“Алсын хараа-2050”, “Шинэ  сэргэлтийн бодлого”-ын Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, дагуул хот, шинэ суурьшлын бүс байгуулах зорилт тусгагдсан. Энэ хүрээнд өнөөдөр “Хөшигийн хөндийн шинэ суурьшлын бүс”-ийн инженерийн дэд бүтцийн ажлыг эхлүүлж байна. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүдийн хамт оролцлоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс өнөөдөр “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хөшигийн хөндийд шинэ хот байгуулж, эдийн засгийн төрөлжсөн бүс байгуулах их бүтээн байгуулалтыг эхлүүлж байгаагаа олон улсад зарлаж байна.  Цаашид Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Өвөрхангай аймаг, нийслэлийн захын дүүрэг болох Багануур, Налайхыг түшиглэсэн шинэ суурьшлын бүсүүдийг Засгийн газар бодлогоор дэмжин дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж, хувийн хэвшил болон олон улсын хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчинг бүрдүүлнэ. Хөшигийн хөндийн энэхүү бүтээн байгуулалт зөвхөн шинэ суурьшлын бүс төдийгүй эдийн засгийн тусгай бүс, тээвэр логистикийн бие даасан зангилаа хот болон хөгжих бүрэн боломжтой. Шинэ суурьшлын бүсийг тойроод Богдхан төмөр зам явж, тус ажлууд уялдаж байгаа” гэв.

Монгол Улс 1980 оноос хойш шинэ хот бариагүй. 40 жилийн дараа дахин хот байгуулах төлөвлөлтийг ийнхүү хийж байна.  Шинэ суурьшлын бүсийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын хүрээнд эхний ээлжинд усан болон цахилгаан хангамжийн эх үүсвэрийн барилга угсралтын ажил эхэлж байна.

Энэ үеэр Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Шинэ суурьшлын бүсийн төлөвлөлтийн ажлын зураг эцэслэгдэн батлагдаж, техникийн шийдэл, төсөв хөрөнгө оруулалтыг гаргасан. Ажлын зураг гарсантай холбоотой энэ жил 30 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгасан. Энэ дагуу онгоцны буудлын урд байгаа таван усан худгаас инженерийн шугам сүлжээ хийх ажлыг эхлүүлж байна. Мөн 35 кВт-ын цахилгааны шугам татах ажил өнөөдөр эхэлж байна. Засгийн газраас энэ ажлыг эрчимжүүлэх хүрээнд ирэх оны улсын төсөвт 200 гаруй тэрбум төгрөгийг үе шаттайгаар тусгахаар төлөвлөж байна” гэлээ.

Шинэ суурьшлын бүсийн нээлтэд хувийн хэвшлийг төлөөлж “Таван Богд” группын ерөнхийлөгч Ц.Баатарсайхан оролцож үг хэлэв. Тэрбээр, “Шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэхэд аж ахуйн нэгжүүд дэмжин оролцоно гэдэгт итгэлтэй байна. Манай компанийн зүгээс энэ орчимд үйлдвэр барьж байгуулан, 4000 ажлын байр бий болгохоор төлөвлөж байна” гэсэн юм.

Хөшигийн хөндийн шинэ суурьшлын бүсэд эхний ээлжинд 35 мянган хүн суурьшуулах тооцоо хийжээ. 2040 он гэхэд 150 мянган хүн суурьшсан бизнес, аялал жуулчлал, тээвэр логистик, үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжсөн засаг захиргаа, соёл, боловсрол, эрүүл мэнд, эдийн засгийн идэвхжил өндөр бүс нутаг болж хөгжинө.

Засгийн газрын хуралдаанаар  /2022.08.10/ Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд төр захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх шийдвэрийг албажуулсан юм.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Соёлын яамнаас зохион байгуулж буй “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль өнөөдөр эхэлж байна. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо.

Соёлын өвийг хамгаалах тухай хуульд соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор гурван жил тутамд улсын хэмжээнд соёлын биет бус өвийн их наадмыг зохион байгуулна гэж заажээ. Энэ хүрээнд “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль болж буй юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
“Соёлын салбар авьяас, мэдлэгт суурилсан эдийн засгийн бие даасан салбар болж чадсан цагт л үндэсний нэгдмэл үнэт зүйлийн бодит илэрхийлэл, хөгжил дэвшлийн суурь болох боломж бүрдэхийг дэлхийн жишээ нотлон харуулсаар байна. Үүнийг бид соёлын бүтээлч үйлдвэрлэл гэж тодорхойлдог.
Оюун санаа, соёл урлаг бол хил хязгаар, орон зайнаас үл хамаардаг хэзээ ч үл шавхагдах баялаг. Тийм ч учраас дэлхий дахинд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбар эдийн засгийн тэргүүлэх чиглэл болж, жил бүр 2.2 их наяд ам.долларын баялаг бүтээж, 30 гаруй сая хүнийг ажлын байраар хангаж, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 10 орчим хувийг бүрдүүлж байна.


