Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад оролцохоор удахгүй эх орноосоо мордох гэж байгаа шатарчид болон БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан, Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Э.Гурванбаатар, гүйцэтгэх захирал Ц.Батсайхан нарыг өнөөдөр хүлээн авч уулзан амжилт хүслээ.

Ерөнхий сайд энэ үеэр үг хэлэхдээ Монгол Улсын Засгийн газраас шатрын спортод ихээхэн анхаарч БТСУХ-ны дэргэд Үндэсний шигшээ багийг ажиллуулж байгааг онцлоод оюуны спортын ноён оргил болсон шатарт Монгол хүн амжилт гаргах  бүрэн боломжтой. Энэ удаагийн олимпиадад шинэ залуу тамирчид оролцохоор шалгарсанд баяртай байна. Амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна. Цаашид Монгол Улсад шатрын спортыг хөгжүүлэхэд Засгийн газар бүрэн дүүрэн дэмжиж ажиллах болно гэсэн юм.

Олимпиадад оролцох шатарчдыг төлөөлж Их мастер А.Энхтуул, “Шатар бол олимпын төрөлд хараахан багтаагүй учир дэлхийн улс орнуудын шилдэг шатарчдыг хоёр жилд нэг удаа олимпиад зохион байгуулж өрсөлдүүлэн тухайн жилийн хамгийн шилдгүүдийг нь шалгаруулдаг. Тиймээс энэ удаагийн олимпиад бол шатарчдын хувьд өвөл, зуны олимптой дүйхүйц болохоор ихээхэн ач холбогдол өгч бэлтгэлээ базаасан. Бэлтгэлийн орчин нөхцөл болон шаардагдах бусад санхүүжилтыг Засгийн газраас шийдвэрлэж өгсөнд Ерөнхий сайдад талархаж байна гэв.

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад энэ сарын 26-наас 08 дугаар сарын 10-ны өдрүүдэд Бүгд найрамдах Энэтхэг улсын Ченнай хотноо болох юм. Энэ удаагийн дэлхийн шатрын олимпиадад түүхэндээ хамгийн олон буюу Дэлхийн шатрын холбоонд бүртгэлтэй 200 орны гишүүн холбоодоос 197 орны хамгийн шилдэг 343 баг, тамирчид эрэгтэй, эмэгтэй ангилалд өрсөлдөнө.

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцох тамирчдын хувьд Хэнтий аймагт зохион байгуулагдсан 2022 оны улсын аварга шалгаруулах тэмцээний эхний байруудад шалгарсан шилдэг 10 шатарчин юм.

ЭРЭГТЭЙ БАГ

Багийн ахлагч: Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ОУ-ын шатрын холбооны дасгалжуулагч, ОУШХМ С.Ган-Од

1-р ширээ: Их мастер Д.Батсүрэн

2-р ширээ: ОУШХ-ны мастер Г.Амартүвшин

3-р ширээ: Их мастер Б.Гүндаваа

4-р ширээ: Их мастер С.Билгүүн

Нөөц тоглогч: ОУ-ын мастер С.Ган-Эрдэнэ

ЭМЭГТЭЙ БАГ

Багийн ахлагч: МШХ-ны гүйцэтгэх захирал, ОУ-ын шатрын холбооны дасгалжуулагч Ц.Батсайхан

1-р ширээ: Их мастер А.Энхтуул

2-р ширээ: ОУ-ын мастер Б.Баярмаа

3-р ширээ: ОУ-ын мастер Т.Мөнхзул

4-р ширээ: ОУ-ын шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул

Нөөц тоглогч: ОУ-ын шатрын холбооны мастер Д.Мөнхзул нар Монгол Улсын багт багтжээ.

Коронавирусийн цар тахлын үеэр Дэлхийн шатрын олимпиад цахим хэлбэрээр хоёр удаа болсон бөгөөд дөрвөн жилийн дараа уламжлалт буюу танхимын зохион байгуулалтаар болох гэж байгаа аж.

Дэлхийн шатрын олимпиадад өмнө нь манай улсын баг 25 удаа оролцсон бөгөөд энэ жилийн чансаагаар эмэгтэй баг нийт 162 орноос 27-д, эрэгтэй баг 189 орноос 46-р байрт эрэмбэлэгджээ. Монголын шатарчид 2018 оны Дэлхийн шатрын олимпиадад эрэгтэй, эмэгтэй нэгдсэн дүнгээр ази тивдээ эхний шилдэг таван байрт шалгарсан байна. Мөн 2008 онд манай эмэгтэй баг “С” категорид багийн дүнгээр тэргүүлж алтан медаль, 2014 онд  эмэгтэй баг “В” категорид багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарч мөнгөн медаль хүртэж байжээ.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны долдугаар сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

