-ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН МОНГОЛ УЛСЫН 2026 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ-

Монгол Улсын өсвөрийн шатарчдын 2026 оны аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод эхэллээ. Тэмцээнд Монгол Улсын 21 аймаг, нийслэлээс шалгарсан 1000 орчим тамирчин оюун ухаанаа уралдуулан өрсөлдөж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд, Монголын Шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар тус тэмцээний оролцогчдод илгээлт явууллаа.

Дэлхийн шатрын холбоо 2026 оны зорилтоо “Шатрыг боловсролд” хэмээн тодорхойлсон. Монгол Улсын Засгийн газраас шатрыг мэргэжлийн спортын түвшинд хөгжүүлэхийн зэрэгцээ бүх нийтийн спорт болгоход анхаарч ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт оруулахаар ажиллаж байгааг илгээлтэд дурджээ.

Мөн шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг тууштай дэмжиж, амжилт гаргаж байгаа тамирчдыг шагнаж урамшуулах, дотоод, гадаадын тэмцээн уралдаанд оролцох боломжийг хангах, эх орондоо олон улсын нэр хүндтэй тэмцээнийг зохион байгуулах, түүнд тамирчид, багш, дасгалжуулагчдыг оролцуулан туршлага эзэмшүүлэх, мэдлэг чадварыг өсгөх, үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний тоог нэмэх, өсвөрийн болон оюутан залуучуудын шигшээ багийг байгуулах зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаагаа тэмдэглэжээ.

Ерөнхий сайд “Өвөг дээдсээс уламжлан ирсэн, “шатар” хэмээх оюуны их спортыг сонирхон хичээллэж, оюун сэтгэлгээ, бодол ухааны гайхамшгийг эзэмшин эх орон, эцэг эхийнхээ нэр төрийг өндөрт өргөж, тив, дэлхийн ухаантнуудтай эн тэнцүү өрсөлдөн тэмцэлдэж, амжилт гаргаж байгаа, Монгол Улсын аварга шалгаруулах нэр хүндтэй тэмцээнд мянгуулаа шалгаран оролцож буй бяцхан иргэдээрээ бахархаж байна” гэжээ. Мөн үр хүүхдээ, шавь нараа энэ агуу спортод дур сонирхолтой болгон хичээллүүлж, уйгагүй хөдөлмөр, хөрөнгө хүчээ зориулан зүтгэж байгаа эцэг, эхчүүд, багш дасгалжуулагч нарт талархал илэрхийлжээ.

Тэмцээнд оролцож буй өсвөрийн тамирчдын дунд олон улсын мастер, олон улсын шатрын холбооны мастер, дэд мастер, Монгол Улсын шатрын спортын дэд мастер зэрэг цолтой тамирчид 50 гаруй байгаа нь тэмцээний нэр хүнд, өрсөлдөөн өндөр болохыг илтгэж байна.

Манай улсын хүүхэд, багачуудын дунд шатрын спорт эрчимтэй хөгжиж, дотоодын болон тив, дэлхийн тэмцээнүүдэд өндөр амжилт гаргаж байна. Өнгөрсөн 2025 онд Сурагчдын дэлхийн аварга шатарчин 2, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальтан 2, Ази тивийн сурагчдын аваргын алт, мөнгө, хүрэл медальтан 14, Зүүн Азийн аваргын алт, мөнгө, хүрэл медальтан 10 гаруй тамирчин тодорч, 11 настай хүү шатрын түргэн тоглолтын Улсын аварга болжээ. Ази тивийн сурагчдын аварга шалгаруулах тэмцээнд манай сурагчид багаараа тэргүүн байр эзэлжээ.

Монгол Улсад хаягдал ус дахин боловсруулах томоохон хэмжээний үйлдвэрийг барьж өнөөдөр /2026.03.16/ ашиглалтад орууллаа.

Тус үйлдвэрийн нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, АНУ-ын Зүүн Ази, Номхон далайн товчоо хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Майкл Жорж Десомбрэ, Сангийн сайд бөгөөд Монголын Мянганы сорилтын сангийн Удирдах зөвлөлийн дарга Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй хоёр орны төр, засгийн өндөр дээд түвшний төлөөлөгчид оролцов.

Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорац хооронд 2018 оны долоодугаар сарын 27-ны өдөр байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний хүрээнд хэрэгжиж буй “Улаанбаатар хотын нийтийн ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр” төлөвлөсөн хугацаандаа амжилттай хэрэгжиж байна. Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах, хаягдал ус дахин боловсруулах, усны салбарын тогтвортой байдлыг хангах гэсэн харилцан уялдаатай гурван төслөөс бүрддэг тус хөтөлбөр нь АНУ-ын Засгийн газрын 350.0 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.7 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа бөгөөд Улаанбаатар хотын ус хангамжийг жилд 50 сая хүртэл шоо метрээр нэмэгдүүлэх зорилготой.