Гэтэл манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний дөнгөж 0.4 хувийг соёл урлагийн салбар бүрдүүлж байгаа нь дэлхий дахины хөгжлөөс хоцорсон туйлын хангалтгүй үзүүлэлт, олон жил соёл урлагийн салбарыг дэмжээгүй орхигдуулсны үр дүн юм.
Монгол Улс далайд гарцгүй орон. Харин соёл урлагийн салбараар дэлхийд гарцтай болох бүрэн боломж бий. “The Hu” хамтлаг үндэсний урлаг, соёл, түүхээрээ дэлхий дахинд шинэ давлагаа болон алдаршиж, эх орноо сурталчлан таниулж байна.
Монгол Улсын Засгийн газраас соёл урлагийн салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлж, дэлхийд соёлын экспортлогч орон болохын тулд бүхий л дэмжлэгийг үзүүлж, уран бүтээлчид та бүхэнтэй хамтран ажиллана” гэв.
Бүс нутгийн хэмжээнд “нүүдлийн” тодотголтой соёлын фестиваль, наадам 2007 оноос хойш зохион байгуулагдаж, олон улс орныг хамарч байгаа тул Монгол Улс цар хүрээг нь өргөтгөн, олон улсын фестиваль хэлбэрт оруулжээ. Фестивальд нийслэл болон 21 аймгийг хамарсан 1400 гаруй шилдэг оролцогч, өвлөн уламжлагч 3 хүрээ, 30 өртөө дамжин соёлын өв, өөрсдийн орон нутгийн онцлог бүхий соёлын өвөө сурталчлан танилцуулах юм.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 11100 орчим соёлын биет бус өв тээгчид байдаг. Үүнээс Засгийн газрын 2019 оны тогтоолоор 102 өвлөн уламжлагчийг Үндэсний жагсаалтад бүртгэжээ. Соёлын яамнаас соёлын биет бус өвийг хамгаалах, хөгжүүлэхтэй холбоотойгоор энэ жил бүсчилсэн судалгааны ажлуудыг эхлүүлжээ.

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль
энэ сарын 12-14-нд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт болж байна.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны наймдугаар сарын10-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

Хувийн цэцэрлэгүүдэд хамран сургах тойргийн нийт 10330 хүүхдийг нэмэлтээр элсүүлэн сургана

Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа цогц арга хэмжээний талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын гишүүдэд танилцуулав.

Энэ ажлын хүрээнд ачаалал өндөртэй байршилд хувийн цэцэрлэгүүдэд хамран сургах тойргийн нийт 10330 хүүхдийг нэмэлтээр элсүүлэн сургахаар урьдчилан тохиролцож, нэг хүүхдэд ногдох талбайн хэмжээг бууруулан хувьсах зардлыг 2 дахин нэмэгдүүлж, хоолны зардлын хамт санхүүжүүлэхээр гэрээ хийж эхэлжээ. Мөн цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх болон худалдан авах байршлуудыг судалж, шаардлага хангасан байруудын засвар, тохижилтын ажлыг эхлүүлээд байна. Тодруулбал, цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх 83 байранд 8750, цэцэрлэгийн зориулалтаар тохижуулсан орон сууцны хороолол, хотхоны доод давхрын 14 байранд 1175, цэцэрлэгийн зориулалтаар баригдсан болон засварлаж, тохижуулсан бие даасан 7 байранд 1165 хүүхдийг тустус хамруулахаар холбогдох тушаал шийдвэрийг үе шаттай баталгаажуулаад байна.

Түүнчлэн орчин үеийн дэвшилтэт технологийн гэр цэцэрлэгийн зураг төслийг боловсруулж, ачаалал ихтэй 13 байршилд тус бүр 100 хүүхдийн хүчин чадалтай гэр цэцэрлэгийг богино хугацаанд байгуулж, 1200 хүүхдийг хамруулахаар салбарын яамнаас тооцжээ. Хүүхэд харах үйлчилгээнд 2000 хүүхэд хамруулахаар төлөвлөсөн бөгөөд одоогоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт 50 гаруй иргэнээс хүсэлт ирээд байна.

Энэ оны наймдугаар сарын 5-ны өдрийн байдлаар 24620 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломж бүрдүүлээд байгааг Л.Энх-Амгалан сайд Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Үүнтэй холбогдуулан нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд батлагдсан хөрөнгийн эх үүсвэрийг үр дүнтэй зарцуулж, ажлын үр дүнг 2022 оны есдүгээр сарын 5-ны өдрийн дотор багтаан танилцуулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд, энэ чиглэлд хийгдэх үйл ажиллагаа гэрчимжүүлж, нийслэлийн дүүргийн Засаг дарга нарын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт тус тус даалгалаа.

80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй төсөл, арга хэмжээний ажлыг эрчимжүүлж, 2022-2023 оны хичээлийн жилд ашиглалтад оруулахыг даалгалаа

Боловсрол, шинжлэх ухааны салбарт төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа зарим төсөл, арга хэмжээнд үүссэн нөхцөл байдлын талаар салбарын сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Цар тахлын нөхцөл байдлаас хамаарч дотоодын зах зээлд барилгын материал, түүхий эдийн үнэ болон ажиллах хүчний зардлын өсөлт зэргээс үүдэж төсвийн хөрөнгөөр санхүүжиж байгаа зарим хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний хэрэгжилтийн явц удаашралтай байна.

Боловсрол, шинжлэх ухааны салбарт 2022 оны төсвийн жилд нийт 1,465.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, тухайн жилд санхүүжих дүн 356.9. тэрбум төгрөг бүхий 430 төсөл, арга хэмжээ хэрэгжиж буй юм. Салбарын хэмжээнд энэ оны наймдугаар сарын 1-ний байдлаар 80 хувиас дээш гүйцэтгэлтэй нийт 305.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 2022 онд олгох санхүүжилт нь 62.6 тэрбум төгрөг бүхий 86 төсөл, арга хэмжээ байна. Барилга угсралтын ажлын явц нь 80 хувиас дээш гүйцэтгэлтэй бөгөөд 2022 оны есдүгээр сард ашиглалтад орох боломжтой 47 төсөл, арга хэмжээнээс 19 нь Улаанбаатар хотод байршилтай байна. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд 1690 хүүхдийн хүчин чадалтай 8 цэцэрлэг, 520 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор 2, 3840 хүүхдийн хүчин чадалтай 6 сургууль, спорт заал, их, дээд сургуулийн хичээлийн байр, дотуур байр тус бүр 1 ашиглалтад орохоор байгаа аж.

