэрлэгийн зорилгоор ашиглахыг бодлогоор дэмжсэн гэдгийг Ерөнхий сайд хэлж байв.
Цаашид бид хот, хөдөөгийн боловсролын ялгаа, тэгш бус байдлыг багасгахад цогц байдлаар анхаарал хандуулна. Хөдөө орон нутгийн багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлого барина гэдгээ хэвлэлд яриа өгөхдөө илэрхийллээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байрлах хувийн хэвшлийн  “Нарны үрс” цэцэрлэг энэ хичээлийн жилд төр, хувийн хэвшлийн түншлэлээр буюу улсын төсвөөс хувьсах зардал авч хамран сургах тойргийн хуваарилалтаар 60 хүүхдийг нэмэлтээр элсүүлжээ. Ингэснээр төвлөрөл ихтэй тус хорооны хүүхдүүд цэцэрлэгт бүрэн хамрагдаж чадсан байна.

Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны 267 дугаар цэцэрлэг 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. “Алтан тэвш” хотхонд байр түрээслэн гурван бүлэг нээж, нэмж 90 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж байна. Энэ жишгээр нийт 130 гаруй байрыг түрээслэн 14 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулж байна. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнгөрсөн зун 1000 гаруй туслах багшийг сургалтад хамруулсан бөгөөд тус сургалтад хамрагдсан гурван багш 267 дугаар цэцэрлэгт ажиллаж байна.

Энэ хичээлийн жилээс боловсролыг тэгш олгох, хэт төвлөрөл, ачааллыг бууруулах үүднээс сургалтын дэвшилтэт менежмент, хөтөлбөрийн агуулгыг харилцан солилцох хөтөлбөрийг эхлүүлж байна. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 148 дугаар сургуульд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай зургадугаар ангийн хоёр бүлэгт нийслэлийн 11 дүгээр сургуулийн багш нар хичээл зааж, зохион байгуулалтыг туршиж эхэлж байгаатай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн танилцлаа.

2022-2023 оны хичээлийн жилд хамран сургах тойргийн хуваарилалтаар хүүхэд нэг бүрийг цэцэрлэгт хамруулах зорилт тавьж, 110 гаруй мянган хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд сургаж эхэллээ. Улсын хэмжээнд 78,345 хүүхэд нэгдүгээр ангид элсэн орж, Ерөнхий боловсролын 854 сургуульд 746,653 хүүхэд, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад 49,304, 67 их, дээд сургуульд 141,197 оюутан суралцаж байна.


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улсад албан ёсны айлчлал хийж буй БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Пак Жин сайдын айлчлал Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлж, хамтын ажиллагааны шинэ хуудас нээхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд уулзалтын эхэнд илэрхийллээ.


Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг БНСУ-ын Засгийн газрын бодлоготой уялдуулан тээвэр, логистик, эрчим хүч, байгаль орчин, дэд бүтцийн чиглэлээр Солонгосын хөрөнгө оруулалтыг татах, ноу-хау, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, томоохон төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, хоёр улсын хооронд нислэг үйлдэх агаарын тээврийн үйл ажиллагааг дэмжих, карго тээврийг эрчимжүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Монгол Улсад аялал жуулчлалаар зорчих БНСУ-ын иргэдийг визийн нөхцөлөөс чөлөөлөх шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргаж, Солонгосын жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн. Хоёр улсын иргэд харилцан адил байх зарчмын үүднээс монгол иргэдэд мөн визийн хөнгөлөлт үзүүлэх, БНСУ-ын цахим виз олгох жагсаалтад Монгол Улсыг хамруулах, хэтдээ хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх талаар нааштай судалж хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаа Ерөнхий сайд онцолж хэллээ. Уулзалтын үеэр монгол иргэдийг БНСУ-д визгүй зорчуулах асуудлаар хоёр тал хамтран судалж, визний нөхцөлийг хөнгөвчлөх, хэтдээ харилцан визгүй зорчих чиглэлд онцгойлон анхаарч, хамтран судалж Ажлын хэсэг гаргахаар тохиролцов.


БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин, Монгол Улсын Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (AПЕК)-д элсэх, Зүүн Азийн дээд түвшний уулзалтад оролцогч улс болох саналыг дэмжихээ илэрхийллээ. Мөн газрын ховор элемент, хагас дамжуулагчийн түүхий эд нийлүүлэхэд Монгол Улстай хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж, Газрын ховор элементийн хамтарсан судалгааны төв байгуулахад БНСУ-аас буцалтгүй тусламж олгохоо илэрхийллээ. Хөшигийн хөндийд шинэ хот, эдийн засгийн чөлөөт бий болгох Монгол Улсын Засгийн газрын бодлогын хүрээнд “Шинэ зуун мод” хотын хөгжүүлэлт төслийг хэрэгжүүлэх болсныг БНСУ-ын Гадаад хэргийн сайд тэмдэглэн хэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай болон Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн болон ажлын зохион байгуулалттай холбогдох хуулийн зохицуулалтыг нийцүүлэх хууль зүйн шаардлага үүссэн. “Алсын хараа-2050” хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг, Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан хилийн боомтын болон нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах асуудал, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, үндэсний болон мэргэжлийн спортыг дэмжих асуудлын нэгдсэн бодлого, зохицуулалтыг хангах эрхэлсэн Засгийн газрын гишүүдийг шинээр  бий болгох зайлшгүй нөхцөл байдал тулгараад байна. Иймд энэ хэрэгцээ шаардлагыг харгалзан Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай болон Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж, УИХ-аар яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүслээ.
Засгийн газар нь бүрэлдэхүүний хувьд Ерөнхий сайд болон 21 гишүүнтэй, бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн дөрөв, чиглэлийн 12 яамтай байхаар төлөвлөжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-д Засгийн газрын шинэчилсэн бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулахтай холбогдуулан хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Тэрбээр,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн 39-р зүйлийн 4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын зарим гишүүдийг шинээр томилох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Засгийн газрын шинэчилсэн бүрэлдэхүүнийг сонгохдоо, Шадар сайд С.Амарсайхан, Хуульзүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Соёлын сайд Ч.Номин нарыг үргэлжлүүлэн ажиллуулах нь зүйтэй гэж үзэв.
Шинээр томилогдох Засгийн газрын гишүүдийг сонгохдоо УИХ-д сонгогдсон байдал, мэргэжлийн Байнгын хороог удирдсан байдал, мэргэжлийн болон улс төрийн туршлагыг харгалзах сонгодог парламентын засаглалын мерит зарчмыг үндэслэл болголоо.
Цар тахал болон олон улсын хямралт нөхцөл байдлын үед “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан стратегийн томоохон төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Улсын Их Хурал, Засгийн газрын уялдаа холбоог сайжруулах үндэслэлээр мэргэжлийн Байнгын хорооны дарга нарыг тухайн салбарын яаманд ажиллуулах ерөнхий зарчмыг баримтлав.


