УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Хамтарсан Засгийн газрын гэрээний төсөл боловсруулах Ажлын хэсгийн гишүүд ХБНГУ-ын туршлагаас судлах, санал солилцохоор тус улсад ажиллаж байна.

Энэ хүрээнд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ажлын хэсгийн тэргүүн Н.Учралаар ахлуулсан төлөөлөгчид 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ХБНГУ-ын Цахим хөгжил, зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Холбооны Эвслийн Засгийн газрын Гэрээ байгуулах Ажлын хэсгийн гишүүн асан ноён Хартмут Хөппнертэй уулзав.

 

Уулзалтын эхэнд сайд Н.Учрал Монгол, Германы Засгийн газар хоорондын Авто тээврийн хэлэлцээрийг 2024 оны 2 дугаар сард Улаанбаатар хотод байгуулсанд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж, цаашид харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлэхийн хирээр зорчигч болон ачаа, барааны харилцан солилцоо нэмэгдэхийг онцолж, хоёр улсын хооронд үйлдэж буй шууд нислэгийн тоог өсгөх, тухайлбал Берлин, Мюнхен зэрэг хотууд руу нийслэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэхийг ноён Х.Хөппнэр-ээс хүсэв.

Тэрээр Монгол Улсын Хамтарсан Засгийн газрын гэрээний төслийг урьдчилсан байдлаар боловсруулахдаа Германы туршлагаас хуваалцсаныг дурдаад, ойрын хугацаанд эцэслэн, олон нийтэд танилцуулахаар ажиллаж буйг онцлов. ХБНГУ-ын Эвслийн Засгийн газрын гэрээ байгуулсан туршлагаас хуваалцах, Хамтарсан Засгийн газар тогтвортой үйл ажиллагаа явуулахад анхаарах асуудлын талаар зөвлөгөө өгөхийг хүсэв.
Ноён Х.Хөппнер Монгол Улсын Хамтарсан Засгийн газрын гэрээний төсөлтэй товч танилцсанаа мэдээлж, тус улсын тухайд эхлээд намууд Эвсрийн гэрээгээ зөвшилцөн тохирч, баталгаажуулсны дараа Холбооны эвслийн Засгийн газрыг эмхлэн байгуулж ирсэн уламжлалтайг онцолсон. Улс төрийн намууд санал зөрөлдөөнтэй асуудлаар эхлээд аль болох дотооддоо буюу Эвслийн Засгийн газрынхаа түвшинд сайтар хэлэлцэн ойлголцолд хүрч, нэгдсэн шийдэлд олох, гадагшаа буюу олон нийтэд мэдээлэхгүй байхад анхаарч ажиллах нь чухлыг ноён Х.Хөппнер мэдээлж, энэ талаар Хамтарсан гэрээнд тусгаж өгснийг дурдав.

 

 

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал тэргүүтэй Хамтарсан Засгийн газрын гэрээний төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүн УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Д.Амгаланбаатар нар энэ өдөр Бундестагийн гишүүн бөгөөд ХБНГУ-ын Гадаад хэргийн дэд сайд К.Көүл-тэй Гадаад хэргийн яаманд уулзав.
Төлөөлөгчдийн тэргүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Монгол Улс, ХБНГУ хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн энэ жил тохиож буй бөгөөд ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн энэ оны 2 дугаар сард Монгол Улсад хийсэн айлчлал амжилттай болж, хоёр улсын хооронд Стратегийн түншлэлийн харилцаа тогтоосныг онцлон дурдаад ХБНГУ-ын Канцлер О.Шольцыг Монгол Улсад урьсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилга хэвээр байгааг нотлов. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор удахгүй зохион байгуулагдах “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д Гадаад хэргийн дэд сайд хатагтай К.Көүл-ийг оролцохыг урив. Түүнчлэн өнгөрсөн 6 дугаар сард болсон Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүнгээр Монгол Ардын Нам, Ардчилсан Нам, ХҮН нам хамтран Засгийн газар байгуулах болсон тухай, хамтарсан Засгийн газрын гэрээний төслийн талаар мэдээлэл өгөв.
ХБНГУ-ын Гадаад хэргийн дэд сайд К.Көүл хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, стратегийн түншлэлд хүрсэнд баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрээр Германы эвслийн Засгийн газар байгуулах явц, эвслийн хэлэлцээнд оролцож байсан өөрийн туршлагаасаа хуваалцав.
Мөн уулзалтын үеэр талууд ардчилсан парламентын тогтолцоог бэхжүүлэх, сөрөг хүчний төлөөллийн эрх, Парламент болон Засгийн газрын түвшинд эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах асуудлаар санал солилцов.
Энэ хүрээнд Ажлын хэсгийн гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог хангах манай улсын хууль эрх зүйн орчин, эмэгтэйчүүдийн квотын талаар мэдээлэл өгөв.