Хамран сургах тойргоор цэцэрлэгийн хүүхдийг бүртгэнэ

2022-2023 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх, ерөнхий эрдмийн хичээлийг орон нутагт зохион байгуулах, их сургуулийг нэг хаягт оруулах, боловсролын салбарт үүссэн авлигыг таслан зогсоох талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хуралдаанд танилцуулав. Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр одоогийн байдлаар 22,565 хүүхдийг нэмэлтээр цэцэрлэгт хамруулах боломж бүрдүүлжээ. Мөн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн ҮСХ-ны Хүн амын сан, УБЕГ-ын хаягийн мэдээллийн сангийн мэдээлэлд үндэслэж тухайн амьдарч буй байршилд ойр цэцэрлэгийг санал болгож хамран сургах тойргоор бүртгэлийг зохион байгуулах ажлыг 08 дугаар сарын эхний долоо хоногт эхлүүлэхээр болжээ. Өнгөрсөн хавар төв талбайд болсон залуусын жагсаалаас Засгийн газарт хандаж тавьсан шаардлагуудын нэг нь  хүүхдийн цэцэрлэгийн бүртгэлийг сугалаагаар явуулдгийг болиулах асуудал байсан юм. Энэ дагуу салбарын яаманд Ерөнхий сайд үүрэг өгсний дагуу хамран сургах тойргийн асуудлыг энэ жилээс нэг мөр шийдвэрлэхээр салбарын яам ажиллаж байгаа аж.

2022-2023 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх Ерөнхий сайдын албан даалгаврыг гаргалаа. Тухайлбал, цэцэрлэгт хүүхдээ суралцуулах нийслэлийн иргэдийн саналыг “Е Mongolia” төрийн үйлчилгээний нэгдсэн платформоор дамжуулж зохион байгуулах, улсын хэмжээнд ЕБС-иудыг гурван ээлжээр хичээллүүлэхгүй байх, 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй баригдаж байгаа боловсролын байгууллагын барилга байгууламжийг 2022 оны 08 дугаар сарын 25-ны дотор бүрэн ашиглалтад оруулан улсын комисс ажиллуулах, гүйцэтгэгч нарт санхүүжилтийг саадгүй олгох, үнийн өсөлтөөс шалтгаалсан төсөвт өртгийн нэмэгдэл нь магадлалын дүгнэлтээр баталгаажсан бол ирэх оны төсвийн төсөлд тусган шийдвэрлүүлэх, бүх шатны боловсрол, сургалтын байгууллагын их болон урсгал засварыг 08 дугаар сарын 25-ны дотор дуусгах зэргийг Ерөнхий сайдын албан даалгавраар холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Мөн орон нутгийн хөгжлийг дэмжих, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд зарим их, дээд сургуулийн үндсэн эрдмийн хичээлийг аймаг, сумдад оруулах, төрийн өмчийн их, дээд сургуулиудын бүтэц, нэршлийг шинэчлэх болон нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага, их, дээд сургууль, коллежийн 2022-2023 оны хичээлийн жилийн эхлэх хугацаанд өөрчлөлт оруулах, хичээл сургалтын үйл ажиллагааны төлөвлөгөөнд нэгдсэн зохицуулалт хийх санал боловсруулж 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.

2022 он дуустал Аи-92 автобензиний үнийг тогтвортой байлгана

ОХУ-ын “Роснефть” компаниас энэ оны долдугаар сард манай улсад нийлүүлэх А-80 автобензин 1255 ам.доллар болж өмнөх сараас 81 ам.доллараар, Аи-95 автобензин 1355 ам.доллар, Аи-98 автобензин 1405 ам.доллар болж өмнөх сараас 81 ам.доллараар, дизель түлшний үнэ өмнөх сараас 135 ам.доллараар нэмэгдэж 1230 ам.доллар болж үнэ нь өссөн байна.

ОХУ-аас манай улсад нийлүүлэх шатахууны импортын үнэ нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэтэй шууд хамааралтай байдаг бөгөөд газрын тосны үнийн өсөлт, импортын хил үнэ болон ам.долларын ханшийн өсөлттэй холбоотойгоор А-80 автобензиний дундаж өртөг 3758 төгрөг, Аи-95 автобензиний дундаж өртөг 4145 төгрөг, харин дизель түлшний дундаж өртөг 4116 төгрөгт хүрч нэмэгдсэн байна. УУХҮЯ-наас шатахууны үнийн өсөлтийг сааруулах зорилгоор ОХУ-ын Роснефть” компанитай хэлцэл хийж, энэ оны 4, 5, 6 дугаар саруудад нийлүүлэх 120 мянган тонн Аи-92 автобензиний хилийн үнийг тонн тутамд 840 ам.доллараар худалдан авах тохиролцоонд хүрсэн. Ингэснээр дөрөвдүгээр сараас литр тутмын өртөг 3325 төгрөгт хүрэх тооцоололтой байсан Аи-92 автобензиний жижиглэн борлуулалтын үнийг 2390 төгрөг болгож тогтворжуулаад байна. 2022 оны долдугаар сард ОХУ-ын Роснефть” компанитай дахин хэлцэл хийсний үр дүнд энэ оны 12 дугаар сарыг дуустал Аи-92 автобензиний үнийг тонн тутамд 830 ам.доллараар худалдан авах тохиролцоонд хүрээд байна. Ингэснээр 1285 ам.долларт хүрээд байсан Аи-92 автобензиний хилийн үнийг тонн тутамд 830 ам.доллар буюу 1 литр бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг 3728 төгрөгөөс 1338 төгрөгөөр бууруулж, литр тутмыг 2390 төгрөгөөр он дуустал тогтвортой байлгах боломжтой болсон талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Хөгжлийн банкны зээлээс 502.7 тэрбум төгрөгийг эргэн төлүүлжээ