Хөтөлбөр хэрэгжсэнээр ирэх 30 жилийн хугацаанд Улаанбаатар хотын 2.4 сая гаруй иргэнийг унд, ахуйн шаардлага хангасан цэвэр усаар тогтвортой хангах боломж бүрдэнэ. Мөн энэ нь усны салбарт сүүлийн 30 жилд хийгдэж буй хамгийн том хөрөнгө оруулалт болж байна.

Хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр барих, усны салбарын тогтвортой байдлыг хангах төслүүдийг хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд хаягдал ус дахин боловсруулах анхны томоохон үйлдвэрийг барьж ашиглалтад оруулж байгаа юм.

Тус үйлдвэр нь дамжуулах шугам хоолой, ус нөөцлөх сав, өргөлтийн шахуургын станц болон холбогдох бусад дэд бүтцийн хамт баригдсан бөгөөд дахин боловсруулсан хаягдал усыг эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглах боломжийг бүрдүүлж байна. Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй өдөрт 50 мянган шоо метр хаягдал усыг хүлээн авч боловсруулан гурав, дөрөвдүгээр дулааны цахилгаан станцуудад нийлүүлэх аж.

Ингэснээр жилд 14-18 сая шоо метр орчим гүний цэнгэг усыг хэмнэх боломж бүрдэж, хотын усны хязгаарлагдмал нөөцийг хамгаалах, тогтвортой, хариуцлагатай усны менежментийг бий болгох, байгаль орчны тэнцвэрийг хадгалахад чухал ач холбогдолтой юм.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны гуравдугаар сарын 11-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд нэмэлт оруулах тухай төслийг яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлнэ

“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Тогтоолын төсөл батлагдсанаар нийтийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох автобензиний Гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгох, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан Гаалийн албан татварыг буулгах, зохицуулалт хийх боломж бүрдэх ач холбогдолтой юм.

Гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас амь насаа алдсан малчны ар гэрт буцалтгүй тусламж олгоно

“Гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан малчны ар гэрт буцалтгүй тусламж олгох журам”-ыг баталж, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн нарт даалгалаа.

Журмаар гамшигт болон аюулт үзэгдэлд өртөж амь насаа алдсан малчин, туслах малчинд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 48 сараар тооцож, 37 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь олгох бөгөөд зардлыг орон нутгийн болон улсын төсвөөс санхүүжүүлнэ.

Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа

“Цагаан алт” хөдөлгөөний үр дүнд 2025 оны жилийн эцсийн байдлаар манай улс 4000 тонн самнасан ноолуурыг 330.5 сая ам.доллароор экспортолсон нь 2024 онтой харьцуулахад биет хэмжээгээр 5.6, мөнгөн дүнгээр 4.7 дахин өссөн байна.

Малын гаралтай түүхий эдээ бүрэн ашиглаж, өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох, дотоодод нэмүү өртөг бүтээх, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.

Тус тогтоолоор ноолуурын ээрэх үйлдвэр байгуулах хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг шийдвэрлэх, ноолууран бүтээгдэхүүнийг экспортод гаргаж байгаа хувийн хэвшилд экспортын урамшуулал олгох талаар холбогдох эрх зүйн орчин бүрдүүлэх асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Мөн Улаанбаатар хотод тохиромжтой байршилд ноолууран бүтээгдэхүүн худалдаалах нэгдсэн цэг байгуулах, олон улсын нэр хүндтэй үзэсгэлэн, загварын арга хэмжээнд оролцоход дэмжлэг үзүүлж ажиллахаар боллоо.

Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын явцын тухай Боловсролын сайд П.Наранбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Засгийн газрын гишүүдийн саналыг тус хуулийн төсөлд тусган Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхийг Боловсролын сайд П.Наранбаярт даалгалаа.

Хуулийн төсөл нь 16 насанд хүрээгүй хүүхдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг нийгмийн сүлжээнээс шалтгаалсан эрүүл мэнд, оюун санаа, хүмүүжил, төлөвшилд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх, гэмт хэрэг, зөрчил, халдлагад өртөхөөс хамгаалах зорилгоор тэдний “насны хязгаартай нийгмийн сүлжээ”-нд бүртгэхийг хязгаарлах зорилготой юм.

Замын-Үүд-Эрээн боомтын хоёр дахь төмөр замын гарцыг хамтран барих тухай хэлэлцээрийн төслийг дэмжлээ

Замын-Үүд-Эрээн боомтын 1435 мм царигтай хоёр дахь төмөр замыг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.

Хоёр тал тус боомтын галт тэрэг нэвтрүүлэх хүчин чадлыг үе шаттай нэмэгдүүлэх арга хэмжээ авч ирсэн бөгөөд одоогийн байдлаар улс хоорондын ачаа тээвэрлэлтийн хэмжээ нь тус хоёр хилийн өртөөдийн бүрэн хүчин чадалд хүрч тээврийн өсөлтийг хязгаарлах болсон. 2025 оны байдлаар хилийн Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор хоногт дунджаар өргөн царигийн төмөр замаар 16, нарийн царигийн төмөр замаар 7,5 галт тэрэг тус тус солилцож, нийт 15,5 сая тонн ачаа нэвтрүүлээд байна.

