Нээлттэй Засгийн Түншлэлийн Үндэсний зөвлөлийн зургаадугаар хуралдаан өнөөдөр (2024.09.26) төрийн ордонд боллоо. Монгол Улс “Нээлттэй засгийн түншлэл”-д нэгдээд 11 жил болж байгаа бөгөөд түншлэлийн хүрээнд Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг дөрвөн удаа хэрэгжүүлж, өдгөө тав дахь төлөвлөгөөгөө баталж, тус төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг өнөөдөр танилцууллаа.
🔘 ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Үндэсний үйл ажиллагааны дөрөвдүгээр төлөвлөгөөний хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулж иргэдэд хүртээмжтэй болгох үүрэг амлалт нь хамгийн амжилттай хэрэгжсэн. Мөн Шилэн ажиллагааны үр дүнд Засгийн газрын тусгай сангуудын эргэн төлөлт эрс сайжирч, 2023 оны жилийн эцсийн мэдээллээр гэхэд 91.6 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн байна.
🔘Олны анхааралд өртсөн сангуудаас дурдвал:
– Боловсролын зээлийн сан 3.9 тэрбум төгрөг
– Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан 55.9 тэрбум төгрөг
– Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан 20.1 тэрбум төгрөг
– Хөдөө аж, ахуйн корпорац 11.2 тэрбум төгрөг төлөгдсөн
🔘 Монгол Улсын Засгийн газрын санал, санаачилга, төр хувийн хэвшлийн идэвхтэй үйл ажиллагаа, иргэдийн оролцооны ачаар Монгол Улс НҮБ-аас хоёр жил тутам шинэчлэн гаргадаг “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр 2022 онд энэ үзүүлэлтээр 74 дүгээр байранд байсан бол 2024 онд 28 байр урагшилж 46-р байранд орсон.
🔘Түүнчлэн цахим оролцооны индексээр 193 орноос 37 дугаар байрт жагсаж 2022 оны үзүүлэлтийг 20 байраар урагшлуулсан амжилт гаргасан. Дэлхийн улс орнуудын засгийн газрууд цахим шилжилт, нээлттэй мэдээллийн талаар идэвхтэй ажиллаж буй энэ цаг үед Монгол Улс ийм амжилт гаргасан нь бахархалт үйл явдал юм” гэдгийг онцлов.
🔘Хуралдаанд Нээлттэй засгийн түншлэлийн Улс орныг дэмжих албаны дарга Алонсо Сердан болон Ази, Номхон далайн бүсийн ахлах зохицуулагч Деви Барнас нар болон ЗГХЭГ, яамдын төрийн нарийн бичгийн дарга нар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Төрийн бүтээмжийн Үндэсний хорооны төлөөллүүд оролцов.