ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн зарим шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийлээ. Тэр бээр “Монгол Улсын Үндсэн хуульд газрын хэвлийн баялаг бол төрийн нийтийн өмч байна. Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлд 2019 онд өөрчлөлт оруулахдаа бид стратегийн орд газруудын ногдол ашиг, үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож, үүнийг Үндэсний баялгийн сангаар дамжуулна хүртэх байдлаар хуульчилж өгсөн.
Тэгэхээр Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ? гэдэг бол өнөөдрийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилт. Үндэсний баялгийн сангийн реформ бол бүхэлдээ үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд л чиглэж байна. Тийм ч учраас Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр өнөөдөр Засгийн газрын тогтоолыг баталлаа. Стратегийн орд гэдэг бүхэлдээ үндэсний баялгийн сангийн тухай л ярьж байгаа гэсэн үг. Стратегийн орд гэдэг бол жилд Монгол Улсын дотоод нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу, үйлдвэрлэх боломжтой ордыг хэлдэг. Тэгэхээр стратегийн ордуудаас орж ирж байгаа ашиг орлого Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэж байдаг.
Монгол Улсын Их Хурал стратегийн ач холбогдол бүхий орд газруудын жагсаалтыг 2007 оны 27 дугаар тогтоолоор баталснаас хойш шинэчлээгүй 17 жил болж байна. Нийт 16 стратегийн орд дотроос долоо нь төрийн эзэмшилд байгаа. Харин ес нь хувийн эзэмшилд байна. Мөн стратегийн ач холбогдол бүхий 39 ордод хамааруулах ордын нөөц нь тогтоогдсон. Тиймээс стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулах шийдвэрийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхийг Туваан сайдад даалгасан.
Стратегийн орд эзэмшигч 16 хуулийн этгээдээс сүүлийн 10 жилд улс, орон нутгийн төсөвт нийт 18.8 их наяд төгрөгийг төвлөрүүлснээс “Эрдэнэс Монгол” нэгдлийн 7 хуулийн этгээд 13.5 их наяд төгрөгийг буюу 72 хувийг төвлөрүүлсэн байгаа нь анхаарал татах үзүүлэлт юм. Гэтэл нөгөө талдаа “Эрдэнэс Монгол” нэгдлийн компаниуд нийт тогтоогдсон эрдэс баялгийн нөөцийн багахан хувийг буюу зэсийн нөөцийн 18 хувь, нүүрсний нөөцийн 25 хувийг эзэмшиж байгааг онцлон тэмдэглэх ёстой.
Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу стратегийн ач холбогдол бүхий ордуудын үр өгөөжийг ард иргэдэд хуваарилахдаа Үндэсний баялгийн сангаар дамжуулан эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд зарцуулагдана. Үндэсний баялгийн сангийн хуримтлалын санд стратегийн ордын 34 хувийн ногдол ашиг төвлөрдөг. Өнгөрсөн хугацаанд уг санд 500 тэрбум төгрөгийг дээрх долоон ордыг эзэмшигч төрийн компаниудаас хуримтлуулж, 5000 өрх орон сууцанд орох нөхцөлийг бүрдүүлсэн.
Тиймээс үр өгөөжийг цаашид хэрхэн нэмэх нь бидний гол зорилт юм. Долоон ордын 34 хувийн хуримтлалыг санд хийгээд байхад 2040 он гэхэд 28 их наяд төгрөг болно гэсэн тооцоолол бий. Хэрэв хувийн хэвшлийн ногдол ашгийг хамгийн багаар бодоод хийхэд 32 их наяд төгрөг болж цаашид орон сууцны урьдчилгаагүй зээлд хамрагдах, боловсрол, эрүүл мэндэд зарцуулах боломж үүснэ. Мэдээж хэлэлцээ хийж шийдвэр гарна, тиймээс дээрх 9 ордыг ашиглаж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд руу албан бичиг илгээж хэлэлцээрт урина.
Өргөн агуулгаар харахад бид хэлэлцээ хийх ёстой. Анхнаасаа буруу явж ирсэн учраас ийм байдалд хүрээд байна. Тэгэхээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох зарчим руу шилжинэ” гэсэн юм.