Цаашид Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд хил дамнасан нарийн царигтай 2 дахь замын гарцыг барих, Замын-Үүд өртөө болон нарийн царигийн төмөр зам, ачаа шилжүүлэн ачих байгууламжийг өргөтгөх шаардлагатай байгаа юм.

Иргэдийг шийдвэр гаргахад цахим хэлбэрээр оролцох боломжийг бүрдүүлж байна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэх арга хэмжээг үе шаттай зохион байгуулж, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг Дархан-Уул, Өвөрхангай аймагт туршилтаар хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд мэдээллийн системийн бүрдлийг нэвтрүүлэн, аж ахуйн нэгж, иргэд, төрийн байгууллага хоорондын уялдааг сайжруулж, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хялбар авах, иргэд шийдвэр гаргалтад цахим хэлбэрээр оролцох боломжийг бүрдүүлж эхэлнэ.

“Цахим-Аймаг, Ухаалаг-Хот” зөвлөмжийг батлан хэрэгжүүлж ажиллахыг аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нарт даалгаж, зөвлөмжийг хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж, орон нутгийн цахим шилжилтийг үнэлэх индекс, аргачлалыг боловсруулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Цахилгаан эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх хоёр төслийн зээлийн хэлэлцээрийн төслийг УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөнө

Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Эрчим хүч-4 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо.

“Эрчим хүч-4 төсөл” буюу “Мандалговь-Арвайхээр чиглэлийн 220 кВ-ын 2 хэлхээт 287 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төсөл”-ийг хэрэгжүүлснээр дээрх аймгуудын хэрэглэгчид хоёр талын найдвартай цахилгаан эрчим хүчээр хангагдаж, хэт урт шугамын төгсгөлд үүсэх хүчдэлийн уналтаас бүрэн ангижирч, иргэдийн амьдрах ая тухтай орчин бүрдэж, жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих үндэс болох юм.

Мөн Мөн Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын сэргээн босголтын зээлийн банк хоорондын “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийн III үе шат”-ны зээлийн болон төслийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо. Төслийн үр дүнд Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул, Баянзүрх дүүргийн 14 хорооны цахилгаан эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагаа дээшилнэ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Хуулийн төсөл батлагдсанаар:

  1. Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих чиглэлээр төрөөс баримтлах бодлого тодорхой болох, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, нэгдмэл байдалхангагдана.
  2. Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийт, ялангуяа хүүхэд, залуучуудад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийн талаар таниулах эрх зүйн орчин боловсронгуй болно.
  3. Мансуурах донтолттой хүнд олон улсын жишигт нийцсэн эрүүл мэнд болон донтох эмгэгийг нөхөн сэргээх тусламж, үйлчилгээ үзүүлэх, мансуурах донтолтыг илрүүлэх, эмчлэхэд чиглэсэн цогц тогтолцоо бий болно.
  4. Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих арга хэмжээг оновчтой зохион байгуулах, үр дүнг үнэлэх, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, хэрэглээнд тогтмол судалгаа, мониторинг хийх, бодлого боловсруулахад шаардлагатай суурь мэдээллийн бааз болох мэдээллийн нэгдсэн цахим сан бий болно.
  5. Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм импортлох, худалдах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зэргээр эргэлтэд оруулж байгаа байгууллагуудын хүлээн авсан, зарцуулсан, худалдан борлуулсан эм, бэлдмэлийн тоо хэмжээ, зориулалт зэргийг бүртгэлд оруулах, хяналт тавих, тайлагнах журам хуульчлагдана.
  6. Гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын төрөл, үйлдлийн хор уршиг болон ял шийтгэлийн бодлого чангарч, Эрүүгийн хуульд заасан “Шударга ёсны зарчим” хангагдана.

Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журмыг баталлаа

“Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам”-ыг баталлаа.

Журмаар төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлөлд шилжүүлэх нөхцөлтэйгөөр хөлслүүлэх, дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр сонгогдсон талбайд амьдарч буй иргэдийг түр суурьшуулах, мөн зээлийн гэрээ байгуулахтай холбоотой хөлслөх иргэнд тавигдах ерөнхий нөхцөл, шаардлага, квот болон квот тус бүрийн шалгуур, хөлслүүлэх үнийг тооцох орон сууцыг хүлээлгэн өгөх, буцаан хүлээн авах зэрэг харилцааг нэгдсэн байдлаар зохицуулжээ.

Журамд төрийн албан хаагчийн квотыг 35 хувь, үүнээс төрийн үйлчилгээний албан хаагчид (эмч, багш)-ын квотыг дангаар нь 20 хувь байхаар тогтоожээ.

Бага, дунд орлого болон зорилтот бүлгийн иргэд нь банк, санхүүгийн байгууллагаас олгодог ипотекийн зээлийн шалгуур шаардлагыг хангах боломжгүй орон сууцны нөхцөлийг сайжруулахад төрөөс дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа юм. Энэ хүрээнд урт хугацаатай, урьдчилгаа болон хүү багатай орон сууцны зээлээр дэмжих эрх зүйн үндэслэлийг журамд тусгажээ. Мөн орон сууцыг хөлслүүлэх үнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тооцох аргачлалыг тусгасан байна.

