Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг өнөөдөр (2024.10.04) төрийн ордонд хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Сайд Н.Учрал Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг болохыг онцлон тэмдэглэв.
Мөн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камероны өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал нь хоёр улсын харилцааны түвшнийг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх суурийг тавьсан чухал ач холбогдолтой үйл явдал болсныг тэмдэглэв. Айлчлалын үеэр Британийн Засгийн газраас англи хэлний багш бэлтгэх, цахим сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхэд 10 сая фунт стерлингийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсонд талархал илэрхийлж, бодит ажил хэрэг болгоход дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Талууд цаашид кэмбриджийн хөтөлбөртэй болон Британийн магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр олон улсад магадлан итгэмжлэгдсэн сургуулиудын тоог нэмэх, дэлхийн боловсролыг ойртуулахад хамтран ажиллахаар санал нэгдэв.