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлтийн талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Монголбанкнаас 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гаргасан 12039/01 дугаартай актаар Хөгжлийн банкны нийт олгосон зээлийн багцад эзлэх чанаргүй зээл 57 хувь буюу 1.8 их наяд төгрөгт хүрээд байсан. Энэ нь тус банкны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх бодит үр дагавар үүссэн тул нөхцөл байдлыг харгалзаад 2022 оны 01 дүгээр сарын 20-нд олон нийтэд нээлттэй мэдэгдэж, Засгийн газар, Сангийн яам, төрийн холбогдох байгууллагууд хамтран ажилласнаар эхний хагас жилийн байдлаар 481.8 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийг төлүүлсэн юм. Улмаар 07 дугаар сарын 17-ны байдлаар зээлийн эргэн төлөлтийн дүн 502.7 тэрбум төгрөг болжээ. Үүнээс 262.3 тэрбум төгрөгийн зээл бүрэн төлөгдөж, зээлийн дансыг хаасан байна.  Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас “Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон зээлийн өр төлбөрийг барагдуулах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 220 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Ургац хураалтад иргэдийг сайн дураар оролцуулна

“Ургац хураалтын бэлтгэл ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын  тогтоолыг баталлаа. Ургац хураалтыг технологийн хугацаанд гүйцэтгэх зорилгоор их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн оюутан, сонсогч, цэргийн алба хаагч болон бусад иргэдийг сайн дурын үндсэн дээр ургац хураалтын ажилд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болгов.  Мөн ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн ажилд шаардагдах шатахууны хангалтад анхаарч ажиллахыг УУХҮ-ийн сайд Г.Ёндонд, импортоор авч байгаа техник, тоног төхөөрөмж, бараа, материалыг улсын хилээр шуурхай нэвтрүүлэх, ургац хураах, тээвэрлэх зам, гүүрийн эвдрэл гэмтлийг тогтоож, засварлах ажлыг ургац тээвэр эхлэхээс өмнө гүйцэтгэж ажиллахыг ЗТХ-ийн сайд Л.Халтар болон салбар хариуцсан бусад сайд нарт даалгалаа.

Өнөөдөр улсын хэмжээнд 347.7 мянган га-д үр тариа, үүнээс 331.0 манган га-д улаанбуудай, 17.9 мянган га-д төмс, 7.9 га-д хүнсний ногоо, 16.8 мянган га-д малын тэжээл, 81.2 мянган га-д тосны ургамал, нийтдээ 478.7 мянган га талбайд тариалалт хийгээд байна.

2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах Засгийн газрын тогтоол батлагдлаа

Дулааны улирлын цаг агаарын төлөв байдлаас харахад зуны саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан буюу олон хоногоор хэт халуун үргэлжлэх, гэнэтийн аадар бороо орж болзошгүй байна. Мөн малын гоц халдварт өвчний эрсдэл өндөр, малын тоо толгойн хэт өсөлт, бэлчээрийн даац багтаамж жилээс жилд багасаж байгаа тул 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтийн бэлтгэлийг эртнээс хангах талаар ХХААХҮЯ-наас Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Энэ бүхнийг харгалзан үзэж Засгийн газраас “Хөдөө аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” тогтоол, мөн аймаг, нийслэл, сум, дүүргийн аюулгүйн нөөцөд бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн хэмжээ зэргийг батлав.

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг даалгав

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл ажилд шаардагдах сэлбэг, материал, тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийн шуурхай байдлыг хангах талаар БНХАУ-ын талтай холбогдох уулзалтуудыг зохион байгуулж, үр дүнг 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад даалгав. Вальютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалж ОХУ-аас импортоор худалдан авч байгаа эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх, эрчим хүчний тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах, 2022-2023 оны өвлийн их ачааллыг амжилттай давахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг судалж, саналаа 09 дүгээр сарын 14-ний өдрийн дотор Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.

Эрчим хүчний салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 2022 оны 07 дугаар сарын 18-ны байдлаар дунджаар 51.6 хувьтай үргэлжилж байна.

53 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөөд байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 13-нд “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцсан. Үүнтэй холбогдуулж “Сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” Ерөнхий сайдын албан даалгаврыг гаргаж, санхүүжилт болон тулгарч буй бусад хүндрэлийг шийдвэрлэж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл болголоо. Энэ хүрээнд хийгдэж буй ажлуудын явцыг 14 хоногийн дараа дахин шалгахаар болов. Долдугаар сарын 17-ны өдрийн байдлаар “Таван толгой түлш” ХХК нь баруун бүсийн үйлдвэртээ дөрвөн шугам ажиллуулж нийслэлийн зургаан дүүрэгт байрлах агуулах болон үйлдвэрийн агуулахад нийт 53,061.0 тонн түлш нөөцлөөд байгаа аж.

Товч мэдээ

–       Хөдөө аж ахуйн салбарыг байгалийн болзошгүй гамшиг, эрсдлээс сэргийлэх, ургац хураалтын болон 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлыг төрийн захиргааны байгууллага, малчид, тариаланчид, иргэд, аж ахуйн нэгжийн түвшинд шуурхай зохион байгуулах, хяналтыг сайжруулах зорилгоор Ерөнхий сайдын албан даалгаврыг баталж, хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101, дотоодын цэргийн байгууллагын 100 жилийн ой, “Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-т зориулсан ёслолын арга хэмжээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, салбарын нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэж, цаашдын үйл хэрэгт нь амжилт хүслээ.
Монгол төрийн цагдаа, дотоодын цэрэг нь улс орныхоо тусгаар тогтнолын баталгаа болж, эрх чөлөө, амар амгалан, аюулгүй байдлыг бэхжүүлэх, бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн үйлсэд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулж ирснийг тэрбээр онцлоод өнгөрсөн 100 жилийн хугацаанд иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн үе үеийн цагдаа, дотоодын цэргийн албан хаагчдад Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.


