Оюу Толгойн гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм монголчууд аа,
Хөрөнгө оруулагчид, хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Оюу Толгой төслийн бүтээн байгуулалтын үйлсэд гар бие оролцож, Өмнийн говийн оргүй хоосон талаас өнөөдрийн бүтээн байгуулалтыг биечлэн бүтээлцсэн  уурхайчид, инженер техникийн ажилтнууд Та бүхэндээ Гүний уурхайн эхний олборлолт эхэлж буй түүхэн өдрийн мэндийг дэвшүүлж, баяр хүргэе.

Одоогоос нэг жилийн өмнө, 2022 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр Оюу Толгойн хэлэлцээрийн хүрээнд Монголын талын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, ирээдүйд үүсэх 22 тэрбум ам.долларын өр хаагдсанаар олон жилийн хугацаанд талцан гацсан Оюу Толгой төслийн Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлж, эхний тэсэлгээг хийж байсан билээ.

Хөрөнгө оруулагч тал Гүний уурхайн бүтээн байгуулалтыг 2023 оны эхний улиралд багтааж бүрэн ашиглалтад оруулна гэсэн амлалтдаа бүрэн хүрч чадлаа. Энэ нь цаашдын хамтын ажиллагаанд харилцан итгэлцлийн, хоёр талын хариуцлагатай байдлын суурь зарчим болж чадна гэдэгт итгэж байна.

Эрхэм хатагтай, ноёд оо

Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Оюу Толгой төслийн Гүний уурхайн 1265 метрийн гүнд орших 18 дугаар цооногоос Монгол Улс өнөөдөр олон улсад дөрөвт эрэмбэлэгдэх зэсийн өндөр технологийн уурхайтай болж, эхний бүтээгдэхүүнээ олборлож байгааг дэлхий дахинд ийнхүү зарлаж байна.

Энэхүү Гүний уурхайн зэсийн баяжмал нь өдрөөс өдөрт нэмэгдэж буй цахилгаан машины үйлдвэрлэл, дэвшилтэт технологийн шинэ эрин үе, олон улсын ногоон хөгжлийн чиг хандлагын төлөө эх дэлхийнхээ амьдралын цаг хугацааг уртасгах хүн төрөлхтний үйлсэд оруулж буй Монгол Улсын бодит хувь нэмэргэдгийг онцлон тэмдэглэж байна.

Оюу Толгойн төсөл бол Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш хийж буй гадаадын хамгийн том хөрөнгө оруулалт төдийгүй, Монгол Улс гуравдагч хөрш оронтой анх удаа бие даан хэрэгжүүлж буй эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган хэрэгжүүлэх чухал үүрэг гүйцэтгэх түүхэн төсөл билээ.

2022 онд Оюу Толгой компани 1.4 тэрбум ам.долларын борлуулалт, 200 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй.

Монголчууд бид нэгдмэл байж, хөгжлийн бодлогыг нэг цонхоор харж чадвал юуг ч урагшлуулан хөгжүүлж, бүтээн байгуулж чаддагийн томоохон илэрхийлэл бол Оюу Толгой төсөл юм.

Оюу Толгой төслийн өнөөдрийг хүртэлх зам дардан байгаагүй ээ. Энэхүү төслийн олон жил үргэлжилсэн ээдрээт хэлэлцээр, баялагтаа эзэн байхыг хүссэн ард түмний хүсэл эрмэлзэл, нийт монголчуудын эрх ашгийг хамгаалж, Улсын Их Хурлын 92 болон 103-р тогтоолыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газарт улс төрийн дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар болон Монгол Улсын Их Хурал, Улсын Их Хурлын Түр хороо, Ажлын хэсгийн гишүүдэдээ,

Оюу Толгой төсөлд эхнээс нь оролцсон, оноо алдаатай ч урагшлуулан хөгжүүлэхийн төлөө гал атгасан төр нийгмийн зүтгэлтнүүд, засч сайжруулахын төлөө шаргуу тэмцсэн эх орончид, олон нийт, эрхэм хөрөнгө оруулагчид, Та бүхэндээ Засгийн газраа төлөөлж гүн талархал илэрхийлье. Энэ бол монголчууд бидний хамтын бүтээл байсан гэдгийг онцгойлон хэлэхийг хүсэж байна.

Оюу Толгойн Гүний уурхай нь “Алсын хараа – 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд нэн чухал төслүүдийн нэг билээ.

Оюу Толгойн Гүний уурхай нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлт болон Аж үйлдвэрийн сэргэлтийн төслүүдтэй цогцоор хэрэгжиж, уул уурхай дагасан далд эдийн засгийг ил болгох тэмцэлд Засгийн газар иргэдийнхээ дэмжлэгтэйгээр ялж чадвал жил бүр 500 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган ам.долларт хүргэх монголчуудын олон жилийн мөрөөдлийг бодитоор наашлуулж чадна гэдэгт итгэл төгс байна.

Оюу Толгой төслийн хэлэлцээрт Монгол Улсын эрх ашгийг хангах зарчмыг хүндэтгэн ойлгож, хүлээн зөвшөөрч, урт хугацааны түншлэл, харилцан итгэлцлийг эрхэмлэсэн “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм Танд болон Таны багт, эрхэм хөрөнгө оруулагчдадаа нийт монголчуудынхаа өмнөөс талархал илэрхийлье.

Оюу Толгойн хэлэлцээр Монгол Улс хөрөнгө оруулагчидтайгаа нээлттэй, ил тод,  харилцанашигтай хамтран ажиллаж чаддаг, тогтвортой, итгэлтэй  түнш гэдгийн бодит илэрхийлэл болж байна.