Манай улс энэ онд спортын олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна

“Монгол Улсад 2026 онд зохион байгуулах олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний жагсаалт”-ыг хавсралтаар баталж, хавсралтад заасан тэмцээнийг зохион байгуулахад шаардагдах зардлыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2026 оны төсвийн багцаас санхүүжүүлнэ.

Энэ онд манай улс дэлхийн их дуулга жүдо бөхийн “Улаанбаатар 2026” тэмцээн, Ази тивийн аварга шалгаруулах боксын насанд хүрэгчдийн тэмцээн, Ази тивийн аварга шалгаруулах таеквондогийн насанд хурэгчдийн XXVII, Олон улсын чөлөөт бөхийн “Улаанбаатар опен” тэмцээн, Ази тивийн аварга шалгаруулах шатрын насанд хүрэгчдийн тэмцээн, Дэлхийн гранпри сагсан бөмбөгийн 3×3 эмэгтэйчүүдийн цуврал тэмцээн зэрэг спортын олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээнийг эх орондоо зохион байгуулна. Тэмцээний бэлтгэл ажлыг ханган, өндөр түвшинд зохион байгуулж, төсвийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамд даалгав.

Ойрхи дорнодын мөргөлдөөн, Монгол Улсад учирч болзошгүй эрсдэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав

Ойрхи дорнодын мөргөлдөөн, Монгол Улсад учирч болзошгүй эрсдэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Газрын тос, шатахууны үнэ, импортын төлбөр нэмэгдэх, санхүүгийн эх үүсвэрийн зардал нэмэгдэх эрсдэл, дайны нөлөөллийн бүс нутаг болон манай улс хоорондын худалдааны талаар танилцуулсан байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2026.03.10) Зэвсэгт хүчний жанжин штабт ажиллалаа. Тэрбээр энх тайван, аюулгүй байдлын төлөө үүргээ хариуцлагатай биелүүлж буй энхийг сахиулагчид болон өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж ирсэн зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.

Засгийн газраас цэргийн алба хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, алба хаах орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд алслагдсанд тооцох анги, салбарын жагсаалтад Зэвсэгт хүчний зарим ангиудыг нэмэлтээр оруулах асуудлыг “Монгол цэргийн өдөр” болох Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Өнөөдрийн байдлаар батлан хамгаалах салбарт, Зэвсэгт хүчний 2300 гаруй алба хаагч түрээсийн орон сууцанд амьдарч байна. Засгийн газрын тэргүүний хувьд Зэвсэгт хүчний цэргийн болон энгийн алба хаагчдын орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд бодитой дэмжлэг үзүүлж, хуримтлагдсан асуудлуудыг цэгцэлнэ. Олон улсад өрнөж байгаа хурцадмал байдал дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Ийм цаг үед Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхиа сайжруулж, илүү сонор сэрэмжтэй байх шаардлага үүслээ. Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд хамтран үндэсний аюулгүй байдлаа хангах нь чухал болоод байна. Өнгөрсөн жилүүдэд зарим аймгийн нутагт өвөлжилт, хаваржилт хүндэрч, цас зуд, үер усны гамшиг нүүрлэхэд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах, сэргээн босгох, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр даалгасан үүргийг амжилттай биелүүлснийг бахархан дурдах учиртай” гэлээ.

2024 онд УИХ-аар батлагдсан “Зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлого”-ын хэрэгжилтийг хангах шаардлага байгаа тул онцгойлон анхааралдаа авч, бүх талын дэмжлэг үзүүлнэ. Зэвсэгт хүчний кибер аюулгүй байдлын болон Тусгай хүчний цэргийн алба хаагчдын цалин, хөлсийг нэмэгдүүлэх, цалингийн сүлжээг шинэчлэн тогтооход асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шуурхай хэлэлцүүлэх үүргийг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагуудад даалгав.

Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин дотоод нөөц бололцоо, инженер-техникийн ажилтнуудынхаа боловсрол, мэдлэг, ур чадварт тулгуурлан туршилт судалгааны төвүүдийг байгуулж, зарим төрлийн зэвсэглэл, техник, хэрэгслийг өөрсдөө зохион бүтээж байгаа нь маш том ололт гэдгийг онцоллоо.

-Монгол Улс Дэлхийн энх тайвны индексээр Азийн хамгийн тайван, аюулгүй таван улсын нэгээр шалгарсан нь манай аялал жуулчлалын салбарын давуу тал болж байна-

Монгол Улсын аялал жуулчлалын салбарын ирээдүй, хөгжлийн шинэ боломжийг тодорхойлох “Аялал жуулчлалын долоо хоног” үндэсний чуулган (2026-03-09) Төрийн ордонд болж байна.