Үүнтэй холбогдуулан боловсрол, шинжлэх ухааны салбарт төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа 80 хувиас дээш гүйцэтгэлтэй төсөл, арга хэмжээний ажлыг эрчимжүүлж, 2022-2023 оны хичээлийн жилд бүрэн ашиглалтад оруулах талаар хууль тогтоомжийн хүрээнд зохих арга хэмжээг авч, дүнг танилцуулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.

Хилийн боомтын бүс орчмын улсын хилийн зурваст газар ашиглуулахдаа зураг төсөл, бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулна

Хилийн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөлтийн ажлын явцын талаар Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Улсын төсөв, зээл тусламжийн санхүүжилтээр нарийвчилсан зураг төслийн ажил хийгдэж буй 10, өргөтгөл, шинэчлэлт хийж байгаа 6 боомт байна.
Боомтуудын ачаа болон зорчигч тээврийн нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Гашуунсухайт хилийн боомтод “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой”, “Энержи Ресурс” компани хамтарч 30 га талбайд автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминалыг “Смарт Эко транс” компанийн 66 га талбайд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барьж ашиглалтад оруулаад байгаа юм.

Мөн боомтуудын төмөр зам, авто замаар үе шаттай бүрэн холбож, тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ачаа тээврийн урсгалыг сайжруулж, цаашид транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд Ханги, Цагаандэл Уул, Бургастай, Ульхан, Хавирга, Баянхошуу, Бичигт, Ханх, Цагааннуур, Даян зэрэг 10 боомтыг хатуу хучилттай авто замаар, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги, Хөөт-Бичигт, Арцсуурь-Шивээхүрэн гэсэн 4 боомтыг төмөр замаар холбохоор төлөвлөсөн. Эндээс Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги чиглэлийнтөмөр замын бүтээн байгуулалтыг 2022 онд багтаан дуусгахаар ажиллаж байна. Харин Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийг2022 оны долдугаар сард эхлүүлээд байгаа юм.

Танилцуулгатай холбогдуулан дараах үүрэг чиглэлийг Ерөнхий сайд өгсөн юм.

1. Хилийн боомтын бүс орчмын улсын хилийн зурвас газар, улсын тусгай хамгаалалттай газар дахь газар олголт, ашиглалтын мэдээллийг нэгтгэн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нарт;
2. Хилийн боомтын бүс орчмын улсын хилийн зурваст газар ашиглуулах асуудлыг хилийн боомтын холбогдох төлөвлөгөө, зураг төсөл, бусад бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулах арга хэмжээ авч ажиллахыг Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхланд;
3. Хилийн боомт, хил орчмын нутаг дэвсгэрийн эдийн засгийн үр нөлөөг дээшлүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах болон улсын хилийн боомт дээр ажилладаг байгууллагуудын чиг үүргийн давхардал, хийдлийн асуудлыг судалж, танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан нарт даалгалаа.

Авто замын төлбөр авах цэгийг цахимжуулна

Манай улс дэлхийн өрсөлдөх чадварын 2017 оны тайланд “Замын чанарын индекс”-ээр дэлхийн 138 улсаас 109 дүгээр байрт, дэд бүтцийн өрсөлдөх чадвараар 64 орноос 62-т эрэмблэгдсэн бөгөөд Монгол Улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо жил бүр өсч, 2026 онд нэг өрхөд ногдох тээврийн хэрэгслийн тооны харьцаа 1/1.7-д хүрэх төлөвтэй байна. Энэ нь одоо байгаа 1.2 сая тээврийн хэрэгслийн тоо 1.6 саяд хүрч 30 хувиар тэлэх буюу цаашид авто зам ашигласны төлбөр, хураамж төлөх хэрэглэгчдийн тоо тогтмол өсөх хандлагатай байна.

Улсын хэмжээнд анхны Төлбөр авах цэгийг 2005 онд байгуулж байжээ. Одоогийн байдлаар олон улс, улсын чанартай хатуу хучилттай авто замд 33 төлбөр авах цэг бүртгэлтэй байгаагаас 2022 оны I улирлын байдлаар 27 төлбөр авах цэг үйл ажиллагаа явуулж буй юм. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд энэ цэгүүд нийт 39.1 тэрбум төгрөгийн орлого олж, 8.8 тэрбум төгрөгийн зардалтай ажиллаж, 30.3 тэрбум төгрөгийн цэвэр орлогыг улсын төсөвт төвлөрүүлжээ. Гэвч төлбөр авах цэгүүдээр нэвтэрч байгаа нийт тээврийн хэрэгслийн 45 орчим хувиас төлбөр авахгүй байна гэх судалгааны дүн байна.

Иймд төлбөр авах цэгийг цахимжуулах үйл ажиллагааг 2019 оноос эхлүүлж Улаанбаатар хот орчмыг тойрсон ачаалал ихтэй Эмээлт, Налайх, Хоолтын төлбөр авах цэгүүдийг цахимжуулжээ.

Цэгүүдийг цахимжуулснаар орлого 30.8 хувиар өсч, ажиллах хүчний зардал 35 хувиар хэмнэгдэх тооцоо гарсан байна. Энэ хүрээнд цахимжуулалтад “ABPR” болон “RFID” хосолсон технологийн шийдлийг сонговол манай орны цаг уурын орчин нөхцөлд тохирно гэж холбогдох албаныхан үзэж байгаа юм. Энэ төслийг хэрэгжүүлэх шийдлийн хувьд 10 жилийн хугацаанд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт менежментээр хэрэгжүүлэхээр тооцжээ.

Иймд Сангийн сайд Б.Жавхлан, Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар нарт төлбөр авах цэгийг цахимжуулахад хувийн хэвшлийн оруулсан хөрөнгийг авто зам, замынбайгууламж ашиглан зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авсан төлбөрийн тодорхой хувиар эргэн төлөх, төлбөр авах цэгийн ашиглалт, үйлчилгээтэй холбогдон гарах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг даалгалаа. Мөн төлбөр авах цэгийг цахимжуулахад хөрөнгө оруулах этгээдийг холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулж, цахимжуулах ажлыг шуурхай гүйцэтгүүлэх, Улаанбаатар хот орчмын төлбөр авах цэгийг энэ оны наймдугаар сарын 25-ны дотор цахимжуулж, ашиглалтад оруулахыг Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт үүрэг болголоо.