Тэрбээр,”Цар тахлын эсрэг тэмцлийн тэргүүн фронтод өөрсдийн амь нас, аюулгүй байдал, ар гэрийн амьдрал, ажлын цагийг үл хайхран өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өдөр шөнийг үл ялган эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн Та бүхэн бол энх цагийн эгэл баатрууд мөн. Эх орон, ард түмнээ гэмт халдлага, аюул, ослоос хамгаалах, нийгэмд шударга ёсны тогтолцоог бүрдүүлж, хүний эрх, эрх чөлөөг хангах ариун үйлсийн төлөө алтан амиа зориулах тангарагтай цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдаараа Монголын ард түмэн, төр, засаг үргэлж бахархдаг.
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцлийг бүрдүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Төрийн бүтээмжийн сэргэлтийг амжилттай хэрэгжүүлэхэд Та бүхний идэвхтэй оролцоо туйлын чухал үүрэг гүйцэтгэнэ.
Монгол Улсын Засгийн газраас цагдаа, дотоодын цэргийн байгууллагын материаллаг баазыг бэхжүүлж, техник хэрэгслийн хангалтыг сайжруулах, алба хаагчдын ажиллаж, амьдрах нөхцөл, нийгмийн баталгаа, цалин тэтгэврийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч, бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллах болно.


Мөн цагдаагийн болон дотоод цэргийн албан хаагчдаа, тангараг өргөсөн мөрдөстнүүдээ Монголын төр хамгаалан ажиллах болно. Цагдаа, дотоодын цэргийн байгууллага өнгөрсөн нэгэн зууны түүхт ололт амжилтаа бататгаж, ирэх шинэ зуунд их үйлсээ мөнхлөх болно гэдэгт итгэлтэй байна.” гэлээ.
Түүхт ойн баярын хүрээнд гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, улсын онц чухал объектыг хамгаалах ажилд идэвх зүтгэл, мэргэжлийн ур чадвар гарган ажилласан 274 алба хаагч, ажилтныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медалиар, 845 алба хаагч, ажилтан, ахмад ажилтнуудыг Хууль зүй, дотоод хэргийн яамны шагналаар, 836 алба хаагч, ахмад ажилтнуудыг Цагдаагийн ерөнхий газрын шагналаар, нийт 1955 алба хаагч, ахмад ажилтнуудыг шагнаж урамшуулсан байна.
Төв цэнгэлдэхэд болсон баярын арга хэмжээний үеэр цагдаа, дотоодын цэрэг, тусгай тасгийн алба хаагчдын ёслолын жагсаал, улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан, урлагийн болон цагдаагийн алба хаагчдын үзүүлэх тоглолт болов.

21 аймгийг нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох Монгол Улсын Засгийн газрын зорилт бүрэн биелж Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто зам ашиглалтад орсноор Мянганы зам төслийн их бүтээн байгуулалт хэрэгжиж дууслаа. Загастайн давааны автозамын байнгын үйл ажиллагааг өнөөдөр нээлээ. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ, Засгийн газрын зарим гишүүн оролцлоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнөөдөр Загастайн давааны автозам бүрэн ашиглалтад орж, Монгол Улс 21 аймгаа нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбосон түүхэн өдөр болж байна.
7000 гаруй километр үргэлжилсэн “Мянганы зам” төслийн их бүтээн байгуулалт 21 жилийн дараа амжилттай хэрэгжиж дуулаа. Энэ нь урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд ямар их хугацаа ордог, бодлогын залгамж чанараа хадгалж хэрэгжүүлж чадвал амжилтад хүрч болдгийн бодит жишээ юм” гэж хэлээд төслийг хэрэгжүүлэхэд хичээн зүтгэсэн үе үеийн Засгийн газар, Ерөнхий сайдууд, олон улсын болон үндэсний хөрөнгө оруулагчид, инженер техникийн ажилтнуудад талархал илэрхийллээ.


Энэ замын нээлт эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах “Шинэ сэргэлтийн бодлого”-ын их бүтээн байгуулалтын эхний зунтай давхцаж байгаад бэлгэшээж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд олон жил гацсан, эхэлсэн боловч дуусгаж чадаагүй томоохон төсөл, хөтөлбөрүүдийг бүрэн дуусгах санхүүжилтийг цаг алдалгүй шийдвэрлэх бодлогын дагуу хөрөнгө оруулалтын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн цөөн төслүүдийн нэг энэ  гэдгийг онцоллоо.

Энэ зун Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн авто замын бүтээн байгуулалтаас гадна Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 416 километр төмөр зам, Зүүнбаян-Ханги 226 километр чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт бүрэн дуусаж, Бичигт-Зүүнхатавч, Арцсуурь-Шивээхүрэнгийн зүүн болон баруун чиглэлийн босоо тэнхлэгийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлнэ гэдгийг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ тэмдэглэлээ. Мөн Ульхан, Хавиргын боомтыг авто замаар холбох бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэлээ.
Ингэснээр Монгол Улс нийслэл Улаанбаатар хотоо 21 аймгаа авто замаар амжилттай холбож, нийт боомтуудаа авто замаар, стратегийн ач холбогдолтой боомтуудаа төмөр замаар холбож, ачаа тээвэр, тээвэр логистик, экспорт импортын хүчин чадлыг 3-4 дахин нэмэгдүүлэх Боомтын сэргэлтийн түүхэн ач холбогдолтой төсөл орон даяар хэрэгжинэ.

Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн автозам нь далайн түвшнээс дээш 2500 метрийн өндөрт байрлах Загастайн даваагаар 40 гаруй километр дайран өнгөрдөг, хамгийн хүнд саад бэрхшээл ихтэй уулын зам.

Загастайн давааг давахын тулд 2-3 цаг зарцуулдаг байсан бол одоо 30-40 минутын дотор аймгийн төв орох боломж бүрдлээ. Зам дагаж хөгжил ирдэг гэж монголчууд бид ярьдаг. Завхан аймгийн бүс нутаг, эдийн засаг, нийгмийн хөгжил, ялангуяа аялал жуулчлалын салбарт энэ зам хөгжлийн түүчээ болж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ.

Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн автозамыг БНХАУ-ын Засгийн газар Экзим банкны санхүүжилтээр барьж хүлээлгэн өгч байна. Замын барилгын ажлын гүйцэтгэгчээр “Чайна Коммуникэйшн Констракшн” ХХК, хяналтын зөвлөхөөр “Мөнхөд ашдын зам” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Арж роуд” ХХК, “Түм арвижих” ХХК- ажиллажээ.
Тус замын зорчих хэсэг нь 7 метрийн өргөн 5 см асфальтбетон хучилттай, 20 см зузаан буталсан чулуун суурьтай, 40 см зузаан суурийн доод үетэй, нийт хучилтын хийцийн зузаан 65 см.  Давааны оройн цэвдэг, намагтай газруудад нийт  3,0 км уртад 1,0 м зузаантай чулуун шүүрүүлэх үе, 2 талдаа тус бүр 1,5 м өргөнтэй хайрган хөвөөтэйгээс гадна ус зайлуулах хиймэл байгууламж 132 байршилд хийжээ. Замын ажлын хүрээнд Загастай болон Хатавчийн гол дээр тус бүр 19.10 у/м төмөр бетон гүүр барьсан. Загастайн давааны уулын хэсэгт тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж, 20 км уртад хамгаалалтын төмөр туузан хашлага хийж, 1000 гаруй ширхэг замын тэмдэг байршуулжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ, БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизов, Цай Вэньруй нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хилийн боомтуудыг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд онцлоод хилийн боомтыг хөгжүүлэн шинэчлэх асуудалд Элчин сайд нар онцгой анхаарал хандуулахыг хүслээ.

Монгол, Оросын хилийн Ульхан боомтыг шинэчлэн өргөтгөх, боомт руу засмал зам барих, зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд хоёр тал нягт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ.
Ерөнхий сайд өнгөрөгч тавдугаар сард Өмнөговь аймагт ажиллаж, Гашуунсухайт боомтын төмөр замын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтын нээлтэд оролцсон, мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөлтэй танилцсан. Ерөнхий сайдын БНХАУ-д айлчилсны дараа Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын яриа хэлэлцээ, бүтээн байгуулалтын ажил эрчимжиж, бодит үр дүн гарч байгаад талархаж байгаагаа тус улсын Элчин сайдад илэрхийлэв.
Экспорт, импортын шинэ гарц болох Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэлсэн, энэ оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орно, Шивээхүрэн
боомтод ачаа шилжүүлэн ачиж, буулгах терминалын бүтээн байгуулалт хийж байна.  Хоёр улсын хилийн байнгын ажиллагаатай автозамын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, Бичигт-Зүүнхатавч боомтын үйл ажиллагааг ойрын хугацаанд сэргээх, улмаар зорчигч тээврийн хөдөлгөөнийг эхлүүлж, иргэд харилцан зорчих нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарал хандуулж өгөхийг Хятадын Элчин сайдаас хүслээ.
Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг Засгийн газартаа уламжилж, танилцуулахаа Элчин сайд нар илэрхийллээ.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны зургадугаар сарын 22-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Дотоодын агаарын тээвэрлэгчдэд бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл олгоно