2025 оны эцсийн байдлаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.8 хувь хүрч, олон салбарт бодит ахиц гарсан. Аялал жуулчлалын салбар ч мөн түүхэнд байгаагүй өсөлтийг үзүүлж, 2025 онд манай улс 847 мянга гаруй жуулчин хүлээн авч, дотоодын нийт бүтээгдэхүүний 7.8 хувийг бүрдүүлжээ. Энэ нь өмнөх оноос 16 хувиар өссөн, бүс нутгийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Монгол Улсын Засгийн газар 2026 онд нэг сая жуулчин хүлээн авах зорилт дэвшүүлээд байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар тус арга хэмжээний нээлтэд оролцож үг хэлэхдээ Монгол Улсын эдийн засгийг зөвхөн уул уурхайгаар хэмжихгүй гэдгийг тэмдэглээд, энэ өсөлтийг дэмжихийн тулд Засгийн газар аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжин ажиллаж байна гэлээ.

Аялал жуулчлалын салбарын бизнест зориулсан 6 хувийн хүүтэй, 6 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох, салбарын дэд бүтцийг хөгжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах, Монголын байгаль, соёлын өвийг олон улсад сурталчлан таниулах ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөжээ. Мөн аялал жуулчлалын хөгжлийг бүсчилсэн бодлогоор дэмжиж, 12 аймгийн 17 байршлыг улсын аялал жуулчлалын бүс болгон анх удаа батлаад байна. Монголын байгаль, нүүдлийн соёл, өв уламжлалд суурилсан аялал жуулчлал олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай болж байна гэдгийг Ерөнхий сайд онцлов.

Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтийн үзүүлэлтээр дэлхийн шилдэг 20 улсын нэгээр нэрлэгдэж, олон улсын байгууллагуудын тайланд дурдагдсан байна.

Мөн CNN агентлагаас гаргасан “2026 онд аялах шилдэг газрууд”-ын жагсаалтад ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндий багтсан нь Монголын аялал жуулчлалын боломжийг дэлхийд дахин таниулсан чухал үйл явдал боллоо. Монгол Улс Дэлхийн энх тайвны индекс (Global Peace Index)-ээр Азийн хамгийн тайван, аюулгүй таван улсын нэгээр шалгарсан нь манай аялал жуулчлалын салбарын давуу тал болж буйг Ерөнхий сайд тодотгов.

Аялал жуулчлал бол зөвхөн эдийн засгийн салбар биш, Монгол Улсын соёл, үнэт зүйл, үндэсний онцлогийг дэлхийд таниулах бодлого. Тиймээс аялал жуулчлалын салбарт ажиллаж буй хүмүүс бол зөвхөн үйлчилгээ эрхлэгчид биш. Монгол Улсын нэр хүнд, соёл, үнэт зүйлийг дэлхийд таниулж буй үндэсний элч нар, Монгол Улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “ЦЭГЦРЭХ ХӨДӨЛГӨӨН”-ий бодлогыг хэрэгжүүлэгчид юм гэлээ.

2026 он Монгол Улсын хувьд дэлхийд өөрсдийгөө таниулах онцгой жил байх болно. Монгол Улсад зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно. Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр дэлхийн хамгийн том eSports-ийн тэмцээнүүдийн нэг болох Counter-Strike тоглоомын дэлхийн аварга шалгаруулах “Чингис хаан цом” тэмцээнийг 2026 оны 12 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсныг Ерөнхий сайд “TOURISM WEEK” үндэсний чуулганы нээлтэд үг хэлэхдээ зарлаад аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдийг бэлтгэлээ хангаж, Монгол Улсад ирэх олон улсын зочид, жуулчдыг хамгийн өндөр түвшинд хүлээн авахад хамтран ажиллахыг уриаллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сард “Оюу Толгой” төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулахаар “Оюу Толгой” ХХК болон “Рио Тинто” группийн удирдлагуудад захидал илгээж, тодорхой нөхцөлүүдээр шаардлага хүргүүлсэн билээ. Энэхүү шаардлагын мөрөөр “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Ерөнхий сайд Г.Занданшатарт энэ оны хоёрдугаар сарын 05-ны өдөр илгээсэн захидалдаа Оюу толгойн үйл ажиллагааг урт хугацаанд амжилттай, тогтвортой явуулах талуудын нэгдмэл ашиг сонирхолд тулгуурласан нээлттэй, үр дүнтэй яриа хэлэлцээг үргэлжлүүлэх байр суурьтай байгаагаа нотолсон.