Товчхон

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн өнөөгийн нөхцөл байдал, тусгай зөвшөөрлийг цахим хэлбэрээрисонгон шалгаруулалтаар олгох талаар Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд Г.Ёндон Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахыг даалгалаа.

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд төр захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэхтэй холбоотой судалгааг Барилга хот байгуулалтын яамнаас хийж, Засгийн газрын хуралдаанд өнгөрсөн гуравдугаар сард танилцуулсан. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар төр, захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх Засгийн газрын тогтоол албажиж, эцэслэн батлагдлаа. Ирэх баасан гарагт Хөшигийн хөндийнинисэх буудлыг тойрсон инженерийн шугам сүлжээний ажлыг эхлүүлнэ. Үүнд зориулж энэ жилийн төсөвт 30 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  Антонио Гутерреш наймдугаар сарын 8-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Тантай Бээжин-2022 Өвлийн Олимпын наадмаас хойш Монгол Улсад дахин уулзаж байгаадаа баяртай байна гээд НҮБ цар тахлын үед КОВАКС хөтөлбөрийн хүрээнд “AstraZeneca”, “Pfizer” вакциныг цаг алдалгүй нийлүүлснээр манай улс хүн амаа вакцинжуулж, энгийн амьдралын хэмнэлдээ бүрэн шилжсэн Ази-Номхон далайн бүсийн анхны орнуудын нэг болж чадсан гэдгийг дурдлаа.

Мөн тэрбээр “Тантай Бээжингийн Олимпийн үеэр манай улсын анхны усан цахилгаан станцын чухал төсөл болох Эгийн голын усан цахилгаан станцын талаар ярилцаж байсан. Энэ төслийг 2016 оноос БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр барилга угсралтын ажил эхэлсэн ч ОХУ ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд  гомдол гаргаснаар ажил саатсан. Өнгөрсөн хугацаанд хийсэн судалгаагаар энэ төсөл ОХУ-ын Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын усны нөөц горимд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн дүгнэлт гарсан. Мөн манай улс олон улсын тендер зарлаж, Франц Улсын компаниар биологийн нөлөөллийн судалгаа хийлгэж байна. Эдгээр судалгааны дүнг ирэх оны ЮНЕСКО-гийн  Дэлхийн өвийн хорооны хурлаар оруулж шийдвэр гарвал Эгийн голын усан цахилгаан станц төсөл үргэлжлэх боломж бүрдэнэ” гээд Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэх энэ төслийн асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Түүнчлэн “Ковид-19”, олон улсын хямрал, Их гүрнүүдийн зөрчил, бодлогын тулгалт зэрэг нь хөгжиж буй орнуудын эдийн засагт хүндээр тусаж байгаа, дэлхийн санхүүгийн байгууллагуудын уян хатан бодлого, хөнгөлөлтийн гарц юу байж болох талаар ирэх аравдугаар сард болох G-20 уулзалтын үеэр хөндөхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлон тэмдэглэлээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Антонио Гутерреш найрсаг дотноор хүлээн авч уулзсанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд талархал илэрхийлээд хөгжиж буй орнууд эрчим хүчний хараат байдалд байж болохгүй. Тиймээс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн 46 дугаар чуулганаар судалгааны үр дүнтэй танилцаад, НҮБ энэ тал дээр бодлогын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Мөн Монгол Улсын Засгийн газар авлигын индексийг бууруулахын тулд төрийн үйлчилгээгээ цахимжуулж, цахим засаглалд ахиц гаргаж буйг сайшаав.

Монгол Улсын Засгийн газар 2024 он гэхэд төрийн үйлчилгээний 90-ээс доошгүй хувийг “Цахим Монгол” нэгдсэн платформд оруулан, “Дижитал үндэстэн” болох зорилт дэвшүүлээд байгаа юм.

Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хотын хүн амын төвлөрлийг сааруулах, орон нутгийг хөгжүүлэх, тэнд ажлын байр олноор бий болгох бодлого баримталж буй. Энэ хүрээнд НҮБ хот, хөдөөгийн төвлөрлийн үнэлгээ хийж өгөхөөр талууд уулзалтын төгсгөлд тохиролцлоо.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 2022 оны 8 дугаар сарын 7-ны өдөр бараалхав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт болохыг тэмдэглээд, цар тахлын амаргүй үед ч талууд дээд, өндөр түвшний уулзалт, айлчлалын давтамжийг хадгалж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж ирсэнд сэтгэл хангалуун байна гэв.

Цар тахлын дараах эдийн засгаа сэргээх зорилгоор Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан боомтын сэргэлт, эрчим хүчний сэргэлтийн хүрээнд боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, төмөр замын шинэ гарц нээх, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд бий болгох бүтээн байгуулалтын талаар санал солилцов.

Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох асуудлыг эцэслэн тохиролцож, хятадын талд урт хугацаанд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулахаар болов. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн бүтээн байгуулалтыг хоёр тал эрчимжүүлэхээр тохиролцсон байна. Мөн Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох асуудлаарх манай талын хүсэлтийг хятадын тал анхааралдаа авч, үргэлжлүүлэн ажиллахаар болов.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад  хэргийн сайд Ван И Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүлээж авч уулзсанд талархал илэрхийлээд, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны мэндчилгээг уламжлав. Тэрээр, Хятад, Монгол хоёр улс бол уул усаар холбогдсон найрсаг хөрш бөгөөд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа цар тахлын үед ч тасралтгүй өрнөж, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, хамтын ажиллагаа бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж байгаад баяртай байна гэв.

