Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Европын сэргээн босголт, хөгжлийн банкны суурин төлөөлөгч Ханнес Такачийг өнөөдөр (2024.10.01) хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд сайд Н.Учрал Төрийн өмчит компаниудын Менежментийн шинэчлэл, өмчийн өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх техник туслалцааны (SMART TA) төслийг хэрэгжүүлэх ЗГХЭГ-ын саналыг Европын сэргээн босголт, хөгжлийн банк хүлээн авч, дэмжин хамтран ажиллаж байгаад талархаж буйгаа илэрхийлэв.
Хамтын ажиллагааны хүрээнд нэн тэргүүнд одоогийн хэрэгжүүлж буй SMART TA төсөл, Төрийн өмчит компанийн тухай болон төрийн өмчийн оролцоотой компанийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалд санал зөвлөмж өгөх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа юм. Мөн хуулийн үзэл баримтлалыг олон улсын зөвлөмж, стандартуудтай нийцүүлэхийн тулд Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллага зэрэг олон улсын байгууллагатай хамтран ажиллаж, эдгээр байгууллагаас хуулийн төсөлд зөвлөмж авах, бусад улсын сайн туршлагыг судалж бенчмарк тогтоох тал дээр идэвхтэй, дэмжиж ажиллахыг хүсэж буйгаа сайд илэрхийллээ.
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны суурин төлөөлөгч Ханнес Такач Н.Учрал сайдыг хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, SMART TA төслийн ажлыг эрчимжүүлэх, үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарахаа илэрхийлэв.
Монгол Улс анх 2000 онд ЕСБХБ-ны гишүүнээр элссэн бөгөөд 2006 онд тус банк дахь гишүүнчлэлийнхээ статусыг нэмэгдүүлж зээлжих эрхтэй гишүүн болсон. Тус банкнаас өнөөг хүртэл нийт 2.1 тэрбум еврогийн урт хугацааны шууд хөрөнгө оруулалт болон зээлийн санхүүжилтийг уул уурхай, уул уурхайн бэлтгэн нийлүүлэлт, сэргээгдэх эрчим хүч, хүнсний үйлдвэрлэл, аж үйлдвэр, дэд бүтэц, зам тээвэр, эрүүл мэнд, жижиглэнгийн худалдаа, банк санхүүгийн болон бусад үйлдвэрлэл үйлчилгээний салбарын нийт 131 төсөлд олгосон. Үүнээс 90%-ийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт эзэлж байна. 2023 оны 06-р сарын байдлаар нийт 50 төсөл идэвхтэй хэрэгжиж байна.