Оюу Толгой төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж, өнөөдөр хөрөнгө оруулагч талтай Зэс баяжуулах, зэсийн эцсийн бүтээгдэхүүн Монгол Улсад үйлдвэрлэх санамж бичигт гарын үсэг зурна. Энэ бол бүтээгдэхүүнээ түүхийгээр нь экспортлох биш нэмүү өртөг шингээж, Аж үйлдвэржилтийн сэргэлтийг бодитоор хэрэгжүүлэх түүхэн эхлэл болж чадна гэдэгт итгэлтэй байна.

Цаашид Монгол Улс хөрөнгө оруулагчидтайгаа “Монголын За Андгай буй заа” хэмээх эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн язгуур үнэт зүйлдээ тулгуурлан эдийн засгийн олон томоохон төсөлд харилцан ашигтай, урт хугацаанд тогтвортой түншлэн ажиллана гэдгээ Монгол Улсын Засгийн газраа төлөөлж, нийт хөрөнгө оруулагчдын өмнө дахин хариуцлагатайгаар илэрхийлж байна.

Монгол Улс зэс, газрын ховор элемент зэрэг уул уурхайн салбар, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, эрчим хүч, тээвэр логистик зэрэг уул уурхайн бус эдийн засгийн төслүүдэд идэвхтэй түншлэн ажиллахын тулд 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, хөрөнгө оруулалтыг бүх түвшинд дэмжин ажиллаж эхнээсээ бодит үр дүнгүүд гарч, том төслүүд эрчимжиж байна.

Монголчууд амны бэлгээс ашдын бэлгэ гэж ярьдаг. Туурвин бүтээхийн бэлгэдэл туулай жил Оюу Толгойн төслийн Гүний уурхайн эхний бүтээгдэхүүн олборлох нээлтээр эхэлж, 2023 оны нэгдүгээр сарын эдийн засаг 10.6 хувийн өсөлттэй гарч байгаад бэлгэшээж байна.

Үзэсгэлэн болгогч хэмээх туулай жилдээ Монгол Улсаа дэлхий дахинд илүү үзэсгэлэнтэй болгож, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг эх орондоо татахын төлөө иргэн бүхэн, аж ахуйн нэгж бүхэн хичээн ажиллацгаая.

Эрхэм хөрөнгө оруулагчид Та бүхэнтэй “Welcome to Mongolia” уриан дор зохион байгуулагдах “Монголын эдийн засгийн чуулга” уулзалтын үеэр Монгол Улсад дахин уулзахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс хүчирхэгжин бэхжиж, мандан бадрах болтугай!

Гүний уурхайн олборлолтыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм нар үг хэллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Оюу Толгой төслийн Гүний уурхайн 1265 метрийн гүнд орших 18 дугаар цооногоос Монгол Улс дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх зэсийн өндөр технологийн уурхайтай болж, эхний бүтээгдэхүүнээ олборлож байгааг дэлхий дахинд ийнхүү зарлаж байна. Оюу Толгойн төсөл бол Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш хийж буй гадаадын хамгийн том хөрөнгө оруулалт төдийгүй, Монгол Улс гуравдагч хөрш оронтой анх удаа бие даан хэрэгжүүлж буй эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган хэрэгжүүлэх чухал үүрэг гүйцэтгэх түүхэн төсөл билээ. 2022 онд Оюу Толгой компани 1.4 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн нь цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэснийг хэлэх нь зүйтэй. Монголчууд бид нэгдмэл байж, хөгжлийн бодлогыг нэг цонхоор харж чадвал юуг ч урагшлуулан хөгжүүлж, харилцан ойлгож чаддагийн томоохон илэрхийлэл бол Оюу Толгой төсөл юм” гэв.
Мөн Оюу Толгойн хэлэлцээр Монгол Улс хөрөнгө оруулагчидтайгаа нээлттэй, ил тод,  харилцан ашигтай хамтран ажиллаж чаддаг, тогтвортой, итгэлтэй  түнш гэдгийн бодит илэрхийлэл болж байна гэлээ.

Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм “Өнөөдөр гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр Оюу Толгой дэлхийн хамгийн чухал зэс үйлдвэрлэгчдийн нэг болох эхний алхмаа хийхийг харж байна. Оюу Толгой бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд жилд зургаан сая гаруй цахилгаан автомашин үйлдвэрлэхүйц хэмжээний зэс нийлүүлнэ. Дэлхийн түвшний дэвшилтэт технологийн уурхайгаас олборлосон зэсээр бид ирээдүйд нүүрстөрөгчийн ялгарал, шингээлтийг тэнцвэржүүлж, Рио Тинтогийн зэсийн бизнесийг тэлж, Монгол Улсад үр шимийг бий болгоно. Рио Тинто групп Оюу Толгойн шууд хөрөнгө оруулагч болсны үр дүнд Эрдэнэс Оюу Толгой компанитай илүү ойр хамтран ажиллаж, Оюу Толгойн жинхэнэ үнэ цэнийг бүтээлцэж, улмаар Монгол Улсын хөгжил дэвшилд үргэлжлүүлэн хувь нэмрээ оруулах болно” гэдгийг онцлов.

Оюу Толгойн гүний уурхай нь долоон тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалт юм. Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдохоос гадна Монгол Улсын эдийн засаг болон улсын төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэнэ. Оюу Толгойн ил болон гүний уурхай 2028-2036 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр жилд 500 мянган тонн зэс олборлохоор төлөвлөж байна. Оюу Толгойд 20 мянган хүн ажиллаж байгаагийн 97 хувь нь монгол ажилчид байна.
Энэ өдөр Зэсийн эцсийн бүтээгдэхүүний талаар харилцан ойлголцлын санамж бичиг, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний боломжит дэд бүтцийн төслүүдтэй холбогдсон судалгааны менежентэд дэмжлэг үзүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа.
ОюуТолгой нь 2010 оноос хойш үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, төсөвт төлж буй татвар хураамж, үндсэн ажилчдын цалинд 34 их наяд төгрөг зарцуулжээ.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 7-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Авлигаас хураасан хөрөнгийг эх, хүүхдийн эмчилгээ, тусламжид зориулна
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа.
Авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас улсад төвлөрүүлсэн орлого, төрд хураагдсан хөрөнгийг эх, хүүхдийн эрүүл мэнд, хавдар, эрхтэн шилжүүлэн суулгахтай холбогдох эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авах, барилга барихад зарцуулах чиглэл баримтлан ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарт үүрэг болголоо.
Мөн авлига, албан тушаалын хэрэгт төрд хураагдсан барилга, байгууламжид үнэлгээ хийж, эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжийг судлан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Эрүүл мэндийн сайдад даалгалаа.