Ван И сайд БНХАУ-аас Монгол Улсын Засгийн газарт олгосон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг түргэтгэхэд Хятадын Засгийн газраас бүхий л талаар дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др Сергей Диордицагийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, нутаг буцаж байгаатай холбоотойгоор хүлээн авч уулзан талархал илэрхийллээ. Тэрбээр манай улсад таван жил ажиллахдаа эрүүл мэндийн салбарт томоохон төслүүдийг хэрэгжүүлж, Монгол Улсын Засгийн газрын бодлогыг дэмжин ажилласан юм.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ковид-19” цар тахалтай тэмцэх амаргүй ажилд Монгол Улсад олон улсын байгууллагуудын дэмжлэг туслалцааг зохицуулахад өндөр хувь нэмэр оруулж, 40 мянган хүний амь насыг болзошгүй эрсдэлээс хамгаалсан танд талархал илэрхийлье гээд цар тахлыг хүндрэл багатай даван туулахад та бүхний оролцоо их байсан гэдгийг хэллээ.

Үүний хариуд Суурин төлөөлөгч Др Сергей Диордица “Амаргүй цаг хугацаанд та бид олон амжилтыг хамтдаа бүтээлээ. Цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол Улс эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх стратегийн алсын хараатай ажиллаж ирсэнд баяр хүргэмээр байна. Таны тэргүүлсэн Засгийн газрын үед энэ ажлыг далайцтай хийж байгаа нь магтууштай. Цар тахлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ тань бусад улс оронд үлгэр жишээ сайн туршлага болсон” гэлээ.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны наймдугаар сарын 03-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

Өр, бондын зарцуулалтыг бүхэлд нь шалгах ажлын хэсэг байгууллаа

Монгол Улсад үүссэн өр, бондын зарцуулалтыг бүхэлд нь шалгах ажлын хэсэг байгуулж, Сангийн сайд Б.Жавхлан ахалж ажиллана. Үүнтэй холбогдуулан Б.Жавхлан сайд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монгол Улс ойрын гурван жилийн хугацаанд дефолт болох эрсдэл үүсээгүй. Засгийн газар 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл нийт 5.2 тэрбум ам.долларын долоон бонд гаргасан. Үүнээс зөвхөн “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллараар төсөл арга хэмжээнүүдийг санхүүжүүлсэн. Бусад бондын хөрөнгийг төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, өмнөх бондын өрүүдийг төлөхөд зарцуулсан. Тиймээс манай ажлын хэсгийн шалгалтын хүрээ цомхон. “Чингис” бондын хөрөнгийг хэрхэн зарцуулсан бэ гэдгийг шалгаж, өнөөдөр ямар эрсдэлд хүргэсэн болохыг тайлагнах болно. Энэ бондын хөрөнгийн 50 гаруй хувь нь Хөгжлийн банкны чанаргүй зээл болсон. Бид өрийнхөө хэмжээнээс илүү зарцуулалтыг нь анхаарах ёстой. Өрийн асуудал маш эмзэг. Дефолт болох нөхцөл байдал үүсээгүй гэдгийг дахин хэлье. Манай улсын нийт гадаад өр өнөөдөр ДНБ-ий 220 хувьтай тэнцэж байна. Сингапур улсын гадаад өр ДНБ-ийхээ 420 хувьтай тэнцэж байгаа. Англи улсын гадаад өр ДНБ-ээсээ гурав дахин, Япон улсынх ч түүнээс ч олон дахин их байна. Гэтэл яагаад дефолт зарлах асуудал яригддаггүй вэ гэхээр зээлийнх нь зарцуулалт чанартай байдаг. Тэр нь эргээд эдийн засагтаа үр өгөөжөө өгч байна. Харин манайд зээл үр дүнгээ өгөхгүй байна. Тиймээс үүнийг шалгана. Ирэх долоо хоногт шалгалтынхаа явцыг Засгийн газрын хуралдаанд танилцуулна” гэлээ.

Боловсролын салбар дахь авлигатай холбоотой асуудлаар 11-11 төвд мэдээлэл авна

Ерөнхий сайдын дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд энэ төрлийн гомдол, саналтай холбоотой ажлын хэсэг гарч ажиллахаар боллоо. Ажлын хэсэгт Ерөнхий сайдын ажлын алба, Боловсрол, шинжлэх ухааны яам, Тагнуулын Ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар болон нийслэлийн мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн баг ажиллах юм.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдэд хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Тухайлбал, хичээлийн шинэ жил эхлэх дөхөж байгаатай холбоотойгоор боловсролын салбар дахь авлигын асуудлыг таслан зогсоох, хяналт тавих ажлын хэсгийг 11-11 төв дээр өргөтгөсөн байдлаар зохион байгуулах үүрэг өглөө. Зарим сургуулийн удирдлагууд сургуулийнхаа хамран сургах тойргийн бус хүүхдүүдийг хувийн ашиг сонирхлын үүднээс сургадаг, зарим хүүхдийг ямар ч шалгуургүйгээр элсүүлдэг явдлыг таслан зогсоох, цэцэрлэгийн хүртээмжийг адил түвшинд байлгах зорилгоор ажлын хэсэг байгуулж байна.

Хоёрдугаарт, Монгол Улсын стратегийн салбарын бүтээн байгуулалтыг санаатайгаар тасалдуулж, хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг нэхэмжлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа. Тодруулбал, стратегийн бүтээн байгуулалт улс орны хөгжлийн хурдасгуур, эдийн засгийн хамгийн том хөшүүрэг. Үүнийг аль нэг иргэний нийгмийн байгууллага, ард түмний нэр барьсан хэн нэгэн тооцоо судалгаагүй зүйл ярьж тасалдуулахыг хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэсэн зүйлчлэлээр өргөдөл гомдлыг хууль хяналтын байгууллагад Засгийн газрын нэрийн өмнөөс өгч шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг иргэний журмаар нэхэмжлэх үүрэг бүхий ажлын хэсэг юм.