Үүний дагуу “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон тэргүүтэй албаны хүмүүс Монголд ирээд байгаа бөгөөд менежментийн төлбөр, хувь нийлүүлэгчдийн зээлийн хэт өндөр хүү зэрэг асуудлаар тодорхой саналтай ирснээ Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатартай хийсэн уулзалтынхаа үеэр танилцуулсан юм. “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай хийж буй хэлэлцээрийг хүндэтгэж, тодорхой дэвшилтэт саналтай хүрэлцэн ирсэн нь талархууштай боловч тавьсан саналууд учир дутагдалтай байгаа учир хүлээн авах боломжгүйг Ерөнхий сайд Г.Занданшатар хэлэв.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Харилцан ашигтай байх” зарчим “Оюу Толгой” төсөлд алдагдсан гэсэн 2009 оны байр суурин дээрээ одоо ч баттай зогсож байгаагаа дахин илэрхийлж, Үндсэн хуулийн 6-р зүйлийн 2 дахь заалт, УИХ-аас 2025 оны 12-р сард Оюу толгойн асуудлаар баталсан 120 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс дараах шаардлагуудыг тавьж байгаагаа хэллээ. Үүнд:

1. “Оюу Толгой” төслөөс Монгол Улсад ногдох өгөөжийг 60-аас дээш хувьд хүргэх,

2. Хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг эрс бууруулах,

3. Менежментийн төлбөрийг бууруулах, улмаар 2030 оноос “Оюу Толгой” ХХК менежментийн хувьд бие даан ажиллах,

4. Монгол Улсад 2026 онд багтаан ногдол ашиг хуваарилах,

5. “Онтрэ” компанийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т заасны дагуу байгалийн баялгийн өгөөжийн дийлэнх ард түмэнд ногдох зарчимд нийцүүлэх зэрэг тодорхой шаардлагуудыг тавьж, үндэслэлээ тайлбарлав.

Ерөнхий сайд Г.Занданшатар хэлэхдээ “Оюу Толгой” төсөлтэй холбоотой 2009 оноос хойш яригдсан, 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа шийдлээ хүлээсээр буй олон асуудлыг цэгцлэх цаг болсон. Баялагтаа эзэн байх зарчим бий. Монгол Улс “Оюу Толгой” төслөөс 20, 30 жилийн дараа ногдол ашиг хүртэхээр байгаа нь аливаа төслийн харилцан ашигтай байх зарчимд нийцэхгүй. Монголчууд баялагтаа эзэн байх үзэл санаа бол ард түмний Үндсэн хуулиар баталгаажсан эрх ашиг юм” гэлээ.

“Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон Оюу Толгой төслийн өгөөжийг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хэлэлцээрийг үргэлжлүүлж, Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллахаа илэрхийллээ.

-Засгийн газар энэ онд хүнсний улаанбуудайн 100 мянган тн нөөц бүрдүүлэхээр болж, тариаланчдын борлуулалтыг баталгаажууллаа-

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2026-03-05) Монголын тариаланчдын үндэсний холбооны тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүд, болон тариаланчдын төлөөлөлтэй уулзаж, салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаар санал солилцлоо.

Тариалалтаас урьтаж салбарын төлөөлөлтэй уулзаж байгаагаа Ерөнхий  сайд Г.Занданшатаронцлоод, олон улсын зөрчилдөөнт нөхцөл байдалтай энэ цагт стратегийн бүтээгдэхүүн улаанбуудай, хүнсний ногоо, жимс жимсгэнийн тариалалтад Засгийн газар онцгой анхаарч, дэмжихээ илэрхийллээ. Засгийн газраас татварын тогтвортой орчин бүрдүүлж, улаан буудайн дотоодын зах зээлийг хамгаалах бодлогыг тууштай хэрэгжүүлнэ гэлээ.

Тус холбооныхон хүнсний улаанбуудай, хүнсний ногооны урамшуулал болон бордооны хөнгөлөлтийн санхүүжилтийг хаврын тариалалтаас өмнө шийдвэрлэх, тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалт зэрэг тариалангийн технологит хугацаанд шатахуун, шатах тослох материалын хангамжийг нэмэгдүүлэх, тасалдалгүй нийлүүлэхэд анхаарах, тариалангийн үйлдвэрлэлд шаардлагатай импортоор худалдан авч буй техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлэх саналаа илэрхийллээ.

“Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөтөлбөр, Атрын IV аяны хүрээнд хэрэгжүүлж буй төрийн бодлогын үр дүнд газар тариалангийн салбарын хөгжил урагшилж байна. 2025 онд гангийн улмаас ургац алдсан, гэхдээ энэ жил хангалттай уринш хийсэн, ургац сайн авна гэдэгтээ итгэлтэй байна гэж Сэлэнгэ аймгийн Тариаланчдын холбооны тэргүүн, “Түмэнбут” ХХК-ийн захирал Х.Даваахүү хэллээ.

Энэ онд улсын хэмжээнд 372.7 мянга га-д үр тариа, 16.4 мянган га-д төмс, 18.3 мянган га-д хүнсний ногоо,121.9 мянган га-д малын тэжээл, 104.1 мянган га-д тосны ургамал нийт 633.4 мянган га-д тариалалт хийж, 474.8 мянган тонн үр тариа, 180.6 мянган тонн төмс, 273.9 мянган тонн хүнсний ногоо, 287.0 мянган тонн малын тэжээл, 69.1 мянган тонн тосны ургамал хураан авах зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтыг хангахад тариаланчдыг онцгойлон дэмжиж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны албан тушаалтнуудад Ерөнхий сайд үүрэг болголоо. Тухайлбал, сайн чанарын үрээр хангах, тариаланчдаас 100 мянган тн хүнсний улаанбуудай худалдан авч нөөц бүрдүүлэх, тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлж ажиллахыг даалгалаа. Мөн газар тариалангийн бүсэд газар зохион байгуулалтын төлөвлөгөө гаргаж, малчидтай хариуцлагын гэрээ байгуулах, тариалангийн талбайд мал оруулахгүй байхад анхаарч ажиллахыг орон нутгийн удирдлагуудад сануулав.