 

Хамтарсан Засгийн газрын гэрээний төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүд 2024 оны 8 дугаар сарын 1-ний өдөр ХБНГУ-ын Бундестагийн гишүүн М.Мюллэртэй уулзав.

Уулзалтын үеэр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Ажлын хэсгийн тэргүүн Н.Учрал Хамтарсан Засгийн газрын гэрээний төслийн талаар танилцуулж, ХБНГУ дахь үе үеийн Эвслийн Засгийн газарт тулгарч байсан хүндрэл бэрхшээл, эвслийн Засгийн газар тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд эвслийн гэрээнд зайлшгүй тусгах шаардлагатай зохицуулалт болон гэрээний хэрэгжилтийг хангах, Эвсэлд нэгдсэн улс төрийн намын харилцан зөвшилцлийг хэрхэн хангадаг талаар Германы туршлагаас сонирхов.

Бундестагийн гишүүн М.Мюллэр Монгол Улсын Хамтарсан Засгийн газрын гэрээний анхдагч төслийн талаарх мэдээлэлтэй урьдчилан танилцсан тухайгаа мэдэгдээд Хамтарсан Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааг хангахад улс төрийн намууд хоорондын зөвшилцөл чухал болохыг онцлон үүнийг хангах механизмыг эвслийн гэрээнд тусгах асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Түүнчлэн нийгэм, эдийн засагт онцгой ач холбогдол бүхий тодорхой асуудлаар эвсэлд нэгдсэн улс төрийн намууд урьдчилан зөвшилцөлд хүрч, улмаар энэ талаар эвслийн гэрээнд тодорхой тусгах нь ач холбогдолтой гэдгийг зөвлөв. Тэрээр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн дүнгээр байгуулагдсан Хамтарсан Засгийн газарт амжилт хүссэн юм.

 

 

 

Монгол Улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал тэргүүтэй Хамтарсан Засгийн газрын гэрээний төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн төлөөлөгчид 2024 оны 7 дугаар сарын 31-нээс 2024 оны 8 дугаар сарын 2-ны өдрүүдэд ХБНГУ-д ажлын айлчлал хийж байна.

Энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учралаар ахлуулсан Ажлын хэсгийн төлөөлөгчид Германы парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Др. Д.Шиндлер болон тус хүрээлэнгийн судлаач О.Канненбэрг нартай 2024 оны 8 дугаар сарын 1-ний өдөр ХБНГУ-ын Фрийдрих-Эбертийн сангийн байранд уулзаж, Германы Эвслийн Засгийн газар байгуулах, эвслийн гэрээний хэлэлцээ хийх үе шат, эвсэлд нэгдсэн улс төрийн нам хоорондын хамтын ажиллагааны туршлага солилцлоо.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Д.Амгаланбаатар, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Б.Мандахбилэг нар оролцсон юм.

Уузалтын үеэр Др. Д.Шиндлер 1949 оноос хойш ХБНГУ-д байгуулагдсан Эвслийн Засгийн газар, тэдгээрийн үйл ажиллагаа бөгөөд Германы эвслийн гэрээ байгуулах хэлэлцээний үе шат, 2021 онд байгуулагдсан ХБНГУ-ын “Гэрлэн дохио” Эвслийн Засгийн газрын үйл ажиллагаа, эвслийн гэрээний зохицуулалт, тус гэрээг хэрэгжүүлэх механизм, хэрэгжилт болон эвсэл байгуулах германы туршлагын талаар төлөөлөгчдөд танилцуулга хийсэн бол Ажлын хэсгийн ахлагч Н.Учрал Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүнд байгуулагдсан Хамтарсан Засгийн газар, Хамтарсан гэрээний төслийн талаар танилцуулж, Ажлын хэсгийн гишүүд эвслийн гэрээ, түүний хэрэгжилтийг хангах механизм, улс төрийн нам хоорондын хамтын ажиллагааны талаар асуулт асууж, туршлага солилцлоо.