Тухайлбал,
–       УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.ХүрэлбаатарыгЭдийн засаг, хөгжлийн сайдаар,
–      УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулууныг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар,
–      УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учралыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар,
–      УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатарыг Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдаар,
–      УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэнг Эрчим хүчний сайдаар,
–       УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогтыг Зам, тээврийн хөгжлийн сайдаар тус тус дэвшүүллээ.
Салбар дундын зохицуулалтыг хангах, салангид чиг үүргүүдийг нэгдсэн бодлогоор зохицуулах үүднээс боомтын болон нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийн асуудал хариуцсан Монгол Улсын сайдыг Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын даргын түвшинтэй дүйцүүлж томилохоор шийдвэрлэв.
Мөн олимпизм, спорт, нийтийн биеийн тамир, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх асуудал эрхэлсэн сайд байх нь зүйтэй гэж үзлээ гэлээ.
Сайд нарын ажлын гүйцэтгэлийг жил бүхэн үнэлж, хариуцлага тооцох зарчмыг Ерөнхий сайдын хувьд баримталж, олон нийтийн үнэлгээтэй уялдуулан ажиллах болно гэдгийг онцлон тэмдэглэж байна. Энэ ажлын гүйцэтгэлд тулгуурласан хариуцлагын үнэлгээний тогтолцоо зөвхөн сайд нар төдийгүй, төрийн анхан дунд шат, орон нутагт хамааралтайг хатуу сануулъя!
Сайд бол албан тушаал биш, цаг нартай уралдан асуудлыг шийдвэрлэж, гал барилцах улс төрийн манлайлагчид байх учиртай гэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын Ажлын албанаас дэмжиж буй “Teach for Mongolia” буюу “Илгээлтийн багш” хөтөлбөрт хамрагдсан 16 залуу багш хөдөө орон нутагт ажиллахаар боллоо. “Илгээлтийн багш” нийгэмд үйлчилдэг ТББ нь дэлхийн 61 улсад боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж, тэгш бус байдлыг бууруулах зорилго бүхий “Teach for All” олон улсын байгууллагын нэг хэсэг болж энэ жилээс Монголд үйл ажиллагаагаа эхэлсэн юм. Тус хөтөлбөрт хамрагдахаар 100 гаруй залуус өргөдөл ирүүлснээс 16 оролцогч шалгарч, эрчимжүүлсэн сургалтад хамрагдан Баянхонгор, Дорнод, Хөвсгөл, Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул зэрэг аймгийн ерөнхий боловсролын сургуульд багшлахаар болоод байна.
Монголын Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлж буй зургаан сэргэлтийн нэг нь Хот, хөдөөгийн сэргэлт. Хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг бий болгох, Улаанбаатар хотын түгжрэлийг багасгах зорилтын хүрээнд яам, тамгын газрууд салбар бүрийн мэргэжилтнийг хөдөө орон нутагт ажиллах боломжийг олгоход онцгойлон анхаарч буй бөгөөд тус хөтөлбөр нь энэ бодлогын нэг хэсэг юм.
Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа,
-Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хот хөдөөг тэнцвэртэй хөгжүүлэх, Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах бодлогыг хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд яам, тамгын газрууд салбар бүрийн мэргэжилтнийг хөдөө орон нутагт илгээх бодлогод онцгойлон анхаарч байгаа. Хот, хөдөөгийн тэнцвэрийг хангахад  орон нутаг, хотын алслагдсан дүүрэг, хороодын эрүүл мэнд, боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх нь хамгийн чухал.
Тиймээс Ерөнхий сайдын Ажлын албанаас “Teach for Mongolia” хөтөлбөрийг дэмжин хамтран ажиллаж байна.  Эхний ээлжийн 16 багш хөдөө орон нутагт багшлахаар зорьж байна. Хөтөлбөр эхлэх үед 100 гаруй багш бүртгүүлсэн. Эндээс бодлогын түвшинд дэмжлэг үзүүлбэл залуучууд орон нутагт ажиллах сонирхолтой байгаа нь харагдаж байна.
Энэ хичээлийн жилд орон нутагт 1000 гаруй багш дутагдалтай байна. Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын Ерөнхий газар, МУБИС-тай хамтран  хөрвөх чадвартай багш бэлтгэх загвар хөтөлбөр боловсруулсан. Ирэх жилээс илүү олон багш бэлтгэнэ” гэж ярилаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хөдөө, орон нутагт ажилллах эдгээр залуустай уулзаж, багш нарт хамгийн хэрэгцээтэй зөөврийн компьютер, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ. “Залуус та бүхэн мэргэжлээрээ ажиллаад зогсохгүй орон нутагтаа соёл түгээгч болон түүчээлнэ. Хөтөлбөрт оролцож байгаа залуусын зарим нь багшаас өөр мэргэжилтэй. Тэднийг МУБИС-тай хамтарч багшлах эрх олгох бакалаврын хөтөлбөрт 100 хувийн тэтгэлэгтэйгээр хамруулж байна. Цаашлаад Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, гадаадын их дээд сургуулиудад тэтгэлэгтэй сургах боломжийг ч судалж байгаа” гэж хэлээ.
“Илгээлтийн багш” нийтэд үйлчилдэг төрийн бус байгууллага нь нийслэлийн алслагдсан дүүрэг, хороод, хөдөө, орон нутагт нэн шаардлагатай байгаа багшлах боловсон хүчнийг бэлдэх замаар боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна. Энэ хүрээнд боловсролын салбарт өөрчлөлтийн салхи авчрах салбар салбарын манлайлагч залуусыг багш мэргэжлээс үл хамаарч сонгон шалгаруулж хоёр жилийн хугацаанд ерөнхий боловсролын сургуульд багшлах боломжоор хангах юм.
2022-2023 оны хичээлийн жилд Боловсрол, Шинжлэх ухааны яам, Боловсролын Ерөнхий газартай хамтран орон нутагт дутагдалтай байгаа багшийн орон тоонд тулгуурлан залуусыг багшийн ажлын байраар хангаж байна.
Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь орон нутаг, нийслэлийн алслагдсан дүүргийн сургуулийн сурагчдын боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах нөгөө талаар боловсролын салбар дахь манлайлагч залуусыг бэлтгэх зорилготой юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Д.Критенбринк-ийг 2022 оны наймдугаар сарын 24-ний өдөр хүлээн авч уулзав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд хоёр улс ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд суурилсан Стратегийн түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлээд, Монгол Улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын XV Улс төрийн зөвлөлдөх уулзалт, анхдугаар Стратегийн яриа хэлэлцээг энэ өдөр зохион байгуулсанд баяртай байгаагаа цохон тэмдэглэв. Цаашид Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа-2050,” “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд АНУ-тай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, энэ хүрээнд хувийн хэвшил хоорондын түншлэлийг дэмжих, хөрөнгө оруулалт, иргэд хоорондын хэлхээ холбоог нэмэгдүүлэхэд ач холбогдол өгч байгааг онцлов.

АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах ТНБД Д.Критенбринк Ерөнхий сайдыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, АНУ-ын Засаг захиргаа Монгол Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд өндөр ач холбогдол өгдөг болохыг онцлоод, цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг сэргээгдэх эрчим хүч, байгаль орчны хамгаалал, сайн засаглал, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах чиглэлд хамтран ажиллахад анхаарч байгааг тэмдэглэв.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-тай хөгжүүлж буй Стратегийн түншлэлээ бататган бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Засгийн газрын зүгээс бүх талаар дэмжиж, бодит үр дүнд хүрэхийн төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны наймдугаар сарын 17-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

Үндэсний цахим шуудангийн системээр дамжуулан иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээж авна

Үндэсний цахим шуудангийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Төрийн байгууллагууд иргэдийн гомдол, өргөдлийг биечлэн, цахим сүлжээгээр, байгууллагын албан ёсны цахим шуудан, Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв, тусгай дугааруудаар хүлээн авч байна. Эдгээр арга хэрэгсэл нь тухайн иргэнийг мөн эсэхийг таньж баталгаажуулах боломжгүй байгаагаас зарим тохиолдолд бусдын мэдээллийг ашиглан хуурамч мэдээ, мэдээлэл өгөх эрсдэл гарч буйг салбарын сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан танилцуулгадаа дурдаж байв.

Тэрбээр “Монгол Улсын үндэсний цахим шуудангийн системийг өнөөдрөөс нэвтрүүлж эхэлж байна. Тодруулбал, 16 наснаас дээш иргэд “И-Mонголиа” системээр дамжуулан и-мэйл хаягтай болж байна. Ухаалаг гар утас хэрэглэж байгаа 3.8 сая хэрэглэгч Монгол Улсад байгаагаас 1.5 сая нь “И-Mонголиа” системийг ашиглаж байна. Үндэсний цахим шуудангийн гол давуу тал нь, иргэн шууд төртэй харьцана. Төр ч иргэнтэй шууд харьцана. Өнөөдрийн байдлаар гадаад паспортын хугацаа нь дууссан 61 мянган хүн байна. Энэ хүмүүст паспортын хугацаа дууссан гэх сануулгыг и-мэйлээр өгч байгаа. Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх цахим шуудангийн тогтолцоонд Монгол Улс албан ёсоор шилжиж байна. Заавал яам, тамгын газрын үүд сахих шаардлагагүй боллоо” гэлээ.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 23.3-т “иргэн, хуулийн этгээдэд иргэний хуулийн этгээдийн бүртгэлийн дугаараар үндэсний цахим шуудангийн хаягийг үүсгэнэ” гэж заажээ. Өнөөдрийн байдлаар танилт, нэвтрэлтийн системд бүртгэлтэй 1,600,000 гаруй иргэнд тус системийг ашиглан төрөл бүрийн мэдээлэл, мэдэгдлийг төрийн үйлчилгээний нэгдсэн “И-Монголиа”  системээр дамжуулан хүргэх, иргэнийг таньж баталгаажуулсан үндэсний цахим шуудангийн хаягаас өргөдөл, гомдол хүлээн авах, хариу хүргүүлэх боломж бүрдээд байна.  Тодруулбал, иргэд төрийн байгууллагад өргөдөл, гомдол гаргахдаа заавал биечлэн эсхүл утсаар өгдөг байсан бол энэхүү системээр дамжуулан төрийн байгууллагад өргөдөл, гомдол гаргах, хариуг хүлээн авах боломжтой болсон гэсэн үг.

Үүнтэй холбогдуулан энэ системээр дамжуулан чиг үүргийн хүрээнд иргэдэд шаардлагатай мэдээлэл, мэдэгдэл хүргүүлэх, өргөдөл, гомдлыг хүлээн авч хариу хүргүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, хууль хяналтын байгууллагын удирдлага, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, уг үйлчилгээнд дэмжлэг үзүүлж ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгаланд даалгалаа.

Геодези зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо

Геодези зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болжээ.