Эрүүл мэндийг дэмжих төвүүдийг ходоодны уян дурангийн аппаратаар нэмж хангана
Хүн амыг эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх, эрүүл мэндийг дэмжих төвүүдийг ходоодны уян дурангийн аппаратаар нэмэлтээр хангахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Б.Жавхлан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Мөн оюутан, суралцагчдын эрүүл мэндийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэх, эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдах боломжийг бүрдүүлэх чиглэлээр хамтарч ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд, эрүүл мэндийн салбарын цахим системийн хэвийн найдвартай үйл ажиллагаа явуулахад техник, хангамжийн бүрдэл, тасралтгүй бэлэн байдлыг ханган ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралд, хүн амын эрүүл мэндийн боловсролыг дэмжих салбар хоорондын хамтарсан цогц арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж танилцуулахыг Эрүүл мэнд болон Боловсрол, шинжлэх ухааны сайд нарт тус тус даалгав.
Мөн “Шүд” арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, Нүүр, ам судлалын үндэсний төв байгуулах асуудлыг судалж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг салбарын сайдад үүрэг болгов.

Х.Нямбаатар: Гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийг авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн үргэлжлүүлнэ
Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “Таван Ш” ажиллагаа хэрэгжүүлж буй. “Шувуу” ажиллагааны хүрээнд буюу мөрдөн шалгах ажиллагаанаас гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийг гадаадаас авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ гэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар олон нийтэд мэдээллээ.
Тэрбээр “Ерөнхий сайдын өгсөн албан даалгаврын дагуу мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийг гадаад улсаас авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн, тасралтгүй үргэлжлүүлэх, хууль хяналтын байгууллагыг энэ чиглэлийн ажлаа эрчимжүүлэх чиглэлийг өгсөн. Энэ дагуу АТГ, УЕПГ, ТЕГ, ЦЕГ-т албан бичиг хүргүүлсэн. Албан бичгийн хариуд мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 90 хүн байна. Үүнээс авлига, албан тушаалын хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан долоон хүн байна. Өнөөдөр хоёр хүн нэмэгдэнэ. Иргэн Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нар хэрэг бүртгэлийн шатанд буюу яллагдагчаар татахаас өмнө гадагшаа гарч явсан. Оргон зайлсан гэж хэлэх боломжгүй. АТГ-ын удирдлагуудтай өчигдөр уулзаж ярилцсан. Энэ хоёр хүнийг яллагдагчаар татах саналаа өнөөдөр Нийслэлийн прокурорын газарт хүргүүлнэ. Яллагдагчаар татах тогтоолыг баталсан тохиолдолд эрэн сурвалжлах ажиллагааг зохин байгуулна гэдгээ хэлсэн. Ингээд нийт 92 хүнийг эрэн сурвалжилж, гадаад улсаас авчрахаар болж байна гэлээ.

“Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр” “Монголросцветмет”, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” он гарснаас хойш 443.1 сая ам.долларын орлого төвлөрүүлээд байна
“Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны өдрийн 362 дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
Тогтоолын хэрэгжилтийг хангуулах хүрээнд валютын орлого төвлөрүүлэх, экспорт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, гааль, татварын автомат бүрдүүлэлтийн систем бий болгох, хяналтыг сайжруулах, ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, тээвэрлэлтийн гэрээг ил тод болгох чиглэлээр холбогдох арга хэмжээг үргэлжлүүлэн авч байна.
2023 оны хоёрдугаар сарын эцсийн байдлаар нүүрсний нийт экспорт 8.7 сая тоннд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 3.6 дахин, төмрийн хүдрийн нийт экспорт 0.9 сая тоннд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 50 хувиар, газрын тосны экспорт 0.8 сая баррелд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 100 хувиар тус тус өссөн байна.
Гадаад валютын улсын нөөц 2023 оны хоёрдугаар сарын эцсийн байдлаар 3.4 тэрбум ам.долларт хүрсэн нь 2022 оны есдүгээр сарын эцэстэй харьцуулахад 21 хувиар өсчээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨҮГ, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иуд он гарснаас хойш 443.1 сая ам.долларын орлого төвлөрүүлсэн байна.
Гааль, татварын автомат бүрдүүлэлтийн систем бий болгох, гаалийн хяналтыг сайжруулах хүрээнд бүх төрлийн ашигт малтмалын экспортыг гааль, татварын автомат бүрдүүлэлтийн системээр дамжуулж байна.
“Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ын хүрээнд 2023 оны хоёрдугаар сарын 09-ний өдөр экспортод гаргах нүүрсний анхны цахим арилжааг албан ёсоор эхлүүлж амжилттай зохион байгуулсан. Энэ хугацаанд нийт таван арилжаа зохион байгуулж 204.8 мянган тонн нүүрсийг дуудлага худалдаагаар анхны үнээс 0-12.2 хувиар өсгөн 37.3 сая доллартай тэнцэх хэмжээний валютаар худалдсан байна.
Цахим арилжаагаар борлуулсан нүүрсний экспортын тээвэрлэлтийн хувьд туршилтын арилжаагаар худалдаалсан нүүрсийг “Энержи Ресурс” ХХК Гашуунсухайт терминалаас экспортод гаргаж, “Эрдэнэс Тавантолгой” ХК анхны цахим арилжаагаар борлуулсан нүүрсийг БНХАУ-ын Ганц мод боомтод хүргэж, тээвэрлэлтийг хэвийн хийж байна.