Хөдөө аж ахуйн корпорацын өөрчлөн зохион байгуулалтад Монголын тариаланчдын үндэсний холбоо зэрэг мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын ажил хэрэгч саналыг хүлээн авч, хамтран ажиллах шаардлагатайг Ерөнхий сайд хэллээ. Засгийн газраас энэ оны хаврын тариалалтад зориулж 130 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийн хүүгийн татаасыг олгохоор шийдвэрлээд буй юм.

 

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар Засгийн газраас гэр бүлийг дэмжих чиглэлээр баримталж буй бодлогын талаар мэдээлэл сонсож, 2025 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.

2025 оны 1-р сараас сум, баг, хороо болгонд нийгмийн ажилтан ажиллуулж эхэлсэн. Үүний үр дүнд хүүхэд хамгааллын үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн тоо 52.8 хувиар, хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо 24.9 хувиар, хараа хяналтгүй хүүхдийн тоо 52.8 хувиар, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлсэн хүүхэд 45.6 хувиар буурчээ. Улсын хэмжээнд хүүхэд хохирсон гэмт хэрэг өнгөрсөн оноос 18.2 хувиар, хүүхэд холбогдсон гэмт хэрэг 17.3 хувиар буурсан байна.

Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн Г.Занданшатар “Хүүхэд, гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг илүү цэгцтэй, стандарттай, хариуцлагатай болгох нь Засгийн газрын “Цэгцрэх хөдөлгөөн”-ий нэг чухал хэсэг юм. Тиймээс гэр бүлийн боловсрол, дэмжлэгийн тогтолцоог бэхжүүлэх зорилгоор Засгийн газраас “Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай” хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар батлуулахаар ажиллаж байна. Бодлого батлаад орхихгүй, бодитой үр дүн гаргах ёстой” гэв.

Хуралдаанаар хүүхдийн зуслангийн бүсийн аюулгүй байдлыг сайжруулалт, зөвшөөрөл олгох, хяналт тавих тогтолцоог боловсронгуй болгох шаардлага тулгараад байгааг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн гишүүд хөндөн ярилаа. Тиймээс хүүхдийн зуслангийн чиглэлээр дагнан тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийг өмчийн хэлбэр үл харгалзан газрын төлбөрөөс чөлөөлүүлэх, хагас хувьсах зардал олгох асуудлыг судалж танилцуулахыг салбарын сайд болон ажил хариуцсан хүмүүст үүрэг болголоо. Мөн хүүхдийн зуслан чиглэлийн тээвэр, зам харилцааг сайжруулахад хөрөнгө оруулалтаар дэмжих, зуслангийн бүсэд ахуйн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэхгүй байхыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болголоо.

Хүүхдийн эсрэг хүчирхийллийн 70 гаруй хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгдэж байна. Тиймээс 2026 онд гурван чиглэлээр онцгой анхаарч ажиллах шаардлагатайг Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн Г.Занданшатар онцоллоо. Нэгдүгээрт, Хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх , илрүүлэх, хамгаалах, сэргээн засах нэгдмэл тогтолцоог илүү үр дүнтэй болгож, цэгцлэхийг сануулав. Хоёрдугаарт, гэр бүлийн хөгжлийг дэмжих бодлогыг өргөжүүлэх хүрээнд 2026 оныг “Хүүхэд, гэр бүлийг хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, үндэсний хэмжээний аян, эцэг эхийн чадавх бэхжүүлэх, хөтөлбөрүүдийг улс даяар хэрэгжүүлнэ. Гуравдугаарт, хүүхдэд аюулгүй, хүртээмжтэй орчныг бүрдүүлж, боловсрол хөгжлийн байгууллагуудын стандарт, үйлчилгээний чанарыг үе шаттай сайжруулах ажлуудыг хэрэгжүүлэхийг даалгав.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар экспортыг нэмэгдүүлэх зорилгоор ноос ноолуур, банкны салбарынхантай уулзав.

Манай улс 2025 онд 4000 тонн самнасан ноолуур экспортолсон нь 2024 оныхтой харьцуулахад 5.7 дахин өссөн үзүүлэлт бөгөөд 335 сая долларын орлого олжээ. Өнгөрсөн оны эдийн засгийн өсөлтийн (6.8 хувь өссөн) 40 хувийг хөдөө аж ахуйн салбар бүрдүүлж, үүнд ноос ноолуурын экспорт зонхилон нөлөөлжээ.