Энэ хуулийг 1997 онд баталснаас хойш 11 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, 16 зүйл, 41 хэсэг, заалт өөрчлөгдөн, хоёр хэсэг шинээр нэмсэн байна. Бусад хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан энэ хуулийг өөрчлөх, шинэчлэн найруулах шаардлага үүссэн гэдгийг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хэллээ. Тэрбээр “Геодези бол улс орны хөгжлийн үндсэн суурь. Геодезийн тоон үзүүлэлт дээр суурилж бүтээн байгуулалт явагддаг. Улаанбаатар хотод өнгөрсөн хугацаанд 360 гаруй геодезийн цэг тэмдэг байсан. Өмнөх 30 гаруй жилийн хугацаанд маш олон барилга баригдаж, зам тавигдсанаас дээрх цэг тэмдгийн тал нь устаж үгүй болсон. Энэ бүхэн хот төлөвлөлтөд сөргөөр нөлөөлж байдаг. Тиймээс геодезийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах шаардлага үүссэн. Шинэ хуулийн өөрчлөлтөөр тогтолцоог нарийвчилж, мэдээллийн санг нэгтгэж байна. Хоёрдугаарт, мэдээллийг нийтийн болон тусгайлсан гэж ангилдаг болно. Ингэснээр зарим нууцлалтай газрын зураг, мэдээллийг ил болгож иргэн, аж ахуйн нэгж ашиглах боломж бүрдэнэ. Төрийн байгууллагуудын үүрэг, оролцоог нарийвчилж тусгаж өгсөн. Монгол Улс нутаг дэвсгэрийнхээ 45 орчим хувийг 25 мянгын нарийвчлалтай масштаб зургаар хийж гүйцэтгэсэн байдаг. Үлдсэн 55 орчим хувийг хийж гүйцэтгэх ёстой. Энэ зураг байснаар томоохон төслүүдийн нарийвчилсан зургууд гарч, хэрэгжих үндэс суурь болох юм” гэлээ.

Шинэчлэн найруулсан Геодези, зураг зүйн тухай хуулийн төслийг 6 бүлэг, 33 зүйл, 171 хэсэг, 244 заалттай байхаар боловсруулаад байна.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 48.9 хувьтай байна

“Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцыг энэ оны хагас жилийн байдлаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт эхний хагас жилийн байдлаар 48.9 хувьтай байна. Хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор удирдлага, зохион байгуулалтаас хамаарч удаашралтай байгаа зорилт, арга хэмжээг энэ оны жилийн эцсийн зорилтот түвшинд хүргэх, санхүү, хөрөнгө оруулалтаас шалтгаалан удаашралтай байгаа зорилт, арга хэмжээг улсын төсвөөс гадна гадаадын зээл, тусламж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татах замаар хэрэгжүүлэх боломж, нөхцөлийг судалж, шийдвэрлэхийг даалгалаа. Мөн УИХ-д 2022 онд өргөн мэдүүлэхээр заасан хууль тогтоомжийн төслүүдийг энэ онд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн мэдүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болгосон юм.

“Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө” нь манай улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй 100 хувь уялджээ. Уг төлөвлөгөө 6 бүлэг, 23 зорилго бүхий 300 төсөл, арга хэмжээтэй батлагдсан бөгөөд энэ оны эхний хагас жилийн байдлаар биелэлт 47.6 хувьтай байна. Төсөл, арга хэмжээний биелэлтийн тайланд тухайн жилийн ажлын гүйцэтгэлд зарцуулсан хөрөнгийн хэмжээ, шалгуур үзүүлэлтийг хангасан байдал, гаргасан үр дүнг тодорхой тусган бүрэн тайлагнаж байхыг Засгийн газрын гишүүд, холбогдох агентлагийн дарга нарт даалгалаа.

Товч мэдээ:

  • “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ын төслийн ажлыг удаашруулсан Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
  • “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн эхний үе шатны хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн тайланг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхланд баримт бичгийн 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнг эрчимжүүлэн сайжруулахад урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичгүүдийн хоорондын уялдаа, нэгдсэн арга зүй, удирдамжаар ханган ажиллахад анхаарч, хэрэгжилтийг жил бүр Засгийн газарт танилцуулахыг даалгалаа.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжиж буй төслүүдийн явцтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар холбогдох албаны хүмүүсийн хамт танилцлаа.

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт 6 байршлын 24 хэсэгчилсэн талбайд гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 4 байршлын 19 хэсэгчилсэн талбайд хэрэгжиж байна.