Энэ оны эхний хоёр сард манай улс 42 мянган жуулчин хүлээн авчээ
“Монголд зочлох жил”-ийн бэлтгэл ажлын явцын танилцуулгыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хийлээ.
Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, гадаадын жуулчдыг хүлээн авах бэлтгэл ажлыг эрчимжүүлж, аялал жуулчлалын салбарыг хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон эдийн засгийн өсөлтийг хангах зорилт тавьсан.
Энэ оны эхний хоёр сард манай улсад ОХУ, БНСУ, БНХАУ-аас 43,311 жуулчин зочлон иржээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уламжлалт өглөөний уулзалтаараа нүүр, амны тусламж үйлчилгээ үзүүлж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзав.
Нүүр, ам судлалын тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал сэдвээр Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Баярболд илтгэл тавилаа. 2022 оны тавдугаар сарын 1-нээс иргэн бүрийг эрүүл мэндийн эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамруулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 860 мянга гаруй хүн хамрагджээ. Үзлэгт хамрагдсан нийт хүний 64.8 хувь нь 0-17 насны хүүхэд байгаа бол хүүхдийн өвчлөлийн 238,184 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Хүүхдийн өвчлөл бүртгэгдсэн тохиолдлоос шүд цоорох өвчлөл 61.5, шүдний гажиг 2.4, хараа муудах 1.1 хувийг эзэлж байна. Бүртгэгдсэн шүд цоорох өвчний 121,602 тохиолдол буюу 83 хувийг 6-17 насны хүүхэд  эзэлж байна. Шүд цоорох өвчний тархалт дэлхийн улс орнуудын дундаж 40-45 хувь байхад Монгол Улсын дундаж 80-99 хувьтай буюу хоёр дахин их байгааг танилцууллаа.
Мөн өнөөдрийн уулзалтад Монгол Улсад нүүр, ам судлалын тусламж үйлчилгээ үзүүлж буй хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад тулгамдаж буй асуудал сэдвээр “Импайр Дентал” клиникийн захирал Б.Энхбаатар илтгэл тавилаа. Шүд, эрүү, нүүрний үндэсний төвийг шинээр зохион байгуулах, Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвийг өргөжүүлэх, эрүүл мэндийн даатгалаас шүдний хувийн эмнэлгүүдэд санхүүжилт олгох зэрэг санал гаргав.


Уулзалтад оролцогч төр хувийн хэвшлийн төлөөллүүд мөн саналаа хэллээ. Орон нутагт шүдний эмч дутагдалтай байгаа асуудлыг шийдэх, нүүр, амны эрүүл ахуйчийг бодлогоор бэлтгэх, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд шүд угаах цаг гаргах, орчин бүрдүүлэх, урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн боловсрол олгоход анхаарах хэрэгтэйг тэд хэллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтад оролцогчдын саналыг сонссоны дараа Эрүүл мэндийн сайд С.Чинзориг болон холбогдох албан тушаалтнуудад үүрэг өглөө. Амны хөндийн эрүүл мэндийг дээшлүүлэхэд авах арга хэмжээг цогцоор тусгасан танилцуулгыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх, Эрүүл мэндийн даатгалаас хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүд санхүүжилт авч эмчилгээ үйлчилгээ үзүүлэх асуудлыг судлах, 2024 онд “Шүд” төсөл эхлүүлэх бэлтгэл ажлыг ханган төлөвлөгөө гаргах, нийгмийн эрүүл мэндийг дэмжих хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүрэг өглөө.

“Шилэн нам” эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болж байна. Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга Л.Оюун-Эрдэнийн тус арга хэмжээнд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Шилэн нам” эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирсэн улс төрийн намуудын удирдлагууд, эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагын төлөөлөгчид Та бүхэнд баярлалаа.
Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигын эсрэг жил” болгон зарлаж, системийн авлигатай тэмцэх “5 Ш” ажиллагааг хэрэгжүүлж эхлээд байна.
Уул уурхай тэр дундаа нүүрс, зэс дагасан далд эдийн засгийг ил болгож, төрийн бүх шатанд үүрлэсэн авлигын гинжин хэлхээг тасалж, шимэгчдийг шүүрдэн цэвэрлэхэд хамгийн чухал нь улс төрийн намуудын санхүүжилт, нам дагасан цүнх баригчдын томилгооны асуудал, мөнгөнөөс хэт хамааралтай сонгуулийн тогтолцоог өөрчлөх зайлшгүй шаардлагатай Монголчууд Та бид хамтдаа нүүр тулж байна.
Авлигын хөрсөнд ургасан хогийн ургамлыг таслах ажлыг Засгийн газар эхний “4 Ш” буюу шүгэл үлээх, шүүр, шувуу, шилжүүлэн авах ажиллагааны хүрээнд олон нийтийн дэмжлэгтэйгээр далайцтай шийдвэрлэж чадна гэдэгт итгэлтэй байна.
Авлигын гэмт хэргийн талаар шүгэл үлээгчийн тухай хуулийг Улсын Их Хурлын хаврын чуулганаар хэлэлцүүлэн батлуулна. Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд болон улс төрд нөлөө бүхий этгээдүүд, тэдний гэр бүлийн гишүүдийг төрийн удирдах албан тушаалд томилох, төрөөс санхүүжих тендер, зээл, тэтгэлэгт хамрагдахыг хориглосон хуулийн төслийг мөн энэ хаврын чуулганаар өргөн барьж батлуулна.
“Шувуу” ажиллагааны хүрээнд ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хууль хяналтын байгууллагад шалгагдаж байх явцдаа хилийн чанадад оргон зайлсан этгээдүүдийн нэрсийг зарлаж, иргэний гадаад пасспортын үйлчлэх хугацааг цуцалж, хүчингүй болгох асуудлыг хэлэлцэж, шаардлага тохиолдолд Улсын Их Хуралд оруулна.
Харин өнөөдрийн “Шилэн нам” хэлэлцүүлэг нь авлига ургаж буй хөрсийг орвонгоор нь өөрчлөх реформын эхлэл гэдгээрээ хамгийн чухал ач холбогдолтой хэмээн үзэж байна.
Ерөнхий сайд, эрх баригч намын даргын хувьд Эх орончдын өдөр бол тэмдэглэлт баяр гэхээс илүүтэйгээр, нийгэмд тулгамдаж буй системийн авлигыг нам харгалзахгүйгээр тэмцэх эх оронч үзэл санааны нэгдэл хэмээн үзэж байна.
Бид сайхан ярьж, бие биедээ мэндчилгээ дэвшүүлж, цэцэг өргөсөөр удлаа. Одоо үнэнээ ярилцаж, цаг алдалгүй бодит шийдэл гаргах нь Монголын ирээдүйд илүү тустай билээ.
Өнөөдөр би товч байдлаар тодорхой хоёр асуудлыг энэхүү хэлэлцүүлгийн эхэнд дурдъя.