Гуравдугаарт, сүүлийн үед цахим гэмт хэргийн гаралт нэмэгдэж байна. Тодруулбал, залилан, бэлгийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэргүүд цахим орчинд их гарч байна. Насанд хүрээгүй хүүхдүүдийг цахим орчинд айлган сүрдүүлж бэлгийн харилцаанд орох, биеийг нь үнэлүүлэх, түүнийг зохион байгуулах гэмт хэрэг ихээр гарч байгаа. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, үүний эсрэг хөтөлбөр гаргаж танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан” гэлээ.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлт багц ажлыг  хэрэгжүүлэх хүрээнд 13 арга хэмжээ, 22 хөгжлийн төслийг эхний ээлжинд үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд өнөөдөр “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур” төслийн барилга угсралтын ажлыг эхлүүлж байна. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо.

Төслийг Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд 2020 оны тавдугаар сарын 14-ний өдөр байгуулсан 100.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон 3.0 сая ам.долларын буцалтгүй тусламж, нийт 103 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэх юм. Энэхүү төслийн барилга угсралтын ажил 14 сарын хугацаанд үргэлжилж, 2023 оны өвлийн оргил ачааллаас өмнө Төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдоно.

Төслийн хүрээнд дэлхийд томд тооцогдохуйц 200 МВт.цагийн хүчин чадалтай Литиум-Ион төрлийн батарей ашигласан хуримтлуурын байгууламжийг суурилуулж, 110 кВ-ын “Сонгино” дэд станцад холбоно. Ингэснээр Монгол Улсын Төвийн бүсийн эрчим хүчний системийн тогтвортой, найдвартай ажиллагааг дээшлүүлнэ. Мөн нэгдсэн сүлжээний  дутагдлыг нөхөх,  200 МВт хүртэл чадлыг нийлүүлж, импортын эрчим хүчийг бууруулна. Үүнээс гадна хүчдэлийн тохируулга хийх, дулааны цахилгаан станцыг “тэг” зогсолтоос сэргийлж, цахилгаан эрчим хүч нийлүүлэх зэрэг туслах үйлчилгээг эрчим хүчний системд үзүүлнэ.

“Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур” төслийн нээлтэд Ерөнхий сайд оролцох үеэрээ “Энэхүү бүтээн байгуулалт ашиглалтад орсноор төвийн эрчим хүчний системийн бие даасан байдал шинэ шатанд гарах болно. Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, түүний дотор усан цахилгаан станц барьж байгуулах ажлыг нэн тэргүүний зорилт болгож,  Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг дуусгаж, Эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлэхийн төлөө бүхий л боломжоо дайчлан ажиллана. Мөн хүчин чадлыг нь 75 МВт-аар өргөтгөж, 250 МВт-аар шинэчлэх III цахилгаан станцын өргөтгөл, Тавантолгойн дулааны цахилгаан станц, Багануурын цахилгаан станц, 50 МВт-аар хүчин чадлыг нь өргөтгөх Чойбалсангийн дулааны цахилгаан станц зэрэг бүтээн байгуулалтын төслүүдийг цаг алдалгүй эхлүүлнэ. Саяхан Улаанбаатар хотын зүүн бүсийн дулааны эрчим хүчийг хангах Амгалангийн 116 МВт-ын дулааны станцын ажлыг эхлүүлсэн” гэв.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “200 МВт.цагийн хүчин чадалтай цэнэгт батарей хураагуур нь эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэхээс гадна хэлбэлзэл үүсэх үед тохируулга хийхээрээ онцлог. Энэ нь манай эрчим хүчний системд байгаагүй нэн хэрэгтэй технологи юм. Энэ өвлийг эрчим хүчний салбар хүндхэн давах эрсдэл бий. Гэхдээ “гал алдах”, цахилгаан дулаан хязгаарлах асуудал гарахгүй. Өвөлжилтийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай явж байна” гэлээ.

Төслийн ажлын гүйцэтгэгчийг олон улсын нээлттэй тендерээр сонгон шалгаруулж, БНХАУ-ын Jiangsu Zhongtian Technology Co.,Ltd  болон Zhongtian Energy  Storage Technology Co,.Ltd  компанийн хамтарсан Консорциумтай “Түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэй гэрээ” байгуулан, барилга угсралтын ажлыг эхлүүллээ. Батарей хуримтлуурын технологи манай улсын хувьд шинэ бөгөөд ХБНГУ-ын “RWE Technology International GmbH” зөвлөх үйлчилгээ үзүүлж байна.

Төслийн хэрэгжилтийн үед 120 түр ажлын байр, төсөл ашиглалтад орсны дараа 25 байнгын ажлын байр бий болно.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны долдугаар сарын 27-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

10 мянган тонн дизель түлшний үнийн зөрүүг ургацын гүйцэтгэлээр олгоно   

Улсын хэмжээнд намрын ургац хураалтын бэлтгэлийг хангахад онцгой анхаарч байна. Орон нутгаас ирж байгаа мэдээллээр Увс аймгаас бусад тариалангийн бүс нутгуудаар ургацын төлөв байдал сайн, болц хэвийн байгаа бөгөөд эрт ургацын төмс, хүнсний ногооны түүвэр хураалт эхэлсэн, үр тарианы хураалт 08 дугаар сарын 25-наас эхлэх төлөвтэй байна.