Хуваарьт нислэг гүйцэтгэж буй дотоодын агаарын тээвэрлэгчдийн 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хамаарах агаарын навигацийн үйлчилгээний хураамжийг Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулиар улсын төсөвт төвлөрүүлэхээр баталсан навигацийн үйлчилгээний орлогод нөлөөлөхгүй байхаар зохицуулалт хийж, чөлөөлөх, цаашид навигацийн үйлчилгээний орлогоос татаас олгох тогтолцоо бүрдүүлж, хэрэгжүүлэхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Сангийн сайд Б.Жавхлан, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан нарт даалгалаа.
Олон улсын эрх зүйн зохицуулалттай зөрчилдөхгүй, дотоодын агаарын тээвэрлэгчдийн агаарын навигацийн үйлчилгээний хураамжийг чөлөөлж, цаашид хөөрөлт, буултын навигацийн орлогоос татаас олгосноор агаарын тээвэрлэгчдэд олон улсын шинэ чиглэл нээх, жуулчин тээврийн нислэгийг нэмэгдүүлэх, орон нутгийн нислэгийг сэргээхэд нэн чухал дэмжлэг болох бөгөөд цаашлаад нислэгийн тийзний үнэ буурах, жуулчны урсгал нэмэгдэхэд эергээр нөлөөлнө гэж үзэж байна.
Мөн аялал жуулчлалыг дэмжих зорилгоор МИАТ ТӨХК-ийн Франкфуртын чиглэлийн энэ оны 6-9 дүгээр сард хийх нэмэлт 17 нислэгт олгох 4,7 тэрбум төгрөгийн татаасыг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр нь хянаж, санхүүжүүлэхийг даалгалаа.
МИАТ компанийн нислэг үйлдвэрлэл, үйл ажиллагааны менежментийг сайжруулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн эдийн засаг, санхүүгийн бие даасан, тогтвортой байдлыг хангуулан ажиллахыг холбогдох сайд, дарга нарт үүрэг болголоо.
Хуваарьт нислэг гүйцэтгэж буй дотоодын агаарын тээвэрлэгчдийн (МИАТ ТӨХК, “Аэромонголиа” ХХК, Хүннү Эйр ХХК, Изинис Эйрвэйс ХХК) үйл ажиллагааг тогтворжуулахад хэрэгцээтэй 145 тэрбум төгрөгийн бага хүүтэй, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд олгох нэмэлт нэг их наяд төгрөгийн зээл олголтын гүйцэтгэлтэй уялдуулан, батлагдсан хүүгийн татаасын хэмжээнд багтаан шийдвэрлэхээр боллоо.

Чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын зөвлөлийг шинэчлэн байгуулна

Чөлөөт бүсийг хөгжүүлэх концепцийн талаар Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө.
“Алтанбулаг” чөлөөт бүсийн цахилгаан, эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлж, өргөтгөх арга хэмжээ авах, санхүүжилтийг шийдвэрлэх талаар санал боловсруулж танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Монгол, БНХАУ-ын Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах хэлэлцээрт заасны дагуу Замын-Үүд чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг айлын талын Эрээний хөгжлийн төлөвлөлттэй уялдуулан төлөвлөхийг Барилга, хот байгуулалтын сайдад даалгав. Мөн чөлөөт бүсийн хууль эрх зүйн орчныг сайжруулах асуудлыг судалж, танилцуулахыг Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарт даалгалаа.
Мөн чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын зөвлөлийг шинэчлэн байгуулахаар болов.
Монгол Улсад Чөлөөт бүс байгуулах, түүнийг хэрэгжүүлэх үзэл баримтлал батлагдан 20 гаруй жил болсон, хууль эрх зүйн орчин бүрдсэн ч чөлөөт бүсийн хөгжил удаашралтай, тодорхой ахиц гарахгүй байгаа шалтгааныг тодруулах, Чөлөөт бүсийн онол аргазүйг судалж, эрдэмтэн судлаачдын зөвлөмж, судалгаа, шинжилгээ болон чөлөөт бүсийн хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй бодит асуудал, бодит нөхцөлд байдалд тулгуурлан хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг илрүүлэн цаашид чөлөөт бүсийг хөгжүүлэх концепцыг тодорхойлох шаардлагатай болжээ.
Чөлөөт бүсийн хөгжлийн концепц тодорхойлох ажлын хүрээнд өнгөрсөн сард чөлөөт бүс дэх хөрөнгө оруулагч, биенес эрхлэгчдийн “Чөлөөт бүсийн хөгжлийн бодлого” хэлэлцүүлгээс хууль эрх зүй, удирдлага, бүтэц зохион байгуулалт, хөрөнгө оруулалт, санхүүжилт, шинэ төсөл хэрэгжүүлэх, ерөнхий асуудал гэсэн таван багц санал, зөвлөмж гаргажээ.
 
Товч мэдээ
·      Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний барилгын үнийн өсөлтийг тооцож, магадлал хийгдэж, нэгдсэн дүгнэлтээр баталгаажсан төсөл, арга хэмжээний ажлын тайланг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран УИХ-д холбогдох хууль тогтоомжид заасны дагуу танилцуулах арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.
·      Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахална.
·      Хилийн боомтуудад автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах, тээвэрлэлт хийх асуудлыг хил хамгаалах, улсын аюулгүй байдал, техникийн бэлэн байдлыг хангаж хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх Ажлын хэсгийг Хил хамгаалах ерөнхий газрын даргаар ахлуулан байгууллаа.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тэд,
Монголд эмчлүүлэх боломжгүй өвчтэй, гадаад оронд яаралтай эмчлүүлэх шаардлагатай байгаа хүүхдүүдийн эмчилгээний зардлыг төр хариуцах, ийм эмчилгээ, мэс заслыг Монголд хийх боломжоор хангаж өгөх, тархины саажилт, уналт таталт, тархины бусад төрлийн эмгэг өвчтэй хүүхдүүдийн эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа иргэнд олгох тэтгэмжийг нэмэгдүүлэх, орон сууцжуулах хөтөлбөрт хамруулах боломжоор хангах, нэн түрүүнд манай улсад тасалдаад буй эм тариаг яаралтай татаж авчруулах асуудалд Засгийн газрын тэргүүн анхаарч өгөхийг хүслээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах эрх, тусгай  сургууль, цэцэрлэгийн хүртээмж, сургууль, цэцэрлэгийн орчны тохижилт стандарт, эмч, эмнэлгийн ажилтны ур чадвар,  ёс зүй зэрэг олон асуудлыг хөндөж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд уулзалтын үеэр эцэг, эхчүүдийн санал хүсэлтийг улсын төсөв болон Засгийн газрын тэргүүний эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэж дэмжихээ илэрхийлээд зарим үүрэг даалгаврыг салбарын сайд нарт өглөө.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа иргэнд олгох тэтгэмжийг нэмэгдүүлэх боломж, гаднын өндөр хөгжилтэй орноос нарийн мэргэжлийн зөвлөх эмч, мэс заслын багийг энэ онд эх орондоо урьж ажиллуулах зэрэг асуудлыг судлах, эцэг, эхчүүдийн тавьсан санал хүсэлтийг багцлан ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар зарим шийдвэрийг гаргахаар боллоо.
Мөн шинээр баригдах сургууль, цэцэрлэгийн тохижилтод хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах боломжийг бий болгох, үр дүнг танилцуулах, ЭХЭМҮТ-д тархины саажилт, тархины бусад төрлийн эмгэгтэй хүүхдэд зориулсан тасаг, өрөө ажиллуулахыг салбарын сайд нарт даалгалаа.

Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар “Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, экспортын үйл ажиллагаанд хяналт, шалгалт, эрсдэлийн үнэлгээ хийх, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах” үүрэг бүхий Ажлын хэсгийг Шадар сайдаар ахлуулан байгуулсан. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан тэргүүтэй албаныхан өнөөдөр энэ асуудлаар олон нийтэд мэдээлэл хийж, Эмээлт дэх мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын явцыг танилцууллаа.
Өнөөдрийн байдлаар 32 аж ахуйн нэгж Эмээлтэд үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын хэмжээнд мах экспортлох эрх бүхий 60 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Тэр дундаа БНХАУ руу мах экспортлох эрхтэй 31 үйлдвэр байгаа бөгөөд үүнээс 15 үйлдвэр нь дулааны аргаар мах боловсруулах зөвшөөрөлтэй. Ковидын үед төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зогсоосон байсан бөгөөд энэ оны тавдугаар сарын 10-наас мах боловсруулах үйлдвэрүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж эхэлсэн. Эмээлт дэх мах, махан бүтээгдэхүүн боловсруулах 32 үйлдвэрт хяналт шалгалт явуулж, 17 үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоож битүүмжлэн, бүтээгдэхүүний дээжид лабораторийн шинжилгээ хийж байгаа талаар МХЕГ-ын дарга Б.Баасандорж мэдээлэв. Битүүмжилсэн үйлдвэрүүдийн дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн дотоодод зарагдсан, Улаанбаатар хот руу орсон гэдэг мэдээлэл ор үндэслэлгүй гэлээ.


Шадар сайд С.Амарсайхан “Ковидын дараах эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд төрийн хяналт шалгалтаар дарамт шахалт үзүүлэхгүй байх үүднээс төлөвлөгөөт шалгалтыг зогсоох хуулийн төсөл боловсруулагдаж байгаа. Гэхдээ хүний эрүүл мэнд, амь настай шууд холбоотой хүнс, барилга дэд бүтэц, байгаль орчны аюулгүй байдлын асуудлыг төрийн хяналтаас гадуур орхиж хэрхэвч болохгүй. Мах, махан бүтээгдэхүүний чиглэлээр улсын хэмжээнд 170 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Тэр бүгдийг эрүүл ахуйн стандартын шаардлага хангаж ажиллаж байгаа эсэхийг шалгаж байна. Эмээлт дэх зарим аж ахуйн нэгжүүд хууль журам зөрчсөн асуудалд мэргэжлийн байгууллагууд чиглэл чиглэлээрээ анхаарч, хяналт шалгалт хийж байгаа. Буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцогдоод явна. Мэдээллийг иргэд, олон нийтэд тухай бүрт ил тод, нээлттэй өгч байх болно” хэмээсэн юм.
Үндэсний аюулгүй байдлын нэн чухал хэсэг болох хүнсний асуудал, хүнсний эрүүл ахуйн шаардлага, норм стандартыг мөрдүүлэхэд УИХ, Засгийн газраас онцгой анхаарч, иргэд олон нийтийн давхар хяналтын дор мах, махан бүтээгдэхүүний эрүүл ахуй, чанар, стандартын асуудлыг цэгцлэхээр ажиллаж буйг тэрбээр мөн онцолсон.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Чанаргүй, стандартын шаардлага хангахгүй мах дотоодын зах зээлд нийлүүлэгдээгүй. Тухайлбал, нөөцийн махыг дотоодын 23 аж ахуйн нэгж бэлтгэдэг. Нөөцийн мах бэлтгэгчид эрүүл ахуйн чанарын стандартыг сайтар баримталдаг. Махны эскпортын тухайд манай улс жилд нийтдээ 44.2 мянган тонн мах экспортолдог. Сүүлийн гурван жилд 105 мянган тонн мах экспортолж, 245 сая ам.долларын орлого олсон дүн мэдээ байна” хэмээн ярилаа.