 

2024 оны УИХ-ын сонгуулиар улс төрийн намуудад өгсөн иргэдийн саналыг гээхгүй байх суурь зарчимд үндэслэн олонхыг бүрдүүлсэн Монгол Ардын нам Засгийн газрын бүрэлдэхүүнд Ардчилсан нам, ХҮН намыг урьж хамтарсан Засгийн газар байгуулсан билээ.

Хамтарсан Засгийн газар Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудал, тулгарч буй сорилтыг илүү хурдан, үр дүнтэйгээр шийдвэрлэж, тогтвортой хамтран ажиллахыг зорьж байгаа бөгөөд түүний бүрэлдэхүүнд орсон 3 нам хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар ажиллаж байна.

Гэрээний төсөл боловсруулах ажлын хэсэгт Засгийн газрын гишүүд, салбарын судлаач, эрдэмтэд орсон бөгөөд ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахлан ажиллаж байгаа юм.

Гэрээ нь олон улсын харилцаа, геополитикийн эгзэгтэй өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан үндэсний эв нэгдлийг эрхэмлэн “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлж, Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлыг цаг алдалгүй, хурдтай шийдвэрлэхийг зорилго болгоно.

Намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан нийтлэг зорилтоос гадна Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрийн нийгмийн бодлогын шинэчлэл, бүсчилсэн хөгжлийн бодлого, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх цахим засаглал, эхлүүлсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулах зорилтууд, Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн хүний хөгжил, хувийн өмчийн эрхийн хамгаалалт, технологи суурьтай мэдлэгийн эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах, шударга төрийн зорилтууд, ХҮН намын мөрийн хөтөлбөрт туссан эрчим хүчний салбарын шинэчлэл, худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах болон боловсролын салбарын реформыг хамтарсан Засгийн газрын гэрээнд тусган хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

 

 

 

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр /2024.07.30/ Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа шинээр баригдаж буй салбар Амбулаторийн барилгын гүйцэтгэлтэй танилцлаа.

Улсын төсвийн 2,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2020 онд баригдаж эхэлсэн тус барилгын ажил цар тахлын үеийн хүндрэл, хөрөнгө санхүүгийн асуудлаас үүдэн 4 жил үргэлжилж, өнөөдрийн байдлаар 85 хувийн гүйцэтгэлтэй байна. Барилгын ажлыг гүйцэтгэгч “Кенжикү” ХХК-ийн удирдлагууд энэ оны 10-р сард багтаан барилгын ажлыг бүрэн дуусгаж, хүлээлгэж өгнө гэсэн юм.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Амбулатори ашиглалтад орсноор Сүхбаатар дүүргийн иргэд эрүүл мэндийн үйлчилгээг цаг алдалгүй, хурдан, шуурхай авах нөхцөл нэг шатаар ахина. Энэ мэтчилэн эрүүл мэндийн салбарын дутуу орхигдсон, хүлээлт үүсгэсэн барилгын ажлуудыг хурдлуулахад Т.Мөнхсайхан сайдын хамт анхаарч ажиллана” гэв.

Эмнэлгийн үйл ажиллагааг нэн даруй  эхлүүлэхэд шаардлагатай хүний нөөц, тоног төхөөрөмж, тавилга, хэрэгслийг шийдвэрлэх талаар  Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргийн засаг даргын тамгын газар хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.

 

Монгол Улсад анх удаагаа хот төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдаж, дэлхийн шилдгүүд нэг дор хуран цуглалаа.

Засгийн газар “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг 3 сарын хугацаатай явуулж, 18 улсын 36 багийн бүтээлээр “Kharkhorum city” хот төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэн гаргаж иргэд, олон нийтийн саналыг авч эхэллээ.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал тус үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ “Улс төрийн гурван намаас бүрдсэн хамтарсан Засгийн газрын “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” гэрээний төсөлд Монгол улсын хөгжил, дэвшлийг бодитоор урагшлуулах 15 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Эдгээр төслийн нэг нь “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалт бөгөөд манай Засгийн газар шинэ хотын бүтээн байгуулалтад онцгой анхаарч ажиллах болно.  Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд ч мөн шинэ хотуудын ажлыг эхлүүлэхээр тусгасан байдаг. Энэ хүрээнд “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа байгуулан ажиллуулж байна” гэсэн юм.