Одоогоор Баянзүрх дүүргийн XII хорооны хэсэгчилсэн А талбайд 225, хэсэгчилсэн В талбайд 384 айлын орон сууц ашиглалтад оржээ. Төсөл үргэлжилж байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн хэсэгчилсэн А талбайд 330, хэсэгчилсэн Б талбайд 320 айлын орон сууц нэмж ашиглалтад орох юм.

Дараа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжиж буй “Оргил” төслийн явцтай танилцлаа.

Тус дүүрэгт 7 байршил, 12 хэсэгчилсэн талбай, 199.6 га газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх юм. Үүнээс дүүргийн 7 хорооны нутаг дэвсгэрийн хэсэгчилсэн 4 талбайд 6 төсөл хэрэгжүүлэгч дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд нийт 15 блок 846 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулжээ.

Сонгинохайрхан дүүргийн XXIII хорооны нутаг дэвсгэрт 24 га газрыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлаар баталсан. Уг хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчээр “Шинэ барилга” компани шалгарч, 3654 айлын орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга барихаар төлөвлөн ажлаа эхлүүлээд байна.

Тус компани 24 га талбайд “Оргил” төслийг хэрэгжүүлж, эхний ээлжийн 1 блок 126 айлын орон сууцыг ашиглалтад оруулжээ. Төсөл үргэлжилж, 378 айлын орон сууц нэмж ашиглалтад орно.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд УИХ-аас анх удаа нийслэлд 420 тэрбум төгрөгийн төсөв баталсан. Өнөөдөр улсын төсвийн хөрөнгө оруулалт хэрхэн зарцуулагдаж байгаатай танилцлаа. Сингапур Улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Ирэх сард тус зөвлөлөөс холбогдох мэргэжилтнүүд ирнэ. Үүнээс өмнө нийслэлийн удирдлагууд, холбогдох яамд хамтарч гэр хорооллыг хөгжүүлэх концепцийг дахин төлөвлөх үүрэг даалгавар өгч байна. Гэр хороолол хаус хороолол болж хөгжих бүрэн боломжтой. Энэ тохиолдолд хэсэгчилсэн дэд бүтцийг шийдвэрлэх шаардлага үүснэ. Тиймээс Сингапурын мэргэжилтнүүдээр хэсэгчилсэн дэд бүтцийн үнэлгээ хийлгэнэ. Мөн бусад дэд бүтэц, гэр хорооллын стандартыг сайжруулах дэд хөтөлбөрийг Сингапур Улстай хамтран хэрэгжүүлнэ” гэв.

Нийслэлийн 28 байршил 85 хэсэгчилсэн талбайд гэр хорооллыг орон сууцжуулахаар НИТХ-аас баталсан. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 19 байршлын 57 хэсэгчилсэн талбайд 20,536 өрх төсөлд хамрагдаад байна.

Хэсэгчилсэн талбайд үе шаттайгаар төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулснаар ерөнхий төлөвлөлтийн дагуу нийгмийн дэд бүтэц болон ногоон байгууламж бүхий цогцолбор хороолол барьж, эрүүл аюулгүй, тав тухтай орчин нөхцөлд амьдрах боломж бүрдүүлж байна.

Гэр хорооллын газрыг орон сууцжуулах төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 2021 оны байдлаар гэр хорооллын 1,706.7 га талбай, 19 байршил, 56 хэсэгчилсэн талбайд 43 компани төсөл хэрэгжүүлж, 2519 нэгж талбар газар чөлөөлж, 11,755 айлын орон сууцыг ашиглалтад оруулан 5000 гаруй янданг буулгаад байна. Мөн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга зэргийг стандартын дагуу барьж ашиглалтад оруулж байгаа юм.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжиж буй төслүүдийн явцтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар холбогдох албаны хүмүүсийн хамт танилцлаа.

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт 6 байршлын 24 хэсэгчилсэн талбайд гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 4 байршлын 19 хэсэгчилсэн талбайд хэрэгжиж байна.

Одоогоор Баянзүрх дүүргийн XII хорооны хэсэгчилсэн А талбайд 225, хэсэгчилсэн В талбайд 384 айлын орон сууц ашиглалтад оржээ. Төсөл үргэлжилж байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн хэсэгчилсэн А талбайд 330, хэсэгчилсэн Б талбайд 320 айлын орон сууц нэмж ашиглалтад орох юм.

Дараа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжиж буй “Оргил” төслийн явцтай танилцлаа.

Тус дүүрэгт 7 байршил, 12 хэсэгчилсэн талбай, 199.6 га газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх юм. Үүнээс дүүргийн 7 хорооны нутаг дэвсгэрийн хэсэгчилсэн 4 талбайд 6 төсөл хэрэгжүүлэгч дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд нийт 15 блок 846 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулжээ.