Нэг. Сонгуулийн тогтолцоо
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийж, сонгуулийн холимог тогтолцоонд шилжин, тойргийн эрх ашиг, нутгийн томилгоо, хатуу гишүүнчлэл, мөнгөний сүлжээний чөтгөрийн тойргоос гарч, тогтвортой хөгжлийн, олон намын дуу хоолой бүхий иргэдийн төлөөлөх эрхийг хангах парламентын чадавхийг бэхжүүлэх, нийгмийн сегмент бүрийн дуу хоолойг дэмжсэн тогтолцооны шинэчлэл хийхэд эрх баригч нам бэлэн байна. Гагцхүү улс төрийн намуудын удирдлагууд, иргэний нийгмийн байгууллагууд, олон нийт ойлгон дэмжиж, намын жагсаалтын ард авлигачид, нэр хүндгүй улс төрчид халхавчлан орж ирэх боломжийг таслан зогсоох эрхзүйн орчныг Та бид сонгодог парламент бүхий бусад улс орнуудын сайн жишигт тулгуурлан хамтдаа бүрдүүлэх учиртай.
Нэг нам давамгайлсан үед сонгуулийн тогтолцоог өөрчлөх шаардлагагүй гэж үзвэл Улс төрийн намын тухай хуулийн хүрээнд энэ асуудлыг авч үзэхэд бидний зүгээс татгалзах зүйлгүй.
Хоёр. Улс төрийн намын тухай хууль ба санхүүжилт
Улс төрийн намын тухай хууль хэт ерөнхий, билэгдлийн байна. Улс төрийн намуудын үзэл баримтлал ялгагдахаа больж, хоосон популист амлалт газар авч, хөгжлийн төслүүд гацаж, урт хугацааны бодлого, засаглалын нэн тогтворгүй 30 жил болж өнгөрлөө.
Сонгуулийн санхүүжилт уул уурхайн болон банкны хэдхэн эздээс хамааралтай болж, сонгуулийн дараа өгсөн хандиваа хэд дахин өсгөн системийн авлига бүрдүүлснээс болж, улс төрийн намууд, түүгээр бүрдсэн төр засаг, шүүхийн байгууллага тэдний мэдэлд шилжиж, Төрийн ордон хэдхэн хүний дохиураар нууцаар хөдөлж, ард иргэдэд арслан бар мэт, авлигач эздэдээ сүү долоосон гөлөг мэт царайлдаг, хууль биш хувь хүн засагласан он жилүүд өнгөрсөн гэхэд хилсдэхгүй биз ээ.
Энэ нь Эрдэнэтийн 49 хувь, Оюу Толгойн Дубайн гэрээ, Хөгжлийн банк, нүүрсний хулгай зэрэг үйлдлүүдээс нэгэнт ил болж, асуудлыг хэлбэрийн биш агуулгын түвшинд, тогтолцооны түвшинд авч үзэхээс аргагүй боллоо.
Бид одоо л энэ асуудлыг шийдэхгүй бол эдийн засаг томрох тусам системийн авлигын гажуудал ардчилсан Монгол төрийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ардчилсан эрх чөлөөг худалдан авах, эс бөгөөс бусдад худалдах эрсдэл үүсгэнэ.
Тиймээс хамгийн бага зардлаар, бодлого уралдуулдаг нээлттэй мэтгэлцээнд тулгуурласан сонгуулийн эрхзүйн орчныг бүрдүүлж, улс төрийн нам болон нэр дэвшигчийг нууцаар санхүүжүүлсэн далд тогтолцооны хариуцлагыг чангатгах боломжтой гэж үзэж байна.