Дэлхийн улс орнууд шинээр байгуулж байгаа хотынхоо хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа ирээдүйн хөгжлийн чиг хандлага, хот төлөвлөлтийн туршлага, шинэлэг санаа, технологийн дэвшилтэт шийдлийг тусгах зорилгоор олон улсын нээлттэй уралдаан зохион байгуулж үзэл баримтлалаа тодорхойлдог жишиг тогтсон байна. Үүний дагуу энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Монгол Улсын Засгийн газар улс төрийн гурван намын хооронд байгуулах хамтарсан Засгийн газрын гэрээнд суурилсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан өнөөдрөөс эхлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд мэргэжлийн холбоод, ТББ, хувийн хэвшил, төсөл хэрэгжүүлж буй Олон улсын байгууллагууд, эрдэмтэн, судлаачдын санал авах ажлыг эхлүүлж байна.

Энэхүү ажлын хүрээнд ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнөөдөр /2024.07.29/ Монголын Мянганы сорилтын сангийн төлөөлөлтэй уулзаж, “Улаанбаатар хотын усны хүртээмжийн тэгш байдлыг хангах, усны үйлчилгээний тогтвортой байдлыг нэмэгдүүлэх” талаар тус сангийн хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний талаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулах саналыг хүлээн авлаа.

Уг саналд 2030 он гэхэд хүн бүрийг ундны цэвэр, аюулгүй усаар хангах, усны нөөцийн хомстлоос сэргийлж, хуримтлуулах, хэрэгцээг хангах нөхцөлийг бүрүүлэх, Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээгээр МУ-ын Засгийн Газрын хүлээсэн үүргийн биелэлтийг хангах талаар тусгажээ.

 

 

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал энэ онд Монгол, Хятадын дипломат харилцааны 75 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жил, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны 10 жилийн ой тус тус тохиож байна. Эдгээр тэмдэглэлт ойн хүрээнд Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, хоёр талын дээд, өндөр түвшний айлчлал, уулзалт идэвхтэй явагдаж, эдийн засгийн хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүд бодитоор урагшлан ард иргэд хоорондын найрамдал, ойлголцол улам нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй буйгаа онцлон тэмдэглэв.

Мөн Засгийн газрын зүгээс бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, хоёр улсын хил залгаа бүс нутгийн хамтын ажиллагааг бодлогоор дэмжин хөгжүүлэх, улмаар ард иргэдийн харилцан ойлголцол, итгэлцлийг гүнзгийрүүлэх, амьжиргааг дээшлүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Түүнчлэн, БНХАУ-ын төр, засгийн байгууллагуудтай нээлттэй хамтран ажиллаж, туршлага судлах, тухайлбал, БНХАУ-ын төрийн удирдлага, зохион байгуулалтад орчин үеийн дэвшилтэт, ухаалаг технологийг хэрхэн нэвтрүүлж буй, түүний үр дүнгийн талаар туршлага судлах сонирхолтой буйг тэмдэглэв.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Шэнь Миньжюань хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар нээлттэй санал солилцож, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар улам баяжуулж, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийллээ.

 

 

 

 

 

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Сэбастиен Сирүнтэй 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр уулзав.

Уулзалтын эхэнд хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Олимпын наадмын нээлтийн арга хэмжээ энэ өдөр Парис хотноо зохион байгуулагдахтай зэрэгцэн Элчин сайдтай уулзаж байгаад баяртай буйгаа Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал илэрхийлэв.

Талууд сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа түүхэн үйл амжилтаар баялаг байсанд сэтгэл хангалуун буйгаа тэмдэглэж, хоёр улсын Төрийн тэргүүн нар харилцан хийсэн анхны төрийн айлчлал зэрэг дээд, өндөр түвшний олон чухал айлчлал, арга хэмжээг онцлов.

Мөн хоёр орны Төрийн тэргүүн нарын айлчлалын хүрээнд яригдсан ажлуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх, стратегийн чухал ач холбогдолтой төсөлд хамтран ажиллах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр эрчимтэй хамтран ажиллаж ирсэн, түүнчлэн, Монгол, Францын хамтын ажиллагааны 2023-2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, уг төлөвлөгөөд туссан олон ажил биеллээ олж, урагшилж байгааг онцлон тэмдэглэв.

БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Сэбастиен Сирүн Батлан хамгаалах, онцгой байдал, уул уурхай, геологи, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг онцолж, эдгээр ажлуудыг илүү үр дүнтэй болгоход Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хичээл зүтгэл гаргаж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар © 2024 он.