Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлтэй хамтран “Наурызын баяр – 2025” арга хэмжээг өнөөдөр (2025.03.22) жанжин Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал тус арга хэмжээг нээж үг хэлэхдээ, “Казах түмний “Наурызын баяр” тэмдэглэх уламжлал нь нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг нүүдэлчид, ялангуяа Казах малчдын ахуй амьдралд холбогдох ёс заншил, уламжлалыг шингээж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, ахмад настнаа хүндэтгэн дээдлэх өвөрмөц уламжлалыг бий болгож, үеэс үед өвлөгдөн ирснээрээ онцлогтой. Монгол Улсын Засгийн газар Наурызын баярыг хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлэх шийдвэр гаргасныг ЮНЕСКО 2024 оны 12 дугаар сард “Наурыз” буюу “Нарны баяр”-ыг оролцогч талуудын жагсаалтад бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авч баталсан билээ.
Тиймээс энэ жил Монгол Улс Наурызын баярыг ЮНЕСКО-д бүртгэгдсэнийг онцлон тэмдэглэх, олон улсын түвшинд нэр хүндийг нь харуулахын тулд чухал ач холбогдол өгч, уламжлалт ёс заншил, эв нэгдэл, хамтын сэтгэлээр угтаж байгаад туйлын баяртай байна. Нийт Казах түмэндээ Нарны баяр – Хаврын баяр Наурызын баярын мэнд дэвшүүлье” гэсэн юм.