Сонгинохайрхан дүүргийн XXIII хорооны нутаг дэвсгэрт 24 га газрыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлаар баталсан. Уг хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчээр “Шинэ барилга” компани шалгарч, 3654 айлын орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга барихаар төлөвлөн ажлаа эхлүүлээд байна.

Тус компани 24 га талбайд “Оргил” төслийг хэрэгжүүлж, эхний ээлжийн 1 блок 126 айлын орон сууцыг ашиглалтад оруулжээ. Төсөл үргэлжилж, 378 айлын орон сууц нэмж ашиглалтад орно.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд УИХ-аас анх удаа нийслэлд 420 тэрбум төгрөгийн төсөв баталсан. Өнөөдөр улсын төсвийн хөрөнгө оруулалт хэрхэн зарцуулагдаж байгаатай танилцлаа. Сингапур Улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Ирэх сард тус зөвлөлөөс холбогдох мэргэжилтнүүд ирнэ. Үүнээс өмнө нийслэлийн удирдлагууд, холбогдох яамд хамтарч гэр хорооллыг хөгжүүлэх концепцийг дахин төлөвлөх үүрэг даалгавар өгч байна. Гэр хороолол хаус хороолол болж хөгжих бүрэн боломжтой. Энэ тохиолдолд хэсэгчилсэн дэд бүтцийг шийдвэрлэх шаардлага үүснэ. Тиймээс Сингапурын мэргэжилтнүүдээр хэсэгчилсэн дэд бүтцийн үнэлгээ хийлгэнэ. Мөн бусад дэд бүтэц, гэр хорооллын стандартыг сайжруулах дэд хөтөлбөрийг Сингапур Улстай хамтран хэрэгжүүлнэ” гэв.

Нийслэлийн 28 байршил 85 хэсэгчилсэн талбайд гэр хорооллыг орон сууцжуулахаар НИТХ-аас баталсан. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 19 байршлын 57 хэсэгчилсэн талбайд 20,536 өрх төсөлд хамрагдаад байна.

Хэсэгчилсэн талбайд үе шаттайгаар төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулснаар ерөнхий төлөвлөлтийн дагуу нийгмийн дэд бүтэц болон ногоон байгууламж бүхий цогцолбор хороолол барьж, эрүүл аюулгүй, тав тухтай орчин нөхцөлд амьдрах боломж бүрдүүлж байна.

Гэр хорооллын газрыг орон сууцжуулах төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 2021 оны байдлаар гэр хорооллын 1,706.7 га талбай, 19 байршил, 56 хэсэгчилсэн талбайд 43 компани төсөл хэрэгжүүлж, 2519 нэгж талбар газар чөлөөлж, 11,755 айлын орон сууцыг ашиглалтад оруулан 5000 гаруй янданг буулгаад байна. Мөн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга зэргийг стандартын дагуу барьж ашиглалтад оруулж байгаа юм.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Хөшигийн хөндийд шинэ хот байгуулж, эдийн засгийн төрөлжсөн бүс байгуулах их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм Монгол ахан дүүсээ,

Хүндэт Баялаг бүтээгчид, олон улсын хөрөнгө оруулагчдаа!

Монгол Улс өнөөдөр “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хөшигийн хөндийд шинэ хот байгуулж, эдийн засгийн төрөлжсөн бүс байгуулах их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байгаагаа зарлаж байна.

Газрын дээрх шинэ хотыг сүндэрлүүлэхийн тулд газар доорх инженерийн дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэх учиртай. Тийм ч учраас Монгол Улсын Засгийн газраас манлайлал үзүүлж, Хөшгийн хөндийн дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, Засгийн газрын байгууллагуудыг үе шаттайгаар Хөшгийн хөндийд нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасныг дуулгахад таатай байна.

Хөшгийн хөндийд баригдсан шинэ онгоцны буудлын бүтээн байгуулалт, дэд бүтэц, зураг төслийн ажил бүрэн дуусч, газар шорооны ажил эхлэхэд бэлэн болсон Богдхаан төмөр замын бүтээн байгуулалт зэрэг олон давуу тал Хөшгийн хөндийд сүндэрлэх шинэ хот уруу хөрөнгө оруулалт эрчимтэй татагдах соронзон орон үүсгэж чадна гэдэгт итгэлтэй байна.