Эрхэм зочид, төлөөлөгчид өө,
Эх оронч байна гэдэг нийтийн эрх ашгийн төлөө авилгаас ангид байхаас л эхлэх билээ.
Өнөөдрийн зөвлөгөөнийг зохион байгуулахад мэргэжлийн дэмжлэг үзүүлж буй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, КОЙКА, Транспарэнси Интернэшнл Монгол байгууллагуудын хамт олонд гүн талархал илэрхийлье.
Авлигын эсрэг парламентын бүлэг буюу МОНПАК-ыг миний бие ахалж байхдаа “Шилэн нам” хэлэлцүүлгийг хоёр ч удаа зохион байгуулж, улс орнуудын шилдэг туршлага, эрхзүйн орчны шинжилгээг Та бүхэнтэй хамт хийж байсан.
Өнөөдөр гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд Та бүхний оюунаа уралдуулж, олон жил ярьсан асуудлыг бодит ажил хэрэг болгохын тулд өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Монгол Улсад улс төрийн намууд “шилэн” болж, сонгуулийн санхүүжилт “ил тод” болж чадвал Монгол Улсын ирээдүй илүү гэрэл гэгээтэй болж, системийн авлига тасрах хөрс суурь бүрдэж, ил тод чөлөөт өрсөлдөөн бүхий зах зээлийн эдийн засаг тэлнэ.
Цар тахлын үед -4.7 хувь агшсан Монгол Улсын эдийн засаг 2022 оны төгсгөлд 4.8 хувийн өсөлттэй гарлаа.
Цаашид уул уурхайн далд эдийн засгийг ил болгож, системийн авилгын гинжин хэлхээг тасалж чадвал эдийн засаг, хөрөнгө оруулалт идэвхижиж ирэх 2-3 жилд эдийн засаг багадаа хоёр дахин тэлж, 40 их наядын эдийн засаг 60-80 их наядын эргэлттэй болно гэдэг тооцооллыг Засгийн газар гаргаад байна.
Энэхүү эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирсэн Та бүхэнд дахин талархал илэрхийлье.
Эрдэм шинжилгээний хуралд амжилт хүсье.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 1-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн төрийн өмчийн хувьцаа эзэмшигчийн эрхийг “Эрдэнэс Монгол” хэрэгжүүлнэ
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн төрийн өмчийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийг тогтоож, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч өөрчлөгдсөнтэй холбогдуулан компанийн дүрэмд зохих нэмэлт өөрчлөлт оруулж батлуулахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захиралд даалгалаа.
Газрын тос боловсруулах үйлдвэр, түүхий тос дамжуулах хоолой барьж байгуулах үйл ажиллагаанд хариуцсан салбарын бодлоготой уялдуулан чиглэл өгч, хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарт даалгав.
 
Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 210 мянган тонн нүүрс худалдаалаад байна
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг шударга, нээлттэй, ил тод зохион байгуулж зах зээлийн бодит үнэ тогтох боломжийг бүрдүүлэх, экспортыг нэгдсэн бодлогоор хангах замаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлж, арилжааны болон гэрээ, хэлцлийн мэдээллийг олон улсын зах зээлд нээлттэй зарлах, уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг батлан хэрэгжүүлж байна.
Журмын хүрээнд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс нийт таван удаагийн худалдаагаар “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Энержи ресурс” ХХК-ийн 210 мянган тонн нүүрс худалдаалаад байна.
Дуудлага худалдааны явцад биржийн оролцогчдоос “цахим биржээр дамжуулан худалдан борлуулах нүүрсний хилийн үнийг Гашуунсухайт боомт дахь Чингэлэг тээврийн терминал хүртэлх зардлыг тооцож тогтоох, харин бусад байдлаар худалдан борлуулж зөвхөн автомашинаар тээвэрлэх нүүрсний үнийг БНХАУ-ын Ганцмодны боомт хүртэлх зардлыг тооцож тогтоох ялгамжтай нөхцөл байдал үүсээд байгаа” талаар санал, хүсэлтүүд ирүүлжээ. Мөн журмаар биржийн арилжааны дэнчингийн хэмжээг 10 хувь байхаар тогтоосон нь арилжаанд оролцогчдын тоог бага байхад нөлөөлж байна гэжээ.
Эдгээр хэрэгцээ шаардлагын хүрээнд Засгийн газрын 466 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-д өөрчлөлт оруулж, биржээр арилжаалах нүүрс нийлүүлэх цэгийг “Чингэлэг тээврийн терминал эсхүл БНХАУ-ын Ганцмод боомт дахь нүүрс ачиж буулгах талбай” гэж өөрчилж, арилжааны дэнчинг 10 хувиас таван хувь болгож бууруулахаар тогтлоо.

С.Бямбацогт: 2023 онд арав орчим улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулна
Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Катар болон Кувейт Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг тус тус дэмжиж, эдгээр хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод олголоо.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”-д Агаарын тээврийг либералчлах, олон улсын нислэгийн тоог нэмэгдүүлэх, орон нутгийн нислэгийг сэргээх, Чингис хаан нисэх буудлыг олон улсын зангилаа болгох зорилтууд тусгагдсан. Мөн эдийн засгийг төрөлжүүлэх, валютын орлогыг нэмэгдүүлэх нэг гол салбар бол аялал жуулчлал. Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласан. Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам ая тухтай агаарын тээвэр, хямд тийз-хүртээмжтэй нислэг гэсэн бодлого, зорилт дэвшүүлэн ажиллаж буй юм. Агаарын тээврийг либералчлах, нислэгийн сүлжээг өргөжүүлэх, аялал жуулчлалыг дэмжих чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улс 39 оронтой Агаарын харилцааны хэлэлцээртэй бол 2023 онд 10 орчим улстай шинээр хэлэлцээр байгуулахаар төлөвлөжээ.  
“2023 онд АНУ болон Австрали Улстай “Опен скай” агаарын хэлэлцээр байгуулна.  Мөн энэ оны эхний хагаст Грек, Унгар, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улстай Агаарын харилцааны хэлэлцээр байгуулна. Эдгээр хэлэлцээр байгуулагдсанаар Монгол Улс дэлхийн агаарын тээврийн зангилаа цэгүүдтэй ямар нэгэн хязгаарлалтгүйгээр, бүрэн чөлөөтэй нислэг үйлдэх эрх зүйн боломж нээгдэнэ” гэж Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээллээ.