Манай улс жилд дунджаар хаврын тариалалтад 8-9 мянган тонн, ургац хураалтад 7-8 мянган тонн, хоёр удаагийн уринш боловсруулалтад 7-8 мянган тонн шатахуун хэрэглэдэг. Дизель түлшний жижиглэнгийн үнэ 2022 оны хаврын тариалалтын үед буюу өнгөрсөн тавдугаар сарын 04-ний өдөр 3380 төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар 4030 төгрөгийн үнэтэй болж 19.2 хувь буюу литр нь 650 төгрөгөөр нэмэгдсэн. Тиймээс улаанбуудай, гурил, хүнсний бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах үүднээс намрын ургац хураалт, уринш боловсруулалтад шаардагдах 10 мянган тонн дизель түлшийг хаврын тариалалтын үеийн түвшинд байлгахад шаардагдах үнийн зөрүү 6.5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Засгийн газрын нөөц сангаас ургац хураалтын гүйцэтгэлээр санхүүжүүлэхээр шийдвэрлэв. Ингэснээр ургац хураалтыг технологийн хугацаанд улсын хэмжээнд үр дүнтэй зохион байгуулах, шатахууны хангамжийг тогтвортой байлгах, гурилын үнийн өсөлтөөс сэргийлэх, үнийн өсөлтийг бууруулж, тариалангийн тогтвортой үйлдвэрлэлийг дэмжинэ гэж тооцож байна.

Газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн болон онцгой албан татварыг тэглэх хугацааг сунгалаа

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас шатахууны үнийн өсөлтийг сааруулах зорилгоор газрын тосны бүтээгдэхүүний гол ханган нийлүүлэгч ОХУ-ын Роснефть компанитай хэлцэл хийж 4,5,6 дугаар саруудад нийлүүлэх 120 мянган тонн Аи-92 автобензиний хил үнийг тонн тутамд 840 ам.доллараар худалдан авах тохиролцоонд хүрсэн. Улмаар энэ оны долдугаар сард тус компанитай дахин хэлцэл хийсний үр дүнд энэ оны 12 дугаар сарыг дуустал Аи-92 автобензиний үнийг тонн тутамд 830 ам.доллараар худалдан авах тохиролцоонд хүрсэн юм. Ингэснээр 1 литр бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг 3728 төгрөгөөс 1338 төгрөгөөр бууруулж литр тутмыг 2390 төгрөгийн үнээр 2022 оныг дуустал тогтвортой байлгах боломж бүрдсэн. Иймд Аи-92 автобензиний жижиглэнгийн үнийн цаашдын өсөлтөөс сэргийлэх зорилгоор гаалийн албан татварын хувь хэмжээг “0” хувиар мөрдөх хугацааг “Газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн болон онцгой албан татварын талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 161 дүгээр тогтоолын 1 дэх заалтад 2022 оны 08 дугаар сарын 1-ний өдөр хүртэл гэж байсныг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгахаар боллоо.

Сингапурын сайн туршлагыг нэвтрүүлж, үр ашигтай хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Сингапур улсад 2022 оны 07 дугаар сарын 6-9-ний өдрүүдэд хийсэн албан ёсны айлчлалын үр дүнг өнөөдрийн Засгийн газрын хурлаар хэлэлцлээ. Айлчлалын үеэр тус улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүнтэй албан ёсны хэлэлцээ хийж, тус улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэгч Эдди Тео болон холбогдох яам, агентлагийн сайд, удирдлагуудтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзсан байна. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын түвшинд 11 жилийн дараа тус улсад хэрэгжсэн албан ёсны айлчлал гэдгээрээ онцлог аж. 2019 онд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа Сингапур улсад хийсэн айлчлалаар ярьж тохирсон ажлуудаа бодит ажил болгох, үр дүнгээ баталгаажуулахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  энэ удаа чухалчилсан байна.

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн тэргүүлэх чиглэлд Сингапурын хөрөнгө оруулалт, ноу хау, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, цахим шилжилт, хуримтлалын сан, нийтийн орон сууцжуулалт, төрийн албаны шинэчлэл, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, ухаалаг нэгдсэн системийг нэвтрүүлэх замаар авто замын түгжрэлийг шийдвэрлэх, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд тус улсын сайн туршлагыг Монголд нутагшуулах, хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар үр ашигтай хамтран ажиллахаар тогтжээ.

Ойн хөнөөлт шавжтай тэмцэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Ойрын жилүүдэд манай орны ойн экосистемд мэдэгдэхүйц сөрөг нөлөө үзүүлж буй үндсэн хүчин зүйлүүдийн нэг нь хөнөөлт шавж, өвчний хөнөөл буюу утаагүй түймэр болоод байна. Улсын хэмжээнд 16 аймгийн 109 сум, Улсын тусгай хамгаалалттай газар нутгууд, нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн нийт 732.7 мянган га талбайд ойн хөнөөлт шавж хэт олширч хөнөөл учруулах болсон нь зайлшгүй арга хэмжээ авахад хүргэжээ. Хөнөөлт шавжтай хэрхэн тэмцэх нарийвчилсан судалгааг холбогдох мэргэжлийн байгууллагууд хийж дууссан байна. Энэ асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хурлаар хэлэлцээд Ойн тухай хуулийн 27.2, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11.5.4-т заасныг үндэслэн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд зайлшгүй шаардлагатай 600 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах тухай тогтоолыг баталлаа.

Сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг түр хугацаанд авто замаар татаж авна

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу сайжруулсан шахмал түлшний түүхий эд мидлингийг төмөр замаар тээвэрлэх, түр хугацаанд авто тээврээр тээвэрлэх асуудлаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэхээр ахлуулсан ЗТХЯ, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, “УБТЗ” ХНН, “Эрдэнэс тавантолгой” ХХК, “Таван толгой түлш” ХХК-ийн холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсгийнхэн энэ сарын 22-24-ний өдрүүдэд Дундговь, Өмнөговь аймагт ажилласан байна. Энэ хүрээнд орон нутгийн удирдлагын зүгээс сайжруулсан шахмал түлшний түүхий эд мидлингийг нэг тэнхлэг дээрх ачааг 11 тонн байхаар тооцож авто замаар тээвэрлэх, шөнийн цагаар тээвэрлэлт хийхгүй байх, шороон замын маршрут гаргаж тээвэрлэлт хийх, төмөр замын ачилт, буулгалтын барилга угсралтын ажил дуусах буюу ирэх есдүгээр сарын 15 хүртэл авто тээврээр түр хугацаанд тээвэрлэхээр болсон талаар орон нутгийн иргэд, малчдад мэдээлэл өгөх зэрэгт анхаарч ажиллахаар болжээ.