Зорчигч тээврийн нэгтгэл компанид ажилласныхаа дараагаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЭХЭМҮТ-д очлоо. Ерөнхий сайд жилийн өмнө, буюу 2021 оны зургадугаар сарын 1-нд тус төвд ажиллаж, их засвар хийх төсвийг шийдэж өгөхөө амлаж байсан нь өнөөдөр ажил хэрэг болж, засварынх нь ажил 60 гаруй хувьтай байна. Тодруулбал, ЭХЭМҮТ-д 1987 оноос хойш иж бүрэн засвар хийгээгүй өнөөдрийг хүрчээ. Энэ оноос төрөх тасгуудыг олон улсын жишигт нийцэх их засварыг эхлүүлж, 70 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Хоёр жилийн хугацаанд тус төв иж бүрэн засвар хийж дуусгахаар төлөвлөж, мөн өргөтгөлийн болон Үр шилжүүлэн суулгах төвийн барилгыг шинээр барьж эхэлжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газраас эх, хүүхдийн эрүүл мэндийн салбарт онцгой анхаарч, 2021 онд тус салбарт хамгийн өндөр хөрөнгө оруулалт буюу 35 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Тухайлбал, ЭХЭМҮТ-д 12.9 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмжийг нь шинэчилсэн. Бид амаржих газруудад үе шаттай хөрөнгө оруулалт хийж байна. Цар тахалтай амаргүй цаг үе ч гэлээ төр эхчүүд, хүүхдүүдээсээ мөнгө харамлахгүй. Цаашид ч хөрөнгө оруулалтууд хийнэ” гэлээ.


ЭХЭМҮТ-д хөрөнгө оруулалт хийсний дүнд Монголд эмчлэгддэгүй байсан дутуу төрсөн нярайн нүдний торлогийн эмгэг, ургийн мэс засал гэсэн хоёр өвчнийг эмчилдэг болсон. Энэ онд нэмж Монголд хийдэггүй хоёр төрлийн мэс заслыг хийхээр бэлтгэж байгаагаа тус төвийн захирал Ш.Алтантуяа хэлж, эхчүүд, хүүхдүүдийн тусламж үйлчилгээнд төрөөс онцгой анхаарч буйд талархал илэрхийллээ.
Хөрөнгө оруулалтын хүрээнд тоног төхөөрөмжийн шинэчлэлээс гадна төрөх болон  төрсний дараах тасгийн орыг шинэчилжээ. Өнөөдрийн байдлаар Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд 13.6, ЭХЭМҮТ-д 12.9,  “Өргөө” амаржих газарт 3.6, “Хүрээ” амаржих газар 3.2, “Амгалан” амаржих газар 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна.

 Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар 

Өмнөговь аймаг, энэ орчмын бүс нутаг нь уул уурхай, эрчим хүч болон боловсруулах аж үйлдвэрийн салбарын хөгжлийн гол цэг, тэргүүлэх бүс нутаг болон хөгжиж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 321-р тогтоолоор Өмнөговь аймагт эрчим хүч, геологи, уул уурхай, барилга, мэдээллийн технологийн чиглэлээр ШУТИС-ийн харьяа сургуулийг шинээр байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу Өмнөговь аймаг дахь “Сургалт- эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор-ыг байгуулахаар болсон юм. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг цогцолбор хотхоныг бүтээн байгуулах төслийн явцтай өнөөдөр танилцлаа.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2020-2024 оны  үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”-д өмнийн говийн бүс нутагт хөгжиж байгаа болон цаашид хөгжүүлэх уул уурхай, аж үйлдвэр, дэд бүтцийн бүтээн байгуулалтын олон төсөл, хөтөлбөр багтсан. Үүнийг хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны үндэслэлтэй, дэвшилтэт технологиудыг нутагшуулан үйлдвэрлэлд нэвтрүүлэх, олон чиглэлийн чадварлаг инженер, технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэх хэрэгцээ, шаардлага бий болоод байгаа юм. Тэр дундаа Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд 38 мянган чадварлаг инженер хэрэгтэй байгааг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ онцоллоо.

Оюу Толгойн далд уурхай, Тавантолгойн цахилгаан станц, Газрын тос боловсруулах үйлдвэр, үйлдвэр-технологийн парк, эрчим хүч, зам тээврийн сүлжээ, дэд бүтцүүд гэх мэт аж үйлдвэрийн цогцолборуудад хэрэгцээтэй байгаа дөрвөн мэргэжилтнийг  үндэсний тэргүүлэх томоохон их сургууль болох ШУТИС-ийн шилдэг хөтөлбөрөөр бэлтгэнэ.

Өмнөговийн Технологийн сургуулийн хотхоныг 20 га газарт хоёр үе шаттай бүтээн байгуулна. Эхний шатанд 1000 оюутны их сургуулийн хичээлийн байр, 500 оюутны коллежийн байр, 1500 оюутны дотуур байр, спорт цогцолбор, инноваци судалгааны төв лаборатори, эмнэлэг, номын сан барихаар төлөвлөжээ.

Технологийн сургууль эхний 120 оюутнаа энэ намраас авч эхлэх бөгөөд одоо тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Политехникийн коллежийн байрыг түшиглэж сургалтаа явуулах ажээ. Оюутнууд эхний хоёр жил Өмнөговьд сураад үлдсэн хоёр жилээ Австрали, Канад, БНСУ-д суралцаж төгсөх хөтөлбөрийг зөвхөн Өмнөговь аймгийн Технологийн сургуульд хэрэгжүүлнэ гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэллээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.