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2023 оны хоёрдугаар сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Монголын эдийн засгийн форум 2023” долдугаар сард болно

Засгийн газар аялал жуулчлалын салбарыг тэргүүлэх чиглэлээр зарлаж 2023-2025 оныг Монголд зочлох жилээр зарласантай холбогдуулан “Монголын эдийн засгийн форум”-ыг 2023 оны долдугаар сарын 14,15-нд зохион байгуулахаар боллоо.
Монголын эдийн засгийн форумыг зохион байгуулах Ажлын хэсгийн даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, дэд даргаар нь Соёлын сайд Ч.Номин ажиллана.

Ч.Хүрэлбаатар: Манай улсын эдийн засгийн өсөлт энэ онд өмнөх оныхоос өндөр байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайдад үүрэг болголоо.
Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд БНСУ-тай хэрэгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг бататгаж, хоёр улсын улс төрийн итгэмжилсэн харилцааг бэхжүүлэн худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, иргэд солилцоог дэмжих, олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд энэ удаагийн айлчлалын зорилго байв.
Ерөнхий сайд Сөүл хот дахь Монгол сургуулиар зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан. Энэ үеэр тус сургуулийн багш, ажилтнууд нийгмийн даатгалын шимтгэлийг Монголд тооцуулах, сурагчдад хувьсах зардал олгож өгөхийг хүссэн. Ерөнхий сайд эдгээр асуудалд анхаарч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болгоод Засгийн газрын хуралдаанд 30 хоногийн хугацаанд танилцуулахыг үүрэг болголоо.
Мөн БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн төрийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх,Элчин сайдын яам, Консулын газарт ТҮЦ машин ажиллуулахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад даалгав.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалаар зээл биш гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр гол уулзалтууд хийсэн. Манай улсад зээл биш шууд хөрөнгө оруулалт хэрэгтэй. 2022 онд манай улсын эдийн засгийн өсөлт 4.8 хувьд хүрч сайжирсан. 2023 онд экспортын гол бүтээгдэхүүн болох зэс, алт, нүүрсний үнэ дэлхийн зах зээлд сайн байх нь. Эдийн засгийн өсөлт энэ онд өмнөх оныхоос өндөр байна гэж төсөөлж байна гэж хэллээ.

Товч мэдээ
·      Ази тивийн физикийн 23 дугаар олимпиадыг 2023 оны тавдугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулна. Олимпиадыг өндөр түвшинд зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар ханган, хяналт тавьж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгалаа.
·      Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцод нэгдэн орсон талуудын 26 дугаар бага хуралд оролцсоны мөрөөр Монгол Улсын Засгийн газраас хүсэлт гарган Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулахаар болсон. Тус бага хурлыг Хөшигийн хөндийд зохион байгуулах шийдвэрийг өнөөдрийн хуралдаанаас гаргалаа.

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр АН-ын даргаар сонгогдсон Л.Гантөмөрийг хүлээн авч уулзан амжилт хүслээ. Уулзалтад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл нар оролцож улс төр, эдийн засаг, парламентын засаглалыг хэрхэн бэхжүүлэх талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ардын намын Монгол, Ардчилсан намын Монгол, ХҮН-ын Монгол гэж байхгүй. Нэг л Монгол Улс бий. Тиймээс улс орноо гэр гэж зүйрлэвэл тооно тулж байгаа хоёр баганын нэг болох Ардчилсан намын удирдлагын маргаан шийдэгдлээ. Өнгөрсөн 30 жилийн улс төр, эдийн засгийн алдаа оноог МАН, АН хамтдаа эргэн дүгнэж, алдаа, оноогоо засаад урагшлах ёстой. Тиймээс цаашид Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, парламентын засаглалыг төгөлдөржүүлэх, тогтолцооны гажуудлыг засахад чиглэсэн Улс төрийн намуудын тухай, Сонгуулийн тухай зэрэг хэд хэдэн хуулийн төслийг ирэх хаврын чуулганаар УИХ-аар хэлэлцэхээр төлөвлөж байгаа. Үүнд улс төрийн намууд, иргэдийн оролцоо маш чухал үүрэгтэй. Ялангуяа АН-ын дарга эдгээр асуудалд санаачилгатай ажиллана гэдэгт итгэж байна гэлээ.

Өнгөрсөн 30 жилийг дүгнэж, тогтолцооны өөрчлөлт, хүртээмжтэй эдийн засгийг бий болгох, сонгодог парламентыг бэхжүүлэх, сонгуулийн холимог системийг нэвтрүүлэх, баялгийн тэгш бус хуваарилалтыг халахын төлөө, авлигын эсрэг, төрийн өмчийн хулгайн эсрэг томоохон тэмцлийг эхлүүлэн ажиллаж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжиж буйгаа АН-ын дарга Л.Гантөмөр илэрхийлэв.
Сөрөг хүчний хувьд сайныг дэмжиж, саарыг шүүмжилж ажиллахаас гадна олон жил ужгирсан тогтолцооны өөрчлөлтийг хийж, нийгмийн салбар бүрийн төлөөллийг парламентад оруулж ирэхийн төлөө улс төрийн намууд гүүр нь болж ажиллах ёстой.   Тиймээс АН-ын зүгээс ардчилсан парламентыг бэхжүүлэх, улс төрийн намуудын төлөвшлийг бүрдүүлэхэд МАН-тай санал нэг буйгаа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Солонгос Улсад хийж буй албан ёсны айлчлалын үеэр дараах баримт бичигт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хан Дог Сү байлцлаа.
Дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурав.

1. Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хоорондын хэлэлцээрийн төслийн хэлэлцээ эхлүүлэх тухай хамтарсан мэдэгдэлд Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний дэд сайд Пак Ил Жун гарын үсэг зурав.
Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр байгуулахад чиглэсэн хамтарсан судалгааг 2021 онд дуусгасан бөгөөд дотоодын процедураа хангаж, ажлын даалгавраа тохиролцсоноор хэлэлцээрийн төслийн яриа, хэлэлцээг эхлүүлнэ.