Товч мэдээ

– Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж эхлээд гурван сар болсонтой холбогдуулан тус хуулийн хэрэгжилтийг шалгах,

– Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг эхлүүлсэн албан тушаалтнуудын гэм буруутэй эсэхийг шалгаж тогтоох,

– Зүүнбаян-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 2008-2019 он хүртэл баригдаагүй шалтгаан, алдагдсан боломжийг тооцож, шалгалтын баг оруулах зэрэг ажлыг шуурхай зохион байгуулахыг Сангийн яам, Авлигатай тэмцэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг холбогдох яам, агентлагуудад Ерөнхий сайд үүрэг болгов.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад оролцохоор удахгүй эх орноосоо мордох гэж байгаа шатарчид болон БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан, Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Э.Гурванбаатар, гүйцэтгэх захирал Ц.Батсайхан нарыг өнөөдөр хүлээн авч уулзан амжилт хүслээ.

Ерөнхий сайд энэ үеэр үг хэлэхдээ Монгол Улсын Засгийн газраас шатрын спортод ихээхэн анхаарч БТСУХ-ны дэргэд Үндэсний шигшээ багийг ажиллуулж байгааг онцлоод оюуны спортын ноён оргил болсон шатарт Монгол хүн амжилт гаргах  бүрэн боломжтой. Энэ удаагийн олимпиадад шинэ залуу тамирчид оролцохоор шалгарсанд баяртай байна. Амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна. Цаашид Монгол Улсад шатрын спортыг хөгжүүлэхэд Засгийн газар бүрэн дүүрэн дэмжиж ажиллах болно гэсэн юм.

Олимпиадад оролцох шатарчдыг төлөөлж Их мастер А.Энхтуул, “Шатар бол олимпын төрөлд хараахан багтаагүй учир дэлхийн улс орнуудын шилдэг шатарчдыг хоёр жилд нэг удаа олимпиад зохион байгуулж өрсөлдүүлэн тухайн жилийн хамгийн шилдгүүдийг нь шалгаруулдаг. Тиймээс энэ удаагийн олимпиад бол шатарчдын хувьд өвөл, зуны олимптой дүйхүйц болохоор ихээхэн ач холбогдол өгч бэлтгэлээ базаасан. Бэлтгэлийн орчин нөхцөл болон шаардагдах бусад санхүүжилтыг Засгийн газраас шийдвэрлэж өгсөнд Ерөнхий сайдад талархаж байна гэв.

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад энэ сарын 26-наас 08 дугаар сарын 10-ны өдрүүдэд Бүгд найрамдах Энэтхэг улсын Ченнай хотноо болох юм. Энэ удаагийн дэлхийн шатрын олимпиадад түүхэндээ хамгийн олон буюу Дэлхийн шатрын холбоонд бүртгэлтэй 200 орны гишүүн холбоодоос 197 орны хамгийн шилдэг 343 баг, тамирчид эрэгтэй, эмэгтэй ангилалд өрсөлдөнө.

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцох тамирчдын хувьд Хэнтий аймагт зохион байгуулагдсан 2022 оны улсын аварга шалгаруулах тэмцээний эхний байруудад шалгарсан шилдэг 10 шатарчин юм.

ЭРЭГТЭЙ БАГ

Багийн ахлагч: Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ОУ-ын шатрын холбооны дасгалжуулагч, ОУШХМ С.Ган-Од

1-р ширээ: Их мастер Д.Батсүрэн

2-р ширээ: ОУШХ-ны мастер Г.Амартүвшин

3-р ширээ: Их мастер Б.Гүндаваа

4-р ширээ: Их мастер С.Билгүүн

Нөөц тоглогч: ОУ-ын мастер С.Ган-Эрдэнэ

ЭМЭГТЭЙ БАГ

Багийн ахлагч: МШХ-ны гүйцэтгэх захирал, ОУ-ын шатрын холбооны дасгалжуулагч Ц.Батсайхан

1-р ширээ: Их мастер А.Энхтуул

2-р ширээ: ОУ-ын мастер Б.Баярмаа

3-р ширээ: ОУ-ын мастер Т.Мөнхзул

4-р ширээ: ОУ-ын шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул

Нөөц тоглогч: ОУ-ын шатрын холбооны мастер Д.Мөнхзул нар Монгол Улсын багт багтжээ.

Коронавирусийн цар тахлын үеэр Дэлхийн шатрын олимпиад цахим хэлбэрээр хоёр удаа болсон бөгөөд дөрвөн жилийн дараа уламжлалт буюу танхимын зохион байгуулалтаар болох гэж байгаа аж.

Дэлхийн шатрын олимпиадад өмнө нь манай улсын баг 25 удаа оролцсон бөгөөд энэ жилийн чансаагаар эмэгтэй баг нийт 162 орноос 27-д, эрэгтэй баг 189 орноос 46-р байрт эрэмбэлэгджээ. Монголын шатарчид 2018 оны Дэлхийн шатрын олимпиадад эрэгтэй, эмэгтэй нэгдсэн дүнгээр ази тивдээ эхний шилдэг таван байрт шалгарсан байна. Мөн 2008 онд манай эмэгтэй баг “С” категорид багийн дүнгээр тэргүүлж алтан медаль, 2014 онд  эмэгтэй баг “В” категорид багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарч мөнгөн медаль хүртэж байжээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.