Зээлийн хүртээмжийг сайжруулах, экспортын урамшуулалд хамруулах, худалдан авсан түүхий эд болон экспортын гэрээг барьцаалж зээл олгох зэргээр дэмжлэг үзүүлбэл үйлдвэрлэлийн хүчин чадал, экспортыг нэмэгдүүлэх боломжтой гэж тус салбарынхан үзэж байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар зээлийн хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх талаар Монголбанк болон арилжааны банкуудын төлөөлөлтэй мөн энэ үеэр ярилцлаа. Ялангуяа, дахин зээл авахын тулд өмнөх зээлээ төлсөн байх ёстой гэсэн шалгуурыг уян хатан болгох хүсэлтэй байгаагаа ноос, ноолуурын салбарынхан илэрхийллээ.

Экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, хамтран ажиллахаа банкны салбарынхан илэрхийлээд чанаргүй зээлийн хэмжээ сүүлийн 15 жилд байгаагүйгээр буурч, 4.6 хувьд хүрсэн гэдгийг онцоллоо. Нөөцөлсөн түүхий эд, томоохон хөрөнгө оруулалтын гэрээг барьцаалж зээл олгох, санхүүжилтийн шинэ бүтээгдэхүүн гаргах зэрэг асуудлыг судалж үзэхийг Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт хэлэв.

Уулзалтын үр дүнд гүн боловсруулалт хийж, ээрэх үйлдвэр байгуулах төслийг бодлогоор дэмжих, олон улсын нэр хүндтэй үзэсгэлэнд оролцоход дэмжлэг үзүүлэх, нийслэлд ноолууран бүтээгдэхүүн худалдаалах нэгдсэн цэг байгуулахыг дэмжиж ажиллахыг ХХААХҮЯ-нд үүрэг болголоо. Сүхбаатар аймагт энэ сарын 21-нд ноолуурын дуудлага худалдаа зохион байгуулахаар болж, салбарын яам бэлтгэл ажил хангах ажлын хэсэг томилов. Мөн татварын бодлогоор хэрхэн дэмжиж болох талаар судалж, санал боловсруулахыг Сангийн яаманд даалгалаа.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хэмжээнд 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлаж, хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, тулгамдсан асуудлын талаар хэлэлцэж, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хүрээнд салбар болон байгууллага хоорондын уялдааг хангах, бодлогын шинэчлэлийн чиглэлийн санал, зөвлөмж гаргах зорилготой “Хөдөлмөр эрхлэлтийн шинэ эринд бид бэлэн үү” арга хэмжээг зохион байгуулж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар энэхүү арга хэмжээнд оролцож үг хэлэхдээ,

“Технологийн хөгжил, өөрчлөлт, автоматжуулалт нь хөдөлмөр эрхлэлтэд хүчтэй нөлөө үзүүлж байна. Хиймэл оюун, дэвшилтэт технологиуд нь зарим ажлын байрыг орлохын зэрэгцээ шинэ ур чадвар шаардаж байгаа нь насан туршийн сургалт, хөгжлийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж байгаа юм. Улс орнууд зах зээлийн өөрчлөлттэй хөл нийлүүлэх ур чадварын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, бүх насныханд шинэ боловсрол, ур чадвар олгох замаар хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх, шилжихийг дэмжих шаардлагатай байна. Хиймэл оюун ухааны нөлөөгөөр үүсэх боломж, эрсдэлийг удирдах, боловсрол болон хөдөлмөр эрхлэлтийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд анхаарах нь зүйтэй” гэдгийг онцоллоо.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хэмжээнд 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан, энэ хүрээнд Засгийн газар залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудын ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.

Мөн хөдөлмөрийн зах зээлийн хурдацтай өөрчлөлтөд бэлэн байж, хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг нотолгоонд суурилан шинэчилж, хамтын ажиллагааг бодит үр дүнд чиглүүлэх нь чухал байгааг тэмдэглэлээ.

Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй нийцсэн хүний нөөцийг бэлтгэх, хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, нийгмийн даатгалын уялдааг сайжруулах, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, дундаж давхаргын эзлэх хувийг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газраас “Эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-г баталсан. Эдийн засгийн үр өгөөжийг иргэдэд хүртээмжтэй хүргэж, орлого, амьжиргааг хамгаалан, бизнесийн таатай орчныг бүрдүүлж, бүтээмжийн төрөлжилтийг нэмэгдүүлснээр макро эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгоно гэж үзэж буй.

“Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар 2026-2027 онд хэрэгжүүлэх хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа, хөтөлбөрүүдийг хэлэлцэн баталсан. Энэхүү үйл ажиллагаа, хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, мэргэжлийн сургалт, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, жижиг зээл, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлнэ” гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хэллээ.

Тус яам Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж байна. Хуулийн төслийн шинэчлэлийн гол чиглэл нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны зорилтот бүлгийг нарийвчлан тодорхойлж, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд кейс менежментийн аргачлалыг нэвтрүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн тогтолцоог их өгөгдөлд суурилсан хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн тогтолцоо болгон зориулалт, хэрэглээг өргөжүүлэхэд анхаарч байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, ажил олгогч, ажил хайгчийн үүрэг, оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх болон хуулийн хэрэгжилтийн хяналт, үнэлгээг бэхжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгохыг зорьж буй ажээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2025 он.