2.    Ховор металл нийлүүлэх сүлжээнд хамтран ажиллах тухай Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний дэд сайд Пак Ил Жун гарын үсэг зурав.

Санамж бичгийг байгуулснаар газрын ховор металлын нийлүүлэлтийн сүлжээг бий болгох зорилгоор хамтарсан судалгаа явуулах, хүний нөөцийн харилцан солилцоо, худалдаа, хөрөнгө оруулалт болон ховор металлын чиглэлээр хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх Судалгааны төв байгуулна.

3.    Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын суурь хэлэлцээрт Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ли Ду Хүн гарын үсэг зурав.

Энэхүү хэлэлцээрийн дагуу Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтарсан хороо байгуулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх, нүүрстөрөгч багатай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ногоон хөгжлийг цогцлооход хамтран ажиллана. Түүнчлэн, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн”-ийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой.

4.    Цэргийн нууц мэдээллийг харилцан хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ли Ду Хүн гарын үсэг зурав.
Талууд холбогдох хууль тогтоомжийн дагуу батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд цэргийн нууцын зэрэглэл бүхий мэдээллийг харилцан хамгаалахтай холбоотой үйл ажиллагааг авч хэрэгжүүлнэ. Батлан хамгаалах салбарт албан хаагчдын чадавхыг нэмэгдүүлэх ач холбогдолтой.


5.    Монгол Улсын Соёлын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам хоорондын 2023-2026 оны Соёлын солилцооны хөтөлбөрт Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Пак Бу Гён гарын үсэг зурав.

Соёл, урлаг, кино үйлдвэрлэл, хэвлэл мэдээлэл, хөгжмийн салбарт мэргэжилтэн, уран бүтээлчдийг харилцан сургах, солилцох, хамтын бүтээл туурвих, туршлага солилцох, хоёр улсад зохион байгуулагдах олон улсын урлагийн наадам, симпозиум, семинар болон бусад үйл ажиллагаанд уран бүтээлч, төлөөлөгчдийг харилцан оролцуулах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

6.    Хот байгуулалтын хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Захиргааны хотын барилгын үндэсний агентлаг хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсын Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, БНСУ-ын Захиргааны хотын барилгын үндэсний агентлагийн захирагч Ли Сан Рэ гарын үсэг зурав.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилгод нийцүүлэн хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх, хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, түүх, соёл, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Монгол Улсын “Орхоны хөндий”, “Хөшигийн хөндий”-д ухаалаг, шинэ хот байгуулахад хамтран ажиллана.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пё-д бараалхав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын төр, Засгийн газар Монголын төлөөлөгчдийг халуун дотно хүлээн авч буйд талархал илэрхийлж, энэ өдөр БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын бодит хамтын ажиллагааг хөгжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажилллагааг шинэ шатанд гарган эрчимжүүлэхээр тогтож, хоёр талын хамтын ажиллагааны хэд хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурсныг сайшаан тэмдэглэлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, харилцааны эрх зүйн орчныг бүрдүүлэн бэхжүүлэхэд Парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг дурдаж, БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пё-г тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьсан Монгол Улсын Их Хурлын даргын урилгыг нотлов.
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пё өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд хоёр улсын харилцаа нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж, эдүгээ Стратегийн түншлэлийн өндөр түвшинд өргөжин бэхжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийллээ. Монгол Улс БНСУ нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийн нийтлэг үнэт зүйлстэй болохыг онцолж, хэл соёл, зан заншилын хувьд ижил төстэй зүйл их байгаа нь ард түмний хоорондын харилцан ойлголцол, найрамдал, нөхөрлөлийг бататгахад чухал хөшүүрэг болж буйг тэмдэглэв.


Энэ удаагийн айлчлалаар Монгол Улс, БНСУ-ын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, худалдааны саад тотгорыг багасгах зорилгоор “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA)”-ийн яриа хэлэлцээг ойрын хугацаанд эхлүүлэх, хоёр талын хэлэлцээний багийг байгуулж ажиллахаар тохирч, энэ чиглэлд хамтран ажиллах тухай Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсныг сайшааж, “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулах ажлыг эрчимжүүлэн ажиллах болсныг өндрөөр үнэлэв. БНСУ-ын Үндэсний Ассамблейн зүгээс эдгээр чухал гэрээ хэлэлцээрийг эцэслэн байгуулахад анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Монгол Улсын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг БНСУ-ын төр, Засгийн газрын бодлоготой уялдуулан дэд бүтэц, тээвэр логистик, аж үйлдвэрлэлийн чиглэлээр харилцан ашигтай, бие биеэ нөхсөн хамтын ажиллагааг хөгжүүлж, томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, газрын ховор элемент, нэмүү өртөг шингэсэн хагас дамжуулагчийн бүтээгдэхүүн нийлүүлэх зэрэг чиглэлээр үр ашигтай хамтран ажиллахаар болсныг Парламентын түвшинд дэмжиж ажиллахаар боллоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, ойрын хугацаанд иргэд харилцан визгүй зорчдог болох чиглэлд БНСУ-ын Үндэсний Ассамблейн зүгээс тусгайлан анхаарч ажиллахыг хүсэв. Иргэд чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлснээр хүн хоорондын харилцаа, бизнес, аж ахуйн нэгж хоорондын хэлхээ холбоо, үйл ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих зэрэг эерэг үр дагавартайг онцлоод визийн зөрчил зэрэг хоёр талын хүрээнд шийдвэрлэх боломжтой асуудлуудыг урагшлуулан хамтран ажиллахаар болов.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.