Монголчууд бид өмнө нь Дархан, Эрдэнэт, Багануур, Налайх, Бор-Өндөр, Чойбалсан зэрэг аж үйлдвэрийн олон хотыг сүндэрлүүлж чадсан түүхтэй. Харамсалтай нь,  өнгөрсөн 30 жилийн хугацаанд нэг ч шинэ суурьшлын бүс, шинэ хотыг байгуулж чадаагүй нь бодит үнэн билээ.

Урт хугацаагаар системтэй төлөвлөж чадаагүйгээс, засаглалын хэт тогтворгүй байдлаас, бодлогын залгамж чанар алдагдсанаас, сонгуулиас сонгуулийн хооронд хоосон хүлээлт үүсгэсэн бодит биш амлалтуудаас үүдэж, монголчууд бид өнөөдөр 1 хүнд ногдох газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд нэгт жагсдаг ч нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг нийслэл Улаанбаатар хотдоо төвлөрөн амьдарч байна.

Их, дээд сургуулиудын 90, худалдаа үйлчилгээний 86, нийт хадгаламжийн 81, бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 76 хувь нийслэлд төвлөрч, Дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувийг Улаанбаатар хот дангаараа үйлдвэрлэдэг болсон байна.

Жил бүр дунджаар нэг аймгийн оршин суугчидтай дүйцэх хэмжээний хүн ам нийслэлд шилжин суурьшиж, 70-80 мянга гаруй авто машин замын хөдөлгөөнд шинээр нэмэгдэн орж байна. Нэг үгээр хэлбэл, Монгол Улс нэг хот-улс болжээ.

Суусан хотоо алхаатай хот болгож, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг бий болгох “Шинэ сэргэлтийн бодлого”-ын дагуу өнөөдөр Хөшигийн хөндийд шинэ хотыг цогцлоох ажлыг ийнхүү эхлүүлж байна. Цаашид ч Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Өвөрхангай аймагт, Нийслэлийн захын дүүрэг болох Багануур, Налайхыг түшиглэсэн шинэ суурьшлын бүсүүдийг Засгийн газар бодлогоор дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж, хувийн хэвшил, олон улсын хөрөнгө оруулалтыг татах эрхзүйн орчныг бүрдүүлэх болно.

Хөшигийн хөндийн энэхүү бүтээн байгуулалт зөвхөн шинэ суурьшлын бүс төдийгүй Эдийн засгийн тусгай бүс, тээвэр логистикийн бие даасан зангилаа хот болон хөгжих бүрэн боломжтойг өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн судалгаа нотолж байна.

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого” бол хоосон зорилт биш юм аа. “Шинэ сэргэлтийн бодлого” бол бодит төслүүд юм. Нэг үгээр хэлбэл, эхлэх, дуусах хугацаатай, хөрөнгө оруулалтын үнэлгээтэй, тооцоо судалгаанд үндэслэсэн Прагматик бодлого юм. Бид улс үндэстнээрээ популист хандлагаас прагматик шийдэл уруу орох цаг болжээ.

Хэдийгээр дэлхий нийтээр цар тахалтай, дайн тулаантай, хүйтэн дайны нөхцөл байдал эргэн сэргэсэн амаргүй цаг үе боловч “Шинэ сэргэлтийн бодлого” бодитой хэрэгжиж байна. Энэ хүрээнд Боомтын сэргэлт эрчимжиж, Монгол Улс төмөр замын экспортын 4 шинэ гарцтай болох их бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Боомтуудыг авто замаар холбох ажил ч жигдэрч, улс орны өнцөг булан бүрт энэ  бүтээн байгуулалтын ажил эхлэлээ. Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажил эхлэхэд бэлэн болж, Эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлэх бэлтгэл ажил эрчимжиж байна. Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт графикийн дагуу өрнөж, гадаад харилцаа идэвхжиж, хөрөнгө оруулагчдын сонирхол илт сэргэж байна.

Өнөөдөр Та бид хамтдаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот хөдөөгийн сэргэлтийн зорилтын хүрээнд Хөшигийн хөндийд шинэ хот цогцлоох их бүтээн байгуулалтын инженерийн дэд бүтцийн ажлыг эхлүүлэх түүхэн мөчийн гэрч болцгоож байна.

Монголчууд бид эвлэлдэн нэгдэж, ирээдүйн хөгжлийн төлөө бүх хүч, мэдлэг, авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориг бадрангуй зориулна гэдэгт итгэл төгс байна.

“Шинэ сэргэлтийн бодлого”-оо бүх нийтээрээ манлайлан хэрэгжүүлж,

Монгол Улс мандан бадрах болтугай!

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.